МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

Т.Ө-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэрэгт Төлбөр тооцоог үндэсний мөнгөн

тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон

Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг

тайлбарлан хэрэглэх тухай

 

 

 

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа би иргэн Т.Ө-ны нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т-т холбогдох, хянан шалгагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014028 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0522 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2023/0701 дүгээр магадлалтай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж буй талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонх хүлээж аваагүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “... /шүүгч/ шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах /эрхтэй/”, 22 дугаар зүйлийн 22.6-д “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэж тус тус заасны дагуу тусгай санал бичив.

 Маргааны үйл баримтын талаар:

Иргэн Т.Ө /худалдагч тал/ нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг “П...” ХХК /худалдан авагч тал/-д худалдахаар талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн  01/21 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг талууд “... ам.доллар-оор төлөх”-өөр гэж харилцан тохиролцсон, гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдөж, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх нь худалдан авагч талд шилжиж, талууд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болж тооцоо нийлсэн акт үйлдсэн нь тогтоогджээ.

Үл хөдлөх хөрөнгө худалдан авсан тал болох “П...”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, Д.С нараас Санхүүгийн зохицуулах хороонд хандан “...Т.Ө нь  Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчиж үл хөдлөх хөрөнгийн үнийг ам доллароор тогтоож худалдсан нь ... Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэх агуулгатай гомдол гаргасны дагуу  Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т хяналт шалгалт явуулж “ ... үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дүнг ам.доллароор илэрхийлж гүйцэтгэсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн” гэх зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014028 дугаар шийтгэлийн хуудсаар хоёр талд аль алинд нь шийтгэлийн хуудсаар тус тус торгох шийтгэлийг оногдуулсан байна.

“П...”ХХК шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг захиргааны хэргийн гурван шатны шүүх хэлэлцэж, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор гомдлын шаардлагыг хангаж, холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.

Иргэн Т.Ө мөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж маргасан, хяналтын шатны шүүх хуралдаанаас гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 2 дугаар зүйлийн 2.1-д “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй ...;” гэж заасан бөгөөд хуулийн зохицуулалтын агуулгыг тодруулахын тулд уг маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, уг харилцааг зохицуулж буй материаллаг хуулийн үзэл баримтлал, зорилготой уялдуулан авч үзэх шаардлагатай.

Нэг. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд  “аж ахуй эрхлэгч” гэж нэрлэн заагаагүй хэдий ч уг хуульд заасан Монгол улсын нутаг дэвсгэрт “бараа, ажил үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэх” үүрэг нь аж ахуй эрхлэгч буюу өөрийн бараа, ажил, үйлчилгээг үзүүлэхээр нийтэд санал болгож буй этгээдийн хувьд хамааралтай, өөрөөр хэлбэл, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд аж ахуй эрхлэгчээс явуулж буй аливаа үйл ажиллагаанд “үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх” үүрэг үүснэ гэж үзэх үндэслэлтэй.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалд хуулийг санаачлагчаас хуулийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохдоо “... Гадаад валютаар зээл авсан бизнес эрхлэгчид өөрийн үйл ажиллагааг ханшийн эрсдэлээс хамгаалах үүднээс эцсийн хэрэглэгчид буюу ард иргэд, харилцагчдад ханшийн эрсдэлийг үүрүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ам.доллароор үнэлэн, төлбөр тооцоог ч ам.доллароор гүйцэтгүүлэх болсон”[1] гэх зэргээр хуулийн хэрэгцээ шаардлагыг худалдаа үйлчилгээ эрхлэгч этгээдүүдээс бараа ажил үйлчилгээнийхээ үнийг гадаад валют /ам доллар/-аар тогтоон нийтэд зарлаж, зарж борлуулж байгаа нь гадаад валютын хомсдол, ханшийн өсөлтөд нөлөөлж байгаа талаар тодорхойлон тайлбарласнаас үзвэл Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн үйлчлэх хүрээ, зохицуулах зүйл нь аж ахуй эрхлэгч аливаа аж ахуйн үйл ажиллагаанд бараа ажил үйлчилгээний “үнэ тогтоох”-доо үнийг төгрөгөөр илэрхийлэх үүрэгтэй бөгөөд гадаад валютаар үнэ тогтоож, зарлан сурталчлахыг болон энэ хүрээнд төлбөр тооцоог гадаад валютаар хийхийг хориглох явдал байна.

Тухайлбал, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заажээ.

Энэ хуулийн “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр төлбөр тооцоо гүйцэтгэхийг хориглоно” гэснийг Монгол Улсад хүн, хуулийн этгээд аливаа зорилгоор банканд валютын данс нээлгэх, уг дансаар дамжуулан өөрийн данс хооронд валютын гүйлгээ хийх, эсхүл хоорондоо аж ахуйн үйл ажиллагааны бус хувийн зорилгоор бараа, валют солилцоход тухай бүр Монголбанкнаас албан ёсны зөвшөөрөл авна гэж тайлбарлахгүй, тухайлбал, найзаасаа100 ам доллар зээлсэн хүн буцаагаад 100 ам доллар төлөх эсхүл эд хөрөнгийн арилжаанд гадаад валют тооцож өгөх харилцаанд энэ хуулийг хэрэглэхгүй, энэ тохиолдолд тухайн хоёр хүнийг “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр төлбөр тооцоог ам доллароор гүйцэтгэсэн” гэж Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлгүй, хуулийн агуулга, зорилго нь ийм зохицуулалтыг бий болгох явдал биш байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 156 дугаар тогтоолоор “А...” ХК-ийн гомдолтой, “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагатай хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ “... “А...” ХК нь гадаад валютаар бондын үнийг тогтоож, түүнийгээ сурталчилж, нэр бүхий иргэдэд худалдсан” нь Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчил мөн гэж дүгнэсэн нь уг зөрчлийг аж ахуй эрхлэгч аливаа аж ахуйн үйл ажиллагаанд бараа ажил үйлчилгээний “үнэ тогтоох”-доо үнийг төгрөгөөр илэрхийлэх үүрэгтэй бөгөөд гадаад валютаар үнэ тогтоож, зарлан сурталчлахыг хориглох талаарх хуулийн агуулгыг зөв тайлбарласан[2] байдаг.

Мөн шүүхийн 2020 оны 170 дугаар тогтоолоор “Улсын их дэлгүүр” ХК-ийн гомдолтой “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0055524 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагатай хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ “...  Улсын их дэлгүүр ХК нь 2013 онд “Н...” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж валютын зээл авсан, зээлийн хүүг валютаар төлсөн” үйл баримтад холбогдуулж, “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т тус тус зааснаас үзэхэд банк, банк бус санхүүгийн байгууллагаас бусад аливаа этгээд Монголбанкнаас албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр гадаад валютаар зээл олгох, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар гадаад валютаар илэрхийлэх, гүйцэтгүүлэхийг хориглосон байна. ...  Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т тодорхойлсон зөрчилд тооцогдох үйлдэл нь Монголбанкнаас албан ёсны зөвшөөрөл аваагүй этгээдэд /энэ тохиолдолд зээл олгосон этгээд/ хамааралтай болохоос, зээл олгогчийн санал болгосон буюу гадаад валют ...-ыг хүлээн зөвшөөрч зээл авсан этгээдэд хамааралгүй, хоёр шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг хэт өргөтгөсөн дүгнэлт хийсэн” [3] гэж дүгнэжээ.

Түүнчлэн мөн шүүхийн 2023 оны 99 дүгээр тогтоолд дээрх хуулийн зохицуулалтыг “... тодорхой этгээдүүдийн хоорондын тохиолдлын шинжтэй хувийн харилцаанд бус, нийтэд хандаж байнгын нийтлэг үйлчилгээ, бараа санал болгож буй этгээдийн хувьд хэрэгжих агуулгатай, энэ утгаараа нийтийн эрх зүйн харилцаанд оролцогчдод хамаарна. Тодруулбал, Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр нийтэд чиглэн нийтлэг үйл ажиллагаа явуулж буй этгээдийг гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, түүнийгээ нийтэд илэрхийлж, төлбөр тооцоо гүйцэтгэх, түүнийг зарлан сурталчлахыг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар хориглосон...” гэж[4] хуулийн зохицуулалтын агуулгыг “нийтэд хандаж байнгын нийтлэг үйлчилгээ, бараа санал болгож буй этгээдийн хувьд хэрэгжих” талаар тайлбарласан байна.

Гэтэл хяналтын шатны шүүх энэ тохиолдолд ижил төрлийн маргаанд хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, хоёр этгээдийн хооронд хийгдсэн тохиолдлын шинжтэй хувийн харилцаанд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн хориглолтыг шууд хамаатуулан хэрэглэхээр дүгнэж байгаа нь хяналтын шатны шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүрэгтэй нийцсэнгүй.

Түүнчлэн, хяналтын шатны шүүх бүрэлдэхүүний олонх “ ... хууль тогтоогч үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг эрсдэлээс хамгаалах зорилгоор аливаа бараа, үйлчилгээний үнийг гадаад валют, тооцооны нэгжээр тогтоож, илэрхийлэх, сурталчлах, төлбөр тооцоо гүйцэтгэхийг хориглосон /агуулга/ нь ...  нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг хэрэглэгч гэхээсээ бараа, үйлчилгээний үнийг тогтоож, нийтэд хандан илэрхийлж, сурталчилдаг худалдагч, үйлчлэгч талд хамааралтай, эсрэгээр ханшийн эрсдэлийг эцсийн хэрэглэгч болох худалдан авагч, хэрэглэгч талд үүрүүлэхээс сэргийлэх зорилгоор батлагджээ”[5] гэж дүгнэсэн нь шүүх анхнаасаа маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үл хөдлөх хөрөнгө худалдсан, худалдан авсан талуудыг өрсөлдөөний эрх зүйн харилцаанд оролцогч буюу зах зээлд аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийн харилцаатай адилтган үзэж тодорхойлсноос үүдэлтэй, Иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулж, өмчлөх эрх шилжиж буй харилцаанд оролцогчдыг үйлчлэгч-үйлчлүүлэгч, худалдагч - хэрэглэгч гэх зэрэг эрх зүйн өөр харилцаанд, өөр өөр эрх үүрэгтэй оролцдог талуудтай адилтган үзэх үндэслэлгүй байв.

Хоёр. Гадаад валют, тухайлбал “ам доллар” нь иргэний гүйлгээнээс хасагдаагүй, хориглогдоогүй төлбөрийн хэрэгсэл буюу иргэн аливаа зорилгоор хувийн хэрэгцээнд гадаад валютыг худалдан авах, төлбөрийн бусад хэрэгслээр солилцох, бусдад бэлэглэх зэргээр хувьдаа ашиглахыг хуулиар хориглоогүй, санхүү, эдийн засгийн харилцаанд зөвшөөрөгдсөн буй төлбөрийн хэрэгсэл бөгөөд дээр дурдсанаар аж ахуй үйл ажиллагааны хүрээнд гадаад валютын хэрэглээнд зарим хязгаарлалтыг хуулиар тавьсан, өөрөөр хэлбэл, аж ахуй эрхлэгч бараа ажил үйлчилгээг нийтэд санал болгох, ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулахад төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийхийг үүрэг болгосон байхад шүүх бүрэлдэхүүний олонх уг хуулийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцааг буруу тодорхойлж, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд биш иргэний хувийн шинжтэй нэг удаагийн харилцаанд хэрэглэнэ гэж шүүх үзсэн нь буруу.

     Аж ахуй эрхлэгч биш этгээдүүдийн хооронд аж ахуйн зорилгоор бус хувийн зорилгоор нэг удаагийн шинжтэй хэлцэл, гэрээний харилцаанд оролцогч талууд төлбөр тооцоог сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсоны дагуу гүйцэтгэх боломжтой, энэ тохиолдолд иргэний эрх зүй дэх “хуулиар хориглосноос бусад зөвшөөрөгдөх”, “гэрээний чөлөөт байдал”-ын зарчим үйлчлэх учиртай.

Гэтэл хяналтыг шатны шүүхээс “... Зөрчлийн тухай хууль энэхүү харилцаанд нарийвчилсан хууль байх тул Иргэний хуульд заасан (хувийн эрх зүйд хамаарах) “үүрэг гүйцэтгэх” тухай ойлголтын агуулгаар (нийтийн эрх зүйд хамаарах) хуулийг тайлбарлах боломжгүй”[6] гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Гурав. Зөрчлийн тухай хуулиар Үнэт цаас банк санхүү гааль татвар хяналт шалгалт даатгалын журмын эсрэг зөрчил бүлэгт “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй” бол торгох шийтгэл оногдуулахаар заажээ.

Нийтийн эрх зүйд шийтгэл оногдуулах аливаа “зөрчил”-ийн үндсэн суурь шинж нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн эсхүл түүнд харш, нийтийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц буюу үр дагавар нь өөрт нь бус, гадагш чиглэсэн байхыг ойлгодог бөгөөд юуг зөрчилд тооцохыг хууль, хэм хэмжээний актад урьдчилан нэрлэн заасан, тодорхой байхыг шаардана. Зөрчлийн эрх зүй дэх зөрчлийн үр дагавар “гадагш чиглэсэн байх” агуулгыг жишээлбэл, хүн гэртээ “нус, цэр, тамхины иш, хог хаясан бол” зөрчилд тооцохгүй, харин нийтийн орон зайд “нус цэр, тамхины иш, хог хаясан бол” зөрчилд тооцож торгох зохицуулалтын агуулгаар тайлбарлаж болох юм.

Өөрөөр хэлбэл, хүний буруу үйлдэл бүр “зөрчил” болохгүй, харин уг буруу үйлдэл нь нийтийн эрх ашиг, хэвшиж тогтсон зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц үр дагавартай бөгөөд үүнийг хууль тогтоомжоор зөрчилд тооцож арга хэмжээ авахыг урьдчилан зарлаж нийтэд анхааруулсан байх агуулгатай тул хууль хэм хэмжээний актаар “зөрчил” гэж тодорхойлсон агуулгыг шүүх тайлбарлахдаа зөрчлийн эрх зүйн онол, арга зүйг баримталж, “зөрчил”-ийн үндсэн шинжийг зөв тодорхойлох шаардлагатай.

Хувийн эрх зүйн харилцаанд хүн, хуулийн этгээд гэрээ хэлцлийн дагуу оролцож, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд бус хувийн зорилгоор, хуулиар хориглогдоогүй хувийн эд зүйл, өмч хөрөнгөө харилцан солилцох, зарж борлуулах нь нийтийн эрх зүй дэх “зөрчил”-ийн шинжийг ямар нэг байдлаар агуулахгүй, тодруулбал, энэ тохиолдолд хувь хүн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, хуулийн этгээд түүнийг худалдан авах гэрээ хийж, төлбөрийг ам доллароор гүйцэтгэхээр тохиролцож, төлбөрийн зарим хэсгийг нь төгрөгөөр, зарим хэсгийг нь ам доллароор гүйцэтгэж, гэрээ дуусгавар болсон харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн эсхүл түүнд харш, нийтийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц буюу гадагш чиглэсэн буюу нийтийн эрх зүй дэх “зөрчил” гэж үзэх үндсэн шинж алга байна.

Иймд, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчил нь “аж ахуй эрхлэгч бараа, ажил, үйлчилгээний үнийг нийтэд зарлахдаа үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлээгүй, гадаад валютаар санал болгож, зарлан сурталчилсан, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд бараа ажил үйлчилгээ борлуулах, худалдан авахдаа гадаад валютаар төлбөр тооцоог гүйцэтгэсэн” агуулгаар, өмнөх тогтоолуудын адил шүүх тайлбарлан хэрэглэх нь зөв байсан.

Дөрөв. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно”, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй ... бол торгоно” гэх хуулийн зохицуулалтуудад “бараа, ажил, үйлчилгээний үнийг илэрхийлэх”, “төлбөр тооцоог гүйцэтгэх”, “үнэ тогтоох”, “зарлан сурталчлах” зэрэг идэвхтэй үйлдлүүдийг тус бүрдээ зөрчил гэж нэрлэн заажээ.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхтэй холбоотой энэ хуулиар зохицуулж буй харилцаа нь бараа ажил үйлчилгээг худалдан борлуулж буй /санал болгож буй/ тал, бараа ажил үйлчилгээг худалдан авч буй тал гэсэн хоёр талын оролцоотой бөгөөд санал болгож буй талд “бараа, ажил, үйлчилгээний үнийг илэрхийлэх”, “үнэ тогтоох”, “зарлан сурталчлах” үйлдлүүд шууд хамааралтай, харин “төлбөр тооцоог гүйцэтгэх” үйлдэл нь хоёр талын аль алины оролцоотой идэвхтэй үйлдэл байхад шүүх төлбөр тооцоог гүйцэтгэх” гэснийг зөвхөн бараа ажил үйлчилгээг борлуулж буй талд хамааралтай гэж, “... байрны үнийг ам.доллароор тогтоосон, илэрхийлсэн, улмаар гүйцэтгүүлсэн борлуулагч талд хариуцлага тооцно”[7] гэж үзсэн нь эрх зүйн харилцаанд оролцогч талуудын эрх зүйн байдал, эрх үүргийн суурь ойлголтод нийцсэнгүй.

Энэ тохиолдолд иргэний эрх зүй дэх төлбөр тооцоог гүйцэтгэх” агуулга нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийн биелэлтийг хангах нэг хэлбэр буюу гэрээний талууд үүргийг “мөнгөн төлбөрөөр төлөх”-өөр харилцан тохиролцсон бол үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг мөнгөөр төлөх, үүрэг гүйцэтгүүлэгч тал төлбөрийг хүлээн авснаар үүрэг гүйцэтгэгдэж дууссан буюу  “төлбөр тооцоо гүйцэтгэх” үүргийн эрх зүйн харилцаа явагдсан гэж үзнэ.

Гэтэл захиргааны хэргийн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүний олонх нь “үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг” нь бараа, ажил үйлчилгээг худалдан борлуулж буй тал буюу зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгч талд хамаатай гэж үзсэн нь гэрээний эрх зүйн харилцааны суурь ойлголттой зөрчилдөв.

Эдгээр үндэслэлүүдээр,Т.Ө-ны нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т-т холбогдох, хянан шалгагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014028 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүний олонхын Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн санал дүгнэлттэй санал нийлээгүй тул ижил төстэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, шүүхээс хуулийг тайлбарлах онол, шинжлэх ухааны арга зүйг зөв хэрэглэж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад цаашид нэмэртэй гэж үзэж, өөрийн тусгай саналаа бичив.

 

 

 

                                          ШҮҮГЧ                                        Д.МӨНХТУЯА

 

[1] II хавтаст хэргийн 210 дахь тал

[2] УДШ-ийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2020/0156 тогтоолын Хянавал хэсгийн 15, 16, 17 дугаар хэсэгт

[3] УДШ-ийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2020/0170 тогтоолын Хянавал хэсгийн 15, 16, 17 дугаар хэсэгт

[4] УДШ-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2023/0099 тогтоолын Хянавал хэсгийн 17,18,19 дүгээр хэсэгт

[5] Тогтоолын Хянавал хэсгийн 11.4 дэх хэсэгт

[6] Тогтоолын Хянавал хэсгийн 11.7 дахь хэсэгт

[7] Тогтоолын Хянавал хэсгийн 11.6 дахь хэсэгт