МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

Ч.Хүрэлбаатар, Б.Энхнасан нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Ч.Хүрэлбаатар, Б.Энхнасан нарт холбогдох 2008030730279 дугаартайэрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Хүрэлбаатарын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонх өөр байдлаар шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 36.1.4 дэх хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн тусгай санал бичив.

 

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт буруутгагдсан Ч.Хүрэлбаатар, Б.Энхнасан нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулж, улмаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг үндэслэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөхдөө ял эдлэх хугацааг шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялын хугацаагаар, ял эдлүүлэх газар нутгийн хил хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Ч.Хүрэлбаатарын давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан үзсэн давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, шүүгдэгч тус бүрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн хэвээр үлдээсэн байна.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тухайн хэргийн шийдвэр, үйл ажиллагааг хянан шийдвэрлэх явцад хууль хэрэглээний талаар шүүх бүрэлдэхүүний гаргасан ихэнх шийдвэр, дүгнэлттэй санал нэг байсан бөгөөд харин шүүгдэгч тус бүрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх газар нутгийн хил хязгаар, хэмжээг хэт өргөн тогтоосон байна гэж үзэж, түүнийг хумьж багасгах байдлаар өөрчилж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, агуулгад нийцээгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай гэж дүгнэн зарчмын зөрүүтэй, тусгай санал гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хяналтын шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэн өөрчлөн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байсан заалт буюу Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэх заалтыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн Хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээж авсан.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т“...эсхүл хүндрүүлж...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн Хууль зөрчсөн байна гэж тогтоосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 3 дугаар сарын 13 -ны өдрийн № 01 дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохоор заасан дээрх зохицуулалтыг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчилж баталсан болно.   

 

Ийнхүү өөрчилж тогтоосон буюу одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, чиг үүргийг тодорхойлохдоо шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль зүйн дүгнэлт хийх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн шинжтэй өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оруулахыг хориглосон агуулгаар тусгаж өгсөн.

 

Тодруулбал, хяналтын шатны шүүхээс гаргавал зохих шийдвэрийн үндэслэлүүдийг тодорхойлсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсэн хэм хэмжээ нь хоёрдмол утгагүй, ойлгомжтой байдлаар тусгагдсан эрх зүйн зохицуулалт юм.

 

Анхан шатны шүүх зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэх газар нутгийн хэмжээг тодорхойлохдоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хил хязгаараар тогтоож шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүний олонх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж дүгнэн, шүүгдэгч Ч.Хүрэлбаатарын оршин суугаа газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр, харин шүүгдэгч Б.Энхнасанг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлахаар нутаг дэвсгэрийн хил хязгаар, хэмжээг хумьж, багасгаж өөрчилсөн нь дээрх эрх зүйн зохицуулалтын агуулгыг буруу тайлбарласан, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй, хууль хэрэглээний алдаатай шийдвэр гэж дүгнэж байна.

 

Учир нь “ялыг хүндрүүлэхгүйгээр... өөрчлөлт оруулах” гэх заалтын агуулга нь тодорхой төрлийн ял шийтгэлийг зөвхөн тоон хэмжигдэхүүний хувьд хүндрүүлж өөрчлөхгүй байх явцуу утгыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн төрлийн ялыг эдлүүлэх нөхцөл байдал, шинж чанар, дэглэм, хамрах хүрээ хязгаар зэргийг аливаа хэлбэрээр хүндрүүлж өөрчлөхийг хориглосон хэм хэмжээг илэрхийлж байгаа ойлголт юм. Жишээлбэл, дээд шатны шүүхээс хорих ялын дэглэмийг хүндрүүлж өөрчилдөггүй нь дээрх хэм хэмжээг зарим харилцаанд зөв агуулгаар тайлбарлан хэрэглэдэг практик хэрэгжиж ирснийг харуулж байгаа хэрэг болно.

 

Гэтэл хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн ял шийтгэлийн шинж чанар, нөхцөлийг дордуулсан байдлаар буюу зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг хумьж тогтоох, эсхүл илүү хүнд шинжтэй хязгаарлалтаар өөрчлөх, эсхүл торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон хугацааг багасгах зэргээр өөрчилж шийдвэрлэх нь хэлбэр болон агуулгын хувьд ялыг бодитойгоор хүндрүүлж байгаа, хяналтын шатны шүүх хуулийг Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмын агуулгаас өөр, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан байдлаар тайлбарлаж буй хэрэг гэж дүгнэж байна.

 

Шүүгчийн зүгээс дээрх үндэслэлийг дурдан анхан шатны шүүхээс тогтоосон ял шийтгэлийг хэлбэр, агуулгын хувьд хүндрүүлэн шийдвэрлэж байгаа нь“шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй болохыг тайлбарлан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг анхан шатны шүүхээс тогтоосон хэмжээнд хэвээр үлдээх нь зүйтэй талаар шүүх бүрэлдэхүүнд санал гаргасан боловч олонхын дэмжлэг аваагүй тул цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хангаж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой гэх үүднээс энэхүү тусгай саналыг бичив.

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН