МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ
        2014 оны 06 дугаар сарын 16 -ны өдөр   Улаанбаатар хот


“Хүчит шонхор” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь би “Хүчит шонхор” ХХК-ний нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Энхманлайд холбогдох, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дүгээр шийтгэврийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн 148 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарласан талаар санал гаргасан ч шүүх бүрэлдэхүүний олонхи анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тул “Өрсөлдөөний тухай хууль”-ийн холбогдох заалтыг буруу тайлбарласан гэсэн үндэслэлээр тусгай санал бичив.

Хэргийн тухайд хураангуй

“Шонхор” Худалдааны төв (“Хүчит шонхор” ХХК) нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 1000-д байрлалтай бөгөөд 1992 оноос хойш хүнсний барааны зах ажиллуулах, хүнсний барааны лангуу түрээслэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар(ШӨХТГ)-т “Хүчит шонхор” ХХК-ийн захын түрээслэгчдээс “захын түрээсийн төлбөрийг гэнэт нэмсэн” гэх гомдол ирсэнийг үндэслэн ШӨХТГ-ын улсын байцаагчид дээрх нөхцөл байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийж, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “...зах зээлд ижил төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах...” хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 5/137, 2013 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 5/154 дугаартай албан шаардлагаар уг зөрчлөө арилгахыг шаарджээ.

Нэхэмжлэгчээс “түрээсийн төлбөрийг ижил болгох саналыг түрээслэгч нар зөвшөөрөөгүй” гэсэн үндэслэлээр уг шаардлагыг биелүүлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн боловч ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 0000109 дугаар шийтгэвэрээр 110,646.850 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн тул үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч “Хүчит шонхор” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 12 дугаар тогтоолоор захын түрээсийн үйлчилгээний зах зээлд “давамгай байдалтай аж ахуйн нэгж” гэж зарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Холбогдох хуулийн зохицуулалт болон түүнийг тайлбарлаж хэрэглэсэн тухайд

Монгол улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1-т “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, мөн зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасанд нийцүүлэн Улсын Их Хурлаас Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр баталж мөрдүүлсэн.

Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь ... зах зээлд ноёлох ... аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, ... тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” хэмээн зааснаар Өрсөлдөөний тухай хууль нь аж ахуй эрхлэгчдийн тэгш өрсөлдөх нөхцлийг хангахаас гадна өрсөлдөөний бус, эсхүл өрсөлдөөний хязгаарлагдмал нөхцөлд үйл ажиллагаагаа явуулдаг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн ноёлох үйл ажиллагааг тодорхойлж, уг үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлэх, ийм үйл ажиллагаа явуулсан бол төрөөс хариуцлага хүлээлгэх зорилттой.

Энэ утгаараа Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хориглосон зохицуулалт нь “давамгай байдалтай аж ахуй эрхлэгч” гэсэн эрх зүйн статус авсан бүхий л аж ахуй эрхлэгчид ямар зах зээлд ямар төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаагаас үл хамааран хориглогдох учиртай.

Тухайн тохиолдолд “Хүчит шонхор” ХХК нь ШӨХТГ-ын тогтоолоор захын түрээсийн үйлчилгээний зах зээлд “давамгай байдалтай аж ахуйн нэгж” гэдэг нь тогтоогдсон бөгөөд харин түрээслэгчид нь уг харилцаандаа хэрэглэгч болохоос уг зах зээлд өрсөлдөгч биш гэдэг нь илэрхий. Хуулийн энэхүү зохицуулалтад буй хэрэглэгчийг тухайн харилцаанд хамааруулан ойлгох бөгөөд бүтээгдэхүүнийг хэрэглэх эцсийн хэрэглэгчийг илэрхийлсэн заалт гэж үзэх боломжгүй. Тиймээс давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээс тухайн харилцаанд хэрэглэгч болох “түрээслэгчид”-ийн эсрэг “хэрэглэгчийг хясан боогдуулсан” шинж бүхий хуулийн 7.1-д заасан хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн эсэх талаас хууль тайлбарлах замаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх байжээ.

Гэтэл шүүхүүд Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул тус бүрт нь үндэслэл гаргах нь зүйтэй.

1. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “ноёлох үйл ажиллагаа” гэдгийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор” явуулсан бол ноёлох үйл ажиллагаанд хамааруулна гэсэн тайлбарыг шүүх хийжээ. Энэ нь дараахь байдлаар үндэслэлгүй байна:

a. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг;” ойлгохоор заасан бөгөөд хуулийн энэхүү тодорхойлолтод хоёр үндсэн нөхцлийг таслалаар зааглаж тусгасан байна. Тодруулбал, нэгдүгээрт, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хоёрдугаарт, мөн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хэрэглэгчийг хясан боогдуулахыг ноёлох үйл ажиллагаа хэмээн тодорхойлжээ.

Гэтэл шүүхүүд дээрх хоёр ялгаатай нөхцөл заасан хууль тогтоогчийн хүсэл зоригийг анхааралгүй, тодорхойлолтод байгаа зарим хэсгийг таслан авч, гагцхүү бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилго агуулсан бол ноёлох үйл ажиллагаанд хамаарах мэтээр хууль тогтоогчийн аутентик тайлбарт өрөөсгөл дүгнэлт хийсэн байна.

Хэрвээ дээрх байдлаар уг зохицуулалтын агуулгыг авч үзэх ёстой бол     “бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор...хэрэглэгчийг хясан боогдуулах” гэсэн утга гарч ирэх болно. Хуулийн логик болон бодит байдлын хувьд ч гэсэн аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, эсхүл зах зээлээс шахан гаргах зорилгоор хэрэглэгчийг хясан боогдуулах тухай ойлголт байх боломжгүй юм. Хэрэглэгчийг хясан боогдуулах нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн өөр шалтгаанаар хэрэгждэг ноёлох үйл ажиллагаа юм.

b. Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы 5 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцсэн бөгөөд уг төслийн үзэл баримтлалын талаар хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулж, гишүүдийн асуусан асуултад хариулсан байна.

Уг хэлэлцүүлгийн явцад Н.Ганбямба гишүүний асуусан асуултад хууль санаачлагч “...Ер нь бол зах зээлд зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуйн нэгж аль нэг нь байж болно. Гэхдээ нэг зүйлийг хориглож байгаа юм. Тэр нь ноёлох үйл ажиллагаа. Тэрноёлох үйл ажиллагаа нь юу байна вэ гэхээр зах зээлд бусад өрсөлдөгчийг хаан боогдуулах, бусад өрсөлдөгчийг хуйвалдан гаргах, нөгөө талаас хэрэглэгчийг хясан боогдуулах гэсэн ийм зах зээлийн тодорхойлолт байгаа[1]хэмээн ноёлох үйл ажиллагаа нь зөвхөн өрсөлдөгчийг хаан боогдуулах, бусад өрсөлдөгчийг хуйвалдан гаргахад чиглэгдэх бус, мөн хэрэглэгчийг хясан боогдуулахад чиглэж болох тухай төслийн 4 дүгээр зүйлд тодорхойлолтын үзэл баримтлалыг хууль санаачлагч хоёрдмол санаагүйгээр илэрхийлж, энэ талаар хэлэлцүүлгийн явцад улам тодруулж тайлбарласан бөгөөд байнгын хорооны болон хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт уг заалттай холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй[2] учир хууль санаачлагчийн анхны үзэл баримтлалаар дээрх хуулийн заалт батлагдсан байна.

c. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ноёлох үйл ажиллагааны төрлүүдийг авч үзвэл 7.1.4-т “бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах;”, 7.1.10-т “өрсөлдөгчөө өөртөө нэгтгэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулахыг шаардах” зэрэг  бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор үйлдэгдэж болох ноёлох үйл ажиллагааг хориглосны зэрэгцээ 7.1.2-т “бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох”, 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах”, 7.1.12-т “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах” зэрэг хэрэглэгчийг хясан боогдуулахад чиглэсэн ноёлох үйл ажиллагааны төрлийг тус бүрт нь зааж, хориглосон байна.

Учир нь эдгээр ноёлох үйл ажиллагааны төрлүүд нь өрсөлдөгчийг зайлуулах, өрсөлдөөнийг хязгаарлахаас гадна хэрэглэгчийн сонголтгүй, эсхүл сонголт хязгаарлагдмал байгаа байдлыг далимдуулж давамгай байдлаа буруугаар ашиглан хэрэглэгчийг хясан боогдуулахаас сэргийлсэн зохицуулалтууд юм. Ялангуяа монополь аж ахуйн нэгжийн хувьд өрсөлдөгчийг шахан зайлуулах тухай ойлголт байхгүй учир ийм төрлийн давамгай байдалтай аж ахуйн нэгжээс хэрэглэгчийг хамгаалах зорилгоор энэ төрлийн ноёлох үйл ажиллагааг хууль тогтоогч тусгайлан заажээ.

Эдгээр зохицуулалт нь ШӨХТГ-т иргэн, аж ахуй эрхлэгчдийн бүхий л гэрээ, хэлцэлд хөндлөнгөөс оролцож, хянах эрхийг олгож буй бус, харин давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээс энэхүү байдлаа урвуугаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг шахах, эсхүл хэрэглэгчийг хохироох үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлэх зорилготой. Тиймээс хуулийн 7 дугаар зүйлд заасан ноёлох үйл ажиллагааг зөвхөн “бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор” хийж гэмээ нь ноёлох үйл ажиллагаа гэж үзвэл “хэрэглэгчийг хясан богдуулах” зорилготой ноёлох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтууд хэрэгжих боломжгүй болж, хуулийн үр нөлөөнд сөргөөр нөлөөлөх болно.

Иймд, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “ноёлох үйл ажиллагаа”-г мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор” хийгдсэн тохиолдолд ноёлох үйл ажиллагаа гэж үзэх талаарх шүүхүүдийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан нөхцлийг шүүхүүд анхаарсангүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тодруулбал, хариуцагчаас “гадна талбайд нэг эгнээнд зэрэгцээ оршиж буй мах зардаг чингэлэгт өөр өөр үнэ тогтоосон” хэмээн маргасан байхад шүүхүүд “ижил төрлийн бараа биш” хэмээн тайлбарлажээ.

a. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “...ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах...” гэсэн зохицуулалтын ерөнхий агуулгыг авч үзвэл үйлдвэрлэгч, нийлүүлэгч зэрэг давамгай байдалтай аж ахуйн нэгжээс зардлын ялгаа байхгүй, нэг төрлийн бараа бүтээгдэхүүнд өөрийн хувийн үнэлэмжээр хэрэглэгчийг ялгаварлаж, өөр өөр үнэ тогтоохоос сэргийлжээ. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээс бараа бүтээгдэхүүн авч буй хэрэглэгчийн хувьд сонголтгүй, эсхүл сонголт хязгаарлагдмал байдаг учир аж ахуй эрхлэгч энэ харилцаанд давуу байдлаа ашиглаж, өөрийн субъектив үнэлэмжээр бараа бүтээгдэхүүнд зардлаас үл хамаарах шалтгаанаар ялгамжтай үнэ тогтоож, үндэслэлгүй хэрэглэгчийг хохироохоос хамгаалахад энэхүү зохицуулалтын ач холбогдол оршино. Үүгээрээ уг зүйлийн 7.1.2-т заасан “үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоох” буюу хэрэглэгчийг ялгаварлалгүйгээр, үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоох заалтаас хэрэглэгчийг ялгаварлаж, зарим хэрэглэгчийг үндэслэлгүй илүү үнэ төлүүлэхээс сэргийлдгээрээ энэ заалт онцлогтой.

b. Уг заалтад “ижил төрлийн бараа бүтээгдэхүүн” гэсэн нөхцлийг заасан бөгөөд өрсөлдөөний эрх зүйн онолд “тухайн бараа бүтээгдэхүүнийг орлох боломжтой, зориулалт нь нэг байх бараа бүтээгдэхүүн”-ийг үүнд хамааруулан ойлгодог. Тодруулбал,хэрэглэгчийн хүссэн бараа байхгүй тохиолдолд зориулалтын дагуу орлуулах боломжтой буюу сонголттой, нэг бүлэгт багтдаг, төрлийн хувьд адил бараа бүтээгдэхүүнийг “ижил төрлийн бараа” бүтээгдэхүүн гэж үздэг.

Тухайн тохиолдолд Шонхор худалдааны төвийн хашаан дотор, гадна талбайд байрлалтай, зориулалт нь нэг буюу махны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай, нэг эгнээнд зэрэгцэн болон өөд өөдөөс харан орших 20 тонны 50 ширхэг чингэлэг байх тул эдгээрийг “ижил төрлийн бараа бүтээгдэхүүн” биш гэж үзэх үндэслэл байхгүй юм.

c. Мөн хуулийн энэхүү заалтад “Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй” гэсэн нэмэлт тайбарыг хууль тогтоогчоос хийжээ. Тодруулбал, ижил төрлийн бараа бүтээгдэхүүнд ялгавартай үнэ тогтоож болох нөхцөл нь бүс нутгийн байршлаас хамааран тээвэрлэлтэд гарах зардал юм.

Гэтэл хяналтын шатны шүүхийн тогтоолд “түрээсийн үйлчилгээний гол зүйл нь ашигтай байршил...худалдааны төв захуудад түрээслүүлж буй лангуу, тавиур, чингэлэг, павильон нь байршлаасаа хамаарч үнэлэгдэх боломжтой” хэмээн хуулийн зохицуулалтын агуулгад нийцээгүй тайлбар хийжээ.

Улаанбаатар хотод байгаа газар байршлаасаа хамаарч үнэлэгдэх нь илэрхий. Маргаан бүхий чингэлэгийн хувьд нэг бүс нутагт төдийгүй нэг хашаан дотор зэрэгцээ байрлалтай юм. Тиймээс бүс нутгийн хувьд өөр өөр байршилд гэж үзэх боломжгүй.

Мөн нэг хашаан дотор байгаа лангуу, тавиур, чингэлэг, павильон нь ч өөр өөр үнэлэгдэх боломжтой бөгөөд харин ингэж үнэлэх нөхцөл нь давамгай байдалтай аж ахуйн нэгжийн хувьд зардлын ялгаатай байдал гэдгийг хуулийн энэхүү зохицуулалтад заасан, өрсөлдөөний эрх зүйн онолд мөн ингэж тайлбарладаг.

Хариуцагчаас худалдааны төвийн гадна хашаанд байрших чингэлэг болон байшин дотор байрлах лангууг ялгаатай үнээр түрээслэсэн гэж маргаагүй, байшинд байрлах лангууны хувьд барилгын өртөг, цахилгаан, дулаан гээд зардлын хувьд ялгаатай байхын зэрэгцээ лангуу, чингэлэг хоёрыг бүтээгдэхүүний хувьд нэг гэж үзэх боломжгүй. Мөн гэр ахуйн жижиглэн барааны болон гурил, хүнсний ногооны зэрэг бусад зориулалт бүхий чингэлэгт тогтоосон үнийг энд авч үзээгүй, гагцхүү махны зориулалтаар түрээслэдэг нэг эгнээнд зэрэгцэн ба өөд өөдөөс харан орших 50 чинлэгүүдийг ялгаатай үнээр түрээслэж буйг буруутгасан бөгөөд энд зардлын ялгаа байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, мөн өмнө тэмдэглэснээр нэг хашаанд зэрэгцэн оршиж буй учир “бүс нутгийн байршлаас хамаарсан үнийн зардал” байгаа гэж үзэх боломжгүй, ялгаатай үнээр түрээслэх эрх зүйн үндэслэл байхгүй.

Дүгнэлт

Дээрхээс нэгтгэн үзэхэд, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан ноёлох үйл ажиллагаанд бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилготой үйл ажиллагаа хамаарахын зэрэгцээ хэрэглэгчийг хясан боогдуулахад чиглэсэн үйл ажиллагаа хамаардаг бөгөөд мөн хуулийн 7.1.3-т заасан зохицуулалт нь хэрэглэгчийн эсрэг үйлдэгддэг ноёлох үйл ажиллагааны төрөл мөн. Мөн маргаан бүхий чингэлэгүүд нь 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар ижил төрлийн бараа бүтээгдэхүүн төдийгүй эдгээр чингэлэгүүдэд зардлаас хамаарсан ялгаатай үнэ тогтоох үндэслэл байхгүй байна.

Шонхор худалдааны төв нь махны бөөний борлуулалтаар дагнасан, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчэд уг төвөөс мах худалдан авч Улаанбаатар хотын бусад зах, дэлгүүрийг хангадаг учир махны нийлүүлэлтэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа зардал нь ижил мах худалдах зориулалттай чингэлэгүүдийг адил үнээр буюу 500,000[3]төгрөгөөр түрээслэх боломж байхад зардлаас үл хамаарах үндэслэлээр зарим чингэлэгийн үнийг 900,000 хүртэл нэмэгдүүлж, махны худалдаа эрхлэгч нарт тэгш өрсөлдөх нөхцлийг хангасангүй.

Нөгөө талаас, Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалт нь уг хуулийн зохицуулалтад хамрагдаж буй аж ахуй эрхлэгчдэд нэг мөр үйлчлэх учиртай. Аж ахуй эрхлэгч цахилгаан эрчим хүч, дулаан, харилцаа холбоо болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт, нийлүүлэлт зэрэг ямар төрлийн бараа бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байгаагаас үл хамааран давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн бол нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнийг зардлаас хамаарахгүй бусад үндэслэлээр дур мэдэн өөр өөр үнэ тогтоож, хувийн үнэлэмжээр хэрэглэгчийг ялгаварлах үндэс байхгүй. Энэ төрлийн маргаан үүсвэл хуулийн өрсөлдөх тайлбар байлгах үүднээс тусгай санал бичив.

                 


                               ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ