МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ
         2015 оны 01 сарын 26-ны өдөр  Улаанбаатар хот

 


Д.Ариунболдын нэхэмжлэлтэй
        захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь би Д.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох, тус сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 432 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар санал гаргасан ч шүүх бүрэлдэхүүний олонхи анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тул холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тусгай санал бичив.

Хэргийн болон холбогдох хуулийн зохицуулалтын тухайд

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Ариунболдыг мөн сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгчээс уг захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, эрхэлж байсан ажилд буцаан томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, үндэслэлээ “...ажлаа хэвийн хийж байсан, Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй” хэмээн маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөөгүй гэсэн үндэслэлээр буруутгаж, нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хариуцагч нь дээрх захирамжийг гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцсөн болохыг холбогдох баримтаар тогтоосон тул энэ үйл баримтын асуудлаар маргаан эцэслэгджээ.

Харин хяналтын шатны шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүний олонхи “сумын Засаг дарга өөрийн орлогчоо чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэнэ” гэсэн нь дараахь байдлаар үндэслэлгүй гэж үзэв:

1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Төрийн албыг дор дурдсанаар ангилна:” гээд 3.3.1-т “төрийн улс төрийн алба”, 3.3.2-т “төрийн захиргааны алба”, 3.3.3-т “төрийн тусгай алба”, 3.4-т “энэ зүйлийн 3.3.2, 3.3.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ”, 6 дугаар зүйлийн 6.1-д “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... орон тооны дараахь албан тушаал хамаарна:” гээд 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтыг үзэхэд хууль тогтоогч төрийн албыг 4 ангилсны дотор сонгогддог болон сонгуулийн үр дүнд томилогддог төрийн улс төрийн албыг мэргэшсэн, тогтвортой төрийн аппаратыг бүрдүүлдэг төрийн жинхэнэ албанаас зааглахын зэрэгцээ сумын Засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан тушаалтан болохыг тодорхой заажээ.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” хэмээн төрийн улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдал буюу тэр дундаа чөлөөлөх асуудлыг тус тусын хуулиар тогтоож, гагцхүү тухайлсан хуульд өөрөөр заагаагүй бол уг харилцаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг, харин өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөхгүй байхаар зохицуулжээ.

Төрийн албаны тухай хууль нь хэдийгээр төрийн албан хаагчийн нийтлэг эрх зүйн байдлыг тодорхойлдог боловч сумын Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаал эрхэлдэг учир түүнийг “чөлөөлөх” харилцаанд Төрийн албаны тухай хуулийг бус, тусгайлсан зохицуулалттай Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтыг хэрэглэх нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан “...бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэнэ” гэсэн зарчимд мөн нийцнэ.

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга ... дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;” гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Сумын Засаг дарга өөрийн орлогчийг чөлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “...тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн...” гэсэн нөхцлийг хангах шаардлагатай бөгөөд энд Төрийн албаны тухай хуулийн хуулийн 25 дугаар зүйлд заасан “төрийн жинхэнэ албан хаагч”-ийг чөлөөлөхөд баримтлах журмаасөөрөөр заасан учир Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт уг маргаанд хэрэглэгдэхгүй нь тодорхой байна.

4. Хэрвээ сумын Засаг даргыг “чөлөөлөх” харилцаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт буюу төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, огцруулах зохицуулалтууд хэрэглэнэ гэж үзвэл улс төрийн албан тушаалтан угтаа гагцхүү төрийн жинхэнэ албан хаагчийн эдэлдэг төрийн албанаас халагдахгүй байх баталгаа(Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан)-г эдлэх эрхтэй мэт төөрөгдөл үүсч, улс төрийн албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс байхгүй болох, чинагш дараагийн Засаг дарга тухайн орлогчийг чөлөөлөх боломжгүй болох эрсдэлтэй.

Захиргааны эрх зүйн онолын хувьд нэг талаас, сонгуулийн үр дүнд мандат авсан олонхи нь мөрийн хөтөлбөрөө тодорхой бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор засаглах эрхийг бүрдүүлдэг (Spoil) тогтолцоо болон нөгөө талаас, сонгуулийн үр дүнгээс үл хамааран гагцхүү мэргэжил, ур чадварын хувьд үнэлэгдэн томилогдож, төрийн нийтлэг эрх ашигт захирагдан ажилладаг мэргэшсэн (Merit) тогтолцоог зааглан авч үздэг.

(Spoil) тогтолцоо нь тодорхой бүрэн эрхийн хугацаанд захирагддаг учир энэ хугацаанд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийг томилон итгэл үзүүлж ажиллах, хэрэгжүүлж чадахгүй гэж үзвэл улс төрийн хариуцлага тооцон чөлөөлөх эрхтэй байдаг бол (Merit) тогтолцоо нь мөрийн хөтөлбөр, засаг авсан олонхид бус, харин нийт улсын эрх ашиг захирагдан ажилладаг мэргэжлийн албанаас бүрддэг учир энд мэргэшсэн бөгөөд улс төрөөс хамааралгүй тогтвортой байх эрх зүйн ялгаатай зарчимд захирагдан ажилладаг.

Энэ ч үүдээс Төрийн албаны тухай хуульд эдгээр ялгаатай байдлыг нарийвчлан зохицуулж, сумын Засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан тушаалтан болохыг, улс төрийн албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байх үүднээс түүнийг чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хуулийн бус, харин тухайлсан хуулийн зохицуулалт хэрэглэгдэхийг хууль тогтоогч тодорхой зааж, журамласан байна.

Иймд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “...тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх...” журмыг баримтлан “сумын Засаг даргын орлогч”-ийг албан тушаалаас нь чөлөөлсөн сумын Засаг даргын дээрх шийдвэр Төрийн албаны тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй, “...эрх хэмжээнийхээ хүрээнд” гаргасан, хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх “...хэзээ ямар үүрэг даалгаварыг өгсөн, түүнийг хэрхэн биелүүлээгүй, түүнийг шалгаж дүгнэсэн байдал, ямар ажил үүргийг хэрхэн хангалтгүй биелүүлсэн зэрэг нь захирамжаас тодорхой харагдахгүй байна”, “...Төрийн албаны тухай болон бусад хуульд заасны дагуу албан тушаалаас чөлөөлөх үндэслэл бий болсон тохиолдолд ... чөлөөлөх ... эрхээ хэрэгжүүлнэ” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсгийг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаагүй атлаа шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт шууд баримтлан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дээрх байдлаар үндэслэлгүй байсан тул түүнийг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн олонхийн саналыг үл дэмжиж, энэхүү тусгай саналыг бичив.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН  М.БАТСУУРЬ