МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ
         2015 оны 01 сарын 26 -ны өдөр  Улаанбаатар хот

 

  Д.Ариунболдын нэхэмжлэлтэй
            захиргааны хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа би Д.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох, тус сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 432 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонхийн саналаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхийн саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа ... шүүхийн шийдвэрт хавсаргана” гэж заасны дагуу тусгай санал бичив.

Маргааны үйл баримтын талаар:

Д.Ариунболд нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад мөн сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч “...ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч”, сумын Засаг даргын 2014 оны 127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, эрхэлж байсан ажилд буцаан томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, үндэслэлээ “...ажлаа хэвийн хийж байсан, Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй” гэж, хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэсний дагуу ... зөвшилцөн ... Д.Ариунболдыг сумын Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн ... /нь хууль зөрчөөгүй/” гэж тус тус маргасан байна.

Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт болон түүнийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар:

Нэхэмжлэгч Д.Ариунболдын эрхэлж байсан албан тушаал нь “сумын Засаг даргын орлогч” буюу Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... орон тооны” улс төрийн албан тушаал байна.

Төрийн албаны тухай хууль нь “...төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулах” зорилготой, энэ хүрээнд төрийн алба, төрийн албаны албан тушаалыг “улс төрийн”, “захиргааны”, “тусгай”, “үйлчилгээний” гэж 4 ангилан, төрийн захиргааны болон төрийн тусгай албыг “төрийн жинхэнэ алба” гэж нарийвчлан тодорхойлжээ.

Төрийн алба, албан тушаалыг ийнхүү ангилсан нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг ялгавартай тогтоох хууль зүйн үндсийг тавьсан тул Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг бусад төрийн албан хаагчийн эрх зүйн байдлаас ялгавартай байдлаар хуульчлан тогтоосон байна.

Тухайлбал, маргааны үйл баримтад холбогдох Төрийн албаны тухай хуулийн 17 (сул орон тоог нөхөх, албан тушаалд авах), 19 (үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх), 23 (төрийн албанаас чөлөөлөх) дугаар зүйлүүдэд заасан зохицуулалт нь “төрийн жинхэнэ албан хаагч”-д хамаарахаар, төрийн улс төрийн албан тушаал (улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал гэх мэт)-д ажиллаж байгаа этгээд нь төрд албан тушаал эрхэлж байгаагийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан баталгаагаар хангагдах боловч 27.2-т заасан нэмэлт баталгааг эдлэхгүй байхаар уг хуульд тусгайлан заажээ.

Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос төрийн улс төрийн болон төрийн үйлчилгээний албыг “төрийн жинхэнэ алба”-нд тооцохгүй, эдгээр ангилалын албан тушаалуудын хувьд “албан тушаалд авах”, “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх”, “төрийн албанаас чөлөөлөх” талаарх Төрийн албаны тухай хуульд заасан зохицуулалт үйлчлэхгүй байхаар хуульчилсан байна.

Тийм ч учраас Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох...” гэсний дагуу төрийн улс төрийн албан тушаалтнуудыг томилох, чөлөөлөхтэй холбогдсон асуудлууд нь Төрийн албаны тухай хуулиар бус тус тусын хуулиар зохицуулагддаг, үүний дотор бүх шатны “Засаг дарга” болон “Засаг даргын орлогч”-ыг томилж, чөлөөлөх асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдаж иржээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31.1.2-т сумын Засаг дарга нь “Засаг даргын орлогч”-ыг томилж, чөлөөлөх эрхтэй гэж заасан, ингэхдээ “...тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн...” гэсэн нь уг албан тушаалтныг томилох, чөлөөлөх “...хуулиар тогтоосон” журам бөгөөд уг хуульд ямар болзол хангасан этгээдийг “Засаг даргын орлогч”-ийн албан тушаалд томилох, ямар тохиолдолд түүнийг албан тушаалаас чөлөөлөх талаар нарийвчлан заагаагүй нь Төрийн албаны тухай хуулиар тусгайлан заасан төрийн жинхэнэ албан хаагчийг томилж, чөлөөлөх зохицуулалтыг шууд хамаатуулан хэрэглэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “...тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх...” журмыг баримтлан “сумын Засаг даргын орлогч”-ийг албан тушаалаас нь чөлөөлсөн сумын Засаг даргын шийдвэр Төрийн албаны тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй, “...эрх хэмжээнийхээ хүрээнд” гаргасан, хууль тогтоомжид нийцсэн шийдвэр юм.

Энэ талаар давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, харин анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ “...хэзээ ямар үүрэг даалгаварыг өгсөн, түүнийг хэрхэн биелүүлээгүй, түүнийг шалгаж дүгнэсэн байдал, ямар ажил үүргийг хэрхэн хангалтгүй биелүүлсэн зэрэг нь захирамжаас тодорхой харагдахгүй байна”, “...Төрийн албаны тухай болон бусад хуульд заасны дагуу албан тушаалаас чөлөөлөх үндэслэл бий болсон тохиолдолд ... чөлөөлөх ... эрхээ хэрэгжүүлнэ” гэж хуулийн заалт дурдалгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсгийг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаагүй, хэрэглээгүй атлаа шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт шууд баримтлан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн зарчимд нийцсэнгүй гэж миний хувьд үзлээ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн “төрийн улс төрийн албан тушаалтан”-ны эрх зүйн байдлыг “төрийг жинхэнэ албан тушаалтан”-ны эрх зүйн байдлаас ялгасан, нарийвчилсан зохицуулалт хүчин төгөлдөр байхад шүүх хэрэглээгүй нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хууль дээдлэх нь шүүхийн ... үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 7.3-т “шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль...-ийг хэрэглэнэ” гэснийг зөрчсөн гэх дүгнэлтэд хүрэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн үйлчлэх хүрээ, зорилго, төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлох, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг ялгаатайгаар хуульчилсан хуулийн зохицуулалтуудыг онолын болон хууль хэрэглээний хүрээнд оновчтой тайлбарлаж хэрэглэх нь цаашид энэ төрлийн маргааныг “зөв” шийдвэрлэх практик тогтооход чухал ач холбогдолтой гэх үүднээс энэхүү тусгай саналыг бичив.

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА