МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

А.Э-ын нэхэмжлэлтэй хэрэгт

нийтийн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон,

маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн,

хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай

 

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа би А.Э-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Их Сургууль (цаашид МУИС гэх)-ийн захирлын үүргийг түр түр орлон гүйцэтгэгчид холбогдох, “МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Т-ын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “МУИС-ийн профессор, багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай” А/350 тоот тушаалын хавсралтын Хууль зүйн сургууль гэсний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан профессорын зэрэглэлийн албан тушаалд МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмын 15.1, 15.3-т заасан 3 жилийн хугацаагаар эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгчийн профессорын зэрэглэлээс дэд профессорын зэрэглэлд буурч ажилласан цалингийн зөрүү 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 2018 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаагаар тооцон, 1,604,480 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, МУИС-ийн 2019 оны профессорын суурь судалгааны зардлыг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Т-ын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалын хавсралтын Хууль зүйн сургууль гэсний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/674 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар магадлалыг эс зөвшөөрч хянуулахаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус шүүх буруу тайлбарлан хэрэглэж буй талаарх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргасан боловч бусад бүрэлдэхүүний дэмжлэг аваагүй тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа ... шүүхийн шийдвэрт хавсаргана” гэж заасны дагуу тусгай санал бичив. 

Маргааны үйл баримтын талаар:

МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн  А/350 дугаар тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар 2019 оны хичээлийн жилд ажиллах профессор, багшийн орон тоог тус тус баталсны дотор Хууль зүйн сургууль профессорын 5 орон тоотой байхаар тогтоосон, түүнчлэн уг тушаалуудаар Хууль зүйн сургуулийн багш, ажилтнуудын албан тушаал, зэрэглэл, цалинг хүн нэг бүрээр тогтоосны дотор “...  А.Э /Нийтийн эрх зүйн тэнхим/ албан тушаал - дэд профессор” гэж заажээ.

Нэхэмжлэгч А.Э нь 2013 оны 09 дүгээр сараас маргаан бүхий тушаал гарах хүртэлх хугацаанд МУИС-ийн Хууль зүйн сургуульд “профессор” зэрэглэлд ажилласан, “2013-2015 онуудад МУИС-ийн захирлын хүсэлтээр /хэд хэдэн/ иргэний болон захиргааны хэрэгт  тус сургуулийн /хариуцагчийн/ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, сургуулийн эрх ашгийг 100 хувь хамгаалан, нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох шүүхийн шийдвэр гаргуулсан тул” тухайн үеийн МУИС-ийн захирал Р.Б-Э 2018 оны 05 дугаар сарын 20-ний өдөр “... /энэхүү зүтгэлийг МУИС-д бодитой хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэж/ 2015-2020 он хүртэлх хугацаанд эрдэм шинжилгээний зохих оноог тооцно, 2015-2020 онд МУИС-ийн профессорын зэрэглэл дээр тогтвортой ажиллуулна” гэх амлалтыг А.Э-д өгсөн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна. 

Түүнчлэн, “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-аар профессор багшид тавигдах шаардлага, шалгуурыг тусгайлан тодорхойлж,  “... судалгаа, сургалтын ажлын үр дүнг харгалзан” профессорын албан тушаалд 3 жилийн хугацаатай, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар заасан, мөн журмын 15.1-д албан тушаалын профессор зэрэглэлд шалгаруулахдаа “... бүрэлдэхүүн/салбар сургуулиуд сүүлийн 5 жилд профессор, багшийн гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үзүүлэлтийг гол шалгуур болгон … багш нарын албан тушаалын зэрэглэлийг үзүүлэлт бүрийг хэрхэн хангасан байдлыг холбогдох нотлох баримт, тайлбарын хамт бүрдүүлж, бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар томилогдсон … Үнэлгээний хороогоор үнэлүүлэн, захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрээ … МУИС-ийн Үнэлгээний хороонд … ирүүлнэ”, “... МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон Үнэлгээний хороо … шийдвэр /гаргаж/, ...багшийн ажиллах албан тушаалын зэрэглэлийг МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулах”-аар, 15.3-т “... профессорын зэрэглэлийн нэг орон тоонд уг болздыг хангасан хэд хэдэн багш байх тохиолдолд олон улсын сэтгүүд хэвлүүлсэн өгүүллийн тоо, түүнд зохиогчийн оруулсан хувь нэмэр, монографи бүтээл, удирдан хэрэгжүүлсэн судалгааны төсөл зэрэгүзүүлэлтийг харгалзан шалгаруулах”-аар  тус тус зохицуулсан, уг журмын дагуу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Үнэлгээний хороо 2018-2019 оны хичээлийн жилд профессор зэрэглэлд ажиллах багшийн сонгон шалгаруулалт явуулж А.Э-д 990 оноо өгсөн,  МУИС-ын Үнэлгээний хороо уг оноог “2120” болгож шийдвэрлэсэн , талууд мөн эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.    

Нэхэмжлэгчээс МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/350, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Хууль зүйн сургуульд ажиллах профессорын орон тоог 5 байхаар тус тус тогтоосонтой, түүнчлэн, “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”, уг журмын дагуу явуулсан сонгон шалгаруулалт болон сонгон шалгаруулалтын үндсэн дээр түүнд олгогдсон оноо, дүнтэй маргаагүй, “профессорын зэрэглэлийн албан тушаалд МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмын 15.1, 15.3-т заасан 3 жилийн хугацаагаар эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... профессорын зэрэглэлд ажиллаж ирсэн байхад үндэслэлгүйгээр зэрэглэл бууруулсан, … амалсан амлалтаа биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалагдах зарчмыг зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон, ... хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх эрхийг болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн, ... надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээ цуцлаагүй атлаа зэрэглэл бууруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуульд албан тушаалын зэрэглэл бууруулах заалт байхгүй, профессор зэрэглэлээс дэд профессор зэрэглэлд тушаал шилжүүлж гаргах эрх хариуцагчид байхгүй, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн” гэх зэргээр тодорхойлон маргасан байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.3, 21.2, 21.3, 24 дүгээр зүйлийн 24.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс “... 69 дүгээр зүйлийн 69.1” гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн, хяналтын шатны шүүхээс магадлалыг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар уг хууль нь “нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагаа”-нд хамаарах тул уг хуулийг хэрэглэх үндсэн нөхцөл нь юуны өмнө, маргааны үйл баримтуудаар тодорхойлогдож буй харилцаа нь “нийтийн эрх зүйн харилцаа” байх шаардлагатай.

Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргаж буй “МУИС-ийн захирал Р.Б-Э-с 2018 оны 05 дугаар сарын 20-ний өдөр “... 2015-2020 он хүртэлх хугацаанд эрдэм шинжилгээний зохих оноог тооцно, 2015-2020 онд МУИС-ийн профессорын зэрэглэл дээр тогтвортой ажиллуулна” гэж амлалт өгсөн” гэх үйл баримт нь нийтийн эрх зүйн харилцаа үүсгэхгүй тул, энэ тохиолдолд “... амалсан амлалтаа биелүүлээгүй” гэх үндэслэлээр шаардаж буй зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн эрхийг хамгаалахад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “захиргааны үйл ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэглэгдэхгүй.

Тодруулбал, нийтийн эрх зүйн харилцаанд “хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориглогдох” зарчмын үндсэн дээр захиргаа нь зөвхөн хуульд заасан эрхийг хэрэгжүүлнэ, нийтийн эрх зүй дэх албан тушаалын зэрэглэл тогтоох, хэнийг аль зэрэглэлд ажиллуулахтай холбоотой шийдвэр гаргах ажиллагаан дахь захиргааны эрх мэдэл нь хууль тогтоомжийн “зөвшөөрөгдсөн” хүрээгээр хязгаарлагдана, уг асуудлыг хувийн эрх зүйн хүрээнд, гэрээний үндсэн дээр, эсхүл аливаа “амлалт өгсөн”-өөр шийдвэрлэх эрх аль ч захиргаанд, нийтийн эрх зүйн хүрээнд олгогдоогүй гэж үзнэ, захиргааны хэргийн шүүх “нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан” шийдвэрлэхдээ захиргааны үйл ажиллагаанд баримтлах уг зарчмыг онцгой анхаарах ёстой.  

Гэтэл  захиргааны хэргийн шүүхүүд уг маргааныг “нийтийн эрх зүйн маргаан мөн” гэж үзэж шийдвэрлэхдээ “захиргаа өгсөн амлалтаа биелүүлээгүй нь хууль зөрчсөн, ... Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн” гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, нийтийн эрх зүйн харилцааны суурь зарчмыг хэрэглээгүй, хуулиар тогтоосон тусгай зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл боллоо. 

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасан, шүүхүүд МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн  А/350, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг тус тус “маргаан бүхий захиргааны акт” гэж үзсэн атлаа уг актууд нийтийн эрх зүйн харилцааг зохицуулдаг материаллаг хуулийн ямар хэм хэмжээг зөрчсөн болохыг тогтоогоогүй,  Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “... хөдөлмөрийн гэрээнд /ажлын байрны буюу албан тушаалын нэр, …үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ …зэрэг/ гол нөхцөлийг тохирно” 21.2-т “аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй”, 21.3-т “хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй”, 24 дүгээр зүйлийн 24.3-т “хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж тус тус заасныг баримтлан дээрх тушаалуудын нэхэмжлэгч А.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болно.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль … -ийн захиргаа” нь захиргааны байгууллага мөн гэж заасан нь уг хуулийн үйлчлэх хүрээнд буюу нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо “захиргааны байгууллага”-ын статустай байхыг ойлгоно, энэ утгаараа МУИС-ийн захиргаанаас гаргасан “тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр” нь захиргааны акт болно, эдгээр шалгуурын аль нэгийг хангаагүй бусад шийдвэр, тухайлбал, “хөдөлмөрийн гэрээний харилцаанд оролцохдоо бусдын өмнө амлалт, үүрэг авсан, уг амлалтаа биелүүлээгүйгээс нөгөө талд шаардах эрх үүссэн” гэх маргааныг “нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн” маргаан гэж үзэх учиргүй.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг /ойлгох/”-оор, 4 дүгээр зүйлийн 4.3-т “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоох”-оор, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “... /төрийн үйлчилгээний албан тушаалд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах/ боловсрол … зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал … хамаарах”-аар тус тус заасны дагуу МУИС-ийн “профессор, багш, ажилтан, ажилчид” нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр төрийн үйлчилгээний албанд ажилладаг, хөдөлмөрлөх харилцаанд эрх, үүрэг нь хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тодорхойлогддог этгээдүүд байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог ойлгоно” гэж тус тус заасан тул МУИС-ийн захиргаа болон А.Э нарын хооронд хуулиар хориглогдоогүй хүрээнд аливаа асуудлаар тохиролцоо хийгдэх боломжтой, өөрөөр хэлбэл, “мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байгаа тодорхой асуудлаар МУИС-ийг шүүхэд төлөөлөн ажилласны хариуд 2020 он хүртэл профессор зэрэглэлд  ажиллуулах амлалт өгсөн” гэх үндэслэл нь хувийн эрх зүйн хүрээнд, магадгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх хүлээн зөвшөөрөгдөх үндэслэл мөн, харин нийтийн эрх зүйн хүрээнд, энэ үндэслэлээр захиргааны акт гаргахыг даалгаж, захиргаанд аливаа “үүрэг үүсгэж” болохгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээр тодорхойлогдож буй эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь хэрэг маргааныг шийдвэрлэхэд баримтлах хууль тогтоомжийн зохицуулалтыг оновчтой сонгож, зөв хэрэглэх үндэслэл болно, шүүх маргааны үйл баримтуудад холбогдуулж хуулийг хэрэглэхдээ эрх зүйн ерөнхий онолын тогтсон ухагдахуун, салбар эрх зүйн суурь зарчмуудад нийцүүлэн, нэг мөр тайлбарлах ёстой, хөдөлмөрийн гэрээний харилцаа нь хувийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг, үүний явцад үүссэн маргаан нь ердийн харьяалалын шүүхээр шийдвэрлэгддэг байхад шүүх нэг тохиолдолд тухайлан хуулийг өөрөөр тайлбарлах, эрх зүйн хэм хэмжээг шийдэлдээ нийцүүлэн хэрэглэх нь хууль хэрэглээний ноцтой алдаа болно гэх үүднээс энэхүү тусгай саналыг бичив.    

 

 

                                           ШҮҮГЧ                                         Д.МӨНХТУЯА