МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

“М т з”” ТӨХК-ийн гомдолтой  зөрчлийн хэрэгт

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006), (2015) хуулиудын

холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглэх тухай

 

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа би “М т з”” ТӨХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч П.Эрдэнэтунгалаг нарт холбогдох, “... татварын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагатай зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0701 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 656 дугаар магадлалыг эс зөвшөөрч хянуулахаар гомдол гаргагчийн төлөөлөгч Э.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006), Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015) хуулиудын холбогдох заалтуудыг тус тус шүүх буруу тайлбарлан хэрэглэж буй талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонхи дэмжээгүй тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа ... шүүхийн шийдвэрт хавсаргана” гэж заасны дагуу тусгай санал бичив.

Маргааны үйл баримтын талаар:

“М т з”” төрийн өмчит хувьцаат компани нь  “төмөр замын суурь бүтэц барих”, “төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бөгөөд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барьж байгуулах төслийн хүрээнд төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагаанд “Э...” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээ байгуулж, 2013-2014 онд “... газар шороо, дам нурууны болон дөрвөлжин гүүр, хоолойн ажил, хайрга олборлолтын ажил гүйцэтгүүлсэн”, төлбөрийн үлдэгдлийг  2015, 2016 онд тус тус “Э...” ХХК-д төлсөн, үүнийгээ нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тус бүр тусган, үүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон байна.     

Татварын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 дүгээр шийтгэлийн хуудсаар “... 2015 ... 2016 /онуудад/ ... үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас /тус тус/ хасаж тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 ..., 14.1.1..., 14.7..., шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5... –д заасныг  /зөрчсөн/” гэх үндэслэлээр, “М т з”” ТӨХК-д нөхөн татвар, торгууль, алданги оногдуулахаар шийдвэрлэсэн,   “М т з”” ТӨХК-иас “... уг худалдан авалт нь татвар төлөгчийн тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлж байгаа үндсэн үйлдвэрлэл, үйл ажиллагааны хүрээнд, төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагааны явцад хийгдсэн барилга угсралтын ажлын зардал .../тул/ хуулийн дагуу хасагдах ёстой” гэж маргажээ. 

Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт болон түүнийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015) хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр, дагаж мөрдөгдсөн, 2015 оны “зөрчил”-д холбогдуулж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийг 2016 оны “зөрчил”-д холбогдуулж  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015) хуулийг тус тус хэрэглэнэ, тухайн тохиолдол нь  татвар төлөгч “нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн эсэх” талаарх маргаан биш, харин нэгэнт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг “төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцох”-той холбоотой маргаан байна.

1.              Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн /нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцох/”-оор заасан, ингэхдээ “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг, … хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ, … нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ”-г импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасаж тооцохгүй байхаар уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т тусгайлан заажээ.

Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх”-аар, 7 дугаар зүйлийн 7.1-д “...  /Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ... Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ/-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах”-аар тус тус заасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар “хасаж тооцохгүй” гэж хуулиар тогтоогоогүй тохиолдолд, татвар төлөгч нь “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар” худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд нэгэнт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа өөрийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцохоор тайлагнах эрхтэй, гагцхүү тухайн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт”-тай байх шаардлага, зохицуулалттай байгаа, жишээ нь, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагаанд ашиглах зориулалтаар ноос ноолуур угаах техник худалдан авсан бол, энэ нь “үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан авсан бараа” болох бөгөөд уг хуулийн зохицуулалтаар түүнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасаж тооцохоор байна.

Монгол хэлний тайлбар толь бичиг (Я.Цэвэл: Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо, Улаанбаатар, 1966; 618 тал)-т “үйлдвэрлэл” гэдгийг “...материал баялагийг бий болгох /үйл ажиллагаа/” гэж тайлбарласнаас үзвэл,  “М т з”” төрийн өмчит хувьцаат компани нь  “төмөр замын суурь бүтэц барих”, “төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийн дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагаа нь материал баялгийг бий болгох үйл ажиллагаа буюу “үйлдвэрлэл” мөн,  төмөр замын суурь бүтэц барих буюу “үйлдвэрлэлийн” зориулалтаар бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцох дээрх хуулийн зохицуулалт мөн энэ тохиолдолд хэрэглэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, “М т з”” төрийн өмчит хувьцаат компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу “... газар шороо, дам нурууны болон дөрвөлжин гүүр, хоолойн ажил, хайрга олборлолтын ажил”-ыг өөрөө гүйцэтгэсэн, эсхүл бусдаар гүйцэтгүүлснээс үл хамааран, уг зорилгоор худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцааж хасуулахаар 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусгасан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дээрх заалттай нийцэхээр байна.

Шүүхүүд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцох” гипотез нөхцлүүд, 14.4-т заасан “хасаж тооцохүй татвар” зэрэг хуулиар шууд заасан ойлголтын хүрээнд хуулийн заалтуудыг тайлбарласангүй, харин “... нэмэгдсэн өртгийн албан татвар гэж эцсийн хэрэглэгчээс хэрэглээндээ төлж буй, бараа ажил үйлчилгээг худалдаж буй этгээдээр цуглуулдаг татвар юм”,  “... ажил гүйцэтгүүлсэн нь “М т з”” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэгдээгүй ч урьдчилан төлсөн зардлаар бүртгэгдсэн”, “... Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-д ... зааснаас үзэхэд ... үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд хамаарахгүй” гэх зэрэг дүгнэлт хийжээ.

Татварын хуулиар тусгайлан тогтоож, нэрлэн заасан “татвар төлөгч”, “татвар ногдох зүйл”, “татвараас хөнгөлөх, чөлөөлөх нөхцөл”, “буцаан олгох татвар”, “хасалт хийх татвар” зэрэг ойлголт, түүний зөвшөөрсөн болон хориглосон зохицуулалтын агуулгыг шүүх үгийн шууд утгаар буюу үгчилэн тайлбарлах ёстой, харин нэр томъёоны агуулгыг дэлгэрүүлэн (хураангуйлан) эсхүл төсөөтэй хэрэглэх замаар өөрөөр тайлбарлавал “татварыг зөвхөн хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох” зарчим алдагдагдахад хүрэх юм.

Нягтлан бодох бүртгэлийн (санхүүгийн тайлагнал)-ийн Олон улсын стандарт нь санхүүгийн тайланд ажил гүйлгээ, санхүүгийн бусад үйл явдлыг хүлээн зөвшөөрөх, хэмжих, нягтлан бодох бүртгэлийн баримтыг хөтлөх, бүртгэх талаар баримтлах нийтлэг зарчим, ойлголтуудыг нэгмөр тодорхойлох зорилготой “стандарт тогтоосон” баримт бичиг юм, харин уг баримт бичиг нь нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгохтой холбоотой дотоодын хууль тогтоомжийг орлохгүй, “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох”-оор заасан дотоодын хуулийн дээрх зохицуулалтыг уг стандартаар үгүйсгэх үндэслэлгүй.

2.            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг 2015 онд Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч” гэж, 5.2-т “… албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий ... этгээдийг албан татвар суутган төлөгч” гэж тус тус тодорхойлсон, түүнчлэн, уг хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн /нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцох/”-оор, 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” (уг заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан) гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх өөрчлөлтөөр “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд” нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш, харин “татвар төлөгч” хувь хүнээс албан татварыг суутган авч төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй “суутган төлөгч”-өөр тодорхойлогдсон, түүнчлэн, “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар” худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцох өмнөх хуулийн зохицуулалт хэвээрээ, харин татвар суутган төлөгч өөртөө “үндсэн хөрөнгө” худалдан авсан, эсхүл түүнийг бий болгох зорилгоор бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд, уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцохгүй байх шинэ зохицуулалтыг хуульчилжээ.

Энэ тохиолдолд, өмнөх жишээнд дурдсан ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагаанд ашиглах зориулалтаар ноос ноолуур угаах зориулалтаар худалдан авсан техник нь түүний “үндсэн хөрөнгө” тул, “үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан авсан” боловч түүнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасаж тооцохгүй болохоор байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэсэн зохицуулалтыг хэрэглэх эсэх үндсэн нөхцөл нь худалдан авсан бараа нь тухайн этгээдийн “үндсэн хөрөнгө” мөн эсэх, эсхүл худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь тухайн этгээдэд “үндсэн хөрөнгө” бий болгох зорилготой эсэхийг тодорхойлох явдал болно.

Үндсэн хөрөнгө гэдэг нь тухайн этгээдийн үйл ажиллагаанд нэг жил буюу түүнээс дээш хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээний болон түрээсийн зориулалтаар ашиглагдаж байгаа элэгдлээрээ зардлаа нөхөх биет хөрөнгийг ойлгох бөгөөд  тухайн байгууллага үндсэн хөрөнгийг өөрийн мөнгө эсхүл мөнгөн бус хөрөнгийн аль нэгээр, эсхүл ийм хөрөнгийг оролцуулах замаар олж эзэмшсэн, түүний өртөг, үнэ цэнийг бодитоор хэмжих боломжтой байхыг шаарддаг байна.   

  Нягтлан бодох бүртгэл (санхүүгийн тайлагнал)-ийн Олон улсын стандартын 16-д зааснаар “...а. аж ахуйн нэгж ирээдүйд тухайн хөрөнгөөс эдийн засгийн өгөөж олж авах магадлалтай, ...б. хөрөнгийн өртгийг найдвартай үнэлж болох” хоёр тохиолдолд үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрч бүртгэхээр заасан, эхний шалгуурыг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд “... аж ахуйн нэгж анхдагч хүлээн зөвшөөрөлтийн үед бэлэн буй мэдээ нотолгоон дээр үндэслэн ирээдүйн эдийн засгийн өгөөжийг хүртэх магадлал ... /бодитой/ байх юм бол энэ нь аж ахуйн нэгж хөрөнгийн ашиглалтаас үр өгөөж хүртэх төдийгүй хөрөнгөтэй холбогдон гарах эрсдэлийг хүлээн авч болно”, “.../үүнээс өмнөх үед буюу нотолгоо хангалтгүй/ тохиолдолд, “хөрөнгийг олж бэлтгэхтэй холбоотой ажил гүйлгээг их хэмжээний торгуульгүйгээр ихэвчлэн зогсоож болдог учир хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй”, харин хоёр дахь нөхцөл нь “хөрөнгийн худалдан авалтыг нотлох солилцооны үеийн ажил гүйлгээ нь хөрөнгийн өртгийг тодорхойлно” гэжээ.

Үүнээс үзэхэд, аж ахуйн нэгж уг хөрөнгийн ашиглалтаас үр өгөөж хүртэх нь тодорхой бөгөөд хүлээн зөвшөөрөгдөж буй үндсэн хөрөнгө нь өртгөөрөө үнэлэгдэх боломжтой, өртөг нь тодорхой тохиолдолд уг хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж өөрийн “үндсэн хөрөнгө”-д тооцож, нягтлан бодох бүртгэлд бүртгэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барьж байгуулах зорилгоор худалдан авсан бараа ажил, үйлчилгээнд “М т з”” төрийн өмчит хувьцаат компанийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцохгүй үндсэн нөхцөл нь ирээдүйд бий болж магадгүй “төмөр зам” нь “М т з”” төрийн өмчит хувьцаат компанийн “үндсэн хөрөнгө” болох нь, уг хөрөнгийн эдийн засгийн үр ашгийг ирээдүйд уг аж ахуйн нэгж хүртэх нь нотлогдож байх ёстой байна.

Энэ тохиолдолд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг  “барьж байгуулах” төслийг “М т з”” төрийн өмчит хувьцаат компани хэрэгжүүлж байгаа, төслийн хүрээнд төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагаанд “Э...” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээ байгуулж, 2013-2014 онд “... газар шороо, дам нурууны болон дөрвөлжин гүүр, хоолойн ажил, хайрга олборлолтын ажил гүйцэтгүүлсэн” зэрэг нь тухайн төмөр замыг ирээдүйд “өмчлөгч болно” гэдгийг нотлож байгаа гэж дүгнэхэд эргэлзээтэй, улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, нягтлан бодох бүртгэлд тухайн компанийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдээгүй, цаашид уг хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх эсэх нь тодорхойгүй, нотлогдоогүй, “газар шорооны ажил”-д зарцуулсан зардлыг “М т з”” төрийн өмчит хувьцаат компанийн эдийн засгийн үр өгөөжийг нь ирээдүйд хүртэх “үндсэн хөрөнгө”-д оруулсан худалдан авалт гэж үзсэн нь буруу, шүүхүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан “үндсэн хөрөнгө” гэх ойлголтын хууль зүйн агуулгыг тайлбарлаагүй, дээр дурдсан олон улсын стандартын хүрээнд “техникийн” тайлбар хйисэнгүй, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан  “М т з”” төрийн өмчит хувьцаат компанийг тухайн “газар шорооны ажлын эцсийн хэрэглэгч”, ирээдүйд бий болж магадгүй төмөр зам буюу үндсэн хөрөнгө эзэмшигч (өмчлөгч) гэх агуулгаар дүгнэж, уг дүгнэлтдээ үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь өрөөсгөл болсон гэж миний хувьд үзлээ.

Хуулийн заалтуудыг нэгмөр, агуулгын хувьд бүрэн тайлбарлаж, маргааны үйл баримтад нийцүүлэн хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шүүхээс алдаатай шийдвэр гарах, шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх боломжгүй болох, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчим алдагдах үр дагавартай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар тогтоосон нэр томьёог оновчтой тайлбарлах, хэм хэмжээг зөв хэрэглэх, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлох, хуулийн зохицуулалтуудыг онолын болон хууль хэрэглээний хүрээнд оновчтой тайлбарлаж хэрэглэх нь цаашид энэ төрлийн маргааныг “зөв” шийдвэрлэх практик тогтооход чухал ач холбогдолтой гэх үүднээс энэхүү тусгай саналыг бичив.    

 

ШҮҮГЧ                                         Д.МӨНХТУЯА