МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2015 оны 10 сарын 26 өдөр
- Дугаар: 293
- Улаанбаатар хот
“Алтайн хүдэр” ХХК болон “Монголын Уул уурхайн
үндэсний ассоциаци” ТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ, О.Зандраа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам, Б.Дамдинсүрэн нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 398 дугаар магадлалтай, “Алтайн хүдэр” ХХК болон “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиунаа, “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Содномдаржаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны А/199 дүгээр тушаал нь Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хууль зүйн яамны 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/2334 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэжээ.
Гэтэл дээрх Хууль зүйн яамны дүгнэлт нь зөвхөн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/83 дугаар тушаал болон 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 673 дугаар тушаалуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, хууль бус тушаалыг хүчингүй болгох талаарх дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл 2008 оны 673 дугаар тушаалд Экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж 1000 кг тутамд 1000 төгрөгөөр тогтоосон бөгөөд 2013 оны А/83 дугаар тушаалд Экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж 1000 кг тутамд 1500 төгрөгийн хураамж авахаар тогтоосон нь Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.7.3, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байхад дээрх зөрчлийг засалгүй яг хэвээр нь дахин баталж, 2013 оны А/199 дүгээр тушаалыг гаргаж, Экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж 1000 кг тутамд 1500 төгрөгөөр тогтоосон байна.
Маргаан бүхий актаар гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний зардлыг харгалзсан гэх үндэслэлээр 50 хувиар нэмсэн.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т заасны дагуу гаалийн байгууллагын зарчим нь хилээр нэвтрэн орж ирж буй тээврийн хэрэгслийг програмд бүртгэн шалгаж, нэвтрүүлж, ачилт хийлгэхэд нь хяналт тавьж, мэдүүлэг хэвлэн баталгаажуулж, буцаж гарахад нь бүртгэн шалгаж гаргах үйл ажиллагааг хийж байна. Тухайлбал нэг гаалийн мэдүүлэгт экспортын бүтээгдэхүүн ачсан 10 машиныг хамтад нь багцалдаг бөгөөд 1 машин нь 80 тонн ачаатай. Өөрөөр хэлбэл 1 мэдүүлгээр 800 орчим тонн баяжмалаар нь мэдүүлгийг хэвлэж байгаа нь зардал харьцангуй бага гарах буюу компьютерт бичилт хийх, камераар хянах, сүлжээгээр илгээж байхад 800000 кг x 1500= 1200000 төгрөгийн зардлаар тооцоход Бургастайн боомтоор 400000 кг бүтээгдэхүүн гарвал 600000000 төгрөгийн зардал болж байгаа нь хураамж биш, татвар, төлбөртэй дүйцэх хэмжээнд хүрч байгааг анхаарч үзнэ үү.
Бургастайн боомтын хувьд дээрх ажиллагаанд 5 байцаагч оролцох бөгөөд гаалийн ажилтнуудын бүтэц, орон тоо, цалингийн хэмжээ 50 хувиар нэмэгдсэн ч дээрх зардал гарч байгаа гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Учир нь Бургастайн боомтын хувьд гаалийн ажилчид нь “Алтайн хүдэр” ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан байранд амьдарч, цахилгаан, дулаан, усны төлбөр, тэр ч байтугай хүнсний зардлаа манай компаниар төлүүлж ирсэн бөгөөд бид энэ талаар эрх бүхий байгууллагад нь гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй юм.
Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны А/199 дүгээр тушаал нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг тушаалын 2 үндэслэл нь хангалттай үгүйсгэгдэж, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг зөрчиж байх тул Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/199 дүгээр "Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсгийн уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци нь монголын болон гадаад улсуудын эрдэс баялгийн салбарт эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, хайгуул, олборлолт, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг төрийн, төрийн бус болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн гишүүддээ үйлчилдэг биеэ даасан, өөрөө удирдах, ашгийн бус байгууллага бөгөөд гишүүн байгууллагуудын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалдаг.
Ассоциаци нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүчингүй болгуулах Гаалийн ерөнхий газрын даргын тушаал хуульд нийцээгүй болохыг мэдсэн даруйдаа 2015 оны 02 дугаар сард Гаалийн ерөнхий газрын даргад албан бичгээр хандаж А/199 дугаар тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүссэн ч 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/728 тоот албан тоотоор "...Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" А/199 дугаар тушаалыг Гаалийн ерөнхий газраас Хууль зүйн яаманд хүргүүлэн, хянуулж, "Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн сан"-гаас бүртгэлийн 3409 дугаарт бүртгэгдсэн байх тул хууль зөрчсөн журмыг баталж, мөрдөөгүйг харуулж байна. Иймд "экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээг тонн тутамд 1500 төгрөг болгосон" хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна..." хэмээх хариуг ирүүлсэн бөгөөд бидний зүгээс тавьсан хууль зүйн үндэслэлүүдэд ямар нэг хариу ирүүлээгүй юм.
Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" А/199 дугаар тушаалаар Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож, тушаалын 1 дүгээр хавсралтын 7-д “экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээ”-г тонн тутамд 1500 төгрөг байхаар тогтоожээ.
Гэтэл Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж төлнө" гээд мөн зүйлийн 26.2-т "энэ хуулийн 26.1-д заасан хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно" гэж заасан байгаагаас үзэхэд "экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээ"-г бүтээгдэхүүний хэмжээ /тонн/ буюу хэмжээнээс хамаарч бус үйлчилгээний зардлыг харгалзан тогтоохоор заасан байна.
Өөрөөр хэлбэл экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг бус экспортод гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээгээр үйлчилгээний хураамжийг тооцож байгаа нь хууль зөрчсөн, бизнесийн үйл ажиллагаанд хэт дарамт учруулсан, төсөвт ямар ч хамаагүй аргаар мөнгө хуримтлуулахыг оролдсон үйлдэл болжээ. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид "татвар" гэх/-өөс бүрдэнэ.", мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй" байхаар хуульчилсан.
Үндсэндээ татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэж түүнийг зөвхөн Улсын их хурлаас хуулиар бий болгох, өөрчилж, болох эрхтэй байтал Гаалийн ерөнхий газрын дарга нь хуулийн зүйл заалтыг зөрчиж, экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээг тонн тутамд 1500 төгрөг байхаар тогтоосон нь хууль бус шийдвэр болжээ.
...Жишээлбэл: 2014 онд манай гишүүн компаниуд Монгол улсын хилээр 19 481 000 тонн нүүрс экспортлож гаалийн бүрдүүлэлтийг хураамжид 29 221 500 000 төгрөг, 6 324 000 тонн төмрийн хүдэр, баяжмал экспортлож гаалийн бүрдүүлэлтийг хураамжид 9 486 000 000 төгрөгийг тус тус төлсөн байна. Үүнээс үзвэл 1 тонн тутамд 1500 төгрөгийг хураамж авч байгаа нь манай гишүүн компаниудад дарамт болж, хүндрэл учруулж, хуульд заасны дагуу хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан тогтоох байтал тонн тутамд авч байгаа нь хуулиар хамгаалагдсан хууль, ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна ... гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: Хууль зүйн яамны 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2/2334 тоот албан бичгийн дагуу “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” 2008-2013 оны тушаалуудыг хүчингүй болгосон тул Хууль зүйн яамны албан бичигт дурьдсан зөрчлүүдийг засалгүй яг хэвээр нь дахин гаргасан гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Экспортод гаргах нүүрс болон бусад экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүн гэж ялгаварлахгүйгээр үйлчилгээний хураамжийн хэмжээг 1000 кг тутамд 1500 төгрөг байхаар тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д заасантай нийцэж байгаа бөгөөд дээрх хуулийг дагаж мөрдсөн.
Зарим уул уурхайн компаниуд нь Монгол улс болон Кувейт, Люксембург, Голланд болон Арабын нэгдсэн Эмират, Виржиний арлууд, Франц, БНСУ-тай байгуулсан давхар татвараас хөнгөлөх гэрээнд хамрагдсан, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдагын хувьд, бүхий л уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид тооцоолж бодоход 1 кг тутам 1 төгрөг 50 мөнгөний хураамжийг ногдуулж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй бөгөөд харьцангуй эерэг эдийн засгийн үзүүлэлт гэж үзэж байна.
2013 оны байдлаар төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибидений баяжмал, боловсруулаагүй нефьт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 99.2 хувь буюу нийт экспортын 81.1 хувийг эзэлж байна. Дээрх ашигт малтмалыг экспортын ямар ч татваргүй гаргаж байна.
Гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг 2008 онд батлагдсан Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлан мөрдүүлж байсан. Экспортын бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтэд Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 181 дүгээр тушаалаар 2008 оны 673 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн болон гаалийн байгууллагаас үзүүлсэн төлбөрийн хэмжээ”-ний жагсаалтад нэмэлт оруулж, гаалийн хилээр гарах 1000 кг нүүрс тутамд гаалийн бүрдүүлэлт хийхэд коксжих нүүрснээс 3000 төгрөг, чулуун болон хүрэн нүүрснээс 2000 төгрөгийн хураамжийг авч байсан. 2010 оны 402 дугаар тушаалаар экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж 1000 кг тутамд 1000 төгрөг, үүнээс 1000 кг нүүрс тутамд 1500 төгрөгийн хураамж авч, үндсэн мэдүүлгийн 7000 төгрөг, нэмэлт мэдүүлгийн 1200 төгрөгийн гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг авахгүй байхаар тогтоосон боловч Засгийн газрын 119 дүгээр тогтоол, Хууль зүйн яамны 2013 оны 2/2334 тоот албан бичиг, дүгнэлтийн дагуу дээрх тушаалуудыг хүчингүй болгосон.
Дээрх дүгнэлтийг үндэслэн Гаалийн ерөнхий газрын дарга Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн аж ахуйн нэгж, иргэн бүр хуулийн өмнө адил тэгш эрх үүрэгтэй байх зарчмыг баримтлан 2013 оны А/199 дүгээр тушаалаар гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээг баталж, Хууль зүйн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд 3409 дугаарт бүртгүүлсний үндсэн дээр гаалийн байгууллага импорт, экспортын гаалийн бүрдүүлэлтэд энэхүү хураамжийн хэмжээг мөрдөн ажиллаж байна.
Гаалийн байгууллагын улсын төсөвт оруулах хураамжийн 80 гаруй хувийг нүүрсний хураамж эзэлдэг бөгөөд бусад эрдэс бүтээгдэхүүний экспорт харьцангуй бага хувийг эзэлдэг. Гаалийн хяналт шалгалтыг хийхэд үйлчилгээний зардал нүүрстэй адил, жонш болон бусад эрдэс бүтээгдэхүүнийг гаргахад задгай болон савласан байдаг. Задгайгаар гаргахад тоосжилт их, машинаас вагонд ачихад хяналт тавихад 1.0-1.7 тонны багтаамжтай уутанд задгай жоншийг савлахад хүний хүчин зүйл болон цаг хугацаа их зарцуулдаг. Цахилгааны зардал 2010 оноос хойш нэмэгдсэн, тоног төхөөрөмжгүй газар харьцангуй их ачилт хийгддэг тул хугацаа их зарцуул оройн 10-11 цаг хүртэл бүрдүүлэлт хийдэг тул экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнийг төрлөөр ялгалгүйгээр 1000 кг тутамд 1500 төгрөгөөр тогтоосон.
Уул уурхайн бүтээгдэхүүний онцлог нь ачилт, тоосжилт, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, ажиллах нөхцөл, цаг хугацаа харьцангуй их шаарддаг хэдий ч худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг гадаад худалдаа эрхлэгчдэд ойртуулах зорилт тавьж, хилийн боомтуудыг уртасгасан цагаар ажиллуулж байна. Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагчид 2013 оны 5 сарын байдлаар 44276 цаг ажилласнаас 15820 цаг илүү ажиллаж, бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх үйлчилгээг экспорт эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн. Мөн Говь-Алтайн Гаалийн хорооны улсын байцаагч, төрийн үйлчилгээний албан хаагчид 2013 оны 11 дүгээр сарын байдлаар 16440 цаг ажилласнаас 8880 цаг илүү ажиллаж, 7, 11-р сард бараа тээврийн хэрэгслийн эргэлт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан 15 хоногийн хугацаатай боомтын ажиллах хуваарь сунгах бүрт гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үзүүлж ажилласан байна.
Гаалийн ерөнхий газар, харьяа гаалийн газар, хороодын 2008, 2013 онуудын жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн үр дүнгийн тайлангийн үзүүлэлтийг харьцуулснаас хэсэгчлэн “ажилчидтай холбоотой зардал”-ыг авч үзэхэд 69 хувиар өссөн байна.
Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг үндэслэн Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 1.4-т заасантай нийцүүлж 2013 оны А/199 дүгээр тушаалыг гаргаж, Хууль зүйн яаманд бүртгүүлэн 3409 дугаарыг авч, нийтэд мэдээлэсэн.
Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны А/199 дүгээр тушаалаар батлагдсан үйлчилгээний хураамжийн хэмжээ нь хуулийн хүрээнд батлагдан гарсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” А/199 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсгийн Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК болон “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” Төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 398 дугаар магадлалаар: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч "Алтайн Хүдэр" ХХК болон “Монголын Уул Уурхай Үндэсний Ассоциаци” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч "Алтайн хүдэр" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж төлнө", 26.2-т "энэ хуулийн 26.1-д заасан хураамжийн хэмжээг үйлчилгээний /гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ/ зардлыг харгалзан гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно" гэж заасан. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалд экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний бүрдүүлэлтийн хураамж 1000 кг тутамд 1000 төгрөг байхаар заасан бол маргаан бүхий акт болох Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны А/199 тоот тушаалд гаалийн бүрдүүлэлтийн хураамж 1000 кг тутамд 1500 төгрөг болж 50 хувиар нэмэгдсэн байна. Ийнхүү гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээнээс хамааруулсан байдаг. Иймд Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "үйлчилгээний зардал" нэмэгдсэн эсэхийг тогтооход 1000 кг уул уурхайн бүтээгдэхүүнийг /нүүрснээс бусад/ экспортлохтой холбоотой гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний зардал тодорхой хувиар нэмэгдсэн эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой юм.
Тодруулбал, гаалийн байгууллага 1000 кг уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортоор гаргахад үзүүлсэн үйлчилгээнийхээ төлөө гаалийн бүрдүүлэлтийн хураамж авдаг ба тухайн үйлчилгээний зардал нэмэгдсэн тохиолдолд бүрдүүлэлтийн хураамжийг өөрчлөх эрх зүйн үндэслэл бүрдэх юм. Харин Гаалийн байгууллагын нийт зардал өссөн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл, жил бүр экспортын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй зардал гарах боломжтой ба экспортын хэмжээ нэмэгдсэн учраас гаалийн үйлчилгээний зардал өссөн болохоос 1000 кг уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход гарах үйлчилгээний зардал нэмэгдээгүй.
Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “анхан шатны шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн газар, хороодын 2008 оноос 2013 оны ажиллагчидтай холбогдсон зардал 169.4 хувиар, бараа, ажил үйлчилгээний урсгал зардал 86.8 хувиар, бусад бараа, ажил үйлчилгээний зардал 90.4 хувиар тус тус өссөн, түүнчлэн нүүрс болон нүүрснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог боомтууд дахь бараа, ажил, үйлчилгээний нийт зардал 2008-2013 онд 258 хувиар өссөн, үүний дотор Говь-Алтай аймгийн Бургастай боомтын бараа, ажил, үйлчилгээний нийт зардал 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 97.153.810,8 мянган төгрөг байсан бол 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 227.805.011 мянган төгрөг болж өссөн болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын 2008-2013 оны эхний хагас болон жилийн эцсийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг харьцуулсан мэдээлэл, дотоод зурвас, зардлын талаарх мэдээлэл зэрэг нотлох баримтаар тогтоогджээ” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Гаалийн удирдах байгууллагын даргын тушаалаар гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх үндэслэл нь үйлчилгээний зардал нэмэгдсэн байх явдал бөгөөд бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээг 1000 кг тутамд тодорхой мөнгөн илэрхийллээр тогтоож байгаа тул тухайн хураамж нэмэгдэх үндэслэл нь 1000 кг уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход гарах үйлчилгээний зардлын хэмжээ “нэмэгдсэн” байх юм.
Гэтэл шүүх Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2008-2013 онд ямар хэмжээтэй байсныг анхааран үзэлгүй, нэг тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход гарах гаалийн үйлчилгээний зардал нэмэгдсэн эсэх нь тодорхойгүй байхад Гаалийн байгууллагын 2013 оны зардал 2008 оноос өссөн байдлыг үндэслэн буруу дүгнэлт гаргасан байна. Шүүх Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "үйлчилгээний зардал" гэдгийг гаалийн байгууллагын нийт зардал мэтээр буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Гаалийн байгууллага 1000 кг уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход үзүүлсэн үйлчилгээнийхээ төлөө 1000 төгрөг авч байсан.
Тэгвэл 1000 кг уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох үйлчилгээний зардал нэмэгдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх Гаалийн байгууллагын нийт зардал өссөн байдлыг үндэслэн дүтнэлт гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасанчлан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг харуулж байна.
Хэрэгт авагдсан санхүүгийн тайлангуудаас нүүрснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний бүрдүүлэлтийн үйлчилгээний зардал тодорхой харагддаггүй бөгөөд шүүх тухайн асуудлыг тодруулалгүйгээр Гаалийн байгууллагын зардал өссөн гэсэн мэдээлэлд үндэслэн хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагч 2 жилийн турш гарган өгөөгүй, огт судалгаа тооцоо хийгээгүй нийтлэг хэм хэмжээ тогтоосон захиргааны акт гаргасан байх тул Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 398 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч "Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци" ТББ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Содномдаржаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Нэг. Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийн хувьд:
Хууль зүйн яамнаас 2010 оны 5-р сарын 19-ний өдөр "Хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ыг №119 дүгээр тогтоолоор батлан эрх бүхий этгээдээс хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа баримтлахаар журамласан.
Гэтэл Хууль зүйн яамнаас тогтоосон энэхүү журмын хэд хэдэн заалтыг Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 9-р сарын 26-ны өдрийн А/199 тоот тушаал нь зөрчсөн байдаг. Энэ талаар Хууль зүйн яамнаас 2013 оны 5-р сард гаргасан дүгнэлтэнд тодорхой дурдагдсан байсан. Үүнд:
"Хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.7.1-т заасны дагуу Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх гэсэн шаардлагыг зөрчсөн тухай:
Гаалийн тухай хуульд гаалийн бүрдүүлэлт гэж юуг хэлэх вэ гэдгийг 3 дугаар зүйлийн 3.1.12-т "...гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртлэх цогц үйл ажиллагааг" хэлнэ хэмээн тодорхойлсон.
Мөн Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 "мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж төлнө", 26.2. "энэ хуулийн 26.1-д заасан хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно" гэж заасан байдаг.
Гаалийн тухай хуулийн 26.2-т заасны дагуу гаалийн удирдах төв байгууллагын дарга нь энэхүү журмыг тогтоох эрхийг хуулиар тусгайлан олгосон буюу эрх бүхий этгээд байх тул нэхэмжлэгч нараас үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох эсэх дээр ямар ч маргаан үүсгээгүй.
Харин Гаалийн тухай хуулийн 26.2-т "...хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан... ", мөн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д "төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль, тогтоомжийн дагуу үйлчилгээний төлөө тэднээс тухай бүрт авч улс орон нутгийн төсөвт оруулж буй мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ" буюу үзүүлсэн үйлчилгээнийхээ төлөө л авч байгаа татвар гэдгийг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл Гаалийн тухай хуулийн 3.1.12-т заасан гаалийн бүрдүүлэлт хийхэд гаалийн байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд үйлчилснийхээ төлөө, үйлчлэхэд гарсан зардлыг авч байна гэж ойлгож болохоор байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нарын төлөөлөгч нар “Алтайн хүдэр” ХХК-ийн эксторт хийдэг Голь-Алтай аймгийн Бургастай боомтон дээр жишээ болгон маш нарийн тайлбарласан. Тухайлбал: 2013 онд Бургастай боомтын нийт байгууллагын зардал ойролцоогоор 227 сая байсан бөгөөд “Алтайн хүдэр” ХХК нь 2.3 тэрбум төгрөгийг зөвхөн гаалийн байгууллагын бүрдүүлэлтийн хураамж болгон төлсөн байдаг гэдгийг харьцуулсан үүнээс хуулийн хязгаарлалтыг зөрчсөн байна гэдгийг нарийвчлан тайлбарласан. Нэг удаагийн гаалийн бүрдүүлэлт хийхдээ 10 машины хамтад хийдэг, нэг машин ойролцоогоор 70-80 тонн хүдэр, баяжмал ачсан байдаг бөгөөд бүрдүүлэлт 20-30 минутад хийгдэж дуусдаг. Бургастайн боомт дээр "Алтай хүдэр" ХХК нь 30 минутанд ойролцоогоор 1 050 000 төгрөгийг гаалийн бүрдүүлэлтийн хураамжинд хураан авдаг. “Алтайн хүдэр” ХХК нь хавар, зун, намрын ид ачаалалтай үедээ ойролцоогоор 20 000 тонн хүдэр экспортолдог буюу өдөрт Бургастайн боомтод гаалийн бүрдүүлэлтэнд 30 000 сая төгрөгийн хураамж төлдөг. Говь-Алтай аймгийн Бургастайн боомт дээр өдөр гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлэхэд 30 сая төгрөгийн зардал гарах ямар ч боломжгүй, жилдээ л Бургастайн боомт нийтдээ 227 сая төгрөгийг зардлыг гаргадаг гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, Гаалийн ерөнхий газрын төлөөлөгч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.
Үүнээс үзэхэд Гаалийн ерөнхий газрын дарга хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, огт харгалзаж үзээгүй гэдэг нь нотлогддог боловч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх, Захиргааны хэргийн давж даалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй, нэхэмжлэгч нараас гаргаж байгаа дээрх үндэслэлүүдийг шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзэлгүйгээр шийдсэн.
Тухайлбал, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 378 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "...гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийг үйлчилгээний зардалд үндэслээгүй гэж үзэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “тушаал үйлчилгээний зардлыг үндэслэж гараагүй, үйлчилгээний зардлаа тодорхойлоогүй, зардалд үндэслэсэн хураамж биш” гэсэн тайлбар үндэслэлгүй юм”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 398 тоот магадлалын хянавал хэсэгт "...нэхэмжлэгч талын дурдаж байгаачлан үйлчилгээний хураамжийн хэмжээг боомт тус бүрийн зардлыг харгалзан тогтоох боломжгүй гэж дүгнэв. Учир нь, Гаалийн тухай хууль Монгол улсын хэмжээнд нийтлэг үйлчлэх бөгөөд тухайн нэг боомт, нэг компанид зориулан гаалийн үйлчилгээний хураамжийг тогтоох агуулгаар батлагдаагүй байна. Харин бүх боомтод нийтлэг үйлчлэх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг гаргах эрхийг Гаалийн тухай хуулийн Гаалийн ерөнхий газрын даргад олгосон байна. Хэрвээ боомт тус бүрт ногдох зардлын хэмжээг харгалзан гаалийн үйлчилгээний хураамжийг харилцан адилгүй тогтоовол энэ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн зөрчил болно. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн бүтээгдэхүүүн аль боомтоор дамжин экспортолж буйгаас хамаарч харилцан адилгүй үйлчилгээний хураамжийг төрийн байгууллагаас ногдуулж, өрсөлдөх адил тэгт боломжийг алдагдуулахаар байна..." хэмээн дүгнэсэн байдаг.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие анхан шатны болон давж заалдах шатны шүүх хурал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаалийн боомт тус бүрт өөр өөрөөр гаалийн бүртдүүлэлтийн хураамжийг тогтоох ёстой талаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, гомдолд гаргаагүй, огт яригдаагүй зүйлийг дүгнэсэн байдаг.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийвэрийн үндэслэлд дурдсан шиг үйлчилгээний хураамжийн хэмжээ зардлыг харгалзан тогтоох боломжгүй зүйл огт биш бөгөөд Төсвийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн зохицуулалтыг үндэслэн Сангийн яамны сайд 2014 оны 1-р сарын 14-ний өдрийн 55 тоот 2014 оны 5-р тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалын хавсралт 1-т 210 код хэсэгт Бараа, үйлчилгээний зардалд цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулал, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, хангамж, бараа материалын зардал, нормативт зардал, эд хогшил, урсгал засварын зардал, томилолт, зочны зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, бараа ажил үйлчилгээний бусад зардал байхаар тусгасан. Өөрөөр хэлбэр Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын 2014 оны 55 тоот тушаалын дагуу Төсвийн байгууллага үйлчилгээний зардлыг дээрх 9 ангиллын дагуу тогтоож гаргаж байх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх үйлчилгээний зардлыг тогтоох боломжгүй хэмээн дүгнэж байгаа нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шударгаар шийдвэрлэх, хууль дээдлэх, зөв хэрэглэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна.
Хоёр. Гаалийн ерөнхий газрын дарга нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:
Дээр дурдсан "Хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.3-т шийдвэрийн төсөл бэлтгэх, батлах ажиллагааг нарийвчлан зохицуулсан, тэр дундаа эрх бүхий байгууллага нь хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа 2.3.4-т заасны дагуу нөлөөллийн шинжилгээг заавал хийх ёстой бөгөөд нөлөөллийн шинжилгээг Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаартай “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шилжилгээ хийх аргачлал”-ын дагуу хийх шаардлагатай.
Гэтэл Гаалийн ерөнхий газраас нөлөөллийн шинжилгээ хийсэн материалаа, судалгаа, шинжилгээний баримтуудыг хэрэгт огт хавсаргаагүй, өгөөгүй атлаа нөлөөллийн шинжилгээг хийсэн хэмээн тайлбарладаг, шүүхээс тухайн нөлөөллийн шинжилгээг хийгдсэн эсэх, хийгдсэн бол зохих журмын дагуу хийгдсэн эсэхийг тогтоогоогүй байж хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь өөрөө хуульд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэж байгаа үйлдэл болсон.
Анхан шатны шүүх Гаалийн ерөнхий газраас нөлөөллийн шинжилгээ хийсэн баримтыг авч үнэлсэнгүй гэдгийг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа хэлсэн ч огт харгалзан үзэлгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-т заасны дагуу Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх гэсэн зарчмын дагуу Улсын Дээд шүүхээс өмнө шийдвэрлэгдэж байсан хэрэг маргааны судалж үзэхэд нөлөөллийн шинжилгээг хэрхэн хийх талаар хэд хэдэн хэрэг маргааныг шийдвэрлэх явцдаа тайлбарласан байдаг.
Тухайлбал, “Хүчит шонхор” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээ үзүүлдэг томоохон төвүүдийг ажиллах амрах хуваарийг баталсан буюу амрах өдрийг баталсан байдаг тухай хэргийг Улсын Дээд шүүхээс хянан шийдвэрлэхдээ нийслэлийн Засаг даргаас нөлөөллийн шинжилгээг зохих журмын дагуу хийгээгүй, нөлөөллийн шинжилгээ хийсэн гэх боловч Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичиг үндэслэн хийсэн хангалтгүй байна хэмээн дүгнэсэн байдаг. Тэгэхээр манай тохиолдол буюу хэрэгт маань Гаалийн ерөнхий газрын дарга нөлөөллийн шинжилгээг огт хийгээгүй /хэрэгт хийсэн гэдгийг нотлох баримт байхгүй/ байх тул захиргааны хэргийн шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нөлөөллийн шинжилгээ хийсэн баримт, Гаалийн байгууллагаас гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардалтай холбоотой материалыг хэрэгт авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хэргийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж дээрх баримтуудыг ахин хэрэгт авч хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүний олонхи үзлээ.
Анх Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” тушаалаар “уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж - 1000 кг тутамд 1000 төгрөг, үүнээс нүүрс 1000 кг тутамд – 1500 төгрөг” гэж тогтоосон, үүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны А/83 дугаар тушаалаар “уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж – 1000 кг тутамд 1500 төгрөг” гэж өөрчилсөн, дээрх хоёр тушаалыг Хууль зүйн яамнаас хянан үзэж, “...үйлчилгээний хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан тогтоох эрх олгогдсон байхад ... төлбөрийн хэмжээг нэмж тогтоосон нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д нийцээгүй” гэх үндэслэлээр “.../дээрх/ тушаалуудыг хүчингүй болгож, хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээнд нийцүүлэн батлах” гэсэн дүгнэлтийг Хууль зүйн дэд сайдын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/2334 дүгээр албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хүргүүлжээ.
Үүний дараа Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/199 дүгээр “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” тушаалаар Гаалийн тухай хуулийн 26.1, 26.2 дахь хэсэг, Хууль зүйн яамны 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/2334 дүгээр албан бичгээр ирүүлсэн дээрх дүгнэлтийг тус тус үндэслэн, тушаалын 1 дүгээр хавсралтаар “гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж”-ийн хэмжээг батлахдаа “нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг тонн тутамд 1500 төгрөг” гэж тогтоосон, үүнийг нэхэмжлэгч нараас “... дүгнэлтэд заасан зөрчлүүдийг засалгүй, хэвээр нь баталсан, ... хураамжийн хэмжээг үндэслэлгүй нэмэгдүүлж, ... хууль зөрчсөн”, “...шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн” гэж, хариуцагч “...хууль зөрчөөгүй” гэж маргасан байна.
Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж төлнө”, 26.2-т “... хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно” гэснээс үзвэл гаалийн хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж төлөх үүрэгтэй, үйлчилгээний хураамжийн хэмжээг Гаалийн ерөнхий газрын дарга тогтоох эрхтэй байна.
Нэхэмжлэгч нараас “...хураамжийн хэмжээг тогтоохдоо “үйлчилгээний зардлыг харгалзах” зарчмыг зөрчсөн” гэх боловч 2008-2013 онд гаалийн газар хороодын ажилчидтай холбогдсон зардал 169.4 хувиар, урсгал зардал 86.8 хувиар, уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн экспортолдог боомтууд дахь бараа, ажил үйлчилгээний нийт зардал 258 хувиар тус тус өссөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хураамжийн хэмжээг нэмэгдүүлэхдээ “зардлыг харгалзаагүй” гэх үндэслэлгүй талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.
Сангийн сайдын 2011 оны 05 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн зарлагын дэлгэрэнгүй ангилал”-д зааснаар “бараа, ажил үйлчилгээний зардал”-д цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлууд, хангамж, бараа материалын зардал, норматив зардал, эд хогшил, урсгал засварын зардал, томилолт, зочны зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, бараа үйлчилгээний бусад зардлыг нийтэд оруулж тооцохоор байх тул эдгээр зардал өссөн нь үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлэх үндэслэл мөн, хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/199 дүгээр “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” тушаалаар “нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг тонн тутамд 1500 төгрөг” гэж тогтоосон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй, “...хураамжийн хэмжээг үйлчилгээний зардалд бус ... бүтээгдэхүүний хэмжээгээр тооцсон” гэх нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Гаалийн ерөнхий газрын дарга ... тушаал батлахдаа Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг зөрчсөн” гэх боловч Хууль зүйн яам нь маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны А/199 дүгээр тушаалыг хянан, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр улсын нэгдсэн бүртгэлийн 3409 дугаарт бүртгэсэн, Хууль зүйн яам “хууль зөрчиж бүртгэл хийсэн” талаар нэхэмжлэгч нар маргаагүй байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
Иймд, нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК, “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг хэлэлцэх явцад Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглэх талаар Шүүгч тусгай санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 398 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч тус бүрээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА