
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 09 сарын 17 өдөр
- Дугаар: 2025/ХШТ/89
- Улаанбаатар хот
Э.М, Ч.Т-, Д.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Ч.Т-, түүний өмгөөлөгч Ж.Батзориг, Ш.Төгсгэрэл, шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч А.Очбадрал /цахим/, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 613 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 482 дугаар магадлалтай, Э.М, Ч.Т-, Д.Б- нарт холбогдох .... дугаартай хэргийг шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Ч.Т-, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Ж.Батзориг, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хаалттай хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой,
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ..-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, М.
2. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, .. настай, эрэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, Т.
3. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, Б.
Шүүгдэгч 3.М нь ... оны ... дугаар сарын ...-аас ... дугаар сарын ...-нд шилжих шөнө ... дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа амьтанд хазуулаад үүрийн 04 цагийн үед очсон Б.Б-г эрүүл мэндийн тусламж авахаар ирэхэд нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажпын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн заалтыг зөрчиж гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүйн улмаас Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б- нь галзуу өвчин үүсэж ... оны ... дугаар сарын ...-ний өдөр нас барсан,
шүүгдэгч Ч.Т- нь ... үндэсний төвийн эмчээр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг ... үндэсний төвд ... оны ... дугаар сарын 01-ний өглөөний ... цагийн үед Б.Б-г эмнэлгийн тусламж авахаар ирэхэд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б- нь галзуу өвчин үүсэж ... оны ... дугаар сарын ...-ний өдөр нас барсан,
шүүгдэгч Д.Б- нь “...” гэмтэл согогийн эмнэлгийн эрүү, нүүр, гэмтэл согогийн мэс засалч эмчээр ажиллаж байхдаа Б.Б-г ... оны ... дугаар сарын ...-аас ... оны ... дугаар сарын 12-ны хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “...” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэх хугацаанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б- нь галзуу өвчин үүсэж ... оны ... дугаар сарын ...-ний өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.М, Ч.Т-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Ч.Т-, Д.Б- нарын эмчлэх эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,
шүүгдэгч Э.М, Ч.Т-, Д.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны ... дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хасаж шүүгдэгч нарыг биечлэн эдлэх ялгүйд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Ч.Т-, Д.Б- нарын эмчлэх эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж,
хууль ёсны төлөөлөгч Э.З-ы нэхэмжилсэн 10.858.000 төгрөгийн нэхэмжлэлээс 3.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.М, Ч.Т-, Д.Б- нараас тус бүр 2.552.666 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг шүүгдэгч Э.М, Д.Б- нарт авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.М, Ч.Т-, Д.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т-, түүний өмгөөлөгч Ж.Батзориг, Ш.Төгсгэрэл, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож,
шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт гарсан “... Э.М, ... Ч.Т, ...” гэх зэрэг зарим техникийн шинжтэй алдааг ”... Э.М, ... Ч.Т-, ...” гэж залруулж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Т- гаргасан гомдолдоо “... миний бие Ч.Т- 2009-2016 онд ... суралцаж, 2016-2018 оны хооронд ... чиглэлээр суралцаж, 2018 оноос хойш ГССҮТөвд ажиллаж байна.
Миний бие Б.Б-г ... оны ... дугаар сарын 01-ний өдөр үзэж яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд тухайн өвчтөн тус өдөр ... дүүргийн нэгдсэн эмнэлэгт анхны тусламж авч “галзуу” өвчний эсрэг эхний 1 тун вакцин хийлгэсэн гэж хэлсний дагуу бусад зохих тусламжийг үзүүлэн яаралтай тусламжийн хуудсанд тэмдэглэл үлдээж харьяа дүүргийн гэмтлийн эмчийн хяналтанд зөвлөгөө өгч явуулсан. Мөрдөн байцаалтын явцад “...” эмнэлэгийн өвчний түүх хэсэгт болон хүү З-ны үгээр дүүргийн эмнэлэгт вакцин хийлгэсэн талаар хөтлөгдсөн байдаг. Вакцины товлон тунг эмчийн зөвлөсний дагуу дүүргийн эмнэлэгт хийлгээгүй. Тухайн вакциныг ... цагийн дотор давтаж хийх нь амь насанд аюултай.
Мөн Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн гишүүн А нь өөрийн гаргасан дүгнэлтийг буруу гаргасан гэж тус хэргийн анхан шатны шүүх хуралд мэдэгдсэн байдаг.
Иймд миний бие нь тухайн өвчтөнд үзүүлсэн тусламж, үйлчилгээнд гаргасан алдаа эндэгдэл болон стандарт зөрчигдөөгүй байхад гэм буруутайд тооцож ял оноосонд цагаатгаж өгнө үү” гэжээ.
Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Т-ын өмгөөлөгч Ш.Төгсгэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нэгдүгээрт, тус үйл явдал ковидын үед болсон. Хоёрдугаарт, хохирогч гэрийн хоймрын орон дээр унтаж байсан. Түүний наад талд өөр хүн унтаж байхад нохой хохирогчийг хазсан байдаг. Нохой хүний хамрыг хазсан атлаа ямар учраас залгихгүй хаясан болох нь ойлгомжгүй байна. Мөн хохирогч ... дүүргийн нэгдсэн эмнэлэгт очихдоо “энэ асуудал айлд болсон” гэж хэлсэн байдаг. Гэтэл тухайн үйл явдал нь айлд биш амралтын газар болсон. Тэгэхээр хохирогч ... уу гэдэг асуудал эргэлзээтэй байна. Мөн хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч “машины гэрэлд шар нохойны ам цустай харагдсан” гэж мэдүүлдэг. Гэвч шөнийн ... цагийн үед нохойн хамар дээрх цус машины гэрэлд харагдах эсэх нь тодорхойгүй. Эдгээр зүйлийг нягталж шалгаагүй. Нохойны хамар дээрх цус харагдсан эсэх асуудлыг туршилт хийх замаар шалгаж үзэж болох байсан. Эдгээр нөхцөл байдлууд эргэлзээ төрүүлж байна. Хохирогч тухайн үйл явдлаас хойш 3 цагийн дараа гэмтлийн эмнэлэгт ирэхдээ зөвхөн гарын шархаа эмчлүүлсэн. Эмчийн зүгээс эмчилгээг зохих ёсоор гүйцэтгэсэн. Галзуугийн вакциныг амьтанд хазуулснаас 1, 4, 7, 14, 28 дахь хоногт хийх ёстой. Хохирогч ... гэдгээ хэлэхгүй бол эмч түүнийг мэдэх боломжгүй. Мөн тэрээр ... дүүргийн нэгдсэн эмнэлэгт вакцин хийлгэсэн гэсэн тул дахин вакцин хийх боломжгүй байсан. Дээрх нөхцөл байдлууд Ч.Т-ыг буруутгахад эргэлзээ төрүүлж байна. Сүрьеэ өвчний нянг тээж байгаа атлаа өөрөө өвчилдөггүй хүн байдаг гэдэг. Үүнтэй адил галзуугийн вирус тээсэн атлаа өвчлөөгүй байх боломжтой эсэх талаар эргэлзээ төрж байна. Эмч нараас асуухад “тийм тохиолдол байдаг” гэсэн. Хэрэв хохирогчийг нохой хазсан бол хазсан хэсгээ залгина гэж ойлгож байна. Мөн хохирогч нь ... бол 4, 7, 14, 28 дахь хоногийн вакциныг хийлгэхэд анхаарах ёстой. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч “вакцин хийлгэсэн бол 14 хоногийн хугацаанд галзуугийн эсрэг дархлаа тогтоно. ... дугаар сарны 18-ны өдөр хохирогч хамгийн сүүлийн вакциныг хийлгэсэн бол ... дугаар сарын 10-ны өдөр дархлаа тогтсон байх учиртай” гэж тайлбарласан. Гэтэл хохирогч ... дугаар сарын ...-ний өдөр нас барсан. ... дугаар сарын 01-ний өглөөний ... цаг 30 минутад үйлчилгээ үзүүлсэн эмч Ч.Т-ын ямар буруутай үйлдлээс шалтгаалж хохирогч нас барсан, өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хор уршиг хоёрын хооронд ямар шалтгаант холбоо байгаа нь ойлгомжгүй, мөрдөн байцаалтын шатанд уг нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Хийх ёсгүй үйлдлийг бусдаар хийх байсан гэж үзэж буруутгаж болохгүй. Хүнийг хилс хэрэгт шийтгэснээс ял завшуулсан нь дээр гэх Эрүүгийн эрх зүйн зарчим байдаг. Энэ хэрэг 5 дахь жилдээ шалгагдаж байгаа боловч хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй нь мөрдөн байцаах байгууллага, түүнд хяналт тавьж байгаа прокурорын байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Энэ хэрэгт Ч.Т-ын буруутай үйлдэл байхгүй. Учир нь, эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлд “4 хоногийн дараа вакцин хийлгээрэй” гэж бичсэн байсан. Ч.Т-т тухайн өдөр хохирогчид вакцин хийх үүрэг байгаагүй. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаал хүчингүй болсон. Хохирогчийн вакцины 2, 3 дахь тунг “...” эмнэлэг хийх ёстой байсан боловч хийгээгүй. Харин хэрэгт вакциныг хийсэн мэтээр баримт бүрдүүлж хийсэн байдаг. Хохирогч нь вакцины 4, 5 дахь тунг өөрийн харьяалах Төмөр замын эмнэлэгт, эсхүл өрхийн эмнэлэгт хандаж хийлгэх ёстой байсан. Гэтэл тэрээр энэ асуудалд хайхрамжгүй хандсан. Магадгүй уг нөхцөл байдал нь түүнийг ... гэдгийг үгүйсгэх эргэлзээ үүсгэж байна гэж үзэж байна. Хохирогч өөрийн ар гэрийн хүмүүстээ “би галзуугийн вакцин хийлгэсэн. Гэдсэндээ тариулсан” гэж хэлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хэргийг анх хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Гагцхүү “эргэлзээтэй” гэх ганц үгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тайлбарлаж чадаагүй. Иймээс давж заалдах шатны шүүх тус шийдвэрийг хүчингүй болгож, улмаар анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн. 5 жил шалгасан атлаа хүнийг хохироож байгаа нь буруу юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үнэн зөвийг тогтоож чадаагүй байдлыг анхаарч үзэн шүүгдэгч Ч.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Т-ын өмгөөлөгч Ж.Батзориг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа Хоёр шатны шүүх Ч.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж түүнийг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс Ч.Т-ыг буруутгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэх гэмт хэргийн шинжийг хүлээн зөвшөөрөхгүй учраас анхан болон давж заалдах шүүхийн шатанд маргаж оролцсон. Хэргийн 204-205 дахь талд авагдсан баримтад ... үндэсний төвийн эмч Ч.Т- нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн маягт А/33 “Ослын гэмтлийг бүртгэх хуудас”-т талийгаач Б.Б- буюу өвчтөнөөс асуулга авч тэмдэглэл үйлдэхдээ талийгаачаас ... болон галзуугийн вакцин хийлгэсэн эсэх талаар тодруулахад, “хийлгэсэн, эмнэлгийн хуудсаа мартсан” гэсэн тайлбарыг хэлж, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны тэмдэглэх хэсэгт “галзуугийн вакциныг дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай хийх шаардлагатай” гэж тэмдэглээд тусламж үйлчилгээг үзүүлсэн талаар тусгагджээ. Ч.Т- нь хохирогчийн гарын хугарал гэмтлийг эмчилж, чиг барьж шохойдолт хийсэн. Хохирогчийн хамрын гэмтлийг ... дүүргийн нэгдсэн эмнэлэг эмчилсэн тул Ч.Т- нь хохирогчид цаашид хийгдэх эмчилгээний талаар зөвлөгөө өгсөн. Гэтэл Ч.Т-ыг галзуугийн вакцин, иммуноглобулин эмчилгээ хийгээгүй гэж буруутгасан. Гэвч тухайн эмнэлэгт иммуноглобулин эмчилгээ хийгддэггүй. Амь хохирогч Б.Б- нь асуулгын явцад “би ..., ... дүүргийн нэгдсэн эмнэлэгт вакцин хийлгэсэн” гэж тайлбарласан тул галзуугийн вакциныг ... цагийн дотор давтан хийх боломжгүй учраас хохирогчийн гэмтлийг зохих ёсоор эмчилсэн байхад Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэснийг хэт нэг талын эрх ашигт нийцүүлсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх өмнө нь тус үндэслэлээр Ч.Т-ыг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, улмаар Ч.Т-ын Эрүүл мэндийн сайдын 160 дугаар тогтоолын 10.1, 10.2, 10.3-т тус тус заасныг биелүүлээгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ч.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, 1 жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасныг шүүх зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж байгаа бол шүүгдэгчид нэмэгдэл ял оногдуулахгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдэл холбогдол нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэдгийг нотолж чадаагүй. Мэтгэлцээний явцад шинжээч З.А “шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан байна. Би тухайн үед Ч.Т-ын асуулгыг анзаарч үзээгүй байна. Асуулгын доод хэсэгт тэрээр “дараагийн шатлалын эмнэлэгт вакцин хийлгэ” гэж бичсэн байсныг хараагүй. Би тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэж дүгнэлт гаргасан нь буруу байна” хэмээн өөрийн дүгнэлтээс буцсан. Гуравдугаарт, эмч н.Б “... цагийн дотор тухайн вакциныг давтан хийх боломжгүй учраас дараагийн шатлалын арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгсөн нь хууль нийцнэ” гэж мэдүүлсэн боловч хоёр шатны шүүх анхаарч үзээгүй. Гэмт хэргийг хэн үйлдсэн, хэрэгт авагдсан үйл баримтаар Э.М, Ч.Т-, Д.Б-ын аль нь хохирогчийн амь насанд хохирол учруулсан, түүнчлэн гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүйг нарийн тогтоож чадаагүй гэж үзэж байна. Түүнчлэн гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр зэрэгт дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан. Гэрчүүдийн мэдүүлэг үгүйсгэгдэж няцаагдсан боловч хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хоёр шатны шүүх баримтлаагүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Ч.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч А.Очбадрал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... прокурор Э.Мийг хохирогчийн шархыг ялган оношлоогүй гэж буруутгаж, энэ талаар тусгасан Эрүүл мэндийн яамны дэргэдэх тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлтийг яллах дүгнэлтийн үндэслэл болгож, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь талд ... мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт авагдсан. Тус дүгнэлтэд “техникийн болон бусад эд зүйл, амьтанд хазуулсан шархыг ялган оношлох боломжгүй” гэж тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх харилцан зөрүү бүхий хоёр нотлох баримтын нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй. Шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгчийн зүгээс энэ нөхцөл байдлыг тодруулж буй учир нь, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөл Э.Мийг тухайн өдөр 20 минутын хугацаанд эмнэлгийн яаралтай анхны тусламжийг үзүүлж байхдаа хохирогчийн хамрын шархыг амьтанд хазуулсан гэдгийг ялгах боломжтой гэх байдлаар шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл ... мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтээр ялган оношлох боломжгүй шарх байсан тул энэ талаар тайлбарлах нь зүйтэй. Түүнчлэн асуумжийг эмч авдаггүй, сувилагч авдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь талд авагдсан сувилагч И.Б-ийн мэдүүлэгт “намайг асуумж авч, ямар шалтгааны учир хамар нь ийм болсон талаар асуухад тэр хүн хариулаагүй” гэж тусгагдсан байна. Мөн хэрэгт авагдсан яаралтай тусламжийн сувилагчийн тэмдэглэлд хохирогч ... талаар ямар нэгэн тэмдэглэгдсэн зүйл байхгүй. Тус баримтын доод талын хэсэгт Э.Мийн бөглөх ёстой хэсэг байдаг. Энэ хэсэгт ч мөн хохирогчийг ... талаар дурдагдсан зүйл байхгүй. Энэ нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг анхаараагүй гэж үзэж байна. Хоёр шатны шүүх гэмтлийн эмнэлэгт хэлсэн учраас энд хэлсэн байх ёстой гэх байдлаар асуудалд хандсан. Гэвч хэлээгүй талаар гэрч мэдүүлсэн. Шүүгдэгч Э.М нь хохирогчид шарх цэвэрлэх, хамрыг холбож оёх мэс засал, шарх цэгцлэх, татрангийн вакцин хийх зэрэг 4 төрлийн үйлчилгээ үзүүлж, улмаар 3 дугаар шатлалын эмнэлэг рүү явуулсан. Тэрээр энэ талаараа тэмдэглэсэн. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй гэж үзэж байна. Хохирогч нь бусад эмнэлгүүдээс вакцины үйлчилгээ аваагүй байдаг. Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоолд “оношийг зөв тогтоогоогүйгээс өвчтөнд буруу эмчилгээ хийж түүний улмаас эрүүл мэндэд хохирол учирсан эмчийн алдааг гэмт хэрэгт тооцох боломжгүй” гэж тусгагдсан. Шүүгдэгч Э.М нь 20 минутын хугацаанд хийгдэх ёстой эмнэлгийн тусламж үйлчилгээг хийсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруутай үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байсан болох нь эргэлзээгүй нотлогдох ёстой. Хоёрдугаарт, энэ хэрэгт 3 шүүгдэгчийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн боловч шүүгдэгч бүрийн үйлдлийг хор уршигт шалтгаант холбоотой гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх асуудалд алдаа гарсан гэж үзэж байна. Тухайлбал, энэ хэргийн гол асуудал нь эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх шинж байх ёстой. Гэтэл Д.Б-ын хувьд, 2 дугаар шатлалын 2 эмнэлэг, 3 дугаар шатлалын 1 эмнэлгээр дамжиж, гарын сарвуугаа эмчлүүлэх гэж тусламж авсан Б.Б-д вакцины үргэлжлэх хугацаанд вакцин хийгээгүйн улмаас хохирогч галзуу өвчнөөр өвчилж нас барсан гэж буруутгасан. Галзуу өвчин нь тарваган тахалтай ойролцоо байдлаар эмчлэгддэг. Эрүүл мэндийн сайдын 160 дугаар тушаалаар батлагдсан журмыг өвчтөнд анхны тусламж үзүүлсэн эмнэлэг чанд баримтлах учиртай. Тус эмнэлэг өвчтөнөөс өгүүлэмжийг нь авч, эргэлзээтэй байсан ч шалгаж үзэх ёстой. Хохирогчид 2 гэмтэл үүсгэгдсэн байсан. Нэг нь гар хэсэгт, хоёр дахь нь хамар хэсэгт үүсгэгдсэн, гарын хэсэг дэх гэмтэл нь шархтай, тодруулбал, сарвуу ясыг нь тас хазсан байсан. Энэ тохиолдолд дээрх журамд заасны дагуу галзуугийн өвчнийг өвчтөнд болон бусдад халдаахаас урьдчилан сэргийлэх үүрэг нь анхны тусламжийг үзүүлсэн эмнэлэгт байна. Гэтэл тус эмнэлэг нь өвчтөнд галзуугийн вакцин хийгээгүй татрангийн вакцин хийсэн. Хоёрдугаарт, эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд вакцин хийсний дараа Зоонозын өвчин судлалын төв болон Эрүүл мэндийн газраас дамжуулж мэдээлэх үүрэгтэй. Энэ нь заавал оношлох тухай асуудал биш сэжигтэй тохиолдолд ч мөн хэрэгжинэ. Энэ үйл ажиллагааг өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн анхны эмнэлэг хийх учиртай. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй бусад эмч нарыг энэ асуудалд хамаатуулж хэргийг шийдвэрлэсэн. Мөн шинжээч дүгнэлт гаргахдаа анхны тусламж үзүүлсэн эмнэлэг гол хийгдэх ёстой ажиллагаа байсан гэдгийг тодруулалгүй орхигдуулсан. Гуравдугаарт, Эрүүл мэндийн сайдын тушаалд өвчтөн дараагийн эмнэлэгт үзүүлэх тухай зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, өвчтөнд анхны тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмнэлэг нь тус асуудлыг шийдвэрлэнэ. Жишээлбэл, харьяа эмнэлэг рүү нь бичиг хийж явуулах ёстой байсан. Ингэж байж хяналт тогтох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх учиртай. Гэтэл бусад эмч нарыг энэ хэрэгт хамаатуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Дөрөвдүгээрт, хэрэгт халдвар судлалаар мэргэшсэн эмч З.А шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцсон. Тэрээр вакцин иммуноглобулин хоёр нь ялгаатай ойлголт болохыг тайлбарласан. Вакцин нь халдвар авсан хүнд эсрэг бие үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, галзуугийн вирусыг хоргүйжүүлсэн гэсэн үг. Харин иммуноглобулин нь толгой, нүүр хэсэгт амьтны үүсгэсэн шарханд заавал хийгддэг. Тархинд ойр хэсэгт буюу толгой орчимд амьтан шарх үүсгэвэл амьтанд хадгалагдах галзуугийн вирус нугас руу орсноор галзуу өвчнийг шууд тусах эрсдэлтэй. “...” эмнэлэгт иммуноглобулин хийх зөвшөөрөл байхгүй бөгөөд тус эмээр хангагддаггүй. Тус эмчилгээг анхан шатны эмнэлэг хийхгүй байж болох ч тус эмнэлгийн мэдээлснээр төрөлжсөн эмнэлгийн хяналтад шилжиж, улмаар дээрх эмчилгээг хийх ёстой байсан. Гэтэл шүүх энэ асуудлыг анхаарч үзэлгүй вакцинд ач холбогдол өгч хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Золсайхан худал мэдүүлэхгүй байх үүргээ ухамсарлаж мэдүүлэг өгөхдөө “би эхийгээ дагуулаад Гэмтлийн эмнэлэгт очсоны дараа Төмөр замын эмнэлэгт очсон. Би гадаа хүлээж байсан. Тус эмнэлэг үзээд явуулсан” гэж мэдүүлсэн. Гэтэл энэ эмнэлгийн асуудлыг огт шалгаагүй. Тус эмнэлэг нь өвчтөнийг үргэлжлүүлэн хянах, вакцин хийх зэрэг үүрэгтэй. Гэвч тус эмнэлгийг шалгалгүй дараагийн эмнэлэг болох “...” эмнэлгийн эмчийг буруутгасан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй. Мөн холбогдох дүрэм, журам хаана зөрчигдсөнөөс шалтгаалж хохирогч нас барсан гэдгийг нарийвчлан тогтоож чадаагүй. Хохирогч “...” эмнэлэгт гар сарвуугаа л эмчлүүлсэн. Түүнээс биш хамрын шарх, вакцин хийлгэсэн эсэх тухай асуудал хамаагүй, хохирогч ч энэ талаар яриагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “...” эмнэлгийн ажилтнууд айж сандарсандаа вакцин хийсэн мэтээр мэдүүлсэн ба энэ талаар шалгахад серийн дугаар өөр, вакциныг хохирогчоос өөр хүнд хийсэн асуудал байсан. Энэ нь хэрэгт шууд шалтгаант холбоогүй. Нөгөөтээгүүр, яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт 2 дахь болон 4 дэх өдөр нь вакцин хийх байсан гэж тусгагдсан байсан. Нэгдүгээрт, мэдээлэл байгаагүй, хоёрдугаарт, хэрэв мэдсэн бол бусад газарт хийсэн гэсэн ойлголт авна, гуравдугаарт, хохирогч тус эмнэлэгт ирэхээс өмнө 3 өөр эмнэлгээс тусламж авсан. Иймд тэрээр вакцинаа өөр эмнэлгээр хийлгэх боломжтой байсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:” гээд 43.2.3-т “халдварт өвчин тархахаас сэргийлж, хөл хорионы дэглэмийг сахиж мөрдөх;” гэж заасны дагуу хохирогч вакцин хийлгэх үүрэгтэй байсан. Хоёрдугаарт, мөн хуулийн 43.2.6-т “халдварт өвчний үзлэг, шинжилгээнд өөрийн санаачилгаар болон эмч, эмнэлгийн байгууллагын шаардлагаар орох;” гэж заасан. Галзуу өвчин нь нийгэмд аюултай гоц халдварт өвчин тул хуулиар зохицуулсан иргэний хүнийхээ үүргийг биелүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүрэгт эрүүл мэндээ хамгаалах үүрэг тусгагдсан. Иргэн хүн өөрийн эрүүл мэндийг хамгаалаагүй нөхцөл байдлаас үүссэн эрсдэлийг эмнэлэгт шууд хамааруулах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Түүнчлэн Д.Б нь Эрүүл мэндийн сайдын тушаалын ямар заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй. Тус журмаар галзуугийн вакцины ямар байдлаар хийх тухай зохицуулаагүй. Иймд Д.Б-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгаж өгнө үү” гэв.
Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... хэргийн үйл баримтыг шүүхээс танилцуулсан, өмгөөлөгч нар тодорхой ярьсан учраас давхардуулалгүй дүгнэлтээ хэлье. Бүхэлдээ аливаа өвчтөнд болсон үйл явдлаас өртсөн эрсдэлийг зөв тогтоосны дараа дараагийн гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэн аль нь зайлшгүй авч хэрэгжүүлэх нь эмчийн үүрэг бөгөөд энэ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тухай асуудал яригдаж байгаа гэдгийг онцолж хэлье. Энэ хэрэгт шүүгдэгч Э.М нь гэмтлийн асуумжийг гүйцэд нарийвчлан аваагүй, шархыг ялгаж оношлоогүй, амьтанд хазуулсан талаар хэлсэн байхад вакцин, вирусийн эсрэг тариа хийгээгүй, Гэмтлийн эмнэлгийн их эмч шүүгдэгч Ч.Т- нь өвчтөнийг үзэж оношилж тэмдэглэл хийсэн боловч эрсдэлийн ангилал, галзуу өвчнөөс сэргийлэх вакцин тариа хийсэн эсэхийг тодруулаагүй, гэмтэл сэргээн заслын “...” эмнэлгийн эмчлэгч эмч Д.Б- нь өвчтөнийг тус эмнэлэгт ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс 9 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлэх явцад галзуу өвчнөөс сэргийлэх вакцины дараагийн тунг хийх эсэх асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаар эмчилгээ хийгээгүй зэргээр Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 (үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах;)-т заасныг, мөн Эрүүл мэндийн сайдын А/160 дугаар тушаалаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-т заасныг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйгээс буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс амь хохирогч 55 хоногийн дараа нас барсан гэх үйл баримт нь нотлогдон тогтоогджээ. Шүүгдэгч нарын үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ санаатай зөрчсөн эс үйлдэхүйн шинжийг хангасан байх бөгөөд үүний улмаас хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр нь хүндэтгэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйдээ санаатай, харин хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжтэй байдаг. Тэгвэл шүүгдэгч Э.Мийн үйлдэлд энэ гэмт хэргийн эс үйлдэхүйн дараах шинж байна. Үүнд шүүгдэгч өөрөө хохирогч нь ... гэж хэлээгүй, мэдээгүй гэдэг боловч 1 дүгээр хавтаст хэргийн 201, 2 дугаар хавтаст хэргийн 128 дугаар талд авагдсан ... дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны баруун доод талд байрлах “Одоогийн өвчний түүх” гэсэн хэсэгт “... цагийн үед юунд хазуулснаа мэдэхгүй” гэсэн бичиглэл байгаа нь эмч хохирогчийг амьтанд хазуулсан талаар мэдээлэлтэй байсан гэдэг эргэлзээгүй баримт байна. Мөн гэрч Н.Б, Б.М нар “эмч асуух үед нь ... гэдгийг хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Ч.Т-ын нь шүүх хуралдааны явцад “үзлэг хийж, онош тавихдаа асуумж авсан, галзуугийн вакцин хийлгэсэн гэсэн биеийн аль хэсэгт хийлгэснийг нь хараагүй” гэж мэдүүлсэн ба энэ нь ямар вакцин хийлгэсэн болохыг тодруулж шалгаагүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн шинжийг хангасан байна. Мөн өвчний түүх хэсэгт Монгол хэлээр өвчний талаар бичих ёстой атал Орос хэлээр өвчний оношийг бичсэн байна. Шүүгдэгч Б.Дн нь хохирогчийг вакцинаа хийлгэсэн гэж бодсон, вакцин хийлгэсэн талаар асуугаагүй болох нь шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээс гадна шинжээчийн дүгнэлт, эмчилгээ хийсэн баримт зэргээр давхар нотлогдон тогтоогдож байгаа нь мөн адил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн шинжийг хангаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн асуудалд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6 удаагийн шинжилгээний дүгнэлт гаргуулсан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчний тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн яамны ... мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан багийн дүгнэлт хамгийн сүүлийн дүгнэлт бөгөөд шинжээч эмч нар шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн байна. Эмч нь өвчтөнийг аливаа эрсдэлээс сэргийлэх үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой. Гэтэл шүүгдэгч нар биелүүлбэл зохих үүгээ биелүүлээгүйгээс хохирогч амь эрсэдсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу 27 дугаар хуудсанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар “оршуулгын зардал болох 7.658.600 төгрөгийн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 2.552.666 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй”, “Шүүгдэгч Э.М, Д.Б- нар нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.З-д 7.658.600 төгрөгийг бүрэн төлсөн болохыг дурдаж байна” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “шүүгдэгч Э.М, Ч.Т-, Д.Б- нараас тус бүр 2.552.666 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.” гэж зөрүүтэй байдлаар дүгнэсэн байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн энэ хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хууль хэрэглээг нэг мөр тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой хэмээн Э.М нарт холбогдох хэргийг шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Ч.Т-, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Ж.Батзориг, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
... дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Э.М нь ... оны 6 дугаар сарын 30-наас ... дугаар сарын 01-нд шилжих шөнө жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа үүрийн 04 цагийн үед “...” гэх өгүүлэмжтэй эмнэлгийн яаралтай тусламж авахаар ирсэн Б.Б-д анхны үзлэг хийж шархыг цэгцлэхдээ гэмтлийн асуумжийг бүрэн гүйцэт, нарийвчлан аваагүй, учирсан шархны үүсвэр, шалтгааныг нягтлан шалгаагүйн улмаас Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаар тушаалаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-т заасан дагуу “... эрсдэлд өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин тарих, иммуноглобулин эмчилгээ хийх” үүргээ биелүүлээгүй учир шалтгаанаар хурц халдварт галзуу өвчний вирусын халдвар авсан Б.Б-гийн амь нас хохирсон;
Шүүгдэгч Д.Б- нь “...” гэмтэл согогийн эмнэлгийн эрүү, нүүрний гэмтэл согогийн мэс засалч эмчээр ажиллаж байхдаа ... оны ... дугаар сарын ...-наас 12-ныг хүртэл тус эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн “нохойд хазуулж гэмтсэн” гэх Б.Б-д хурц халдварт галзуу өвчнөөс сэргийлэх товлолт вакциний дараагийн тун болон иммуноглобулин эмчилгээг огт хийгээгүйн улмаас амь хохирогч ... оны ... дугаар сарын ...-ний өдөр нас барсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Хурц халдварт галзуу өвчний эрсдэлд өртөж зэрлэг, тэжээвэр эсэх нь үл мэдэгдэх амьтанд төв мэдрэлийн системд ойр, их хэмжээгээр уруулж ноцуулсан өвчтөнд хүний их эмч Э.М нь анхны үзлэг хийж, хохирогчийн хамрын тасарсан мөгөөрсийг залгаж, гэмтсэн гарын хурууны хугарал, шархыг цэгцлэн боох эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн боловч Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын дагуу галзуу өвчний эсрэг товлолт вакцины эхний тунг иммуноглобулинтэй хавсран үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийгээгүй, галзуу өвчний сэжигтэй тохиолдлыг яаралтай мэдээлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй;
Их эмч Д.Б- нь “хамрын үзүүрийн хазагдсан гүн шарх, зүүн гарын 2 дугаар хурууны шивнүүрийн ил хугарал” гэсэн оноштой өөрийнх нь шууд хяналт дор 10 хоног хэвтэж эмчлүүлсэн өвчтөнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын дагуу галзуу өвчний эсрэг товлолт буюу тохиолдол үүссэн эхний өдөр болон 4, 7, 14, 21 дэх хоногт хийгдэх ёстой вакцины тунг хийлгэсэн эсэхийг нягталж, дараагийн тунг хийх үүргээ биелүүлээгүйн улмаас Б.Б-д хурц халдварт галзуу өвчний шинж илэрч нас барсан болох нь үхлийн шалтгаан болон эмчилгээ зохих ёсоор хийгдсэн эсэхийг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтүүд, эмнэлгийн тусламж авахдаа эмч, сувилагч нарт “...” гэж тодорхой хэлж мэдүүлсэн болохыг баталсан гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон тул вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомолоор гэмтээдэг хурц халдварт галзуу өвчний улмаас нас барсан шалтгаан дээрх эмч нарийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Э.М нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчид хурц халдварт галзуу өвчний эсрэг вакцин хийгээгүй гэдгээ хүлээн мэдүүлсэн бол шүүгдэгч Д.Б- дархлаажуулалтад огт хамрагдаагүй амь хохирогчид товлолт вакцины ээлжит тунг хийсэн мэтээр хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Харин Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч Ч.Т-ын хувьд Эрүүгийн хуулиар тогтоосон “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт буруутай гэж үзэх нотолгооны болон хууль зүйн хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тодруулбал, ... дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж эмнэлгийн анхны тусламж авсан өвчтөн 4 цагийн дараа Гэмтэл, согог судлалын үндэсний төвд дахин үзүүлэхдээ өвчний асуумжид “...”, “тариа, вакцин хийлгэсэн” гэж өгүүлсэн учир хурц халдварт галзуу өвчний эсрэг вакциныг тогтоосон товлолоор өдөрт 1 удаа хийх зааврын дагуу дахин хийх боломжгүй тул “... дараагийн вакциныг товлосон хугацаанд хийлгэхийг зөвлөж, хамар, зүүн сарвууны хазагдсан шархыг цэвэрлэж цэгцэлсэн” эмч Ч.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэж буруутгах боломжгүй нь тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын “... ... дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд талийгаачид тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ шархны цэгцлэлт хийж, шархны гарал, үүслийг тогтоож, улмаар галзуугийн вакцины эхний тунг хийх ёстой байсан. “...” эмнэлгийн хувьд талийгаачид учирсан гарын хугарал, хамрын үзүүрийн цэгцлэх мэс ажилбаруудыг зохих хэмжээнд гүйцэтгэсэн боловч ... оны 7 дугаар сарын 1-ний өдөр татрангийн тариаг галзуугийн вакцин хийлгэсэн гэж ойлгосон ч бай эхний вакцин хийгдсэн өдрөөс хойш 4, 7 дахь өдрүүдэд дараагийн тунг хийх ёстой, талийгаачийг анх ямар шалтгааны улмаас гэмтээд ямар эмчилгээ хийлгэсэн гэдгийг асуусан байх ёстой. Талийгаач 10 хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хэрэв талийгаачийг ... дүүрэгт галзуугийн вакцин хийлгэсэн гэж ойлгосон бол ядаж 2, 3 дахь тун хийгдэх боломжтой”,
“… амьтанд хазуулсан тохиолдолд галзуугийн вакциныг ... цагийн дотор заавал хийх шаардлагатай байсан, энэ биелэгдээгүйгээс өвчний явцад өөрчлөлт орсон”,
“...Б.Б-гийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг ... дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нарийвчлан тогтоогоогүй учир галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийгээгүй байна. ... үндэсний төв болон “...” эмнэлгийн эмч нар Б.Б-гийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг зөв тогтоосон боловч тохирох вакцин хийлгэсэн эсэхийг нягтлаагүй, дараа дараагийн тунг хийгээгүй байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор хүний галзуугийн эсрэг вакциныг шархны хүнд, хөнгөн зэргээс хамаарч 3-5 удаа эхний өдөр, 4, 7, 14, 28 дахь өдрүүдэд хийнэ. Галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд амь насыг аврах боломжгүй”,
“... эмч Э.М нь анхны тусламжийг хугацаа алдалгүй зөв тодорхой хийж гүйцэтгэсэн ч өвчтөнөөс өвчний түүх, тархвар судлалын асуумжийг дутуу авснаас өвчтөнд заавал хийх шаардлагатай байсан вакциныг хийгээгүй орхигдуулсан байна. “...” эмнэлэгт галзуу өвчний эсрэг вакциныг тарьсан гэж зөвхөн вакцины бүртгэлд тэмдэглэсэн боловч өвчний түүхэнд тэмдэглээгүй, тухайн үед эмнэлэгт байх вакцины серийн дугаар тохирохгүй байна. Анхнаасаа галзуугийн вакцин 5 тунгаа бүрэн авсан бол өвдөхгүй байх магадлалтай. ... дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Э.М, эмч Ч.Т- нар ЭМС-ын А160 тоот тушаалын 3.1-ийн 3 дахь ангилал, 10.1.1, 10.1.2, 10.1.3 дахь заалтуудыг биелүүлээгүй, эрсдлийг үнэлээгүйн улмаас мэдээлэх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, иммуноглобулин эмчилгээ хийгээгүй байна”,
“... галзуугийн вакцин хийсэн бол халдвар судлаач, эмчлэгч эмч өвчний түүхэнд тодорхой бичих ёстой. ХӨСҮТ-өөс “...” эмнэлэгт өгсөн галзуугийн цувралын дугаар буруу /таарахгүй/ байгаа нь тухайн өвчтөнд вакцин хийгээгүй, худлаа бичиж тавьсан гэж хараад байна. “...” эмнэлгийн эмч эмчийнхээ үүргийг биелүүлж дээрх эмчилгээг хийх л ёстой байсан. Хэчнээн хугацаа алдаж эмнэлэгт очсон, амь аврах боломжгүй байсан ч дээрх эмчилгээг заавал хийх ёстой учир буруутай”,
“... эмч Б 2 дугаар тунг хийсэн бол дараагийн тунг хэрхэн хийх талаар мэдээлэх ёстой байсан ч мэдээлээгүй, хазуулсан гэдгийг мэдэх боломжтой”,
“... эмч Э.М гэмтлийн асуумжийг бүрэн, нарийвчлан аваагүй, механик хүчин зүйлийн нөлөө байж магадгүй гэж бодоод сахуу татрангийн тариа хийсэн гэх нь хазагдсан шархыг ялган оношлоогүй”,
“... Т нь осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсыг бүрэн бөглөсөн байсан, өвчтөн ирээд вакцин хийлгэсэн гэж хэлж байгаа бол ... цагийн дотор давтан вакцин хийгдэхгүй” гэх мэдүүлэг, дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар Ч.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч ... үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч Ч.Т-т үзүүлэхдээ “... дүүргийн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудсаа мартсан, өмнө нь галзуугийн вакцин хийлгэсэн” гэж тэмдэглүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энэ мэдүүлгийг үндэслэн тухайн үед дараагийн тунг хийх хугацаа болоогүй гэж үзэж, зөвхөн дараагийн товыг зөвлөсөн. Мөн Ч.Т- хохирогчийн биеийн байдлыг үзэж оношлохдоо “...” гэх гэмтлийн шалтгааныг зөв тогтоон осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаст тэмдэглэсэн болох нь хавтас хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдсон байна.
Эмнэлзүйн талаас авч үзвэл, галзуугийн вакциныг хийх товлол нь эхний болон 3, 7, 14, 30 дахь өдөр хийлгэх ба эхний тунг хийлгэсэн тухайгаа мэдүүлсэн тохиолдолд дараагийн тунг тухайн өдөр дахин хийх боломжгүй, шаардлагагүй болох нь шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр тогтоогдож байх тул эмч Ч.Т-ын үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн сайдын А/160 тушаалыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд шүүгдэгч Ч.Т-т прокуророос Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шүүгдэгч Э.М, Д.Б- нарт оногдуулсан үндсэн ял болох хорих ялаас 2 жилийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хасахдаа тэдэнд нэмэгдэл ялын шинж чанартайгаар оногдуулсан хүн эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг хэвээр үлдээж, хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хуульд заасан агуулгаар нь зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Э.М, Д.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны ... дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэж хуулийн үйлчлэлд хамаарна.
Иймээс шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат нарын “... хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 613 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 482 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай:
1.1. Баянгол дүүргийн прокуророос Э.М, Ч.Т-, Д.Б- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн Ч.Т-, түүний өмгөөлөгч Ж.Батзориг, Ш.Төгсгэрэл нарын гаргасан гомдлуудыг хангаж, шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ