
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 03 сарын 10 өдөр
- Дугаар: 001/ХТ2025/0029
- Улаанбаатар хот
“Т” ХХК-ийн гомдолтой, Нийтийн тээврийн
бодлогын газрын автотээврийн хяналтын
улсын байцаагч О.Б-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0687 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2024/0696 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.М нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/0089 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага:
Гомдол гаргагч “Т” ХХК-аас Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б-д холбогдуулан “улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0056011, 0056012 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Хариуцагч улсын байцаагч нь “Т” ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0056011 дүгээр шийтгэлийн хуудсаар “Мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй жолоочоор, хөргөх төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслээр хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх ажил гүйцэтгэсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0056012 дугаар шийтгэлийн хуудсаар “Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын хөргөх төхөөрөмжөөр тоноглоогүй тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулсан байна.
4.Хариуцагчаас гомдлыг эс зөвшөөрч “... Гомдол гаргагч нь тээвэрлэлтийн ажил үйлчилгээг бусад байгууллагад үзүүлдэг эсэхээс үл хамааран өөрийн байгууллага хооронд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээг үзүүлж байгаа тохиолдолд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, захиргааны хэм хэмжээний актыг нэгэн адил мөрдөх ёстой. Өөрсдийн компанийн тээврийн хэрэгслээр компанийн салбар, нэгж хооронд хүнсний түргэн муудах болон эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтийг үзүүлж буй тохиолдолд стандартыг заавал дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ нь эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран нийтээр дагаж мөрдөх стандартын шаардлага бөгөөд Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан үйлчлэл нь захиргааны хэм хэмжээний нэгэн адил нийтээр дагаж мөрдөх шинжтэй байна. Тухайн компани өөрөө өөрийнхөө бүтээгдэхүүнийг жолоочоороо тээвэрлүүлж, жолоочоо ажиллуулаад явуулж байгаа нь тээвэрлэгчийн үүрэг, тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийн аль аль нь үүргээ биелүүлж, хуулийг дагаж мөрдөнө. Гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0687 дугаар шийдвэрээр “Автотээврийн тухай хуулийн 1.1, 3.1.4, 3.1.5, 3.1.6, 9.1, 19.1, 21, 22 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 болон 9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийтийн тээврийн бодлогын газарт шийдвэрлэгдсэн улсын байцаагч О.Б-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0056011, 00560012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“Т” ХХК нь хүн амд буюу олон нийтэд хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг, энэхүү үйлчилгээгээ хэвийн явуулахын тулд агуулахаасаа хөлдүү мах, махан бүтээгдэхүүн, бусад хүнсний бүтээгдэхүүн байнга тээвэрлэдгийн хувьд хууль, дүрэм, стандартыг чанд мөрдөж биелүүлэх үүрэгтэй, ... хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн агуулахаас өөрийн салбарууд руу байнга тээвэрлэж байгааг ачаа тээврийн үйл ажиллагаа явуулаагүй, тээвэрлэлт хийгээгүй гэж үзэх боломжгүй.
5.2.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм”-ийн долоодугаар зүйлийн 7.1.2, 7.1.5, 7.1.8-д заасны дагуу “Т” ХХК-ийн автомашиныг жолоодож явсан хоёр жолооч ачааны дагалдах бичгийг шалгуулсан байх ба энэ талаар талууд маргадаггүй, дүрмийн дагуу ачаандаа дагалдах бичиг баримттай атлаа дүрэм, стандартын бусад заалтыг мөрдөхгүй гэсэн нь ойлгомжгүй.
5.3.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, хариуцагчид хяналт шалгалт хийх эрх байхгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагчийн үйл ажиллагаа Автотээврийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд тус тус нийцсэн ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2024/0696 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар “Автотээврийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолыг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн буюу Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгч” гэдэгт Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан “тээвэрлэлтийн гэрээний оролцогч болох зорчигч буюу ачаа, тээш тээвэрлүүлж буй этгээдийг хэлнэ” гэж заасныг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь гомдол гаргагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.
7.2.Тодруулбал, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 380.2-т “Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь ... хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно”, 381 дүгээр зүйлийн 381.1-д “Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу “Т” ХХК нь тээвэрлэгч хэн нэгэн этгээд, хуулийн этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр ачаа, бараа тээвэрлэсэн үйлдлийг Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ойлгох байтал гомдол гаргагч компани нь өөрөө өөртэйгөө тээврийн гэрээ байгуулан тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг хүлээж байгаа мэтээр тайлбарласан нь хуулийг буруу хэрэглэж, тайлбарлан шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд буцааж өгөхийг хүсье” гэжээ.
8.Хариуцагч тал “гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хяналтын шатны шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
10.“Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
11.Хэргийн үйл баримтын тухайд, хариуцагч автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Т” ХХК-ийн жолооч нар хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэхдээ MNS:5343:2011 улсын стандартын 9.1, 7.2.2-ыг зөрчиж, хөргүүргүй, бүхээгтэй ачааны машинаар хөлдүү тахианы мах болон бусад хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн маргаан бүхий 0056012 дугаар шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-ийг 1,500,000 төгрөгөөр, мөн “мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй жолоочоор ... хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх ажил гүйцэтгэсэн” зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн 0056011 дүгээр шийтгэлийн хуудсаар 250,000 төгрөгөөр тус тус торгосон байна.
12.Дээрх маргаан бүхий актууд хууль ёсны талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хяналтын шатны шүүхээс “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэл тогтоогдсонгүй.
13.Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.35-д зааснаар автотээврийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй байх бөгөөд хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч нь “Т” ХХК-д холбогдуулан автотээврийн зөрчлийн хэргийг шалган тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3, 9-д заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн нь хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд байна.
14.Маргаан бүхий актуудын үндэслэл болох Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйл нь “Автотээврийн тухай хууль зөрчих” гэсэн ерөнхий гарчигтай боловч уг зүйлд хамаарах этгээд нь нийтийн тээврээр зорчих “зорчигч”, “тээвэрлэгч” “тээвэрлүүлэгч”, автотээврийн хэрэгслийн “өмчлөгч”, “эзэмшигч”, “жолооч”, “хүн”, “хуулийн этгээд”, бусад эрх бүхий албан тушаалтнууд гэсэн өргөн хүрээг хамаарч байгааг дурдах нь зүйтэй.
15.Нөгөөтээгүүр Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3-т заасан “тээвэрлэгч” гэх нэр томьёог Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д тодорхойлсон “тээвэрлэгч” гэж ойлгохоор байна. Учир нь, Автотээврийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар уг “хуулийн зорилт нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, автотээвэрлэлт болон автотээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.6-ийн дагуу “тээвэрлэгч” гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгох ба 3.1.4-т зааснаар “тээвэрлэлт” гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг; 3.1.14-т зааснаар “хүнсний технологийн тээвэрлэлт” гэж хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түргэн муудах болон хадгалалтын тусгай горимд тухайн бүтээгдэхүүний шинж чанарыг алдагдуулахгүйгээр тээвэрлэх тээвэрлэлтийг ойлгоно.
16.Энэхүү хэргийн тухайд, “Т” ХХК нь өөрийн өмчийн тээврийн хэрэгслээр өөрийн ажилтан жолоочоор олон нийтэд зориулсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг салбар нэгжүүдэд (6 дүүрэгт 19 салбартай) хүнсний бүтээгдэхүүнийг зөөвөрлөдөг байх тул Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгч” биш, харин 3.1.4, 3.1.14-т заасан ажил, үйлчилгээг эрхлэгч “тээвэрлэгч” гэх ойлголтод хамаарна. Нэгэнт тус компани өөрөө өөрийнхөө салбар нэгжүүдэд хүнсний бүтээгдэхүүн түгээж буй учир тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад этгээдтэй Иргэний хуульд заасан “тээвэрлэлтийн гэрээ” байгуулах шаардлагагүй юм.
17.Энэ тохиолдолд шүүхүүдийн дүгнэсэнчлэн, “тээвэрлэгч компанитай гэрээ байгуулаагүй, ажил, үйлчилгээ аваагүй гэх шалтгаанаар олон нийтэд хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг, энэхүү үйлчилгээгээ хэвийн явуулахын тулд агуулахаасаа хөлдүү мах, махан бүтээгдэхүүн, бусад хүнсний бүтээгдэхүүн байнга тээвэрлэдгийн хувьд холбогдох хууль, дүрэм, стандартыг чанд мөрдөж биелүүлэх үүрэгтэй ...” болно.
18.Иймд “... гомдол гаргагч “Т” ХХК нь тээвэрлэгч хэн нэгэн этгээд, хуулийн этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр ачаа, бараа тээвэрлэсэн үйлдлийг Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ойлгох байтал гомдол гаргагч компани нь өөрөө өөртэйгөө тээврийн гэрээ байгуулан тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг хүлээж байгаа мэтээр тайлбарласан нь хуулийг буруу буюу Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар тайлбараас өөрөөр хэрэглэсэн ...” гэх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
19.Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй этгээдийн хувьд Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS5343:2011 стандарт мөрдөгдөх үүрэгтэй. Уг стандартын 6.1-д “Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний болон экологийн аюулгүйн шаардлагуудыг бүрэн хангасан, тусгай зориулалтын битүү тэвш бүхээг бүхий зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх”, 5.2.2-т “Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нь ачааг гэмтээж муутгахгүй, механик гэмтэлд оруулахгүй, чанар байдлыг нь алдагдуулахгүйн тулд хана, дээвэр, суурь хэсэг нь дулаан тусгаарлагч бүхий битүү тэвш, бүхээгтэй, эсвэл эдгээр нь хөргөх юм уу хөлдөөх нэмэгдэл төхөөрөмжөөр тоноглогдсон байх”, 7.2.2-т “Хөргөх төхөөрөмж, дулаан тусгаарлах дээвэр, хана, шал бүхий битүү бүхээг тэвштэй тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр дулааны улиралд халуун боловсруулалтын загасан бүтээгдэхүүн, загасан ба махан бэлдэцүүд ... тээвэрлэхэд гадна дулаан +25°-аас +28° байхад тусгай зориулалтын тэвшний доторх температур +2°-аас +4С, хүйтэн боловсруулалтын бүтээгдэхүүнд -2°-аас -4° байна” гэх зэргээр нарийвчлан зохицуулсан байна.
20.Хэргийн үйл баримтын тухайд, “Т” ХХК-ийн жолооч нар тахианы мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй (зуны улиралд хөргүүргүй машинаар хөлдүү тахианы мах зэрэг хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн) зөрчил гаргасан нь тогтоогдсон тул хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3-т “Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу маргаан бүхий 0056012 дугаар шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-ийг 1,500,000 төгрөгөөр торгосон нь хууль ёсны байна.
21.Мөн дээрх стандартын 9.1-д “Тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын мэргэшсэн жолооч байна” гэж заасан. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар “тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг ойлгоно. Гэтэл “Т” ХХК нь мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй жолоочоор хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлүүлсэн зөрчил гаргасан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9-д “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу 0056011 дүгээр шийтгэлийн хуудсаар 250,000 төгрөгөөр торгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
22.Ийнхүү хэргийг хяналтын журмаар хэлэлцүүлсэн хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0687 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2024/0696 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ