
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 02 сарын 25 өдөр
- Дугаар: 001/ХТ2025/00043
- Улаанбаатар хот
“Т ББСБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03589 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/02160 дугаар магадлалтай,
“Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Б , Г нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 702,753,035.66 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, фидуцийн зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгах, “А ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш, хариуцагч Г, түүний өмгөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш , хариуцагч Б , Г , хариуцагч нарын өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Б , Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 702,753,035.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, фидуцийн зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгах, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03589 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г , Б нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 694,707,039.62 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,045,995.38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/11/01 тоот Зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,829,696 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г, Б нараас тэмдэгтийн хураамжид 3,630,485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгож, хариуцагч Г аас улсын тэмдэгтийн хураамжийн 1,197,829 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/02160 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03589 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б, Г нараас зээлийн гэрээний үүрэгт 702,753,035.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/11/01 тоот зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, фидуцийн зүйлийг буцаан гаргуулахыг даалгах, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... 56.2,...” гэснийг хасаж, “... улсын орлого болгож, хариуцагч Г , Б нараас тэмдэгтийн хураамжид 3,630,485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгож, ...” гэснийг “улсын орлогод хэвээр үлдээж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш ын хяналтын журмаар гаргасан гомдолд:
Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийгээгүй, гэрээний агуулгыг буруу тодорхойлсон, хууль хэрэглээний алдаа гаргаж улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасан нөхцөлийг хангаж буй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэг. Хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүү: Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд иргэн Б, Г нараас зээлийн гэрээний үүрэгт 702,753,035.66 төгрөг гаргуулахаар хандсан. Бодит болсон нөхцөл байдалд хариуцагч нар өмнө нь З гаар дамжуулан байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд 2016.11.01-нд гэрээ байгуулагдах үед үргэлжилж, өөрөөр хэлбэл, өмнө нь З гаар байгуулсан 104 тоот зээлийн гэрээний үүргийг өөр дээрээ шилжүүлэн авч тус өдөр гэрээг хуульд заасан хэлбэрийн дагуу байгуулсан байдаг. Үүнээс хойш 2016 оны 12 сард зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлөлт хийж байсан нь хэргийн материалд байдаг. Энэ талаар ч 2018.11.22-ны өдөр шүүхэд өгсөн хариуцагчийн хариу тайлбарт "... болсон нөхцөл байдал нь хариуцагч Г өөрийн барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор “Т ББСБ” ХХК-аас зээл авахаар болсон ба З д өөрийн өмчлөлийн амины орон сууцыг шилжүүлж түүний нэрээр зээл авсан” хэмээн тайлбар өгч байсан байдаг. Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв үнэлэлт дүгнэлт өгч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т тодорхой үндэслэлтэй шийдвэрлэжээ. Тухайлбал, 13.2-т “Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК, гуравдагч этгээд З нарын хооронд байгуулагдсан 2016.07.01-ний өдрийн 2016/1-704 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 65,000 ам.долларыг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна” 13.3-т “дээрх зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээл, хүүгийн тооцооллыг нэхэмжлэгчээс 2016.11.01-ний өдрийн байдлаар зээлийн төлбөр 65.000 ам.доллар, хүү 7.995 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1.209 ам.доллар, нийт 74.204 ам.доллар гэж тооцоолон гаргажээ. 13.4-т “тухайн зээлийн гэрээ байгуулагдах болсон үндэслэл, шалтгааныг хариуцагч болон гуравдагч этгээд нараас Г өөрийн барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор “Т ББСБ” ХХК-аас зээл авахаар болсон ба З д өөрийн өмчлөлийн амины орон сууцыг шилжүүлж, түүний нэрээр зээл авсан. Энэхүү зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгө, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн авто машиныг барьцаалсан гэж тайлбарласан бөгөөд энэхүү зээлийн гэрээний дагуу олгогдсон 65.000 ам.долларыг хариуцагч Г хүлээн авсан талаар зөвшөөрч тайлбарладаг. 13.5-д “Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК, гуравдагч этгээд З нарын хооронд байгуулагдсан 2016.07.01-ний өдрийн 2016/7/01-104 дугаартай зээлийн гэрээний үүргийг хариуцагч Г, Б нар 2016.11.01-ний өдрийн 2016/11/01 дугаар зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй” хэмээн дүгнэсэн байдаг. Ийнхүү Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд З гийн “Т ББСБ” ХХК-ийн өмнө хүлээсэн 74.204 ам.доллар төлөх үүргийг хариуцагч Г, Б нар шилжүүлэн авахдаа 2016.11.01-ний өдөр 2016/11/01 тоот Зээлийн гэрээ байгуулсан нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г , Б нараас шаардах эрхтэй хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын 4-т талуудын хооронд байгуулагдсан буюу 2016.11.01-ний өдрийн зээлийн гэрээг бие даасан зээлийн гэрээ гэж үзэж 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцээгүй гэж дүгнээд магадлалын хянавал хэсгийн 4.4-т Гэвч 2016.11.01-ний өдрийн гэрээ нь дээрх хуулийн заалтад нийцээгүй буюу иргэн З тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл дүнд байгуулагдсан гэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, зээл хүү тооцсон дүнгээр гэрээ байгуулан дахин хүү тооцохоор гэрээнд тусгасныг хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан гэж үзэхгүй” гэжээ. Дээрхээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нар маргадаггүй Г өөрийн барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор “Т” ББСБ-аас зээл авахаар болсон ба З д өөрийн өмчлөлийн амины орон сууцыг шилжүүлж түүний нэрээр зээл авсан” гэх үйл явдалд анхан болон давж заалдах шатны хоёр шүүх хоёр өөр байдлаар буюу анхан шатны шүүх 2016.11.01-ний өдрийн зээлийн гэрээг 2016.07.01-ний өдрийн зээлийн гэрээний өрийг шилжүүлэх замаар байгуулагдсан гэрээ гэж, харин давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний дагуу мөнгө шилжээгүй, өмнөх гэрээний тооцоон дээр үндэслэн байгуулагдсан хэмээн дүгнэснээр илт хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Бодит байдал дээр зээл авсан зээлийн мөнгөө эргүүлж төлнө гэдэг байсан бөгөөд энэ хүсэл зоригоо бүх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж байсан, гагцхүү хүү, тооцоолол өндөр байгаатай холбоотой маргаан л өрнөдөг байсныг давж заалдах шатны шүүх ийнхүү шийдсэнээр их хэмжээний зээлийг төлөх эзэнгүй болгож хуулийн этгээдийг маш хүнд нөхцөлд оруулж байна.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан: Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4.4-т “түүнчлэн 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Нэхэмжлэгч байгууллага нь тусгай зөвшөөрлийг үндэслэн зөвхөн зээлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн аж ахуйн нэгж атлаа зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хэрэглэгчийн эрхийг хөндсөн, хуульд нийцэхгүй үйлдэл болжээ” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Гэтэл 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2016.11.01-ний өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зээлийг олгох хэлбэрийг “Бэлэн” хэмээн тохиролцсон байдаг. Ийнхүү гэрээндээ зээл олгох хэлбэрийг бэлэн хэмээн тохиролцсон нөхцөлд зээлийн дагуу шилжүүлэх мөнгөн хөрөнгийг дансаар шилжүүлэх боломжгүй буюу тийм үйлдэл хийгдэхгүй, мөнгө шилжүүлсэн цаасан баримт үйлдэн зээлийг олгоно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс бүх зээлийг заавал дансаар гүйлгээ хийгдсэн нөхцөлд зээлийн гэрээг зохих журмын дагуу хийж зээлийг хуулийн дагуу олгосон гэж үзнэ хэмээн хуулийн зүйл заалтыг хэт явцууруулан дүгнэсэн. Улмаар талуудын хооронд үйлдэгдсэн цорын ганц мөнгөний баримт буюу 1-р хавтаст хэргийн 7 дахь талд буй бэлэн мөнгөний баримтыг үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон. Нэхэмжлэгч 2017.08.24-нд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш бүтэн 7 жил 5 сар гаруй хугацаа өнгөрснөөс хойш олон удаагийн хойшилсон шүүх хурлууд, нэхэмжлэлийг хэсэгчилж хангасан 3 удаагийн шүүх хуралдаан, анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан 1 удаагийн давж заалдах шатны шүүхийн хурлын тэмдэглэл, энэ хугацаанд өгч байсан хариуцагчийн тайлбаруудаар зээлийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ хугацаагаар нэхэмжлэгч зээлсэн мөнгөө авч чадахгүй Монгол Улсын шүүхийн байгууллагад итгэл тасрахгүй 7 жил 5 сарыг өнгөрүүлж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс уг зээлийг огт байгаагүй, мөнгө шилжүүлээгүй учраас ийм харилцаа болоогүй мэт хэтэрхий хөнгөн шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байх бөгөөд уг гомдлыг хүлээн авч хяналтын журмаар хэлэлцүүлж, зээлдэгчид гэрээний дагуу хүлээх хариуцлагыг ухамсарлуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх хүрээнд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.13-ны өдрийн 210/МА2024/02160 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Г болон түүний өмгөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.13-ны өдөр 210/МА2024/02160 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 2 дах заалтаар “... 2016.11.01-ний өдрийн 2016/11/01 тоот ... фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, фидуцийн зүйлийг буцаан гаргуулахыг даалгах, “А ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж заасныг хэвээр үлдээсүгэй" гэснийг хүчингүй болгуулахаар энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Тухайн хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ч үр дагаврыг арилгаагүй, зээлийн барьцаа болгох нэрээр хариуцагчаас хууль бусаар шилжүүлэн авсан хөрөнгийг шийдвэрлээгүй зэрэг асуудлаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Дээрх хяналтын журмаар гаргаж буй гомдлын хууль зүйн үндэслэл нь ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т тус тус заасан болно.
5.1. 2016.07.01-ний өдөр З гийн авсан зээлийн дагуу үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлага үүсэхэд нэхэмжлэгчийн шаардлагаар 276 м.кв талбайтай хувийн сууцыг тус компанийн нэрлэн заасан ажилтан болох У д 10,000,000 төгрөгөөр худалдаж буй мэт дүр үзүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээгээр бус худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч барьцаалж буй зорилгыг ч шүүхээс тодруулан шийдвэрлээгүй. Гуравдагч этгээд З тухайн хөрөнгө нь Г ы хөрөнгө болох талаар тодорхой тайлбар гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх үл хайхран өнгөрөөж нэхэмжлэгч болон түүний ажилтан У зэрэгт үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олгон хариуцагч Г ыг хохироосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, З гийн 2016.07.01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зорилготойгоор З гийн өмчлөлд бүртгэлтэй боловч Г ы өөрийн хөрөнгө болох 276 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч компанийн зээлийн мэргэжилтэн У д худалдах, худалдан авах гэрээний дагуу 10,000,000 төгрөгөөр шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байгаа. Хэргийн 153-р талд гуравдагч этгээд З гийн 2018.05.25-ны өдрийн тайлбар авагдсан байх ба тус тайлбарт “Тухайн зээлийг анх З авсан ба зээлийн барьцаанд Г ы өмч боловч өөр дээрээ шилжүүлсэн авсан байсан Баянзүрх дүүргийн Хар усан тохойд ... тоот хаягт байрлах ... дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн” гэжээ. З нь энэхүү зээлийн гэрээг байгуулахдаа Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой/13130/ гудамж, ... тоот хаягт байрлах 276 м.кв талбайтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тухайн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн ажилтан У гийн нэр дээр 10 сая төгрөгөөр худалдах нэрээр дүр үзүүлсэн гэрээ байгуулж шилжүүлсэн ба барьцааны зорилгоор шилжүүлсэн гэдгээ хавсралтаар баталгаа гаргах хэмээн бичиж зээлийн гэрээнд хавсаргаснаас харагдаж байна. Улмаар тухайн хөрөнгө нэхэмжлэгч компанийн ажилтан Ж гийн нэр дээр шилжсэн нь хэрэгт Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас ирсэн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй боловч шүүхээс дүгнэлт хийгээгүй. “Т ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулан бүртгүүлэх замаар барьцаа авах учиртай байсан ч хожим зээлтэй холбоотой маргаан үүсэхэд барьцаагаар үүрэг хангуулах зэрэг арга хэмжээ авахгүйгээр нэгэнт өөрийн өмчлөлд байгаа хөрөнгөөр зээлийг хаагдсанд тооцох зорилгоо илэрхийлж, тус компанийн хүсэлтээр хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан нь хууль бус бөгөөд энэ талаар шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй билээ.
5.2. Г, Б нар нь 2016.11.01-ний өдөр ямар ч зээл аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй тул фидуцийн гэрээ байгуулах үндэслэл ч байхгүй билээ. Тодруулбал, хариуцагч Г нь 2016.11.01-ний өдрийн зээлийн гэрээгээр мөнгө зээлж аваагүй болохоо илэрхийлж, үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Харин З гийн 2016.07.01-ний өдөр авсан зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгчийн шаардлагаар тооцоо нийлэх байдлаар баталгаажуулж, 2016.11.01-ний өдөр Зээлийн болон Фидуцийн гэрээ байгуулсан хэдий ч тус гэрээгээр ямар ч зээл буюу мөнгө аваагүй тул тухайн хэлцлүүд нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлүүд юм. “Т ББСБ” ХХК-ийн эдийн засагч Н гийн Зээлийн тооцоолол хийсэн баримт хэрэгт авагдсан ба уг баримтад 2016.07.01-ний өдрийн 65,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 2016.11.01-ний өдрийн байдлаар 74,204 ам.доллар болсон талаар баталгаажуулсан, мөн Н нь 74,204 ам.доллар нь З гийн авсан зээлийн эцсийн үлдэгдэл мөн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Мөн ХХ-ийн 199-р талд нэхэмжлэгч нь З гийн авсан 60,000 ам.долларын зээлийг У д шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөөр хаагдсан гэж тайлбар гаргасан байдаг. Гэтэл 60,000 ам.долларын зээлийг хэнд, хэзээ олгосон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, 60,000 эсхүл 65,000, эсхүл 30,000 гэж яригддаг тус зээл хэзээ, хэнд олгогдсон талаар нэхэмжлэгч огт баримт нотолгоо гаргаж өгөөгүй.
5.3. Г , Б нар нь нэхэмжлэгчтэй ИХ-ийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцааг огт үүсгээгүй, гагцхүү тухайн Зээлийн болон Фидуцийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь дараах үндэслэлүүдээр илэрхий байгаа. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Гэтэл “Т ББСБ” ХХК болон Г, Б нарын хооронд 2016.11.01-ний өдөр бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй тул энэхүү зээл болон түүний хүүг төлөх, үүнтэй холбоотой үүрэг хүлээхгүй юм. Цаашлаад тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэдэг нь Г, Б нар дээр зээлийн данс нээгдээгүй, зээл огт аваагүй, нэхэмжлэгч компанийн тухайн жилийн санхүүгийн зохицуулах хороонд хүргэсэн тайлан мэдээнд ч байхгүй гэдгийг анхаарах учиртай байсан. Өөрөөр хэлбэл, тус компани нь Г, Б нарт зээл олгоогүй бөгөөд зээл олгосон гэх санхүүгийн баримт ч үгүй, мөн тэр талаар мэдээлэл нь эрх бүхий байгууллагад ч хүргэгдээгүй болох нь бодитоор ямар ч зээл олгогдоогүйг харуулж байна. Мөн 2016.11.01-ний өдрийн фидуцийн, зээлийн зэрэг гэрээнүүдийг зээлдүүлэгч буюу “Т ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь баталгаажуулаагүй буюу эрх бүхий этгээд нь гэрээ байгуулаагүй байна. Харин компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох У гэх зээлийн мэргэжилтэн захирлынхаа өмнөөс болон өөрөө гарын үсэг 2 удаа зурсан нь илэрхий харагдаж байна. Зээлийн гэрээний хавсралтад зээлийг 2016.10.17-ны өдөр олгосон гэж зохиож бичсэн нь хэргийн 9-р талд зээлийг 2016.11.01-ний өдөр олгосон гэх баримттайгаа ч цаг хугацааны хувьд зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, бодитоор зээл олгоогүй учраас ийнхүү бичиг баримт нь хүртэл хоорондоо таарахгүй байгаа юм. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээс дээрх зээлийн болон фидуцийн гэрээ нь хүчин төгөлдөр бус буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх үүнтэй холбоотой дүгнэлт өгөөгүй. Хоёрдугаар хавтаст хэргийн 15-р хуудас, 174-р хуудаст тус тус “Т ББСБ” ХХК-ийн эдийн засагч Н гийн үйлдсэн зээлийн тооцоолол хийсэн баримт байх ба тооцооллын агуулга нь 2016.07.01-ний өдрийн 65,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 2016.11.01-ний өдрийн байдлаар 74,204 ам.доллар болсон талаар ажээ. Мөн энэ талаар Н нь 74,204 ам.доллар нь З тай байгуулсан зээлийн гэрээний эцсийн үлдэгдэл мөн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. 2016.11.01-ний өдөр Г , Б нарт ямар ч зээл олгогдоогүй, өмнө дурдсанчлан “Т ББСБ” ХХК-ийн эдийн засагч Н гийн зээлийн тооцооллоор З гийн зээлийн үлдэгдэл 2016.11.01-ний өдрийн байдлаар 74,204 ам.доллар байдаг. Гэтэл 74,204 ам.доллар зээл олгосон гэж хийсвэрээр үйлдсэн баримт нь 10-р сарын 17-ны өдрийн огноотой. Нэхэмжлэгч нь зээлийн болон Фидуцийн гэрээ хийхдээ авто машиныг өөрийн компанийн ажилтнуудын нэр дээр шилжүүлэх зорилгоор З тай байгуулсан гэрээний үлдэгдлийг 11 сарын 01-ний өдрөөр баталгаажуулан зээлийн болон Фидуцийн гэрээг тулган байгуулсан болох нь хэрэгт авагдсан авто машины өмчлөгч, эзэмшигчийн талаарх лавлагаанаас тодорхой харагдана.
Тухайлбал, 2016.11.01-ний өдрийн Фидуцийн гэрээ байгуулах үед тухайн автомашин нь Б , Г нарын нэр дээр байгаагүй бөгөөд 2016.01.12-оос 2016.09.14-ний өдрийн хооронд Г.Бумцэнд гэх хүний нэр дээр, 2016.09.14-ний өдрөөс 2016.11.04-ний өдрийг хүртэл Н гэх хүний нэр дээр өмчлөгчөөр бүртгэлтэй байсан. Ийнхүү дээрх байдлаар 2016.11.01-ний өдрийн Зээлийн болон фидуцийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ болох нь тодорхой байна.
Гэтэл анхан болон давж заалдах шатны дээрх илэрхий хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох хариуцагчийн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүйд гомдолтой байна. Мөн “Т ББСБ” ХХК-ийн хуулийн зөвлөх Д нь Г ы хүү Б ын гараас “А ” ХХК-ийн нэр дээрх Гачуурт хар усан тохойд байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээг булааж авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч компанийн хуулийн зөвлөх Д нь ямар ч гэрээ, тохиролцоогүйгээр зээлээ төлөхгүй байна гэх шалтгаанаар газрын гэрчилгээг булааж, зээл төлөх хүртэл барьцаалан авч, уг газрыг энэхүү хэрэгт хамаатуулсан байдаг. “Т ББСБ” ХХК болон тус компанийн хуульчид уг газрын гэрчилгээг шилжүүлэн авах, тэр дундаа булааж авах ямар ч үндэслэл байдаггүй бөгөөд энэ газрыг тус компанитай байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцаалах буюу бусад хэлбэрээр шилжүүлэх зүйл огт болж байгаагүй, энэ талаар ямар ч тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Үүнтэй холбогдуулан хариуцагч нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байршилтай 35,077 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ болон кадастрын зургийг нэхэмжлэгчээс эх хувиар гаргуулах шаардлага гаргасан боловч хангаагүй билээ. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Г, Б нартай банк бус санхүүгийн байгууллагын зээлийн харилцаанд ороогүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэсэн атлаа тухайн зээлийн гэрээтэй холбоотой байгуулагдсан гэх Фидуцийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авсан гэрээ, компанийн эх хувь баримтуудыг хууль бусаар авсан гэх асуудлуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлээгүй байна. Нэгэнт зээлийн гэрээний харилцаа байхгүй бол ямар учраас фидуцийн гэрээ гэгчээр бусдын тээврийн хэрэгслийг, дүр үзүүлсэн гэрээг үл хөдлөх хөрөнгийг, мөн бичиг баримт зэргийг банк бус санхүүгийн байгууллага, түүний ажилчин нар авч үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна вэ гэдгийг шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж шийдэх ёстой гэж харж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.13-ны өдөр 210/МА2024/02160 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дах заалтад хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш , хариуцагч Г, түүний өмгөөлөгч Б нарын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.02.13-ны өдрийн 001/ШХТ2025/00180 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Б , Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 702,753,035.66 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Г , Б нартай 2016.11.01-ний өдөр 2016/11/01 тоот зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр 74,204 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Б , Г нар нь 2016.12.05-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 2,000 ам.доллар төлсөн ба энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй” гэжээ.
Хариуцагч Б, Г нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...2016.11.01-ний өдөр нэхэмжлэгчтэй 2016/11/01 тоот гэрээг нийт 74,204 ам.долларын зээл авахаар бичгээр байгуулсан ч Г , Б нар ямар нэгэн зээл бодитой хүлээн аваагүй. Энэ гэрээг бодитой зээл авах гэж бус харин иргэн З гийн 2016.07.01-ний өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас авсан 65,000 ам.долларын зээлийн үлдэгдлийг хүүгийн хамт баталгаажуулах зорилгоор байгуулсан. З гийн байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож З гийн нэр дээр байдаг ч Г ы өмч болох хаусыг 10,000,000 төгрөгөөр худалдсан гэх дүр үзүүлсэн гэрээ байгуулсан. Улмаар Г , Б нартай байгуулсан 2016.11.01-ний өдрийн зээлийн болон фидуцын гэрээ дүр үзүүлэн байгуулсан гэрээ, хариуцагч нар нь зээл хүлээн аваагүй нь тодорхой болсон тул хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан үеэсээ эрх зүйн үр дагавар агуулахгүй” гэсэн агуулгаар маргасан.
8. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан ба “2016.11.01-ний өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, фидуцийн зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгах, “А ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулна” гэжээ. Үндэслэлээ тайлбарлахдаа “... “Т ББСБ” ХХК-аас гэрээний дагуу ямар нэгэн зээл бодитой хүлээн аваагүй, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж, 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарт бодитоор зээл олгогдоогүй. Мөн манай хүү Б оос “Т ББСБ” ХХК-ийн хуульч Д “А ” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зураг зэргийг эх хувиар нь булаан аваад одоог хүртэл буцаан өгөхгүй байгаа” гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, “...2016.11.01-ний өдрийн Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахдаа дүр үзүүлсэн хэлцэл гэж тодорхойлсон боловч чухам юуг үндэслэн дүр үзүүлсэн гэж дүгнэж буй талаар дурдаагүй, үндэслэл, нотолгоо тодорхойгүй. “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон. Г нь тус компанийн захирал, хувьцаа эзэмшигч биш тул сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй.” гэсэн тайлбар гаргасан байна.
9. Гуравдагч этгээд З “...би 2016.07.01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээгээр 30,000 ам.долларыг зээлэхдээ Баянзүрх дүүрэг, ... 276 м.кв талбайтай хувийн орон сууцыг “Т ББСБ” ХХК-ийн ажилтан У гийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай гэхээр нь мөн өдөр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэн барьцаалсан, үнийн дүнг У гийн хэлснээр 10,000,000 төгрөг гэсэн. Энэ зээлтэй холбоотой намайг дуудаж байгаагүй, энэ зээлийг Г төлөх ёстой. Харин энэ нэхэмжлэлд заасан 74,204 ам.долларын зээлийн тухай огт мэдэхгүй” гэжээ.
10. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... “Т ББСБ” ХХК, гуравдагч этгээд З нарын хооронд байгуулагдсан 2016.07.01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Г , Б нар 2016.11.01-ний өдрийн гэрээгээр шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдох бөгөөд талууд маргаагүй. Тодруулбал, 2016.11.01-ний өдрийн гэрээг байгуулахад З гийн гүйцэтгэвэл зохих өр төлбөр буюу үндсэн зээл 65,000 ам.доллар, хүү 7,955 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1,209 ам.доллар, нийт 74,204 ам.доллар байсан бөгөөд энэ хэмжээгээр зохигчдын хооронд гэрээ байгуулагдаж, 2016.11.01-ний өдрийн 42 тоот Кассын зарлагын ордероор 74,204 ам.долларыг хүлээн авсан талаар баталгаажуулан хариуцагч Б , Г нар гарын үсэг зурсан байна. Иймд хариуцагч нарын “...З гийн 74,204 ам.долларыг төлөх зорилгоор нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээ байгуулсан” гэх тайлбарыг бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзнэ. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд З гийн 74,204 ам.доллар төлөх үүргийг хариуцагч Г, Б нар шилжүүлэн авахдаа 2016.11.01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г, Б нараас шаардах эрхтэй. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон байх тул гэрээний хугацаа 2017.05.01-ний өдөр дууссан ч хариуцагч нар нь зээлийг ашигласан хугацаагаар зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж дүгнэн, нийт 694,707,039.62 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,045,995.38 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...2016.11.01-ний өдрийн Зээлийн болон Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдоогүй, ...нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь фидуцийн зүйл болох автомашиныг гаргуулах шаардлага гаргаагүй, мөнгө шаардсан тул нэхэмжлэгч фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзэх бөгөөд хариуцагч нар фидуцийн гэрээний зүйлийг шилжүүлэн авах шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй. ...Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023.02.27-ны өдрийн 15/192 тоот албан бичгээр “А” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэгт байрлах Амины орон сууцны зориулалттай 35,077 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон болохыг тодорхойлсон, мөн хариуцагч Г нь “А” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь бичгийн баримтаар нотлогдоогүй тул тус компанийг төлөөлөн шаардлага гаргах эрхгүй учир энэхүү сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.
11. Давж заалдах шатны шүүх хариуцагч талаас гаргасан гомдлыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. ...2016.11.01-ний өдрийн гэрээ нь 2016.07.01-ний өдрийн З тай байгуулсан зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэгтэй холбоотой, зээлийн үлдэгдэл дүнд байгуулагдсан, 2016.11.01-ний өдөр бодитоор мөнгөн хөрөнгө шилжээгүй болох нь тогтоогдсон. 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлд заасан зохицуулалтад 2016.11.01-ний өдрийн гэрээ нь нийцээгүй, З тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл дүнд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, зээл, хүү тооцсон дүнгээр гэрээ байгуулан, дахин хүү тооцохоор гэрээнд тусгасныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгуулагдсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу үүрэг шаардах эрхгүй. Түүнчлэн дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болохоо нотлоогүй. Нэхэмжлэгч байгууллага нь тусгай зөвшөөрлийг үндэслэн зөвхөн зээлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн аж ахуй эрхлэгч атлаа зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, бусдын зээлийн үлдэгдэл үүрэгт зээлийн гэрээ байгуулж байгаа нь хэрэглэгчийн эрхийг хөндсөн, хуульд нийцэхгүй үйлдэл болжээ. Иймд 2016.11.01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 702,753,035.66 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй” гэж дүгнэсэн байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй гээд “...фидуцийн гэрээний зүйл болох ...автомашин нь хариуцагч Б, Г нарын өмчлөлийн хөрөнгө биш болох нь тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдож байх тул хариуцагч нар буцаан шаардах эрхгүй. Хариуцагч Г нь “А” ХХК-ийн хувьцаа эзмшигч мөн боловч тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй тул компанийг төлөөлөн шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдол гараагүй. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийг зохицуулсан хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, мөн дутуу бичсэнийг залруулах шаардлагатай.” гэжээ.
12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш , хариуцагч Г , түүний өмгөөлөгч Б нарын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
13. Давж заалдах шатны шүүх банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс олгох зээлийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК болон гуравдагч этгээд З нарын хооронд 2016.07.01-ний өдөр 2016/7/1-104 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 65,000 ам.долларыг нэг сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, Range rover маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Түүнчлэн З нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой /13130/ гудамж, ... тоот хаягт байршилтай 276 м.кв талбайтай Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах зорилгоор нэхэмжлэгч компанийн зээлийн мэргэжилтэн ажилтай У д 2016.07.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдах авах гэрээгээр шилжүүлэн өгсөн гэх боловч хэрэгт энэ хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн талаар талууд тухайлан маргаагүй, У нь гадаад улсад байгаа гэсэн тайлбар гаргасан байна.
Дээрх гэрээний дагуу зээлдэгч З нь зээлийн эргэн төлөлт хийгээгүй байх бөгөөд харин “Т ББСБ” ХХК нь Б , Г нартай 2016.11.01-ний өдөр Зээлийн болон фидуцийн гэрээ тус тус байгуулахдаа 74,204 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Дээрх үйл баримтаар гуравдагч этгээд З нь нэхэмжлэгч талаас зээл авсан боловч уг зээлийг хариуцагч тал ашигласан, улмаар Б , Г нар 2016.11.01-ний өдрийн гэрээгээр З гийн зээлийн үүргийг шилжүүлэн авсан байхад “...2016.11.01-ний өдөр бодитоор мөнгөн хөрөнгө шилжээгүй болох нь тогтоогдсон. 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлд заасан зохицуулалтад 2016.11.01-ний өдрийн гэрээ нь нийцээгүй, З тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл дүнд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, зээл, хүү тооцсон дүнгээр гэрээ байгуулан, дахин хүү тооцохоор гэрээнд тусгасныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгуулагдсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу үүрэг шаардах эрхгүй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь маргааны үйл баримтад нийцээгүй буюу Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих зохицуулалтыг анхаараагүй. Улмаар анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасныг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байхад энэхүү дүгнэлтийг хэрхэн үгүйсгэснээ давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заагаагүй байна.
Түүнчлэн “зээл, хүү тооцсон дүнгээр гэрээ байгуулан, дахин хүү тооцохоор гэрээнд тусгасныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгуулагдсан гэж үзэхгүй” гэж дүгнэхдээ ямар хуулийн, аль заалт, үндэслэлд хамаарч байгааг тодорхойлоогүй нь магадлал хууль ёсны байх шаардлагыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг өмнө авсан зээлийн хүүг оруулан тооцсон дүнгээр үндсэн зээлийн хэмжээг тогтоож байгуулсан нь хуульд нийцээгүй боловч энэ нь тухайн гэрээг бүхэлд нь хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд харин үндсэн зээлийн хэмжээгээр зээл, түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцож, маргааныг шийдвэрлэх боломжтой.
Давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан чиг үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзэхгүй тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
14. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “Т ББСБ” ХХК болон Б, Г нарын хооронд, түүнчлэн “Т ББСБ” ХХК болон гуравдагч этгээд З нарын хооронд тус тус Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
15. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар гуравдагч этгээд З гийн үүргийг хариуцагч Г, Б нар шилжүүлэн авсан тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 289,873 (92,995.96+164,065+32,813) ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 702,753,035.66 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн үүрэг шилжих эрх зүйн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
16. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зохицуулсан. Түүнчлэн талууд гэрээний 2.10-д Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон. Энэ гэрээний хугацаа 2017.05.01-ний өдөр дууссан ч хариуцагч нар нь зээлийг ашигласан хугацаагаар зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэн, нийт 286,555.12 ам.долларыг хариуцагч нар төлөх үндэслэлтэй гээд, валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2,424.34 төгрөгөөр тооцож, нийт 694,707,039.62 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,045,995.38 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл нь зөв хэдий ч хариуцагч нарын хүлээх үүргийн хэмжээг тогтоохдоо үндсэн зээл 65,000 ам.доллараас бус харин хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж оруулсан хэмжээ буюу 74,204 ам.доллараар тооцсоныг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч үндсэн зээлийн хэмжээнд гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн хүүгээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон алдааг залруулах боломжтой байна.
17. Зээл болох 65,000 ам долларыг анх олгосон 2016.11.01-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн 2023.08.01-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох ба талуудын гэрээнд зааснаар нэг сарын 3 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцох нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д нийцнэ. Иймээс хариуцагч нарын хүлээх үүрэг нийт 261,344 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2324,34 төгрөгөөр тооцон 633,586,712 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Түүнчлэн 2016.11.01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэн, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзсэн тул фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. Улмаар сөрөг нэхэмжлэлийн 3 дахь шаардлага болох “А ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд өөрийн эзэмшлийн бус бичиг баримтыг бусдаас авснаар түүний ямар эрх нь сэргэх, хамгаалагдах нь тодорхойгүй, түүнчлэн хариуцагч нь тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцжээ.
18. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК болон гуравдагч этгээд З тай байгуулсан 2016.07.01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах зорилгоор Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой 13130 гудамж, ... тоот хаягт байрлах 276 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн ажилтан У гийн нэр дээр шилжүүлэн авсан гэж тайлбарласан, энэ гэрээ хэрэгт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх “...үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар зохигч, гуравдагч этгээдийн хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул тухайн эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдана” гэснийг үндэслэлтэй гэж үзэх бөгөөд шүүх уг хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/02160 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03589 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “694,707,039.62” гэснийг “633,586,712” гэж, “8,045,995.38” гэснийг “69,166,323” гэж, 3 дахь заалтын “3,630,485” гэснийг “3,325,884” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г, түүний өмгөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 1,044,050+70,200+70,200 төгрөг, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 3,631,486 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН