
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 02 сарын 19 өдөр
- Дугаар: 2025/ХШТ/19
- Улаанбаатар хот
Н.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Ж.Мөнхнасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаар магадлалтай, Н.Б-д холбогдох 2316002170037 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Ж.Мөнхнасан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эмэгтэй, энэ хэрэгт холбогдохоос өмнө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд “Эх баригч” мэргэжлээр ажиллаж байсан, урьд ял шийтгэлгүй, ... овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Б-ыг эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 02 жил 03 сар хорих ял, мөн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 04 жил 04 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
шүүдэгч Н.Б-д нь амь хохирогчийн оршуулгын зардалд 8,800,000 төгрөг, бага насны хүүхдүүд болох Н.Э-г 18 насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 16,866,636 төгрөг, Н.А-ын 18 насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 31,166,610 төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бага насны хүүхдүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан гэмт хэргүүдийг” гэсэн хэсгүүдийг хасаж, “амь хохирсон” гэсний дараа “гэмт хэргийг” гэж нэмж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял” гэснийг “20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж өөрчилж, бусад хэсгийг хасаж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б-д мэдэгдсүгэй” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 66 хоногийг торгох ялын 15 нэгжтэй дүйцүүлэн тооцож 990,000 төгрөгийг торгох ялаас нь хасаж тооцсугай” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-аас 198,000,000 төгрөг гаргуулж, хохирогчийн гэр бүлийн гишүүд болох Н.Э, Н.А нарт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,
шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчийг суллаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Миний эгч С.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 15-нд “мизопростол” эмийг ууж умайн хөндийгөөс цус алдаж нас барсан. Уг эмийг Н.Б-аас 600,000 төгрөгөөр худалдан авсан болох нь баримтаар нотлогдсон. Эгч маань бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Охин Н.Э /11 настай/, хүү Н.А /4 настай/ нарын хувьд сэтгэл санаа маш хүнд байгаа. Охин Э нь сэргэлэн цовоо хүүхэд байсан боловч ээжийгээ өнгөрснөөс хойш дуу цөөтэй болж, турж, сурлага муудсан. Хүүхдүүдтэй тоглохгүй, байнга ганцаараа булан тохойд бодол болон суудаг болсон. Хүү А-ын хувьд ээжийгээ байнга нэхэж уйлна, орондоо шээнэ. Юм л бол гэрийнхээ үүдэнд хоёулхнаа сууж байдаг. /Ээжтэйгээ амьдарч байсан гэр нь хашаанд бариатай байдаг/ Ээжийгээ нас барахад нь цуг байсан, тэр их цус нөжийг харсан хүүхдүүдийн сэтгэл санаа ямар байх нь тодорхой. Шөнө орилж босож ирнэ, хар дарж зүүдэлнэ. Би байнга муухай зүүд зүүдлээд байна гэж ярьдаг. Миний хувьд хоёр дүүгээ эхийн хайраар дутаахгүйн тулд өөрийн хоёр хүүхдээс илүү анхаарал, халамж тавьж, хэчнээн хичээсэн ч төрсөн ээжийн хайрыг яаж гүйцэх вэ. Ээжийгээ нэхээд уйлж байгаа дүүгээ хараад заримдаа бүр байж суух газар олдохгүй ч хоёр дүүгийнхээ төлөө шүд зуун амьдарч байна. Б-ын буруутай үйлдлээс болж эгч маань нас барсан гэж үзэж байгаа. Энэ хүн эм зараагүй бол миний эгч амьд сэрүүн, хоёр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байх байсан. Н.Б-д нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна л гэдэг, шүүх хурал болохын өмнө л ах нь ярьдаг. Ганц удаа хоёр хүүхэд яаж байна, ямар байдалтай байна гэж асууж байгаагүй. Хотод анх уулзахдаа нэг машин байгаа, тэрийг аваач гэж ах нь хэлж байсан. Хүний амийг юугаар ч орлуулшгүй. Эд нарын өгч байгаа мөнгө миний хоёр дүүгийн эхийг орлож чадахгүй.
Анхан шатны шүүх Н.Б-д 04 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан боловч давж заалдах шүүхээс 20 сая төгрөгөөр торгуулах ял оногдуулсанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд ороход нэг шүүгч нь шүүгдэгчийн садан гэдгээ хэлсэн. Миний бие шүүхэд итгэн, үнэн зөвийг ялган шийдвэрлэх байх гэдэгт итгэж байсан боловч танил талаа илт ашиглан нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Бүхэл бүтэн хүн алчихаад 20 сая төгрөгөөр торгуулаад зүгээр явж байдаг ийм өчүүхэн хуультай болсон юм уу. Энэ хүн эрхэлсэн тодорхой ажилгүй, өөр дээр нь ямар ч хөрөнгө байхгүй гэдгээ мөрдөн шалгах явцад хэлсэн байдаг. Ийм хүн яаж 20 сая төгрөг төлөх вэ. Иймд давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин нягтлан үзэж, миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Тус шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Б-д яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэлийг нэмэгдүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэг гэмт үйлдэлд 2 хариуцлага оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх хуулийн заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй хэрэглэсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гомдол гаргаж байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Б нь төлбөрийн чадваргүй болохоо мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад удаа дараа илэрхийлж байсан бөгөөд хувийн байдлын хувьд өндөр настай эхийн хамт амьдардаг, одоо ажилгүй гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс сэтгэл санааны хохиролд 198,000,000 /нэг зуун ерэн найман сая/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь биелэгдэх боломжгүй шийдвэр гэж дүгнэж байна.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал алдагдаж байна” гэв.
Тус шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч Н.Б нь амь хохирогчид эмийн аргаар үр хөндөхөд ашигладаг мизопростол эмийг ямар нөхцөлд, хэрхэн хэрэглэх талаарх зааврыг хэрэглэх журам болон стандартад зааснаас өөр байдлаар өгсний улмаас амь хохирогч нь мизопростол эмийн шалтгаант цагаас өмнө ураг зулбаж, умайн хөндийгөөс цус алдаж нас барсан тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... шүүгдэгчийн жирэмслэлтийг таслах зориулалт бүхий эмийн үйлчлэлийн талаар болон хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа өгсөн үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоогүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Монгол улсын стандарт MNS 5488:2019 буюу “Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ”-ний стандартын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эмээр ураг зулбуулах нь үр хөндөлтийн нэг арга болохыг тодорхойлж, түүнд тавигдах стандартын шаардлагыг тогтоожээ. Уг стандартын дагуу холбогдох зөвшөөрөлтэй эмнэлгийн байгууллага, мэргэжлийн эмч стандартад заасан орчин нөхцөлд, зохих аргаар үр хөндөхийг зөвшөөрчээ. Энэ стандартад хангагдаагүй нөхцөл байдалд үр хөндөх ажиллагааг хийх нь хууль бус үр хөндөх гэмт хэрэг гэж үзэхээр байгаа. Иймд уг стандартын 6.4 дүгээр зүйлд “эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эмч үр хөндөх ажилбарыг хийнэ” гэж заасан бөгөөд үүнээс бусад тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар хийгдсэн ажиллагаа гэж үзнэ. Шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь амь хохирогчид эмийн аргаар үр хөндөхөд ашигладаг мизопростол эмийг ямар нөхцөлд, хэрхэн хэрэглэх талаарх зааврыг дээрх хэрэглэх журам болон стандартад зааснаас өөр байдлаар өгсний улмаас амь хохирогч нь мизопростол эмийн шалтгаант цагаас өмнө ураг зулбаж, умайн хөндийгөөс цус алдаж нас барсан болох нь хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс Н.Б-ын жирэмслэлтийг таслах зориулалт бүхий эмийн үйлчлэлийн талаар болон хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа өгсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж шүүгдэгчид ашигтай байдлаар илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа юм. Шүүгдэгч Н.Б нь өндөр настай эхийн хамт амьдардаг, ажлаасаа гарсан, өрхийн орлого байхгүй, эд хөрөнгө байхгүй байдаг. Энэ талаараа шүүх хуралдаан дээр ярьдаг. Мөрдөн байцаалтын шатанд хохирол төлөх боломж муу талаараа хэлдэг. Ах дүү нараасаа гуйж нэг машин зараад талийгаачийн зан үйлтэй холбоотой зардал болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг өгсөн байдаг. Гэтэл шүүхээс Н.Б-ыг төлбөрийн чадваргүй байдлыг мэдсээр байж 20.000.000 төгрөгөөр торгож байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ДШМ/37 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын журмаар гомдол гаргажээ. Нэгдүгээрт, шүүх “Н.Б-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан нийлмэл гэмт хэргийн шинжгүй” гэж үзсэн. Учир нь, тус хэрэг нь бусад гэмт хэргүүдийн нийлмэл гэмт хэргийн шинжтэй байх нөхцөл байдлаас эрс ялгаатай. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хохирогч өөрөө эм худалдаж авна гэсэн зар гаргасан бөгөөд дараа нь тэрээр Н.Б-тай холбогдсон. Н.Б нь гагцхүү эм зарах, ашиг олох сэдэлтээр “мизопростол” гэх эмийг худалдаалсан. Түүнчлэн Н.Б хохирогчийг жирэмсний 6 сартай байсан болохыг мэдээгүй. Хэрэв Н.Б энэ талаар мэдсэн бол магадгүй тус эмийг амь хохирогчид зарахгүй байх байсныг үгүйсгэхгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн.
Энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй. Тус хэргүүдийн хор уршиг нь хүний амь нас хохирсон байхыг шаарддаг. Давж заалдах шатны шүүх аль гэмт хэргийн шууд шалтгаант холбоогоор хохирол учирсан талаар дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх “Хууль бус үр хөндөх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь шүүгдэгч үр хөндөх процессыг шууд удирдан явуулсан гэх нотолгоо хэрэгт байхгүй гэж дүгнэсэн. Хэрэв Н.Б-д хохирогчид эм өгч, эмийн үйлчлэлийг хянасан бол “Хууль бус үр хөндөх” гэмт хэргийн шинж хангагдах байсан. Иймээс зөвхөн цахим сүлжээгээр харилцсан нөхцөл байдлаар хууль бус үр хөндөлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд “төлбөр төлөх боломжгүй хүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольсон” гэж тусгагдсан байна. Эрүүгийн хуульд торгох ял оногдуулсан этгээд ялын биелэлтийг хангахгүй бол торгох ялыг хорих ялаар солих тухай хуульчилсан. Иймээс төлбөрийн чадваргүй этгээдэд торгох ял оногдуулсан гэх хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй. Түүнчлэн Н.Б-д оногдуулсан торгох ялын хэмжээ нь хүн төлөх боломжгүй их хэмжээтэй биш тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.
Н.Б 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр С.Б-ын “Хаан банк”-ны данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгө нь төлбөл зохих 198,000,000 төгрөгөөс хасагдаж тооцогдоно. Уг нөхцөл байдлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс асууж, тодруулах боломжтой гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, Н.Б 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар жирэмсний 3 сартай, жирэмсний хяналтад байгаа, түүнчлэн, Улаанбаатар хотод дутуу төрөхийг завдсан гэх оношоор эмнэлгийн тусламж авч, эмчилгээ хийлгэж байгаа” гэв.
Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь хууль бусаар эм худалдах болон хууль бусаар үр хөндөх гэсэн гэмт хэргүүдийн шинжийг хангасан, нийлмэл гэмт хэрэг гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдэл нь хууль бусаар үр хөндөх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/387 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Үр хөндөлтийг зохицуулах журам”-д зааснаар үр хөндөлтийг жирэмсний хугацаагаар эрт ба хожуу үеийн гэж ангилж, үр хөврөлийг умайгаас эмнэлгийн аргаар гаргахыг эрт үеийн үр хөндөлт, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслахыг хожуу үеийн үр хөндөлт гэж тус тус тодорхойлжээ.
Үүнээс дүгнэхэд үр хөндөлт гэсэн үндсэн ойлголт нь эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч тодорхой нөхцөлүүдэд үзлэг, шинжилгээнд үндэслэн тохирох аргыг сонгож, үр хөврөлийг жирэмсэн эхээс эмнэлгийн аргаар гарган авч буй ажилбар гэж үзэхээр байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 22 дугаартай тогтоолоор эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөн гэдгийг эмнэлгийн байгууллагаас бусад газар энэхүү “ажилбар” хийснийг ойлгоно гэж тайлбарлажээ.
Шүүгдэгч нь жирэмсэн эхэд умайн булчин агшаах, жирэмсний эмгэгийг эмчлэх үйлчилгээ бүхий мизопростол эмийг хэрхэн хэрэглэх талаар зайнаас холбогдож зааварласан үйлдэл үр хөндөлт хийх гэсэн ажилбарт хамаарахгүй байх тул хууль бусаар үр хөндөх гэмт хэргийн объектив шинжийг хангахгүй гэж дүгнэж байна. Харин шүүгдэгчийн зохих зөвшөөрөлгүйгээр хохирогчид эм худалдсан үйлдлээс шалтгаалан тухайн эмийг хохирогч ууж хэрэглэснээс эмийн үйлчлэл, нөлөөгөөр хохирогчийн амь нас хохирсон, түүний үйлдэл санаатай боловч хор уршигт болгоомжгүй хүргэсэн нь гэм буруугийн холимог хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Насанд хүрсэн хохирогчийн хувьд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг мэргэжлийн сэтгэцийн эмч, сэтгэл зүйч тодорхой асуумжууд ашиглан тогтоож байна. Харин бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг асуумжаар тогтоох боломжгүй бөгөөд зохимжгүй тул амь хохирогчийн бага насны хоёр хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, хөнгөдсөн буюу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, үр дагаврыг харгалзаагүй гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн магадлалын заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх прокурорын дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Ж.Мөнхнасан нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, үйлдлийн арга, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн шалгаж, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлснээр шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг бодит байдлаар сэргээн тогтоож, хэргийг зөв зүйлчлэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.
3.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
4.Шүүгдэгч Н.Б “Эм барих” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Фэйсбүүк нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хохирогч С.Н-тай холбогдож, түүнд үр хөндөлт хийх ажилбарт хэрэглэдэг 6 ширхэг “мизопростол” эмийг 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг эмийг хэрхэн хэрэглэж үр хөндөлт хийх талаар заавар зөвлөгөө өгч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө С.Н уг эмийг хэрэглэн үр хөндөлт хийх үйл явцыг гар утас болон фэйсбүүк мессенжерийн цахим сүлжээгээр дамжуулан хянаж, удирдан явуулах үед 24-25 долоо хоногтой буюу 6 сартай жирэмсэн С.Н умайн хөндийгөөс цус алдаж нас барсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 7-12 дахь тал),
амь хохирогч С.Н-гийн гар утсанд үзлэг хийж шүүгдэгч, хохирогч нарын Фэйсбүүк мессенжерт “... Асуулт: 5 сар хүрэх гэж байгаамаа болох болов уу. Хариулт: Болно … эм нь 600к гэж байгаа бүх зөвлөгөө бас антибиотик эм умай агшаах бэлдмэл эм бүгдийн өгнөө бас дараа нь эход харж өгнөө … Асуулт: Би орон нутагт байдаг юмаа тэгэхээр яах уу… Хариулт: Унаанд тавиад өгчихнөө… байнга холбоотой байж ууна гэсэн үг видео калл хийж байгаад эмийн явуулна … эмийн талаар маш сайн хэлсний дараа авах үгүйгээ өөрөө мэднээ … хүмүүс тэгээд л авчихдагын … Асуулт: Энэ эм хамгийн дээд нь хэдэн сартай хүртэл гаргадаг вэ… Хариулт: 5 сар, би бол эмээ тултал өгч явуулж байгаа … эм бол гарнаа асуудалгүй … Дицинин 250 мг 3 ширхэг авна. Митронидозол 500 мг 20 ширхэг авна, Шим шим 6, Юмдүүжин, Ибобруфин 10 ш авчих …” гэж бичсэнээс гадна Н.Б нь үр хөндөх явцад аль эмийг хэзээ, хэрхэн хэрэглэх, дүлэх явцад амьсгалаа зөв авах, гэр дотроо алхах, халуун юм уух, доош харж хэвтэх талаар зөвлөгөө өгч, хохирогчийн биед илэрч буй мэдрэмж, зовуурь, мөн ургаас тусдаа эхэс гарсан эсэх талаар асуумж авч, доош гарсан зүйлийн зургийг дарж явуулахаас гадна бичсэн чатаа устгах, цус ихээр алдах үед нь дутуу төрсөн гээд эмч дуудахыг сануулсан агуулга бүхий мессеж явуулсныг бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 36-46 дахь тал),
амь хохирогч С.Н-гаас шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн ХААН банк дахь ... дугаартай дансанд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 600,000 төгрөг шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 148 дахь тал),
анх эмнэлгийн дуудлага өгсөн Б.А (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал), хэргийн газарт дуудлагаар ирсэн эмч Э.А (1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал), амь хохирогч С.Н жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад байгаагүй талаар амаржих газрын эмч Ц.П (1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал) нарын өгсөн гэрчийн мэдүүлгүүд,
амь хохирогч С.Н нь 24-25 долоо хоногтой жирэмсэн үедээ мизопростол эмийн шалтгаант цагаас өмнө ураг зулбаж, умайн хөндийгөөс цус алдаж нас барсан болохыг тогтоосон Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, шинжээч эмч Т.А-ын гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 95-98 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэхүү үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
5.Харин анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн зарим үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
6.НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан “Хүүхдийн эрхийн тунхаглал”-д “Хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай гэсэн үзэл санааг “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ийн Конвенцэд (1989 оны) “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, “Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө. Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана” хэмээн бататган тунхаглажээ.
Монгол Улс “Хүүхдийн эрхийн тухай” Конвенцэд 1990 онд нэгдэн орсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон хүний амьд явах эрхийг хамгаалснаас гадна 11 дүгээр зүйлд “... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ... нь иргэн бүрийн журамт үүрэг мөн”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн зааж, улмаар “Хүүхдийн эрхийн тухай” (2016) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” зарчмыг хуульчлан тогтоосон билээ.
Хүүхэд “эсэн мэнд амьдрах”, “хамгаалуулах” эрх нь төрсөн хүүхдээс гадна төрөөгүй хүүхдийн амьдрах эрхэд нэгэн адил хамаарах тул Монгол Улсад эхийн хэвлийд бүрэлдэн бойжиж буй хүүхдийн эрх ашгийг Эрүүгийн болон Зөрчлийн тухай тухай хуульд дараах байдлаар эрх зүйн хамгаалалтад авсан. Үүнд:
Хохирогч жирэмсэн болохыг мэдсээр байж түүнийг алах, эрүүл мэндэд нь хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүн худалдаалах, хүн хулгайлах, хүн барьцаалах, хүнийг хүчээр алга болгох зэрэг гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1, 11.1, 11.4, 11.6, 11.7, 13.1, 13.2, 13.3, 13.4 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид, мөн жирэмсэн хохирогчийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгт оруулах зэрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчийн ураг зулбасан бол холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1, 12.1, 12.3 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тус тус хамааруулан хуульчилжээ.
Хохирогчид учирсан гэмтлийн улмаас жирэмслэлтийн хугацаа үл хамааран дутуу төрөх, ураг зулбах, ураг амьгүй болох зэрэг хор уршиг учирсан үр дагаврыг Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5.3-т гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан болно.
Түүнчлэн хууль тогтоогч “Хууль бусаар үр хөндөх” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт дараах байдлаар ялгамжтай хуульчлан тогтоожээ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн диспозицийг “Эмнэлгийн нөхцөлд жирэмсэн эмэгтэйн амь бие, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагыг үндэслэн жирэмслэлтийг зогсоохоос бусад тохиолдолд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг жирэмслэлтийг хүчээр таслан зогсоосон бол” гэж тодорхойлсон бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмч эмнэлгийн бус нөхцөлд; тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан …” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийг “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол…” гэж томьёолон хуульчилсан байна.
Дээрх зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүчээр жирэмслэлтийг таслан зогсоохыг хориглосон, харин 2 болон 3 дахь хэсгүүд нь жирэмсэн эхийн хүсэл зоригийн дагуу үр хөндөлт хийх ажилбарт холбогдох журам, стандарт зөрчигдөхөөс сэргийлэх, жирэмсэн эхийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахад чиглэгджээ.
Харин үр хөндөлтийг зохицуулах журмыг зөрчиж үр хөндөлт хийсний улмаас Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлд заасан хор уршиг (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учрах, хохирогч нас барах) учраагүй бол тухайн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар зүйлчлэн хууль зүйн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан болно.
Тухайлбал, хуульд заасныг зөрчиж жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслан зогсоох журам зөрчсөн; эсхүл эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмч нь эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөн” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйл (Эрүүл мэндийн тухай хууль зөрчих)-ийн 7 дахь хэсэгт, мөн тусгай зөвшөөрөлгүй эмч хууль бусаар үр хөндсөн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрлэнэ.
7.Анагаахын шинжлэх ухаанд “Ураг” гэж үр тогтолт, хуваагдал, өсөлтийн эхэн үе буюу хүний үр төл хөгжлийн эмбрион үеийг өнгөрч, жирэмсний найм дахь долоо хоногоос хойш эхийн умайд өсөж буй хүний бүтэц, хэлбэрийг агуулсан, төрөөгүй, амьдрах чадваргүй хүүхэд хэмээн (П.Нямдаваа, Н.Наранбаатар, Н.Наранбат, Н.Наранболд, Анагаах ухааны нэр томьёоны товч тайлбар толь, Уб, 2006, 104 дэх тал) тайлбарласан байна.
Хууль тогтоогч “Ураг зулбасан” гэх анагаахын шинжлэн ухааны нэр томьёог 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 12.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжид хамааруулан хуульчилсан бол Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлд “жирэмслэлтийг хүчээр таслан зогсоосон”, “үр хөндсөн…” гэх өөр агуулгатай нэр томьёог ашиглажээ.
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн С/06 дугаар тушаалаар баталсан жирэмслэлтийг зориудаар таслан зогсоох үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2005 стандарт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/387 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Үр хөндөлтийг зохицуулах журам”-д үр хөндөлтийг жирэмсний хугацаагаар нь эрт ба хожуу гэж ангилах ба “Эрт үеийн үр хөндөлт” гэж жирэмсний эхний 12+6 долоо хоног дотор үр хөврөлийг умайгаас эмнэлгийн аргаар гаргах, харин “Хожуу үеийн үр хөндөлт” гэж жирэмсний 13 долоо хоногоос 21+6 долоо хоногийн дотор жирэмслэлтийг эмнэлгийн аргаар зөвхөн эмчийн заалтаар таслах ажилбарыг ойлгоно.
MNS 5488:2005 стандартад эрт үеийн үр хөндөлтийг эхийн өөрийнх нь хүсэлтээр төлбөртэйгөөр, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр төлбөргүйгээр холбогдох шинжилгээг бүрдүүлж, зөвхөн эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч гүйцэтгэхээр журамласан байна.
Харин хожуу үеийн үр хөндөлтийн хувьд жирэмслэлт нь эхийн амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон; ургийн эмгэг нь амьдралд үл нийцэх гажиг болох нь тогтоогдсон; 18 нас хүртэлх насны охид өөрөө хүсвэл эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр; 40-өөс дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл; цусан төрөл ойртсон нь нотлогдсон; бэлгийн хүчирхийлэлд өртөж жирэмсэлсэн тохиолдолд мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр зөвхөн эмнэлгийн байгууллагад (Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амаржих газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг) эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээтэй эмч үр хөндөх ажилбарыг хийхээр зохицуулжээ.
Дээр дурдсанаас бусад тохиолдолд жирэмслэлтийг хожуу хугацаанд таслахыг хориглосон бөгөөд энэхүү хориглолтод жирэмсэн эх 13 долоо хоногоос дээш хугацаатай ургаа өөрийн сайн дураар зулбуулах гэсэн хүсэл зориг мөн адил хамаарах тул жирэмсэн эх нь хүүхдээ бүрэн тээж төрүүлэх, улмаар эцэг эх нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ёс суртахууны болон хууль зүйн үүрэг хүлээхээс гадна ийнхүү эх хүүхдээ эсэн мэнд, эрүүл саруул тээж төрүүлэхэд нь төр зохих дэмжлэг үзүүлэх, хууль бус үр хөндөлтөөс эх болон төрөөгүй хүүхдийн амь нас, эрүүл мэнд, нэр төр, бусад эрх ашгийг харилцан тэнцвэртэй хамгаалах, хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн баталгаатай орчныг бүрдүүлэх үүрэгтэй болно.
Хууль тогтоогч Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно”, мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” хэмээн тус тус хуульчлан зааж, үр хөндөлтийн журмыг зөрчиж өөрийн хүсэл зоригийн дагуу ураг зулбуулсан эхийн үйлдлийг эрүүжүүлээгүй, харин Эрүүгийн хуулийн 10.5 дугаар зүйлд “Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан“ үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба “нярай хүүхэд” гэдэгт төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй хүүхдийг ойлгохоор аутентик тайлбар хийжээ.
Эхийн хэвлийд бүрэлдэн бойжиж буй ургийн эрх ашгийг хамгаалж, ураг эрүүл, эсэн мэнд мэндлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь төрийн үүрэг бөгөөд үр хөндөлт хийх зайлшгүй шаардлага тулгараагүй байхад эх болон гуравдагч этгээдийн зүгээс үр хөндөх шийдвэр гаргаж учруулж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хууль, эрх зүйн орчин сул байх нь төрөөгүй хүүхдийн эрх ашиг хохироход нөлөөлөх нэг шалтгаан болдгийг зориуд тэмдэглэх нь зүйтэй.
8.Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хууль бусаар үр хөндөх” гэмт хэргийн “тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан” гэх үндсэн шинжийг дараах байдлаар бүрэн хангасан гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.
8.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үр хөндөх ажилбарыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 14.2.2, 14.2.3-т заасан тусгай зөвшөөрөл бүхий магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эх барих, эмэгтэйчүүдийн их эмч гүйцэтгэнэ” гэж заажээ.
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн гэнэ” гэж зааснаар Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч нь хүний их эмч байна. Харин “эх баригч” гэж төрөх үйл ажиллагааг удирдаж буй эх барих, эмэгтэйчүүдийн их эмчийн удирдлага доор эх барихын тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнийг хэлнэ.
Гэтэл шүүгдэгч Н.Б-ын хувьд 2016 онд ... их сургуулийн ... аймаг дахь салбар ... сургуульд “Эх баригч” мэргэжлээр суралцаж төгссөний дараа Эрүүл мэндийн яамнаас “Эх барих” үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, улмаар энэ хэрэгт холбогдох хүртэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэргэжлээрээ ажиллаж байсан бөгөөд тэрбээр “эх барих, эмэгтэйчүүдийн их эмч”-ийн шалгуурыг хангаагүй тул түүнийг “тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөн” гэж үзнэ.
8.2.Шүүгдэгч Н.Б нь эх барих, эмэгтэйчүүдийн их эмч биш боловч 2016 оноос хойш Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх баригч мэргэжлээр тасралтгүй ажиллаж байсан тул түүнийг үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2005 стандарт болон “Үр хөндөлтийг зохицуулах журам”-ыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан боловч зориуд санаатай зөрчсөн, өөрөөр хэлбэл хууль бусаар үр хөндөх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Эмнэлгийн ажилтан үр хөндөлтийн талаар тусламж, үйлчилгээ авахыг хүссэн жирэмсэн эхэд MNS 5488:2005 стандартад заасны дагуу үр хөндөлтийн өмнө зөвлөгөө өгөх үүрэгтэй бөгөөд үүнд хүүхэд төрүүлэх ашигтай талууд, төрөөс үзүүлэх дэмжлэг, тэтгэлэг, халамжийн талаар, мөн үр хөндөлт, үр хөндөх ажилбарын үе болон үр хөндүүлсний дараа гарч болох эрсдэл, хүндрэлүүд, хор уршгийн талаар мэдээлэл өгч, шийдвэр гаргахад нь туслах үүрэгтэй.
Гэтэл амь хохирогч С.Н нь жирэмсний 24-25 долоо хоногтой үедээ үр хөндүүлэх шийдвэр гаргахдаа эмнэлгийн байгууллагаас зохих тусламж, зөвлөгөө авах эрх нь хангагдаагүй, шүүгдэгч Н.Б-ын зүгээс амь хохирогч С.Н-тай харилцах явцдаа түүнийг 5 сартай жирэмсэн буюу жирэмслэлт нь хожуу үед хамаарч байгааг мэдсэн атлаа эмнэлгийн мэргэжилтний хувьд шаардлагатай зөвлөгөөг өгч, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахгүйгээр, үр хөндөх шийдвэрийг нь шууд дэмжиж, эм худалдан борлуулснаас гадна эмийн аргаар хууль бус үр хөндөлт хийх ажилбарыг удирдан явуулсан болох нь амь хохирогч С.Н-гийн гар утсанд үзлэг хийж шүүгдэгч, хохирогч нарын харилцан бичсэн мессежийг бэхжүүлэн авсан мөрдөгчийн тэмдэглэлээр (1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал) хөдөлбөргүй тогтоогдсон байна.
8.3.Энэ хэргийн амь хохирогч С.Н нь хууль бус үр хөндөлтийн улмаас нас барах үедээ 24-25 долоо хоногтой буюу 6 сартай жирэмсэн байсан бөгөөд үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2005 стандарт болон “Үр хөндөлтийг зохицуулах журам”-д хожуу үеийн жирэмслэлтийг хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд таслахыг хориглосон болно. Өөрөөр хэлбэл, амь хохирогч С.Н-гийн хувьд жирэмсэн эхийн амь нас, эрүүл мэндийг аврах зайлшгүй шаардлагаар жирэмслэлтийг таслан зогсоож, ураг зулбуулах нөхцөл бий болоогүй, энэ талаар мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэр гараагүй байхад шүүгдэгч Н.Б-д нь эмнэлгийн бус нөхцөлд, эмийн аргаар хожуу үеийн үр хөндөлтийг хууль бусаар удирдан явуулсан нь тухайн гэмт хэргийн объектив талын шинжийг агуулжээ.
8.4.Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2005 стандартад үр хөндөлтийг багажийн аргаар, эсхүл эмийн аргаар гүйцэтгэхээр зааснаас үзэхэд аль аль нь үр хөндөлтийн ажилбарт хамаарах ба шүүгдэгч Н.Б-д эмнэлгийн бус нөхцөлд буюу амь хохирогчийг гэртээ байхад нь түүнтэй утсаар болон фэйсбүүкийн хувийн мессенжерээр дамжуулан холбогдож үр хөндөлтийг зайнаас удирдан явуулсан нь түүний хууль бусаар үр хөндсөн үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөн гэж эхийн эрүүл мэндэд хортой, өөрөөр хэлбэл эмнэлгийн бус, ариутгаагүй газар /гэр орон, албан газар/, эрүүл ахуйн шаардлага хангаагүй багаж хэрэгслээр үр хөндсөн байхыг ойлгоно.
Харин үр хөндөлтийг явуулах эмнэлгийн нөхцөл гэж эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм хангасан өрөө, үзлэг болон мэс ажилбарт ашиглагдах багаж хэрэгслийг ариутгасан байх ба хүндрэлээс сэргийлэх, гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн байхыг ойлгоно.
8.5.Жирэмсний 21+6 долоо хоног дотор эмийн аргыг сонгон үр хөндөх тохиолдолд Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2005 стандартад зааснаар үр хөндөх ажилбарыг мизопростол, мифепростол эмээр хавсарч, эмчийн хяналт дор хийхээр заажээ. Ийнхүү үр хөндөлтийг хийхийн өмнө жирэмсэн эхэд эмээр үр хөндөх эсрэг заалт байгаа эсэхийг нягтлахаас гадна эмийн арга үр дүнгүй болсон тохиолдолд багажаар үр хөндөх нөхцөлийг бүрдүүлсэн байх, эмийг уух заавар, эмээр үр хөндөх аргын үр дүн, гаж нөлөө, хүндрэл (цус алдах, халуурах ... гэх мэт), шаардлага гарвал багажаар үр хөндөлтийг төгсгөх талаар эмч тайлбарлаж, бичгээр өгсөн байх ёстой.
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 433-д зааснаар (1 дүгээр хавтаст хэргийн 60-62 дахь тал) “мизопростол” нэртэй, 200 мкг шахмал эм нь умайн булчин агшаах үйлчилгээтэй бөгөөд уг эмийг эмчийн жороор болон жоргүйгээр олгохгүй, нийтийн үйлчилгээтэй эмийн санд худалдан борлуулахыг хориглосон, зөвхөн зайлшгүй шаардлагаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт эмчийн хяналт дор хэрэглэж болохыг зөвшөөрсөн байна.
Гэтэл нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Н.Б-д нь эх сурвалж нь тодорхойгүй 6 ширхэг “мизопростол” эмийг амь хохирогч С.Н-д 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, улмаар эмийн аргаар амь хохирогч С.Н-гийн үр хөндөлтийг удирдахдаа өгсөн зааварчилгаа нь MNS 5488:2005 стандартад нийцээгүйгээс гадна 25-26 долоо хоногийн жирэмслэлтийн хугацаа нь эмийн аргаар үр хөндөхөд эсрэг заалт болж байгааг ноцтой зөрчсөн байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэлээ.
9.Прокуророос шүүгдэгч Н.Б-ыг “хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ялласан атлаа түүнийг “эм худалдах ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон” буюу Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан давхар яллаж, анхан шатны шүүхээс Н.Б-ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б-ын хувьд “Эм барих” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй боловч 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хохирогч С.Н-тай холбогдож, түүнд үр хөндөлт хийх ажилбарт хэрэглэдэг “мизопростол” эмийг 600,000 төгрөгөөр худалдан борлуулснаас гадна тэрбээр уг эмийг хэрхэн хэрэглэх зааварчилгааг өгч, үр хөндөлтийг гар утас болон фэйсбүүк мессенжерийн цахим сүлжээ ашиглан зайнаас удирдан явуулсан хэргийн үйл баримтаас үзэхэд түүний хууль бусаар хохирогчид эм худалдаж, хэрэглүүлсэн үйлдэл нь хууль бусаар үр хөндөх гэмт хэргийн арга буюу объектив талын шинжийг давхар агуулсан байна.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэргийн диспозицийг “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол …” хэмээн тодорхойлсноос үзэхэд энэхүү гэмт хэргийн объектив талын шинжид дээр дурдсан үйл ажиллагааг байнга тогтвортой эрхлэн явуулсан, эсхүл энэхүү үйл ажиллагааг ирээдүйд тогтвортой явуулж хууль бус ашиг олох санаа зорилгын хүрээнд бэлтгэж хийсэн нэг удаагийн үйлдэл хамаарч болно.
Гэтэл шүүгдэгч Н.Б-д нь хохирогч С.Н-д худалдан борлуулсан “мизопростол” эмийг хаанаас, хэрхэн олж авсан эх сурвалжийг бүрэн гүйцэд мөрдөн шалгаагүй, тэрбээр амь хохирогч С.Н-тай фэйсбүүк мессенжер ашиглан харилцахдаа “… эмийн талаар маш сайн хэлсэний дараа авах үгүйгээ өөрөө мэднээ … хүмүүс тэгээд л авчихдагын …” гэж бичсэнийг (1 дэх хавтас хэргийн 39 дэх тал) анхаарч, хэрэгт нотлох баримтаар авагдсан Н.Б-ын цалингаас гадуурх гүйлгээнд ашигладаг ХААН банкны дансанд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Н-гаас гадна өөр бусад хүний шилжүүлсэн 25 удаагийн орлогын гүйлгээнүүд (1 дүгээр хавтаст хэргийн 144-150 дахь тал) түүний хууль бусаар эм худалдах, түгээх үйл ажиллагаатай холбоотой эсэхийг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан шалгаж, Н.Б-д энэ төрлийн гэмт хэргийг байнга тогтвортой эрхэлж байсан эсэхийг нотлох, эсхүл үгүйсгэх няцаах ажиллагааг хийхгүй орхигдуулсныг дурдах нь зүйтэй.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Ж.Мөнхнасан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, прокуророос шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаас гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээж, уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
10. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас 1991 онд төрсөн, амь хохирогч С.Н нас барж, түүний 3-10 насны буюу бага настай 2 хүүхэд өнчирч үлдсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасныг үндэслэн сэтгэцийн хор уршиг нэхэмжлэх эрх үүссэн байна.
Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан билээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, 4.1.3-т “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг ойлгохоор хуульчилжээ.
Тухайлбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т … заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэсэн байна.
11.Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжилгээний байгууллага хуульд заасан журмын дагуу дүгнэлт гаргаагүй байхад шүүгдэгч Н.Б-аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 198,000,000 төгрөг гаргуулж, хохирогчийн гэр бүлийн гишүүд болох Н.Э, Н.А нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын гаргасан хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
12.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаар магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэв.
Магадлалын Тодорхойлох хэсэгт “... прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан” гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн, анхан шатны шүүх шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг илүү хангаж байна” гэснээс өөрөөр шүүгдэгч Н.Б-д холбогдох “Хууль бусаар үр хөндөх” гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Мөн 37 дугаартай магадлалын Тогтоох хэсэгт прокуророос Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан ял шийтгэлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхгүйгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс холбогдох заалтыг “хасах” гэсэн томьёолол хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шаардлагыг зөрчсөн байх тул энэ талаар цаашид анхаарвал зохино.
Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг торгох ялаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцээгүй байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Ж.Мөнхнасан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2.Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилсүгэй.
Шүүгдэгч ... овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 (хоёр) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
3.Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “… 04 (дөрөв) жил 04 (дөрөв) сарын хугацаагаар…” гэснийг 02 (хоёр) жил 01 (нэг) сарын хугацаагаар гэж өөрчилсүгэй.
4.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР