
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 02 сарын 11 өдөр
- Дугаар: 001/ХТ2025/00036
- Улаанбаатар хот
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/02114 дүгээр магадлалтай,
Х-ийн нэхэмжлэлтэй,
“Б” ХХК-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги нийт 26,212,922,133.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.Ц, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 18,151,096,996.67 төгрөг, алданги 8,061,825,137.17 төгрөг, нийт 26,212,922,133.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Энэ хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргасан байна.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03417 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 25,417,887,657.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, 795,034,476.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Б” ХХК-аас 127,247,388 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/02114 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 18,151,096,996 төгрөг гаргуулан Х-т олгосугай.” гэж, тогтоох хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан алданги 8,061,825,137 төгрөг гаргуулах тухай Х-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дахь заалт нэмж, тогтоох хэсгийн “2, 3, 4” гэсэн дугаарлалтыг “3, 4, 5” гэж дугаарлан өөрчилж, 3 дахь заалтын “...127,247,388” гэснийг “90,913,435” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-д заасныг зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг бүхэлд нь хянаагүйн улмаас “Б” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг зөрчин 2020.12 дугаар сараас 2024.01 дүгээр сарыг хүртэлх төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй өр үүсгэж байгаа байдал нь хуульд заасан хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах, өндөр насны тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход даатгуулагч нарын эрх ашгийг хөндөгдөж (хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх шалгуур нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байх) бид даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс нийгмийн даатгалын өр төлбөрийг төлж барагдуулах асуудлаар “Б” ХХК-тай хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэх үүрэг, хариуцлагын талаар харилцан тохиролцож “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан.
Энэхүү гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан /Хууль журмын дагуу ногдуулсан алданги үндсэн шимтгэлийн өр/ Нийгмийн даатгалын хууль болон Зөрчлийн тухай хуулиар ногдуулсан алдангийг бүрэн төлөхийг “Б” ХХК хүлээн зөвшөөрсөн гэрээний үүрэг, хариуцлагыг тогтоож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхээр заасан тул гэрээний үүргийг шаардах эрхтэй буюу Нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр болон хугацаандаа төлөгдөөгүй алдангийг нэхэмжлэх нь хуульд нийцсэн тухай анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18, 19, 20-24 дэх хэсэгт үндэслэлтэй дүгнэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрээс дүгнэхэд гэрээгээр тохирсон хугацааны буюу 2020.12 дугаар сараас 2023.12 сар хүртэлх хугацаанд төлөгдөөгүй шимтгэлд тооцсон алдангийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус заасантай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулж шийдвэрлэсэн.
4.2.Нийгмийн даатгалын багц хууль 2023.07.07-ны өдрийн хуулиар өөрчлөгдсөн тул 2024.04.02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж Нийгмийн даатгалын тухай хууль, 2014 оны 354 дүгээр тогтоол Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх журам зэрэг нь 2024.01.01-ний өдрөөс хүчингүй болж, 2024.01.01-ний өдрөөс Нийгмийн даатгалын ерөнхий хууль, 2023.12.27-ны өдрийн 469 тоот Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн зүйл заалтуудаар нэхэмжлэлдээ нэмэлт тодруулга хийсэн ба уг тодруулгаар нэхэмжлэлийн шаардлагын хугацаа болон мөнгөн дүнд өөрчлөлт оруулсан болно.
Уг өөрчлөлтөөр 2023 оны 11, 12 дугаар сард шинээр үүссэн шимтгэлийн өр, 191,181,171.59 төгрөг, алданги 64,455,178.88 төгрөгөөр нэмэгдүүлж нийгмийн даатгалын шимтгэл 18,151,096,996.67 төгрөг, алданги 8,061,825,137.17 төгрөг, нийт 26,212,922,133.84 төгрөгийг нэхэмжилсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүх уг өөрчлөлтийн хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн дүнг тогтоосон байх ба алдангийн тооцоолол ч дээрх нийгмийн даатгалын шимтгэлээс тооцоолол хийж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасан хувь хэмжээгээр алдангийг тооцсон болно. /хх 88-89, 111-112 дугаар тал/. Мөн 2024.04.03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 181/ТМ2024/01861 тоот тэмдэглэл /хх 117-118 дугаар тал/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/Ш32024/07025 тоот захирамж /хх 119-120 дугаар тал/ зэрэг уг нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлт тусгагдсан нь харагдаж байгаа. Нэхэмжлэлийг 2024.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой байсан боловч энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй нөхцөлд хариуцлагын тухай зохицуулалт нь 1994 оны Нийгмийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т /Энэхүү хууль нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлтөөр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон./
-Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйл 10.17.3 дахь хэсгийн тайлбар хэсэгт /Энэхүү хууль нь 2023 оны 07 дугаар сарын 07-н өдрийн өөрчлөлтөөр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон./
-Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.
Дээрх хуулийн өөрчлөлтүүдэд хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд оногдуулах алдангийн хэмжээ нь огт өөрчлөгдөөгүй буюу аль ч үед энэхүү хувь хэмжээгээр тооцож байсан. Тус компани нь 2020 оноос өнөөг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй нийгмийн даатгалын санг хохироож тус компанид ажилласан ажилтнуудынхаа тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, банк санхүүгийн байгууллагаас зээл авах зэрэг үндсэн суурь эрхүүдийг хохироож байна. Тус компанид хуульд заагдсан хариуцлагын арга хэмжээг авч алдангийг тогтоож өгөхгүй бол нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байж болдог нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн хугацаанд нь төлөх сонирхлыг үгүй хийх хандлагатай болох тул хяналтын шатны шүүх шударга ёсны зарчим тогтоож өгнө үү” гэжээ.
5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадпалыг хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
5.1.Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2023.06.06-ны өдрийн 1/2435 дугаартай албан бичгийг Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо хийдэггүй боловч шимтгэлийн өр үүсгэн сураггүй алга болсон ажил олгогчийн судалгааг ирүүлэх, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.8-д заасны дагуу бие даан нэхэмжлэл гаргах, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлж хамтран ажиллах” тухай албан бичгийг хүргүүлсэн. Тус хэлтсээс 2023.12.06-ны өдрийн 823 дугаартай албан бичгээр дээрх 2023.06 дугаар.06-ны өдрийн 1/2435 тоот албан бичиг болон Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар “тус хэлтсийн нэхэмжлэлтэй шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг гуравдагч этгээдээр оролцуулж дэмжиж өгнө” үү гэх агуулга бүхий прокурорын газарт ирүүлсэн байна.
Улмаар Х-ийн 2023.01.05-ны өдрийн 614 дүгээр албан бичгээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй “Б”-д холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газрыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32024/04630 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн прокурорын газрыг оролцуулахаар шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...Дээр дурдсан Нийгмийн даатгалын тухай хууль болон Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд хариуцагч “Б” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогджээ.
Талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээгээр 2020.12 дугаар сараас 2023.02.28-ны өдрийн хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй өр төлбөрт 16,453,940,988 төгрөгийг 2023.03 сараас 2024.03 сарын дотор график тогтоон төлж барагдуулах, харин энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан нийгмийн даатгалын хууль болон зөрчлийн тухай хуулиар ногдуулсан алдангийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: Харин анхан шатны шүүх “... тухайн маргаантай асуудлаар холбогдох харьяаллын шүүхэд өмнө нь хандаж шийдвэрлүүлсэн, улмаар үүний дараа өр төлбөрийг барагдуулах асуудлаар гэрээ байгуулсан тул дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар маргааныг шийдэхгүй" гэж дүгнэж, хариуцагч талын төлөгдөөгүй шимтгэлд холбогдох алдангид 7,266,790,661 төгрөгийг тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0391 дугаар шийдвэрээр нийгмийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосон, уг алдааг улсын байцаагчийн зүгээс залруулж дахин шийтгэлийн хуудас олгоогүй бөгөөд захиргааны хэргийн шүүхээс алдангийн асуудлыг хянан хэлэлцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас алданги гаргуулах тухай нэхэмжлэл нь хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус заасантай нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ” гэжээ.
Дээрх байдлаар хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн харьяаллын талаар өөр өөрөөр тодорхойлж зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй байна.
5.2.Хариуцагч талаас Нийгмийн даатгалын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд зохих ажиллагааг харьяаллын дагуу шийдвэрлэх боломжтой байхад иргэний хэргийн шүүх шийдвэрлэх үндэслэлгүй гэж маргасан. “Б” ХХК нь 2023.03.20-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүргийг хариуцах үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан үйл баримтуудаас дүгнэхэд, тухайн маргаантай асуудлаар хариуцагч тал холбогдох харьяаллын шүүхэд өмнө нь хандаж шийдвэрлүүлсэн тул нэг асуудлаар дахин захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Улмаар үүний дараа авлага барагдуулах асуудлаар талууд хэлэлцэнэ тохиролцсон тул уг шийтгэлийн хуудсыг дахин хариуцагчид гардуулах ажиллагаа явагдаагүй байна.Улмаар талууд шимтгэл, алдангийг төлөх талаар харилцан баталгаажуулсан байх тул талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээний харилцаанд үндэслэн маргааныг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн анхан шатны шийдвэр үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг зөвшөөрч, хариуцагчийн санаачилгаар төрийн байгууллагатай авлага барагдуулахаар тохиролцсоны дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь төлөгдөөгүй шимтгэл болон түүнд ноогдох алдангийг шаардах эрх үүссэн.
“Б” ХХК нь 2023.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд гэрээний үүргийн заалтыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй төр, нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний амаржсаны тэтгэмж авах, өндөр насны тэтгэвэр тэтгэмж тогтоолгох иргэдийн эрх ашиг зөрчигдөж, даатгуулагч нарт учирсан хохирлыг хяналтын шатны шүүх сэргээн тогтоох нь зүйтэй гэж дүгнэж байна. Үүний цаана төр, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас прокурор төрийг төлөөлж, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон.
Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчлийг харьяалан шийдвэрлэх эрх хуулиар олгогдсон байх хэдий ч Нийгмийн даатгалын тухай хуульд илүү нарийвчлан заасан тул энэ хуулиар эрх олгогдсон эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах болон харьяаллын асуудлыг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч Х-ийн хариуцагч "Б" ХХК-аас Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т зааснаар алданги тооцож, алданги 8,061,825,137 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь иргэний шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг үлдээхээр гомдол гаргав” гэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.01.28-ны өдрийн 001/ШХТ2025/00118 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7.Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна.
8.Нэхэмжлэгч Х нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 26,212,922,133.84 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчсөнөөс өр үүссэн. Өр төлөхийг шаардаж, удаа дараа шат дараалсан арга хэмжээ авч, 2023.03.20-ны өдөр тогтоосон хугацаанд өрөө барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан боловч үүргээ биелүүлээгүй. Анх Зөрчлийн тухай хуулийн дагуу төлбөл зохих шимтгэл, алданги нэхэмжилсэн. Нийгмийн даатгалын ерөнхий хууль шинэчлэн батлагдаж, 2024.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Зөрчлийн тухай хууль хүчингүй болсон. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т шимтгэлийн өрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр заасан байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн өр нэмэгдсэн, иймээс 2020.12.01-ний өдрөөс 2023.12.31-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн өр 18,151,096,996.67 төгрөг, алданги 8,061,825,137.17 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.
10.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн прокурорын газар тайлбар гаргахдаа: “...Анх 2021.11.29-ний өдөр зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас гарснаас хойш улсын байцаагчийн дүгнэлтээр 11,924,738,000 төгрөгийн төлбөр тавигдсан, одоо уг төлбөрийн хэмжээ нэмэгдсэн. 2021 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгаагаас нийтийн эрх ашиг зөрчигдөж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтаар шимтгэл хугацаандаа төлөөгүй бол алданги тооцохоор зохицуулсан. Зөрчлийн процессын тухайд улсын байцаагч шийтгэл оногдуулахдаа хуульд заасан журам зөрчсөн байж болно, гэвч нөхөн төлбөрийн шийтгэврийн асуудал шимтгэл, алданги дээр маргахгүй явж байгаад 2022, 2023 онд талууд гэрээ байгуулж, үндсэн шимтгэл, алдангийг төлөхөөр тохиролцсон. Иймд хуульд заасан шимтгэл, алдангийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.
11.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...Х нь “Б” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг цаг хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй буюу 2020 оны 12 сараас хойш төлөгдөөгүй эс үйлдэхүйтэй нь холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэх хуудас ногдуулсан, уг асуудлаар зохигч Захиргааны хэргийн шүүхэд маргаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь хэргийн харьяаллын асуудлаар, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд авагдсан арга хэмжээ, акт, шийтгэлийн асуудлаар талууд өмнө нь маргасан, тухайн асуудал нь нэгэнт дуусгавар болсон гэж үзэх үндэслэл зохигчийн тайлбараар тогтоогдсон. Хариуцагчид шийтгэл ногдуулсан захиргааны актыг захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосны дараа талууд төлбөр барагдуулах гэрээг байгуулсан, энэ гэрээгээр 2020 оны 12 дугаар сараас 2023.02.28-ны өдрийн хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй өр төлбөрт 16,453,940,988 төгрөгийг 2023 оны 03 сараас 1 жилийн дотор график тогтоон төлж барагдуулах, харин энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын хууль болон Зөрчлийн тухай хуулиар ногдуулсан алдангийг бүрэн төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, иймээс 2020.12.01-ний өдрөөс 2024.01.01-ний өдрийн буюу нэхэмжлэлээр шаардсан нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр төлбөрт 18,151,096,996.67 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Алдангийн хувьд талуудын хооронд төлбөр барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээгээр 2020 оны 12 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацааны төлөгдөөгүй шимтгэлийн үлдэгдэл, үүргийн талаар тохиролцсон байх тул энэ хугацаанд хамаарах алдангийг тооцож 7,266,790,661.08 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.
12.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... анхан шатны шүүх ...тухайн маргаантай асуудлаар холбогдох харьяаллын шүүхэд өмнө нь хандаж шийдвэрлүүлсэн, улмаар үүний дараа өр төлбөрийг барагдуулах асуудлаар гэрээ байгуулсан тул дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар маргааныг шийдэхгүй гэж дүгнэж, хариуцагч талын төлөгдөөгүй шимтгэлд холбогдох алдангид 7,266,790,661.08 төгрөгийг тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0391 дугаар шийдвэрээр нийгмийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн торгууль ногдуулсан шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосон, уг алдааг улсын байцаагчийн зүгээс залруулж дахин шийтгэлийн хуудас олгоогүй бөгөөд захиргааны хэргийн шүүхээс алдангийн асуудлыг хянан хэлэлцээгүй. Иймд алданги гаргуулах талаар хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцээгүй байх тул алданги 8,061,825,137.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ.
13.Анхан болон давж заалдах шатны шүүх алданги гаргуулах шаардлагатай холбоотой үйл баримтыг өөрөөр тодорхойлж холбогдох хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай нэхэмжлэгчийн гомдлын дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хянан хэлэлцэв.
14.Нэхэмжлэгч 2020 оны 12 сараас 2023 оны 12 сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр, уг өрийг төлөхгүй хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангийг шаардаж байх бөгөөд шаардах эрхийг ямар хууль болон гэрээнд үндэслэсэн, энэхүү маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.
15.Хариуцагч “Б” ХХК нь ажиллагсдын 2020 оны 12 сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд нийт 18,151,096,996.67 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй ба шүүх дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийг хангасан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 1-ийн 4-т заасантай нийцсэн байна.
Учир нь, 2023.07.07-ны өдөр батлагдаж, 2024.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий /Шинэчилсэн найруулга/ хуулиас өмнө Нийгмийн даатгалын тухай хуулиар /1994 он/ нийгмийн даатгалын харилцааг зохицуулж байсан бөгөөд нэхэмжлэлээр шаардсан 2020 оны 12 сараас 2023 оны 12 сарын хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь энэ хууль хүчинтэй байх хугацаанд үүссэн. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д “ажил олгогч болон ...даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг хүлээнэ” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “ ...даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ “ гэж заасан байжээ. Иймд 2024.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий /Шинэчилсэн найруулга/ хуулиар өмнө үүссэн харилцааг зохицуулахгүй нь хуулийг буцаан хэрэглэхгүй зарчимтай нийцсэн тул шүүхүүд нийгмийн даатгалын шимтгэлийг өрийг гаргуулж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
16.Алданги гаргуулах шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт хуульд нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгов. Давж заалдах шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 10.17 зүйлийн 3 дахь хэсгийн тайлбар хүчингүй болсон, мөн зохигч нийгмийн даатгалын шимтгэл болон алданги төлүүлэх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан нөхцөл байдлыг тус тус анхаараагүй байна.
17.Дээр дурдсан Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь нийгмийн даатгалыг шимтгэлийг сар бүр тооцож тухайн сардаа багтааж төлөх үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагч “Б” ХХК нь хуулиар тогтоосон хугацаанд шимтгэлийг төлөөгүй хугацаа хэтрүүлжээ.
18.Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол нийгмийн даатгалын байгууллага алданги шаардах эрхийг Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 20 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлдэг байсан боловч 2020.01.10-ны өдөр Зөрчлийн тухай хууль батлагдсанаар дээрх зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан, улмаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлэх үйлдлийг зөрчилд тооцож, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүн, хуулийн этгээдэд торгуулийн шийтгэл ногдуулах, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох, алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байх агуулга Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь заалт, түүнтэй холбоотой тайлбарт хуульчлагдсан байна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн үеэс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг шалгаж, хугацаанд нь үүргээ биелүүлээгүй байгууллага, хүнд зохих торгууль, алдангийг ногдуулах болсон.
Иймд нэхэмжлэлээр шаардсан 2020 оны 12 сараас 2023 оны 12 сарыг дуустал үүссэн хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн тухайд хугацаа хэтрүүлсний алдангийг тооцож төлүүлэх эрх зүйн хэм хэмжээ нь Зөрчлийн хуулиар зохицуулагдаж байсан, энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
19.Анхан шатны шүүх хэргийн баримтын хэмжээнд “... энэ маргаантай хэргээс өмнө нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед хариуцагч “Б” ХХК-ийн 2020 оны 12 сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, өөрөөр хэлбэл, 2021.11.29-ний өдөр хариуцагчид шийтгэх хуудсаар алданги ногдуулсан, уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хариуцагч Захиргааны хэргийн шүүхэд хандсан, шүүхээс нийгмийн даатгалын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон /тамга дарагдаагүй байснаас/ энэ шийдвэрт зохигч гомдол гаргаагүй тул тухайн асуудал нэгэнт дуусгавар болсон...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үгүйсгэж, алданги төлүүлэх асуудлыг эрх бүхий албан тушаалтан буюу нийгмийн даатгалын улсын байцаагч шийдвэрлэх, түүний эрх хэмжээнд хамаарна, иймээс Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч алданги гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж дүгнэн хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай.
19.1.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нийгмийн даатгалын байцаагчийн торгууль, алданги гаргуулах шийтгэлийн хуудастай холбоотой маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэж, уг шийдвэрт гомдол гараагүйгээс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, энэхүү маргаан Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн гэж үзэхээр байна.
19.2.Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн тайлбар хэсэгт хуульчлагдсан байсан алдангийн талаарх зохицуулалт Нийгмийн даатгалын ерөнхий /Шинэчилсэн найруулга/ хууль 2023 онд батлагдсанаар хүчингүй болж алданги гаргуулах шаардах эрхийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тусгасан. Тухайлбал, уг зүйл, заалтад “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж журамлагдсан атал давж заалдах шатны шүүх алданги шаардахтай холбоотой асуудал, захиргааны хэм хэмжээ зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох нь иргэний хэргийн шүүхэд хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хүн, хуулийн этгээдийн үйлдлийг зөрчилд тооцож, торгуулийн шийтгэл ногдуулах, ийнхүү ногдуулах эрхийг нийгмийн даатгалын улсын байцаагч хэрэгжүүлж шалгаж шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хэвээр үлдэж, алданги гаргуулах асуудал нь нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан тусгайлсан хуульд туссан байна.
19.3.Нөгөө талаар, хуулиар тогтоосон анз нь императив болон диспозитив шинжтэй байж болох бөгөөд императив шинжтэй нь талууд тохирсон эсэхээс үл хамаарч шууд шаардах эрхийг үүсгэх ба үүнд нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алданги хамаарна.
Дээр дурдсанаар гагцхүү алдангийг эрх бүхий ямар этгээд, хэрхэн тооцох журмыг өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн хуулиар тодорхойлсон байсан, энэ журмын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги гаргуулахаар шийтгэлийн хуудас бичсэн хэдий ч талуудын маргааны явцад Захиргааны хэргийн шүүхээс шийтгэлийн хуудас хүчингүй болсон, одоо Зөрчлийн тухай хууль хүчингүй болсон тул уг хуулийн дагуу нийгмийн даатгалын улсын байцаагч дахин шийтгэлийн хуудас бичих, улмаар алданги шаардах боломжгүй юм.
20.Харин зохигчийн хооронд үүссэн шийтгэлийн хуудас бичигдсэнийг эс зөвшөөрсөн маргааныг шийдвэрлэсний дараа талууд 2023.03.20-ны өдөр тухайн үеийн хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь тогтоогдсон.
Анхан шатны шүүх дээрх гэрээгээр нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.
Энэхүү гэрээ нь хариуцагчийн хуульд заасан гүйцэтгэвэл зохих тэр л үүргийн талаар буюу хуульд заасан стандартын дагуу, тухайлбал, өрийг ихэсгэсэн эсхүл бууруулсан зүйлгүй бөгөөд үүргийг гүйцэтгүүлэхдээ хугацаа, боломж олгосон агуулгатай байна.
Иймээс хуульд заасан үүргийг давхар тохиролцож буйг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул уг гэрээгээр үүрэг үүснэ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
21.Дээрх гэрээнд 2020 оны 12 сараас 2023.02.28-ны өдрийн хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй өр төлбөрт 16,453,940,988 төгрөгийг 2023 оны 03-с 2024 оны 03 сарын хооронд хуваарь тогтоон төлж барагдуулах, харин энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар ногдуулсан алдангийг хариуцагч бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн заалтууд гэрээний 1, 5, 6-д тусгагдсан.
Үүнээс хойш нэхэмжлэгчээс хариуцагчид үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, улмаар тус компанийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах мэдэгдлийг банкуудад 2023.06.15-ны болон 2023.06.16-ны өдөр, хариуцагчид улсын байцаагчийн албан шаардлагыг 2023.06.28-ны өдөр хүргүүлсэн, түүнчлэн төлбөр барагдуулах талаар хариуцагчийн төлөөлөгчтэй уулзалт хийж байсан баримтууд хэрэгт авагджээ.
Энд дурдсанаас үзвэл, нийгмийн даатгалын байцаагч бүрэн эрхийн хүрээнд төлбөр барагдуулах талаар хуульд заасан ажиллагааг хийсэн, зохигч гэрээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн өрөөс гадна хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг тухайн үеийн үйлчилж байсан хуулийн дагуу төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, иймээс гэрээний үнийн дүнгийн хэмжээнд алдангийг тооцоолж гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Гагцхүү анхан шатны шүүх алдангийг гаргуулах шаардлага гаргах хууль зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байх тул энэ алдааг шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй. Түүнчлэн анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ зүйл, заалт, хэсгийг буруу томьёолж бичсэнийг залруулав.
22.Зохигчийн байгуулсан гэрээнд 2020 оны 12 дугаар сараас 2023.02.28-ны өдрийн хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй өр төлбөрт 16,453,940,988 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч уг хугацаанаас хойш сар бүрийн төлвөл зохих шимтгэлийн өр нэмэгдэж, 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр нийтдээ 18,151,096,996.67 төгрөг болсныг зохигч маргаагүй, энэ үндэслэлээр уг өрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 1-ийн 4-т нийцсэнийг энэ тогтоолын 15-т заасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/02114 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 1-ийн 4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 25,417,887,657 /хорин таван тэрбум дөрвөн зуун арван долоон сая найман зуун наян долоон мянга зургаан зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгож, 795,034,476 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД