
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 02 сарын 10 өдөр
- Дугаар: 001/ХТ2025/0016
- Улаанбаатар хот
“Э” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,
Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн
өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0665 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2024/0720 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 40 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 06 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,
1.2.Оюуны өмчийн тухай хууль болон тус зөвлөлийн ажиллах журамд заасан хугацаанд хүсэлт /гомдол/-ийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг даалгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.“Э” ТӨҮГ-аас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ТЁ-117-12/7251 дүгээр албан бичгээр “... Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон *** дугаартай патентыг хүчингүй болгуулах”-аар Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлд ханджээ.
2.1.Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар албан бичгээр “Э” ТӨҮГ-т “... иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд танайхаас гаргасан маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” гэх хариуг хүргүүлсэн байна.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... өөрийн нэр бүхий ажилтнуудын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн үйлдлийн улмаас хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар дурдаж, Патентын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.3, 49.1.4 дэх заалтуудыг үндэслэн патентыг хүчингүй болгох хүсэлт /гомдол/ гаргасан. Маргааныг хянан шийдвэрлэх талаар идэвхтэй үйлдэл хийлгүйгээр хянан шийдвэрлэх хугацааг дууссаны дараагаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн талаарх бичгийг ирүүлсэн. Тус үйлдвэрийн газар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлүүлэх талаарх хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан. Холбогдох хууль тогтоомж зөрчиж, маргааныг хянан шийдвэрлэх хугацаанд нь шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас тус үйлдвэрийн газар нь патент эзэмшлийн асуудлаарх маргааныг шийдвэрлүүлэх боломжгүйд хүрч, бодитоор 11,771,100,000 төгрөгийн хохирол учрах эрсдэлийг үүсгэж байна” гэж,
3.1.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... иргэн Д.Э, Т.Т, Л.М, О.Э нар нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “патент эзэмшигчдийн патентыг ашиглаж олсон нэмэлт орлого буюу патентын үр шим болох 78,474,000,000 төгрөгөөс патент ашигласны 15 хувь бус 11,771,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, тус асуудалд иргэний хэрэг үүсгэсэн байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3, 34 дүгээр зүйлийн 34.3.2-т заасан эрх нээлттэй, дээрх ажиллагааг иргэний хэргийн шүүхдээ хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй. Шүүхэд хэрэг үүсгэсний дараа, хариуцагчаар татагдсаны дараа “Э” ТӨҮГ-аас гаргаж байгаа хуурамч баримт үйлдэж бүртгүүлсэн, гэрээтэй холбоотой маргаж байгаа гэх гомдол, үйлдэлд холбогдох үйл баримтыг Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөл шалган тогтоох эрх, харьяалал хуулиар олгогдоогүй” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0665 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.3, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.5, 25.4, 25.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГ-ын гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн тухай хууль, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журамд нийцүүлэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2024/0720 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1-т заасныг баримтлан “Э” ТӨҮГ-аас Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн Оюуны өмчийн тухай хууль болон бусад зөвлөлийн ажиллах журамд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О нараас магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасныг үндэслэн дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
6.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар: Хэргийн гуравдагч этгээд О.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардан авсан байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр давж заалдах гомдлыг шуудангаар хүргүүлсэн байгаа нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн атал давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч, нэхэмжлэгч талын тайлбар, хүсэлтийг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар магадлалдаа дурдсангүй.
6.2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах асуудлын талаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт хэсэгт: “... хариуцагчаас шаардсаны дагуу иргэний шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхээс албан бичиг хариуцагчид ирүүлсэн, нэхэмжлэгчээс хариуцагчид хандан гаргасан хүсэлтийн хариуг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлэхдээ маргаан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар хариу хүргүүлсэн байгаа нь хариуцагч Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийг нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэхдээ Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д заасан хугацааг хэтрүүлсэн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар гомдлыг шийдвэрлэх үүргээ хариуцагч хуульд заасан хугацаанд биелүүлээгүй болон шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн.
6.3.Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл: “Э” ТӨҮГ нь Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Патентын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг үндэслэн “Патентыг хүчингүйд тооцуулах тухай” хүсэлтийг хүргүүлсэн. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөлийн гишүүн Э.Сэлэнгийн саналаар маргаан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн. Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Маргаан шийдвэрлэх зөвлөл гомдлын дагуу маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гомдол гаргагчийн зөвшөөрлөөр шийдвэр гаргах хугацааг 30 хоногоор сунгаж болно”, “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам”-ын 3.8-т “Маргааныг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ”, 3.9-т “Энэ журмын 3.8-д заасан хугацааг Зөвлөлийн дарга нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалттай уялдуулан тооцвол хариуцагч Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөл нь бидэнд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр маргааныг шийдвэрлэж хариу өгөх зохицуулалттай.
6.4.Гэтэл ямарваа нэгэн хариу өгөөгүй учир тус үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс удаа дараа маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг хариуцагчид хүргүүлсэн. Гэвч хариуцагч нь үндсэн болон нэмэлт хугацаа (нэхэмжлэгч талын зөвшөөрлөөр сунгаж болох 30 хоног) буюу 120 хоногийн хугацаа дууссанаас хойш 11 хоногийн дараа бидэнд түдгэлзүүлсэн талаар мэдэгдэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг зөрчсөн гэж үзэж шүүхэд эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Үүнийг анхан шатны шүүхээс зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
6.5.Давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт хэсэгт: “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр ирүүлсэн маргаан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэр нь Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.4-т заасан гомдлыг хянаад гаргасан шийдвэр бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны акт гэж үзэхгүй” гэж дүгнэсэн. “Э” ТӨҮГ болон тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөл нь хуульд заасан асуудлыг шийдвэрлэж, хуульд зааснаар тогтоол гаргаагүй бөгөөд маргаан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар мэдэгдсэн албан бичиг нь хуулийн шаардлагад нийцээгүй үндэслэлгүй илт хууль бус шийдвэр болно. Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Маргаан шийдвэрлэх зөвлөл энэ хуулийн 25.1-д заасан гомдол нь үндэслэлтэй эсэхийг хянаж, маргаан гарах үндэслэл болсон шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Э” ТӨҮГ нь давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн шиг Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан асуудлаар гомдол гаргаагүй ба маргаан бүхий патентын мэдүүлэг гаргагч биш тул энэ үндэслэлээр гомдол гаргах боломжгүй юм. Харин энэ хэргийн гуравдагч этгээдүүдээс буюу мэдүүлэг гаргагч нараас Патентын тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гомдол гаргасан бол энэ үндэслэлд хамаарч болох байтал ийнхүү хуулийн заалтыг буруу тайлбарлаж дүгнэсэн.
6.6.Харин “Э” ТӨҮГ нь Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлд Патентын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг үндэслэн “Патентыг хүчингүйд тооцуулах тухай” хүсэлтийг гаргасан бөгөөд энэ үндэслэл нь Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-т заасан үндэслэлд хамаарна. Энэхүү нэхэмжлэгчийн патент хүчингүй болгуулах хүсэлтийг хариуцагч хуульд заасан хугацаанд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээх эсхүл хүчингүй болгосон тогтоол гаргах болохоос бус хуульд заасан хугацаа дууссаны дараа ямар нэгэн эрх зүйн ач холбогдолгүй албан бичиг ирүүлэх ёсгүй юм. Энэ мэтчилэн давж заалдах шатны шүүх нь хуулийн заалтыг буруу хэрэглэж, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.
Хэргийн бусад оролцогчийн байр суурь:
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Б.З нараас хяналтын гомдлыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргажээ.
7.1.Хяналтын журмаар гаргасан гомдолтой танилцан гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээд буюу патент эзэмшигч нараас Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх зөвлөлд зөвлөлийн хуралдааныг хийлгүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Дээрх нэхэмжлэлийн шаардлага болон талуудын хүсэлтийг үндэслэн Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөл 4568 дугаар патентыг хүчингүйд тооцуулах тухай гомдлыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Хяналтын журмаар гомдол гаргасны дараа хэргийн оролцогчид эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан нөхцөл бүрдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
8.Гуравдагч этгээд Д.Э, О.Э нараас “... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэх хяналтын шатны шүүх хуралдаанд *** дугаар патент эзэмшигчид болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцохгүй, тусгайлан гаргах санал хүсэлт байхгүйг үүгээр мэдэгдэж байсан” гэсэн тайлбар ирүүлсэн. Бусад гуравдагч этгээдүүдээс тайлбар, гомдол гаргаагүй болно.
9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
10.Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
11.Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн асуудлаар дараах гомдлыг Маргаан шийдвэрлэх зөвлөл хянан шийдвэрлэнэ” гээд, 25.1.5-д “бүртгэгдсэн аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт” гэж Маргаан шийдвэрлэх зөвлөлийн хянан шийдвэрлэх гомдлын нэг төрлийг хуульчилсан. Уг зүйлд заасан “... хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт” гэдэгт Патентын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан патентын эрхийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт хамаарахаар байх бөгөөд гуравдагч этгээдэд олгогдсон “Патентыг хүчингүй болгох тухай” ТЁ-117-12/7251 дугаар хүсэлт нь энэ журмаар гаргасан хүсэлт байна.
12.Хариуцагч тус хүсэлтийн хариуд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүхээс “урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэрийг захиргааны шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан “захиргааны шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ.
13.Учир нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны хүрээнд эрх бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь эрх зүйн бие даасан буюу шинэ үр дагаврыг үүсгэж байгаа бол захиргааны акт гэж үзнэ. Нэхэмжлэгч нь мэдүүлэг гаргагч биш, бусад этгээдэд патент олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж буй энэ тохиолдолд хариуцагч Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн түдгэлзүүлсэн шийдвэр нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон байна.
14.Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулж байх тул захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргаж буй хүрээнд захиргааны үйл ажиллагааг хянах учиртай.[1]
15.Нэг, Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн Оюуны өмчийн тухай хууль болон тус зөвлөлийн ажиллах журамд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд:
16.Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Маргаан шийдвэрлэх зөвлөл гомдлын дагуу маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гомдол гаргагчийн зөвшөөрлөөр шийдвэр гаргах хугацааг 30 хоногоор сунгаж болно” гэж, Патентын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Маргаан шийдвэрлэх зөвлөл нь энэ хуулийн 54.1-д заасан гомдол, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дотор хянан шийдвэрлэж, хариуг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3.8-д “Маргааныг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ” гэж, мөн Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Маргаан шийдвэрлэх зөвлөл энэ хуулийн 25.1-д заасан гомдол нь үндэслэлтэй эсэхийг хянаж, маргаан гарах үндэслэл болсон шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна” гэж хуульчилсан.
17.Өөрөөр хэлбэл, 90 хоногийн дотор гомдол үндэслэлтэй эсэх талаар шийдвэр гаргахыг хэлбэрэлтгүй зохицуулсан байхад хариуцагчийн зүгээс тогтоосон хугацаанд гомдол үндэслэлтэй эсэх талаар шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус байх бөгөөд Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам болоод Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчжээ. Анхан шатны шүүхээс “хариуцагч маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль тогтоомж журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь зөв.
18.Хоёр, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
19.Дээр дурдсанчлан, Оюуны өмчийн тухай хуульд 90 хоногийн хугацааг тогтоож шийдвэр гаргахыг үүрэг болгосон байх атал хариуцагч тус хугацаа өнгөрсний дараа “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.
20.Түүнчлэн, хариуцагч Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 2.17.8-д “гомдол, эсэргүүцэл, хүсэлт гаргагч болон холбогдох бусад этгээд хүнд өвчний учир эмчлүүлж байгаа, эрэн сурвалжлах шаардлага бий болсон, маргаантай холбоотой асуудлыг иргэний, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” гэж заасныг баримтлан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй гэдэг үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
21.Учир нь журмын 2.17.8-д иргэний, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан нь тухайн патентын хүчин төгөлдөр байдал буюу эрхийн хамгаалалтад нөлөөлөх нөхцөл байдлыг иргэний, эрүүгийн шүүхийн журмаар зайлшгүй урьдчилан шийдвэрлэх шаардлагатай тохиолдлыг ойлгохоор байна. Энэ тохиолдолд иргэний хэргийн нэхэмжлэлээр патентын үр шим, төлбөрийг шаардаж буй нь дээрх агуулгад хамааралгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн үндсэн чиг үүргийг Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “...аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаарх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий...” гэж, мөн журмын 1.1-т “...аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт зөрчсөнтэй холбогдуулан гаргасан маргааныг хянан шийдвэрлэх ...” гэж тухайлан хуульчилсан байх бөгөөд зүй нь логик дарааллын хувьд патентын хүчин төгөлдөр байдлын маргааныг шийдвэрлэсний дараа тухайн патентыг үндэслэн бусдаас үр шим, төлбөрийг шаардаж буй маргааныг хянан шийдвэрлэхээр байна.
22.Мөн нэхэмжлэгчийн гаргасан патентыг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж хүлээн авч, маргаан үүсгэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “патентыг 2017 онд гуравдагч этгээдэд олгосон тул Патентын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т “Энэ хуулийн 54.1.2-т заасан хүсэлтийг патент олгогдсон шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргана” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй.
23.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2024/0720 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0665 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
[1] Энэ талаар “О” ХХК ба Хот байгуулалт, хөгжлийн газар, УДШ, (Захиргааны хэргийн танхим) 001/ХТ2023/0024 тогтоолд мөн дурдсан.