МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар: 001/ХТ2024/00290
Улаанбаатар хот

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01405 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01402 дугаар магадлалтай,

Б-ын нэхэмжлэлтэй,

C д холбогдох

“Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаа болон уг хувьцаа болон уг хувьцааг дагалдан шилжсэн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцааж шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж, хариуцагч C, хариуцагчийн өмгөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Б нь C д холбогдуулан “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаа болон уг хувьцааг дагалдан шилжсэн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01405 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч C ээс “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч C д даалгаж, уг хувьцааг дагалдан шилжсэн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч C д даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,916 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч C ээс улсын тэмдэгтийн хураамжид 209,958 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01402 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б-ын гаргасан хариуцагч C-д холбогдох “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаа болон уг хувьцааг дагалдаж шилжсэн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг тус тус буцааж шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.17-ны өдрийн 210/МА2024/01402 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна. Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д “Улсын Дээд шүүх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх”, 25 дугаар зүйлийн 25.7.5.а-д “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 25 дугаар зүйлийн 25.7.5.б-д “хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж тус тус заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Монгол Улсын Дээд шүүх 2023.03.14-ний өдрийн 00045 дугаар тогтоолдоо “...Арилжааны гэрээний голлох тохиролцоонууд хүчин төгөлдөр боловч үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болгож байгаа ... гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгай нөхцөл болзлын дагуу “И” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Г” ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх ...” үүрэг хүлээсэн 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Тодруулбал, ирээдүйд тэргүүн ээлжид олж авах давуу эрх, буцаан худалдах, худалдан авах эрх, опцион, фючерс хэлцэл зэрэг хуульд заасан илтэд тодорхой боломж, амлалтууд үгүй бол хэзээ хэрхэн олж авах нь тодорхойгүй, өөрт байхгүй, тухайлан өөр этгээдийн өмчлөлд оршиж буй, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг ирээдүйд бусдад худалдахаар амлалт өгч хэлцэл байгуулах боломжгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Иймд энэ хэлцлийн дагуу “И” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж, тус компанийн эзэмшиж буй “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тухай тохиролцоог хүчингүй гэж үзнэ. Нэгэнт тус тохиролцоо хүчингүй тул тухайлан уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар болно. Энэ үндэслэлээр “И” ХХК-ийн эзэмшиж байгаа “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй үндсэн шаардлага хангагдах боломжгүй. Харин “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж заасны дагуу би Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар C-д хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлж өгсөн “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа буцааж авах эрхтэй болох нь хуулийн заалт болон Дээд шүүхийн тогтоолын заалтаас тодорхой харагдаж байгаа болно. Гэтэл миний нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, Давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг ихээхэн зөрүүтэй хэрэглэж байгааг харуулж байна.

Мөн намайг хариуцагч C-ээс “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардаж авах эрхтэйг Дээд шүүх тогтоолдоо тов тодорхой заасаар байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг уг шүүх Дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн гэж үзэхээс өөрөөр ойлгох ямар ч боломжгүй гэж үзэж байна. Үүнээс гадна би хариуцагч C д хүчин төгөлдөр бус хэлцлээр 10 хувийн хувьцааг шилжүүлэн өгөхдөө “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа хамт шилжүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан олон нотлох баримтаар батлагдаж байгаа. Тийм учир уг хувьцаагаа буцааж авах нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн дээрх зүйл заалт болон мөн зүйлийн 56.4 дахь заалт, Дээд шүүхийн дээрх тогтоолын ... хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавраа арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэсэн заалттай бүрэн нийцэж байхад анхан болон давж заалдах шатны шүүх хоёулаа 9 хувийн хувьцаагаа буцааж авахыг шаардсан нэхэмжлэлийг өмнө нь шүүхийн шийдвэр гарсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь хоёр шүүх хуулийг Дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Өмнө нь гаргаж байсан 9 хувийн хувьцааны талаарх нэхэмжлэл, одоо гаргаж байгаа 9 хувийн хувьцааны талаарх нэхэмжлэл нь хууль, эрх зүйн үндэслэлийн хувьд эрс ялгаатай болохыг, хоёр хувьцааг тус тусад нь нэхэмжлэх шаардлагатай болсон нь хэний буруутай үйлдлээс шалтгаалсныг, уг үйлдэл нь ямар ноцтой, хохиролтой үр дагаварт хүргэснийг тайлбарлах нь зүйтэй.

Шүүхээр хянан хэлэлцэж байгаа одоогийн нэхэмжлэл нь өмнө нь шүүхэд гаргаж түүнийг шүүх хянан шийдвэрлэсэн нэхэмжлэлээс үндэслэл, шаардлагын хувьд эрс өөр болох талаар. Б өмнө нь хариуцагч C-тэй 2018.09.26-ны өдөр УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулж, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.10-д зааснаар “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг C  нь надаас шилжүүлж авч, үүний хариуд C  нь “И” ХХК-ийн эзэмшиж байгаа “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг 2018.12.31-ний дотор өөртөө шилжүүлэн авч, дараагаар нь надад шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т “... “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаанд “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаа ноогдоно” гэж заасан ба C нь гэрээнд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй тул Б би гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, иргэн миний шүүхэд гаргаж байсан өмнөх нэхэмжлэлийн шаардлага бол иргэн C  нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир түүнээс “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцааж авах тухай нэхэмжлэл байсан юм. Би тэрхүү өмнөх нэхэмжлэлийг гаргахдаа иргэн C ийг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр гэрээний 7.2.10 болон холбогдох бусад заалтуудыг нэхэмжлэлийн үндэслэл болгож байсан боловч гэрээний эдгээр заалтуудыг анхан болон хяналтын шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзсэн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу би уг хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлээ C-ээс буцаан авах шаардлагатай болсон юм. Дээд шүүх гэрээний дээрх заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзээд хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх нээлттэй болохыг дурдсан. Нэгэнт өмнөх нэхэмжлэлийн үндэслэл болгоод байсан гэрээний дээрх заалтуудыг шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн учир ийнхүү хүчин төгөлдөр бус гэж үзсэн гэрээний заалтуудыг үндэслэн өмнөх нэхэмжлэлийг хангах боломжгүй нь тодорхой юм. Харин Дээд шүүхийн тогтоолд зааснаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавраа арилгуулах нэхэмжлэлийг шинээр гаргасан нь өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас эрс өөр юм. Тухайлбал, өмнөх нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 189.1, 206.1, 208.1, 208.7, 219.1, 219.6 дахь заалтууд болон гэрээний 7.2.10 болон холбогдох бусад заалтууд байсан бол одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалт болон Дээд шүүхийн 2023.03.14-ний өдрийн 00045 дугаар тогтоол юм. Мөн өмнөх нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зөвхөн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцааж авах тухай байсан бол одоогийн нэхэмжлэлийн шаардлага нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйл буюу “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг, түүнд ногдох “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааны хамт буцааж авах тухай юм. Дээд шүүх 00045 дугаар тогтоолдоо “... арилжааны гэрээний голлох тохиролцоонууд хүчин төгөлдөр боловч үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болгож байгаа ... гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгай нөхцөл болзлын дагуу “И” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Г” ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх...” үүрэг хүлээсэн 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Тодруулбал, ирээдүйд тэргүүн ээлжид олж авах давуу эрх, буцаан худалдаж худалдан авах эрх, опцион, фючерс Хэлцэл зэрэг хуульд заасан илтэд тодорхой боловч амлалтууд үгүй бол хэзээ хэрхэн олж авах нь тодорхойгүй, өөрт байхгүй, тухайлан өөр этгээдийн өмчлөлд оршиж буй, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг ирээдүйн бусдад худалдахаар амлалт өгч хэлцэл байгуулах боломжгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Иймд энэ хэлцлийн дагуу “И” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж, тус компанийн эзэмшиж буй “Г” ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг шилжүүлэх тухай тохиролцоог хүчингүй гэж үзнэ. Нэгэнт тус тохиролцоо хүчингүй тул тухайлан уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал ч хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар болно. Энэ үндэслэлээр “И” ХХК-ийн эзэмшиж байгаа “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй үндсэн шаардлага хангагдах боломжгүй. Харин “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй...” гэж зааснаас үзэхэд мөн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг, “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцаатай тэнцүүлэх замаар нэхэмжилж байгаа үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзсэн Дээд шүүхийн тогтоолын дүгнэлтээс үзэхэд хүчин төгөлдөр бус хэлцлээр бусдад хүлээлгэсэн үүргийг шүүхийн шийдвэрээр хангуулж болохгүй нь тодорхой учир, C-д үүрэг хүлээлгэхээр шаардсан миний нэхэмжлэлийг хангах боломжгүйг зааж, харин эрх зүйн үр дагавраа хэрхэн арилгуулах эрхтэйг тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх Дээд шүүхийн тогтоолын заалтыг үл ойшоож, хуулийг Дээд шүүхийн тогтоолд зааснаас өөрөөр хэрэглэж байгаад гайхаж байна.

“Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаанаас гадна “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг хамт буцаан авахаар нэхэмжлэл гаргах болсон шалтгааны талаар: Би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд, Иргэний хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээс 2018.09.26-ны өдөр байгуулсан УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ”-ний 7.2.10 дахь заалт болон түүнтэй адил агуулгатай гэрээний бусад заалтыг шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн учраас эдгээр заалт буюу уг хэлцлээр C-ийн эзэмшилд шилжсэн “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг, энэхүү хувьцааг дагалдан шилжсэн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааны хамт Б миний эзэмшилд буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг иргэн C д даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Би C-тэй 2018.09.26-ны өдөр УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулж, гэрээний 3.1, 8.2.1-д зааснаар өөрийн эзэмшилд байсан “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцаагаа улсын бүртгэлд хийлгэж C-д шилжүүлж өгсөн. Энэхүү гэрээг байгуулсан өдөр буюу 2018.09.26-ны өдрийн байдлаар “Э” ХХК нь өөрийн охин компани болох “Г” ХХК-ийн хувьцааны 90 хувийг, “Г” ХХК-ийн хувьцааны 61.11 хувийг эзэмшдэг байсан ба би “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшдэг учраас энэ хувьцаагаар дамжуулан “Г” ХХК-ийн хувьцааны 27 хувь, “Г” ХХК-ийн хувьцааны 18.33 хувийн эцсийн эзэмшигч, харин C  нь “Э” ХХК-ийн 70 хувийн хувьцаагаар дамжуулан “Г” ХХК-ийн хувьцааны 63 хувь, “Г” ХХК-ийн хувьцааны 42,77 хувийн эцсийн эзэмшигч байсан юм. 2018.09.26-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч Б би толгой компани болох “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцаагаар дамжуулан түүний хоёр охин компани болох “Г” ХХК-ийн 27 хувийн хувьцааг, “Г” ХХК-ийн 18.33 хувийн хувьцааг тус тус эзэмшиж байсныг улсын бүртгэлийн баримтууд тодорхой харуулж байгаа. 2018.09.26-ны өдөр дээрх УБ/189 дугаартай гэрээг байгуулж “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг түүнд шилжүүлэн өгснөөр C  нь “Э” ХХК-ийн хувьцааны 100 хувийг эзэмшигч болж уг 30 хувийн хувьцаагаар дамжин миний эзэмшилд байсан “Г” ХХК-ийн хувьцааны 27 хувь C ийн эзэмшилд хамт шилжиж, улмаар C  нь “Г” ХХК-ийн хувьцааны 90 хувийн хувьцааны эцсийн эзэмшигч болсон. Харин миний эзэмшиж байсан “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцаанд ногдох “Г” ХХК-ийн 18.33 хувийн хувьцаа болон C ийн 70 хувийн хувьцаанд ногдох 12.77 хувийн хувьцаа буюу нийт “Г” ХХК-ийн 61.11 хувийн хувьцаа “Э” ХХК-аас миний эзэмшилд шилжсэн. Мөн C нь өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй байсан “Г” ХХК-ийн хувьцааны 14 хувийн хувьцааг дээрх гэрээний дагуу надад шилжүүлэн өгснөөр би “Г” ХХК-ийн 75.11 хувийн хувьцааг эзэмшдэг болсон. Энэхүү УБ/189 дугаартай гэрээг байгуулахдаа C ийн эзэмшилд шилжиж байгаа “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааны 20 хувийн хувьцааны үнийг “Г” ХХК-ийн 56.77 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих хэлцлийг дээрх гэрээний 5.1-д, харин үлдсэн 10 хувийн хувьцааг “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих, энэхүү арилжаа хийгдээгүй тохиолдолд "Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцааж өгөх тухай хэлцлийг гэрээний 7.2.9, 9.2-д тус тус зааж баталгаажуулсан. Дээрх 20 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжихаар гэрээний 5.1-д заасан хөрөнгүүдийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу тухайн үед нь шилжүүлэн авсан учраас энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин 10 хувийн хувьцааг “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцаагаар арилжих тухай гэрээний 7.2.9-д заасан хэлцэл хэрэгжээгүй бөгөөд Иргэний хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээс 7.2.10 дахь заалт болон уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад /17.2.9, 9.1, 9.2/ заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус гэж үзсэн учир эдгээр хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу C-д шилжүүлэн өгсөн зүйлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар буцаан авах шаардлагатай болсон. Тухайн үед “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэн өгөхөд миний эзэмшилд байсан “Г” ХХК-ийн хувьцааны 27 хувь нь надаас C-ийн эзэмшилд хамт шилжсэн учраас би “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа C ээс буцааж авахдаа уг 10 хувьд ногдох “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаатай хамт авах эрхтэй юм. “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмших эрх, “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаа эзэмших эрх C ийн эзэмшилд давхар шилжсэн нь уг гэрээг байгуулсан 2018.09.26-ны өдрийн байдлаар улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн баримтууд болон эцсийн эзэмшигчийн мэдээллээр бүрэн нотлогддог. Би C тэй 2018.09.26-ны өдөр гэрээ байгуулах үед “Э” нэртэй толгой компани нь өөрийн охин компани болох “Г” ХХК-ийнхаа 90 хувийн хувьцааг эзэмшдэг байсан ба би “Э” ХХК-ийн 30 хувийг, C  70 хувийг эзэмшдэг байсан учир би “Г” ХХК-ийн 27 хувийн хувьцааг, C  63 хувийг, үлдэх 10 хувийг “Х” ЗБНөхөрлөл эзэмшдэг байсан юм. Иймд гэрээ байгуулах үед миний эзэмшиж байсан “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцаа нь “Г” ХХК-ийнхаа 27 хувийн хувьцаатай хамт C ийн эзэмшилд шилжсэн. Толгой компани нь охин компанийнхаа хувьцааг эзэмшдэг байсан болох нь улсын бүртгэлээр нотлогддог. Гэрээндээ энэ байдлыг тооны харьцаагаар илэрхийлж тусгасан. Өөрөөр хэлбэл, 100:90:70:30:63:27 гэсэн тоон илэрхийлэл нь энэ хоёр компанийн хувьцааг хэн, хэн хэдэн хувиар эзэмшиж байсныг тодорхой харуулсан, улсын бүртгэлээр баталгаажсан хэн нэгний хүсэл сонирхлоор өөрчилж үл болох, хувьцаа эзэмшигчдийн эрхийг найдвартай хамгаалсан, тэд өөрсдийн эрхээ хамгаалахад нотлох баримт болгон ашиглах эрхтэй, эрх зүйн үр дагаврын хувьд өндөр ач холбогдол агуулсан тоон үзүүлэлт байгаа юм. Хамгийн анх нэхэмжлэл гаргахдаа гэрээнд заасан бичвэр болон улсын бүртгэлийн хэлбэрийг үндэслэн C ээс “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан авахаар нэхэмжлэл гаргасан ба толгой компанийн 10 хувийн хувьцааг буцааж авсан тохиолдолд “Г” ХХК-ийнхаа 9 хувийн хувьцаа хамт шилжиж ирэх байсан нь гэрээнд заасан тоон үзүүлэлт болон улсын бүртгэлийн баримтаар тодорхой харагдаж байгаа. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч C ийн зальт арга нь сэдэрч “Э” ХХК-ийн охин компани болох “Г” ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж, “Г” ХХК-ийн хувьцаа нь “Э” ХХК-ийн эзэмшилд байсныг “САЛГАЖ” иргэний хэргийн хариуцагчийн хүлээвэл зохих үүргээс бултах оролдлого хийсэн нь дараах мэдүүлгээр давхар нотлогдож байгаа.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021.08.13-ны өдрийн 591 дугаартай яллах дүгнэлтэд: C ийн бусдыг “ЗАЛИЛАХ” гэмт хэргийн хохирогч Г гэдэг хүн мэдүүлэхдээ “... Нэг өдөр C  надад ирээд Б гэдэг хүн миний хувьцааг булааж авах гэж байна гэж хэлсэн. 2019 оны 11 сарын эхээр C  нь надтай уулзаад бусдын өр төлбөрийн улмаас “Э” компанийн нэр дээр шүүхэд нэхэмжлэл ирсэн байна. Цаашдын үйл ажиллагаанд саад учирч болзошгүй байна. Иймд танай “Ч” компани нь 75 хувийн хувьцаа эзэмшиж байгаа “Э" компаниас гараад тус компанийн охин компани болох “Г” компанийн 75 хувийн хувьцааг шууд эзэмших санал тавьсан. Үүний дагуу манай компани зөвшөөрөөд саналыг хүлээн авч, 2020.01.15-ны өдөр “Э” компанийн хувьцаа эзэмшигчээс гарч, “Г” компанийн 75-8 хувийн хувьцааг шууд эзэмшихээр гэрээгээ хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг холбогдох баримтын хамт C д өгсөн. Хүлээж байтал C нь “Э” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, “Г” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байсан...” гэж мэдүүлжээ. Энэ мэдүүлгийг өмнөх иргэний хэрэгт авагдсан C-д холбогдох залилах гэмт хэргийн дээрх яллах дүгнэлтээс хуулбарлаж авсан болно. Энэ яллах дүгнэлтийг үндэслэн C-д холбогдох “Залилах” гэмт хэргийг шүүх хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасны дагуу нэмэлт ажиллагаа хийж Чингэлтэй дүүргийн Прокурорын газар 2023.12.20-ны өдөр 837 дугаартай яллах дүгнэлт дахин үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба энэ хэрэгт C нь өнөөдрийн байдлаар 2 сар цагдан хоригдсон ба хэргийг 2024 оны 9 дүгээр сард шүүх хянан хэлэлцэхээр товлоод байгаа болно. Өмнөх яллах дүгнэлт болон одоогийн яллах дүгнэлтэд хэргийн хохирогч Г болон бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт: “Э” компани нь “Г” компанийн хувьцааг эзэмшиж байсныг нотолсон байх ба C  нь зальт арга хэрэглэж энэ хоёр компанийн хувьцааг “САЛГАЖ” бүртгүүлсэн энэ байдлаа иргэн Гийг залилах гэмт хэргийн “Арга” болгосон, намайг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дахин дахин өөрчилж 5 жил чирэгдэхэд хүргэсэн, шүүгч Д болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн толгой, тархи нь эргэж мунгинахад хүргэж, бусдад гай тарьдаг хортой үр дагавар нь одоо хүртэл үргэлжилсээр байгааг хяналтын шатны шүүх мэдэрч шударга шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна. Үүнээс шалтгаалж “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа буцааж авах нэхэмжлэлээ өөрчилж, би ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй компани болох “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа буцааж авахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүх “Э” ХХК нь “Г” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг байсан үеийн буюу 2018.09.26-ны өдөр байгуулсан гэрээний зарим заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагавраа “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа нэхэмжлэх замаар арилгах эрхтэй гэж миний хуульд заасан эрхийг илүү тодорхой, оновчтой болгож, эрхээ ямар арга замаар хамгаалахыг шийдвэртээ зааж өгсөн.

Хууль болон шүүхийн шийдвэрт зааснаар би C-тэй 2018 онд гэрээ байгуулах үед эзэмшдэг байсан хувьцаануудаасаа түүнд хэлцлээр шилжүүлж өгсөн хувьцааны зарим хэсэг болох “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаа, “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа буцааж авах эрхтэй юм. Өнөөдрийн байдлаар C  нь дээрх хоёр компанийн хувьцааг тус тусад нь 100 хувь эзэмшиж байгаа учир хамгийн анхны байдлаарх шиг зөвхөн “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа нэхэмжилбэл “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа буцааж авч чадахгүйд хүрнэ, зөвхөн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа буцааж авахаар нэхэмжлэл гаргавал “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа буцааж авч чадахгүйд хүрнэ. Иймд энэ хоёр компанийн хувьцаагаа хамт буцааж авахаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзсэн болно. Хэрвээ 2018 онд гэрээ байгуулах үеийн улсын бүртгэл хэвээрээ байсан бол би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дахин дахин өөрчлөх шаардлагагүй байсан төдийгүй шүүхэд ч ийм их чирэгдэл учрахгүй байх, хугацаа алдаж сунжрах байдал гарахгүй байх боломж, бололцоо байв. Дээд шүүх нь хариуцагч C-ийн зальжин аргыг соргогоор мэдэрч, өөрт учирсан эрх зүйн үр дагавраа хэрхэн хуулийн дагуу арилгуулах эрх надад нээлттэй болохыг өмнөх тогтоолдоо дурдаж өгснөөр түүнийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр биш, харин C-ийг бусдыг төлөөлөх эрхгүй атлаа надтай хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай учир уг хэлцлээр шилжүүлж авсан зүйлээ буцааж өгөх замаар надад учирсан эрх зүйн үр дагаврыг арилгах үүрэгтэй, би арилгуулах эрхтэй болсондоо баяртай байгаа. Өөрөөр хэлбэл, би 2018 онд байгуулсан гэрээний зарим хэсэг болох хүчин төгөлдөр бус гэрээний заалтаар C д шилжүүлж өгсөн 2 төрлийн хувьцаагаа буцааж авах эрх зүйн үндэслэл нь Иргэний хуульд тодорхой заагдсан байх ба шүүх гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусад тооцсон нь шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэж миний нэхэмжлэлийг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Дээрх байдлаар би нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа дахин дахин өөрчлөх болсон шалтгаан нь “Э” ХХК-ийг өөрийн охин компани болох “Г” ХХК-ийнхаа хувьцааг эзэмших эрхгүй болгон “САЛГАЖ” улсын бүртгэлд бүртгүүлсэн C ийн санаатай, зальжин аргаас болсон юм. Ингэж “САЛГАЖ” бүртгүүлэх аргаар тэр надад “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцааж өгөхгүй бултах зорилготой байсан нь гэрч Гийн эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлгийн агуулгаас бүрэн ойлгогдож байгаа. Харин “Э” ХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй учир түүний хувьцаа нь ямар ч үнэ цэнэгүй ба түүний охин компани болох “Г” ХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг тул энэ компанийн 9 хувийн хувьцааг C  надад буцааж өгөх сонирхолгүй байх нь мэдээж бөгөөд би 9 хувийн хувьцаагаа буцааж авах сонирхолтой байх нь бас мэдээж учир энэхүү ашиг сонирхлын зөрчлөөс болж маргаан 5 дахь жилдээ үргэлжилж байгааг шүүх энэ удаа эцэс болгон шийдвэрлэж өгнө гэж итгэж байна. C  нь хувьцаа эзэмшигчдийн улсын бүртгэлийг дахин дахин өөрчлүүлэх, хүчингүй болгуулах аргаар улсын бүртгэлд “сиймхий” гаргах аргаар залилах гэмт хэргээ үйлдсэн нь улсын бүртгэгч Г-гийн өгсөн яллах дүгнэлтэд туссан мэдүүлэгт авагджээ. C нь бараг 5 жилийн өмнө БНХАУ-ын иргэн Г-той уулзаж түүнд намайг дээрэмчин мэтээр ойлгуулж, “Г” ХХК-ийн хувьцааны талаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулж чадсан нь намайг олон жил шүүхээр явж чирэгдэх, саймширч очсон Г-ийгоо залилах гэмт хэргийн хохирогч болох нөхцөлийг урьдчилан бүрдүүлж байсан нь тодорхой байсан юм. Хууль бус арга нь өөрийг нь гэмт хэрэг үйлдэх урьдчилсан нөхцөл болсноор өнөөдөр энэхүү "залилах" гэмт хэрэгтээ шийтгүүлэх болоод байгааг дахин хэлье. Түүний "залилах" гэмт хэргийн хэрэгсэл нь нөгөө л “Г” ХХК-ийн хувьцаа ба уг компанийнхаа 75 хувийн хувьцааг гадаад улсын иргэнд худалдаж, улмаар тэдэнтэй хамтран ажиллана гэж ойлгуулж тэднээс 8.8 тэрбум гаруй төгрөг авсан боловч тэдэнд нэг хувийн хувьцаа ч өгөлгүй өнөөдрийг хүрч хохироосон гэмт хэрэгтэн болоод байгаа. Хэрвээ C нь хууль дээдэлдэг, үнэнч шударга иргэн байсан бол “Г” ХХК-ийн 75 хувийн хувьцаагаа тэдэнд худалдана гэснээрээ өгч, үлдэх 25 хувийн хувьцаанаасаа надад 9 хувийн хувьцааг маань тохирсон ёсоор маргалдалгүйгээр буцаан өгч, үлдэх 16 хувийн хувьцаагаа өөрөө эзэмшиж, 8.8 тэрбум төгрөгөө өөрийн дураар захиран зарцуулаад тэрбумтан шиг явах боломж байсан ба тийм боломж бүрдэхэд 2018.09.26-ны өдрийн Арилжааны гэрээгээр миний “Э” ХХК-ийн хувьцааны 30 хувийг, “Г” ХХК-ийн хувьцааны 27 хувийг шилжүүлж авсан нь шууд нөлөөлсөн юм. Энэ гэрээний талаар C нь надтай олон жил маргалдсан боловч үнэн ялж “Э” ХХК-ийн 20 хувийн хувьцааны талаарх маргаан, “Г” ХХК-ийн 18 хувийн хувьцааны талаарх маргаан шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн ба шийдвэрүүдийг хэрэгт хавсаргасан болно. Одоо энэхүү гэрээнээс үүсэлтэй маргаанаас үлдсэн 10, 9 хувийн хувьцаагаа буцааж авах асуудлаа шүүхээр шударгаар эцэслэн шийдвэрлүүлэх нь миний эрхэм зорилго болоод байгаа болно.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг батлах, нотлох баримтууд хэргийн материалд авагдсан талаар. Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдолдоо толгой компани болох “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг, ямар үндэслэлээр түүний охин компани болох “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаатай хамтад нь буцаан шилжүүлж авах шаардлагатай болсныг өмнө дэлгэрэнгүй тайлбарласан ба тэдгээр тайлбарууд нь хэрэгт авагдсан ямар, ямар нотлох баримтуудад үндэслэгдэж байгаа талаар тайлбар гаргах нь:

Хавтаст хэрэгт авагдсан, нарийвчлан судалж, үнэлж дүгнэх онцгой шаардлагатай нотлох баримтуудыг үйлдэгдсэн цаг хугацааны дарааллаар нь, нотолгооны агуулгатай нь холбон тайлбарлах нь хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тайлбарт тухайн нотлох баримтуудын байрлаж байгаа хавтас болон хуудасны дугаарыг тэмдэглэв. Тухайн үед “Э” ХХК нь “Г” ХХК-ийн 90 хувийн хувьцааг эзэмшиж байсныг батлах нотлох баримтууд

4.1.2018.05.31-ний өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын “хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн мэдээлэл” Энэ баримтаар тухайн үед “Э” ХХК нь “Г” ХХК-ийн нийт хувьцааны 64.7 хувийг эзэмшдэг байсан учраас Б би “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцаагаараа дамжуулан “Г” ХХК-ийн хувьцааны 19.41 хувийн эцсийн эзэмшигч байсан нь, C нь “Э” ХХК-ийн 70 хувийн хувьцаагаараа дамжуулан “Г” ХХК-ийн хувьцааны 45.29 хувийн эцсийн эзэмшигч байсан нь тус тус нотлогдоно. Мөн энэ баримтаар “Г” ХХК-ийн хувьцааны 25.3 хувийг “И” ХХК-аар дамжуулан иргэн Ж, 10 хувийг “Х” ЗБН-р дамжуулан нэр бүхий 7 иргэн эзэмшиж байсан нь нотлогдоно. Мөн “Г” ХХК-ийн дүрмээр дээрх гурван ААН-үүд энэ компанийн хувьцаа эзэмшигчид байсан нь нотлогдоно.

4.2.2018.07.20-ны өдрийн Улсын байцаагчийн 1480 дугаартай дүгнэлт. Энэ баримтаар "Г” ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч “Э” ХХК нь “Г” ХХК-ийн 25.3 хувийн хувьцаагаа “И” ХХК-д шилжүүлэн бүртгүүлсэн 2013.04.23-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон учраас “Э” ХХК нь буцаад “Г” ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болсон нь нотлогдоно.

4.3.2018.09.26-ны өдөр C, Б нарын хооронд УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 7.2.9, 7.2.10 дугаар заалтууд болон 9 дүгээр зүйлээр Б-оос C-д шилжүүлэн өгсөн “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааны 10 хувь нь уг гэрээний 7.2.10-д заасан үүргийн төлбөрт урьдчилан шилжүүлсэн төлбөр болох нь нотлогдоно. Мөн энэхүү 9.2 дугаар заалтад “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаанд “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаа ноогдохыг заасан нь гэрээний талууд энэхүү 2 хувьцааны эрх хамтдаа шилжиж байгааг харилцан баталгаажуулж үйлдсэн бичгийн нотлох баримт юм.

4.4.2018.09.27-ны өдөр “Г” ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болох “Э” ХХК, 10 хувийн хувьцаа эзэмшигч болох “Х” ЗГБХ нөхөрлөлүүд хуралдаж “Г” ХХК-ийн гэрчилгээг шинээр авах, дүрмийг нь дахин бүртгүүлэх тухай шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэр болон түүний дагуу авсан 2018.09.28-ний өдрийн гэрчилгээ, бүртгүүлсэн дүрэм зэрэг баримтуудаар дээрх 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай гэрээг байгуулах үед “Г” ХХК-ийн 90 хувийн хувьцааг “Э” ХХК, 10 хувийн хувьцааг “Х” ЗГБХ нөхөрлөл тус тус эзэмшиж байсан нь тус тус нотлогдоно.

Б.C  нь “Г” ХХК-ийн хувьцааг буцааж өгөхгүй байх зорилгоор түүнийг толгой компани болох “Э” ХХК-аас салгаж улсын бүртгэлд бүртгүүлснийг батлах нотлох баримтууд

а.2018.12.31-ний өдрийн байдлаар C  нь УБ/189 дугаартай гэрээний 7.2.10-д заасан “И” ХХК-ийн эзэмшилд байгаа “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг тус ХХК-аас холбогдох хууль, журмын дагуу “Э” ХХК-ийн эзэмшилд буцаан авч, 2018.12.31-ний өдрийн дотор Б талын эзэмшилд шилжүүлж бүртгүүлэх ... үүргийг биелүүлээгүй байсан.

б.2019.08.13-ны өдөр Б нь “Э” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч С-д буцаан шилжүүлэн өгч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч C-д даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргаж, дээрх УБ/180 дугаартай гэрээний 7.2.10-р зүйлд заасан үүргийн төлбөрт тооцож урьдчилан шилжүүлсэн “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа C-ээс буцаан нэхэмжилсэн. Анх “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг нэхэмжилж байсан нь Дээд шүүхийн 2023 оны 001/XT2023/00045 дугаартай тогтоолын 8-р нүүрэнд дурдагдсан агуулгаар нотлогдож байгаа.

в.2019.09.24-ний өдөр C нь “2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээд шүүхийн 2023 оны 001/XT2023/00045 дугаартай тогтоолд дурдагдсан агуулгаар нотлогдож байгаа.

г.2020.01.31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн “Г” ХХК-ийн дүрэм. Энэ баримтаар хариуцагч C  нь “Г” ХХК-ийн хувьцааг түүний толгой компани болох “Э” ХХК-ийн эзэмшлээс салган, өөрийнхөө нэр дээр шилжүүлж бүртгүүлсэн нь нотлогдоно. Ингэж C  нь “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг дагалдан эрх нь шилжих ёстой байсан “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг салгаж бүртгүүлсэн учраас Б нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа C-ээс нэхэмжлэхээс өөр аргагүй байдал үүссэн.

д.2021.12.07-ны өдөр Б нь нэхэмжлэлийн шаардлагаа “Г” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч С-д буцаан шилжүүлэн өгч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч C-д даалгах” гэж өөрчилсөн. Иргэний хэргийн шүүхийн 2022 оны 183/ШШ2022/02747 дугаартай шийдвэрт дурдагдсан агуулгаар нотлогдож байгаа.

В.Иргэний хэргийн шүүхэд одоогийн нэхэмжлэл гаргах шаардлагатай болсныг батлах нотлох баримтууд

а.2023.03.14-ний өдөр дээрх 183/2019/02300/И дугаартай иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж Дээд шүүхийн 001/XT2023/00045 дугаартай тогтоол гарсан. Энэхүү тогтоолоор нэхэмжлэлийн үндэслэл болгож байсан 2018.09.26-ны өдөр УБ/189 дугаартай гэрээний 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад заалтууд болох “И” ХХК-г төлөөлөх эрхгүйгээр “Г” ХХК-ийн 23.89 хувийг шилжүүлэх тухай буюу 7.2.9-р заалт, 9-р зүйлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон учир Б нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх гэрээний 7.2.9, 7.2.10, 9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлээ C-ээс буцаан авах шаардлагатай болсон.

б.2023.04.24-ний өдөр Б нь “Иргэний хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээс 2018.09.26-ны өдөр байгуулсан УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ”-ний 7.2.10 дахь заалт болон түүнтэй адил агуулгатай гэрээний бусад заалтыг шүүх хүчин төгөлдөр бусад тооцсон учраас эдгээр заалт буюу хэлцлээр C ийн эзэмшилд шилжсэн. “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг, уг хувьцааг дагалдан шилжсэн “Г” ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааны хамт Б миний эзэмшилд буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг иргэн С-д даалгаж өгнө үү.” гэсэн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Дээр дурдсан баримтууд нь: Толгой компани болох “Э” ХХК нь охин компани болох “Г” ХХК-ийн 90 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Энэ үед Б, C  нар УБ/189 дугаартай гэрээ байгуулж хоорондоо харилцан хувьцаа арилжсан. C  нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Б “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа түүнээс буцааж нэхэмжилсэн. Гэтэл C  нь “Г” ХХК-ийн хувьцааг “Э” ХХК-ийн эзэмшлээс салгаж, бултуулан өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Үүнээс болж Б нь “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг дагалдан буцаж шилжих ёстой байсан “Г” ХХК-ийн 0-4 хувийн хувьцаагаа буцаан олж авахын тулд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа нэхэмжилсэн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн үндэслэл болох УБ/189 дугаартай гэрээний 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад заалтууд буюу 7.2.9-р заалт, 9-р зүйлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд Б хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлэн өгсөн зүйлээ буцааж авахаар нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримтуудыг нотолж байгаа юм.

Хэрвээ C  “Э” ХХК-ийн эзэмшлээс “Г” ХХК-ийг салгаагүй байсан бол Б нь толгой компани болох “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа буцааж авснаар түүний охин компани байсан “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаа эзэмших эрх дагалдан Бын эзэмшилд шилжих байсан юм. C  нь энэ хоёр компанийн хувьцаа эзэмшлийн хамааралтай байдлыг салгаж бүртгэл хийлгэснээр Б 10 хувийн хувьцаагаа буцааж авсан ч 9 хувийн хувьцаа эзэмших эрх сэргэхгүй байх ноцтой, хохиролтой үр дагавар бий болгосон учраас энэ хоёр компанийн хувьцааг хамтад нь буцааж авах нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл анхан шатны шүүх “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг C д үлдээж, түүнээс зөвхөн “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Бын өмчийг улсын бүртгэлийн аргаар завших боломжийг C д олгож, тэр хэмжээгээр Б миний эрх, ашгийг хохироосон шийдвэр болсон. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь итгэмээргүй явдал боллоо. Иймд энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдүүлж, өөрт учирсан хохиролтой үр дагаврыг арилгуулахаар Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байгаа юм.

Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлээр C ийн эзэмшилд шилжсэн “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг, уг хувьцааг дагалдан шилжсэн “Г” ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааны хамт Б миний эзэмшилд буцааж шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр бус хэлцлээс надад учирсан хохиролтой үр дагавар бүрэн арилах болно. Хариуцагч C  түүний төлөөлөгч, өмгөөлөгчид шүүхэд хэргийн талаар хуульд заасан журмын дагуу мэтгэлцсэн эсэх талаар.

Нэхэмжлэлийг хариуцагч C  нь 2023 оны 6 дугаар сард хүлээн авсан боловч тэр миний нэхэмжлэлийг няцааж үгүйсгэх ямар нэгэн нотлох баримт болон тайлбарыг өнөөдрийг хүртэл шүүхэд ирүүлээгүй байгаа болно. Харин C  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд элдвээр саад учруулж шүүхээс шийдвэр гаргуулахгүй удаашруулах зорилгыг эрхэмлэж явсаар 1 жил гаруй хугацааг өнгөрүүлж чадсан байна. Дээрх хоёр компанийн хувьцаагаа буцааж авахаар анх 2019 онд нэхэмжлэл гаргасан боловч C ийн элдэв арга, заль мэх болон түүний буруутай байдлаас шалтгаалан миний маш тодорхой нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэлгүй 5 жил болж би болон миний төлөөлөгч, өмгөөлөгчид, мөн шүүх ихээхэн чирэгдэж байгаад харамсаж байна. Иргэн C  нь шүүхээс 2023 оны 6 дугаар сард нэхэмжлэл гардан авснаас хойш надтай шударгаар мэтгэлцэхийн оронд олон удаа өмгөөлөгчөө солих, өөрөө шүүхэд ирэхгүй байх зэргээр шүүхийн ажилд ихээхэн саад учруулсаар байсан болно. Тухайлбал тэр өмгөөлөгч сонгож авахдаа шүүх хуралдаан товлосон өдрийн өмнөх өдөр өөр өмгөөлөгч авч, тэр нь шүүх хуралдаанд ирж, хэргийн материалтай танилцах шаардлагатай гэсэн хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан одон удаа хойшилж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Эцэстээ өмгөөлөгч нь болон өөрөө шүүхэд ирэхгүй байсны улмаас түүнийг шүүхэд албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж гарч байсан ч C  бас л үл тоосон учир түүнийг болон өмгөөлөгчийг нь тус бүр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан хэдий ч тэр өөрөө шүүхэд ирээгүйн зэрэгцээ өмгөөлөгчөө урьдын адил сольсоор байсан юм. Эцэст нь шүүгч хариуцагч болон өмгөөлөгчийг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй байна гэж үзэж, тэднийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Дашрамд дурдахад C  нь бусдад хувьцаагаа худалдах, хамтарч ажиллах нэрээр бусдаас 8.8 тэрбум гаруй төгрөг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан “Залилах” гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2024 оны 4 дүгээр сарын сүүлчээс 2 сар цагдан хоригдсон ба 9 дүгээр сард хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа болно. Хэргийн зарим материал буюу түүнд холбогдох Эрүүгийн хэргийн 2023.12.20-ны өдрийн яллах дүгнэлтийн агуулгаас үзэхэд C  хохироогоогүй зөвхөн өөрөө хохирч яваа гэх “жүжгээ” тоглосон байсан. Тухайлбал тэрээр миний хувьцааг хүн дээрэмдэж авах гээд байна, гэрээ байгуулахдаа бусадтай хамтарч хүч хэрэглэн гарын үсэг зурууллаа, намайг айлган сүрдүүлж төөрөгдүүллээ гэж тайлбар, мэдүүлэг өгдөг зальт зангаа давтсаар өмч, хөрөнгө, хувьцаагаа дээрэмдүүлсэн мэт худал мэдээлэл тарааж байсан эрүүгийн хэргийн материалд авагдсан түүний мэдүүлгийн агуулга нь иргэний хэргийн шүүхэд олон жил өгч байсан тайлбарын агуулгатай давхацсан шинжтэй, өөрөөр хэлбэл иргэний хэргийн шүүхэд ч, эрүүгийн хэргийн шүүхэд ч яг адилхан тайлбар, мэдүүлэг өгч жүжиглэдэг, надад ч, бусдад ч адилхан хандаж эрээ цээргүй гүтгэдэг, өөрөө хохирогчийн дүр эсгэж, “жүжиг” тоглож яваа ч хэр зэрэг байгааг хуулийн байгууллагууд үнэн мөнөөр нь ойлгож эхэлж байгаа бололтой. Миний мэдэхээр Шүүх, Прокурор, Цагдаа, Авлигатай тэмцэх газар, шүүхийн Сахилгын хороог маш олон жил ажлын ачааллыг нь зохиомлоор нэмэгдүүлж, ямар ч үндэслэлгүй олон гомдол, мэдээлэл, өргөдөл бичиж олон албан тушаалтан, олон иргэнийг чирэгдүүлж үйлийг нь үзлээ. Одоо түүнд хуулийн байгууллагаас шударга үнэнийг хэлж ойлгуулах цаг ирсэн, тэгэх ч ёстой гэж бодож байна. Хариуцагч C  нь хэнээр өөрийгөө төлөөлүүлэх, хэнийг өмгөөлөгчөө болгох нь түүний хуулиар олгосон эрх боловч тэд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хууль болон нотлох баримтад үндэслэн шударгаар мэтгэлцэхгүй, үйл барилтын талаар баримт нотолгоогүйгээр хоосон ярих төдийхнөөр мэтгэлцсэн дүр эсгэж байна. C  нь миний гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэсэн, няцаасан талаар ямар ч нотлох баримт анхан шатны шүүхэд ирүүлээгүй юм. Түүний анхан шатны шүүхэд гаргасан тайлбар нь 3 дугаар хавтаст хэргийн 59, 60-р хуудаст нийт 2 хуудас материал хэрэгт авагдсан байгаа. Түүнтэй хяналтын шатны шүүх анхааралтай танилцан судалж, үнэлэлт дүгнэлт өгнө гэдэгт итгэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхэд C ийг төлөөлсөн төлөөлөгч болон өмгөөлсөн өмгөөлөгчид ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй нь үнэн учир давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай ямар ч хамааралгүй зүйл ярьцгааж шүүх бүрэлдэхүүнийг залхаасан боловч харамсалтай нь залхаасан үгэнд ач холбогдол өгч тэдний баримт, нотолгоогүй ярьсан үгийг үндэслэн, тэдний үгээр хэрэгт үнэлэлт дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гайхах багадна. Шүүгч та бүхэн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж судлахдаа миний бичсэн гомдол үнэнд нийцсэн эсэхийг шалган тогтооно биз дээ. Энэ талаар гомдлын 6 дахь хэсэгт илүү тодорхой, ойлгомжтой бичсэн болно. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хэргийг хүлээн авч уншиж, судалсан шүүгч тодорхой, ойлгогдохоор, дэлгэрэнгүй илтгэж танилцуулсныг зориуд тэмдэглэхийг хүслээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн гайхаад барамгүй шийдвэр гаргасанд гомдолтой гэхээс өөр хэлэх үг алга.

Шүүхүүд хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлын талаар ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүйн улмаас хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа талаар: Өмнөх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, Дээд шүүхийн тогтоолд заасан үнэлэлт дүгнэлтээс үзэхэд одоо гаргаж байгаа нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар өмнө нь шүүхийн шийдвэр гарсан гэж үзэх хууль зүйн ямар ч үндэслэлгүй ба Дээд шүүх тогтоолд “... “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй...” гэж онцлон заасаар байхад энэ заалт болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэл болгон гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн ямар ч үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн хоёр шаардлагыг “салгаж” шийдвэр гаргах эрх зүйн ямар ч боломжгүй гэж үзэж байна. Учир нь 2018 оны 9 сард намайг C-тэй хувьцаа арилжиж тухай гэрээ байгуулах үед буюу уг хэлцлээр “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг би C-д шилжүүлэх үед уг компани нь охин компани болох “Г” ХХК-ийнхаа 90 хувийн хувьцааг эзэмшдэг байсан ба гэрээнд “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаанд “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно гэж тодорхой заасан байхад энэхүү 10 хувийн хувьцаа болон “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг C-ээс гаргуулахгүй байх ямар хуулийн үндэслэл байгааг тодорхой заасангүй.

Би Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан болохоор хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйл болох “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаа болон түүний охин компани болох “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааны эцсийн эзэмшигч байснаа шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үед хангалттай нотолсон ба энэ явцад хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлд дээрх 2 компанийн хувьцаа хамаарах нь тодорхой болсон. Энэ ажиллагааны үр дүнд миний “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаа нь “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаатай адилхан хэлцлээр шилжүүлсэн зүйлд хамаарах хувьцаа учир хамт буцааж авахаар нэхэмжилж байгаа юм байна, “Г” ХХК-ийн хувьцаатай холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд гаргаж байсан өмнөх нэхэмжлэл нь одоо гаргаж байгаа нэхэмжлэлээс үндэслэл, шаардлагын хувьд тэс өөр нэхэмжлэл юм байна гэдэг нь маш тодорхой болсон юм. Шүүх хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцааж авч, өгөлцөх талаар ямар нэгэн шийдвэр өмнө нь гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үнэн, бодитой, хуулийн үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой байсан. Шүүх шийдвэртээ өмнө нь шүүхийн шийдвэр байгаа гэж үзсэн үндэслэлээ огт заагаагүй. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн тогтоолд одоо гаргаж байгаа нэхэмжлэлтэй яг адилхан хэрэг шийдвэрлэсэн байна гэж үзэх ямар агуулга, үндэслэл байгааг огт заагаагүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ болсон үйл баримт, гэрээний болон маргааны утга, агуулга, өмнөх болон одоогийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ямар ялгаатай болохыг ойлгоогүй байна гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Дээд шүүхийн 2023.03.14-ний өдрийн 00045 дугаартай тогтоолын үнэлэлт дүгнэлтийн агуулгатай сайтар танилцаж бүрэн дүүрэн зөв ойлголт авч, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас өрөөсгөл шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Шүүгч Д нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2023.05.01-ний өдөр хүлээн авахаас татгалзсан тухай захирамж гаргахдаа: Дээд шүүх тогтоолдоо “... Нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн талаар дурдсан байна...” гэж бичсэн, ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 10 хувийн хувьцааг, 9 хувийн хувьцаатай хамт Б миний эзэмшилд буцаан шилжүүлж, бүртгүүлэхийг C-д даалгуулах гэсэн нь ойлгомжгүй, уг асуудлыг шийдвэрлэсэн байхад дахин нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй ...” гэсэн. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг ойлгоогүй атлаа дахин нэхэмжлэл гаргасан гэж бичсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй бичвэр болсон байсан ба энэ бичвэрийг шүүхийн эрх зүйн дүгнэлт гэж үзэхэд хэцүү зүйл байсан. Мөн Захирамждаа “... нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй...” гэжээ. Гэтэл миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл болон Монгол Улсын Дээд шүүхийн 2023.03.14-ний өдрийн 00045 дугаартай тогтоол бөгөөд иргэн C-д хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйл буюу хоёр компанийн хувьцааны тодорхой хувийг буцааж авахыг нэхэмжилсэн нь уг нэхэмжлэлийн шаардлага юм. Иймд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж дүгнэх ямар ч үндэслэлгүй байсан учир дээрх захирамжид гомдол гаргасны дагуу тухайн шүүхийн 3 шүүгч Шүүхийн тогтоол гаргаж уг захирамжийг хүчингүй болгож, улмаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хүчин төгөлдөр бус хэвшлээр шилжүүлсэн хувьцаануудыг тодорхой болгосны эцэст шүүх шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзсэн ба захирамжийг хянан хэлэлцэх үед хэлцлийн дагуу 2 төрлийн хувьцаагаа C-д шилжүүлж өгсөн эсэхээ нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаар батлах үүрэгтэй гэж хэлж байсны дагуу би хэлцлээр C-д шилжүүлж өгсөн 2 төрлийн хувьцааны талаар хангалттай нотлох баримт гаргаж өгсөндөө итгэлтэй байна. Ийм баталгаа нотолгоо нь C бид хоёроос шууд хамааралгүйгээр Улсын бүртгэлийн байгууллагын баримт материалаар нотлогдож байгаа тул уг баримтад эргэлзэх, тээнэгэлзэх, хардах, сэрдэх зүйл байхгүй. Тийм ч учир C нь надтай мэтгэлцэж чадахгүй, тэгэх ямар ч боломжгүйгээ сайн ойлгож мэдэж байгаа учир шүүхэд ирэхгүй байх, шүүх хуралдаанд саад хийхээс өөрийг санаж бодсонгүй бололтой. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн 2018 оны 9 дүгээр сард “Г” ХХК-ийн хувьцааг хэн хэн эзэмшиж байсан, уг компанийн хувьцааны 90 хувийг “Э” гэж нэртэй толгой компани эзэмшиж байсан юм бол энэ толгой компанийн хувьцааг хэн, хэн хэдэн хувиар эзэмшиж байсан бэ? Энэ 2 компанийн хувьцааны эзэмшлийн хэмжээг харуулсан тоон үзүүлэлтүүд нэхэмжлэгч, хариуцагч хоёроос үл хамаарч хоорондоо ямар ч зөрүүгүй яагаад таараад байгаа юм бэ? Энэ улсын бүртгэлд тусгагдсан тоон үзүүлэлтүүд нь хэний ч хүсэлт, шаардлагаар үгүйсгэх, өөрчлөх, няцаах боломжгүй хөдөлбөргүй нотлох баримт юм биш үү? гэсэн асуултыг нэхэмжлэгч, хариуцагч нараас асууж тайлбарыг сонсох нь шударга ажиллагаа болох байлаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан бичвэрийн агуулгаас үзэхэд шүүгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан үеийн сэтгэхүй, тэр үеийн итгэл үнэмшилдээ үнэнч хэвээрээ байгаа нь харагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйл баримт маш тодорхой болж, асуудалд тал бүрээс нь хандаж шүүх үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт хийж шударга шийдвэр гаргах нөхцөлийг нэхэмжлэгчийн хувьд бүрдүүлсэн гэж үзэж байгаа болно. Хууль зүйн хувьд болсон үйл баримтын эцсийн үр дүнг эрх зүйн үр дагавар гэж үздэг. Тийм болохоор зөвхөн “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа буцааж авах нь хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагавар бүрэн арилж байгаа хэрэг огт биш бөгөөд дээрх хувьцааны хамт шилжүүлсэн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа хамт шилжүүлж авах нь хэлцлийн эрх зүйн эцсийн үр дагавар бүрэн арилж байгаа хэрэг юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “... хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх” гэж “бүх” гэдэг үгийг онцгойлон зааж өгсөн нь маргааныг төгс, нэг мөр дуусгаж байхыг зохицуулсан заалт болохыг хяналтын шүүх анхаарч үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн Дээд шүүхийн 00045 дугаартай тогтоолд “... нэхэмжлэгч надад “Э” ХХК-н 10 хувийн хувьцаагаа буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй...” гэж тодорхой, ойлгомжтой, өргөн агуулгаар зааж өгсөн байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан “бүх” гэдэг үгийн утга, агуулга, зорилго, зохицуулалттай бүрнээ нийцэж байгааг шүүх дахин анхаараасай. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй ба харин уг хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр хариуцагч C-д шилжүүлэн өгсөн 2 төрлийн хувьцаагаа буцааж авах эрх зүйн үр дагавар үүснэ. Ийм үр дагавраа арилгуулах эрхтэйг Дээд шүүх тогтоолдоо заасаар байхад анхан шатны шүүх уг тогтоолын заалтыг хагас дутуу, давж заалдах шатны шүүх огт биелүүлэхгүй байгаа нь харамсалтай. Мөн Дээд шүүх тогтоолдоо миний эрхийн талаар заахдаа намайг зөвхөн “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа буцаан авах эрхтэй гэж явцуу утгаар биш, харин тэр хувьцаагаа буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрхтэй гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан ...Бүх зүйлээ... гэсэн хуулийн заалт, агуулга, зохицуулалттай бүрнээ нийцэж байгааг хяналтын шүүх дахиад анхаараасай.

Гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн эцсийн шийдвэр 2023.03.14-ний өдөр гарснаар надад хүчин төгөлдөр бус хэлцлээр C-д шилжүүлж өгсөн хувьцаануудаа буцааж авах эрх зүйн үндэслэл бүрэлдэж байгааг Дээд шүүх тогтоолдоо маш тодорхой зааж өгсөн болно. Харин гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч C-ээс “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа буцааж авах тухай өмнөх нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж эцсийн шийдвэр гарсан нь харин ч нэхэмжлэлээ хуульд заасан өөр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өргөтгөн гаргаж өөрт учирсан эрх зүйн үр дагавраа нэг мөр бүрэн арилгуулах эрх надад үүссэн юм. Өмнө нь гаргаж байсан нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь C бид хоёрын хооронд байгуулсан 2018.09.26-ны өдрийн Арилжааны гэрээ байсан бөгөөд гэрээний зарим заалтууд хүчин төгөлдөр бус болохыг шүүх нэгэнт эцэслэн тогтоосон учир тийнхүү шүүхээс хүчин төгөлдөр бус болгосон гэрээний заалтуудыг үндэслэн миний өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангах ямар ч боломжгүй нь тодорхой ба харин гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус болгосон шүүхийн эцсийн шийдвэр болох Дээд шүүхийн тогтоол болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэн хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж авах эрхийнхээ дагуу 9 хувийн хувьцааны талаар эрх зүйн өөр үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад энэ талаар шүүхийн шийдвэр байгаа гэж 2 шүүх үзсэнийг хэрхэвч зөвшөөрч боломгүй. “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг, “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй үндсэн шаардлага, хангагдах боломжгүй гэж Дээд шүүх дүгнэснээс үзэхэд, өмнөх нэхэмжлэл нь “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэл байсныг нотолж байгаа хэрэг бөгөөд хүчин төгөлдөр бус гэрээгээр шилжүүлсэн 9 хувийн хувьцаагаа буцааж авах талаар гаргасан одоогийн нэхэмжлэлийг Дээд шүүхээс дүгнэлт хийсэн өмнөх нэхэмжлэлийн үндэслэлтэй адилтган үзэж шүүхийн шийдвэр өмнө нь гарсан гэж үзэх хуулийн ямар ч үндэслэлгүй бөгөөд шүүхийн өмнөх шийдвэр нь “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг гэрээнд заасан үүргийн дагуу надад C авч өгч чадаагүй гэсэн үндэслэлээр 9 хувийн хувьцаагаа буцааж авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс гаргасан шийдвэр юм.

Өөрөөр хэлбэл, Арилжааны гэрээний 9.1-д А тал нь “И” ХХК-ийн эзэмшилд байгаа “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг тус компаниас холбогдох хууль, журмын дагуу “Э” ХХК-ийн эзэмшилд буцаан авах ажиллагааг гүйцэтгэж, энэ ажиллагаанд шаардагдах бүх зардлыг бүрэн хариуцна, 9.2-т Энэхүү гэрээний 9.1 дүгээр зүйлд заасан нөхцөл хэрэгжсэн тохиолдолд А тал нь “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг Б талын өмчлөлд шилжүүлнэ. 9.1 дүгээр зүйлд заасан нөхцөл хэрэгжээгүйгээс дээрх хувьцааг Б талд шилжүүлэх боломжгүй болсон тохиолдолд түүний нөхөн төлбөрт тооцож Б талд үл маргах журмаар нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг Монгол банкны тухайн үеийн ханшаар тооцож төлөх, эсхүл “Э” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийн хувьцааг Б талд эргүүлэн шилжүүлэх үүрэг хүлээнэ. “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаанд “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно гэсэн заалтуудыг өмнөх нэхэмжлэлийн үндэслэл болгосон нь харагдана. Дээд шүүх миний өмнө нь нэхэмжлэл гаргахдаа үндэслэл болгосон гэрээний дээрх заалтуудыг хүчингүй болгосон атлаа эдгээр хүчингүй болгосон заалтуудаа үндэслэж миний өмнөх нэхэмжлэлийг яаж хангах билээ. Өмнөх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь миний C-тэй байгуулсан гэрээний дээрх заалтууд байсан ба нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцааж авах тухай байсан бол одоогийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь хуулийн 56 дугаар зүйл болон Дээд шүүхийн 2023.03.14-ний өдрийн 00045 дугаартай тогтоол ба нэхэмжлэлийн шаардлага нь “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаа, “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцаан авах асуудал юм. Ийнхүү нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь өмнөх нэхэмжлэлээс эрс өөр байхад одоо гаргасан нэхэмжлэлийн талаар өмнө нь шүүхийн шийдвэр гарсан байна гэж шүүхүүд үзсэн нь дэндүү өрөөсгөл шийдвэр боллоо. Хамгийн анх буюу 2019 оны 8 дугаар сард би C-ээс “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа буцааж авахаар нэхэмжлэл гаргаж байсан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаагаа буцааж авахаар нэхэмжилсэн боловч харин одоо “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа, “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааны хамт буцааж авахаар нэхэмжлэл гаргах болсноо гомдлын 3-р хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн болно. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болсон үйл баримт, дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцэхгүй байна гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Дээд шүүх тогтоолдоо хэрхэн дүгнэснийг дахин тодруулбал, уг тогтоолын 19-р талд “... “И” ХХК-ийн эзэмшиж байгаа “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй үндсэн шаардлага хангагдах боломжгүй. “И” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Г” ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх...” үүрэг хүлээсэн 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна...” гэснийг хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нягт холбон үзэж шүүхүүд шийдвэрээ гаргах үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, хоёр шүүх нь одоогийн нэхэмжлэлийг өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай харьцуулан судалж эрх зүйн дүгнэлт хийхийн оронд өмнөх нэхэмжлэлийн талаарх 3 шатны шүүхийн дүгнэлтийг одоо гаргаж байгаа шийдвэрийнхээ үндэслэлийг болгож байгаагаас шалтгаалж 9 хувийн хувьцааны талаар өмнө нь шийдвэр гарсан гэж өнгөц дүгнэлт хийгээд, шинээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар шүүгчид өөрийн гэсэн ямар ч үнэлэлт дүгнэлт хийхийг хүсэхгүй байгаад үнэхээр харамсаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дахь заалтыг, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хэрхэн тооцохыг зохицуулсан 56.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс нэхэмжлэгчид учруулсан хохирол, гэм хорыг хэрхэн нөхөн төлөх үүргийг зохицуулсан 56.6 дахь заалтыг шүүхийн хэрэглэж хэвшсэн жишигт нийцүүлж зөв сонгон хэрэглэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүх миний хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн хоёр төрлийн хувьцааны аль нэгийг буцаан шилжүүлэх шийдвэр гаргавал би эрх зүйн үр дагавраа хагас дутуу арилгуулах, хоёр хувьцааг буцаан шилжүүлэхгүй гэсэн шийдвэр гаргавал би эрх зүйн үр дагавраа огт арилгуулж чадахгүйд хүрэх ба ийм тохиолдолд надад учирсан үр дагавар цаашид бодит хохирол болон хувирч илүү ноцтой үр дагаварт хүрэхээр байхад шүүхүүд энэ байдалд мэдрэмжтэй хандахын оронд “Зөрүүдэлсэн болхи авир” гаргаж байгаад бид ихээхэн гайхширч байна. Шүүх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ ердөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5, 56.6 дахь заалтыг зөв тайлбарлан сонгож хэрэглэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой байсан. Миний одоогийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл, шаардлага маш тодорхой, шүүхээс хэрэглэх хуулийн зүйл, заалт мөн тодорхой байсаар байхад анхан шатны шүүх нь өмнөх нэхэмжлэлийг шүүхүүд шийдвэрлэхдээ хийсэн хууль, эрх зүйн үнэлэлт дүгнэлтийг үг үсгийн зөрүүгүй бүр бичвэрийн дугаартай нь хуулбарлан авч шийдвэртээ бичсэн, давж заалдах шатны шүүх нь C-ийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд ярих төдий хэлсэн үгийг үндэслэл болгож, хий хоосон амаар ярьсан, ямар ч баримт, нотолгоогүй тайлбарт ач холбогдол өгч, түүний үгээр дүгнэлт хийсэн нь магадлалын бичвэрийн агуулгаас тодорхой харагдаж байгааг шүүх онцгой анзаарна байх. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэн нь учир зүй нь тодорхойгүй олон зүйл ярьсныг биш, хэн хууль болон нотлох баримт ярьж байгаад нухацтай хандаж байх зарчим баримтлах байв. Шүүх хуралдаанд хариуцагч талын оролцогчид хуулийн заалт огт дурдаагүй ба нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэх, няцаах ач холбогдолтой ямар ч нотлох баримт зааж хэлэлцүүлээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэрэг, маргааны жинхэнэ бодит байдалтай огт нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлээр бусдад шилжүүлж өгсөн хувьцаагаа буцааж авахыг шаардсан нэхэмжлэл гаргасан байхад хүчин төгөлдөр бусад тооцсон гэрээний заалт болон нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй зүйлийн талаар үнэлэлт дүгнэлт хийсэн байгаа нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явуулж, тэр хүрээнд үнэлэлт дүгнэлт өгнө гэсэн хуулиар зохицуулсан журмыг ноцтой зөрчсөн байна. Шүүх хуралдааны мэтгэлцээн ч тэр хүрээнд явагдах ёстой байтал хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны журмыг дахин дахин зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй зүйл ярьж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Шүүх шийдвэр гаргахдаа өмнө нь шүүхээс үнэлэлт дүгнэлт хийж, шийдвэр гаргасан өөр хэргийн үйл баримтын талаар дахин дүгнэлт хийсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан байна. Шүүх ингэж шаардлагагүй зүйлд санаа тавьж тодорхойгүй, ойлгомжгүй олон зүйл бичихийн оронд өмнөх шүүхийн шийдвэрээр 2018 онд байгуулсан арилжааны гэрээний аль аль заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн талаар зөв ойлголт авч, тэрхүү хүчин төгөлдөр бус хэлцлээр иргэн Б нь хариуцагч C-д нэхэмжлэлд заасан хувьцааг шилжүүлж өгснийг баталж, ямар ямар нотлох баримт хэрэгт авагдсаныг, түүнийг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт байгаа эсэхэд л дүгнэлт өгөх учиртай байтал тэгсэнгүй.

Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ зөвхөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглэх байтал хадуурч Иргэний хуулийн 492.1.1 дэх заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд “бүдүүлэг” алдаа болжээ. Шүүх хэрэг маргаан болсон үйл баримтын талаар ямар дүгнэлт хийсэн, тэр нь гаргасан шийдвэрт нь хэрхэн нөлөөлсөн байгаа талаар дурдвал: Давж заалдах шатны шүүх нь шүүхийн өмнөх шийдвэрээс маш их зүйл хуулбарлан авч Магадлалдаа тусгасан нь илүүц зүйл болсон нь тодорхой харагдаж байгаа учир тэр тухай орхиж, хэргийн талаар өөрсдийнх нь хийсэн дүгнэлт болон дүгнэлт хийгээгүй орхисон зүйлийн талаар бичих нь зүйтэй гэж үзэв.

Магадлалын 15-р хуудаст “Түүнчлэн C нь “И” ХХК-ийн эзэмшилд байдаг “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “Э” ХХК-д шилжүүлэн авч улмаар Б-ын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байна” гэжээ. Тийм. Гэрээгээр тийм үүрэг хүлээсэн боловч энэ заалтыг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ заалтыг Магадлалдаа тусгаж өгсөн атлаа ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхисныг юу гэж ойлгохоо мэдэхгүй байна. Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлд тус тус зааснаар “Э” ХХК-ийн 20 хувийн хувьцааны үнийг “Г” ХХК-ийн 75.11 хувийн хувьцаа дээр MV-12512 тоот дугаартай тусгай зөвшөөрлийг нэмсэнтэй тэнцүү гэж, харин үлдэх 10 хувийг “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцаатай тэнцүү гэж тодорхойлсон бөгөөд “Г” ХХК-ийн хувьцаа арилжих талаар тухайлан тохироогүй байна гэжээ. Тухайлан тохироогүй гэж үзэж болохгүй. Энэ талаар хяналтын гомдлынхоо 3-р хэсэгт маш тодорхой, ойлгомжтой тайлбарлаж бичсэнийг Дээд шүүхийн шүүгчид анхаарна уу.

Анхан болон Давж заалдах шатны шүүх энэ байдлыг ойлгож зөв дүгнэлт хийхийг огт хүсэхгүй байгаа. Гэрээнд “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаанд “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно гэж маш тодорхой тусгагдсан байгаа. Ногдоно гэсэн гэрээний заалтын агуулгад бодитой хандаж, хууль зүйн дүгнэлт хийхийн оронд өнгөц хандаж мэдэн будилжээ. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн шүүхийн өмнөх шийдвэрийн үгэнд өнгөц хандаад, шүүхийн шийдвэр гарсан байна гэж хэлтэл нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон ба Давж заалдах шатны шүүх нь тухайлан тохироогүй байна гэж бичих нь шүүхийн дүгнэлт огт биш бөгөөд яагаад тухайлан тохироогүй гэж үзсэн үндэслэл нь шүүхийн дүгнэлт байх ёстой байсан. Яагаад 10 хувьд 9 хувь ногдоно гэж гэрээндээ тухайлан онцолж тусгаад байгаагийн учрыг олох нь хамгийн гол байх байсан. Улсын бүртгэл болон гомдлын агуулгаас бодит байдал болон 9 хувь ногдоно гэж тухайлан заасны учир шалтгаан бүрэн ойлгогдоно. C ийн санаа, зорилго, зальт аргыг шүүх бодит байдлаар ойлгохгүй байгаад харамсаж байна. Гомдлын 3-р хэсэгт тайлбарлаж бичсэн зүйлд шүүгчид нухацтай хандаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү.

Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгах хүсэлтэй гэсэн боловч Улсын Дээд шүүхээс талуудын “И” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж тус компанийн эзэмшдэг “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тохиролцоог хүчингүй гэж тогтоосонтой холбоотойгоор уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар гэж дүгнэсэн болохоос “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар бөгөөд арилгуулах эрхтэй гэж дүгнээгүй байна гэжээ. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн ямар ч үр дагаврыг арилгуулахаар шаардах нь түүний хуулиар олгосон эрх юм. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх багасгах нь нэхэмжлэгчийн бүрэн эрх байдаг. Дээд шүүх толгой компанийн хувьцаа эзэмшигч нь охин компанийнх нь хувьцааг давхар хамт эзэмших эрхтэй байсныг урьдчилан тогтоож тогтоолдоо зааж өгөх үүрэггүй бөгөөд Дээд шүүх тогтоолдоо хэлцлийн үр дагаврыг арилгуулах эрхийн талаар огт заагаагүй орхисон байсан ч нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар эрх зүйн ямар ямар үр дагаврыг арилгуулахаар шаардах нь миний эрх юм. Тийм учир хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцааж авахаар шаардах нь үр дагавраа арилгуулж байгаа нэг арга хэлбэр мөнөөс мөн. Шүүхийн дээрх дүгнэлтийг нөгөө л үгээр хөөцөлдсөн, хэлбэр төдий, бодитой бус, явцуу хандлагын нэг гэж үзэхээр байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Дээд шүүхийн тогтоолын агуулгыг тал бүрээс нь бүрэн байдлаар хуульд нийцүүлэн зөв ойлгож хэрэгжүүлэхийн оронд энд тэндээс нь таслан авч өөрсдийнхөө хүсэл, сонирхолд нийцүүлэн элдвээр хэлж, гомдлын бай болгож байгаад хуульчийн хувьд харамсаж байна. Шүүгчид нь иргэн хүнд эрх зүйн үр дагавраа арилгуулах эрхтэй гэж Дээд шүүх дүгнээгүй байна гэж хэлээд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үнэхээр ичгэвтэр. “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар гэж Дээд шүүх дүгнэсэн нь уг компанийн 20 хувийн хувьцааны хувьд цаашид ямар нэгэн үр дагавар үүсэхгүй, шүүхийн эцсийн шийдвэр гарсан гэснийг онцолж заасан ба харин “Г” ХХК-ийн хувьцааны талаар энэ хэсэгт дурдаагүй ба 10 хувийн хувьцаагаа буцаан шаардах замаар эрх зүйн үр дагавраа арилгуулах эрхтэй гэж тогтоолдоо тусад нь заасныг 2 шатны шүүх үл тоож байна. Зөвхөн 10 хувийн хувьцаагаа буцааж авахаар шаардах эрхтэй гэж заагаагүйд 2 шатны шүүх анхаарал хандуулж өгөхгүй байна. Б нь “Э” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг эзэмшигч байсны хувьд тухайн хувьцааны хэмжээгээр дамжиж охин компани болох “Г” ХХК-ийн хувьцааны 27 хувийг өөрт нь хамааралтай гэж тайлбарлаж байгаа ч зохигчдын байгуулсан арилжааны гэрээнд энэхүү хувьцааны үнийг тухайлан тодорхойлоогүй байх тул “Э” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааны үнэлгээнд багтсан гэж үзэхээр байна гэжээ. Энэ дүгнэлтийг хэн ч ойлгохгүй. Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой бичигдэх хуульд заасан шаардлага бий. Хувьцааны үнийн талаар хэн ч маргаагүй нэхэмжлэлд тийм үг хаана ч байхгүй. Улсын Дээд шүүхийн 2023.03.14-ний өдрийн 001/XT2023/00045 тоот тогтоолд дурдсанаар зохигчид 2018.09.26-ны өдөр хувьцаа, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ байгуулахдаа “И” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Г” ХХК-ийн 23.89 хувийг Бод шилжүүлэхээр тохиролцсоныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож, улмаар “И” ХХК-ийн эзэмшиж байгаа “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаатай хувь тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй Б-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж дүгнэсэн гэжээ. Энэ дүгнэлт өмнө нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргаж байсан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ хийж байсан дүгнэлт юм. Одоогийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагавраа арилгуулах буюу уг хэлцлээр C-д шилжүүлж өгсөн хувьцаагаа буцааж авах тухай нэхэмжлэл байхад энэ нэхэмжлэлийг шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэж үзээд байгааг яаж зөв ойлгуулахаа мэдэхгүй байна. Шүүх хуралдаанд болон давж заалдах гомдолдоо үндэслэлээ хангалттай нотолж тайлбарласан боловч шүүх ойлгохгүй байна. Иймд гомдолдоо энэ талаар дахин дахин бичсэнийг минь Хяналтын шатны шүүх хүлээж авахыг хүсэж байна.

Магадлалын 16 дугаар хуудаст “Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагын хувьд зохигчдын хооронд байгуулсан гэрээний зорилго, гэрээний зүйл, арилжааны тохиролцоог зөв тогтоогоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна” гэжээ. Гэрээний зорилго, зүйл, тохиролцоог зөв тогтоогоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэснийг хэрхэн ойлгох вэ? Хууль ёсны, үндэслэл бүхий байх тухай ойлголт нь шүүхээс үйлдэгдэх эрх зүйн баримт бичигт тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг тодорхойлсон эрх зүйн ойлголт. Шүүх хуулийг зөв хэрэглэх, шийдвэр нь нотлох баримтад үндэслэгдсэн байх шалгуур үзүүлэлтийг гэрээтэй холбон дүгнэлт хийсэн нь хоорондоо ямар ч хамааралгүй асуудлыг хүчээр холбож бичсэн нь буруу болжээ.

Улсын Дээд шүүхийн 2023.03.14-ний өдрийн 001/XT2023/00045 тоот тогтоолд “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тохиролцоог хүчингүй гэж тогтоосноос зохигчдод “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр тохиролцооны үр дагаврыг арилгах эрхтэй гэж дүгнэсэн хэдий ч талууд тухайн гэрээ, хэлэлцээрийн дагуу гэрээний зүйлийг шилжүүлэн авч гэрээ зохих ёсоор хэрэгжсэн байх тул буцаах үр дагавар байхгүй буюу арилжааны гэрээний үнэ бүрэн төлөгдөж дууссан байна гэжээ. Гэрээний заалтууд зохих ёсоор хэрэгжиж дууссан, үр дагавар байхгүй, гэрээний үнэ төлөгдсөн гэнэ. Давж заалдах шатны шүүх ингээд биччихээр гэрээ бүрэн хэрэгжээд, гэрээний зүйлийн үнэ бүрэн төлөгдөж дууссан, ямар ч үр дагавар байхгүй гэж үзэх үү. Шүүхийн энэ дүгнэлт гэгчийг C-ийн өмгөөлөгч Д-ын шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт үндэслэн бичсэн байна. Тэмдэглэлийг судалж үзнэ үү. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь нэг ч нотлох баримтад үндэслэгдээгүй, зохиол шиг бичигдсэн шинжээрээ үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу Б уг хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлээ C-ээс буцаан авах эрхтэй болсон учир анхан болон ханалтын шатны шүүхээс 2018.09.26-ны өдөр байгуулсан УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ”-ний 7.2.10 дахь заалт болон түүнтэй адил агуулгатай гэрээний бусад заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн учраас энэхүү хэлцлээр C ийн эзэмшилд шилжсэн “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг, уг хувьцааг дагалдан шилжсэн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааны хамт Б миний эзэмшилд буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг иргэн C-д даалгаж өгнө үү гэсэн миний нэхэмжлэлийг бүрэн хангасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.17-ны өдрийн 210/МА2024/01402 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.4-т “Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр...” байна гэж, мөн хуулийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Монгол Улсын Дээд шүүхийн 2023.03.14-ний өдрийн 001/XT2023/00045 дугаар тогтоолын 24 дэх хэсэгт “Арилжааны гэрээний голлох тохиролцоонууд хүчин төгөлдөр боловч үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болж байгаа ... гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгай нөхцөл болзлын дагуу “И” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Г” ХХК-ийн нийт хувьцааны 23,89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх...” үүрэг хүлээсэн 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад заалтууд Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус эд хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ”-ний 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий 9.2 дахь хэсэг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг дээрх Улсын дээд шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг. Нэхэмжлэгч тухайн үед дээрх гэрээний үүргийн биелэлт, гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүхэд хандсан байсан бөгөөд шүүхээс дээрх хэлцлийн дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй, уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус болохыг дээрх шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн билээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний зарим хэлцэл дээрх шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч миний бие арга буюу хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс үүсэх үр дагавар хариуцагч талд шилжүүлсэн хувьцаа, хувьцааны эрхээ буцаан шилжүүлж авахаар 2023 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл дахин шүүхэд хандан өнөөдрийг хүрлээ. Улсын Дээд шүүхийн 2023.03.14-ний өдрийн 001/ХТ2023/00045 дугаартай тогтоолоор хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хэсэгт “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй” гэх шийдвэр өнөөдрийг хүртэл амьдралд биеллээ ололгүй цаасан дээр үлдээд байна. Улсын дээд шүүхийн тогтоолыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь зөрүүтэй тайлбарлаж, 2024.07.17-ны өдрийн 210/MA2024/01402 дугаар магадлалын 8 дахь хэсэгт “...хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгах эрхтэй гэж дүгнэсэн хэдий ч талууд тухайн гэрээ, хэлэлцээрийн дагуу гэрээний зүйлийг шилжүүлэн авч, гэрээ зохих ёсоор хэрэгжсэн байх тул буцаах үр дагавар байхгүй...” хэмээн дүгнэжээ. Иймд, хууль зүйн үндэслэлгүй, нэгэнт улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн тогтоогдсон үйл баримтыг үндэслэлгүйгээр өөрөөр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/01402 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.” гэжээ.

6.Нэхэмжлэгч Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Б нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.08-ны өдрийн 001/ШХТ2024/01298 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгч Б нь хариуцагч C-д холбогдуулан “...хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг, “Г” ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...хариуцагчтай УБ/189 дугаартай гэрээг байгуулахдаа C-ийн эзэмшилд шилжиж байгаа “Э” ХХК-ийн 30 хувийн хувьцаанаас 20 хувийн хувьцааны үнийг “Г” ХХК-ийн 75,11 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих хэлцлийг гэрээний 5.1-д, харин үлдсэн 10 хувийн хувьцааг “Г” ХХК-ийн 23,89 хувийн хувьцаатай тэнцүүлэн арилжих, энэхүү арилжаа хийгдээгүй тохиолдолд “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцааж өгөх тухай хэлцлийг гэрээний 7.2.9, 9.2-т тус тус зааж баталгаажуулсан, ... 20 хувийн хувьцааг тэнцүүлэн арилжихаар гэрээний 5.1-д заасан хөрөнгүүдийг шилжүүлэн авсан учраас энэ талаар маргаангүй, харин 10 хувийн хувьцааг “Г” ХХК-ийн 23,89 хувийн хувьцаагаар арилжих тухай гэрээний 7.2.9-д заасан хэлцэл хэрэгжээгүй бөгөөд Иргэний хэргийн анхан болон хяналтын шатны шүүхээс 7.2.10 дах заалт болон уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад /7.2.9, 9.1, 9.2/ заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус гэж үзсэн, ...Дээд шүүхийн тогтоолд зааснаар эдгээр хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу C-д шилжүүлэн өгсөн зүйлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар буцаан авах эрхтэй тул хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж авах буюу “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаа, түүнийг дагаж шилжсэн “Г” ХХК-ийн 9 хувьцааг буцаан авах эрхтэй, ... шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардаж байна” гэж тайлбарласан.

Хариуцагч C нь нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хувьцаа шилжүүлэхтэй холбоотой асуудлаар Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу Австрали Улсын Н /хуучин нэрээр М/ компаниас уг гэрээг цуцлах мэдэгдэл өгч, 2016.07.28-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчингүйд тооцож дуусгавар болгосонтой холбоотой маргааныг шийдвэрлэхгүйгээр энэ нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй, мөн уг асуудлаар эрүүгийн журмаар шалгаж байгаа тул энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...талууд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах эсэх талаар маргасан... Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.03.14-ний өдрийн 001/ХТ2023/00045 тогтоолд “...арилжааны хэлцлийн дагуу “И” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж, тус компанийн эзэмшиж буй “Г” ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг шилжүүлэх тухай тохиролцоог хүчингүй гэж үзнэ. Нэгэнт тус тохиролцоо хүчингүй тул тухайлан уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар болно. ... “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардаж байна гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг хангасан байна.

Харин нэхэмжлэгч нь “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг дагалдан шилжсэн “Г” ХХК-ийн хувьцааны 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “Г” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Бод буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг гурван шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг хариуцагч C-ээс гаргуулахаар шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хоёр шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн байх тул шүүх уг шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж үзжээ.

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Б нь шаардлагын үндэслэлээ хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгах гэсэн боловч Улсын дээд шүүхээс ... “И” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж тус компанийн эзэмшдэг “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэхээр талуудын хийсэн тохиролцоог хүчингүй гэж тогтоосонтой холбоотойгоор уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар гэж дүгнэсэн болохоос “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар бөгөөд арилгуулах эрхтэй гэж дүгнээгүй байна. Мөн Б нь “Э” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг эзэмшигч байсны хувьд тухайн хувьцааны хэмжээгээр дамжиж охин компани болох “Г” ХХК-ийн хувьцааны 27 хувийг өөрт нь хамааралтай гэж тайлбарлаж байгаа ч зохигчдын байгуулсан арилжааны гэрээнд энэхүү компанийн хувьцааны үнийг тухайлан тодорхойлоогүй байх тул “Э” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааны үнэлгээнд багтсан гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй” гэж дүгнэсэн.

“Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагын тухайд “..зохигчдын хооронд байгуулсан гэрээний зорилго, гэрээний зүйл, арилжааны тохиролцоог зөв тогтоогоогүйгээс “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагыг хангасан нь буруу буюу хэрэгт цугларсан баримтаар зохигчдын байгуулсан арилжааны гэрээний 2, 3, 4 дүгээр зүйлд заасан гэрээний тохиролцоо бүрэн хэрэгжиж, талууд гэрээний зүйлийг хүлээн авсан байна.  Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн 2023.03.14-ний өдрийн 001/ХТ2023/00045 тоот тогтоолд “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тохиролцоог хүчингүй гэж тогтоосноос зохигчдод “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгах эрхтэй гэж дүгнэсэн хэдий ч талууд тухайн гэрээ, хэлэлцээрийн дагуу гэрээний зүйлийг шилжүүлэн авч, гэрээ зохих ёсоор хэрэгжсэн байх тул буцаах үр дагавар байхгүй буюу арилжааны гэрээний зүйлийн үнэ бүрэн төлөгдөж дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

10.Нэхэмжлэгч Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцэж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ. 

11.Нэхэмжлэгч Б болон хариуцагч C нар нь 2018.09.26-ны өдөр №УБ/189 тоот “Хувьцаа, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай” гэрээ байгуулж, гэрээгээр “Э” ХХК-ийн эзэмшилд байгаа хувьцаанууд, зарим дагалдах хөрөнгүүдийг талууд өөр хоорондоо харилцан солилцож арилжихтай холбогдон үүсэх харилцааг нарийвчлан зохицуулахаар тохиролцсон байх бөгөөд энэ гэрээтэй холбоотой зарим маргааныг иргэний хэргийн гурван шатны шүүх хянан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.09.28-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Б, Т нарын нэхэмжлэлтэй C-д холбогдох “Г” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б-д буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж 183/ШШ2022/02747 шийдвэр гарсан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.04-ний өдрийн 210/МА2023/00081 магадлалаар шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулсан.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.03.14-ний өдрийн 001/ХТ2023/00045 тогтоолоор Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хариуцагч C-д холбогдуулан гаргасан “Г” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэл, нэхэмжлэгч Б-д холбогдуулан гаргасан 2017.06.09-ний өдрийн “М” компанитай байгуулсан “Э” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “Г”  ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай хариуцагч C ийн сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэгч Бод холбогдуулан гаргасан 2016.08.09-ний өдрийн “Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “Э” ХХК-ийн 30 хувийн эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “Г” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, MV-5707А болон MV-021408 дугаартай 539,2кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан гаргуулахыг даалгуулах тухай гуравдагч этгээд “Э” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хариуцагч C-ээс 153,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

12.Нэхэмжлэгч нь дээр дурдсан хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хариуцагчаас шаардсан байх бөгөөд хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

13.Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагын хувьд зохигчдын хооронд байгуулсан гэрээний зорилго, гэрээний зүйл, арилжааны тохиролцоог зөв тогтоогоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д нийцсэнгүй. Тухайлбал, давж заалдах шатны шүүх “... зохигчдын байгуулсан арилжааны гэрээний 2, 3, 4 дүгээр зүйлд тус тус заасан гэрээний тохиролцоо бүрэн хэрэгжиж, талууд гэрээний зүйлийг хүлээн авсан байна. Улсын дээд шүүхийн 2023.03.14-ний өдрийн 001/ХТ2023/00045 тоот тогтоолд “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тохиролцоог хүчингүй гэж тогтоосноос зохигчдод “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгах эрхтэй гэж дүгнэсэн хэдий ч (талууд тухайн гэрээ, хэлэлцээрийн дагуу гэрээний зүйлийг шилжүүлэн авч, гэрээ зохих ёсоор хэрэгжсэн байх тул буцаах үр дагавар байхгүй буюу арилжааны гэрээний зүйлийн үнэ бүрэн төлөгдөж дууссан байна)” гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд, талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсний үр дүнгээр хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, талууд мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг зөрчсөн байна. Иймээс хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлын энэ хэсгийг хангана.

14.Давж заалдах шатны шүүхийн “... талууд тухайн гэрээ хэлэлцээрийн дагуу гэрээний зүйлийг шилжүүлэн авч, гэрээ зохих ёсоор хэрэгжсэн байх тул буцаах үр дагавар байхгүй буюу арилжааны гэрээний үнэ бүрэн төлөгдсөн” гэх агуулга бүхий дүгнэсэн нь адил талуудын хооронд 1 гэрээнээс үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын тогтоолд дүгнэгдсэн үйл баримтыг өөрөөр тогтоосон гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцсэнгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн тогтоолд “... энэ хэлцлийн дагуу “И” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж, тус компанийн эзэмшиж буй “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тухай тохиролцоог хүчингүй гэж үзнэ. Нэгэнт тус тохиролцоо хүчингүй тул тухайлан уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар болно. Энэ үндэслэлээр “И” ХХК-ийн эзэмшиж байгаа “Г” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй үндсэн шаардлага хангагдах боломжгүй. Харин “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй“ гэж дүгнэсэн бөгөөд тус тогтоол хүчин төгөлдөр байна.

15.Хариуцагч маргаан бүхий арилжааны гэрээний дагуух төлбөрт тусгай зөвшөөрөл болон бусад объектыг шилжүүлсэн гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тодорхойлсон. Арилжааны гэрээний үндсэн үүрэгт дурдагдсан МV-012512 дугаартай тусгай зөвшөөрөл нь талуудын хооронд үүссэн өмнөх маргааныг шийдвэрлэх явцад “Э” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг шийдвэрлэх явцад нэгэнт дүгнэгдсэн байна.  

16.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэж, /Тогтоолын 8/ хариуцагч C-ээс “Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч C-д даалгаж, уг хувьцааг дагалдан шилжсэн “Г” ХХК-ийн 9 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч C-д даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

17.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01402 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 419,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                  Н.БАТЧИМЭГ

                                                                                           Н.БАЯРМАА

                     П.ЗОЛЗАЯА

                                                                                            Д.ЦОЛМОН