МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар: 001/ХТ2024/00287
Улаанбаатар хот

Г.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/02244 дүгээр шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01464 дүгээр магадлалтай,

 

Г.М-ын нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 12,851,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч “М” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 12,851,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/02244 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-аас 12,851,549 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 220,575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.М-т олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01464 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/02244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.25-ны өдөр төлсөн 220,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч “М” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 181/ШШ2024/02244 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.22-ны 210/МА2024/01464 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1 Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсгийн 6.2-т “Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас хуулийн төсөл Улсын Их хуралд өргөн мэдүүлж, хууль батлагдсан нь даатгагч байгууллага өөрөө мэдэх боломжтой нөхцөл байдал учир Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1 дэх хэсэгт “Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй” гэж заасныг даатгуулагч зөрчсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хуулиар тусгайлан тухайн харилцааг зохицуулсан даатгуулагчийн мэдээлэх үүргийн харилцааг өөр харилцаатай төсөөтэй хэрэглэж, даатгагч байгууллага өөрөө мэдэх боломжтой нөхцөл байдал гэж дүгнэлт өгсөн нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл даатгуулагчийн мэдээлэл өгөх үүргийг, үйл баримт гэж адил төрөлд хамааруулан үзэж байгаа нь материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д заасан даатгуулагчийн үүрэг нь гэрээ байгуулахаас өмнө болон дараа нь даатгуулагчийн мэдээлэл өгөх үүрэг ба гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд даатгуулагчийн гүйцэтгэх дагалдах чанарын үүргийг энэ зүйлд зохицуулсан гэж үзэж байна. Гэрээ байгуулахаас өмнө мэдээлэл өгөх нь даатгагч эрсдэлийг цаг тухайд нь тооцох боломжийг бүрдүүлэх зорилготой. Мэдээлэх үүрэг бүхий нөхцөл байдал нь дийлэнх тохиолдолд даатгуулагчийн орон зайд хамаарах нөхцөл байдал байдаг. Өөрөөр хэлбэл даатгуулагчийн өгөх мэдээлэл нь даатгагч болзошгүй эрсдэлийг заавал шалгах албагүй байхаар дэлгэрэнгүй тодорхой байх ёстой. Даатгуулагч хэт болгоомжгүйн улмаас мэдээлэлгүй байх нь хангалтгүй бөгөөд аюул учирч болзошгүй гэсэн дан ганц сэжиг, эсхүл ялимгүй хэмжээний буюу түр зуурын нөхцөл байдлын талаар ч зайлшгүй мэдэгдэх үүрэгтэй ба учирч болох аюулын талаарх бүхий л эрсдэлийн талаар даатгагчид мэдээлнэ. Даатгуулагч энгийн хүний хувьд ач холбоотой гэж үзсэн бүхий л нөхцөл байдлын талаар мэдээлэх ёстой. Мөн хэд хэдэн даатгуулагч байгаа тохиолдолд бүгд мэдээлэх үүрэгтэй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Иргэний хуулийн 436.6-д зааснаар даатгуулагч мэдээллийг бичгээр гарган өгнө гэж заасан байдаг ч нэхэмжлэгч болон бусад даатгуулагч нар (нэр бүхий 16 зээлдэгч) энэ үүргээ биелүүлээгүй нь нотлогдож байхад шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй, даатгагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2 УИХ-аас 2023.04.21-ний өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан, нэхэмжлэгч нь 2023.02.03-ны өдөр цалингийн зээл авснаар хариуцагчтай цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг байгуулсан байдаг. Аливаа аж ахуйн нэгж татан буугдах, өөрчлөгдөх зэрэг нь шүүх болон хариуцагчийн хувьд илэрхий үйл баримт биш, эсрэгээр тухайн байгууллагын хүний нөөц болон нэхэмжлэгчид илэрхий үйл баримт байтал даатгагчийг мэдэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн ба энэхүү үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй үйл баримтад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгсөн зэрэг нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

“Нийтэд” илэрхий үйл баримт гэсэн ойлголтын шинжийг Улсын дээд шүүх “Шүүхийн шийдвэрийн тухай” 2006.04.24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.3. дахь заалтад “нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаас сан татан буугдахтай холбоотой бүхий л процесс сангийн ажилчдад ил тод байсан бөгөөд сангийн ажилчид мэдээллийн давуу байдлаа ашиглан даатгалын гэрээг байгуулсан нь тогтоогдож байна. Мөн нэр бүхий 16 зээлдэгч зэрэг гэнэт цалингийн зээл авсан нь “Т” ХК-аас хариуцагчид ирүүлсэн баримтаар нотлогддог.

Хариуцагчаас гаргаж өгсөн баримтууд нь нэхэмжлэгчийн хувьд илэрхий үйл баримт байсан, мэдээлэх үүргээ биелүүлээгүйг нотлох зорилго агуулсан ба 2021 оноос эхлэн Х татан буугдах нь тодорхой болчихсон, татан буугдах процесс явагдаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд даатгалын тохиолдол гэнэтийн шинжтэй байх зарчимтай зөрчилдөж байгаа юм. Үүнийг шүүх буруу дүгнэж хариуцагч мэдэх боломжтой баримт гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн 21 дүгээр тогтоолд нийцэхгүй байна.

Монгол Улсын Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь хуульд заасны дагуу өөрийн ажилтнууддаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай (санг татан буулгах) хуулийн төслийг 2022.03.28-ны өдрөөс 2022.04.28-ны өдрийг дуустал хугацаанд өөрийн дотоод цахим хуудсанд байршуулан мэдэгдсэн байдаг ба хуулийн төсөлд ямарваа нэгэн санал ирүүлээгүй байдаг. Монгол Улсын Засгийн газраас 2022.12.21-ний өдөр ЗГ-1/165 дугаар “Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай” албан бичгээр Сангийн эрх зүйн байдлыг зохицуулдаг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн мэдүүлсэн ба хуулийн төслийг хэлэлцэж эхлэхэд нэхэмжлэгч нь зээлийг гэрээ байгуулсан байдаг. Мөн Улсын Их хурлаас “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 25 дугаар тогтоолыг баталсан нь дээрх хуулийн төслийн үр дагавар тул санг татан буулгасан.

Иймд дээр дурдсан үйл баримтын хүрээнд даатгуулагчийн үйлдэл нь хууль болон гэрээг зөрчсөн, эрсдэл үүсэх нөхцөл, орчин бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж үйл баримтыг худал мэдээлэх, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрт ашигтай нөхцөл, орчин бий болгосон, шүүхийн шийдвэр хүмүүжлийн үр нөлөө үзүүлэх зорилгод нийцээгүй зэрэг нь Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэж, 5.24-т “Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол” гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д “... буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэж, 8.5.2-т “даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн...” гэж, 8.5.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэж, Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д “Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөлд байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй” гэж, 431 дүгээр зүйлийн 431.4.4-т “Даатгалын хугацаа...” гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй тул анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

5. Хариуцагч “М” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.08-ны өдрийн 001/ШХТ2024/01286 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагч “М” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 12,851,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...2023.02.03-ны өдөр Т-наас цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,000,000 (арван сая) төгрөг зээлж, “М” ХХК-тай Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулсан. ...Монгол Улсын Засгийн газрын 2023.07.05-ны өдрийн 269 тоот тогтоолоор “Хгийн ажлын алба”-ыг татан буулгаж ... хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэ нөхцөл байдлаас болж Т-наас авсан цалингийн зээлийн гэрээнд даатгалын эрсдэл үүссэн. Би гэрээний дагуу хүсэлтээ “М” ХХК-д гаргахад ... нөхөн төлбөр олгох боломжгүй гэдэг хариу өгсөн.гэж тодорхойлжээ.

 

8. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Сан нь 2021 оны 12 сар, 2023 оны 02 сард тус тус “Орон тооны цомхотгол” хийх тухай мэдэгдлийг ажиллагсдадаа өгсөн. Нэхэмжлэгч нь дээр дурдсан үйл баримттай холбоотойгоор Сан татан буугдах, хэлбэрийн хувьд өөрчлөгдөх, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх зэрэг нөхцөл, орчин бүрдсэн буюу эрсдэл үүссэнийг мэдсээр байж даатгуулсан нь Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д заасан ноцтой нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. ...Тус тохиолдол нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.4-т “Даатгалын хугацаа...” гэж заасны дагуу даатгалын гэрээний хугацаанд хамаарахгүй буюу даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө тохиолдол үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна. Даатгагч нь даатгалын гэрээг байгуулсан өдрөөс хойших хугацаанд үүссэн эрсдэлд үүрэг хүлээдэг. Иймд нөхөн төлбөр олгох боломжгүй. ...” гэж маргажээ.

 

9. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч Г.М нь “М” ХХК-тай “Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ”-г байгуулан, даатгалын зүйл нь цалингийн зээлийн эрсдэл, даатгалын үнэлгээ нь зээлийн үлдэгдэл ...  байхаар талууд тохиролцон даатгуулагч даатгалын хураамжид 50,000 төгрөг төлж ... зохигчид гэрээ байгуулсан талаар хэн аль нь зөвшөөрсөн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан гэрээний харилцаа үүссэн уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна,  ... талууд “Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ”-ний 3.1.3-т “үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч ажил олгогч дампуурах, татан буугдах”, 3.1.4-т “үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч орон тооны цомхотголд орох”, 3.1.5-д “үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч бүтэц зохион байгуулалтын улмаас ажлаас халагдах” гэсэн үндэслэлийг даатгалын эрсдэлд оруулахаар тохиролцсон байна. Гэрээний 1.6-д “Даатгагч даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги даатгуулагчид олгоно” гэж заажээ. ... Нэхэмжлэгчийг 2023.07.19-ний өдрийн А/160 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход Т-ны цалингийн зээлийн үлдэгдэл нь 8,567,699 төгрөг байсан нь Т-ны зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. Харин хариуцагчийн нэхэмжлэгчийг Хөдөө аж ахуйн санг татан буугдах, хэлбэрийн хувьд өөрчлөгдөх, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх зэрэг нөхцөл, орчин бүрдсэн буюу эрсдэл үүссэнийг мэдсээр байж даатгуулсан гэх тайлбар нь ... үгүйсгэгдэж байна. Даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болж, даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирсан байх тул даатгагч нь хохирлыг төлөх үүргийн дагуу нэхэмжлэгч Г.М-т даатгалын нөхөн төлбөр болон гэрээний 1.6 дахь хэсэгт зааснаар алдангийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулах нь үндэслэлтэй.гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...“Х татан буугдсан ... нөхцөл байдалд даатгуулагчийн оролцоо байхгүй тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн үндэслэлд хамаарахгүй. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас хуулийн төсөл Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хууль батлагдсан нь даатгагч байгууллага өөрөө мэдэх боломжтой нөхцөл байдал учир Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1 дэх хэсэгт “Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй” гэж заасныг даатгуулагч зөрчсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. ... Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр “Х” ТӨХХК, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус тус “орон тооны цомхотголын мэдэгдэл”-тэй холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн байгууллагууд ийм баримт байхгүй болохыг тодорхойлсон ба ...хариуцагчийн татгалзалд дурдсан Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т заасан “даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон” гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн Г.М-ын цалингийн зээлийн гэрээнд зориулалт тусгагдаагүй, ямар шалтгаанаар зээл авсан нь тогтоогдоогүй гэсэн хариуцагчийн татгалзал тус маргаанд хамааралгүй тул үүнд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүйг буруутгах үндэслэлгүй болно.” гэсэн дүгнэлт хийжээ.  

 

11. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн талаар зөрүүгүй дүгнэж, адил шийдэл гаргасан хэдий ч зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх эсэх нөхцөл байдлын талаарх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс хариуцагчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

 

12. Нэхэмжлэгч Г.М нь 2023.02.03-ны өдөр “Т” ХК-тай зээлийн гэрээ байгуулж, цалин барьцаалж, 10,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, жилийн 13,2 хувийн хүүтэйгээр зээлж, “М” ХХК-тай цалингийн зээлийн гэрээнд эрсдэл үүссэн тохиолдолд эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувиар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгохоор тохиролцож, даатгалын гэрээ байгуулж, даатгалын хураамжид гэрээний 2.2.2-т заасан хэмжээгээр буюу 50,000 төгрөгийг төлсөн, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.5-д даатгалын хамгаалалтад хамаарах үндсэн эрсдэлийг үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч ажил олгогч дампуурах, татан буугдах, үндсэн эрсдэлийг үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч орон тооны цомхотголд орох, үндсэн эрсдэлийг үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч бүтэц зохион байгуулалтын улмаас ажлаас халагдах гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Г.М нь  Хгийн Мал аж ахуйн дэмжлэг хариуцсан мэргэжилтнээр 2020.03.23-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад 2023.04.21-ний өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.19-д заасан “Х” гэснийг хүчингүй болсонд тооцсоноор, Монгол Улсын Засгийн газрын 2023.07.05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор “Х”-г татан буулгасантай холбоотойгоор Х-гийн ажлын албаны захирлын 2023.07.19-ний өдрийн А/160 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр Г.М-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

 

13. Хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв тогтоож, зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байгуулагдсан болон тухайн гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэв.

 

14. Тодруулбал зохигчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд даатгалын тохиолдол гэж үзэх нөхцөлд цалин барьцаалсан зээлийн гэрээнд эрсдэл үүссэн буюу ажилтан ажлаас халагдах нөхцлийг тодорхойлж, үүнд ажил олгогч дампуурах, татан буугдах, орон тооны цомхотголд орох, бүтэц зохион байгуулалтын улмаас ажлаас халагдах тохиолдлыг хамруулсан.

 

Нэхэмжлэгч ажлаас халагдаж, зээл төлөхөд эрсдэл үүссэн нь даатгалын тохиодол бий болсон гэж, харин хариуцагч татгалзал тайлбартаа 2022.12.21-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн үйл баримтыг үндэслэж, талуудыг 2023.02.03-ны өдөр гэрээ байгуулах үед дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажиллаж буй байгууллага болох Х татан буугдах нөхцөл байдал тодорхой болсон байсан  буюу энэ нөхцөл байдлаа даатгуулагч мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээр даатгалын гэрээ байгуулсан нөхцөл нь даатгалын тохиолдолд хамаарахгүй гэжээ.

 

Эндээс үзвэл зохигч даатгалын тохиолдол үүссэн эсэх талаар маргаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан нөхцөл байдлыг даатгуулагчийн хувьд даатгагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, тухайн тохиолдол нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн гэж мэтгэлцжээ.

 

15. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий тохиолдолд даатгалын тохиолдол үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байхын зэрэгцээ дээрх хууль батлагдах үйл явцад даатгуулагчийн оролцоо байхгүй тул даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн үндэслэлд хамаарахгүй,  Монгол Улсын Засгийн газраас хуулийн төсөл Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хууль батлагдсан нь даатгагч байгууллага өөрөө мэдэх боломжтой гэж үзсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 436 дугаар зүйлийн 436.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

 

16. Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д “Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.” гэж заагаад ноцтой нөхцөл байдалд ямар тохиолдлыг хамааруулахыг хуулийн 436.2-т “Даатгагч нь гэрээнээс татгалзах буюу гэрээний агуулгыг өөрчлөх шийдвэр гаргахад нөлөөлж болох, түүнчлэн даатгагч нь даатгуулагчаас тодорхой, хоёрдмол утга санаагүйгээр шууд, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр асуусан нөхцөл байдлыг ноцтойд тооцно.” гэж заажээ.

 

17. Талууд гэрээг 2023.02.03-ны өдөр байгуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2023.04.21-ний өдөр өөрчлөлт орж, Х 2023.07.05-ны өдөр татан буугдаж, нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2023.07.19-ний өдөр цуцлагдсан нөхцөл байдлаас үзэхэд талуудыг гэрээ байгуулахаас өмнө даатгалын тохиолдол үүссэн байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ хуулийг өөрчлөх замаар нэхэмжлэгчийн ажиллаж буй байгууллага татан буугдах эрсдэл үүсч болзошгүй байсан ч нэхэмжлэгчийг хууль хэрхэн батлагдахыг урьдчилан мэдэж байсан гэж үзэх үндэслэлгүй.  

 

Энэ нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шалтгаалах үйл явц биш тул хариуцагчийн даатгалын тохиолдол нь даатгалын гэрээний хугацаанд хамаарахгүй гэсэн татгалзал үндэслэлгүй ба энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

18. Түүнчлэн хариуцагчийн татгалзал, тайлбарт дурдсанчлан зохигч гэрээ байгуулахаас өмнө талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан даатгалын тохиолдол үүсч болзошгүй нөхцөл байдал буюу нэхэмжлэгчийн ажил олгогч байгууллагын эрх зүйн байдалтай холбоотой хуулийг өөрчлөх, улмаар тухайн байгууллага татан буугдах тухай хуулийн төсөл, хэлэлцүүлэг зэрэг үйл явц өрнөж байсан нь дээрх хуульд заасан даатгагч нь гэрээнээс татгалзах буюу гэрээний агуулгыг өөрчлөх шийдвэр гаргахад нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй.

 

Учир нь энэхүү хууль батлах үйл явцыг  нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх бөгөөд энэ утгаараа ганц даатгуулагч мэдээлэх үүрэгтэй гэж үзэх нь өрөөсгөл төдийгүй даатгагч ч мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Гагцхүү энэ тохиолдолд даатгагч өөрийн зүгээс дээрх нөхцөл байдлыг ноцтой гэж үзсэн бол хууль болон гэрээнд заасан хэрэгжүүлж болох алхмуудыг хийх буюу хуульд заасан үр дагавар үүсгэх боломж даатгагчид  байсан.

 

Улмаар Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.3-т зааснаар даатгуулагч дээрх хуульд зааснаар ноцтой нөхцөл байдал бий болсон талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах буюу даатгалын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй байсан боловч хариуцагчийн зүгээс ийнхүү шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

19. Нөгөө талаар дээрх хуулийн агуулгаас үзэхэд мэдээлэх үүргээ биелүүлээгүйн үр дагавар нь ганц даатгуулагчид хамааралтай гэж үзэх үндэслэлгүй ба даатгуулагч энэ үүргээ биелүүлээгүй бол даатгагчид дээрх шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжийг хуулиар олгосон нь ноцтой нөхцөл байдлыг даатгагч ч мэдэж байх нөхцөл байдлыг хуулиар хязгаарлаагүй байна.

 

Хариуцагч нь даатгалын үйл ажиллагааг эрхэлж буй мэргэжлийн байгууллага болохынхоо хувьд сайн дурын даатгалын үйл ажиллагааны төрөл, хэлбэрийг хуульд нийцүүлэн өөрөө сонгож хэрэгжүүлдэг онцлогоос үзэхэд ч үүсч болох даатгалын тохиолдол, эрсдэлийг тооцох, урьдчилан таамаглах зэрэг нь даатгуулагчид биш даатгагчид хамааралтай гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул ямар эрсдлийг даатгахаа даатгагч өөрөө сонгож тодорхойлох ёстой. 

 

Энэ утгаараа талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болж, даатгуулагчийн зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэгт эрсдэл үүссэн буюу ажил олгогч татан буугдсанаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас халагдсан нөхцөл байдал тогтоогдсон тул даатгагч гэрээнд заасан үүргийн дагуу хохирлыг 100 хувиар тооцож, нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй байна.

 

20. Мөн даатгагч ийнхүү нөхөн төлбөр олгох үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу нэхэмжлэгч нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийг хариуцагчид 2023.07.16-ны өдөр гаргасан, хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай хариуг 2023.09.07-ны өдөр өгсөн, улмаар нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандаж хариуг 2023.10.30-ны өдөр авч шүүхэд нэхэмжлэлээ 2023.12.08-ны өдөр гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул гэрээний 4.1.6-д зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй тул хоёр шатны шүүх алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

 

21. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/02244 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01464 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-аас 2024.09.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                                   Н.БАТЧИМЭГ

 

 Н.БАЯРМАА

 

 Д.ЦОЛМОН