МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар: 001/ХТ2024/0109
Улаанбаатар хот

Н.Э-ийн дүгнэлтээр,

Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын

ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:     М.Батсуурь

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                    Х.Батсүрэн

   Ц.Цогт

Илтгэгч шүүгч:           П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0541 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2024/0478 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: Н.Э, хариуцагч Н.Ө нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 358 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0847548 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

2.Хэргийн нөхцөл байдал: Иргэн П.Х нь “иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр иргэний үнэмлэх дахин авах хүсэлт гаргасан байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас “Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан улсын бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн” гэж үзэн, зөрчлийн хэрэг үүсгэж, 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Улмаар энэхүү зөрчлийн хэргийг хянасан прокуророос “зөрчлийн хэрэг биш” гэсэн үндэслэлээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

3.Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... иргэний үнэмлэхийг ашиглаж байгаа иргэн биш, харин хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын иргэний үнэмлэхийг хариуцаж байгаад гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан. Иргэн өөрөө иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн журамд хамааралгүй, хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэж;

4.Хариуцагч улсын бүртгэгчээс “... иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийг хуулийн нэгдсэн сайтад бүртгүүлсэн, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт гэж үзсэн, иргэд иргэний үнэмлэхээ хадгалах эзэмших үүрэгтэй, захиргааны зөрчил мөн” гэж тус тус маргасан.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангахгүй орхиж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн. Үүнд:

5.1.Иргэн иргэний үнэмлэхээ өөрөө эзэмших ба иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь дүрэмд заасан цэвэр гамтай эзэмших үүргээ зөрчсөн зөрчил болох ба холбогдогч П.Х иргэний үнэмлэхээ гээгдүүлснийг “Иргэний бүртгэлийн дүрэм”-ийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх эзэмших, хадгалах үүргээ зөрчсөн гэж үзнэ.

5.2.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн зөрчилд “Иргэний бүртгэлийн дүрэм”-д заасан иргэний үүргээ биелүүлээгүй зөрчил хамаарах юм. Иргэний үүргээ биелүүлээгүй иргэнийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба бусдын иргэний үнэмлэхийг хадгалж байгаа иргэнд мөн шийтгэл хүлээлгэх талаарх нарийвчлан зохицуулалт байна.

6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Иргэний үнэмлэхийг тухайн иргэн өөрөө эзэмшиж, цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй байх бөгөөд иргэн П.Х нь хуульд заасан хадгалах үүргээ биелүүлээгүй байх тул Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0847548 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн П.Х-т “... иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

7.Н.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” үүргийг иргэн хүлээх талаар тусгасан нь иргэн өөрийн эзэмшиж байгаа иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн. Үрэгдүүлсэн үед хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан зохицуулалт биш, уг дүрмийн 2.8-2.12 дахь заалтад тухайн иргэн хүний иргэний үнэмлэхийг хадгалж байгаа этгээд гээсэн, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд иргэний үнэмлэх эзэмшигчид бус харин хадгалж, хамгаалж байгаа этгээдэд хариуцлага хүлээлгэх талаар нарийвчлан зохицуулсан зохицуулалтыг оруулж өгсөн.

7.2.Улсын бүртгэлийн баримт бичгийг эзэмших талаарх журмыг чанд сахих үүргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлд заасан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй” зөрчилд хамаарч байгаа бөгөөд дээрх төрлийн зөрчлийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан шалгаж шийдвэрлэх байтал улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг зөрчиж хүнд шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

7.3.Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль захиргааны хэм хэмжээний актаас тодорхойлно”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн хууль ёсны зарчмыг гажуудуулж байгаа гэж үзэхээр байна.

8.Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна. 

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс энэхүү маргааныг цаашид хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой гэж үзэж, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

10.Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд “иргэний бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчих” гэдэгт агуулгын болон системчилсэн тайлбар хийж, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, албадлагаар хамгаалагдсан хэм хэмжээ мөн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай юм.

11.Анхан шатны шүүхийн “… иргэний үнэмлэхээ гээгдүүлснийг “Иргэний бүртгэлийн дүрэм”-ийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх эзэмших, хадгалах үүргээ зөрчсөн гэж үзнэ” гэх дүгнэлт, давж заалдах шатны шүүхийн “... Иргэний үнэмлэхийг тухайн иргэн өөрөө эзэмшиж, цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй байх бөгөөд иргэн П.Х нь хуульд заасан хадгалах үүргээ биелүүлээгүй ...” гэх дүгнэлт нь хуулийг буруу тайлбарласан, нийтийн болон хувийн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноос шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

12.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж,  2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус заасан, нийгмийн харилцааг зохицуулах эрх зүй нь тодорхой салбарт ангилагдана, тэдгээрийн ерөнхий болон тусгай шинжийг позитив эрх зүйн онолын үүднээс тодорхойлох бөгөөд “зөрчлийн эрх зүй” нь нийтийн эрх зүйд хамааралтай, нийтийн эрх зүйн хүрээнд хариуцлага хүлээлгэх “зөрчил” нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдсан эрх, үүргийг зөрчсөн байх, тухайн зөрчлийн үр дагавар нь нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх зэрэг эрх зүйн үр дагавар, шинжийг шаардана.

13.Өөрөөр хэлбэл, аливаа хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдол бүр нь нийтийн эрх зүйн хүрээнд зөрчил үйлдсэнд тооцогдохгүй, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй, нийтийн эрх зүйн харилцааны явцад хууль, хэм хэмжээний актын заалт зөрчигдсөн боловч энэ нь тухайн этгээдэд зөвхөн өөрт нь хамааралтай, эсхүл уг харилцаанд оролцогч талуудад хамааралтай бөгөөд нийтийн эрх зүйн хүрээнд ямар нэг үр дагавар үүсгээгүй бол нийтийн эрх зүйн хүрээнд зөрчил үйлдсэнд тооцохгүй, ийм зөрчилд торгууль шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй.

14.Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийг баталсан, уг дүрмийн 2.7-д “Иргэн иргэний үнэмлэхээ эзэмшихэд дараах үүрэг хүлээнэ”, 2.7.1-д “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” гэж заасныг маргааны үйл баримтад хамааруулан тайлбарлахад, иргэний үнэмлэхээ цэвэр, гамтай эзэмшээгүй, хадгалаагүй эсхүл хаяж үрэгдүүлсэн нь нийтийн эрх зүйн хүрээний зөрчилд тооцогдохгүй, учир нь иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гамгүй эзэмшсэн эсхүл гээсэн нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн үр дагавар үүсгэхгүй, нийтээр тогтоосон журам, зан заншлын хэм хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй, нийгэмд хор уршиг учруулахгүй, өөр бусад хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, зөвхөн хувь иргэнд өөрт нь эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой байх тул улсын бүртгэлийн байгууллага тухайн иргэнийг зөрчил үйлдсэнд тооцож Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж  шийтгэл оногдуулсан нь буруу байна.

15.Түүнчлэн, Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.5-д “Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний иргэний үнэмлэхийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгоно” гэж заасан байхад хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль 30000 төгрөг төлөхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

16.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасан байх тул захиргааны хэргийн шүүхээс прокурорын дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэж, маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуулийн зөрчилгүй, прокурор нь захиргааны хэргийн шүүхэд хандаж, дүгнэлт бичих эрхтэй байх бөгөөд прокурорын “... иргэн өөрийн эзэмшиж байгаа иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үед хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан зохицуулалт биш” гэх гомдол үндэслэлтэй.

17.Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0847548 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

18.Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь иргэний үнэмлэхээ хаясан, үрэгдүүлсэн, гээсэн тохиолдол бүрд иргэнийг торгож, торгуулиа төлсний дараа иргэний үнэмлэх шинээр олгох нь хуулийг буруу хэрэгжүүлж байгаа үйлдэл мөн бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр нь нэгэнт төлөгдсөн торгуульд хамаарахгүй, төлсөн торгуулиа буцаан шаардах эрхийг иргэнд үүсгэхгүй, харин шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойших үйл баримтад хамаарч, хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй. .

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

          1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0541 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2024/0478 дугаар магадлалыг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 15.24 дүгээр зүйлийн 4-т заасныг тус тус баримтлан Н.Э-ийн гомдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0847548 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                             Х.БАТСҮРЭН

      Ц.ЦОГТ

      П.СОЁЛ-ЭРДЭНЭ