
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 11 сарын 07 өдөр
- Дугаар: 001/ХТ2024/00252
- Улаанбаатар хот
Г.Бгийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэрийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/01933 дугаар шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/01392 дугаар магадлалтай,
Г.Бгийн нэхэмжлэлтэй
Б.Б, О.А нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 266,652,340 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Г.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Б, О.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 266,652,340 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлийг, О.А нь Г.Бд холбогдуулж барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/01933 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Баас 154,941,348 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 111,710,992 төгрөгт холбогдох хэсэг болон Г.Бд холбогдох, зээлийн барьцаанаас О.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ..... дугаар хороо, ................... гудамж ..............тоот хаягт байрлах, 178,4 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай О.А-ийнсөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд О.А-ийн өмчлөлийн барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,653,362 төгрөг, хариуцагч О.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 932,657 төгрөг, хариуцагч О.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/01392 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/01933 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас 82,146,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 184,505,740 төгрөгт холбогдох хэсэг болон Эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, .... дугаар хороо, .................. гудамж, .............. тоот хаягт байрлах, 178.4 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай О.А-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчлөн, 3 дахь заалтад "932,657" гэснийг "568,683" гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,002,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний 3.2-т заасныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд харилцан адилгүй тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлд хамаарч байна. Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг өөрөөр тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.1.Нэхэмжлэгч нь "32,000 ам.доллар буюу 109,728,000 төгрөг болон 51,390,000 төгрөг бүгд 161,118,520 төгрөгийг зээлдүүлсэн” байхад давж заалдах шатны шүүх "32,000 ам.доллар буюу 51,390,000 төгрөг” гэж дүгнэснээрээ 109,728,000 төгрөг /161,118,520-51,390,000/-өөр нэхэмжлэгчийг хохироосон. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна." гэж заасан бөгөөд дээрх 2022.09.12-ны өдрийн зээлийн гэрээнд “... доллар, ...төгрөг”-ийг тус тусдаа зээлдүүлсэн гэсэн агуулгаар таслалаар тусгаарласан байхад "буюу" гэдэг үгээр ам.доллар болон төгрөгийн зээлийг нэгтгэсэн нь нэхэмжлэгч талд эдийн засгийн хувьд илтэд хохиролтой шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зээлдүүлсэн 32,000 ам.долларыг огт зээлдүүлээгүй мэт болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.", 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж тус тус заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх маргаанд ач холбогдол бүхий гэрээ, гэрээний заалтыг үнэн зөв, бодитойгоор үнэлээгүй гэж үзэж байна.
4.2. Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр зөвлөмжид "Иргэний хуулийн 282.3 дахь заалтаар хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд хуулийн дээрх зохицуулалт хамааралгүй" болохыг дурджээ. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т "Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй" гэж заасан зохицуулалтыг анхаараагүй. Анхан шатны шүүх "талууд 2020.03.23-ны өдрийн "зээлийн гэрээ"-г бичгээр байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болоход амаар тохиролцож сунгасан байх ба үүнийг 2020.04.23-аас 2021.10.29-ний өдөр хүртэл 19 удаагийн шилжүүлгээр нийт 14,900,000 төгрөгийг зээлийн хүү гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Үүнийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу гэрээний хугацааг сунгасан гэж үзэж, улмаар зээлдэгчийг хүү төлөх үүргээ биелүүлсэн" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, уг 14,900,000 төгрөгийн хүүгийн төлбөрөөс 2,400,000 төгрөгийг нь хүү, үлдсэн 12,500,000 төгрөгийг нь хүү биш гэж үндсэн зээлээс хасаж шийдвэрлэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2024/01209 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Г.Бгийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Нэхэмжлэгч Г.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Бад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 266,652,340 төгрөг гаргуулах, хариуцагч О.Ариунбилэгт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ “... 2020.03.23-ны өдөр ... 40,000,000 төгрөгтэй тэнцэх рублийг бэлнээр өгч, 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн. 3 сарын дотор мөнгөө төлөөгүй, хүүгээ төлөөд явж байя гэхэд нь зөвшөөрч 2021 оны 8 сар хүртэл хүү төлсөн. Үндсэн зээл 40,000,000 төгрөгийг огт төлөөгүй. ... 2021.10.14-ний өдөр тоног төхөөрөмж авах зориулалтаар ... 32,000 ам.долларыг ... Б.Бын данс руу шилжүүлж, ... 2022.09.12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Гэрээнд дансаар шилжүүлсэн 32,000 ам.доллар, дансаар болон бэлнээр өгсөн 51,390,000 төгрөгийг 1.5 хувийн хүүтэй, 14 сарын хугацаанд төлөхөөр тохиролцож, зээлийн хүүг сарын тогтмол 2,137,500 төгрөг байх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг 2022.09.15-ны өдөр Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. ... Б.Б 2023.02.02-нд 10,000,000 төгрөг, 2023.05.13-ны өдөр 15,000 ам.доллар тус тус төлсөн. Гэрээний хугацаанд төлөгдөөгүй хүүний үлдэгдэл 11,973,000 төгрөг, үндсэн зээл 32,000 ам.доллар болон 51,360,000 төгрөг, нийт 173,101,560 төгрөг болсон. Иймд зээл болон хүүгийн төлбөрт 173,101,560 төгрөг, алданги 86,550,780 төгрөг, өмгөөлөгчийн зардал 7,000,000 төгрөг, нийт 266,652,340 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй” гэж тайлбарласан.
8. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлдээ “... Анх Л.Б, Б.Б нарын хооронд 2020.03.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 40,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Нийт 14,900,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 27,500,000 төгрөг болсон. Гэтэл 40,000,000 төгрөгийг нэмж нэхэх байдлаар зээлийн гэрээ байгуулагдсан. Эхний зээлийн гэрээг Л.Бтой байгуулж дансанд нь 14,900,000 төгрөг шилжүүлсэн. ... энэ гэрээний шаардах эрх шилжээгүй. ... хоёр дахь зээлийн гэрээг Г.Б болон Б.Б нарын хооронд 50,000 ам.доллараар тохиролцож байгуулсан бөгөөд гэрээний дагуу 32,000 ам.долларыг шилжүүлсэн. Үлдэх 18,000 ам.долларыг өмнөх гэрээний үлдэгдэл 40,000,000 төгрөг гэх байдлаар гэрээг байгуулсан. Иймд хүүг 32,000 ам.доллараас тооцоолох бөгөөд зээлийн үлдэгдэл 29,874 ам.доллар, хүү 5,739 ам.доллар, Б.Бын хувьд 21,625 ам.доллар төлсөн тул үлдэгдэл 13,988 ам.долларын үлдэгдэлтэй байна. ... гуравдахь дахь гэрээг 2022.09.12-ны өдөр байгуулж, зээлийн хэмжээг 32,000 ам.доллар, 51,390,000 төгрөг гэж тусгасан. Энэ гэрээгээр зээлийн гэрээний хугацаа сунгасан болон өөрчлөлт оруулсан талаар бичээгүй шинээр зээлийн гэрээ байгуулснаар бичсэн. Мөн Л.Бын зээлийг Г.Бийн гэрээтэй нэгтгэж хасагдах ёстой байсан дүнг хасахгүйгээр бүхэлд нь хүү тооцсон. 2022.09.12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 32,000 ам.доллар болон 51,390,000 төгрөг шилжиж ирээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй. Үүнтэй холбоотойгоор зээлийн гэрээний дагуу байгуулагдсан барьцааны гэрээ хүчингүй. Эхний 2 гэрээ хүчинтэй бөгөөд арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон. Тийм учраас нэхэмжлэгчийн маргааныг шүүх шийдвэрлэхгүй. Мөн өмгөөлөгчийн зардал бол бодит хохирол биш учраас хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тодорхойлсон.
9. Хариуцагч О.А нь түүнд холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ “... 2022.09.12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлж өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй тул барьцааны эрх хууль бус.” гэж тайлбарлан барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
10. Нэхэмжлэгч Г.Б сөрөг нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ “... Барьцаанд тавихыг О.А өөрөө зөвшөөр гараар бичсэн ... нотариат орж бичгээр гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул хэлцэл хүчин төгөлдөр. ... 2022 оны зээлийн гэрээ нь хугацаа сунгасан гэрээ тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй..” гэж тодорхойлсон.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... Нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлж, гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн. Б.Б нь Л.Бын данс руу 2020.04.23-2021.10.29-ний өдрийг хүртэл 19 удаагийн шилжүүлгээр 14,900,000 төгрөгийг сар бүр зээлийн хүү гэсэн утгаар шилжүүлжээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь сар бүр хүү төлөх замаар зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхээр байна. Иймд Л.Бтой байгуулсан зээлийн гэрээний хүүнд 14,933,333 төгрөг төлөхөөс Б.Б нь 14,900,000 төгрөгийг төлсөн байх тул 2020.03.23-ны өдрийн зээлийн гэрээний хүү төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. 2021.10.15-ны өдрийн 50,000 ам.долларын зээлийн гэрээг байгуулахад Л.Боос зээлсэн 40,000,000 төгрөгийн шаардах эрхийг Г.Б шилжүүлэн авч, Б.Б нь хүлээн зөвшөөрч гэрээний үнэд оруулж тооцож 2022.09.12-ны өдөр гэрээг шинэчилж байгуулсан бөгөөд тус гэрээнд шүүхээр маргааныг шийдвэрлүүлэхээр заасан тул хэргийн харъяалал зөрчөөгүй байна. ... Хариуцагч нь 2023 оны 2 сард 10,000,000 төгрөг, 2023 оны 5 сард 15,000 ам.доллар төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу зээлийн үндсэн төлбөрөөс төгрөгөөс төгрөгийг, ам.доллараас ам долларыг хасаж тооцох үндэслэлтэй тул 2023.05.13-ны өдрийн байдлаар ам.долларын үндсэн зээлийн үлдэгдэл 17,000 ам.доллар /32,000-15,000/, төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 36,576,682 төгрөг /46,576,682-10,000,000/, зээлийн хүүгийн үлдэгдэл 8,424,550 төгрөг, ам.долларыг 3,429 төгрөгөөр тооцоход зээлийн гэрээний өр төлбөр 103,294,232 төгрөг байна. ... Талуудын байгуулсан 2022.09.12-ны өдрийн зээлийн гэрээний 3.7-д "гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө" гэж заасан байх тул хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүд 103,294,232 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 51,647,116 төгрөг, нийт 154,941,348 төгрөг гаргуулах нь зүйтэй. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь зохигчийн эрх бөгөөд эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан зардлыг гэрээний үүргийн зөрчлөөс үүдэлтэй гэж дүгнэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111,710,992 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ... Нэхэмжлэгч нь 2022.09.12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээг О.Атэй Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ....” гэж дүгнэсэн.
12. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 82,146,600 төгрөгийг хангаж, 184,505,740 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Магадлалын үндэслэлдээ “...анхан шатны шүүх талууд зээлийн хүүг бичгийн хэлбэрээр илэрхийлэх ёстой байтал хариуцагч Г.Бын төлсөн 14,900,000 төгрөгийг бодит үйлдлээр зөвшөөрсөн гэж дүгнэж зээлийн хүүд суутгасан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. ... хариуцагчийн төлсөн 14,900,000 төгрөгөөс 2,400,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөнд тооцож, үлдэх 12,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасахад 27,500,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүрэг үлджээ. Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Б нар 2021.10.14-ний өдөр шилжүүлсэн 10,390,000 төгрөгийг хүүтэй төлөх талаар тухайлан бичгээр тохиролцоогүй учир энэхүү дүнд зээлийн хүү тооцохгүй бөгөөд 32,000 ам.доллар буюу 51,390,000 төгрөгийн 2021.10.15-ны өдрөөс 2022.09.12-ны өдрийг хүртэлх хугацааны 11 сарын хүүд 8,479,350 төгрөг төлөх ёстойгоос 18,168,750 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 9,689,400 төгрөгийг зээлийн бусад өр төлбөр болох 10,390,000 төгрөгөөс хасаж тооцоход 700,600 төгрөгийн зээл төлөгдөөгүй үлдсэн байна. ... Хариуцагч Б.Б нь 2022.09.12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 14 сарын хугацаанд 29,925,000 төгрөгийн зээлийн хүүг үндсэн зээл 51,390,000 төгрөгийн хамт нийт 81,315,000 төгрөг төлөхөөс 2023 оны 02 дугаар сард 10,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сард 15,000 ам.доллар буюу 51,435,000 төгрөг, нийт 61,435,000 төгрөг төлсөн байна. ... Зээлийн гэрээний дагуу алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 54,764,400 төгрөгийн 50 хувиар тооцож, алданги 27,382,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус нийцнэ. Талуудын 2020.03.23-ны өдөр болон 2021.10.14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлд хэрэг маргааны харьяаллыг Монголын Олон Улсын ба Үндэсний арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон хэдий ч 2022.09.12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тохирсон, мөн Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хариу тайлбар гаргах замаар маргасан байх тул арбитрын харьяаллаас татгалзсан гэж үзнэ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй....” гэж дүгнэсэн.
13. Хоёр шатны шүүх дээрх байдлаар хэргийг өөрөөр хянан шийдвэрлэж, үйл баримтад хууль зүйн зөрүүтэй дүгнэлт өгсөн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар хангасан гомдлын хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.
14. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан барьцааны харилцаа үүссэн, зээлдэгч Б.Б нь зээлдүүлэгч Г.Бгаас ам.доллар, төгрөгийн зээлийг, Л.Боос рублийн зээлүүдийг авсан ба Л.Б нь өөрийн шаардах эрхээ Г.Бд шилжүүлсэн талаар хоёр шатны шүүх адил дүгнэлт гаргажээ. Харин дээрх зээлийн харилцааны явцад зээлдүүлэгч тус бүрээс ямар валютаар, хэдий хэмжээний мөнгөн хөрөнгө зээлдэгчид шилжүүлсэн, зээлийн гэрээн дэх хүүгийн тохиролцоо нь ямар хугацаанд үйлчлэх тухайд хоёр шатны шүүх ялгаатай дүгнэсэн нь хэргийн талаарх тэдгээрийн шийдэл өөр байх үндэслэл болжээ.
15. Анхан шатны шүүх Б.Б нь Л.Боос 40,000,000 төгрөгтэй тэнцэх рублийг зээлж, хүү, хугацааг тохирсон, хожим нь Л.Бын эх Г.Бгаас 32,000 ам.долларыг 10,390,000 төгрөгийн хамт нэмж зээлэн хүү, хугацааг тохирсон, хоёр дахь зээлийг олгох үедээ Л.Бын үндсэн зээлийн үлдэгдэлтэй нийлүүлэн тооцож, үндсэн зээлийн нийлбэр дүнг 50,000 ам.долларт дүйцүүлсэн, гэвч яваандаа гэрээнд дахин өөрчлөлт оруулж, ам долларыг ам доллароор, төгрөгийг төгрөгөөр тохиролцон зээлийн гэрээг бичгээр дахин байгуулсан гэх суурь дүгнэлт өгч, тооцооллыг хийсэн. Энэ дүгнэлтийг хийхдээ анхан шатны шүүх зээлийн хүүг төлөхдөөгүйтгээний агуулга, утга дээр хүү болохыг тодорхой дурдаж, хожим нь энэ талаар харилцан тохиролцож сайн дураар бичгээр гэрээ байгуулсан нь хүүгийн талаар заавал бичгээр тохирсон байх хуулийн шаардлагыг хангасан гэх дүгнэлтэд суурилан зээл, хүү, алдангийг тооцсон.
16. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд “32,000 ам.доллар буюу 51,390,000 төгрөг” гэж дурдан тайлбарлаж байгаагаас зээлдэгч Б.Бад зээлдүүлэгч Л.Б, Г.Б нараас шилжүүлсэн зээлийн үндсэн төлбөрийг тооцохдоо 32,000 ам долларыг зээлийн гэрээний бие даасан зүйл эсэхийг тогтоолгүй, гэрээний нэг зүйлийг төгрөг ба гадаад валютын аль алинаар нь илэрхийлсэн гэх агуулгаар дүгнэсэн гэж үзэхээр байна. Улмаар тус шүүх нэг мөнгөн хөрөнгийг хоёр өөр валютаар илэрхийлсэн гэх дүгнэлтэд суурилан ам доллар ба төгрөгийн зээлийг ялгаагүй нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан магадлалын тооцооллоос илэрхий байна.
17. Түүнчлэн “хүүгийн төлбөрт” гэх агуулгаар мөнгөн хөрөнгө шилжүүлэн, хожим сайн дураар тохиролцож бичгээр байгуулсан нь зээлийн харилцаанд хүү тохирсон гэх үндэслэл болохгүй, хүү шаардах эрхийг зээлдүүлэгчид үүсгэхгүй гэх агуулгатай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтээс ялгаатай болжээ. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдолд энэ талаар дурдсан байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хоёр шатны шүүхийн дүгнэлт зөрүүтэй гэх үндэслэлд хамаарч байх тул хяналтын шатны шүүх эдгээр маргаантай асуудлыг дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
18. Зээлдүүлэгч Г.Б нь Л.Бын шаардах эрхийг шийлжүүлэн авсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаас тогтоогдсонгүй. Улмаар ийнхүү эрхийг шилжүүлж авснаар Л.Бын Б.Бад шилжүүлсэн зээлийн гэрээний шаардах эрх 40,000,000 төгрөгтэй тэнцэх рублийг Г.Б зээлдэгч Б.Баас шаардах хууль зүйн боломжтой. Харин энэ зээлийн гэрээний үүрэгт зээлдэгчийн төлсөн 14,900,000 төгрөгийг анхан шатны шүүх хүүгийн төлбөрт шилжүүлсэнд тооцно гэж дүгнэснийг нотлох баримтад үндэслэсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх 14,900,000 төгрөгөөс 2,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хүү гэж үзэн үлдэх хэсгийг үндсэн төлбөрөөс хасна гэж дүгнэсэн байх ба ингэхдээ зээлдэгч хүүгийн төлбөрийг шилжүүлэхдээ сар бүрийн гүйлгээнд “хүү” гэх агуулгыг эргэлзээгүй тодорхойлсны зэрэгцээ хамгийн гол нь зээлдэгч энэ хүсэл зоригоо дэмжин илэрхийлж сайн дураараар бичгээр гэрээ байгуулан зөвшөөрсөн, талуудын тохирсон хүүгийн төлбөр нь өнөөгийн банк, санхүүгийн байгууллагаас олгодог ижил зориулалт бүхий зээлийн хүү /нэг сарын 2 хувь/-ийн дундаж хэмжээнээс хэтрээгүй байдлыг анхаараагүй байна.
Иймд 2020.03.23-ны өдөр 40,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх рублийн зээлийн хариу төлбөрт шилжүүлсэн 14,900,000 төгрөгийг 2020.04 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаагаар, үндсэн зээлийн 2 хувийн хүүгийн төлбөрт тооцон дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
19. Нэхэмжлэгч 2021.10.14-ний өдөр 32,000 ам.долларыг бэлнээр, 10,390,000 төгрөгийг дансаар шилжүүлэн хариуцагчид зээлдүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч хүлээн авсан талаараа маргаагүй. Улмаар энэ талаараа мөнгө шилжүүлсний маргааш өдөр буюу 2021.10.15-ны өдөр бичгээр гэрээ байгуулан баталгаажуулсан байх ба тус гэрээндээ 2022.09.12-ны өдөр өөрчлөлт оруулжээ. Ийнхүү өөрчлөх болсон гол шалтгаан нь 2021.10.14-ний өдрийн гэрээнд 32,000 ам доллар, 10,360,000 төгрөгийг, өмнө шилжүүлсэн 40,000,000 төгрөгтэй нэгтгэн 50,000 ам. доллар хэмээн тодорхойлсон хүү тооцоолол, ханшийн зөрүү зэрэг асуудлаар бэрхшээл үүсгэсэнтэй холбон тайлбарласан байна. Иймд гэрээг өөрчлөн ам.долларыг ам доллароор, төгрөгийг төгрөгөөр илэрхийлэн, сарын хүүг монгол төгрөгөөр хатуу тогтсон дүнгээр илэрхийлэхээр тохиролцсон нь хэрэгт авагдсан 2021.09.12-ны өдрийн 0917 дугаартай гэрээгээр тогтоогдож байна.
Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Харин давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зүйл нь 32,000 ам доллар, 10,390,000 төгрөг, түүнчлэн өмнө байгуулсан гэрээний зүйл болох 40,000,000 төгрөгтэй тэнцэх рубль болох гурван тусдаа мөнгөн хөрөнгө байгааг анхаараагүй хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.
20. Дээр дурдсан зээлийн гэрээний зүйл ба хүүгийн талаарх үндсэн дүгнэлтэд суурилан зээлийн тооцооллыг хийвэл нэхэмжлэгч зээлийн үндсэн төлбөрт 40,419,986 төгрөг, 17,000 ам.доллар буюу 58,293,000 төгрөг, хүүгийн төлбөрт 11,612,250 төгрөг, нийт 110,037,736 төгрөгийг шаардах эрхтэй. Тус тооцооллыг задалбал:
20.1. Хариуцагч нь 2020.03.23-ны өдрөөс 2021.10.14-ний өдрийг хүртэл 40,000,000 төгрөгт холбогдох зээлийн үүрэгт 18 сар 21 хоногийн хүү /өдрийн хүү 800,000/30=26,666/ төлөх үүрэгтэй. Энэ нь 14,959,986 төгрөг /800,000*18+21*26,666/ болж байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 14,900,000 төгрөгийг хасвал 59,986 төгрөгийн хүү, үндсэн зээл 40,000,000 төгрөг, нийт 40,059,986 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.
20.2. Зохигч 2022.09.12-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2021.10.14-ний өдрөөс 2022.12.14-ний өдрийн хооронд гэж тохиролцон, өмнөх 2021.10.15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг өөрчлөн, нөхцлийг буцаан үйлчлэх байдлаар тохирч, зээлийн гэрээ байгуулсан. Гэрээнд 32,000 ам.доллар бэлнээр, 10,390,000 төгрөг дансаар, 41,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэж заасан. Нийт гэрээний дүн 32,000 ам.доллар, 51,390,000 төгрөгийг 14 сарын хугацаатай, сарын 2,137,500 төгрөгийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн дүнгээр 0.5 хувийн алданги тооцно гэж тохирчээ.
20.3. Зохигч 2020.03.23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 40,059,986 төгрөг байхад 41,000,000 төгрөгөөр гэрээг хийсэн нь үндэслэлгүй тул илүү тооцсон 940,014 төгрөгийг хасаж, мөн 2021.10.14-нд дансаар шилжүүлсэн зээлийн дүн 10,360,000 төгрөг байхад зээлийн гэрээнд 30,000 төгрөг илүү бичсэн байгааг хасаж тооцвол хариуцагч нь гэрээний үүрэгт 32,000 ам.доллар, 50,419,986 төгрөг, зээлийн хүү 29,925,000 төгрөг /14 сар*2,137,500/, нийт 32,000 ам.доллар, 80,344,986 төгрөг төлөх үүрэгтэй байна.
20.4. Хариуцагч 2021.10.29-ний өдрөөс 2022.11.14-ний өдрийн хооронд нийт 18,600,250 төгрөгийг зээлийн хүү утгатайгаар, зохигчийн хооронд бичгээр байгуулсан гэрээг үндэслэн шилжүүлсэн байна. Уг төлбөрийг гэрээгээр тохиролцсоны дагуу төлөх ёстой 29,925,000 төгрөгийн хүүгээс хасаж тооцвол 11,324,750 төгрөгийн хүү төлөгдөөгүй гэж үзнэ.
20.5. Иймд 2022.12.14-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагчийн хүлээх үүрэг үндсэн зээлд 32,000 ам.доллар, 50,419,986 төгрөг, хүүгийн төлбөрт 11,324,750 төгрөг байна.
20.6. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа хариуцагч 2023.02.02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023.05.13-ны өдөр 15,000 ам.доллар төлсөн. Үүнийг үндсэн зээлээс хасаж тооцвол:
32,000-15,000=17,000 ам.доллар буюу 58,293,000 төгрөг,
50,419,986-10,000,000=40,419,986 төгрөг,
хүү 11,324,750 төгрөг, нийт 110,037,736 төгрөг болж байна.
21. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүд 103,294,232 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заасан байх ба тус шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Иймд тооцооллын хувьд өөр байх боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр гомдол гаргаагүй тул зээлийн гэрээний үндсэн төлбөр ба хүүгийн талаарх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.
22. Талууд гэрээндээ хугацаа хэтрүүлбэл алданги төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 3.7-д “... хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тохирсон тул нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги шаардах хууль зүйн боломжтой. Иймд энэ үндэслэлээр алдангийг гаргуулах тухай хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй. Харин алдангийн тооцооллын хувьд анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээнэ.
23. Хяналтын шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр шаардах эрхийг тодорхойлж, тооцооллыг хийхэд нэхэмжлэлийн дүнгийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрээс зөрүүтэй байх боловч нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо магадлалыг эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээхээр дурдсан тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/01392 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/01933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Бгийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.19-ний өдөр 521,924 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА