
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 11 сарын 07 өдөр
- Дугаар: 001/ХТ2024/00253
- Улаанбаатар хот
Ю.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/02662 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/01398 дугаар магадлалтай,
М-д холбогдох,
2022.09.21-ний өдрийн Б/II/131 тоот Ю.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ю.Б нь хариуцагч М-д холбогдуулан 2022.09.21-ний өдрийн Б/II/131 тоот Ю.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/02662 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар 2022.09.21-ний өдрийн дугаар Б/II/131 тоот Уын даргын Ю.Б-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, гомдол гаргагч Ю.Б-ыг хариуцагч М-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны орлогч даргын ажилд эргүүлэн тогтоож, гомдлын шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/01398 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/02662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ю.Б-ыг хариуцагч М-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны орлогч даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 54,752,582 төгрөгийг хариуцагч М-аас гаргуулж нэхэмжлэгч Ю.Б-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч М-д даалгасугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “хариуцагч М-аас улсын тэмдэгтийн хураамжид 431,713 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт давж заалдах гомдол гаргахад зохигч талууд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.05-ны өдрийн 210/МА2024/01398 дугаартай магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн нарын зүгээс эс зөвшөөрч 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, мөн зүйлийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, мөн зүйлийн 172.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, мөн зүйлийн 172.2.4-т “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.
Хэргийн үйл баримтын талаар: Нэхэмжлэгч Ю.Б нь “У” ХНН цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны орлогч даргаар ажиллаж байхдаа 2022.05.23-ны өдөр Замын-Үүдийн цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид төрийн өмчийн тооллого хийх үедээ Замын-Үүд дэх цэрэгжүүлсэн хамгаалалын ангийн бие бүрэлдэхүүнийг жагсааж дүрмийн бус ёс зүйгүй харьцан, хүний эрх, эрх чөлөөнд нь халдах, маслуулах, биеийн өндөр намаар гутаан доромжлох, сахалаас зулгаах, малгай авч шидэх, малгайнаас тэмдэг хуулах, өшиглөх зэргээр илт дээрэнгүй, бүдүүлэг харилцсан талаар 45 ажилтны гарын үсэг бүхий гомдол ирсэн тул уг асуудлыг Ёс зүйн хороонд шилжүүлсэн. Ёс зүйн хорооноос уг асуудлыг шалгуулахаар хяналт шалгалтын Удирдамж батлуулан Дотоод аудит хяналт шалгалтын албанд хандаж тухайн үйл баримыг тогтоолгосон бөгөөд энэ үед Ю.Б нь ээлжийн амралттай байсан тул ээлжийн амралтыг дуусгаад ажилдаа орсоны дараа Ёс зүйн хорооноос Дотоод аудит хяналт шалгалтын албаны тайланг танилцуулж бичгээр тайлбар авч, Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэн “Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэсэн №02 тоот дүгнэлт гарсныг өөрт нь танилцуулж, ямар нэг гомдол гаргаагүй тул 14 хоногийн дараа 2022.09.21-нд Б/ІІ/131 дугаартай тушаалаар “Албан тушаал буруулах” сахилгын шийтгэл ногдуулсан.
4.1 Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах буюу шийдвэр, магадлалын талаар: Анхан шатны шүүх “...хамт томилолтоор явсан хоёр ажилтнаас тайлбар аваагүй, гаргасан тайлангаа танилцуулаагүй, ёс зүйн дүгнэлт гаргахдаа хүчингүй болсон хөдөлмөрийн дотоод журам баримтласан, ёс зүйн хороо дүгнэлт шийдвэрээ гардуулаагүй, уг шийдвэрт гомдол гаргах хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн буюу энэ тухай ажилтанд мэдэгдэж тайлбар аваагүй болох нь тогтоогдож байна хэмээн дүгнэж 2022.09.21-ний өдийн “У” ХНН-ийн даргын Ю.Б-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4 мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсгийг баримтлан хүчингүй болгож, Ю.Б-ыг “У” ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны орлогч даргын ажилд эргүүлэн тогтоосон.
Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ю.Б нь албан томилолтоор ажиллах хугацаандаа гэнэтийн эргүүл шалгалт хийж анги нэгтгэлийг жагсааж, жагсаалын үзлэг шалгалт хийх үедээ гаргасан үйлдэл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь хариуцагч байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсон буюу хариуцагч байгууллага нь цэрэгжсэн зохион байгуулалттай боловч Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны орлогч дарга Ю.Б-ын гаргасан үйлдэл нь цэргийн жагсаалын үзлэгийн үед гаргах үйлдлээс хэтэрсэн, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хэмээн анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхдээ өгсөн эрх зүйн дүгнэлт нь хэргийн үйл баримттай уялдахгүй байх тул уг алдаатай дүгнэлтийг залруулна гэж зөв дүгнэлт өгсөн боловч 2023.05.25-ний өдөр хүлээн авч, 2022.07.25-ны өдөр “Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан”-аар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн байх тул гэж дүгнээд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн атлаа түүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний орлого гаргуулах шаардлага, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, баталгаажилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг зөрчсөн алдаа гаргасан байна. (Энд хэзээ ч цэргийн жагсаалын үзлэг гэсэн ойлголт хаана ч яригдахгүй нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 7-д зөвхөн удирдах бүрэлдэхүүнтэй харилцах болохоос бага тушаалын ажилтантай харилцахгүй)
Гэвч 2022.07.25-ны өдөр “Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан”-аар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгдэх “энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэсэн заалтыг зөрчсөн.
Учир нь “У” ХНН-ийн З удирдлагад 2022.05.25-ны өдөр Замын-Үүд Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн нэр бүхий нийт 45 ажилтнаас Ю.Б нь 2022.05.23-ны өдөр Замын-Үүд цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид төрийн өмчийн тооллого хийхээр ажиллах үедээ өөрт байхгүй эрх хэмжээ эдлэн бүрэлдэхүүнийг жагсааж жагсаалын үзлэг явуулах нэрийн доор зэвсэгт хүчний дүрмээр дэглэлт явуулсан тухай гомдол гаргасан ба гомдлын дагуу Ёс зүйн хороо Дотоод аудит хяналт шалгалтын албанаас шалгалт явуулж 2022.07.25-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалтын тайланг гарч, тайлангаа Замын даргад хүргүүлж, улмаар Ёс зүйн хороонд хүргүүлсэн.
Дээрх хугацаанд буюу 2022.06.04-2022.08.23-ны өдрийн хооронд нэхэмжлэгч Ю.Б нь ээлжийн амралттай байсан тул хуулиар олгогдсон ээлжийн амралтыг нь эдлэх хугацаанд ажил олгогчийн зүгээс ажлын байранд дуудаж тайлбар авах, сахилгын шийтгэл ногдуулах нь хурал зохион байгуулах боломжгүй байсан.
Улмаар Ю.Б нь өвчтэй, чөлөөтэй хэмээн ажилдаа ирэхгүй байсаар 2022.09.06-ны өдөр ирсэн тул тус өдөр нь Ёс зүйн хороо нь Ю.Б-д төлөвлөгөөт бус шалгалтын тайланг танилцуулж, Ю.Б-аас бичгээр тайлбар авсаны дараа биечлэн хуралд оролцуулж, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хурлаар авч хэлэлцэн, Ёс зүйн хорооноос №02 дугаартай дүгнэлт гарган түүнд шууд танилцуулж улмаар М-ын даргын 2022.09.21-ний өдрийн №Б/II/131 дугаартай “Ю.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг гаргасан. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулах хугацаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан Ю.Б-ын ээлжийн амралтын хугацаанд болон эрх бүхий байгууллага болох “У” ХНН-ийн Ёс зүйн хороо, түүнээс өгсөн үүргийн дагуу дотоод аудит хяналт шалгалтын алба хүлээн авч Замын даргаар удирдамж батлуулан шалгалт явуулсан ба шалгалтын дүгнэлтийг Ёс зүйн хороо хүлээн аваад Ю.Б-ыг ажилдаа ирсэн гэх үед нь дуудаж хурал хийсэн энэ хугацаа нь Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар хугацаа тасалдах болохыг шүүх анхаарсангүй.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар: Анх шатны шүүх Ю.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн талаар мэтгэлцээн явуулаагүй бөгөөд анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 26-д тодорхой дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх анхаарсангүй. (анхан шатны шүүхийн дуу дүрс бичлэгт тодорхой байна). Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээрх хэрэгжүүлнэ.” гэж заасныг давж заалдах шатны шүүх зөрчсөн. Энэ талаар талуудын дунд мэтгэлцээн явагдаагүй.
4.3. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн талаар: Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг учир холбогдлын талаарх тайлбар зөвлөмжийн 1-д Шүүхээр хянан хэлэлцэгдэж буй асуудлыг тодорхой болгох буюу ямар нэг эрх зүйн үр дагаврыг бий болгох боломжтой мэдээлэл нь гэрчийн мэдүүлгийн агуулга байдаг тул хуульд “маргаантай үйл баримтын талаар ач холбогдолтой байдлыг мэдэж” байгаа этгээдээс буюу гэрчээс мэдүүлэг авахаар заажээ.
Энэ гэрчийн мэдүүлгийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэлт хийгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал “анги салбар нэгдсэн үед байх эрхгүй энгийн албан хаагч болох Н.Д, Н.Ц нараар гэрчийн худал мэдүүлэг өгүүлсэн тул үүнийг няцаах зорилгоор Д.Т, Г.Х, Г.Б нарын мэдүүлгийн талаар ямар дүгнэлт өгөөгүй байна.
Энэ нь дээрх тогтоолын 2-т “Хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж, маргаантай байгаа үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болно” гэснийг шүүх анхаарсангүй.
4.4. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Ёс зүйн хороо, дотоод аудит хяналт шалгалтын алба зэрэг өөр өөрийн чиг үүргийн хүрээнд ёс зүй зөрчлийг тогтоох, алслагдсан газарт очиж ажиллах зэрэг цаг хугацаа шаардсан хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагааг ойлгохгүйгээр Хөдөлмөрийн хуулийн 123.4 заалтыг барьж дүгнэлт хийж байгаа нь буруу болжээ.
Ёс зүйн хороо хараат бус ажиллах бөгөөд дүгнэлтээ гаргах хүртэл хяналт шалгалт явагдсан ба дотоод аудит хяналт шалгалтын албаар тайлан гаргуулан баримт бүрэн бүрдсэн гэсэн үедээ хурал хийх гэхээр нэхэмжлэгч ээлжийн амралттай байсан тул түүнийг ажилдаа орох хүртэл хүлээсэн үйл баримтыг анхааран үзэлгүй шүүх дүгнэлт хийж байгаад шүүгчид Хөдөлмөрийн хуулийн шинэ ойлголт болох 123.6-д заалтыг хэрхэн зөв хэрэглэх дадал суугаагүй байна. Иймд энэ асуудлаар дүгнэлт хийж зарчимын хувьд нийтлэг ач холбогдлолтой болохыг анхааран үзнэ үү.
Ю.Б нь 2022.05.23-ны өдөр Замын-Үүдийн цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид төрийн өмчийн тооллого хийх үедээ өөрт байхгүй эрхийг эдлэн ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй ёс зүйгүй харьцан, хүний эрхэнд халдсан нь тогтоогдон улмаар ажил олгогч нь хуульд заасан журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байтал 2 шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.05-ны өдрийн 210/MA2024/01398 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шударга ёс ба хууль ёс, зөрчил гаргасан бол ямарч дээд, удирдах албан тушаалтанд шийтгэл гарцаагүй байх, хууль тэгш үйлчилдэг байх зарчмыг хангаж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.10-ны өдрийн 001/ШХТ2024/01154 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Ю.Б нь хариуцагч М-д холбогдуулан “2022.09.21-ний өдрийн Б/II/131 тоот Ю.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд, ёс зүйтэй гүйцэтгэж ирсэн. Сахилгын шийтгэл ногдуулсан У-ын цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны орлогч дарга Ю.Б-ыг шалгасан 2022.07.25-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайлангаас үзвэл ажилтан Ю.Б нь тус ангийн бие бүрэлдэхүүнд жагсаалын үзлэг хийхдээ удирдах ажилтны ёс зүйгүй үйлдэл гаргасан байна гэж үзсэн үндэслэлгүй, тайланд тусгасан шиг асуудал үүсээгүй. Надтай хамт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх ажилтнуудаас тайлбар аваагүй. Хэтэрхий нэг талыг барьж дүгнэлт гаргасан. ...Би хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан. Албан тушаал бууруулсан тушаалыг 2022.09.21-ний өдөр мэдсэн боловч сахилгын арга хэмжээ авсан тушаалыг бичгээр танилцуулж тайлбар, мэдүүлэг аваагүй” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2022.05.25-ны өдөр У ХНН-ийн удирдлага болон Ёс зүйн хороонд нэр бүхий 45 ажилтны гарын үсэг бүхий гомдол ирсэн. Улмаар тус гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулж 2022.07.25-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайланг У-ын ХХН-ийн Ёс зүйн хороонд хүргүүлсэн бөгөөд Ю.Б нь У-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны орлогч даргаар ажиллаж байхдаа ёс зүйн зөрчил гаргасан нь У-ын Ёс зүйн хорооны 2022.09.06-ны өдрийн №02 дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул уг дүгнэлтийг үндэслэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаад эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба дүгнэлтдээ “...Төлөвлөгөөт бус шалгалт явуулахдаа Ю.Б-тай хамт томилолтоор явсан хоёр ажилтнаас тайлбар аваагүй, гаргасан тайлангаа танилцуулаагүй, ёс зүйн дүгнэлт гаргахдаа хүчингүй болсон хөдөлмөрийн дотоод журам баримталсан, ёс зүйн хороо дүгнэлт шийдвэрээ гардуулаагүй, уг шийдвэрт гомдол гаргах хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн буюу энэ тухай ажилтанд мэдэгдэж тайлбар аваагүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Мөн 2022.07.25-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан баримтаар Ю.Б-ын гаргасан сахилгын зөрчлийг 2022.07.25-ны өдөр ажил олгогч илүүлсэн гэж үзвэл нэг сарын хугацаа өнгөрснөөс хойш 2022.09.21-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байна. Хариуцагч зөрчил гарах үед дагаж мөрдөж байсан дотоод журмыг ёс зүйн хороо баримталсан гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч төлөвлөгөөт бус шалгалтаар зөрчлийг илрүүлэх үед дотоод журам хүчингүй болсон байсан, түүнийг буцаан хэрэглэх талаар 2022.07.08-ны өдрийн дугаар А/560 тоот М-ын даргын тушаалд заагаагүй тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй. 2022.09.06-ны өдөр Ю.Б- ёс зүйн хороонд бичгээр тайлбар гаргаж өөрөө хуралд оролцсон тул сахилгын шийтгэл ногдуулахдаа тайлбар авах шаардлагагүй, уг ёс зүйн хороонд гаргасан тайлбарыг тайлбар авсанд тооцно гэх хариуцагчийн тайлбар татгалзал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авна гэх хуулийн журмыг баримтлаагүй зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Гомдол гаргагч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн карт баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар шаардсан боловч тодорхой хугацаа, үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд энэ талаар тодруулаагүй тул шүүх гомдлын шаардлагыг тодорхойлохгүй тул энэ хэсгийг хангахгүй...” гэжээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхдээ өгсөн эрх зүйн дүгнэлт нь хэргийн үйл баримттай уялдахгүй байх тул уг алдаатай дүгнэлтийг залруулна. Нэхэмжлэгч Ю.Б- нь албан томилолтоор ажиллах хугацаандаа гэнэтийн эргүүл шалгалт хийж анги нэгтгэлийг жагсааж, жагсаалын үзлэг шалгалт хийх үедээ гаргасан үйлдэл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь хариуцагч байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Хариуцагч байгууллага нь цэрэгжсэн зохион байгуулалттай боловч Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны орлогч дарга Ю.Б-ын гаргасан үйлдэл нь цэргийн жагсаалын үзлэгийн үед гаргах үйлдлээс хэтэрсэн, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзнэ. ... ажилчдаас гаргасан өргөдлийг 2023.05.25-ны өдөр хүлээн авч, 2022.07.25-ны өдөр Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан-аар зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн байна. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Ю.Б-ыг Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн атлаа түүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлага, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг зөрсөн, ... Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2022.09.21-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024.05.21-ний өдрийг хүртэл хугацаагаар буюу ажлын 423 хоногийг нэг өдрийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 131,315 төгрөгөөр тооцоход 55,546,245 төгрөг гарч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан хэмжээгээр буюу 54,752,582 төгрөгийн хэмжээгээр цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нь зүйтэй.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн сахилгын зөрчил гаргасан эсэх асуудлаар зөрүүтэй дүгнэсэн боловч сахилгын шийтгэл ногдуулах хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж адил дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
12. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ю.Б нь М-ын даргын 2021.06.04-ний өдрийн Б/I/299 дүгээр тушаалаар цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны орлогч даргаар томилогдсон байх ба уг албан тушаалд ажиллаж байгаад М-ын даргын 2022.09.21-ний өдрийн Б/II/131 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ын дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “и” заалтууд, “У”-ын Ёс зүйн хорооны 2022.09.06-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ажлын байран дээрээ ёс зүйн зөрчил гаргасан нь Уын Ёс зүйн хорооны 2022.09.06-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
13. Нэхэмжлэгч уг тушаалыг үндэслэлгүй гэж маргахдаа ёс зүйн зөрчил гаргаагүй, ээлжийн амралттай байх үед сахилгын шийтгэл ногдуулсан, албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар нэг ажлд томилоогүй гэж, хариуцагч нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн, доошоо шатлан захирах системээр буюу хүний нөөцийн албанд 7 хоногийн дараа гүйцэтгэх албан тушаалд ажил өгснийг татгалзсан гэж тус тус мэтгэлцжээ.
14. Нэхэмжлэгч Ю.Б- нь У-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны даргын 2022.05.17-ны өдрийн Б-III-99 дүгээр тушаалын дагуу М-ын хэмжээнд төрийн өмчийн үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан эд хөрөнгийн тооллогын ажлыг хийх зорилгоор 2022.05.20-2022.05.27 хүртэл хугацаанд Замын-Үүд Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид ажиллахдаа 2022.05.23-ны өдөр тус ангийн албан хаагчдын албаны бэлэн байдлыг шалгахдаа жагсаалын үзлэг хийж, улмаар зарим албан хаагчдыг малгай буруу дарж өмссөн шалтгаанаар шанаанаас чимхсэн, малгайг авч шидсэн, нормын бус гутал өмссөн, гутлын өсгий элэгдсэн гэж өсгий рүү өшиглөсөн, сахлаа аваагүй гэж сахлыг гараараа зулгаах, шивээстэй гэх шалтгаанаар ёс бусаар доромжилсон, үсээ засуулаагүй гэж үснээс зулгаасан зэрэг ёс бус үйлдэл гаргасан гэж тус ангийн албан хаагчдаас 2022.05.23-ны өдөр, Цэрэгжүүлсэн хамгаалалтын онцгой байдлын албаны Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос 2022.07.04-ний өдөр тус тус У-ын ёс зүйн хороонд гомдол ирүүлжээ.
15. Уг гомдлын дагуу М-ын дотоод аудит, хяналт шалгалтын алба төлөвлөгөөт бус шалгалтыг явуулж 2022.07.25-ны өдөр тайлан бичиж, тайланд “...Ю.Б-ын гаргасан үйлдэл нь У-ын ХНН-ийн “Хөдөлмөрийн дотоод журмын”-ын 8.2.1 “Ажилтан Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн, Хөдөлмөрийн дотоод журам, Төмөр замын ажилтны сахилгын тусгай журам болон Нийгэмлэгт мөрдөгдөж байгаа ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм, журам, зааврыг чанд мөрдөн ажиллах”, 8.2.2 “Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж үнэнч, шударгаар хөдөлмөрлөх”, 13.1-д “ажилтан ажил, албаны эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ажлын байранд биеэ зөв боловсон авч явах, ажлын хамт олон болон бусадтай харилцахдаа ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн ажиллана”, 13.2.1-д “ажил үүргийн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй хүндэтгэлтэй харьцаж, ... хамтран ажиллана”, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.2-т “...хөдөлмөрийн дотоод журам, бусад холбогдох дүрэм, журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана”, 4.1.4-т “ажил үүрэг гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал шийдвэрийг мөрдөж, ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм зааврын шаардлагыг бүрэн хангаж биелүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн.
Улмаар Ёс зүйн хороо нь нэхэмжлэгч Ю.Б-аас бичгээр тайлбар авсан байхаас гадна 2022.09.06-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч Ю.Б-ыг байлцуулан дээрх зөрчил гаргасан эсэх асуудлыг хэлэлцсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах” гэснийг зөрчөөгүй ба Ёс зүйн хороо “...Замын даргын 2019 оны А-404 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан М-ын Хөдөлмөрийн дотоод журмын 13.1-д “Ажилтан ажил, албаны эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ ажлын байранд биеэ зөв боловсон авч явах, ажлын хамт олон болон бусадтай харилцахдаа ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн ажиллана.”, 13.2.1-д “Ажил үүргийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш хүлээцтэй, хүндэтгэлтэй харьцаж, ажлын байрандаа нөхөрсөг, нээлттэй, эерэг уур амьсгал бүрдүүлэн хамтран ажиллах”, 13.3.2-т “...хамт ажиллагсадтайгаа харьцахдаа зүй бус, бүдүүлэг зан авир гаргах доромжлох, ... айлган сүрдүүлэх, үзэл бодлоо тулгах ...”-ыг хориглоно гэсэн ёс зүйн хэмжээг зөрчсөн.” гэж дүгнэжээ.
16. М-ын даргын 2018.04.06-ны өдрийн А-157 дугаар тушаалаар “Удирдах ажилтны ёс зүйн дүрэм” болон “Ёс зүйн хорооны ажиллах журам”-ыг тус баталсан бөгөөд дүрмийн 3.1-д “Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журам, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад акт болон энэхүү дүрмийн 2.1-д заасан хэм хэмжээг зөрчсөн “У” ХНН-ийн удирдах ажилтны үйлдэл, эс үйлдэхүй нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон бол ёс зүйн зөрчлийн шинж байдал, хор уршиг, нийгэм болон байгууллагад учруулсан хохирлын хэмжээ, анх буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, 40 дүгээр зүйл, 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.”, журмын 1.6-д “Ёс зүйн хороо нь зохион байгуулах хяналт шалгалтын ажлыг өгөгдсөн чиг үүргийн дагуу хорооны гишүүд өөрсдийн багийн хүчээр гүйцэтгэнэ. Шаардлагатай үед дотоод, аудит хяналтын болон тээврийн хяналтын албаны туслалцаа авна.” 3.2.5-д “Ёс зүйн зөрчлийн талаар авч үзээд тухайн этгээдийг буруутай гэж үзвэл дараах хариуцлага хүлээлгэх санал гаргах”, 5.4-т “Хуралдаанд хорооны дарга, гишүүд таслах эрхтэй оролцож, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж заасныг тус тус Ёс зүйн хороо зөрчөөгүй.
Мөн М-ын дотоод аудит, хяналт шалгалтын алба шалгалтын ажлыг явуулсан нь “У” ХНН Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 1.6-д “Тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгууллага, ажилтан, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлт, эрх бүхий албан тушаалтны даалгавар, эсхүл тухайн үед үүсэж бий болсон нөхцөл байдалтай уялдан хийгдэж байгаа хяналт шалгалтыг төлөвлөгөөт бус шалгалт гэнэ.” 7.1-д “ Салбар нэгжийн ажилтны үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн зөрчлийн талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэлд энэ журмын 1.6-д заасан хяналт шалгалт явуулж дүгнэлт гаргана.”гэж заасныг болон 7.7-д заасан шалгалт явуулах үндэслэлийг тус тус зөрчөөгүй.
Дээрх дүрэм журмаас үзэхэд Ёс зүйн хороо нь хяналт шалгалтыг дотоод, аудит хяналт шалгалтын албанд даалгаж гүйцэтгүүлэх, үүний дагуу дотоод, аудит хяналт шалгалтын алба нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх, улмаар тогтоогдсон зөрчлийн талаар санал дүгнэлтийг гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлсэн байхад анхан шатны шүүх хариуцагч буюу ажил олгогчийг хяналт шалгалтыг явуулахдаа холбогдох дүрэм, журмыг зөрчсөн буюу хяналт шалгалтыг явуулахдаа хүчингүй болсон хөдөлмөрийн дотоод журам баримталсан гэж үзсэн нь буруу байна.
Хариуцагч хөдөлмөрийн дотоод журмыг 2022.07.08-ны өдрийн А/560 дугаартай М-ын даргын тушаалын 2 дугаар хавсралтаар баталж, дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч 2022.05.23-ны өдөр албан томилолтоор ажиллах үедээ сахилгын зөрчил гаргасан тухай үйл баримтын хувьд өмнөх буюу 2019 оны хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байх зарчимд нийцсэн.
17. Түүнчлэн гэрч Д.Т, Г.Х, Г.Б нарын мэдүүлэг болон дээрх баримтуудаар нэхэмжлэгч Ю.Б нь албан томилолтын удирдамжид тусгагдаагүй чиг үүргийг хэрэгжүүлж, албаны бэлэн байдал болон ажилтнуудын хувцаслалтыг шалгахдаа байгууллагын хөдөлмөрийн дотооод журам болон ёс зүйн дүрмийг зөрчсөн буюу сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон ба энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д нийцсэн байхаас гадна нотлох баримтыг үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй.
18. Харин хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан сахилгын зөрчлийг ажил олгогч илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалтыг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар энэхүү хугацаа тасалдах нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хугацааг буруу тоолсон алдаа гаргасныг залруулна.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана.” гэж заасан ба хоёр шатны шүүх ажилтны ээлжийн амралттай байсан хугацаа болон зөрчлийг илрүүлсэн хугацааг тус тус анхаараагүй.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч Ю.Б нь сахилгын зөрчлийг 2022.05.23-ны өдөр гаргасан боловч албан хаагчдын болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гомдлыг ажил олгогч хүлээн авч дотоод аудит, хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт бус шалгалтыг явуулж, тайланг 2022.07.25-ны өдөр гаргаснаар Ю.Б-ыг сахилгын зөрчил гаргасан болохыг тогтоосон тул энэ өдөр зөрчлийг илрүүлсэн гэж үзнэ.
Улмаар нэхэмжлэгч Ю.Б нь 2022.07.25-2022.08.23-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан болох нь Уын Цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны даргын 2022.07.04-ний өдрийн Б-III-138 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, ирцийн бүртгэл зэрэг баримтаар тогтоогдсон.
Иймээс хариуцагч буюу ажил олгогч сахилгын зөрчлийг 2022.07.25-ны өдөр илрүүлсэн хугацаанаас хойш сахилгын шийтгэл ногдуулах 1 сарын хугацаа 2022.08.25-ны өдөр дуусах боловч ажилтны ээлжийн амралт 2022.07.25-ны өдрөөс эхэлсэн тул энэ хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах 1 сарын хугацаа тасалдаж, хугацааг ээлжийн амралт дууссан 2022.08.23-ны өдрөөс шинээр тоолоход 2022.09.23-ны өдөр хугацаа дуусах ба ажил олгогч 2022.09.21-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тул дээрх хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна.
19. Ажил олгогчоос ажилтанд ногдуулж байгаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон буюу сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь бүхэлдээ хууль зүйн үр дагаврыг үүсгэж байгаагийн хувьд үр дагавар нь тодорхой, хуульд нийцсэн байх ёстой.
Гэтэл хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч Ю.Б-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэсэн атлаа шийдвэртээ хүний нөөцийн мэдэлд шилжүүлэхээр заасан нь тодорхойгүй үр дагаврыг үүсгэсэн.
Өөрөөр хэлбэл ажилтныг албан тушаал бууруулаад ямар албан тушаалд томилж байгааг тушаалд заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.4, 123.3-т нийцээгүй, ажил олгогчийн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн Ю.Б-ыг ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай 2022.09.27-ны өдрөөр огноолсон тушаалын төсөл хэрэгт авагдсан байх боловч уг тушаалыг хэрэгжүүлсэн эсэх болон нэхэмжлэгчид танилцуулсан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч талаас нэхэмжлэгчид гүйцэтгэх албан тушаалд ажил санал болгосныг татгалзсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
20. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон хоёр шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй ба анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажил олгогчийн хүлээх хариуцлага буюу ажилтны ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулаагүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, хэргийн баримтанд үндэслэн дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д нийцсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/01398 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч М хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.31-ний өдөр урьдчилан төлсөн 431,712.91 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД