
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 10 сарын 31 өдөр
- Дугаар: 001/ХТ2024/00242
- Улаанбаатар хот
“М” ХХК болон БНХАУ-ын “М L” компанийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01161 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2024/01155 дугаар магадлалтай,
“М” ХХК, БНХАУ-ын “M L” компанийн нэхэмжлэлтэй
“Э” ХК-д холбогдох
Худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж, чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг хариуцагчид даалгаж,
тээврийн зардал 762,774,388 төгрөг, хадгалалтын хөлс 202,647,130 төгрөг, нийт 965,421,518 төгрөгийг “M L” компанид, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7,499,744,904 төгрөг, алданги 874,855,741.26 төгрөг, хохирол 2,606,220,270.46 төгрөг, нийт 10,980,850,915.72 төгрөгийг “М” ХХК-д тус тус олгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Х.Х, Д.О, Э.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Х.Х, Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.”Э” ХК-д холбогдуулж, нэхэмжлэгч “М” ХХК нь ETT-2022/340 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээг цуцалж 15,570.1 тонн нүүрсийг буцаан татан авахыг даалгах, ЭТТ-2019/863 тоот ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7,499,774,904 төгрөг, алданги 874,855,741.26 төгрөг, хохирол 2,606,220,270.46 төгрөг, нийт 10,980,850,915.72 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч БНХАУ-ын “M L” компани нь ETT-2022/340 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээг цуцалж 15,570.1 тонн нүүрсийг буцаан татан авахыг даалгах, тээврийн зардал 762,774,388 төгрөг, нүүрс хадгалалтын хөлс 202,647,130 төгрөг, нийт 965,421,518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01161 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар ЕТТ-2022/340 тоот Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж, нийлүүлсэн 15,570.1 тонн нүүрсийг буцаан авахыг хариуцагч “Э” ХК-д даалган, хариуцагчаас 8,249,752,394.49 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М" ХХК-д, 892,587,063.28 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын “M L” компанид тус тус олгож, нэхэмжлэгч “М” ХХК-ийн 2,731,098,521.23 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч БНХАУ-ын “M L” компанийн 72,834,454.72 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,712,082.52 төгрөг, нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,563,330.06 төгрөг, нийт 60,275,412.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 41,441,812 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д, 4,655,985 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын “M L” компанид тус тус олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2024/01155 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М” ХХК-аас 2024.05.09-ний өдөр урьдчилан төлсөн 13,813,443 төгрөг, хариуцагч “Э” ХК-аас 2024.05.03-ны өдөр урьдчилан төлсөн 41,441,812 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч “М" ХХК нь хариуцагч Э ХК-д холбогдуулан хохиролд 2,606,220,270.46 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, “захиалагч “Э” ХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлсэн бол гүйцэтгэгчид банкны хүүгийн зардал бий болохгүй байсан. Уг зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэгчид учирсан хохиролд хамаарна” гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Голомт банк, Х банктай тус тус байгуулсан, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тодорхойлолт, дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлжээ. Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “М” ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авч байсан, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдож байна. Гэвч талууд хэн аль нь ажил хэргийн шугамаар хоорондоо олон гэрээ байгуулж байсан талаар тайлбарлаж, маргахгүй байх тул нэхэмжлэгч “М” ХХК-ийг энэ гэрээтэй холбогдуулан зээл авсан, зээлийн мөнгөн хөрөнгийг энэ гэрээнд зарцуулсан, хариуцагч үүрэг гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй байна гэж үзлээ. Иймд, хариуцагч “Э” ХК-аас хохирол 2,606,220,270.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын “хянавал” хэсгийн 11-т “...нэхэмжлэгч “М” ХХК нь Голомт банк, Худалдаа, хөгжлийн банкнаас авсан зээлээ 2019.12.31-ний өдөр ЭТТ-2019/863 тоот Т ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт зарцуулсан гэж, мөн БНХАУ-ын “M L” компаниас орж ирэх төлбөрийг эдгээр зээлийн гэрээний үүрэгт төлөх байсан гэж тус тус эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй тул анхан шатны шүүх холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.1.Нотлох баримт, шаардлагын үндэслэлийн тухайд: Манай компани 2023.05.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023.08.29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээтэй холбоотой хохирлыг хариуцагчаас нэмж нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ зээлийн хүүгийн зардал, зээлийн дансны хуулга 10 хуудас нотлох баримтаар шүүхэд өгсөн (2хх-ийн 140-144 дэх тал, 163-169 дэх тал) арилжааны банкны зээлийн дансны хуулгууд, алданги болон хохирлын тооцоололтой холбоотой нотлох баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж нотлох баримтууд шүүхэд гаргаж өгсөн бөгөөд 4 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр талаас 5 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал хүртэл нийт 43 хуудас “М” ХХК-ийн Г банк болон Х банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбарууд, тэдгээрийн нэмэлт өөрчлөлт, хугацаа сунгасан баримтууд, тухайн зээлийн дансны хуулга, банкнуудын хүү нэмэлтээр төлсөн тухай албан бичгүүдийн хамт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа нотлохоор шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн бол манай компани арилжааны банкнаас авсан зээлийн гэрээнийхээ хугацааг сунгахгүй, зээлийн хүүгийн дарамт нэмж үүрэхгүй байсан. Бид зөвхөн тухайн төсөлтэй холбоотой хоёр арилжааны банкнаас ямар хэмжээний зээлийн хүүгийн нэмэлт зардал манай компаниас гарсныг албан бичгээр тодруулахад Голомт банканд 5,562,970,584.67 төгрөгийн нэмэлт үндсэн хүү, Х банканд 934,905.47 ам.доллар болон 1,352,941,535.58 төгрөгийн зээлийн хүүгийн нэмэлт зардлыг илүү төлсөн байна.
Хэрвээ хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн бол дээрх бүх зардал, хохирол манай компанид үүсэхгүй байсан. Талуудын хооронд байгуулсан ЭТТ-2019/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.11 дэх хэсэгт заасны дагуу захиалагч нь гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөх үүрэгтэй болно. Гэвч захиалагч нь уг үүргээ биелүүлэлгүй төлбөр төлөх хугацааг хоцроосонтой холбогдуулан гүйцэтгэгчид 2,606,220,270.46 төгрөгийн зээлийн хүүгийн зардал бий болсон.
Захиалагчийн зүгээс төлбөрийг ЭТТ-2019/863 тоот гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн бол манай компанид тухайн хэмжээний зээлийн хүүгийн зардал бий болохгүй байсан тул ЭТТ-2019/863 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.11 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гүйцэтгэгчид бий болсон хүүгийн зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасны дагуу гүйцэтгэгчид учирсан хохиролд хамаарахаар байна. Иймд зээлийн хүүгийн хохиролд 2,606,220,270.46 төгрөгийг гаргуулах нь гэрээ болон холбогдох хуульд нийцэхээр байна.
Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагч “Э” ХК-аас нийт 10,980,850,915.72 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Х.Х, Д.О, Э.У нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “... “Э” ХК нь 2022.05.09-ний өдөр ЭТТ-2022/340 тоот нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг нүүрс нийлүүлэх цэг нь “Уурхайн ам” агуулах гэсэн нөхцөлтэйгөөр “М” ХХК болон “М Л” компанитай байгуулсан. Тус гэрээг ЭТТ-2019/863 тоот “Т ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний хүрээнд 2021.09.01-2022.06.30-ны өдрийг хүртэлх хугацаанд 95,3 тэрбум төгрөгийн хийж гүйцэтгэсэн уулын ажлын үлдэгдэл төлбөр болох 40,05 тэрбум төгрөгийг 105,000 тонн коксжих нүүрсээр төлөхөөр тохиролцож байгуулсан бөгөөд талууд ЭТТ-2019/863 тоот гэрээний үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч, гэрээг дүгнэх актыг байгуулсан.
ЭТТ-2022/340 тоот гэрээний үнэ нэг тонн тутамд 130,66 ам.доллароор худалдахаар тохиролцсон хэдий ч “Э” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 21 дүгээр тогтоолд заасны дагуу үнийн хөнгөлөлт үзүүлж, нэг тонн тутам 122,83 ам.доллароор тооцож коксжих нүүрсээ нийлүүлсэн бөгөөд 2022.05.23-ны өдрөөс 2022.07.24-ний өдрийн хооронд “Э” ХК-ийн уурхайд үүсгэсэн 5-н коксжих нүүрсний овоолгоос нийт 38,019 тонн коксжих нүүрсийг худалдан авагчийн тээврийн хэрэгсэлд ачиж, 2022.09.30-ны өдөр “тооцоо нийлсэн акт”-ыг талууд баталгаажуулсан болно.
5.1.Анхан болон давж заалдах шатны шүүхээс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч барааг хүлээн авснаас хойших эрсдэл хаана шилжсэн бэ гэдэгт дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3 дахь хэсэгт заасныг зөрүүтэй хэрэглэсэн, Улсын дээд шүүхийн 2017.12.05-ны өдрийн 02 дугаартай зөвлөмж тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. ЭТТ-2022/340 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээний 4.3.2-т талууд нүүрсний 3-дагч дээжийг 30 хоног хадгалахаар заасан буюу баталгаат хугацааг тохиролцсон, мөн тус гэрээний 4.3.4-т нүүрсний маргаан гарвал уг дээжийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон байхад нэхэмжлэгчийн 2022.09.26-ны өдрийн албан бичгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгаа нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн магадлалын 6.2-т “...хариуцагчийн шинжилгээний үр дүн гэрээний 4.1-д заасан чанарт хүрэхгүй байна” гэж илт алдаатай дүгнэсэн. Магадлалын “хянавал” хэсгийн 5.1-д “...нэхэмжлэгчээс гаргасан шинжилгээний хариуны нүүрсний G индекс 47-72 байгаа талаар, Уул уурхай, газрын тосны төв лабораторийн сорилтын тайлангаар 69,5 нэгж байгаа талаар, мөн магадлалын 5.2-т хариуцагчаас ирүүлсэн шинжилгээний хариуны нүүрсний G индекс 68-91 хооронд байгаа талаар дүгнэхдээ ЕТТ-2022/340 дугаартай нүүрс худалдах, худалдан авах тухай гурван талт гэрээний 4.1-д коксжих нүүрсний G индекс буюу барьцалдах чанарыг 81.0 (4-р давхаргын), 75.0 (3-р давхаргын)-тай байхаар тусгажээ” гэж алдаатай дүгнэлт хийсэн байна.
Талуудын хооронд байгуулсан ЭТТ-2022/340 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлэх нүүрсний G индекс буюу коксжих чанар нь 75.0 (+/-7) нэгж бөгөөд коксжих чанар хамгийн багадаа 68 нэгж байж болохоор тохиролцсон байхад (+/-7) нэгж гэсэн хэсгийг давж заалдах шатны шүүх орхигдуулж, чанарын шаардлага хангахгүй шинжилгээний хариу гарсан мэтээр огт үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс чанарын шаардлага хангасан нүүрс нийлүүлсэн байхад нэхэмжлэгчийн зарим шинжилгээний хариунд үндэслэн “Э” ХК-ийн нийлүүлсэн нүүрс бүхэлдээ чанарын шаардлага хангаагүй доголдолтой бүтээгдэхүүн байна гэж дүгнэсэн. Ийнхүү доголдолтой гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т заасан “... эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэж зааснаас зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байна.
“Э” ХК-ийн нийлүүлсэн нүүрс нь хэддүгээр овоолгоос ачигдсан болон ачилтын үеийн нүүрсний чанарын шинжилгээ тодорхой (магадлалын 5.2-т индекс G 68-91 нэгжийн хооронд) байхад хамгийн сүүлд нүүрсний ачилт хийсэн 2022.07.24-ний өдрөөс хойш, “Э” ХК-ийн ачилтын шинжилгээг хийсэн 2022.07.25-ны өдрөөс хойш 2 сарын дараа хийгдсэн нэхэмжлэгчийн шинжилгээний хариуг шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болгосонд гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхээс индекс G буюу коксжих чанар нь 75.0 (+/-7) нэгж байж болохоор заасныг анзаарахгүйгээр хариуцагчийн шинжилгээний үр дүн гэрээний 4.1-д заасан шаардлагад хүрэхгүй гэж буруу дүгнэлт хийсэн.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын итгэмжлэгдсэн “А” ХХК-ийн лабораторийн хийсэн шинжилгээ нь хэддүгээр овоолгоос хэзээ ачсан нүүрсний шинжилгээ болох нь дээж хүлээн авсан огноо, дээжийн дугаар, лабораторийн ажлын дугаараар тодорхой харагддаг (2хх 96). Гэтэл нэхэмжлэгч талын ирүүлсэн SGS лабораторийн шинжилгээ нь хэддүгээр овоолгоос, хэзээ ачсан нүүрсний шинжилгээ болох нь тодорхойгүй, зарим шинжилгээ нь гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2022.04.08-ны өдөр (1хх 58) хийгдсэн зэрэг эргэлзээтэй үйл баримт байхад тухайн шинжилгээнд шууд үндэслэн чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой бүтээгдэхүүн гэж дүгнэсэн.
Худалдагчийн нийлүүлсэн нүүрс нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй буюу биет байдлын доголдолтой талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс “лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон” гэж маргааны үйл баримтыг зөвхөн нэг талын баримтаар буруу тайлбарлаж, “А” ХХК-ийн лабораторийн нүүрсний шинжилгээний дүгнэлтийг гэрээний заалттай нийцэхгүй байгаа мэт буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байгааг илтгэж байна.
5.2.ЭТТ-2022/340 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь “Инкотермс 2020” FCA буюу “Уурхайн ам” нөхцөлөөр байгуулсан гэрээ бөгөөд талууд гэрээний удиртгал хэсгийн 6-д заасны дагуу худалдан авагчид ачилт хийснээр нүүрсний өмчлөх эрх болон холбогдох бүхий л үр ашиг болон эрсдэл худалдан авагчид бүрэн шилжихийг талууд хүлээн зөвшөөрснийг харгалзаж уг гэрээг байгуулсан. Түүнчлэн, гэрээний 3.2-т заасны дагуу ачилт хийснээр нүүрсний өмчлөл болон ирээдүйн бүхий л ашиг, эрсдэл, зардал нь худалдан авагчид шилжсэн бөгөөд гэрээний 5.2-т зааснаар “нүүрс нийлүүлэх цэг дэх нүүрсний хэмжээ болон чанарын үзүүлэлт нь эцсийнх бөгөөд талуудын хүлээн зөвшөөрсөн үр дүн байна. Худалдан авагч нь уурхайн амнаас ачигдаж, зөвшөөрөгдсөн талбайгаар дамжин экспортлогдох нүүрсний хэмжээ, чанарт гарах аливаа өөрчлөлтийг бүрэн хариуцна” гэж гэрээгээр тохиролцсон.
“Э” ХК нь ЭТТ-2022/340 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022.05.23-aac 2022.07.24-ний хооронд нийт 38.019 тонн коксжих нүүрсийг дугаар бүхий коксжих нүүрсний 5-н овоолгоос (2хх 47-58) нийлүүлсэн бөгөөд талууд 2022.09.30-ны өдөр “тооцоо нийлсэн акт”-аар баталгаажуулсан (2хх 59) болно. Анхан шатны шүүхээс “... нүүрсний чанарын талаар маргаан үүссэн тохиолдолд авах гуравдагч дээжийг одоо авах боломжгүй буюу 30 хоногийн хугацаа өнгөрсөн талаар тайлбарлаж байна...” гэж дурдсан атлаа энэ талаар дүгнэлт өгөөгүй.
Гэрээгээр баталгаат хугацааг тус гэрээний 4.3.2-т “гуравдагч дээж”-ийг агаараас тусгаарлан битүүмжилж, дээж авсан өдрөөс хойш 30 хоног хадгалахаар зохицуулсан ба нүүрсний чанарын талаар маргаан гарсан тохиолдолд дээрх хадгалсан дээжээс талууд шинжилгээ хийлгэж, гарсан үр дүнгээр маргааныг шийдвэрлэхээр тохиролцсон байхад анхан шатны шүүхээс ... худалдагч баталгаат хугацаа тогтоогоогүй байна...” гэж үзэж, тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй гэж маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7 дахь хэсгийг зөрүүтэй хэрэглэсэн. Нүүрс нь органик үлдэгдлийн хуримтлалаар даралт, температурын нөлөөнөөс шалтгаалан үүсэх бөгөөд бүрдүүлэгч үндсэн элемент нь нүүрстөрөгч (80% хүртэл), устөрөгч агуулагдаг. Нүүрсийг газрын гадаргад ил гаргах үед хүчилтөрөгчтэй урвалд орох замаар үндсэн шинж чанараа алдаж эхэлдэг бөгөөд шатах, уугих болон коксжих шинж чанарын голлох үзүүлэлтүүд буурдаг зүй тогтолтой. Иймд, ил аргаар олборлосон нүүрсний хувьд чанарын асуудал өдөр хоногоор хэмжигддэг тул дахин шинжлүүлэх асуудалд дээр дурдсан 30 хоног гэсэн хугацааны хязгаарлалтын зохицуулалтыг гэрээнд тусгасан байдаг. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн нүүрсний чанарын үзүүлэлтийг харвал коксжих шинж чанарын үзүүлэлт манай компанийн 2 жилийн өмнө нийлүүлсэн нүүрсний чанараас хэт зөрсөн, үнслэгийн хэмжээ өндөр байгаа нь манай нүүрс мөн эсэх нь эргэлзээтэй байдаг.
Гэтэл давж заалдах шатны шүүх “нүүрсийг экспортлохгүй үлдээх нь түүний зорилго биш..., ашиг олох нь түүний ашиг сонирхол юм..., чанарын шаардлага хангасан нь зарагдсан, хангагдаагүй нь зарагдаагүй үлдсэн гэж дүгнэхээр байна...” гэж хэт нэг талыг баримтлан явцуу тайлбарлаж, нэхэмжлэгчийн шинжилгээний хариуг илүү үндэслэлтэй гэж үзнэ гэж тайлбарласанд гомдолтой байна. ЭТТ-2022/340 дугаартай гэрээний 4.3.2, 4.3.4-т заасны дагуу худалдан авагч тал нүүрс ачигдсанаас хойш 30 хоногийн хугацаанд нүүрсний чанарын талаарх шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, “гуравдагч дээж”-ээс чанарын шинжилгээг хийлгээгүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасны дагуу энэ асуудлаар шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргаж буй гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
6.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Х.Х, Д.О, Э.У нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/01053 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
7.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
8.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан ETT-2022/340 тоот нүүрс худалдах худалдан авах тухай гэрээг цуцалж, чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг Ц дахь гаалийн талбайгаас татан авахыг даалгах, ЭТТ-2019/863 тоот ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7,499,774,904 төгрөг, алдангид 874,855,741.26 төгрөг, хохиролд 2,606,220,270.46 төгрөг, нийт 10,980,850,915.72 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч “M L” компани нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан ETT-2022/340 тоот нүүрс худалдах худалдан авах тухай гэрээг цуцалж, чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг Ц дахь гаалийн талбайгаас татан авахыг даалгах, тээврийн зардал 762,774,388 төгрөг, гаалийн хяналтын талбайд нүүрс хадгалуулсан хөлс 202,647,130 төгрөг, нийт 965,421,518 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. /1хх-ийн 1-5-р тал, 2хх-ийн 116-117-р тал/
Нэхэмжлэгч нар “нүүрс худалдах, худалдан авах гэрээг цуцалж, чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг гаалийн талбайгаас татан авахыг даалгах” нэхэмжлэлийн үндэслэлийг хамтран тайлбарлахдаа “...”М” ХХК нь “Э” ХК-ийн захиалгаар 2019 оны 12 дугаар сараас ЭТТ-2019/863 тоот гэрээний үндсэн дээр Т ордын Цанхийн баруун хэсгийн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн. Уг ажлын хөлсний зарим төлбөрийг нүүрсээр төлөх хариуцагчийн саналыг хүлээн авч 2021.10.26-ны ба 2021.12.07-ны өдөр төлбөр тооцоо хийх тохиролцоог байгуулсан. Улмаар “Э” ХК-тай “М” ХХК болон БНХАУ-ын “M L” компани ETT-2022/340 тоот гурвалсан гэрээг 2022.05.09-ны өдөр байгуулж, гэрээгээр “Э” ХК нь 105.000 тонн коксжих нүүрсийг “M L” компанид худалдаж нийлүүлэх, “M L” компанийн “Э” ХК-д төлөх нүүрсний үнэ 40,059,654,297.84 төгрөгийг “М” ХХК нь ЭТТ-2019/863 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах төлбөрт тооцон “M L” компаниас шууд авахаар талууд тохиролцсон. Хариуцагч талын нийлүүлсэн нүүрс нь ETT-2022/340 тоот гэрээний 4.1-д заасан чанарын шаардлагыг хангасан байхаар мөн талууд тохиролцсон. “Э” ХК нь “M L” компанид 2022.05-7 дугаар сард нийт 38,019.65 тонн нүүрс нийлүүлсэн боловч үүнээс 22,449.55 тонн нүүрсийг экспортолсон. 15,570.1 тонн нүүрсний гол үзүүлэлт болох G индекс гэрээнд заасан шаардлагад нийцэхгүйгээс Ө аймгийн Х сум, Ц, “Р” ХХК-ийн Гаалийн хяналтын бүсэд хадгалагдаж байна. Нүүрс чанаргүй байгаа нь лабораторийн шинжилгээний дүгнэлтээр батлагдсан. Энэ талаар хариуцагч талд мэдэгдсэн боловч нүүрсний чанарыг гэрээнд заасан хэмжээнд нийцүүлэх, сайжруулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас хамтран нэхэмжлэгч нь нүүрсийг цааш худалдах боломжгүй болсон. Иймд хамтран нэхэмжлэгч нар гэрээг цуцалж, гэрээг цуцалснаас өөрсдөд үүсэх үр дагавар, учирсан хохирлоо нэхэмжилж байна. “ гэжээ.
Нэхэмжлэгч “M L” компани хохирол гаргуулах шаардлагын үндэслэлээ “ ... чанаргүй нүүрс нийлүүлснээс гэрээ цуцлах үндэслэлтэй тул гаалийн талбайд хадгалагдаж байгаа 15.570.1 тонн нүүрсийг уурхайгаас Ц хүртэл тээвэрлэхэд тээврийн компанид 762,774,388 төгрөгийг, түүнчлэн гаалийн хяналтын бүсэд нүүрс хадгалуулсан хөлсөд 202,647,130 төгрөгийг “Р” ХХК-д тус тус төлсөн, иймээс нийт 965,421,518 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагчаас гаргуулна уу” гэсэн.
Нэхэмжлэгч “М” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, алданги, хохирол гаргуулах шаардлагын үндэслэлээ, “...чанаргүй нүүрс нийлүүлснээс шалтгаалж ETT-2022/340 тоот гэрээг цуцалж байгаа тул ажлын хөлсийг бүрэн авч чадахгүйд хүрч байна, иймд ЭТТ-2019/863 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг шаардах эрхтэй, буцаан өгөх 15.507.1 тонн нүүрсийг ETT-2022/340 тоот гэрээний 8.1-н гэрээ дүгнэсэн актад заасны дагуу тонн тутмыг 139.58 ам.доллароор, нэхэмжлэл гаргах үеийн ханш 3.450.91 төгрөгөөр тооцож 7,499,774,904 төгрөг, ЭТТ-2019/863 тоот гэрээний 3.11-д ” захиалагч нь гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэгтэй, 10.2-т “ ...хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл хугацааны алдангид хоцроосон төлбөрөөс тооцож алдангид нийт 874,855,741.26 төгрөг, төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс банкнаас авсан зээлийн хүүг төлөх нэмэлт зардал гарсан тул хохиролд нийт 2,606,220,270.46 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3, 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасны дагуу нэхэмжилж байна” гэжээ. /1хх-ийн 1-5, 2хх-ийн 116-117-р тал/
9.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...”М” ХХК-тай байгуулсан 2019.12.31-ний өдрийн ЭТТ-2019/863 тоот “... хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г талууд 2023.04.28-ны өдөр дүгнэж, гэрээ дүгнэх актыг баталгаажуулсан учир үүрэг дуусгавар болсон. ETT-2022/340 тоот худалдах, худалдан авах гэрээнд зааснаар манай компани нь нүүрсний овоолгоос, гэрээнд заасан ачилтын хуваарийн дагуу худалдан авагч “M L” компанийн нүүрс тээврийн автомашинд ачиж өгөх үүрэг хүлээж, ачилтыг хийснээрээ нүүрсний өмчлөл Иргэнийн хуулийн 248 дугаар зүйлд заасны дагуу худалдан авагчид шилжсэн. Манай компани нүүрсэнд дээжлэлт хийх зааврын дагуу нүүрсний овоолгуудаас дээж авч, ачилтын үеийн нүүрсний шинжилгээг тухай бүр гэрээт лабораторийн шинжилгээнд өгч байснаас гадна шинжилгээний хариуг нэгтгэсэн нүүрсний ачилт, чанарын нэгдсэн хүснэгтээс үзвэл коксжих нүүрсний гол үзүүлэлт болох G индекс болон бусад үзүүлэлтүүд гэрээнд заасан хэмжээнд байна. Өөрөөр хэлбэл, манайх хууль, гэрээнд зааснаар биет байдлын доголдолгүй бүтээгдэхүүнийг худалдсан. Мөн нэхэмжлэгч нар нь нүүрсний чанарын талаар мэдэгдээгүй буюу гэрээгээр тохирсон хугацаанд нүүрсний чанарын талаар гомдол гаргаагүй учир нүүрсний чанарын 3 дахь дээжийг авч, талуудын сонгосон хөндлөнгийн лабораторид шинжлүүлж маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч нар нь гэрээний зүйл болсон нүүрснээс дээж авч шинжлүүлсэн эсэх нь эргэлзээтэй, цаг хугацаанд нь шаардах эрхээ алдсан. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ” гэж татгалзсан байна. /хх2-ийн 13-14-р тал/
10.Анхан шатны шүүх ЕТТ-2022/340 тоот гэрээг цуцалж, 15,570.1 тонн нүүрсийг буцаан татан авахыг хариуцагчид даалган, хариуцагчаас тээврийн зардал 689,939,933.28 төгрөг болон хадгалалтын хөлс 202,647,130 төгрөгийг нэхэмжлэгч “M L” компанид, ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 7,499,774,904 төгрөг болон алданги 749,977,490.49 төгрөгийг нэхэмжлэгч “М" ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа “... Зохигч ETT-2022/340 тоот нүүрс худалдах худалдан авах гэрээний 3.1, 6.1-д зааснаар худалдагчаас худалдан авагчид нийлүүлэх нүүрсний хэмжээг 105,000 тонн гэж, мөн нүүрсийг 2022 оны 5-10 дугаар сарын хооронд сар бүр 17,500 тонноор нийлүүлэхээр тохиролцож, нийт 38,019.65 тонн нүүрсийг худалдан авагчид нийлүүлсэн, гэрээний 4.1-т гэрээний зүйл болох коксжих нүүрсний чанарыг 5 үзүүлэлтээр хэмжиж, индекс G (5:1) чанарын үзүүлэлтийг 4 давхаргын нүүрсэнд 81.0 (+/-8), 3 давхрын нүүрсэнд 75.0 (+/-7) байхаар тохиролцсон байна. Нүүрс дээрх шаардлагыг хангаагүй нь нэхэмжлэгчээс гаргасан лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нар нь нүүрсний чанар байдлын талаар хариуцагч талд 2022.09.26-ны өдөр, 2022.10.24-ний өдөр албан бичиг хүргүүлж байсан, хуульд заасан хугацаанд доголдлыг илрүүлсэн худалдан авагч гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй тул гэрээг цуцлах шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй, хүчин төгөлдөр хэрэгжсэн гэрээний хэсэг хэвээр үлдээж, гэрээ цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэх тул хариуцагчийн нийлүүлсэн чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч “M L” компани нүүрс тээврийн зардалд нийт 1,684,721,022 төгрөг зарцуулснаас чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг тээвэрлэсэн зардалд 762,774,388 төгрөг нэхэмжилсэн ба тээврийн хөлс шилжүүлсэн баримт болон нүүрсийг “Р” ХХК-ийн талбайд буулгасан баримт зэргийг харьцуулан 15,570.1 тонн нүүрсийг тээвэрлэсэн зардлыг тооцон үзэхэд 689,939,933.28 төгрөг байх тул энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгч “M L” компани нь “Р” ХХК-д талбайн түрээсийн төлбөрт 202,647,130 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас нийт 892,587,063.28 төгрөгийг гаргуулж, тус компанид олгох үндэслэлтэй.
ETT-2022/340 тоот нүүрс худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч нар цуцлах эрхтэй байх тул 2019 оны ЭТТ-2019/863 дугаартай нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн нэхэмжлэгч “М” ХХК нь 15,570.1 тонн нүүрсний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй, нийт 7,499,774,904 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний 10.2-т захиалагч төлбөрийг энэ гэрээний 3.11-т .... 0.01 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлөх, алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас ихгүй байна гэж заасан, алдангийн тооцооллыг зөвтгөж, 749,977,490.49 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Харин “М” ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авч байсан, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдож байвч зохигч хэн аль нь ажил хэргийн шугамаар хоорондоо олон гэрээ байгуулж байсан талаар тайлбарлаж, маргахгүй байх тул нэхэмжлэгч “М” ХХК-ийг энэ гэрээтэй холбогдуулан зээл авсан, зээлийн мөнгөн хөрөнгийг энэ гэрээнд зарцуулсан, хариуцагч үүрэг гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй байх тул хохирол 2,606,220,270.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж дүгнэсэн.
11.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
12.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул тэдгээрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
13.Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гурвалсан гэрээ буюу худалдах, худалдан авах гэж нэрлэгдсэн гэрээгээр гэрээнд оролцогч нарын хэн нь ямар эрх, үүргийг хүлээсэн, тухайлбал, нэхэмжлэгч “M L” компани болон хариуцагч “Э” ХК-ийн, нэхэмжлэгч “М” ХХК, “Э” ХК, нэхэмжлэгч “M L” компанийн хооронд тус тус ямар эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх, худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн нүүрс доголдолтой эсэх, доголдлын талаар мэдэгдэх үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд худалдан авагч тал худалдагч талд мэдэгдсэн гэж дүгнэх эсэх, шаардлага гаргах эрхээ алдсан эсэх талаар зохигчийн хооронд үүссэн маргаанд зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс хууль хэрэглэх асуудлаар алдаа гаргасан байна.
Иймд хяналтын шатны шүүхээс хэргийн баримтыг үндэслэн дараах дүгнэлт хийв.
14.Нэхэмжлэгч “М” ХХК болон “Э” ХК-ийн хооронд 2019.12.31-ний өдөр ЭТТ-2019/863 тоот гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд ажлын үр дүнг хариуцагч “Э” ХК хүлээн авсан, уг гэрээний дагуу 2021.09.01-2022.06.30-ны өдөр хүртэлх гүйцэтгэсэн ажилд хариуцагч 95,328,371,280.40 төгрөг төлөхөөс төлбөрийн зарим хэсгийг буюу 40,059,654,297 төгрөгийг нүүрсээр төлөхөөр талууд тохиролцсон.
Үүний дараа нэхэмжлэгч “М” ХХК, “M L” компани болон хариуцагч “Э” ХК-ийн хооронд 2022.05.09-ний өдөр ETT-2022/340 тоот гэрээ байгуулагдсан эдгээр үйл баримт тогтоогджээ.
15.Дээрх гэрээнд оролцогч талуудын эрх, үүргийг хэрхэн заасныг үндэслэн тодорхойлбол дараах байдал тогтоогдож байна.
Гэрээнд хариуцагч “Э” ХК нь нийт 105.000 тонн нүүрсийг “M L” компанид 2022 оны 5-9 сард нийлүүлэх үүрэг, “M L” компани 1 тонн нүүрс 138.ам.доллар боловч ТУЗ-ийн тогтоолын дагуу үнийн хөнгөлөлт үзүүлсний дагуу 122.83 ам.доллароор тооцож төлөх, харин уг нүүрсний төлбөрийг “M L” компаниас “М” ХХК шаардаж авах буюу “Э” ХК-аас авах ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт суутгах талаар зохигч хэлэлцэн тохиролцжээ.
Энэхүү тохиролцооноос үзэхэд нэхэмжлэгч “M L” компани, хариуцагч “Э” ХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх“ худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.
Харин хоёр шатны шүүх тухайн худалдах, худалдан авах гэрээнд оролцогч “М” ХХК болон “M L” компани, “Э” ХК-ийн хоорондох харилцааг хууль зүйн үндэслэлтэй тодорхойлоогүй, “М” ХХК-г худалдан авагч тал мэтээр дүгнэсэн нь алдаатай байна.
Учир нь, “М” ХХК нь худалдагчийн нүүрс нийлүүлж үнэ шаардах, эсхүл худалдан авагчийн нүүрсийг хүлээн авч, үнэ төлөх аль алины эрх, үүргийг энэхүү гэрээгээр хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй тул худалдах худалдан авах гэрээний тал биш юм.
Харин тухайн гэрээнд эрх зүйн нэг харилцааг зохицуулаагүй, гэрээгээр “Э” ХК-ийн худалдсан нүүрсний үнийг “M L” компаниас шаардах эрхийг “М” ХХК шилжүүлсэн авсан буюу эдгээр гурван компанийн хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан заасан шаардах эрхээ шилжүүлэх, шилжүүлэн авах харилцаа тус тус үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасан. Энэ нь “Э” ХК худалдсан нүүрсний үнийг “M L” компаниас шаардах эрхтэй бөгөөд гагцхүү өөрийн шаардах эрхээ өөр этгээдэд буюу “М” ХХК-д шилжүүлсэн, энэ талаар үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн байх тухай ойлголт. Иймд талууд анх худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа “Э” ХК-ийн нийлүүлсэн нүүрсний үнэ шаардах эрхийг “М” ХХК шилжүүлэн авахаар, үүнийг “M L” компани мэдэж зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй.
Дээрх байдлаар зохигчийн хооронд байгуулагдсан ETT-2022/340 тоот гэрээгээр худалдах, худалдан авах гэрээний болон эрх шилжүүлэх гэсэн 2 төрлийн харилцаа үүссэн байх бөгөөд эдгээр нь хүчин төгөлдөр байна.
16.“Э” ХК болон “M L” компанийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний талаар дүгнэхэд тухайн гэрээний зарим хэсэг хэрэгжиж биелэгдсэнийг зохигч маргаагүй. Тухайлбал, гэрээнд зааснаар “Э” ХК нь нийт 105,000 тонн коксжих нүүрс нийлүүлэх ёстой боловч 2022 оны 05-7 сарын хугацаанд 38.019.65 тонн-г нийлүүлсэн, харин “M L” компани нь “М” ХХК-д хэдэн төгрөг төлсөн талаарх баримтыг тус компани гаргаагүй боловч анхан шатны шүүх хуралдаанд цааш худалдан борлуулсан 22,499.55 тонн нүүрсний үнийн хэмжээгээр 2,355,517 доллар төлөгдсөн гэж тайлбар гаргажээ.
16.1.ETT-2022/340 тоот гэрээний 3 дугаар зүйл, 3.2-т зааснаар нүүрс нийлүүлэх цэг нь “Уурхайн ам” агуулах гэж, нүүрсний өмчлөл болон ирээдүйн бүхий л ашиг, эрсдэл, зардал нь нийлүүлэх цэг дээр худалдан авагчийн машинд ачсан, эсхүл худалдагч болон худалдан авагчийн хооронд нүүрсийг овоолгоор нь шилжүүлэх акт үйлдсэнээр худалдан авагчид бүрэн шилжинэ. Нүүрсний экспорт нь Монгол Улсын Г, Х, З болон бусад боомтууд дахь эрх бүхий гаалийн хяналтын талбайгаар дамжуулан экспортолно гэж заажээ.
Гэрээний дээрх зохицуулалт болон зохигчийн тайлбараар худалдан авагч “M L” компани нь тээврийн компанитай байгуулсан гэрээний дагуу тээвэрлэгч автомашинуудыг уурхайд ирүүлснээр Уурхайн амнаас нүүрс ачилтыг гүйцэтгэх үүргийг худалдагч “Э” ХК гүйцэтгэж, тээвэрлэгчид нүүрс ачигдсанаар гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлсэнд тооцох, улмаар энэ үеэс түүнд тухайн эд хөрөнгийн үр шим, эрсдэл шилжихээр зохигч тохиролцсон, хүлээн авсан 38.019.65 тонн нүүрсний ачилт ийм журмаар явагдсаныг зохигч маргаагүй ба энэ нь Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 247 дугаар зүйлийн 247.1, 247.2-т заасан агуулгатай нийцжээ.
Хэргийн баримтад авагдсан “M L” компанийн тээврийн компаниудтай байгуулсан гэрээ, уг гэрээний дагуу нүүрс ачилтыг худалдагч “Э” ХК-ийн Уурхайн амнаас худалдан авагч “M L” компанид тээвэрлүүлсэн цаг хугацааг харахад тээвэрлэлт 2022.05.29-ны өдрөөс 2022.07.24-ний өдрийг хүртэл хугацаанд явагдсан, автомашинаар нийт 378 удаагийн тээвэрлэлтийг “Б” ХХК, “Т” ХХК, “Х” ХХК, “И” ХХК, “Т” ХХК-иуд хийжээ.
Өөрөөр хэлбэл, нийтдээ гурван сарын туршид нүүрсийг автомашинаар зөөсөн байна.
16.2.Зохигч гэрээндээ нүүрсний чанарын талаар заахдаа, худалдагч нь Т ордоос олборлосон коксжих нүүрснээс худалдан авагчид нийлүүлэх ба нүүрсний чанарыг 5 үзүүлэлтээр хэмжиж, индекс G (5:1) чанарын үзүүлэлтийг 4 давхаргын нүүрсэнд 81.0 (+/-8), 3 давхрын нүүрсэнд 75.0 (+/-7) байхаар тохиролцсон.
Хүлээн авсан нүүрс чанарын доголдолтой эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон бөгөөд хоёр шатны шүүх цааш худалдан борлогдоогүй 15.570.1 тонн нүүрс гэрээгээр тогтоосон чанарын үзүүлэлтийг хангахгүй байгаа нь тогтоогдсон гэж үзэхдээ нэхэмжлэгч буюу худалдан авагч “M L” компанийн шүүхэд нотлох баримтаар гаргасан ... 2022.07.19-ний, 2022.07.31-ний, 2022.09.27-ны өдрүүдийн S ХХК-ийн шинжилгээний тайлан 2022.09.12-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газар уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээг үндэслэжээ.
Хоёр шатны шүүх нүүрсний чанарын талаар дүгнэхдээ худалдагч “Э” ХК болон худалдан авагч “M L” компанийн хооронд нүүрсний чанар байдлыг хэрхэн шалгаж тогтоох журам тогтоосон, чанарын талаарх гомдлын шаардлагыг худалдан авагч тал худалдагчид хэрхэн мэдэгдэх талаар, түүнчлэн шаардлага гаргах эрхээ алдсан эсэхэд гэрээний болон энэ талаарх Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж дүгнэлт өгөөгүй байна.
16.3.Худалдсан эд хөрөнгө чанарын шаардлага хангаагүй буюу доголдолтой бол худалдан авагч нь худалдагчид эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах эдгээр шаардлагыг гаргаж болохыг Иргэний хуульд заасан.
Мөн худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч дээр дурдсан шаардлагыг гаргаж болно.
Харин Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гээд, 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол”, 255.1.2-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй”, 255.1.3-т “тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн “ эдгээр нөхцөлийг заасан байна.
16.4.ETT-2022/340 тоот гэрээнд талууд нүүрснээс дээж авах, дээжийг бэлтгэх, дээжийн чанарын шинжилгээг хамтран гүйцэтгэж байхаар тохиролцжээ.
Тодруулбал, гэрээний 4.3.1-д “ талуудын төлөөллүүдийг байлцуулан ачигдаж буй нүүрснээс 30,000 тонн тутам нэг дээж авна. Дээжний чанарыг шинжлэхдээ ISO стандартыг мөрдөнө”, 4.3.2-д “гуравдагч дээжийг агаараас тусгаарлан битүүмжилж дээж авсан өдрөөс хойш 30 хоногийн турш хадгална”, 4.3.3-д “талууд нүүрсний чанарын шинжилгээг тус тусын лабораторид хийж гүйцэтгэх бөгөөд холбогдох зардлыг өөрсдөө хариуцна”, 4.3.4.-д “...нийлүүлсэн нүүрсний чанарын талаар маргаан үүсвэл гуравдагч дээжийг авч, нүүрсний чанарын шинжилгээг талуудын сонгосон магадлан итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораторид хийлгэх бөгөөд шинжилгээний үр дүнгээр маргааныг эцэслэн шийдвэрлэнэ. Хөндлөнгийн лабораторид гуравдагч дээжийн чанарыг шинжлүүлэхтэй холбогдон гарах зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна гэж заасан байна” гэж заасан.
Дээрх журмын дагуу ачилт хийх явцад худалдагч, худалдан авагчийн төлөөлөгч хэн аль нь байлцан, хамтдаа ачигдсан нүүрснээс 3 дээжийг авч, нэг нэгийг тус тусын лабораторид шинжилгээ хийлгэх, маргаан гарвал тусгаарлан авсан гуравдагч дээжид хөндлөнгийн лабораториар шинжилгээ хийлгэхээр тохиролцсон хэдий ч ачилт хийх явцад худалдан авагч талаас төлөөлөгч оролцоогүйг зохигч маргаагүй, үүнийг нэхэмжлэгч тайлбарлахдаа, Ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас төлөөлөгч байлцах боломжгүй байсан гэж, хариуцагч тухайн уурхайгаас нүүрс олборлох, ачилт хийх хилээр гаргах ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоогдоогүй гэж 2 өөрөөр тайлбарласан байна.
Талууд дээрх байдлаар тус тусын тайлбар гаргасан боловч тайлбартай холбоотой баримт гаргаагүй ба тухайн цаг хугацаанд Ковид цар тахлын нөхцөл байдал байсан нь маргаангүй байна.
16.5.Уурхайн амнаас ачилт хийхэд худалдан авагч “M L” компанийн төлөөлөгч дээж авч чадаагүй хэдий ч нэгэнт нүүрсийг хүлээн авсан тул тухай бүр чанарыг шалгах, чанарын шаардлага хангаагүй бол гэрээнд заасан журмын дагуу нөгөө талд тогтоосон хугацаанд мэдэгдэж, хамтарч шинжилгээ хийлгэж, гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийг хүлээж авах үедээ шалгах шаардлагатай бөгөөд харин тухайн эд хөрөнгийн хүлээн авах явцад шалгах нөхцөл бүрдээгүйгээс гадна эд хөрөнгийн өөрийн шинж байдлаас шалтгаалж, тухайлбал, хүлээн авах үед нарийн шалгах боломжгүй, гагцхүү зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах явцад үүсэх буюу богино хугацаанд доголдлыг илрүүлэх боломжгүй нөхцөл байж болдог.
Харин ETT-2022/340 тоот гэрээний зүйл болсон нүүрс нь өөрийн онцлогтой эд хөрөнгө, өөрөөр хэлбэл, шатамхай, цаг агаар, хадгалалт, бусад хүчин зүйлээс хамаарч чанарт өөрчлөлт орох магадлалтайг зохигч үгүйсгээгүй, мөн энэ нь “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.08.04-ний өдрийн А/477 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Уурхайн нүүрсний агуулахын менежментийн журам”-д заасан Нүүрсний овоолгын бүртгэл, нүүрсний овоолгоос ачилт хийх, гомдол маргааныг шийдвэрлэх талаарх зохицуулалтаас тодорхой байна. Үүнд, журмын 6.9-д “борлуулж буй бүтээгдэхүүний чанарыг хянаж баталгаажуулах зорилгоор, худалдан авагчаас ирүүлсэн албан хүсэлтийг харгалзан компанийн борлуулалт хариуцсан газраас салбарын удирдлагад мэдэгдсэний дагуу нүүрс худалдах худалдан авах гэрээнд тусгасан 30,000 тонн тутамд 1 байхаар боловсруулалт, чанарыг геологич дээжлэлт хийх зааварт заасны дагуу гүйцэтгэж, үр дүнг компанийн борлуулалт хариуцсан газарт мэдэгдэнэ, 6.10-т “энэ журмын 6.9-дэх заалтын шинжилгээний үр дүнгээр овоолго дахь нүүрсний чанартай уялдуулан ачилт хийх дарааллыг өөрчлөх шийдвэрийг компанийн борлуулалт хариуцсан газрын дарга шийдвэрлэнэ”, 7.1-д “нүүрс худалдах худалдан авах гэрээний дагуу үүссэн аливаа нүүрсний чанарын маргааныг талууд гэрээнд тодорхой тусгасан байна”, 7.3-т “худалдан авагч талд нийлүүлсэн нүүрсний чанартай холбоотой маргаан үүссэн тохиолдолд компанийн борлуулалт хариуцсан газар салбарын удирдлагад мэдэгдэж, маргааныг шийдвэрлэх хүрээнд худалдан авагч талтай хамтарсан дээжлэлтийг нүүрсэнд дээжлэлт хийх зааварт заасны дагуу гүйцэтгэх ба үр дүнгийн тайланг боловсруулж хоёр талаас газрын үсэг зурж баталгаажуулан чанар хяналтын алба, компанийн борлуулалт хариуцсан газарт танилцуулна “ гэж тус тус заажээ.
Энэ журам зохигчийн хооронд байгуулагдсан ETT-2022/340 тоот гэрээнд мөн тусгагдсан байна.
Тухайлбал, нүүрсний чанартай холбоотой гэрээнд зааснаар худалдагч, худалдан авагч аль аль тал нь дээжлэлт авч, өөрийн гэрээт лабораторид шинжлүүлэх, маргаан гарвал авсан гуравдагч дээжлэлтийг хөндлөнгийн шинжилгээгээр тогтоолгоно гэж тусгайлан заасан, хэдийгээр нэхэмжлэгч “M L” компани нүүрс ачилт хийхэд төлөөлөгчөө байлцуулж чадаагүй боловч нүүрс ачилт хийж эд хөрөнгө өмчлөлд шилжсэн энэ цаг хугацаанд дээжлэлт авч өөрийн лабораторид шинжилгээ хийлгэх, улмаар чанар байдлын талаар доголдол гарсан бол аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч худалдан авагчийн хувьд нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх боломжтой, ингэснээрээ гуравдагч дээжлэлтийг хадгалах хугацааны дотор хөндлөнгийн лабораторид шинжилгээ хийлгэж, чанар гэрээнд заасан хэмжээнд хүрч байгаа эсэхийг тогтоох боломжтой байжээ.
Нэн даруй мэдэгдэх гэдгийг гэрээнд заасан журмын дагуу дээжлэлт хамтарч авч, шинжилгээ хийлгэх хугацаатай уялдуулан тайлбарлах нь зүйтэй.
Ийм үйлдлийг цаг хугацаа алдахгүйгээр гүйцэтгэж худалдагч талд гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй хугацаа алдсанаас дээжлэлтийг сүүлийн нийлүүлэлт хийсэн 2022.07.25-ны өдрөөс хойш гэрээ болон журмын дагуу 30 хоног хадгалах хугацаа өнгөрсөн, үүний улмаас чанар буюу доголдлын талаарх шаардлага гаргах эрхээ алдсан тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
“M L” компаниас чанарын талаарх эхний албан бичгийг 2022.09.23-ний өдөр ирүүлсэн, уг бичигт нүүрсний чанар буурч байгаа өөр нүүрстэй хольж чанар сайжруулах талаар, 2022.10.21-ний албан бичигт нүүрсний чанарын шинжилгээг магадлан итгэмжлэгдсэн лабораторид хийлгүүлэх санал гаргасан байна. Иймд нэхэмжлэгч “M L” компани нь гэрээ болон Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
16.6.Нөгөө талаар, хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан 2022.05.29-ны өдрөөс 2022.07.25-ны өдрийн хооронд өөрийн гэрээт “А” ХХК-ийн лабораториар нүүрсний чанар байдлын талаар хийлгэсэн шинжилгээний 17 удаагийн шинжилгээний үр дүнг үгүйсгэх нөхцөл бүрдээгүй атал хоёр шатны шүүх дан ганц нэхэмжлэгчийн ирүүлсэн шинжилгээгээр худалдсан нүүрсний чанар доголдолтой буюу гэрээнд заасан чанарын үзүүлэлтэд хүрэхгүй байна гэж тогтоосон, түүнчлэн “M L” компани болон “Э” ХК-ийн хооронд ETT-2022/340 тоот гэрээг 2023.01.20-ны өдөр дүгнэж акт үйлдсэн ба уг актад аливаа маргаантай зүйл дурдагдаагүй байгааг анхаараагүй байна.
Дээрх байдлаар хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.
16.7.Иймд хариуцагч “Э” ХК нь доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч “M L” компани нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэрээг цуцалж, 15.507.1 тонн нүүрсийг гаалийн талбайгаас буцаан авахыг даалгаж, учирсан хохирол буюу тээврийн зардал болон хадгалалтын хөлс, нийт 965,421,518 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж дүгнэв.
17.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд тус компани хариуцагч “Э” ХК-д холбогдуулан ETT-2022/340 тоот гэрээг цуцлах, 15.507.1 тонн нүүрсийг татан авахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн үндэслэлийг доголдолтой нүүрс нийлүүлсэн гэж тайлбарласан бөгөөд өмнө дурдсанаар уг компани худалдан авагч тал бус тул нэхэмжлэгч “M L” компанийн нэгэн адилаар хариуцагчид холбогдуулан нүүрсний чанар байдлын талаар гомдлын шаардлага гаргах, улмаар гэрээг цуцлахыг шаардах эрхтэй этгээд болохгүй. Иймд эдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
“М” ХХК нь “Э” ХК-тай өмнө байгуулсан ЭТТ-2019/863 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөгдөх төлбөрт 7,499,774,904 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ ... худалдагдаагүй 15,507.1 тонн нүүрсийг 1 тонн-г 138 ам.доллароор нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тодорхойлж 7,499,774,904 төгрөг гэж тодорхойлсон. Энэ шаардах эрх “Э” ХК болон “M L” компанийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж дуусгавар болж, улмаар “M L” компаниас нүүрсний үнийг шаардах “М” ХХК-ийн эрх дуусгавар болох тохиолдолд л хэрэгжих боломжтой байсан ба шүүх нэгэнт ETT-2022/340 тоот худалдах худалдан авах гэрээг цуцлах, гэрээ болон хуульд заасан үндэслэлгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу “М” ХХК-ийн “M L” компаниас нүүрсний үнийг шаардах эрх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д заасан аль нэг үндэслэлээр дуусгавар болоогүй тул зохигчийн хооронд байгуулагдсан ETT-2022/340 тоот гэрээгээр хүлээсэн “M L” компани болон “М” ХХК-ийн эрх, үүрэг хэвээр үлдэнэ. Иймээс “М” ХХК нь “M L” компаниас нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр аваагүй төлбөрөө шаардах эрх нээлттэй байна.
Дээр дурдсанаар ажлын хөлс 7,499,774,904 төгрөгийг гаргуулахаар “М” ХХК шаардах эрхгүй учраас уг төлбөртэй холбоотой үүссэн гэх алданги, хохирлыг гаргуулах үндэслэлгүй, иймээс “Э” ХК-д холбогдуулан гаргасан “М” ХХК-ийн эдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01161 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2024/01155 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 256 дугаар зүйлийн 256.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Э” ХК-д холбогдох ETT-2022/340 тоот нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж, чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг даалгах, хохиролд нийт 965,421,518 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “M L” компанийн нэхэмжлэлийн шаардлагыг, “Э” ХК-д холбогдох ETT-2022/340 тоот нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж, чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг даалгах, ЭТТ-2019/863 тоот гэрээний дагуу ажлын хөлс, алданги, хохиролд нийт 10,980,850,915.72 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М” ХХК-ийн 2024.07.16-ны өдөр төлсөн 13,813,442 төгрөг, хариуцагч “Э” ХК-ийн 2024.07.16-ны өдөр төлсөн 41,441,812 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД