МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар: 001/ХТ2024/00239
Улаанбаатар хот

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 09-ний  өдрийн 135/ШШ2024/00617 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 02-ны  өдрийн 209/МА2024/00058 дугаар магадлалтай,

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ж, Б нарт холбогдох

 

170,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагч Б, хариуцагч Ж, түүний өмгөөлөгч Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С, хариуцагч нарын өмгөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Ж, Б нарт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 170,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний  өдрийн 135/ШШ2024/00617 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж, Б нарт холбогдох 170,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1,078,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн,

 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны  өдрийн 209/МА2024/00058 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2024/00617 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг баримтлан “Д” ХХК, Ж нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан 09/14 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Ж, Б нараас 84,636,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Д" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,364,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,078,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж, Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 581,130 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,009,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны магадлалын зарим хэсгийг нь эс зөвшөөрч ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2014.04.14-ний өдөр байгуулагдсан 09/14 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хуулийн дагуу зөв үнэлж дүгнэсэн атлаа маргаан бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 1-р байр, 02 тоот 70.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг буруу тодорхойлсон гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс ИХШХШтХ-ийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт “мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу 70.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэвч давж заалдах шатны шүүхийн зүгээс одоогоос 10 жилийн өмнөх орон сууцны ханшаар буюу 2014.04.14-ний өдөр байгуулагдсан 09/14 дугаартай гэрээнд бичигдсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг бууруулан хангасан нь нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон орон сууцны бодит үнийг үндэслэлгүйгээр бууруулж, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчин, хөрөнгө санхүүгийн хувьд нэхэмжлэгчийг хохироогоод байна.

Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон бөгөөд хариуцагч нь тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шинжээч томилуулах, баримт гаргуулах гэх мэт замаар баримт бүрдүүлэн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй юм.

4.2. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн. Тус гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтын дагуу зохигч нар авсан өгснөө харилцан буцаах боловч хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг бусдад худалдаалсан, худалдан авсан хүн нь мөн бусдад худалдаалсан гэх мэтээр хэд хэдэн удаа бусдад худалдаалагдсан, одоо өөр хүний өмчлөлд байгаа тул хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцыг биет байдлаар нь буцаан өгөх боломжгүй юм. Хуульд биет байдлаар буцаан өгөх боломжгүй тохиолдолд үнийг төлөх үүрэгтэй гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны бодит үнийг нэхэмжилсэн боловч давж заалдах шатны шүүхээс буцаан өгөх орон сууцны үнийг маш хямдаар буюу одоогийн ханшаар бус 10 жилийн өмнөх ханшаар тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан зүйл болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бууруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Б би “Д” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, иргэн Жтай 0915 тоот захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Миний хүсэлтээр Жын байрыг барьцаалж банкнаас зээл авсан гэж нэхэмжлэгч тал намайг үндэслэлгүй гүтгэн, удаа дараа тайлбар бичиж, ярьж байгааг би огт хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед буюу 2014 онд Б.М гэх хүн “Д” ХХК-д огт ажиллаж байгаагүй, харин Д.А гэдэг хүн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь хавтас хэрэгт авагдсан, албан ёсны нотлох баримтаар тодорхой батлагдаж байхад давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.2-д заасныг баримтлан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тооцсон нь ямар ч үндэслэлгүй байна.

Б миний зүгээс хэн нэгэн иргэнтэй дүр үзүүлэн хэлцэл хийгээгүй тул нэхэмжлэгч тал намайг ямар ч үндэслэлгүй бас дахин гүтгэж, их хэмжээний өр төлбөрт унагаж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн байгууллага, түүний эрхэм шүүгч нар хэт нэг талыг барьж ямар ч баримт нотолгоогүйгээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэн, “Д” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь мөнгөтэй чинээлэг компанид тал засаж, ядарсан иргэдийг хохироосон хууль зүйн ямар ч үндэслэлгүй шийдвэр, магадлал гаргасан байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлд “Хэлцэл хийсэн гэж үзэх”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 43.2.2 43.2.3 43.3-д заасны дагуу талуудын хооронд байгуулсан “Гэрээ, хэлцэл” нь үйлдсэн баримт бичиг, түүний бүртгэлээр бүрэн нотлогдож байхад давж заалдах шатны шүүх нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргажээ.

Мөн түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Б М нарыг “Д” ХХК-д ямар ч хамааралгүй гэдгийг тогтоосон бичгийн нотлох баримт Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон байхад, давж заалдах шатны шүүгч нар түүнийг огт анхаарч үзэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйл, Иргэний хуулийн 243.1 дүгээр зүйл, мөн хуулийн 43 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтуудыг ноцтойгоор зөрчиж, ИХШХШТХуулийн 38 дугаар зүйл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 40.1.2-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ийнхүү Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэр бүхий шүүгч нар мөнгөтэй, баян компанийн талд үйлчлэн, үндэслэлгүй шийдвэр гаргаж, энэхүү иргэний хэрэгт огт хамааралгүй, хариуцагч биш намайг хохироож, бусдын хувийн эд хөрөнгөд хууль бусаар халдах үйлдэл хийгдэж байна. Энэхүү хуулийг илт зөрчиж гарсан шийдвэрт маш их харамсаж, гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Ж, түүний өмгөөлөгч Ц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч иргэн Ж нь нотлох баримтанд “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, төлбөрийг хоорондын тооцоогоор барагдуулсны үндсэн дээр “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А 2004.04.14-ний өдөр 50/14 дугаартай Дархан-Уул аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тасагт Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах тухай Ж, ... орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулсан тул өмчлөлийн гэрчилгээг Жаргалын нэр дээр олгож өгнө үү гэсний дагуу ... бүртгэж, 2014.04.18-ны өдөр Жын өмч болсон нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д хэлцэл хийснээс хойш нас барсан ...хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн хуулийн зохицуулалтыг шүүх яагаад анхаарч үзэхгүй байна. Давж заалдах шатны шүүх “Д” ХХК болон хариуцагч Ж нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Орон сууц худалдах, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсаныг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүгч нар нэг талыг барьж баян компанийн эрх ашгийг хамгаалсан, ядарсан иргэн Ж, Б нарын эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. “Д” ХХК 2014.06.20-ны өдрийн 010102 дугаартай С.З, Мнарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэдгийг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байдаг. Энэ нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлээс авсан лавлагаагаар “Д” ХХК-ийн захирал Мандах гэдэг хүн байхгүй, мөн энэ компанид Батболд гэдэг хүн байхгүй.

Давж заалдах шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болсныг тогтоож мөн хуулийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй, үндэслэлийг шүүхийн магадалд тодорхой бичээгүй, бичгийн нотлох баримтыг үнэлээгүй, зөвхөн “Д” ХХК гэх барилгын компанийн эрх ашигт нийцүүлэн гаргаж хуулийг зөрчиж, ядарсан иргэдийг хохироосон магадлал гаргасан нь харамсалтай байна. Гэтэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ. 43.2.1, 43.2.2, 43.2.3, 43.З-д заасны дагуу иргэн Ж “Д” ХХК-ийн захирал Алтангэрэлтэй хийсэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр байхад шүүх ямар ч бичгийн нотлох баримтгүйгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж яаж дүгнэж чадаж байна.

Шүүх хурал дээр хариуцагч Б надад “Д” ХХК ямар ч хамаарал байхгүй, харин надыг энэ байрыг барьцаанд тавиулсан гэж ярьж байгаа Мандах тухайн үед “Д” ХХК-д ямар ч хамааралгүй гэдэг нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн лавлагаагаар бүрэн тогтоогдож байгааг шүүх яагаад анхаарахгүй байна. Ж би уг байрыг миний танил Бгэх залуутай хамтарч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд барьцаанд тавиад 2023.03.17-ны өдөр 23,156,157 төгрөгийг төлөөд барьцаанаас би өөрөө чөлөөлж авсан. Энэ байранд Б, Б.М гэх хүмүүс ямар ч хамаарал байхгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар зохигчийн гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.10.10-ны өдрийн 001/ШХТ2024/01102 дугаар тогтоолыг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

9. “Д” ХХК нь хариуцагч Ж, Б нарт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 170,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Бын хүсэлтээр, зээлийн барьцаанд тавих зорилгоор “Д” ХХК-ийн ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан ... байрыг 2014.04.14-ний өдрийн №09/14 тоот Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Жын нэр дээр шилжүүлэн өгсөн. Зээлийн барьцаанаас чөлөөлөгдмөгц буцаан шилжүүлэхээр тохирсон байсан. Жаас ямар нэгэн төлбөр аваагүй, байрыг биет байдлаар шилжүүлэн өгөөгүй тул 2014.06.20-ны өдрийн гэрээгээр тус 3 өрөө байрыг З-д ажлын хөлсөнд бартераар тохиролцон хүлээлгэж өгсөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бусдад худалдагдсан үндэслэлээр З-д байр чөлөөлөх мэдэгдэх хуудас ирснээр мэдсэн. Жтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан хэлцэл тул уг гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжүүлсэн гэрээ ч хүчин төгөлдөр бус. Бид орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч нэгэнт гуравдагч этгээдэд шилжсэн тул биет байдлаар буцаан авах боломжгүй болсон, иймд тус орон сууцны одоогийн зах зээлийн үнэ 170,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарласан,

 

Хариуцагч Ж тайлбартаа: “...“Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал А-тэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг хоорондын тооцоогоор бүрэн барагдуулсны үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг худалдан авч Ж миний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь баримтаар нотлогдож байгаа, би өөрийнхөө эд хөрөнгийг яаж захиран зарцуулах нь миний эрх учраас 2022.03.25-ны өдөр Б.Батцэнгэл гэх хүнд худалдсан тул 170,000,000 төгрөг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж маргасан,

 

Хариуцагч Б тайлбартаа: “...би 2014 онд “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, иргэн Жтай 09/14 тоот Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй бөгөөд миний хүсэлтээр байрыг барьцаалж зээл авсан гэж үндэслэлгүй ярьж байгааг зөвшөөрөхгүй, тухайн үед гүйцэтгэх захирлаар А гэдэг хүн ажиллаж байсан, би энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш...” гэж тус тус маргасан байна.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Нэхэмжлэлийн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Жын нэр дээр тус орон сууц үндэслэлгүйгээр шилжсэн гэж тайлбарлаж байгаа боловч 2022.10.27-ны өдрөөс өмнө орон сууцтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч Жыг маргаан бүхий орон сууцыг бодитоор өөрийн эзэмшилд аваагүй байгааг талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байсан гэж дүгнэх үндэслэлгүй юм. ...Хариуцагч Б, нэхэмжлэгч нарын хооронд ямар нэгэн хэлцэл байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн дээрх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн бол,

 

Давж заалдах шатны шүүх: “...Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг талуудын хэн аль нь худалдах-худалдан авах хүсэл зориггүй, Бын хүсэлтээр зөвхөн зээлийн барьцаанд тавьж зээл авах боломж олгох, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөр бусдад худалдах зорилготой байсан нь 2014.06.20-ны өдрийн 01-01-02 дугаартай “Д” ХХК, З нарын хооронд байгуулагдсан Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, “Д” ХХК-д З-ээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн хүсэлт, “Д” ХХК-аас Зд хүргүүлсэн албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /Үндэсний хөрөнгө оруулалтын банканд барьцаалбартай гэх/ 2022.03.22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Ж нь Бэ-д орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдсан тухай гэрээ, 2022.12.01-ний өдөр Бэ-ээс О-т тус орон сууцыг 155,000,000 төгрөгөөр худалдсан гэрээ зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, талууд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, банкны зээлийн барьцаанд тавих зорилгоор зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн гэж үзэхээр байна.

“Д” ХХК-ийг Жтай Захиалгаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хариуцагч Бын ...байрыг барьцаанд тавьж зээл авах хүсэл зориг нь нөлөөлсөн тул дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүргээс Б нь чөлөөлөгдөхгүй юм. Иймд “Д” ХХК, Ж нарын хооронд 2014.04.14-ний өдөр байгуулагдсан 09/14 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулах нь зүйтэй, маргаж буй орон сууцыг 84,636,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байх тул тухайн үед байгуулсан гэрээний үнийн дүнгээр үр дагаврыг тооцож, хариуцагч Ж, Б нарт тэнцүү хариуцуулах нь зүйтэй...” гэж дүгнэн, хариуцагч нараас 84,636,000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

11. Ийнхүү хоёр шатны шүүх маргааны зүйл болсон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өөр өөр дүгнэлт хийснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

 

12. Анхан шатны шүүх зохигчийн нотолгооны үүргийг буруу хуваарилж, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад нийцээгүй байна.

 

13. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, “Д” ХХК, иргэн Ж нарын хооронд 2014.04.14-ний өдөр №09/14 дугаартай Захиалгаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр ... орон сууцыг 84,636,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон, гэрээг үндэслэн 2014.04.18-ны өдөр тус орон сууцны өмчлөгчөөр Ж бүртгэгджээ.

 

Нэхэмжлэгч нь орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулах зорилгоор ямар нэг төлбөр авалгүйгээр худалдах-худалдан авах гэрээг хийсэн тул дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн бол, хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн төлбөрийг хоорондын тооцоогоор барагдуулсан тул өмчлөх эрхийг шилжүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж маргасан байна.

 

14. Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ, Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлиййн 39.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зохицуулсан.

 

 Талууд эд хөрөнгийг худалдах-худалдан авах хүсэл зоригийн үндсэн дээр хэлцэл хийсэн, уг хэлцэл хүчин төгөлдөр бол гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх учиртай.

 

15. Худалдах-худалдан авах гэрээг үндэслэж орон сууцны өмчлөх эрхийг  хариуцагчийн нэр дээр Улсын бүртгэлд шилжүүлсэн боловч уг орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж байасан үйл баримттай зохигч маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгт ямар нэг төлбөр аваагүй гэж маргасан тул хариуцагч уг эд хөрөнгийн үнийг төлснөө нотлох үүрэгтэй.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...төлбөрийг хоорондын тооцоогоор бүрэн барагдуулсан...” гэж тайлбарлаж, тус тайлбараа нотлохоор “Ч” ХХК-ийн 2014.04.02-ны өдрийн “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал А-д Хоорондын тооцооны тухай гэх 2 тоот албан бичиг, мөн иргэн Жаас “Ч” ХХК-д 92,075,000 төгрөгийн бараа шилжүүлсэн тухай орлогын баримт, “Ч” ХХК-аас “Д” ХХК-д бараа /өнгөт тоосго/ шилжүүлсэн зарлагын баримтуудыг тус тус хавсаргажээ.

 

Тус 2 тоот албан бичиг нь “...иргэн Ж 85 сая төгрөгийн үнэ бүхий төмөр замын рейлс төмрүүд, түүний дагалдах хэрэгслийг ...үйлдвэрийн нөхцөлөөр нийлүүлсэн, төлбөрийг бартер хэлбэрээр тооцож барагдуулахаар тохиролцсон тул танай компани манай тоосгоны үйлдвэрээс нийлүүлсэн тоосгоны авлагаас суутган тооцож, дээрх үнийн дүнтэй тэнцэхүйц орон сууцыг олгож, хоорондын тооцоонд тусгана уу...” гэсэн агуулгатай байх ба дээрх албан бичигт дурдсан барааг нийлүүлснийг нотолсон гэх хариуцагчаас “Ч” ХХК-д нийлүүлсэн барааны орлогын баримт нь 2 тоот албан бичигт бичигдсэнээс хойш буюу 2014.04.08-ны өдрөөр огноологдсон байхаас гадна “Д” ХХК, “Ч” ХХК-ийн хоорондын хамтын үйл ажиллагаа байсан.

 

Өөрөөр хэлбэл, “Ч” ХХК “Д” ХХК-аас эд хөрөнгө, мөнгөн шаардах эрхтэй, уг шаардах эрхээ Жд шилжүүлсэн болохыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдсангүй.

 

Ийнхүү хариуцагч нь дээрх албан бичгийн агуулгыг баримтаар нотлоогүй байхаас гадна “Чин удам” ХХК-ийн 2 тоот албан бичиг нь хариуцагч Жын худалдаж авсан гэх орон сууцны төлбөр төлөгдсөнийг нотолсон баримт биш тул хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

 

16. Түүнчлэн хариуцагч нь 2014 онд худалдан авсан гэх орон сууцны талаар 2022 он хүртэл өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн талаар эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй, нэхэмжлэгч нь тус орон сууцыг гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлж, тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдах хүртэл амьдарч байсан зэрэг бусад үйл баримтад үндэслэн “Д” ХХК, Ж нарын хооронд байгуулагдсан 2014.04.14-ний Захиалгаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь  худалдах-худалдан авах зорилгоор бус зээлийн гэрээний үүрэгт барьцаалах зорилгоор дүр үзүүлэн хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

17. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэнэ.

 

Хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс шилжүүлсэн хөрөнгө болох орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үндэслэлээр нэхэмжлэгч орон сууцны үнийг гаргуулахаар шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 170,000,000 төгрөг шаардаж байгаа боловч орон сууцны өнөөгийн үнэ цэнэ 170,000,000 төгрөг болохыг нотолсон баримтгүй тул гэрээнд заасан үнээр үр дагаврыг тооцож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

18. Харин давж заалдах шатны шүүх хариуцагч нараар төлбөрийг хувааж хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

Учир нь, хариуцагч Б нь 2014.04.14-ний өдрийн №09/14 дугаартай Захиалгаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний оролцогч аль нэг тал биш, нэхэмжлэгч нь түүний хүсэлтээр гэрээ байгуулж, орон сууцыг түүний заасан этгээд Жын өмчлөлд шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул Быг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг хариуцах үүрэг бүхий этгээд гэж үзэхгүй.

 

Иймд хариуцагч Бод холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаврыг арилгуулахад хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байх тул үнийг Ж хариуцах тул хариуцагч Жаас 84,636,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар магадлалд өөрчлөлт оруулна.

 

19. Дээр дурдсанчлан давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ж, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны  өдрийн 209/МА2024/00058 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ...242 дугаар зүйлийн 242.11...” гэснийг хасч, “...Ж, Б нараас...” гэснийг “...Жаас...” гэж, “...төгрөгийн...” гэснийг “...төгрөгийн болон хариуцагч Бод холбогдох...” гэж, “...Ж, Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 581,130 төгрөг гаргуулж...” гэснийг “...Жаас улсын тэмдэгтийн хураамжид 581,130 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Бын гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагч Ж, түүний өмгөөлөгч Ц нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Д” ХХК-аас 2024.07.31-ний өдөр төлсөн 584,800 төгрөгийг, хариуцагч Боос 2024.07.26-ны өдөр төлсөн 371,360 төгрөгийг, хариуцагч Жаас 2024.07.24-ний өдөр төлсөн 369,540 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

 

               ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

 

                                                                                       Н.БАЯРМАА

 

                                                                                       П.ЗОЛЗАЯА

 

                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД