
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 10 сарын 30 өдөр
- Дугаар: 2024/ХШТ/122
- Улаанбаатар хот
Б.Э, “Э” ХХК
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Өнөрбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлалтай Б.Э, “Э” ХХК нарт холбогдох 2202 00000 0464 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1988 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 6, ...-ийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... хотхон, ... гудамжны ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б-ын Э, /РД: ... /,
2.Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, 2011 оны ... дугаар сарын ...-ний өдөр үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, барилгын материалын жижиглэн худалдаа, ... худалдааны үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, Увс аймгийн ... сумын ... дүгээр багийн ... тоот хаягт бүртгэлтэй, Улсын бүртгэлийн дугаар ... , “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компани, /РД: ... /.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Э нь С.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, гэмт үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүсэж “Э” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө “Х” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74.636.591 төгрөгийн 2 ширхэг буюу 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтуудыг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж, “Э” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан,
“Э” ХХК нь С.Б-ийн хамаарал бүхий “Х” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74.636.591 төгрөгийн 2 ширхэг буюу 121.227.500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтуудыг 4.200.000 худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж, харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Б-ын Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, гүйцэтгэгчээр хамтран оролцож санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч “Э” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Э" ХХК-ийг барилгын материалын жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, “Э” ХХК-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 12.122.750 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулж,
шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч Б.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.Э, “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нарын өмгөөлөгч Б.Лхагважав хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, гаргасан шийдвэр нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэр, гаргах шийдвэрийн хэмжээ хязгаарыг хуульчлан баталгаажуулсан байдаг билээ. Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэр хүрээг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл юм. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэр, хүрээг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заажээ.
Гэтэл Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 65 дугаар цагаатгах тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дүгээр цагаатгах тогтоолоор тус тус хоёр удаа дээрх хэргийг цагаатгах шийдвэр гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсан прокурорын эсэргүүцлийг хэлэлцсэн тус аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ удаа дараа хуулийг буруу тайлбарлан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасаар байна.
Бодит байдал дээр дээрх шүүгдэгч нарын үйлдлийн улмаас нийгэмд учруулсан гэх хохирлын хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа /2019 он/ зэрэг бодит нөхцөл байдлуудыг хуульд нийцүүлэн дүгнэвэл хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ял шийтгэл ялгамжтай байх, шударга байх зарчимд нийцэхгүй байна.
1.Б.Э-т холбогдох эрүүгийн хэрэгт Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 82 дугаар ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол гаргасан атлаа тогтоолын дугаарт цагаатгах тогтоолын дугаар тавьсан нь тухайн эрүүгийн хэргийг цагаатгасан аль эсхүл шийтгэсэн эсэх нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байгааг анхаарна уу.
2.Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх ашиглах” гэмт хэрэг хамаарах шинжийг “үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол” гэж тодорхойлжээ. Гэтэл санхүүгийн баримт гэх ойлголт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, татвар болон санхүүгийн тайлан гаргахад хэрэглэгддэг ерөнхий ойлголт байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалын хавсралтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын жагсаалтад оруулсан ба НӨАТ-ын падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзэхээр зохицуулагдсан байна.
Хэрэв агуулгаар үзвэл санхүүгийн баримт гэдгийн цаана санхүүгийн хэрэгсэл гэж орсон байна. Санхүүгийн баримт нь өөрөө Эрүүгийн хуульд шинээр орж ирсэн ойлголт байгаа. Үүнийг зөв ойлгохгүй бол зүгээр нэг нягтлан бодох бүртгэлийн баримтыг санхүүгийн баримттай андуурч, өндөр ялтай эрүүгийн заалт руу компани, аж ахуйн нэгжийг оруулж ирж, яллаж шийдвэрлэх нь буруу ойлголт юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн баримт нь шинээр орж ирсэн эрх зүйн шинэ ойлголт байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой, хуулийг нэг мөр хэрэглэх шаардлагатай байгааг анхаарч шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Б.Э, “Э” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна.
Харин шүүгдэгч Б.Э нь НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан барааг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан татварын нэгдсэн системд шивүүлсэн үйлдэл нь төлөх татварын хэмжээг бууруулах зорилгоор татварын хууль тогтоомж зөрчиж буй үйлдэл, НӨАТ төлөхөөс зайлсхийх нэг арга юм. Б.Э нь 3 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг ашиглан 121.227.500 төгрөгийн орлогыг зарлага болгон мэдүүлж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн, нотлогдвол зохих байдлын талаар хуулиас зөрүүтэй тайлбар хийж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан хэргийн үйл баримтын эргэлзээг нэг мөр шийдвэрлээгүй, хуулиас зөрүүтэй ойлголтуудыг дутуу тайлбарласан нөхцөл байдлыг үүсгэсэн нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, дээрх тохиолдолд хуулийг нэг мөр ойлгох шаардлагыг үүсгээд байна.
Б.Э нь тухайн падааныг татвараа бууруулах багасгах зорилгоор авсан гэж мэдүүлсээр байхад тухайн хэргийн зүйлчлэлийг зөв сонгохгүй, хуулийг төсөөтэй хэрэглэснийг давах шатны шүүх анхаарч үзээгүй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 ба 1.4 дэх заалтуудыг үндэслэн хүлээн авч, хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ үү.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор гаргаж буй миний гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзэж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Э, “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нарын өмгөөлөгч Ж.Өнөрбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Хэргийг анхан шатны шүүхээр гурван удаа хэлэлцэхдээ 2 удаа цагаатгаж, 1 удаа шийтгэх тогтоол гаргасан. Анхан шатны шүүх 2 удаа цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 болон 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж нэг хэрэгт хуулийг өөр байдлаар тайлбарласан. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, 4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан санхүүгийн баримт гэж ямар баримтыг ойлгох талаар тайлбар, хуульд тусгагдаагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон прокурорын зүгээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт хэлээгүй. Санхүүгийн баримт гэж Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэх тухай хуульд заасан санхүүгийн анхан шатны, эсхүл үүсмэл баримтын алийг ойлгох эргэлзээтэй байдалд шүүх дүгнэлт хийгээгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг санхүүгийн баримт гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүхээс санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан татвар төлсөн баримтыг хуурамч болохыг тогтоосон дүгнэлт хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байна. Энэ тохиолдолд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг айлбарласан зарчимтай нийцнэ.
Хэрэгт авагдсан мэдүүлгүүд, тайлбар зэргээс харахад татвараас зайлсхийх зорилготой гэж үзсэн атлаа санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцсон нь эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Шүүгдэгчийн орлогоо зарлага болгон татвараас зайлсхийх зорилготой үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй. Гэтэл дээрх зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцэхгүй байна.
Энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э болон “Э” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх тогтоол, магадлалдаа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан” гэх ойлголтод энэ хэрэгт ашиглагдсан НӨАТ-ын баримт буюу эд хөрөнгө, бараа материал, ажил үйлчилгээ худалдаж авсан талаарх зарлагын баримт нь Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т зааснаар санхүүгийн баримт гэсэн тодорхойлолтод хамаарч байгаа. Мөн шүүгдэгч Б.Э нь “Э” ХХК-ийг төлөөлж тухайн НӨАТ-ын баримтыг бичих эрх бүхий этгээдтэй зөвшилцөн, өөрсдөө хүсэж байгууллагын регистр буюу татвар төлөгчийн дугаар, холбогдох мэдээллийг өгч, худалдан авалт хийгдээгүй бараа материалыг худалдан авалт хийсэн мэтээр баримтын доторх мэдээллийг зориуд худал мэдүүлсэн, улмаар компанийнхаа татвар төлөлтийг бууруулахад ашиглаж, харьяа татварын хэлтэст мэдүүлсэн нь хуурамч баримтад хамаарахаар байна.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрт “Э” ХХК нь 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн хэргийн хохирлыг бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэсэн атлаа тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 12.122.750 төгрөгийг дахин шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эсхүл гэмт хэргийн хохиролтой тэнцэх хөрөнгө орлогыг хураах гэсэн 2 өөр зорилгод үндэслэн хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нэгэнт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байхад дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлсөн байна.
Татвараас зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Харин татвараас зайлсхийх гэмт хэргийн тухайд их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон байхыг шаардах буюу дээрх тохиолдолд их хэмжээнд хүрэхгүй учир гэмт хэргийн шинжийг хангахгүй. Хэрэв их хэмжээнд хүрвэл нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
2.Энэхүү хэргийг анхан шатны шүүх урьд хоёр удаа цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож байсан, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн бөгөөд хоёр шатны шүүх ийнхүү хуулийг удаа дараа зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлээр тус хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав хяналтын шатны шүүхэд хоёр үндэслэл бүхий гомдол гаргасныг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
3.1.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав гомдолдоо “...анхан шатны шүүх ... ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол гаргасан атлаа тогтоолын дугаарт цагаатгах тогтоолын дугаар тавьсан нь тухайн эрүүгийн хэргийг цагаатгасан аль эсхүл шийтгэсэн эсэх нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан ноцтой алдаа гаргасан ...” гэжээ.
Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарах бөгөөд тэдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэг бүрчлэн заасан.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд тусгагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмын дагуу зөвхөн хуульд заасан үндэслэлээр дээд шатны шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, эсхүл хүчингүй болгоно.
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Аргачлал, баримтын загвар батлах тухай” 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 2.7-д “Хэрэглэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан эрх зүйн актад зөвхөн системээс олгосон дугаарыг бичнэ” гэж заасны дагуу Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс олгосон “2024/ШЦТ/82” дугаарыг бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
Түүнчлэн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдагдсан хуулийн заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуулийн ноцтой зөрчлийн талаар бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохоор зохицуулсан хэм хэмжээ байна.
3.2.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав гомдолдоо “... Б.Э, “Э” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, ... шүүгдэгч Б.Э нь НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан барааг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан татварын нэгдсэн системд шивүүлсэн үйлдэл нь төлөх татварын хэмжээг бууруулах зорилгоор татварын хууль тогтоомж зөрчиж буй үйлдэл, НӨАТ төлөхөөс зайлсхийх нэг арга юм. Б.Э нь 3 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг ашиглан 121.227.500 төгрөгийн орлогыг зарлага болгон мэдүүлж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Б.Э нь тухайн падааныг татвараа бууруулах багасгах зорилгоор авсан гэж мэдүүлсээр байхад тухайн хэргийн зүйлчлэлийг зөв сонгохгүй, хуулийг төсөөтэй хэрэглэснийг давах шатны шүүх анхаарч үзээгүй байна. ...” гэжээ.
Аливаа үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцоход Эрүүгийн хуулийн тусгай анги дахь хэм хэмжээний диспозицид заасан урьдчилсан нөхцөлийг буюу гэмт хэргийн объектив, субъектив шинжийг бүхэлд нь хангасан байх учиртай.
Хууль тогтоогч татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн диспозицид тодорхой хор уршиг бий болсонтой уялдуулах байдлаар объектив шинжийг нь тогтоон хуульчилжээ.
Тодруулбал энэ гэмт хэргийн объектив үндсэн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан байх явдал ба ногдох татварын хэмжээ нь их хэмжээний буюу хуульд зааснаар 50 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээтэй байхыг шаарддаг.
Хэдийгээр шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах болсон шалтгааны талаар “... Тендерт орох зорилгоор тухайн үеийн өрөө дарж, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авах болсон. ... Тендерийн хувьд Нийслэлийн хөрөнгө оруулалттай гадна цахилгааны ажил байсан. Тэрийг авахын тулд татварын өргүй байх шаардлагатай байсан учир ийм зүйл хийсэн. ...” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч Б.Э, “Э” ХХК нар нь “Х” ХХК-аас нийт 12.122.750 төгрөгийн татвар ногдох 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй 3 ширхэг санхүүгийн баримтыг авч, татварын хэлтэст тайлагнан ашигласан нь татвараас зайлсхийх гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй, энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдахгүй ба энэ талаар хоёр шатны шүүх /шийтгэх тогтоолын 11 дүгээр тал, магадлалын 16 дугаар тал/ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдолд дурдсан “... шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ...хуулийг төсөөтэй хэрэглэсэн ...” нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Шүүгдэгч Б.Э шүүгдэгч хуулийн этгээд “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө С.Б-тэй бүлэглэн “Х” ХХК-аас худалдан авалт хийгээгүй атлаа 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сард 74.636.591 төгрөгийн, нийт 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтыг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, улмаар уг баримтуудыг ашиглан “Э” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг Татварын хэлтэст тайлагнаж, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан, давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч хуулийн этгээд “Э” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө шүүгдэгч Б.Э-ийн бусдаас худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь санхүүгийн баримт мөн болохыг хоёр шатны шүүх Аудитын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн хуулиудыг эш татах замаар зөв тодорхойлжээ.
Бодит байдал дээр “Э” ХХК нь “Х” ХХК-аас эд зүйл, бараа, материалын худалдан авалт хийгээгүй, ажил, үйлчилгээ аваагүй атлаа авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хууль бусаар гарган өгсөн нь тухайн санхүүгийн баримтыг хуурамч болохыг илэрхийлж байх ба энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүд, мөн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчдын “Х” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулга зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна.
5.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, үр дагаврыг харгалзан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч “Э” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар барилгын материалын жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулжээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулж болох ялын төрөлд хорих ял хуульчлагдаагүй, зөвхөн торгох ялыг оногдуулж болохоор заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч хүн, хуулийн этгээд хэн аль нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихоор заасан нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулахаар тогтоов.
6.Шүүгдэгч Б.Э, “Э” ХХК нар нь санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдэж, улсын төсөвт төлбөл зохих татвараа бууруулан тайлагнасны улмаас 12.122.750 төгрөгийн хохирол учруулснаа төлж барагдуулсан /2 дугаар хавтаст хэргийн 150-151 дүгээр тал/ байна.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж хөрөнгө, орлого олоогүй, харин улсын төсөвт төлбөл зохих татвараа төлөлгүй хохирол учруулсан байхад ийнхүү учирсан хохирлыг анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон орлого хэмээн алдаатай дүгнэлт хийжээ.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулахаар заасныг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэж, шүүгдэгч нар нь хохирлыг нөхөн төлсөн байхад тэдгээрээс дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтийг хүлээн авч, шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүгдэгч нар нь...” гэснийг “...шүүгдэгч Б.Э нь...” гэж өөрчилж, 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлалын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ