МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 10 сарын 09 өдөр
- Дугаар: 2024/ХШТ/119
- Улаанбаатар хот
Ц.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн өмгөөлөгч Х.Даваахүү, нарийн бичгийн дарга Г.Далайцэцэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 690 дүгээр магадлалтай, Ц.А-т холбогдох 2407000600061 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, ... овогт Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.А-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-аас 4,595,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Т-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Ичинхоролын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ичинхорол бичсэн эсэргүүцэлдээ “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх, хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай гэж үзлээ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хоёрдмол салаа утгагүйгээр шууд тодорхойлсон байхад шүүхээс Ц.А-т уг ялыг оногдуулахдаа Улаанбаатарын хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцээгүй байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллагын хувьд хэрэг хянан шийдвэрлэх дээд хяналтыг хэрэгжүүлдэг онцгой бүрэн эрхтэй бөгөөд хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэр, үйл ажиллагааг хянаж хуулийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх жишгийг тогтоох, шаардлагатай тохиолдолд шүүхийн хэрэглэх хуулийг албан ёсоор тайлбарлаж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Улсын дээд шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилго, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэл, журамд нийцүүлэн хязгаарлалт тогтоох нутаг дэвсгэрийн цар хүрээ, хязгаарыг оновчтой тодорхойлж, шүүгдэгчийг оршин суух сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож байхаар хууль хэрэглээний жишиг тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний хувийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хэт өргөн цар хүрээг хамруулан шүүгдэгчийн зорчих бүсийг тогтоосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.А-ийг оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажлын газрын хаягийн байршил зэрэг шүүхээс тогтоосон тодорхой чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгод нийцэхээр байна.
Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ДШМ/690 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор С.Батсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.А нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... худалдааны төв рүү өгсөх замд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас иргэн Б.Т-н жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан төрсөн охин А.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн үйлдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт болон зүйлчлэл, гэм буруугийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... өөрийн оршин суух газраас явахыг хориглох... гэж заасан ба оршин суух газар гэх ойлголтыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж хуульчилсан.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь хэт өргөн буюу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. Шүүгдэгч, түүний 4 настай охины биед энэ хэргийн улмаас хүнд хохирол учирсан нь илэрхий боловч ямар эмнэлгийн хяналтад, ямар хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай байгаа болон бусад баримт байхгүй байна. Гэхдээ энэ асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх, өөрчлөх үндэслэлийг хуульчилж өгсөн бөгөөд энэ хуулийн зохицуулалтаар ял эдлэх хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой асуудал байна.
Иймд шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.А-ийн оршин суух Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хүрээ хязгаарыг тогтоож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажлын газрын хаягийн байршил зэргээр шүүхээс тогтоосон тодорхой чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг хэлсэн саналдаа “Шүүгдэгч Ц.А нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч зорчихгүй байх боломжгүй байна. Зүүн сүүжний хагалгаанд орох шаардлагатай. Мөн осол гарснаас хойш байнгын эмчилгээтэй байна. Тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Т-н өмгөөлөгч Х.Даваахүү хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлавал хүнд гэмтсэн хүүхэд болон өөрөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрнэ. Иймд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарласан гэж тайлбарласан. Миний хувьд хууль хэрэглээний асуудал байгаа хэдий ч амьдралын асуудал байгаа учраас анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ичинхоролын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ц.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.Шүүгдэгч Ц.А нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед ... дүүргийн ... дугаар хороо, ... худалдааны төв рүү өгсөх замд өөрийн эзэмшлийн ... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас иргэн Б.Т-н жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан ... улсын дугаартай ... загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан төрсөн охин А.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, түүнийг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
3.Харин шүүхээс Ц.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлалт тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4.Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, түүний дотор шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт ач холбогдол бүхий баримтат мэдээллийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тусад нь хэлэлцэж шийдвэрлэхээр тусгайлан хуульчилсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ялгамжтай зөв тодорхойлоход чиглэсэн зохицуулалт юм.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.
Шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлаас хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох”, “тодорхой газар очихыг хориглох”, “шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих” зэрэг хязгаарлалтын аль нэгийг, эсхүл хэд хэдэн хориглолт, хязгаарлалтыг зэрэгцүүлэн хэрэглэх боломжтойгоос гадна ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй харилцахыг давхар хориглож болно.
Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, хувийн болон эрүүл мэндийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний суурь эрх, иргэний журамт үүрэг, гэр бүлийн амин чухал хэрэгцээ шаардлагыг тус тус харгалзан хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлалт тогтоох хугацаа, түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр ялтны гадагш зорчихгүй байх хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймаг, нийслэл, эсхүл сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хялбарчилж тогтоох, эсхүл үндэслэл заахгүйгээр хязгаарлалын бүсийг хэт хумьж ялтны оршин суугаа баг, хорооны нутаг дэвсгэр, эсхүл оршин суух тодорхой хаяг буюу гэрээсээ гарч явахыг хориглох, эсхүл хязгаарлалт тогтоох нутаг дэвсгэрийн хүрээг шийдвэрлэхгүй орхигдуулах зэрэг алдаа зөрчил нь ял оногдуулах үндэслэл, журамд нийцэхгүй бөгөөд уг ялын хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхаарвал зохино.
Шүүхээс хүлээлгэсэн зорчих эрхийн хязгаарлалт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжлийн үр нөлөөтэй байх шаардлагыг хангахаас гадна ялтан ял завших, эрх бүхий байгууллагаас уг ялын хэрэгжилтэд тасралтгүй техникийн болон биечилсэн хяналт тавих боломжийг хязгаарласан шинжтэй байж болохгүй.
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан бөгөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагуудыг харгалзан чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн дүүрэг, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг хамааруулан тогтоож болно.
Ялтан шүүхээс оногдуулсан зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчиж хяналтын бүсээс гарах, хориглосон газарт очих, техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгах, гэмтээх, эсхүл тэдгээрийн хэвийн ажиллагааг сарниулах, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэх, техникийн болон биечилсэн хяналтаас санаатайгаар зайлсхийх, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзах, хүч хэрэглэн эсэргүүцэх, заналхийлэх зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалт нь уг ялын хэрэгжилтийг хангах үндсэн нөхцөл болдог.
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, эсхүл хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш 30 хүртэл хоногийн хугацаагаар түр зорчих зайлшгүй шаардлага үүссэн, эсхүл байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон, эсхүл жирэмсэн болсон, хүүхэд төрүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсвэл энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154, 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорт тавьж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.
5.Шүүгдэгч Ц.А-ийн хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэний улмаас төрсөн охиноос гадна өөрөө хүндээр гэмтэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлага үүссэн, ... дүүрэгт оршин суудаг, ... дүүрэгт буюу ... ажилтай зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ичинхоролын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох...” гэснийг “...Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ичинхоролын бичсэн эсэргүүцлийг хангасугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ