
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 10 сарын 08 өдөр
- Дугаар: 001/ХТ2024/00212
- Улаанбаатар хот
“Б”-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/00902 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00997 дугаар магадлалтай,
“Б”-ийн нэхэмжлэлтэй,
“М” ХХК, Б.А, Т.Н нарт холбогдох,
“Гэрээний үүрэгт 1,052,494,600 төгрөг гаргуулах,
“М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирал Б.А-ийн бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох,
“М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах,
Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох,
“М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах,
Дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“М” ХХК-ийн “Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ногдол ашгийг төлөх” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Т.Н, Б.А, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” нь хариуцагч “М” ХХК, Б.А, Т.Н нарт холбогдуулан “Гэрээний үүрэгт 1,052,494,600 төгрөг гаргуулах, “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирал Б.А-ийн бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах, Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б-йн нэр Б болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, Дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “М” ХХК-аас Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ногдол ашгийг төлөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/00902 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 56 дугаар зүйлийн 56.1.1, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК, Б.А, Т.Н нарт холбогдох “Гэрээний үүрэгт 1,052,494,600 төгрөг гаргуулах, “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, “М” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах, тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдснийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэгч “Б”-ийн нэхэмжлэлийн шаардлага, “Б”-нд холбогдох “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ногдол ашгийг төлөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Э.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,560,823 төгрөг, хариуцагч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,420,423 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00997 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/00902 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “189 дүгээр зүйлийн 189.5” гэснийг хасч, “…”Б”-ийн нэхэмжлэлийн шаардлага, “Б”-нд холбогдох “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ногдол ашгийг төлөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “…“Б”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “60 дугаар зүйлийн 60.1” гэсний дараа “59 дүгээр зүйлийн 59.1” гэж нэмж, “...хариуцагч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,420,423 төгрөгийг тус тус” гэснийг хасч “үлдээсүгэй” гэснийг “улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,420,423 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж “М” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,560,823 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.10-ны өдрийн 201/МА2024/00997 дугаар магадлал нь хууль хэрэглээний зөрүүтэй байх тул эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Давж заалдах шатны шүүхээс “Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг гэрээний үүргийг шаардах эрхгүй юм” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэртэй хууль хэрэглээний хувьд зөрүүтэй бөгөөд Иргэний хууль болон Компанийн тухай хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхээс Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан үндсэн эрхүүдээр хязгаарлан хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарлан тодорхойлж, шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.
Гэтэл үндэслэл болгож буй хуулийн зүйл хэсэгт хувьцаа эзэмшигчийн бүх эрхийг хязгаарлан тогтоогоогүй ба Компанийн эрх зүйн байдлыг тогтооход шаардлагатай үндсэн эрхийг л заасан байдаг. Хувьцаа эзэмшигчид нь дээрх үндсэн эрхээс гадна Иргэний хуульд заасны дагуу эдийн болон эдийн бус харилцааг үүсгэх хуулиар хориглоогүй аливаа эрхийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр эдлэх боломжтой бөгөөд энэ харилцааг Иргэний хуулиар зохицуулж, хувийн эрх зүй, иргэний эрх зүйн үндсэн зарчимд тулгуурлан тайлбарлан хэрэглэнэ. Хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрхээс гадна талуудын хүлээн зөвшөөрсөн хуулиар хориглоогүй аливаа харилцааг үүсгэх эрхийг шууд хязгаарлах нь хувийн эрх зүйн зарчимд нийцэхгүй юм.
Маргаж буй гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн” хэлцэлд хамаарахгүй юм. Хувьцаа эзэмшигч нар нь Иргэний хуульд нийцүүлэн өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр компанийн хуульд заасан ногдол ашиг хуваарилахаас өөрөөр буюу нэг хувьцаа эзэмшигч нь өөрийн эдлэх эрхээс татгалзсаны хариуд тодорхой хэмжээний хариу төлбөр авахаар тохиролцсон нь энэ харилцааг хориглосон зохицуулалт, хэм хэмжээ Компанийн тухай хууль, Иргэний хуульд байхгүй тул маргаж буй гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарт итгэсний үндсэн дээр дээрх гэрээг байгуулж, Компанийн тухай хуульд заасны дагуу ногдол ашиг авах эрхээсээ татгалзах нөхцөлийг бүрдүүлж, эрх зүйн харилцааг энэхүү гэрээгээр үүсгэсэн. Хариуцагч нар нь өөртөө илүү их ногдол ашиг хүртэх боломж бүрдэхийг ухамсарлаж, мэдэж, хүсэж байсан тул энэ гэрээг байгуулсан байдаг. Талуудын хооронд байгуулсан маргаан бүхий гэрээг буюу ийм төрлийн хэлцлийг байгуулахыг шууд хориглосон заалт Компанийн тухай хууль, Иргэний хуульд байхгүй юм. Талууд гэрээний агуулгыг ногдол ашиг хуваарилах гэж тодорхойлоогүй ба харин ч Компанийн тухай хуульд заасан ногдол ашиг хүртэх эрхээсээ татгалзсаны хариу төлбөрт тогтмол орлогыг хүлээн авахаар тохиролцсон байтал талуудын хооронд үүссэн харилцааг Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлүүдэд хамаатуулж тайлбарлан хууль зөрчсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Нөгөөтээгүүр компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаантай харилцааг хувийн эрх зүйн буюу иргэний эрх зүйн үндсэн зарчмыг үндэслэн тайлбарлаж, талуудын эрх ашгийг хангах ёстой. Иргэний эрх зүй гэдэг нь эдийн ба эдийн бус харилцаанд оролцогч бүрд тэгш үйлчилдэг хувийн эрх зүйн нэг хэсэг юм. Хувийн эрх зүй гэдэг нь тэгш эрхтэй эрх зүйн этгээдүүдийн хооронд үүссэн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн нэг салбар бөгөөд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчим үйлчилдэг. Гэтэл шүүхээс Компанийн тухай хуулиар маргаж буй гэрээг байгуулахыг зөвшөөрөөгүй гэж тайлбарлан хувийн буюу иргэний эрх зүйн үндсэн зарчмаас өөрөөр нийтийн эрх зүйн босоо харилцаа буюу захирах, захирагдах харилцааны “хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох” зарчмыг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иргэний эрх зүйгээр эдийн болон эдийн бус харилцааг зохицуулдаг. Эдийн бус харилцаа нь явцуу утгаараа оюуны үнэт зүйлс, эрхтэй холбоотой субъектүүдийн хооронд үүсэх харилцааг ойлгодог бөгөөд талуудын хооронд байгуулагдсан маргаж буй гэрээ нь хувьцаа эзэмшигчийн эрхтэй холбоотойгоор буюу ногдол ашиг хүртэх эрхээс татгалзсаны хариуд хариу төлбөрийг тогтмол олгох буюу эдийн баялагтай холбоотой харилцааг үүсгэж буй хэлцэл юм. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь гэрээ, хэлцлийн агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Энэ нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан иргэний хуулийн үндсэн зарчмуудад бүрэн нийцэж байгаа бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь өөрийн түншийг чөлөөтэй сонгох, гэрээ хэлцлийн нөхцөлийг чөлөөтэй сонгож хэрэглэх зарчмын дагуу дээрх гэрээг байгуулсан болохыг нотолно. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид гэрээний эрх чөлөөний зарчмыг хэрэгжүүлэх явцад хуульд заасан үндэслэлгүйгээр саад тотгор хийх, хориг хязгаар тавих нь Иргэний эрх зүйн зарчмуудад нийцэхгүй юм.
Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно гэж заасан нь компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Тодруулбал, Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох буюу иргэний эрх зүйн харилцааны нэг субъект болох компани гэдэг хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг л тусгайлан хуулиар тогтоохоор зааж өгсөн байдаг. Энэ нь хувьцаа эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлан тогтоогоогүй болохыг илэрхийлнэ.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхтэй холбоотой бөгөөд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй, гэрээг хэрэгжүүлснээс үүсэх үр шим, үр дагаврыг хувьцаа эзэмшигч нар хүртэх тул иргэний эрх зүйн “иргэний эрх үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх” зарчимд бүрэн нийцсэн байна. Тус гэрээгээр зохицуулах харилцааг талууд сайн дурын үндсэн дээр өөрсдөө тодорхойлон бичгээр үйлдсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцэж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуульд шууд нэрлэн тодорхойлсон гэрээний төрлүүдэд хамаарахгүй ч 189 дүгээр зүйлийн 189.5-д заасны дагуу нэрлэгдээгүй гэрээнд хамаарах ба Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл үйлчилнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хэмжээнд сайн дурын үндсэн дээр биелүүлж байсан нь 2012 онд 20,000 ам.доллар, 2013 онд 10,000 ам.долларыг тус тус төлсөн баримт, цаашид биелүүлэхээ удаа дараа илэрхийлж байсан нь 2015 (5-р хавтасны 132-134), 2016 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл (5-р хавтасны 146), 2016 оны Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл (5-р хавтасны 138-141)-ээр тус тус нотлогддог.
Иймд гэрээний үүрэгт 1,052,494,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
4.2. Шүүх компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэх дүгнэлт үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарын санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хувьцааг нь эзэмшдэг “М” ХХК-ийн үйл ажиллагаанд Компанийн тухай хууль болон тус компанийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигчийн эрхээ эдэлж чадахгүйд хүрч эрх нь зөрчигдсөн тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчээс Хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргах болсон шалтгаан нь шууд хариуцагч нараас хамааралтай юм. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг компанийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх ямар ч нөхцөл боломжгүй болгох Компанийн тухай хуулийн 59, 61 дүгээр зүйлийг шууд зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг байнга гаргаж, хясан боогдуулах замаар компанийн хяналтыг өөрсдөө дур мэдэн хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгосон нь нэхэмжлэгчийг зөрчигдсөн эрхээ шүүхэд хандаж сэргээлгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн.
Хариуцагч нарын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах боломжгүй байхад энэ хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2. 9.4.3-т заасан иргэний эрхийг хамгаалах аргад шууд хамаарч байхад шүүхээс Хувьцаа эзэмшигч нарын компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэл, тайлбар, нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүхээс бүрэн хэмжээнд тал бүрээс нь үнэлж, Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрүүтэй тайлбарлаж, дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.12-ны өдрийн 001/ШХТ2024/00991 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч “Б” нь хариуцагч “М” ХХК, Б.А, Т.Н нарт холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Үүнд:
7.1. Гэрээний үүрэгт 1,052,494,600 төгрөг гаргуулах,
7.2. “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирал Б.А-ийн бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох,
7.3. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах,
7.4. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох,
7.5. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах,
7.6. Дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай болно.
7.7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
7.7.1. “Б” болон Монгол Улсын хуулийн этгээд “М” ХХК нь хамтран 2002.04.28-ны өдөр Монгол-Хятадын хамтарсан “М” ХХК-ийг үүсгэн байгуулж, ...2012.10.27-ны өдөр компанийн компанийн үйл ажиллагааны хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хоорондоо харилцан тохиролцож, Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн “Хятад талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашиг төлөх гэрээ”-г байгуулж, “БШ” нь “М” ХХК-аас авах ногдол ашгийг 2012 оноос 2021 оны хооронд 10 жилийн хугацаанд тогтмол байдлаар тооцож, нийт 400,000 ам.долларыг хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш “М ХХК-аас 2012 онд 20,000 ам.доллар, 2013 онд 10,000 ам.долларыг шилжүүлж, үүнээс хойш ямар ч ногдол ашиг өгөөгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ... хувьцаа эзэмшигч Т.Н, Б.А нартай утсаар холбогдож энэхүү асуудлыг нааштай шийдэх гэсэн боловч ямар ч хариу өгөөгүй, мөн 2020.03.18, 2020.03.25, 2020.04.10-ны өдөр гэрээний үүрэг биелүүлэх тухай албан бичиг илгээсэн боловч хариу өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийсээр байна. Иймд “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятад талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашиг төлөх гэрээ”-ний дагуу “М” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч Т.Н, Б.А нараас 370,000 ам.доллар буюу 1,052,494,600 төгрөг гаргуулах,
7.7.2. Хариуцагч “М” ХХК нь 2021.04.30-ны өдрөөс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах үүргээ биелүүлээгүй, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасан хугацаанд хуралдуулаагүй тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болох ба “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага Б.Аийн бүрэн эрх дуусгавар болсон нөхцөл байдал үүссэн болно. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, хуралдуулах, тус компанийн гүйцэтгэх удирдлагыг нэн даруй томилох шаардлагатай. Иймд “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирал Б.А-ийн бүрэн эрх тус тус дуусгавар болсныг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг тус компанид даалгах,
7.7.3. “Б”-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023.02.28-ны өдрийн шийдвэрээр компанийн нэрийг “Б” болгон өөрчлөхөөр шийдвэрлэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Д-аас 2023.03.13-ны өдөр нэрийн өөрчлөлтийг бүртгэсэн тухай албан ёсоор мэдэгдэж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийг баталсан. Тус компанийн нэрийн өөрчлөлттэй холбоотойгоор “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэг болох Т.Н-тэй утсаар холбогдсон хэлсэн боловч хувьцаа эзэмшигчийн нэрийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй гэсэн. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэрийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг 2023.08.11-ны өдөр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй Компанийн тухай хуулийн 61.2-т заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчиж байна. Иймд “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг “М” ХХК болон хувьцаа эзэмшигч Т.Н, Б.А нарт даалгах гэж тус тус тодорхойлжээ.
8. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2012.10.27-ны өдрийн “Монгол-Хятадын хамтарсан “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээ”-ийн 3-т заасны дагуу 370,000 ам.доллар буюу 1,052,494,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. ...“М” ХХК-ийн дүрмийн 6-р зүйлийн 6.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “хувьцаа эзэмшигчдийн хурал” байна гэж баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлага нь урьдчилж компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдэх ёстой асуудал юм. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь хамгийн сүүлд 2017 онд Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж чадаагүй шалтгаан нь Хятадын хөрөнгө оруулагч нар нь дахин Монгол улсад ирээгүй, утсаар болон мэйлээр харьцах боломжгүй, ямар ч сураггүй байсантай холбоотой..., Хятадын талын хөрөнгө оруулалтаар орж ирсэн үйлдвэрийн тоног төхөөрөмж нь стандартын бус, эвдрэл гэмтэл ихтэй байсан тул Монголд ирсэн цагаас нь хойш байнгын өндөр өртгөөр засвар үйлчилгээ хийгдэж төлөвлөгдөөгүй зардлууд их гарсны дээр Монгол Улсад үүссэн санхүүгийн хямрал, адил төрлийн үйлдвэрүүд хэд хэдээр байгуулагдснаас бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, компани ашиггүй ажилласан. ... Татварын актаар тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан зэрэг санхүүгийн хүндрэлтэй асуудлууд үүсч хувьцаа эзэмшигч нарын ногдол ашгийн асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй явсаар ирсэн. Энэ асуудлыг тухай бүрт нь Хятадын талын хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нарт мэдэгдэж, компанийн нөхцөл байдлыг танилцуулж байсан” гэж маргасан.
9. Хариуцагч Т.Н, Б.А нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, “М” ХХК-ийн тайлбарыг дэмжиж оролцож байна” гэжээ.
10. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан “...“М” ХХК-ийн “Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ногдол ашгийг төлөх” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах...” тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “.... 2012.10.27-ны өдрийн “Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээ” нь агуулгаараа бүхэлдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “хууль зөрчсөн” хэлцэл. Компанийн тухай хууль болон дүрмийг зөрчсөн, цаашид компани нь хуулийн этгээдийн хувьд оршин тогтнож чадах эсэх асуудлыг хөндсөн, хэт нэг талыг барьсан хэлцэл болсон. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Компанийн тухай хуулийн 46.8-д заасныг зөрчсөн …” гэж тодорхойлжээ.
11. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчөөгүй. Учир нь хамтарсан компани байгуулагдсанаас хойш ... үйл ажиллагаа нь тогтвортой явуулсаар байсан хэдий ч хувьцаа эзэмшигч “БШ”-д нэг ч төгрөг өгөөгүй 2012 оныг хүрсэн. Үүнээс үүдэн Хятад талын хувьцаа эзэмшигчдээс оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авах талаар мэдэгдэхэд Монгол талын хувьцаа эзэмшигчдээс ирэх 10 жилийн хугацаанд тогтмол мөнгийг өгөхөөр тохиролцож “М” ХХК-ийн “Хятад талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашиг төлөх” гэрээг байгуулсан. Тухайн гэрээг “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Т.Н, Б.А нар болон “БШ” хооронд байгуулснаараа Компанийн тухай хуульд зааснаар шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн тус гэрээгээр компани ногдол ашиг хуваарилах бус, харин компанийн ашигтай байхаас үл хамаарч компанийн ашиг, орлогоос жил бүрийн 9 сараас өмнө гэрээний 3 дугаар зүйлд заасан тогтмол ашиг, орлогыг өгөхөөр талууд тохиролцсон. Уг гэрээг хувьцаа эзэмшигчид байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д заасантай нийцэж байгаа бөгөөд үүнийг компанийн удирдлагын зүгээс хүлээн зөвшөөрч 2012, 2013 онуудын ашиг орлогын төлбөрийг төлсөн. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлээр зохицуулсан ногдол ашиг хуваарилахтай холбоотой зохицуулалтад хамаарахгүй юм. Учир нь гэрээний 3 дугаар зүйлд “…үүнээс хойш Хамтарсан компанийн ногдол ашиг хуваарилалтад оролцохгүй болно” гэж зааж нэхэмжлэгч нь өөрийн ногдол ашиг хүртэх эрхээс татгалзаж байгааг шууд тодорхой заасан байдаг. ...” гэж маргажээ.
12. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, дараах дүгнэлтийг хийжээ.
12.1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:
12.1.1. “...Нэхэмжлэгч нь Монгол Улсын шүүхийг сонгон нэхэмжлэлээ гаргахдаа “Б” нэрээр гаргасан байх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “Б” гэж бүртгэгдсэн. … хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компанийн нэр 4 өөрөөр тэмдэглэгдсэн байх ба Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, “М” ХХК-ийн 41 хувийн хувийн хувьцаа эзэмшигч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдов. Мөн Б-йг төлөөлөн З (Z) нь Г.Н-д компанийг бүхий л үйл ажиллагаанд төлөөлөх эрхийг олгох эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байна.
12.1.2. ... 2012.10.27-ны өдрийн Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээнээс үзэхэд В тал буюу “Б”-ийн “М” ХХК-д оруулсан хөрөнгө болох 998.000 ам долларын 4 хувь болох 40,000 ам долларыг компанийн ашгаас 10 жилийн хугацаанд хуваан, буцаан төлөх, үүнээс хойш В тал хамтарсан компанийн ногдол ашиг хуваарилалтад оролцохгүй байхаар тус тус тохиролцоо хийсэн байх ба үүнийг компанийн ногдол ашиг хуваарилах гэрээ гэж үзэхгүй тул Компанийн тухай хуулийн холбогдох заалт хамааралгүй байна. Харин уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх боломжтой.
12.1.3. ...Хэрэв энэхүү гэрээнд Иргэний хуульд заасан үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарах бол мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн заалт мөн хамаарна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар “М” ХХК нь ... уг гэрээний үүргийг хамгийн сүүлд 2015.08.26-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар нэхэмжилж байсан нь тогтоогдсон ба 2015 оны 8 дугаар сараас эхлэн тасалдсан хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр тоологдох журамтай. Гэвч нэхэмжлэгч талаас 2020 оны 7 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талаас гэрээний үүрэг шаардаж байсан тухай баримт авагдаагүй, шаардлага гаргасан эсэх нь тогтоогдоогүй. Иймээс нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болохоо баримтаар нотлоогүй, мөн гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
12.1.4. Мөн нэхэмжлэгчээс “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, “М” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах, тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдснийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй. … шүүх компанийн Хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд халдаж, тухайн хурлаар хэлэлцэх асуудлын талаар шийдвэр гаргах, улмаар Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоох, хувьцаа эзэмшигчийн нэрийн өөрчлөлтийг улсын бүртгэл болон дүрэмд тусган, бүртгүүлэхийг даалгах зэргээр шийдвэр гаргах зохимжгүй, ийм эрхгүй болно. Гагцхүү тус компанийн хувьцаа эзэмшигч нар бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж, энэ талаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд энэхүү шийдвэр үүнд саад болохгүй. ...” гэж,
12.2. Хариуцагч нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар “...2012.10.27-ны өдрийн Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаарлагаа хариуцагч нар нөгөө талдаа өмнө гаргаж байгаагүй, хариуцагч талаас тухайн хэлцлийг хууль зөрчсөн ... нөхцөл байдлыг нотлоогүй, ... 2012 онд гэрээний дагуу 2 удаагийн төлбөр төлж байсан зэргээс дүгнэхэд тус хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй, ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “Б”-д холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй буюу тухайн сөрөг нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд мөн эсэх нь тогтоогдоогүй ... ” гэжээ.
13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн үндэслэлээ:
13.1. “М” ХХК-ийн баримт бичгүүдэд өөрсдөө Хятад талын хувьцаа эзэмшигч компанийн нэрийг 4 өөр байдлаар тодорхойлсон нь уг компанийг өөр өөр хуулийн этгээд гэж дүгнэхгүй. Хариуцагч Т.Н, Б.А, “М” ХХК-ууд дээрх бичиг баримтыг үйлдэхэд оролцсон бөгөөд дээр дурдсан хугацаанд Хятад талын хувьцаа эзэмшигч компанийг хувьцаа эзэмших эрхгүй гэж маргаж байгаагүй. Мөн БД 2023.03.13-ны өдөр “Б”-ийг (бүртгэлийн дугаар 0000) бүртгэж Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосноор уг компанийн нэрийг өөрчлөгдсөн гэж дүгнэнэ.
13.2. Нэхэмжлэгч талаас 2020.01.07, 2023.06.06-ны өдөр олгосон итгэмжлэл тус тус хүчинтэй. ... Б гэж тодорхойлж орчуулсан байгууллагаас 2020.01.07-ны өдөр Монгол Улсын иргэн Г.Н, Г.Ж нарт олгосон итгэмжлэлд нотариатын гэрчилгээг Бээжин хотод Монгол Улсын элчин сайд гэрчлэх үйлдэл хийсэн нь Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасантай нийцсэн, БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нотариатын гэрчилгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан, 2023.06.06-ны өдөр Монгол Улсын хуулийн этгээд болох Өмгөөллийн “З” ХХН-ийн хуульч Г.Н-д олгосон итгэмжлэл нь БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний 7 дугаар зүйлийн 1-д нийцсэн хүчин төгөлдөр байна. Б гэж орчуулагдсан 2021.09.29-ний өдөр Өмгөөлллийн “З” ХХН-ийн хуульч Э.Ж, Г.Н нарт олгосон итгэмжлэл нь нотариатын гэрчилгээ аваагүй тул эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлдэгдсэн буюу гэрчлэгдсэн байх шаардлагад нийцээгүй, ... гадаад улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд нийцэхгүй тул хүчин төгөлдөр бус,
13.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэр солигдсонтой холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг солих ажиллагаа хийгээгүй ... боловч 2023.10.31-ний өдрийн 183/ШШ2023/19692 дугаар захирамжаас хойшхи ажиллагааг нэхэмжлэгчийн өөрчлөгдсөн “Б” нэрээр явуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан ноцтой зөрчил гэж дүгнээгүй болно,
13.4. Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээг 2012.10.27-ны өдөр бичгээр байгуулж, гэрээнд Т.Н, Б.А, “Б”-ийг төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зуржээ. Талуудын хооронд байгуулагдсан гэх уг гэрээний харилцаа нь Иргэний болон Компанийн тухай хуулиар зохицуулагдахаар байхад анхан шатны шүүх Компанийн тухай хууль хамаарахгүй гэж дүгнэсэн нь алдаатай, ... оруулсан хөрөнгийг хувьцаа болгож авснаас өөр байдлаар буцаан шаардах эрхтэй хөрөнгө оруулалт хийгээгүй байна. ... “М” ХХК-ийн 2008.06.10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигч нар оруулсан хөрөнгийг хувьцаа болгосноос өөр хөрөнгө оруулалтын талаар болон хувьцааны ногдол ашгаас өөрөөр компанийн хөрөнгийг хуваарилах талаар тохиролцоогүй байна. Гэтэл Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээ нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасныг зөрчиж байгуулагдснаар хувьцаа эзэмшигчид тогтмол ашиг төлөхөөр тохиролцсон нь буруу болжээ. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь алдаатай болсон тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой. ... Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг шаардах эрхгүй юм.
13.5 … анхан шатны шүүх … компанийн дотоод үйл ажиллагаанд шүүх оролцох боломжгүй гэсэн дүгнэлтийг залруулна. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016.02.23-ны өдрийн 10/16 тоот шийдвэрээр батлагдсан “М” ХХК-ийн дүрэм болон мөн өдрөөр огноолсон компани байгуулах гэрээг тус тус улсын бүртгэлд бүртгүүлжээ. Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар компани үүсгэн байгуулах хурлаар шийдвэрлэх асуудалд компани үүсгэн байгуулах тухай асуудал болон компанийн дүрэм орсон бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт компанийн дүрэм нь компанийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг болохыг заажээ. Иймд компанийн дүрмийг үндэслэж маргааныг шийдвэрлэнэ. Харин компани байгуулах гэрээ нь Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан баримт бичигт хамаарахгүй байна. Компанийн дүрмийн 6.1-д зааснаар компанийн эрх барих байгууллагыг хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж заасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалттай нийцсэн байна. Уг дүрэм тус компани төлөөлөн удирдах зөвлөлтэй байна гэж заагаагүй тул төлөөлөн удирдан зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэл үндэслэлгүй болжээ.
13.6. Компанийн дүрмийн 8.1-д компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байх, 8.2-т гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчтэй гэрээ байгуулах, уг гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулахаар тус тус заажээ. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хамгийн сүүлд 2016.02.23-ны өдөр хуралдсан. Үүнээс хойш Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага зөрчиж хурлыг зарлаагүй байна. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд үүнийг шүүхийн шийдвэрээр дахин тогтоох шаардлагагүй.
13.7. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгдсэн талаар баримтгүй байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулахыг шаардах эрхийг хуулиар олгоогүй. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаарх зохицуулалт нь хуульд заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулаагүй бол компанийг эрх зүйн аливаа хэлцэлд оролцох боломжгүй болгох байдлаар хариуцлагыг тооцжээ. Түүнээс гадна хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг шаардах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах ёстой. ... нэхэмжлэгч талаас өмгөөллийн “Зуун эрхэс консалтанг” ХНН-д итгэмжлэл олгоогүй тул хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах талаар санал, шаардлага гаргасан гэж дүгнэхгүй, “М” ХХК нь 2017-2021 онуудад хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулаагүй болох нь улсын бүртгэлийн газарт холбогдох баримтуудыг хүргүүлээгүй байдлаар тогтоогдож байна. Харин энэ шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчигдсөн эрх сэргээх зорилготой иргэний эрх зүйн хамгаалалтад хамаарахгүй,
13.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдсөн. Уг өөрчлөлтийг компанийн дүрэмд оруулах, бүртгүүлэх талаар хувьцаа эзэмшигчийн хурал шийдвэрлэх эрхтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан журмын дагуу явагдаагүй байхад шүүх уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул холбогдох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийж,
13.9. Сөрөг нэхэмжлэлийн талаар “ …анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлд хамаарах байдлыг анхааралгүйгээр шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан, давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөх боломжтой. Иймд хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гэж тодорхойлсныг тайлбар гэж дүгнэлээ ...” гэжээ.
14. Анхан шатны шүүх үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус хариуцагчийн татгалзал, тайлбар гэж дүгнэж, 2 шатны шүүх маргаанд хамаарах Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх, ногдол ашиг авах талаар хуулийг зөрүүтэй хэрэглэж, эрх зүйн өөр өөр дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
15. Талууд хамгийн сүүлд 2016.02.23-ны өдөр “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, Монгол-Хятадын хамтарсан “М” ХХК байгуулах тухай гэрээг болон “М” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд гэрээний арван гуравдугаар зүйлд “Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг талууд эвийн журмаар шийдвэрлэх бөгөөд шийдвэрт хүрч чадахгүй тохиолдолд нэхэмжлэгч талын сонгон авсан шүүх эсхүл Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний Арбитрт түүний арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлэнэ” гэж зааж, нэхэмжлэгч БНХАУ-ын “Б” нь Монгол Улсын шүүхийг сонгон нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3-т заасан хэргийн харьяаллыг зөрчөөгүй байна.
16. Хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон БНХАУ-ын хуулийн этгээд “Б” компани болон Монгол Улсын хуулийн этгээд “М” ХХК-тай хамтран 2002.04.28-ны өдөр Монгол-Хятадын хамтарсан “М” ХХК байгуулах тухай гэрээ”-г байгуулж, энэхүү гэрээгээр тогтсон талуудын эзэмших компанийн хувьцааны хэмжээ болон хувьцаа эзэмшигчийг 2002.08.14, 2012.10.19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар өөрчилж, эцсийн байдлаар иргэн Т.Н 51 хувийг, Б.А 9 хувийг, “БШ” 40 хувийг эзэмшиж байгаа, “М” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2003.10.19-ний хурлын шийдвэрээр Хятад талын “Б” компанийг “БШ”-аар сольсон, талууд 2012.10.27-ны өдөр “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн “Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх” гэрээг байгуулсан, гэрээний дагуу “М” ХХК нь 2012 онд 20,000 ам.доллар, 2013 онд 10,000 ам.доллар, нийт 30,000 ам долларыг “БШ”-д төлсөн тухай үйл баримтын талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.
17. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд 2012.10.27-ны өдөр байгуулагдсан “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх” гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөрүүтэй дүгнэж, анхан шатны шүүх гэрээний үүрэгт 1,052,494,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болохоо баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь алдаатай болохыг давж заалдах шатны шүүх залруулсан боловч давж заалдах шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь буруу болсон.
18. Тодруулбал “М” ХХК-ийг 2002.04.28-ны өдөр үүсгэн байгуулсан Хятадын талын хуулийн этгээд “Б” компанийг 2003.10.19-ний өдөр “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр “БШ”-аар сольсон, хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Б” гэсэн нэрээр бүртгэж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээнд БНХАУ-ын “Б” гэж тэмдэглэх зэргээр Хятад талын компанийн нэрийг 4 өөр байдлаар тодорхойлсон нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр ийнхүү өөр өөрөөр тэмдэглэгдсэн байдлыг улсын бүртгэлийг нэг мөр хөтлөөгүйтэй холбоотой болон хариуцагч нар нь “М” ХХК-ийн баримт бичгийг үйлдэхдээ өөрсдөө өөрөөр тусгасан, Хятад талын хувьцаа эзэмшигчийг хувьцаа эзэмших эрхгүй гэж маргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Хятадын талын хувьцаа эзэмшигч компанийг өөр өөр хуулийн этгээд гэж үзэхгүй талаар дүгнэснийг буруутгахгүй.
19. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023.03.13-ны өдөр Бээжин хотын Донгчен дүүргийн зах зээлийн хяналтын удирдлагын газраас “Б” болж компанийн нэр өөрчлөгдснийг бүртгэж аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгчийг солих ажиллагаа хийгээгүй боловч 2023.10.31-ний өдрийн 183/32023/19692 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжинд нэхэмжлэгчийн нэрийг “Б” гэж өөрчлөгдсөн нэрээр бичиж, үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгчийн өөрчлөгдсөн нэрээр явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцжээ.
20. Улмаар нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор нийт 4 удаагийн итгэмжлэлийг олгосон байх бөгөөд давж заалдах шатны шүүх эдгээр итгэмжлэлээс 2020.01.07-ны өдөр Монгол Улсын иргэн Г.Н, Э.Ж нарт олгосон итгэмжлэл, 2023.06.06-ны өдөр Өмгөөллийн “З” ХХН-ийн хуульч Г.Н-д олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр гэж үзсэн бол 2021.09.29-ний өдөр Өмгөөллийн “З” ХХН-ийн хуульч Э.Ж, хуульч Г.Н нарт олгосон итгэмжлэл болон огноогүй Өмгөөллийн “З” ХХН-д олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзсэн.
Тухайлбал Нэхэмжлэгчээс зохигчийн хооронд 2012.10.27-ны өдөр байгуулагдсан “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх” гэрээний үүргийг шаардахтай холбоотойгоор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор 2020.01.07-ны өдөр Монгол Улсын иргэн Г.Н, Э.Ж нарт олгосон итгэмжлэл, 2021.09.29-ний өдөр Өмгөөллийн “З” ХХН-ийн хуульч Э.Ж, хуульч Г.Н нарт дээрх гэрээний үүргийг хангуулах болон компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулах, хурлаар хэлэлцэх асуудал төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болон гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, компанийг татан буулгах асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон итгэмжлэл, 2023.06.06-ны өдөр Өмгөөллийн “З” ХХН-ийн хуульч Г.Н-д дээр дурдсан эрхүүдээс гадна ногдол ашиг хуваарилахтай холбоотой асуудлаар санал гаргах ба ашиг хуваарилах хүсэлт гаргах хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах, түүнд оролцох, гарын үсэг зурах, хуулийн этгээдийн нэр нь “Б” болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “М” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг шаардах, өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх талаар холбогдох байгууллагад хандах зэрэг ажиллагаанд төлөөлөн оролцуулах, огноогүй итгэмжлэлийг Өмгөөллийн “З” ХХН-д олгосон тухай баримт тус тус хэрэгт авагджээ.
Давж заалдах шатны шүүх итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгахдаа хятад хэл дээр үйлдэгдэж монгол хэлээр орчуулсан бичмэл баримтанд БНХАУ-ын Бээжин хот дахь Ф нотариатын товчооноос олгосон нотариатын гэрчилгээг Бээжин хот дахь Монгол Улсын элчин сайдын яам гэрчлэн үйлдэл хийсэн нь Монгол Улсын нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно”, БНМАУ, БНХАУ хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагаас өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу үйлдсэн буюу гэрчилсэн баримт бичгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт өөр ямар нэгэн баталгаагүйгээр хэрэглэж болно.” 2 дахь хэсэгт заасан “Хэлэлцэн тохирогч нэг Талын эрх бүхий байгууллагын үйлдсэн албан ёсны баримт бичиг нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт энэ Талын эрх бүхий байгууллагаас үйлдсэн адилтгах баримт бичгийн нэг адил хүчин төгөлдөр байна.” гэснийг тус тус үндэслэж, энэ талаарх хуулийг зөв хэрэглэсэн байна.
Иймээс нэхэмжлэгч “М” ХХК-ийг 2002.04.28-ны өдөр үүсгэн байгуулсан Хятадын талын хуулийн этгээд “Б” компанийн нэр “Б” болж өөрчлөгдсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчээс 2020.01.07-ны өдөр Монгол Улсын иргэн Г.Н, Э.Ж нарт олгосон итгэмжлэл, 2023.06.06-ны өдөр Өмгөөллийн “З” ХХН-ийн хуульч Г.Н-д олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр гэж үзэх тул эдгээр хуульчид нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд мөн гэж үзнэ.
21. Анхан шатны шүүх зохигчийн хооронд 2012.10.27-ны өдөр байгуулагдсан “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх” гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан нэрлэгдээгүй гэрээ буюу гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь буруу биш боловч нэхэмжлэгчийг гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, гэрээний агуулгыг ногдол ашиг хуваарилах тухай гэрээ биш тул маргаанд Компанийн хууль хэрэглэгдэхгүй гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.
Харин давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд Иргэний хууль болон Компанийн тухай хуулийг хэрэглэж, анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг залруулсан. Гэвч “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх” гэрээг Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасныг зөрчиж байгуулагдсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэснээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Зохигчийн хооронд 2012.10.27-ны өдөр “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх” гэрээг бичгээр байгуулж, гэрээний 2 дахь заалтад “... 2008 оноос эхэлж, хамтарсан компани нь ногдол ашиг тараагаагүй болно.”, 3 дахь заалтад “Ирэх 10 жил үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд Хятадын талын хувьцаа эзэмшигч Б-д тогтмол орлого төлөхөөр А, Б, В талууд ярилцан харилцан тохиролцсон, үүнээс хойш ногдол ашиг хуваарилалтад оролцохгүй болно. Хамтарсан компани нь Хятадын талын хувьцаа эзэмшигчийн анхны хөрөнгө оруулалт (998,000,000)-ын 4%-г жилийн эцэст Хятадын талын хувьцаа эзэмшигчид тогтмол ашгийг төлнө.” гэж заагаад, гэрээнд заасан хуваарь ёсоор 400,000 ам.долларыг 10 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ.
Зохигч гэрээний агуулгын талаар маргаж, нэхэмжлэгч тал “... гэрээгээр ногдол ашиг хуваарилах асуудлыг зохицуулаагүй, ногдол ашиг хүртэх эрхээсээ татгалзсаны хариу төлбөрт тогтмол орлого хүлээн авах ...” агуулгатай гэж, хариуцагч нар компани ашиггүй ажилласан тул ногдол ашиг хуваарилах боломжгүй гэжээ.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, “хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасан.
Гэрээний 2 дахь заалтад “...А, Б, В талууд хамтран хамтарсан компанийн үйл ажиллагааг 10 жил явуулж байгаа болно. 2008 оноос хойш гадаад нөхцөл байдлын нөлөөнөөс болж Хамтарсан компани нь санхүүгийн алдагдалтай байсан бөгөөд эдийн засгийн үр ашиггүй байсан. 2008 оноос эхэлж, хамтарсан компани нь ногдол ашиг тараагаагүй болно.” гэж зааснаас болон зохигчийн тайлбараас тус тус үзэхэд гэрээ байгуулагч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь 2008 оноос хойш ногдол ашиг хуваарилаагүй тул цаашид Хятадын талын хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг хүртэх зорилготой болохыг тодотгосон байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасан “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, “гэрээний аль нэг нөхцөл ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэсэн гэрээг тайлбарлах зарчмыг үндэслэвэл талууд гэрээндээ хэдийгээр тогтмол орлого төлөх тухай нөхцлийг тусгасан боловч энэ нь агуулгын хувьд ногдол ашиг болох нь дээрх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болон гэрээний бусад нөхцлийн үгийн шууд утгаар тодорхойлогджээ.
Өөрөөр хэлбэл гэрээний агуулгыг бүхэлд нь авч үзвэл компани 2008 оноос хойш ногдол ашиг хуваарилаагүй тул цаашид Хятадын талын хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг хүртэх зорилготой тул түүнд 10 жилийн хугацаанд тохиролцсон хуваарийн дагуу тогтмол ногдол ашиг төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.
22. Иймээс талуудын энэхүү тохиролцоо нь хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани” гэх бөгөөд талууд анх 2002.04.28-ны өдөр хамтран “М” ХХК-ийг байгуулж, гэрээгээр компанийн 70 хувьтай тэнцэх 23,287 ширхэг хувьцааг “М” ХХК, 30 хувьтай тэнцэх 9980 ширхэг хувьцааг “Б” компани тус тус эзэмшихээр тохиролцсон боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй.
Гэхдээ 2002.08.14-ний өдөр дүрмийн санд анхны өөрчлөлтийг оруулж “М” ХХК нь 60 хувь буюу 14,970 ширхэг хувьцааг, “Б” компани 40 хувь буюу 9,980 ширхэг хувьцааг эзэмшихээр тохиролцож, улсын бүртгэлд 2005.10.12-ны өдөр бүртгүүлсэн, 2008.01.08-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр “М” ХХК нь өөрийн эзэмшлийн хувьцаанаас 9 хувийн хувьцааг Монгол Улсын иргэн Б.Ад бэлэглэсэн, “М” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Н нь “М” ХХК-ийн үлдэх 51 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлж, талууд 2008.01.14-ний өдөр компанийн дүрэмд энэхүү өөрчлөлтийг оруулж, нийт хувьцааны тоо 2,529,000 ширхэг, үнэ 2,529,000 USD гэж тогтож, 2008.02.01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2012.10.19-ний өдөр үүсгэн байгуулах гэрээг шинэчилж хийж, үүнд мөн хувьцаа, дүрмийн санд өөрчлөлт ороогүй, талуудын компанид оруулсан хөрөнгийг Т.Н, Б.А нар барилга байгууламж 800,000 ам.доллар, тоног төхөөрөмж 400,000 ам.доллар, бэлэн мөнгө 317,400 ам.доллар, “Б” тоног төхөөрөмж 1,0011,600 ам.доллар гэж тусгасан, 2016.02.23-ны өдөр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг Т.Н 2,842,458,430 төгрөг буюу 2,442,959 ам.доллар, Б.А 501,610,320 төгрөг буюу 431,110 ам.доллар, “Б” 2,229,379,200 төгрөг буюу 1,916,046 ам.доллар гэж тусгаж, дүрмийн санг шинэчилж өөрчилсөн ба үүнээс хойш дүрмийн сан, хувьцаа эзэмшигч өөрчлөгдөөгүй байна.
Дээрх компанийн үүсгэн байгуулах гэрээ болон компанийн дүрэмд зааснаас үзэхэд “М” ХХК-д давуу эрхийн хувьцаа эзэмшигчгүй бөгөөд нэхэмжлэгч нь “М” ХХК-ийн энгийн хувьцаа эзэмшигч байх тул Компанийн тухай хуульд заасан энгийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийн хүрээнд түүнд 2012.10.27-ны өдөр “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх” гэрээний дагуу компани ашигтай ажилласан эсэхээс үл хамааран хатуу тогтоосон ногдол ашиг гаргуулахаар шаардах эрхтэй эсэхийг дүгнэнэ.
Нэхэмжлэгч нь компанийн хувьцаа эзэмшигч болохынхоо хувьд Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй болно.
Гагцхүү ногдол ашиг хуваарилахад тодорхой журам үйлчлэх бөгөөд энэ нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.4, 46.5, 46.8-д зааснаар компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ногдол ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заах, нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилах, төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байх, ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилахаар тус тус зохицуулжээ.
Мөн Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2-т зааснаар компани ногдол ашиг төлсний дараа төлбөрийн чадвартай байх, компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 30.5-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх, эгүүлэн худалдаж авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан тохиолдолд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
Талууд 2012.10.27-ны өдөр Хятадын талын хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тогтмол төлөх тухай гэрээг байгуулах үед 2012.10.19-ний өдөр компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс энэхүү дүрэм Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д зааснаар хүчин төгөлдөр болж чадаагүй.
Тиймээс энэ үед 2008.01.14-ний өдрийн компанийн дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байсан ба тус дүрмийн 9 дүгээр зүйлийн 13-т “Хамтарсан компанийн дүрмийн санд оролцогч талуудаас оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр ашгаа жилд нэг удаа хуваарилуулж авна. Ашгийг олсон тухайн валютаар хуваарилж оролцогч талуудад өгнө. Хэрэв хамтарсан компани алдагдалтай ажилласан бол түүнийг нөхөж дуустал ашгийн хуваарилалт хийхгүй байж болно” гэж заажээ.
Ийнхүү компанийн дүрэмд заасан ногдол ашиг авах тухай нөхцөл нь компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрх болох ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг авах тухай дээрх хуульд заасан үндсэн зарчмыг зөрчөөгүй байна.
23. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан.
Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дээрх хуульд заасны дагуу компанид оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмшиж, түүнд ногдох ногдол ашиг авах эрхтэй бөгөөд энэ утгаараа хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртэх эрхийн талаарх аливаа тохиролцоо хийхийг хуулиар хориглоогүй боловч энэ нь хуульд заасан нөхцөл бүрдсэн байх, улмаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас тухай бүр шийдвэрлэсэн тохиолдолд ногдол ашгийг хуваарилах учиртай.
Харин талууд 2012.10.27-ны өдөр “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх” гэрээнд хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаас ногдол ашиг хуваарилах талаар гарах шийдвэр, компанийн ашиг, алдагдлыг харгалзан үзэхгүйгээр нэг энгийн хувьцаа эзэмшигч нь жил бүр тогтсон дүнгээр ногдол ашиг хүртэхээр тохиролцсон нь компанийн дүрэм болон хуульд заасан нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилах журамд нийцээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хуулиар хориглосон хэм хэмжээг илэрхий зөрчөөгүй хэдий ч хуульд заасан ерөнхий зарчимд нийцээгүй нөхцөлийг гэрээнд тохирсон байх тул тус тохиролцоо нь шаардах эрхийг үүсгэхгүй ба энэ агуулгаар талуудын дээрх тохиролцоог хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.
24. Түүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 3 дахь заалтад тогтмол орлого төлөх тухай агуулга тусгагдсан хэдий ч энэ нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэсэнд нийцээгүй.
Учир нь дээрх тохиролцоог компанийн орлогоос тогтмол дүнгээр жил бүр авах тухай агуулгатай гэж үзвэл компанийн олсон аливаа орлого нь тухайн компанийн хөрөнгө болох бөгөөд хэн нэгэн хувьцаа эзэмшигчийн хөрөнгө биш тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүйгээс гадна хувьцаа эзэмшигч нар оруулсан хөрөнгийг хувьцаа болгосноос өөр хөрөнгө оруулалтын талаар болон хувьцааны ногдол ашгаас өөрөөр компанийн хөрөнгийг хуваарилах талаар тохиролцоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
25. Нэхэмжлэгчийн гаргасан “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирал Б.А-ийн бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах, Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай шаардлагыг компанийн дотоод үйл ажиллагаанд шүүх оролцох боломжгүй гэж дүгнэж анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулахдаа холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
26. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулахыг шаардах эрхийг хувьцаа эзэмшигчид олгоогүй гэсэн нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д нийцээгүй.
Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.
Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргах, хуулийн 61.7-д “ энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэжээ.
Энд зааснаас үзэхэд компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргаагүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагаас гадна ээлжит болон ээлжит бус аль ч тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг шаардах, санал, шаардлага гаргах эрх нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан хувьцаа эзэмшигчид байна гэж үзэх үндэслэлтэй.
Мөн давж заалдах шатны шүүх Өмгөөллийн “З” ХХН-ийн “М” ХХК-д 2021.04.02-ны өдөр хүргүүлсэн “Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай” мэдэгдэл гаргах эрхийг олгосон гэх 2021.02.22-ны өдрийн итгэмжлэл хэрэгт авагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хурал хуралдуулах санал, шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал гаргасныг хариуцагч татгалзсан ба шүүхээс 2021.02.23-ны өдрийн 183/ШЗ32021/02209 дугаартай шүүгчийн захирамжаар “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй, нэхэмжлэгч талаас “М” ХХК-д “Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай” мэдэгдлийг Өмгөөллийн “З” ХХН 2021.04.02-ны өдөр хүргүүлсэн.
Улмаар нэхэмжлэгч талаас хариуцагч “М” ХХК-д холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.07.29-ний өдөр “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхийн хүрээнд ийнхүү шаардлагаа ихэсгэж өөрчилснийг буруутгах үндэслэлгүй ба шүүхээс хүчин төгөлдөр гэж үзсэн нэхэмжлэгчээс олгосон 2020.01.07, 2023.06.06-ны өдрийн итгэмжлэлээр Өмгөөллийн “З” ХХН-ийн хуульч Г.Н, Э.Ж нарт ийм эрх олгогдсон болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй.
Тодруулбал хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг шаардсан мэдэгдлийг хүргүүлэхээс өмнө төлөөлөгч нарт ийнхүү шаардлага, мэдэгдэл хүргүүлэх эрх олгосон агуулга бүхий итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байж болох талтай ч энэ эрхийг хожим 2023.06.06-ны өдөр олгосон итгэмжлэлд заасан байх ба энэ нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.” гэж зааснаар итгэмжлэлийг олгох эрх бүхий этгээд төлөөллийг дэмжин зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн биеэр буюу Иргэний хуульд заасны дагуу бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр өөр этгээдээр төлөөлүүлэн оролцож болохыг заасан боловч энэ нь дээрх итгэмжлэлээс агуулгын хувьд өөр харилцааг зохицуулсан буюу хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигч өөрийн биеэр оролцох асуудалд хамаарна.
Энэ утгаараа нэхэмжлэгч “Б”-ийг хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлагыг бичгээр гаргасан гэж үзэх ба “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д зааснаар нэхэмжлэгч энэ талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй байна.
Хариуцагч “М” ХХК-ийн компанийн дүрмүүдэд төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар тусгагдсан хэдий ч төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдсан эсэх, хэн хэрэгжүүлдэг тухай үйл баримт тогтоогдоогүйгээс “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэрийг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх боломжтой ба гүйцэтгэх удирдлагыг Б.А хэрэгжүүлж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шаардлагыг хариуцагч “М” ХХК болон Б.А-д холбогдуулан хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
27. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна.” гэснийг хариуцагч “М” ХХК-ийн гүйцэтгэх удирлага зөрчсөн тул мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон, үүнийг шүүхийн шийдвэрээр дахин тогтоох шаардлагагүй гэж үзэхдээ Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх болон бусад хамаарах нөхцөл байдлыг уялдуулан дүгнээгүйг залруулна.
Хэргийн баримтаар “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2016.02.22-ны өдрөөс хойш хуралдаагүй нь тогтоогдсон буюу дээрх хуульд заасан хугацаа өнгөрсөн боловч Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах бүрэн эрх дуусгавар болоогүй.
Хариуцагч “М” ХХК-ийн хувьд 40 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын “Б” нь БНХАУ-ын Бээжин хотод байрлан үйл ажиллагаа явуулдаг нөхцөл байдал болон тухайн компани нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэхээс өмнө компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлага гаргаж байгаагүй зэргийг харгалзан Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан үндэслэлээр гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.
Учир нь нэгэнт шүүхээс “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх удирдлагад даалгаж шийдвэрлэж байгаа учир Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлаа шийдвэрлэх боломжтой.
28. Мөн нэхэмжлэгчийн гаргасан “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай шаардлага хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх асуудал тул эдгээрийг хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах хэрэгцээ шаардлага нь эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилготой тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх үндэслэлгүй болно.
29. Нэхэмжлэлийн “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох” тухай шаардлагыг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчигдсөн эрх сэргээх зорилготой иргэний эрх зүйн хамгаалалтад хамаарахгүй гэж дүгнэснийг болон хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг шаардлага бус тайлбар гэж дүгнэснийг тус тус буруутгахгүй.
30. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зохигчийн хооронд 2012.10.27-ны өдөр байгуулагдсан “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх” гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-т нийцээгүйг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна.
Зохигч талууд гэрээг 2012.10.27-ны өдөр байгуулж, гэрээнд заасан хуваарь ёсоор 10 жилийн хугацаанд жил бүр тогтмол ногдол ашиг төлөхөөр тохиролцсон ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шаардах эрх нь гэрээний хугацаа дууссан үеэс үүсэх буюу 2022.10.27-ны өдрөөс тоологдох тул нэхэмжлэл гаргасан 2020.07.30-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан.
Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00997 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/00902 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын “Б”-ийн нэхэмжлэлээс “хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах тухай” шаардлагыг хариуцагч “М” ХХК болон Б.А-д холбогдуулан хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч “М” ХХК, Б.А, Т.Н нарт холбогдох “Гэрээний үүрэгт 1,052,494,600 төгрөг гаргуулах, “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирал Б.А-ийн бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах” тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,560,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК болон Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,420,423 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, “М” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н 2024.06.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,560,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА