
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 10 сарын 08 өдөр
- Дугаар: 001/ХТ2024/00211
- Улаанбаатар хот
“М” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01116 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01192 дугаар магадлалтай,
М-нд холбогдох,
Санхүүгийн түрээсийн гэрээ болон Эвлэрлийн гэрээнээс татгалзаж, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э, Г 0000, 0000 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус эзэмшил, ашиглалтад шилжүүлэн, албадан чөлөөлж өгөхийг даалгаж, хохиролд нийт 1,180,765,867 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э, Г 0000, 0000 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоолгож, 121,316,699 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагчийн төлөөлөгч Л.Данзанноров, хариуцагчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч М-нд холбогдуулан Санхүүгийн түрээсийн гэрээ болон Эвлэрлийн гэрээнээс татгалзаж, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э, Г 0000, 0000 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус эзэмшил, ашиглалтад шилжүүлэн, албадан чөлөөлж өгөхийг даалгаж, хохиролд нийт 1,180,765,867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э, Г 0000, 0000 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоолгож, 121,316,699 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01116 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлгүй тул Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э, Г цогцолбор, 15 давхар, 0000 тоот хаягт байрлах 190.7 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх хөрөнгө, 0000 тоот хаягт байрлах 118 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0000 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг “М” ХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөхийг М-нд даалгах, 2008.05.14-ний өдрөөс 2022.01.25-ны өдрийг хүртэлх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны хохиролд 925,341,215.4 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг 2008.05.14-ний өдрөөс 2022.01.15-ны өдрийг хүртэл 164 сарын хугацаанд эзэмшиж, ашигласны улмаас элэгдүүлж, хорогдуулсны хохиролд 255,424,652 төгрөг, нийт 1,180,765,867 (нэг тэрбум нэг зуун наян сая долоон зуун жаран таван мянга найман зуун жаран долоон) төгрөгийг М-ноос гаргуулах тухай “М” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б дүүргийн 0 дугаар хороо, Э Г, 0000 тоотын улсын буртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй 190.7 м.кв, 0000 тоотын улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй 118 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр М-г тогтоож, зохих бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “М” ХК-аас 93,929,089 (ерэн гурван сая есөн зуун хорин есөн мянга есөн) төгрөг гаргуулан М-нд олгож, үлдсэн 27,387,610 (хорин долоон сая гурван зуун наян долоон мянга зургаан зуун арван) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М” ХК-ийн төлсөн 15,046,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,323,658 төгрөгөөс 767,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,555,663 төгрөгийг улсын орлогоос, “М” ХК-аас 767,997 төгрөгийг тус тус гаргуулан М-нд олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01192 дугаар магадлалаар: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.04-ний өдрийн 102/ШШ2024/01116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг нэгтгэж, уг заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар барилгын 0000 тоот хаягт байрлах, 190.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус барилгын 0000 тоот хаягт байрлах, 118 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус нэхэмжлэгч “М” ХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, чөлөөлөхийг хариуцагч М-нд даалгаж, нэхэмжлэгч “М” ХК-аас 406,179,135 төгрөг гаргуулан хариуцагч М-нд олгож, нэхэмжлэгч “М” ХК-ийн нэхэмжлэлээс 1,180,765,867 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг, хариуцагч М-ны сөрөг нэхэмжлэлээс үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, 27,387,610 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...“М” ХК-аас 767,997 төгрөгийг тус тус гаргуулан М-нд олгосугай” гэснийг “нэхэмжлэгч “М” ХК-аас 627,595 төгрөгийг гаргуулж хариуцагч М-нд тус тус олгож, хариуцагч М-ноос 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгосугай.” гэж өөрчилж, 4 дэх заалтыг 2 гэж, 5 дахь заалтыг 3 гэж, 6 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “М” ХК-аас төлсөн 15,046,034 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.03-ны өдрийн 210/МА2024/01192 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Б дүүргийн 0-р хороо, 0-р хороолол, Э 0-р барилгын 0000 тоот хаягт байрлах 190.7 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 0000 тоот хаягт байрлах 118 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагч М-ны эзэмшил ашиглалтаас чөлөөлүүлэх тухай” өмчийн халдашгүй байдлаа хамгаалуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгохыг хүссэн “М” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зөрчигдсөн эрхийг бүрэн хэмжээнд сэргээгээгүй тул энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгчийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хариуцагчийн үйлдлийг давж заалдах шатны шүүхээс таслан зогсоож, өмчлөгчийн эрхийг сэргээн тогтоосон тул анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, гомдолдоо тус тус тодорхой тусгасан бодит болсон үйл баримт болон түүний хууль зүйн дэлгэрэнгүй үндэслэлийн тухайд энд нурших шаардлагагүй гэж үзлээ. Гагцхүү давж заалдах шатны шүүхээс зөрчигдсөн эрхийг сэргээхдээ хариуцагчийн эрх зөрчсөн үйлдлээс учруулсан эдийн засгийн хохирол, алдагдлыг хуульд заасны дагуу арилгаагүй буюу зөрчигдсөн эрхийг бүрэн хэмжээнд сэргээгээгүйд гомдолтой байна.
4.1 Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5.3 дахь хэсэгт: “Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 383,566,745 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 27,387,610 төгрөгийг хасч 356,179,135 төгрөг, үүндээр хариуцагчаас “Ж” ХХК-д төлсөн 50,000,000 төгрөгийг нэмж нийт 406,179,135 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХК-аас гаргуулж хариуцагч М-нд олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ гэж үзлээ” гэжээ.
Шүүх хэрэг маргааныг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж хэлэлцээд, зохигчдын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн боловч, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.4 дэх хэсгүүдэд заагдсан “Буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлс”-ийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг зөв үнэлж, хариуцагч байгууллага болох М-г маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлж, тодорхой үр шим хүртсэн гэж зөв дүгнэсэн боловч “М” ХК-аас 406,179,135 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуульд заасан иргэний эрх зүйн харилцаанд эрх тэгш байх, бие даасан байх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах болон шударга ёсны болоод хэн ч үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй зэрэг иргэний эрх зүйн харилцааны үндсэн зарчмуудад нийцсэнгүй.
М нь хүчингүй гэх гэрээгээр, хуульд нийцээгүй амлалт үүргийг манайд гаргаж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг өмчлөгч болох манай компанийн өмчийг 2007 оноос хойш өдийг хүртэлх 16 жилийн хугацаанд ямар ч төлбөргүйгээр, амлалт үүргээ зөрчин байж эзэмшиж, ашиглаж ирсэн нь багадаад бүр өмчлөгч болохоор гомдол хүртэл гаргаж байгаа нь бусдын зөрчигдсөн эрхийг хамгаалдаг өмгөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллагын хийх үйлдэл мөн гэж хэрхэвч хэлж боломгүй. Давж заалдах шатны шүүх өмчлөгч болох манай байгууллагын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн шаардах эрхийг хамгаалсан ч өмчийг нь 17 жилийн турш үнэ төлбөргүй ашигласан М-ны үйлдлийг хуульд нийцсэн гэж дүгнэж, нэхэмжлэгчээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдохгүй байх аргагүй байна.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “М” ХК-аас 406,179,135 төгрөг гаргуулан М-нд олгохдоо Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт “гэрээ хүчингүй болсоны улмаас уг гэрээгээр олж авсан зүйлээ буцааж өгөх үүрэг бүхий тал нь биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр буцааж өгөх бололцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл түүний үр дагаварт шууд хамааралтайгаас бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй” гэж заасныг анхаарсангүй.
Манай тохиолдолтой ижил нөхцөлийг “Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон нөхцөлд түрээслэгч түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид харин түрээслэгч түрээсийн төлбөрт авсан мөнгийг түрээслэгчид буцаан өгөх нь гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл түүний үр дагаварт шууд хамааралтай үүрэг гэж ойлгогдохоор боловч түрээсийн эд зүйлийг эзэмшиж, ашигласнаар өөрт бий болчихсон ашигтай байдлыг түрээслэгч буцаан өгөх боломжгүй тул түрээслүүлэгч түүнийг үнэлж буцаан шаардах үндэслэлгүй учир үүний төлөө төлсөн төлбөрийг түрээслэгч түрээслүүлэгчээс буцаан шаардах эрхгүй болно.” гэж Монгол Улсын дээд шүүх Иргэний хуулийн тайлбар (Гэрээний бус үүрэг IV)-таа тайлбарласан байдаг.
Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 56.5 дахь хэсгүүдэд заасан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцсоны үр дагаврыг шүүх шийдвэрлэхдээ зөвхөн тус хуулийн 492 дугаар зүйлд заасныг баримтлах бус бусад үр дагаврыг буюу үүссэн санхүүгийн ашиг, алдагдлыг хэрхэн шийдвэрлэж болохыг харуулсан тод тайлбар гэж хэлэхээр байна. Өөрөөр хэлбэл, хэн ч хэнийг ч зөвшөөрөөгүй байхад бусдын хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж, зардлаа хэмнэх аргаар өөртөө санхүүгийн ашигтай байдлыг бий болгон үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй зарчмыг ийнхүү ойлгомжтой тайлбарлажээ. Давж заалдах шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг анхаараагүйд гомдолтой байна.
4.2 Магадлалын 6 дугаар хэсэгт: нийт 1,180,765,867 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй. Учир нь эдгээр төлбөр нь Иргэний хуулийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлага болох “орлого, үр шим, тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээснээс нөхөн төлбөрт авах зүйлд хамаарахгүй байна. Тодруулбал хариуцагч нь үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлж тодорхой үр шим хүртсэн байх хэдий ч нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй “Т” ХХК-ийн түрээсийн зах зээлийн дундаж үнээр үр шимийг тодорхойлохгүй болно. Мөн хариуцагч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг эвдсэн, устгасан, гэмтээсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул элэгдэл, хорогдлын хохирол шаардсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.
Шүүхээс маргаан бүхий хөрөнгүүдийг хэрэглэж, ашигласаны үр шимийг “Т” ХХК-ийн түрээсийн зах зээлийн дундаж үнээр тодорхойлохгүй болно гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хуулиар зөвшөөрсөн арга, хэрэгслээр нотлох үүргээ хэрэгжүүлэн үл хөдлөх хөрөнгийн судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага болох Монгол банктай хамтран сар бүр тогтмол орон сууцны үнийн индекс, түрээсийн үнийн индекс тооцож гаргадаг байгууллагаар тодорхойлуулахаас илүү яалтай билээ.
Хариуцагч нь үүнд маргаагүй байхад шүүх хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг зөрчиж маргаагүй үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгсөн нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 40 дүгээр зүйлүүдэд нийцээгүй.
“Т” ХХК-ийн тодорхойлолт нь 3-р хавтаст хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн “Үнэлгээний тайлан”-ийн үндэслэл буюу хуулиар тодорхойлогдсон хөрөнгийн үнэлгээг тодорхойлох эх сурвалж мөн болохыг шүүх анхаараагүйд гомдолтой байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь хохиролд нэхэмжилж буй 925,341,215.4 төгрөгийг тооцоолохдоо “Х” ХХК-ийн “Түрээсийн дундаж үнэ тодорхойлсон тайлан”-гийн үндэслэл болсон “Т” ХХК-ийн гаргасан судалгаан дээр үндэслэж тооцон гаргасан боловч шүүх зөвхөн “Т” ХХК-ийн гаргасан үнийг нотлох баримтаар үнэлж, “Х” ХХК-ийн гаргасан “Түрээсийн дундаж үнэ тодорхойлсон тайлан”-г огт үнэлж дүгнээгүй буюу талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасан хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Нөгөө талаас нэхэмжлэгч нь үр шим түүний үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн тодорхойлсон зах зээлийн дундаж ханшаар тооцож нэхэмжлэхээс өөр аргагүй юм. Гэвч шүүх дээрх шаардлагыг шийдвэрлэхдээ хариуцагчийг үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлж тодорхой үр шим хүртсэн гэж зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсний улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь М-ноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж ашигласантай нь холбогдуулан 2008.05.14-ний өдрөөс 2022.01.26-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг зах зээлийн дундаж ханшаар тооцож 925,341,215.4 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардсан ба энэ талаарх тооцоолол болон холбогдох баримтыг хавсаргасан байхад давж заалдах шатны шүүх үндэслэл, тооцоолол тодорхойгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдсэн нь ч угтаа үндэслэлгүй болсон.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан тул “М” ХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу өөрийн өмчлөлийн 0000, 0000 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн элэгдэл, хорогдлыг М-ны эзэмшиж, ашигласан хугацаагаар тооцож, эд хөрөнгийн элэгдлийн буюу алдагдлын хохиролд 89,651.62 ам.доллар буюу 255,424,652 төгрөг (2022.01.21 өдрийн ханшаар тооцсон)-ийг хариуцагчаас мөн шаардсан. Хохирлын тооцоог Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шулуун шугамын аргаар элэгдэл, хорогдлыг тооцсон (262.395:480cap)x164cap тухайгаа тодорхой тайлбарласан байхад шүүх мөн л үндэслэл, тооцоолол тодорхойгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байсныг энд дурдах нь зүйтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд “...“М” ХК-аас 406,179,135 төгрөгийг гаргуулан М-нд олгохоор шийдвэрлэсэн зарим хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “…Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.03-ны өдрийн 210/МА2024/01192 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-д заасныг үндэслэн хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
5.1 Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон нь хууль хэрэглээний алдаа гарахад хүргэсэн талаар
Давж заалдах шатны шүүх М болон “М” ХК-ийн хооронд үүссэн харилцааг “анхан шатны шүүхээс худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд зохиомол болсон.
Анхан шатны шүүх М болон “М” ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнээгүй, харин М болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэн М болон “М” ХК, М болон “Ж” ХХК-ийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Давж заалдах шатны шүүх дээр дурдсан гэрээний талуудын хооронд үүссэн харилцааг ийнхүү буруу дүгнэснээс гэрээний талуудын хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийллийг зөв тодорхойлох боломжийг алдагдуулж тухайн харилцаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг зөрүүтэй хэрэглэх нөхцөл болсон.
5.1.1 Мны хүсэл зоригийн тухайд
Тус байгууллага нь өөрийн гэсэн байргүй байсан бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын байрны өргөтгөлийн хоёрдугаар давхарт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тухайн үед 1 дүгээрт, Улсын ерөнхий прокурорын газраас байраа суллаж өгөхийг удаа дараа шаардах болсон, 2 дугаарт, өмгөөлөгчид өөрийн байртай болох, санаачлага гарган хандивын аян өрнүүлж, гишүүдийн зүгээс Мг байртай болох шаардлагыг байнга тавьж байсан.
Эдгээр нөхцөл байдлын улмаас тухайн үеийн Мны Удирдах зөвлөл, Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн гэсэн байртай болох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан ажиллуулсан. Энэ ажлын хэсэг нилээд олон газраар явж судалгаа хийсний үр дүнд Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Г цогцолборын барилга нь байршил, талбайн хэмжээ, гадна орчин, үнэ зэрэг олон нөхцөл байдлаараа М-ны үйл жиллагааны онцлогт нийцнэ гэж үзэж М-ны тухайн үеийн Удирдах зөвлөл, Ерөнхийлөгчид Г цогцолборын 15 дугаар давхрын 0000, 0000 тоотын нийт 308.7 м.кв талбайг худалдан авах саналыг танилцуулсан.
Мны удирдлагын зүгээс ажлын хэсгийн саналыг хүлээн авч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Э, Г, 0000, 0000 тоотын нийт 308.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг 1 м.кв талбайг 850 ам доллар буюу нийт 262,395 ам.доллараар худалдан авах асуудлаар “Ж” ХХК-тай “Барилгад хөрөнгө оруулалт хийх” тухай гэрээг 2007.09.21-ний өдөр байгуулсан байдаг.
Гэрээ байгуулах үед Г цогцолборт байрны захиалга дуусах гэж байсан тул “Ж” ХХК-аас эхний ээлжийн төлбөрөө төлсөн нөхцөлд гэрээ байгуулах шаардлагыг тавьсны дагуу М гэрээ байгуулахаас ес хоногийн өмнө буюу 2007.09.12-ны өдөр 50,000,000 төгрөгийг “Ж” ХХК-д төлсөн.
“М” болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 2.1-д заасны дагуу төлбөр төлөх хуваарийг дараах байдлаар тохиролцсон байсан. Эхний төлбөрт 2077.09.20-ны дотор 17 хувь 42,016 ам.доллар, дунд төлбөр 2008.11.01-ний дотор 25 хувь 37,899 ам.доллар, дунд төлбөр, 2008.12.30-ны дотор, 38 хувь 100,000 ам.доллар, ашиглалтад ороход 2009.11.23-ны дотор 20 хувь 52,480 ам.доллар.
Манай байгууллагаас анхны төлбөрийг төлөх үед нэг ам.доллар 1,190 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд 50,000,000 төгрөг нь гэрээний үнийн дүнгийн 17 хувь буюу 42,016 ам.доллар болсон.
Дээр дурдсан үйл баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг нь анхнаасаа Мнд байсан бөгөөд эл хүсэл зоригт өөрчлөлт ороогүй, тухайн асуудлаар анхны гэрээг М байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.
5.1.2 “М” ХК-ийн хүсэл зоригийн тухайд
М болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон үлдэгдэл төлбөрийг төлөхөд санхүүгийн хүндрэл гарсан тул санхүүгийн эх үүсвэр олох асуудлыг судалж, тодорхой санхүүгийн болон бусад байгууллагад хандаж байх үед “М” ХК-аас өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг хийхэд хамтран ажиллах саналыг өөрсдөө санаачлан тавьсан. Энэ үед манай байгууллагын зүгээс байрны төлбөрийн үлдэгдлийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх асуудлыг сөргүүлэн тавьсныг тус компаниас судлан үзээд өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг “М” ХК-аар хийлгэх асуудлаар “Хамтын ажиллалааны гэрээ”, М-ны байрны санхүүжилтийг шийдвэрлэх асуудлаар “Санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулахаар тохиролцоонд хүрсэн. “М” ХК нь М-нд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон гол шалтгаан нь Өмгөөллийн тухай хууль (2002)-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутсаны улмаас өмгөөллийн үйл ажиллагаанд алдаа гаргаж үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор өмгөөлөгч хариуцлагын даатгалд даатгуулна.” гэж заасантай шууд холбоотой юм.
Эдгээр тохиролцооны дагуу “М” ХК нь “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд жилд 500-600 өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг хийж, даатгалын хураамжийн орлого олох, “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний хүрээнд хүүгийн орлого олох, өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгөө өсгөх, үйл ажиллагаагаа тэлэх хүсэл зоригтой байсан болох нь тэдгээр гэрээний холбогдох зохицуулалтаас”-аас маш тодорхой харагдаж байгаа. Маргаан бүхий эд хөрөнгүүд нь анхнаасаа буюу “Санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулах үед “М” ХК-ийн эзэмшил, өмчлөлд байгаагүй. “М” ХК болон “Ж” ХХК-ийн хооронд 2007.09.21-ний өдрөөр огноолон байгуулагдсан 070921, 070921, 070921А гэрээнүүд нь яг тухайн өдрөө байгуулагдаагүй, хожим М-ноос 2007.10.31-ний өдрийн 208 тоот албан бичигт дурдсан хүсэлтийн дагуу хийгдсэн болно. “М” ХК нь “Ж” ХХК-тай дээр дурдсанаар гэрээ байгуулах үед болон түүнээс хойш тухайн үл хөдлөх хөрөнгийг огт үзэж, сонирхож байгаагүй, эх болон урсгал засвар хийж байгаагүй түүнчлэн эзэмшилдээ шилжүүлэн авч байгаагүй юм.
Дээр дурдсан үндэслэл, хэрэгт авагдсан баримтуудаар “М” ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Ж” ХХК-аас худалдан авч өмчлөх хүсэл зориг байгаагүй болох нь хангалттай нотлогдож байгаа болно.
5.2 Давж заалдах шатны шүүх М-г гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй тухайд
Давж заалдах шатны шүүх М-г “Ж” ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй болно.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа харилцан буцаах харилцаа болж өөрчлөгддөг. Хэрэв М-г тухайн гэрээнээс татгалзсан гэж үзэх юм бол үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүхий л харилцаа дуусгавар болох бөгөөд “Ж” ХХК-ийн хувьд гэрээний урьдчилгаа төлбөрийг манайд буцаан төлөх, улмаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан хүрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар санал гаргасан дурын этгээдтэй гэрээ байгуулах эрх үүсэхээр байсан. Гэтэл бодит байдал дээр ийм зүйл болоогүй, дээрх үр дагавар гараагүй юм.
Харин М гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийн тулд “М” ХК-аас санхүүгийн туслалцаа авсан бөгөөд тус компаниас тавьсан шаардлагын дагуу мөнгөн төлбөрийн эргэн төлөлтийн баталгаа болгож гэрээний захиалагч буюу худалдан авагч талын нэрийг сольсон боловч худалдан авагчийн бүхий л шаардах эрх Мнд байж худалдагч “Ж” ХХК-д хандаж холбогдох шаардлагуудыг гаргаж байсан болно.
5.3 Давж заалдах шатны шүүх “М” ХК үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлж өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй тухайд
Давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгч “М” ХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2009.04.24-ний өдөр хариуцагч М-ны эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн” гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаас илтэд зөрүүтэй, ямар нэгэн хуулийг хэрэглэлгүйгээр дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
М нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Ж” ХХК-аас эзэмшилдээ хүлээн авсан бөгөөд барилгыг ашиглалтад орохоос өмнө барилгын ажлын явцтай удаа дараа танилцаж өрөө, тасалгааны хуваарилалт, засан сайжруулал, тохижилт зэргийг төлөвлөж гүйцэтгэсэн.
“М” ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт болон дээр дурдсан асуудалд огт оролцож байгаагүй юм.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” гэж зааснаар М нь “Ж” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэн авсан.
5.4 Давж заалдах шатны шүүхийн магадлал логикийн алдаатай тухайд
Давж заалдах шатны шүүх М болон “М” ХК-ийн хооронд байгуулсан бүхий л хэлцлийг хуулийн шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцгээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, ...” тухай хэм хэмжээг буруу хэрэглэж хууль хэрэглээний зөрүү гаргасан.
М нь “М” ХК-аас үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж аваагүй, харин “Ж” ХХК-ийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөр төлөх худалдан авагчийн үүрэгтээ 262,250,046.1 (хоёр зуун жаран хоёр сая хоёр зуун тавин мянга дөчин зургаан) төгрөгийг “М” ХК-аар хүү тооцох нөхцөлтэй санхүүгийн туслалцаа авахын хүрээнд өөрийн нэрийн өмнөөс төлүүлсэн.
Тиймээс хуулийн дээрх зохицуулалт ёсоор М-ны хувьд авсан мөнгийг буцаан төлөх “М” ХК-ийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн нэрийг буцаан шилжүүлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсгийн зохицуулалтын харилцан уялдаа, логик хамааралд нийцэх юм.
Манай холбооны зүгээс нийт 383,566,745.15 (гурван зуун наян гурван сая таван зуун жаран зургаан мянга долоон зуун дөчин таван) төгрөгийг буцаан төлсөн болохоо баримтаар нотолсон тул Мны хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үүрэг хэрэгжсэн гэж үзнэ.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “М” ХК-ийн хуульд харшилсан үйл ажиллагааны талаар дүгнэж Санхүүгийн түрээсийн гэрээ, түүнтэй холбоотой Эвлэрлийн гэрээ зэргийг хүчин төгөлдөр бус, эрх, үүрэг үүсгэх үр дагаваргүй гэж үзсэн атлаа тус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн худалдан авагч М-ны нэрийг “М” ХК болгож сольсон хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь заалтад нийцэхгүй юм.
5.5 Давж заалдах шатны шүүх Мны сөрөг нэхэмжлэлийн зөвхөн нэгд нь дүгнэлт өгсөн нь буруу бөгөөд хуульд нийцээгүй тухайд
Давж заалдах шатны шүүх М нь “М” ХК болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх” 070921/А гэрээнүүдийг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж маргасан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн. М нь хуульд харшилсан буюу хүчин төгөлдөр бус Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх” гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргасан болно. М нь “Ж” ХХК-тай байгуулсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх” гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийн тулд “М” ХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж санхүүгийн туслалцаа авсан бөгөөд тус компаниас тавьсан шаардлагын дагуу фидуцийн гэрээтэй адил үр дагавар бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, М-нд өөрийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө “М” ХК-д бодитойгоор шилжүүлэх, “Ж” ХХК-д Мтой байгуулсан гэрээг дуусгавар болгож төлсөн төлбөрийг буцаан өгөх, “М” ХК-д үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч өмчлөх хүсэл зориг байгаагүй юм.
“М” ХК болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх” гэрээнүүд нь Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсаны дараа өгсөн мөнгөө буцаан төлүүлэх баталгаа болгож байгуулагдсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус байх нь ойлгомжтой юм. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх харилцааг буруу тодорхойлсоны улмаас зөвхөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтын үр дагаврын талаар бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт өгсний зэрэгцээ мөн хуулийн 56.1.10 дахь заалтын үр дагаврын талаар огт дүгнэлт өгөөгүй болно.
5.6 Давж заалдах шатны шүүх “М” ХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн явдлыг дэмжсэн нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй тухайд
Давж заалдах шатны шүүх “... хүчин төгөлдөр бус хэтрээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагаврыг нэг мөр шийдвэрлэж, нэхэмжлэгч “М” ХК-аас 406,179,135 төгрөг гаргуулан хариуцагч М-нд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй" гэж дүгнэсэн нь бодит байдалд үл нийцэх юм.
Талуудын хооронд санхүүгийн туслалцаатай холбоотой харилцаа үүссэн бөгөөд М-ны “Ж” ХХК-д төлөх ёстой төлбөрийн зарим хэсгийг “М” ХК төлсөн болно. Тиймээс М нь авсан мөнгөө төлөх, “М” ХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүрэг үүсэх юм. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх харилцааг буруу тодорхойлж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг талуудын хооронд үүссэн харилцаанд зөрүүтэй хэрэглэсэн болно.
5.7 Энэхүү маргааныг Улсын дээд шүүх шийдвэрлэх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд
Практикт хөрөнгө, санхүүгийн туслалцаа үзүүлсэн этгээдүүд мөнгөө төлүүлэх баталгаа болгож бусдын үл хөдлөх хөрөнгө болон түүнийг олж авах эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авдаг харилцаа түгээмэл байна. Илэрхийлэл нь бодит мэт харагддаг ийм харилцааг талуудын жинхэнэ хүсэл зоригийн дагуу үүссэн харилцаанаас зааглан ялгаж, энэхүү маргааныг үндэслэлтэй шийдвэрлэх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой юм.
Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.03-ны өдрийн 210/МА2024/01192 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.04-ний өдрийн 102/2024/01116 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.16-ны өдрийн 001/ШХТ2024/01036 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч М-нд холбогдуулан 2008.05.14-ний өдөр байгуулагдсан “Санхүүгийн түрээсийн гэрээ” болон 2016.12.28-ны өдөр байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэгдэл төлбөрт 230,000,000 төгрөг, алданги 115,000,000 төгрөг, нийт 345,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, “Санхүүгийн түрээсийн гэрээ” болон “Эвлэрлийн гэрээ”-ээс татгалзаж, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э, Г 0000, 0000 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус эзэмшил, ашиглалтад шилжүүлэн, албадан чөлөөлж өгөхийг даалгаж, хохиролд нийт 1,180,765,867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... гэрээ санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй боловч зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, ...“М” ХК нь М-нд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нь төлөхөөс өмнө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд М үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүй. “М” ХК-ийн зүгээс удаа дараа шаардсанаар талууд 2016.12.28-ны өдөр 1612/01 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулж, М нь 2018.06.28-ны өдрийн дотор 380,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу “М” ХК-д төлж, зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцсон боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.” гэж тодорхойлжээ.
9. Хариуцагч М- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…М нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нийт 308,7 м.кв талбайн 1 м.кв талбайг 850 ам.доллар буюу нийт 262,395 ам.доллароор худалдан авах асуудлаар “Ж” ХХК-тай барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээг 2007.09.21-ний өдөр байгуулж, урьдчилгаа 50,000,000 төгрөгийг уг компанид төлсөн. Гэвч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөд санхүүгийн хүндрэл гарсан тул санхүүгийн эх үүсвэр олох асуудлыг судалж, “М” ХК-аас өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг хийхэд хамтран ажиллах санал тавьсныг хүлээн авч, хамтын ажиллагааны гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээг тус тус байгуулсан, ... Санхүүгийн түрээсийн гэрээг 2008.05.14-ний өдөр байгуулсан байхад тус гэрээний хавсралт 1-д түрээсийн хүүг 2007.11.14-ний өдрөөс төлөхөөр заасан нь дээрх хуульд заасан журмыг зөрчсөн. Хүчин төгөлдөр бус хэлцлээр хүү тооцохоор тохиролцсон бол гэрээний уг зохицуулалт мөн хүчин төгөлдөр бус болох тул хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “М” ХК-аас М-ны “Ж” ХХК-д төлөх ёстой байсан мөнгөн төлбөрийг төлсөн бөгөөд уг үүрэг биелүүлснээс М- ямар нэгэн ашиг олоогүй. Иймээс М-ны “М” ХК-аас “Ж” ХХК-д төлсөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүүг төлөх үүрэг хүлээнэ. ... “М” ХК нь М-ны нэрийн өмнөөс тус холбооны худалдан авч байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэгдлийг “Ж” ХХК-д шилжүүлснээр тухайн мөнгийг буцаан төлөх үүрэг М-нд үүссэн гэж үзнэ. Иймээс бид мөнгөн төлбөрийн тооцооллыг дээр дурдсан үүрэг үүссэн хугацааны ханшаар тооцсон болно.” гэж маргажээ.
10. Хариуцагч М нь Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э, Г 0000, 0000 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоолгож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 121,316,699 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “… “Ж” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч өмчлөх хүсэл зориг М-нд байсан бөгөөд үүнд зарим санхүүгийн туслалцаа үзүүлэх хүсэл зориг “М” ХК-д байсан, “М” ХК нь ийнхүү санхүүгийн туслалцаа үзүүлсний хариуд М нь өөрийн гишүүдийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг тус компанид даатгуулах гэрээ байгуулах үүрэг хүлээлгэсэн санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, энэ гэрээг үндэслэн хүү тооцсон зэрэг үйлдэл нь даатгалын үйл ажиллагаа явуулах, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай” 070921, 070921/А гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамаарна. ... М ХК нь дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг үндэслэн Г цогцолборын 15 давхрын 0000, 0000 тоотын үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгүүлэх, М-ны нэрийн өмнөөс “Ж” ХХК-д төлсөн төлбөрөөс 121,316,699 төгрөгийг илүү тооцож авах зэргээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үр дагаврыг бий болгосон ...” гэж тайлбарлажээ.
11. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй боловч гэрээний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа биш Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарахгүй, М- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөөгүй, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй, М-ноос “М” ХК-д төлсөн төлбөр нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр тул “М” ХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй…” гэжээ.
12. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч байгууллага нь хуульд зааснаар болон даатгалын багц дүрэмд зааснаар санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй ... тул ... Санхүүгийн түрээсийн гэрээ болон Хамтын ажиллагааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байх бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул уг хэлцэлтэй холбоотойгоор талууд ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй, ... Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлд хамаарч байх тул дээрх хэлцлүүдээс татгалзсанаар үр дагавар үүсэхгүй. ...М нь “Ж” ХХК-аас Б дүүргийн 0 дугаар хороонд байрлах Г барилгын 15 дугаар давхарт 308.7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болох нь тогтоогдож байхад зохигчдын хооронд 2008.05.14-ний өдөр хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх боломжгүй ба М нь нэг үл хөдлөх эд хөрөнгийг 2 өөр байгууллагаас худалдан авах боломжгүй, ...М нь Б дүүргийн 0 дугаар хороонд байрлах Г төвийн 0000 тоотын улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй 190.7 м.кв, 0000 тоотын улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй 118 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг 2007 онд “Ж” ХХК-аас худалдан авсан үйл баримтыг “М” ХК нь мэдсээр байж 2012.06.22-ны өдөр дээрх хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 264 дүгээр зүйлийн 264.2-т заасан үндэслэлээр шаардах эрхгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2008.05.14-ний өдрөөс 2022.01.26-ны өдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж ашигласны болон элэгдлийн хохиролд 1,180,765,867 төгрөгийг М-ноос гаргуулах шаардлагын үндэслэл, тооцоолол тодорхойгүй” гэж үзэн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, М-г ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, зохих бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгчээс нийт 93,929,089 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... гэрээний харилцааг ... анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. ... М нь “М” ХК болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж маргасан нь үндэслэлгүй. Тэрээр “Ж” ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, эрх, үүргээ “М” ХК-д шилжүүлсэн бөгөөд “М” ХК нь төлбөр төлөх үүргийг бүрэн биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг “Ж” ХХК-аас өмчлөлдөө шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчим, мөн гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох зохицуулалтад нийцсэн. Өөрөөр хэлбэл, уг харилцаа нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохоор хийгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй болно. ...Талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, нэг талаас түрээслүүлэгч “М” ХК нь түрээслэгчийн захиалгын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, нөгөө талаас түрээслэгч М нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй. ...Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасан зохицуулалтаар нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй тул талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэнэ. ...Зохигчдын хооронд 2016.12.28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байх боловч санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул эвлэрлийн гэрээгээр эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх зэрэг үр дагавар үүсгэсэн гэж үзэхгүй болно. Гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул ... үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч М-ны эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй, ... ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ... нийт 406,179,135 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХК-аас гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ. ... Хариуцагч нь “Ж” ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзсан тул тухайн эрх зүйн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэх бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд тэрээр санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийн өмчлөгчөөр тогтоолгох буюу гэрээний үүрэг шаардах эрхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны хохиролд 925,341,215 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны улмаас элэгдүүлж, хорогдуулсны хохиролд 89,651.62 ам.доллар буюу 255,424,652 төгрөг, нийт 1,180,765,867 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй. Учир нь, эдгээр төлбөр нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад ҳамаарахгүй байна. Тодруулбал хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг түрээсэлж тодорхой үр шим хүртсэн байх хэдий ч нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй “Т” ХХК-ийн түрээсийн зах зээлийн дундаж үнээр үр шимийг тодорхойлохгүй болно. Мөн хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг эвдсэн, устгасан, гэмтээсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул элэгдэл, хорогдлын хохирол шаардсан нь үндэслэлгүй.” гэсэн дүгнэлт хийжээ.
14. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэхдээ эрх зүйн дүгнэлтийг зөрүүтэй хийж, үр дагаврыг өөр өөрөөр шийдвэрлэсэн ба энэ талаар гаргасан зохигчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодруулбал анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь нэхэмжлэгч “М” ХК нь даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага тул санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй үндэслэлээр зохигчийн хооронд 2008.05.14-ний өдөр байгуулагдсан “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар, 2016.12.28-ны өдөр байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн боловч хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг өөр өөрөөр шийдвэрлэсэн байна.
15. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсоныг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.
15.1. М нь “Ж” ХХК-тай 2007.09.21-ний өдөр барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээг байгуулж, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар барилгын 0000 тоот хаягт байрлах, 190.7 м.кв талбайтай, мөн 0000 тоот хаягт байрлах, 118 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиалж, гэрээний төлбөрийн урьдчилгаанд 42,016 ам.доллар буюу 50,000,000 төгрөгийг 2007.09.12-ны өдөр төлсөн боловч гэрээнд заасан төлбөрийг төлөх боломжгүйгээс 2007.10.31-ний өдөр “Ж” ХХК-д гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэж, хөрөнгө оруулагчийг “М” ХК болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасан,
15.2. Үүний дагуу “М” ХК нь “Ж” ХХК-тай 2007.09.21-ний өдрийн огноотой барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэд 2007.11.14-ний өдөр 67,899 ам.доллар буюу 79,570,838 төгрөг, 2008.03.01-ний өдөр 100,000 ам.доллар буюу 117,199,000 төгрөг, 2009.11.23-ны өдөр 75,525,017 төгрөг, нийт 272,294,855 төгрөгийг “Ж” ХХК-д төлсөн,
15.3. Улмаар 2012.06.22-ны өдөр “М” ХК дээрх хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон,
15.4. “М” ХК, М-той 2008.05.14-ний өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ, 2009.11.20-ны Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, “М” ХК нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг М-нд шилжүүлэхээр тохирсон,
15.5. “М” ХК болон М- нь 2016.12.28-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э, Г цогцолбор, 15 давхар, 0000 тоот хаягт байрлах 190.7 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 0000 тоот хаягт байрлах 118 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0000 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор 2007.09.21-ний өдөр “Ж” ХХК, “М” ХК-ийн хооронд байгуулсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх” гэрээ, талуудын хооронд байгуулсан 2008.05.14-ний өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээ, 2009.11.20-ны өдрийн “Хамтын ажиллагааны гэрээ”-ээс үүссэн харилцааг эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр тохиролцож, гэрээний дагуу 380,000,000 төгрөгийг төлөх хуваарийг тохиролцсон.
16. Анхан шатны шүүх эрх зүйн харилцааг буруу дүгнэж, зохигчийн хооронд байгуулсан гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, гагцхүү уг гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн атлаа хариуцагч М-г маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХК-аас бус “Ж” ХХК-тай 2007.09.21-ний өдөр “Барилгад хөрөнгө оруулалт хийх” тухай гэрээг байгуулж, худалдан авсан гэж үзэж зөрчилтэй дүгнэлт хийж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь алдаатай болохыг давж заалдах шатны шүүх шийдлийн хувьд зөв залруулсан.
Харин давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй, улмаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
17. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд 2008.05.14-ний өдөр байгуулагдсан гэрээг дүгнэхдээ Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт заасан “Даатгагч нь Монгол Улсад болон гадаад улсад гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ.”, “Даатгагчийн эрхлэх даатгалтай холбоотой үйл ажиллагааг даатгалын багц дүрмээр тодорхойлно”, Даатгалын багц дүрмийн 16 дугаар хавсралт болох Даатгалтай холбоотой үйл ажиллагааг тодорхойлох зааварт даатгалтай холбоотой 18 төрлийн үйл ажиллагааг хамруулсан, үүнд санхүүгийн түрээс багтаагүй гэсэн үндэслэлийг заасан нь буруу биш боловч уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хуульд нийцээгүй.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухай зохицуулалт нь аливаа хэлцлийг хориглосон биш харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгсөн.
Иймээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
18. Нөгөө талаар зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй ч угтаа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулгаас үзэхэд санхүүгийн түрээсийн гэрээний шинжтэй бус зээлээр худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан болохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
Тухайлбал, Талууд гэрээний зорилгыг “Түрээслүүлэгч нь нийлүүлэгчээс худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг энэ гэрээнд заасан хугацаа, төлбөр нөхцөлтэйгээр түрээслэгчид эзэмшүүлэн ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөр, хүүг үе шаттайгаар түрээслүүлэгчид төлж барагдуулсны дараа санхүүгийн түрээсээр авсан зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон харилцааг зохицуулна” гэж тодорхойлоод, гэрээний 1.4-т “Нийслэлийн Б дүүргийн 0-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” ХХК-ийн “Г” цогцолбор дахь 15-р давхрын 308.7 ам.метр талбай бүхий барилгын талбай (цаашид “Түрээсийн зүйл” гэх)-г өөрийн өмчлөлд авахаар нийлүүлэгчтэй харилцан тохиролцсон бөгөөд түрээслүүлэгч нь барилгыг түрээслэгчид 10 жилийн хугацаатай санхүүгийн түрээсээр түрээслүүлнэ.” гэж заагаад, гэрээний үнийг нийт төлбөр 262,395.00 ам.доллар, хүү сарын 1 хувь гээд төлбөр төлөх хуваарийг хавсралтаар тохиролцжээ.
Мөн энэхүү гэрээний 6.1-д “гэрээгээр хүлээсэн үүргээ талууд бүрэн биелүүлсэн бөгөөд хамтын ажиллагааны гэрээнд заагдсан нөхцөл, болзол биелэгдсэн тохиолдолд энэхүү санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийн өмчлөлийг түрээслэгчид шилжүүлнэ” гэж, “Хамтын ажиллагааны гэрээ”-ний 1.6-д “Энэхүү гэрээний дагуу дор дурдсан үндсэн 2 нөхцөл бүрэн биелэгдсэн тохиолдолд А тал нь мөнхүү гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б талд шилжүүлнэ. Үүнд: 1.6.1 Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, зохих хүү, төлбөрийг зохих журмын дагуу бүрэн төлж барагдуулах; 1.6.2 Өмгөөлөгчдийг заавал даатгалд бүрэн хамруулахдаа А талын бүтээгдэхүүн үйл ажиллагааг сурталчлан, тэднийг А талд даатгуулах ажлыг зохион байгуулах. Ингэхдээ Б тал нь энэхүү гэрээний 6.1-д заасан нийт хугацааны туршид 1 (нэг) жилд 72,000,000.00 (далан хоёр сая) төгрөгөөс багагүй хэмжээний даатгалын хураамжийн орлогыг А талд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, 7.3-т “Энэхүү гэрээнд заагдсан 1-р зүйлийн 1.6-д заасан нөхцөл, болзол, бүрэн биелэгдээгүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг А тал хүлээхгүй” гэж тус тус тохиролцжээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч “М” ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил ашиглалтыг хариуцагчид шилжүүлж, хариуцагч М нь өмгөөлөгчдийг өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг “М” ХК-д хийлгэсэн, улмаар гэрээний үүрэгт нийт 383,566,745 төгрөг төлсөн.
19. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтанд эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.
Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3.1-д “Санхүүгийн түрээс”-ийг “түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу ... эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох”-оор заасан.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д санхүүгийн түрээсийн гэрээнд тавих 3 үндсэн шаардлагыг тодорхойлж, эдгээрийн аль нэгийг хангасан байх шаардлагыг тодорхойлсон. Үүнд: нэгт гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх, хоёрт гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх, гуравт гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байхыг заажээ.
20. Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн шинжийг Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5.1-д заасан нөхцлөөр тодорхойлох бөгөөд эдгээрийн аль нэг нь хангагдсанаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэж болохоор боловч энэхүү гэрээг иргэний эрх зүйн бусад төстэй төрлийн гэрээнээс ялгахын тулд хуулиар тогтоосон нөхцлийг бүхэлд нь харгалзах нь зүйтэй.
Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т санхүүгийн түрээсийн гэрээний хугацааны талаарх шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлоход буюу тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байх гэдгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд заасан хугацааг баримтлахаар заасан.
Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн (2006.06.29-ний өдрийн) 13 дугаар зүйлийн 13.2-т барилга байгууламж ашиглах нийт хугацааг 40 жил гэж тогтоосон бөгөөд үүний дөрөвний гурваас багагүй буюу 30 жилийн хугацаа байх ба талууд гэрээний хугацааг 10 жилээр тогтоосон нь энэ хугацаанаас бага богино хугацаагаар тогтоосон.
Нэхэмжлэгч “М” ХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “Ж” ХХК-аас нийт 272,294,855 төгрөгөөр худалдан авсан боловч санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнийг 262,395.00 ам.доллар гэж тохирсон нь 305,335,941.45 төгрөг (2008.05.14 АНУ доллар 1163.65 төгрөг) буюу эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 хувь болох 245,065,369.5 төгрөгөөс илүү байхаас гадна сард 1 хувийн хүү нэмж төлөхөөр заасан.
Дээрхээс үзэхэд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан 3 шаардлагаас гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байхыг хангасан боловч бусад 2 шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
21. Санхүүгийн түрээсийн гэрээ нь энгийн түрээсийн гэрээний нэгэн адил түрээслэгчийн эзэмшил ашиглалтад, аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгийг шилжүүлдэг боловч эд хөрөнгийг илүү урт хугацаанд эзэмших, ашиглах боломжийг олгодог.
Энэ утгаараа “санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа нь гэрээний зүйлийн ашиглалтын хугацаатай хамааралтай байдаг бөгөөд эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээ дуусгавар болсны эцэст олж авах эсэх нь түрээслэгчийн туйлын зорилго биш”[1] (“М” ба “Н” ХХК, 181/2021/02645/и УДШ (Иргэний хэргийн танхим) 001/ХТ2023/00003) юм.
Гэтэл хоёр шатны шүүх гэрээний харилцааг тодорхойлохдоо гэрээний хугацааг багаар тогтоосон, төлбөрийн нөхцөл, хуваарь нь Санхүүгийн түрээсийн тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй зэрэг энэ нөхцөл байдлыг анхаараагүй талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
22. Харин хяналтын шатны шүүхээс зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус хүлээх” тухай зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзэв.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах зорилготой буюу нэхэмжлэгч “М” ХК нь өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу өмгөөлөгчдийг мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулах үйлчилгээг үзүүлэх эрхийг тэргүүн ээлжинд олж авах зорилгоор М-ны өмнөөс “Ж” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан ба нөгөө талаас хариуцагч М-нд Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э, Г цогцолбор, 15 давхар, 0000 тоот хаягт байрлах 190.7 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх хөрөнгө, 0000 тоот хаягт байрлах 118 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0000 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн үнийг төлж өмчлөлдөө авах хүсэл эрмэлзлээр гэрээг байгуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Түүнчлэн талууд гэрээний үнийг 10 жилийн хугацаанд тогтсон хуваарийн дагуу төлбөрийг хүүгийн хамт хэсэгчлэн төлөх, ийнхүү төлбөрийг төлж дууссанаар өмчлөх эрхийг олж авах нөхцлөөр гэрээг байгуулсан нь санхүүгийн түрээс гэхээс илүүтэй зээлээр худалдах-худалдан авах гэрээний агуулгад нийцсэн.
Иймээс талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ биш зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан тул хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн даатгалын байгууллага хууль зөрчиж, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах эрхгүй гэсэн үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно.
23. Зохигчийн маргааны зүйл нь нэхэмжлэгч зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгаж, гэрээнээс татгалзаж, үр дагаварт үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж, улмаар “М” ХК болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус тул үр дагавар нь М- маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдоно гэж тус тус маргажээ.
24. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаа, түүний хүчин төгөлдөр байдлын талаар дээр дүгнэсэн тул энэ талаарх хариуцагчийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
25. Түүнээс гадна нэхэмжлэгч “М” ХК болон хариуцагч М-ны хооронд 2008.05.14-ний өдөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байсан ч түүний үр дагавар нь “М” ХК болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагчийг маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нөхцөл болохгүй.
Учир нь “М” ХК болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ хариуцагч нь 2007.10.31-ний өдөр “Ж” ХХК-д гэрээний төлбөрийг “М” ХК төлөхөөр болсон тул гэрээг цуцалж, тухайн гэрээтэй ижил нөхцөл, үүрэгтэй байхаар гэрээг “М” ХК-тай байгуулахыг зөвшөөрсөн агуулгатай №208 дугаартай албан бичгийг хүргүүлж, “Ж” ХХК-тай байгуулсан “Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай” гэрээг цуцалсан байна.
26. Талууд 2009.11.20-ны өдрийн “Хамтын ажиллагааны гэрээ”-ний 1.6-д гэрээний дагуу дурдсан үндсэн 2 нөхцөл бүрэн биелэгдсэн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон ба үүнд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, зохих хүү, төлбөрийг зохих журмын дагуу бүрэн төлж барагдуулах, өмгөөлөгчдийг заавал даатгалд бүрэн хамруулахдаа нэхэмжлэгчийн бүтээгдэхүүн үйл ажиллагааг сурталчлан, тэднийг даатгуулах ажлыг зохион байгуулах, ингэхдээ энэхүү гэрээний нийт хугацааны туршид 1 (нэг) жилд 72,000,000.00 (далан хоёр сая) төгрөгөөс багагүй хэмжээний даатгалын хураамжийн орлогыг нэхэмжлэгчид төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахаар тохиролцсон боловч хариуцагч эдгээр нөхцлөөс гэрээний төлбөр, хүүг тохиролцсон хуваарийн дагуу зохих ёсоор төлөөгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Тодруулбал хариуцагч М 2008.05.14-ний өдрийн гэрээний дагуу нийт 262,395.00 ам.долларыг сарын 1 хувийн хүүгийн хамт гэрээнд заасан хуваарь ёсоор 2007.11.14-ний өдрөөс эхлэн 2017.10.14-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 443,191.48 ам.доллар төлөх үүрэгтэй байсан боловч 2013 оны байдлаар үндсэн төлбөрт 48,937.23 ам.доллар, хүүд 111,504.39 ам.доллар төлсөн болох тооцоог талууд 2016.12.28-ны өдөр харилцан баталгаажуулсан, улмаар эвлэрлийн гэрээ байгуулж, энэ гэрээгээр цаашид төлбөл зохих үнийг ямар нэгэн хүү, анз тооцохгүйгээр нийт 380,000,000 төгрөг байхаар тохиролцож, 2016.12.28-ны өдөр 80,000,000 төгрөг, 2017.06.28-ны өдрийн дотор 100,000,000 төгрөг, 2017.12.28-ны өдрийн дотор 100,000,000 төгрөг, 2018.06.28-ны өдрийн дотор 100,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож, хариуцагч нийт 150,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг дээрх хугацаанд төлөөгүй байна.
27. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т зээлээр худалдах худалдан авах гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр хийх бөгөөд гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ эсхүл үнийг тодорхойлох журмыг заавал тусгахаар тус тус заасан.
Талууд 2008.05.14-ний өдөр байгуулсан гэрээндээ төлбөрийг хүүгийн хамт хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохирч гэрээг бичгээр байгуулсан тул тэдний тохиролцоо хуульд нийцсэн, хариуцагч гэрээний үүрэг ёсоор 2016.12.28-ны өдөр хүртэл буюу Эвлэрлийн гэрээ байгуулах хүртэл хугацаанд төлбөрийг хүүгийн хамт хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан боловч зөрчжээ.
Нэхэмжлэгчээс гэрээний үүргийг шаардаж албан бичгээр болон цахим шуудангаар мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Иймээс нэхэмжлэгч гэрээний харилцааг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлж, хариуцагчийг гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзаж, хариуцагчийн эзэмшил, ашиглалтаас эд хөрөнгийг гаргуулахаар шаардсаныг буруутгах үндэслэлгүй.
28. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
Хариуцагч М гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрээний төлбөр болон хүүг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүйгээс талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж төлбөрийн хэмжээ, хуваарийг өөрчилж, нэхэмжлэгч хүүгийн нөхцлөөс татгалзаж шийдвэрлэсэн боловч хариуцагч эвлэрлийн гэрээгээр тогтоосон төлбөрийг мөн хугацаанд зохих ёсоор төлөөгүй зөрчил гаргасан байна.
Зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан явдлыг үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэх тул нэхэмжлэгчид дээрх хуульд зааснаар гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон гэж үзнэ.
Түүнчлэн эвлэрлийн гэрээний хугацаа 2018.06.28-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч нь гэрээнд зааснаар 380,000,000 сая төгрөг төлөхөөс 150,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй ба гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл болох үүргийг ялимгүй зөрчих, үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай байх зэрэг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хариуцагч нь гэрээний үүрэгт нийт 383,566,745.15 төгрөг төлсөн гэж, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй боловч энэ нь анх гэрээ байгуулсан 2008.05.14-ний өдрөөс хойш 2018.06.28 хүртэл хугацаанд төлсөн төлбөр бөгөөд хоёр шатны шүүх энэ төлбөрөөс өмгөөлөгч нарын даатгалын хураамжид төлсөн төлбөрийг хасч, давж заалдах шатны шүүх хариуцагчийн “Ж” ХХК-д төлсөн 50,000,000 төгрөгийг нэмж, нийт 406,179,135 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн тооцоолол нь нотлох нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журамд нийцсэн.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд гэрээний зөрчлийн улмаас гэрээнээс татгалзах харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн 406,179,135 төгрөгийг буцаан олгож, харин хариуцагчийн эзэмшил, ашиглалтаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй.
29. Харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны хохиролд 925,341,215 төгрөг, эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны улмаас элэгдүүлж, хорогдуулсны хохиролд 255,424,652 төгрөг, нийт 1,180,765,867 төгрөг гаргуулахаар шаардсаныг хоёр шатны шүүх хэргийн баримтаар нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн үндэслэл болгосон “Т” ХХК-ийн гаргасан түрээсийн зах зээлийн дундаж үнийг баримтлаагүйг буруутгах үндэслэлгүй ч Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг хэрэглэсэн нь буруу болсон.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” боловч нэхэмжлэгч энэ тухай шаардлагаа үндэслэхдээ хариуцагчийг өнөөг хүртэл эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаагаас үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар буцаан шаардах боломжгүй гэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.
30. Иймээс дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01192 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 ...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.16-ны өдөр хариуцагч М-ны төлсөн 2,323,659 төгрөгийг, 2024.07.17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-ийн төлсөн 2,188,831 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД
[1] Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол 2022.12.22 №001/ХТ2023/00003
https://shuukh.mn/single_case/10143?daterange=2022-01-01%20-%202022-12-29&id=3&court_cat=1&bb=1