МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 06 сарын 14 өдөр
- Дугаар: 001/СХХШТ2024/0003
- Улаанбаатар хот
Дорноговь аймаг дахь сум дундын
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ц.А-д холбогдох сахилгын
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Шүүгчид: С.Батдэлгэр
Н.Баярмаа
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн СХМ/2024/0026 дугаар магадлал, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХТ/2024/0002 дугаар хяналтын тогтоолтой,
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг, хэргийн оролцогч Ц.А-г /цахимаар/ оролцуулан сахилгын хэргийн хяналтын тогтоолд холбогдох шүүгчээс гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн СХМ/2024/0026 дугаар магадлалаар: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35, 57 дугаар зүйлийн 57.1.1-д заасныг баримтлан Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
2.Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХТ/2024/0002 дугаар хяналтын тогтоолоор: Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2024/0026 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Сахилгын хэргийн оролцогч Ц.А Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:
3.1.Шүүхийн Тамгын газрын дарга С.Б-д ажлаа сайжруулах талаар хэлсэн үг, өгсөн оноонд өс санаж сахилгын хороонд гомдол гаргасан нь шударга байдалд нийцэхгүй, шүүгчийн хараат бус байдал алдагдах үйлдэл гэж үзсэн.
3.2.Шүүхийн Тамгын газрын дарга нь Ерөнхий шүүгчийн туслах өөрийн шүүгчтэйгээ үл ойлголцолд хүрч, ажлаас гарахаар өргөдөл гаргасныг “өөр шүүгчийн туслах болгож өгнө” гэж өөрт олгогдсон эрхийг урвуулан ашиглаж, миний эсрэг өргөдөл бичүүлж, өргөдөлд дээрээ нэмж, огт үндэслэлгүй үйл баримтын талаар дурдсан нь шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж байгаа нэг хэлбэр юм.
3.3.Сахилгын хорооны гишүүн Д.А “С.Б-аас тайлбар авах”-даа худал мэдүүлэг өгөх боломжийг олгож, түүнд давуу байдал олгосон, сахилгын хэргийг шалгах ажиллагааг шүүхийн байранд явуулж, гэрч нарыг дуудан ирүүлж, мэдүүлэг авсан нь сахилгын хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн, шүүгч нарт шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад сэтгэл зүйн дарамт учруулж байгаа хууль зөрчсөн үйлдэл юм.
3.4.Албан үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй гэж заасныг зөрчин ”Ж” ХХК-ийн төлөөлөгч Б.Д-г дуудан мэдүүлэн авсан нь хууль зөрчсөн.
3.5.Хэрэгт авагдсан баримтуудаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-д заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй.
3.6.Миний бие шүүгчийн туслахын хүссэний дагуу нэхэмжлэл гардуулсан баримтыг гэр бүлийн хүндээ гардуулсан нь талуудыг эвлэрүүлэх үйлдэл хийснээс өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул шүүгч намайг зөрчил үйлдсэн гэж дүгнэн сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй болно.
3.7.Магадлалын 15 дахь хуудасны сүүлийн догол мөрнөөс Үндэслэх хэсэг дуусах хүртэл хэсэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан ямар зөрчлийг нотлогдсон үндэслэл гэж байгаа нь ойлгомжгүй, Үндэслэх хэсэгт дурдаж дахин нэг сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.
3.8.Миний “шүүгчийн туслах Я.Э-ын чөлөөлөгдсөн өргөдөл, холбогдох баримтыг шүүхийн Тамгын газраас гаруулж, хэрэгт хавсаргах” хүсэлтийг шийдвэрлээгүй.
3.9.Иймд Шүүхийн сахилгын хорооны 2024 оны СХМ/2024/0026 дугаар магадлал, ХТ/2024/0002 дугаар хяналтын тогтоолыг тус тус хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.А хэргийн оролцогчийн гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:
4.1.Мэдээлэл гаргагч, гэрчийн нарын оршин байгаа хаягийн дагуу шүүхийн Тамгын газарт гэрч асуух ажиллагаа явуулсныг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс өөр үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй, мэдүүлгийг хаана авснаас шалтгаалан нотлох чадвараа алдахгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
4.2.Шүүхийн сахилгын хорооноос хуульд заасны дагуу шалгах ажиллагааг хаалттай явуулах нөхцөлийг бүрэн хангаж ажилласан.
4.3.Илтгэгч гишүүн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн Тамгын газрын дарга С.Б-аас мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн үйлдэл биш.
4.4.Гэрч Б.Д хуульд заасан албан үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч гэдэгт хамаарахгүй.
4.5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар шүүгч нь өөрөө хариу тайлбараа нотолсон баримтуудаа хавсаргах үүргийг хүлээхээр заасан, шүүгчийн хүсэлтийн дагуу шүүгчийн туслах Я.Э-ыг гэрчээр асууж, тэмдэглэл үйлдсэн.
4.6.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.1.2-т заасан үндэслэлээр Сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгодог, сахилгын хэргийн оролцогч холбогдох шүүгч дээрх хуульд заасан ямар эрх хөндөгдсөн талаар гомдолд тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй” гэжээ.
ХЯНАВАЛ:
5.Дараах үндэслэлээр Сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгов.
6.Д аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга С.Б-аас “...шүүгчийн туслах хариуцагчийг удаа дараа дуудаад ирээгүй, нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй, хэд хоногийн дараа шүүгч Ц.А нэхэмжлэлийн хувийг, гардуулсан баримтын хамт хариуцагчид гардуулахаар авч, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон. Үүний дараа шүүгчийн туслахыг “нэхэмжлэгчийг дууд” гэж үүрэг өгсөн... төлөөлөгчийг дуудахад өөрөө гарч уулзсан. “...мөн нөхөр рүү битгий залгаж дарамтлаад бай, надтай ярь” гэж хэлдэг. Иймэрхүү байдлаар хууль зөрчсөн үйлдэл хийхэд хүргэж байгаа тул цаашид иргэний хэргийн шүүхэд ажиллах боломжгүй гэсэн гомдол, ажлаа өөрчлөх тухай өргөдөл ирүүлсэн. Иймд шүүгч Ц.А албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө болон гэр бүлийн гишүүндээ давуу байдал бий болгох, бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, шүүгчийн туслахад заавар, удирдамж, чиглэл өгөх зэргээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийг зөрчсөн байж болзошгүй үйлдлийг шалгаж өгнө үү” гэх мэдээллийг Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд хүргүүлжээ.
7.Сахилгын хорооны гишүүн дээрх мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэн шалгаад “шүүгч Ц.А нөхрийнхөө хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг, маргаанд оролцоогүй байж нэхэмжлэлийн хувийг шүүгчийн туслахаас авсан, тухайн иргэний хэргийн хариуцагчийг төлөөлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзсан, шүүгчийн туслахад “хэрэгтэй холбоотой асуудал байвал надтай яриарай” гэж хэлсэн” зэрэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9 буюу “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг зөрчигдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0005 дугаар нотлох дүгнэлтийг үйлдэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
8.Сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0026 дугаар магадлалаар “шүүгчийн туслахаас нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай шүүхийн баримтыг шаардан авч, хэргийн хариуцагч болох нөхөртөө шүүхийн баримтуудыг гэртээ аваачиж өгсөн, тухайн шүүгчийн туслахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд дуудаж ирүүлэх үүрэг даалгавар өгсөн, мөн шүүгчийн туслахад “миний нөхөр рүү битгий утасдаад бай, шаардлагатай зүйл байвал надад хэлээрэй” гэж хэлсэн зэргээр хувийн ашиг сонирхлын үүднээс шүүгчийн туслахад үүрэг даалгавар өгсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-д “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” гэж заасан зөрчилд хамаарна.” гэж дүгнэн шүүгч Ц.А-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0002 дугаар тогтоолоор хэргийн оролцогчийн гомдлын дагуу хянан үзэх хуралдаанаараа хэлэлцэж, “хуульд нийцсэн” үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээжээ.
9.Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ”Ж” ХХК-аас иргэн Ж.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл өөрт нь хуваарилагдахад шүүгч Ц.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасан буюу хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн гэдэг үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарснаар нэхэмжлэл өөр шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.
10.Сахилгын хорооноос сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийн дагуу цуглуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон дээрх үйл баримтуудыг үндэслэн шүүгч Ц.А-г “хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан” гэж дүгнэх боломжгүй байна.
11.Сахилгын хорооноос шүүгч Ц.А-г өөрийн нөхөрт гардуулах ёстой нэхэмжлэлийн хувийг, нэхэмжлэл гардуулсан баримтын хамт шүүгчийн туслахаас авч, нэхэмжлэлийг гардуулсан нь хууль зөрчсөн гэж үзжээ.
11.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд шүүх хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг хариуцагчид гардуулахаар, 77 дугаар зүйлд зохигчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар дуудан ирүүлэхээр хуульчилсан бөгөөд хэрэгт цугларсан баримтаас үзвэл ”Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ж.Б шүүхийн мэдэгдэх хуудсын дагуу шүүхэд хүрэлцэн ирээгүй, харин Ж.Б-ийн эхнэр шүүгч Ц.А тухайн нэхэмжлэлийг нэхэмжлэл гардуулсан баримтын хамт шүүгчийн туслахаас авсан байна.
11.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа байхгүй бол түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэнд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулахаар хуульчилснаас үзвэл шүүгч Ц.А-г хариуцагчийн гэр бүлийн гишүүн, хамт амьдардаг насанд хүрсэн иргэний хувиар тухайн үйлдлийг гаргасан, энэ нь шууд хуулиар хориглосон үйл ажиллагаанд хамаарна гэж дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн хариуцагчийг шүүхийн дуудахад ирээгүй болон түүний бусад үйлдэлтэй шүүгчийг шууд холбон буруутгах үндэслэл сахилгын хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.
12.Шүүгч Ц.А өөрийн нөхөр Ж.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхийн байранд дуудан ирүүлж уулзсан нь сахилгын шийтгэл хүлээлгэх нэг үндэслэл болжээ.
12.1.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, тухайлбал, гэрч Ц.Т ”...Анхан шатны шүүхийн туслахууд суудаг танхимд сууж байхад Ц.А шүүгч ирээд манай гэр бүлийн асуудал шүү дээ шаардах зүйл байвал надтай ярь. Төрөө юу ч мэдэхгүй гэсэн... Битгий утасдаарай, шаардлагатай зүйл байвал надад хэлээрэй гэсэн. ...Уулзсан уулзаагүй талаар би хараагүй. Өмнөх өдөр нь нэхэмжлэгч талын төлөөлөгчийг дуудаад өг, уулзаж ярилцуулаад эвлэрэх боломж байна уу ярилцуулъя. Шүүгчдээ дуудаад өг гэсэн... Шүүгч уулзсан юм уу, нөхөр нь уулзсан юм уу мэдэхгүй”,
гэрч Б.Д-ийн “...Уулзъя гээд шүүхээс дуудаад нөхөр нь хот явсан гээд уулзсан. Туслахаар залгуулж уулзсан. Хоёулаа доор үүдэнд сууж байгаад уулзсан. Энэ хүн манай гэр бүлийн хүн байгаа юм аа. Манай шүүхэд хоёр шүүгч байдаг. Би энэ хэрэгт оролцож болохгүй болохоор татгалзаж байгаа талаар яриад салсан. Тэр өдөр нь ажил ихтэй болохоор Харилцаа холбооны тухай хуультай танилцаж байгаад эргэж хариу өгье... эхэлж ярихдаа мөнгөн дүн яриагүй. Ярьж байгаад мөнгө төгрөг хасагдаж магадгүй л гэж ярьсан” гэх мэдүүлгүүдийг үндэслэн Сахилгын хорооны хуралдаанаас шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-д заасан шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгсөн гэж үзжээ.
12.2.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас шүүгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хуулийн дагуу татгалзан гарсан, түүнчлэн шүүгчийн туслахад “нэхэмжлэгч талын төлөөлөгчийг дуудаад өг, уулзаж ярилцуулаад эвлэрэх боломж байна уу ярилцуулъя. Шүүгчдээ дуудаад өг гэсэн...” нь “үүрэг даалгавар өгсөн” буюу хуулийн 50.1.35-д заасныг зөрчсөн үйлдэл болохгүй гэж дүгнэв.
12.3.Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9.-д “өөрийн, гэр бүлийн гишүүний... эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд ...хууль зүйн зөвлөгөө өгөх”-ийг хориглосон. Энэхүү сахилгын хэргийн тухайд гэр бүлийн гишүүн нь иргэний хэрэгт хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан тухайн тохиолдолд шүүгчийн зүгээс гэр бүлийн гишүүндээ хууль зүйн зөвлөгөө өгөх нь хориглогдоогүй байна. Тиймээс шүүгчийн туслахад хандан нэхэмжлэгчийг дуудан ирүүлж, тухайн хэргийн оролцогчтой шүүхийн байранд уулзан “өөрөө татгалзан гарсан тухай болон нэхэмжлэлийн шаардлагын талаар” ярилцсаныг хуулиар шүүгчид хориглосон зүйлийг зөрчсөн гэх үндэслэлгүй.
13.Үүнээс гадна Сахилгын хороо хэрэг хянан шалгах ажиллагааны явцад шүүгч Ц.А Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.9 дэх заалтуудыг зөрчөөгүй болохыг тогтоожээ.
14.Дээрх нөхцөл байдлууд нь Шүүхийн сахилгын хороо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид “сахилгын зөрчил” гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчилд холбогдох маргааныг хянан шийдвэрлээгүй буюу сахилгын зөрчилд тооцогдох боломжгүй асуудалд сахилгын шийтгэл оногдуулсан гэх үндэслэл болно.
15.Сахилгын хэргийн хуралдаан хяналтын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлийг заасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийн заалт нь сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан” гэх үндэслэлээр хэргийн оролцогчоос гомдол гаргасан бөгөөд тухайн үндэслэл тогтоогдсон нөхцөлд хэрэгжих боломжтой заалт юм.
16.Сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэлгүй шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн Сахилгын хорооны хяналтын тогтоолыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.2-т заасны дагуу хүчингүй болгох нь шүүгчийн хараат бус байдлыг хангах хуулийн зорилгод нийцнэ гэж үзлээ.
17.Иймд сахилгын хэргийн оролцогч шүүгчийн гомдлыг хангаж, Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.2-т заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХТ/2024/0002 дугаар хяналтын тогтоолыг хүчингүй болгож, сахилгын хэргийн оролцогч Ц.А-ын хяналтын гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Н.БАЯРМАА
Д.БАТБААТАР