МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар: 001/ХТ2024/0040
Улаанбаатар хот

Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Оюуны өмчийн газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх

салбар зөвлөлд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

             Даргалагч, шүүгч:                         Х.Батсүрэн

            Танхимын тэргүүн:                        Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                        М.Батсуурь

                        Ц.Цогт

             Илтгэгч шүүгч:                              П.Соёл-Эрдэнэ

             Нарийн бичгийн дарга:                Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0795 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2024/0027 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, А.М, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”,хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын даргын сул орон тоонд төрийн албаны шалгалт зарласан шийдвэр болон 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр Л.У-ыг нэр дэвшүүлж, санал болгосон тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан Д.Б-ийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх;

2.Хэргийн нөхцөл байдал: Оюуны өмчийн газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн баталж, Хяналтын хэлтэс нь Хяналт, шалгалтын газар болж өөрчлөгдсөн байна. Улмаар хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, хамгийн өндөр оноо авсан Л.У-ыг Оюуны өмчийн газрын, Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд томилсон.

3.Нэхэмжлэгчээс “... мэргэших зарчим хэрэгжээгүй, би 26 жил Оюуны өмчийн байгууллагад ажилласан байтал Оюуны өмчийн газар 4 сар ажилласан Л.У-тай  өрсөлдсөн нь хуульд нийцээгүй, нөгөө талаар газрын дарга болж болохгүй бол уг газартаа албан тушаал бууруулж, хяналт шалгалтын байцаагчаар ажиллах төрийн албан хаагчийн баталгаагаар хангаагүй гэж,

4.Хариуцагч Оюуны өмчийн газраас “... маргаан бүхий албан тушаалд тавигдах ангилал зэрэглэлийн шаардлага өөрчлөгдсөн, ТЗ-9 байснаа ТЗ-11 болж өөрчлөгдсөн тул сонгон шалгаруулалт зарласан, хуулийн дагуу өндөр оноо авсан Л.У-ыг томилсон” гэж,

5.Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс “... Оюуны өмчийн газраас захиалга ирүүлсний дагуу шалгалтыг зохион байгуулсан, тэгш өрсөлдөх боломжоор хангасан” гэж,

6.Гуравдагч этгээд Л.У “... Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад оролцож, шалгалтын үр дүнгээр холбогдох хууль, журмын дагуу уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа” гэж тус тус маргажээ.

7.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

7.1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Тушаалын хавсралтыг шинэчлэн батлах тухай” А/185 дугаар тушаалаар тус газрын Хяналтын хэлтсийн даргын орон тоо хасагдаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 477 дугаар тогтоолоор “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг эрхэлсэн түшмэлийн ангилал, ТЗ-11 зэрэглэл”-д хамааруулан баталснаар шинээр бий болсон уг албан тушаалд тусгай шалгалт зарлах урьдчилсан нөхцөл бүрдсэн.

7.2.Нэхэмжлэгч Д.Б-ийн тухайд Хяналтын хэлтсийн дарга буюу ахлах түшмэлийн ангилал, ТЗ-10 зэрэглэлд ажиллаж байсан бөгөөд төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд буюу эрхэлсэн түшмэлийн ангилал, ТЗ-11 зэрэглэлд тусгай шалгалт өгснөөр томилогдох зохицуулалттай байх тул “ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй тул тусгай шалгалт зарлах үндэслэлгүй, шууд дэвшүүлэн томилох үндэслэлтэй” гэх нэхэмжлэлийн тайлбар үндэслэлгүй.

7.3.Түүнчлэн сул орон тоонд тусгай шалгалт зарлах захиалгыг үндэслэн төрийн албаны шалгалтын цахим системд шалгалтын зарыг нийтэлсэн үйлдлийг бодит захиргааны акт гэж үзэх бөгөөд энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцсэн төдийгүй ... Хяналт, шалгалтын газрын даргын албан тушаалд тусгай шалгалт зарлаж, ангилал, зэрэглэл дэвшин ажиллах боломжийг бүрдүүлсэн нь Д.Б-д эерэг үйлчлэлтэй захиргааны акт гэж дүгнэх үндэслэлтэй.

7.4.Салбар зөвлөлийн тусгай шалгалтын журмаар сул орон тоог нөхөж байгаа тохиолдолд хамгийн эхэнд дүгнэгдсэн иргэнийг нэр дэвшүүлэх чиг үүрэгтэй бөгөөд тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан Л.У-ыг Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь чадахуйн зарчмыг шалгуур болгож, хамгийн сайн хангасан хүнийг томилох зохицуулалтад нийцсэн.

8.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнд:

8.1.Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн Оюуны өмчийн газрын хяналт шалгалтын газрын даргын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарласан шийдвэр нь хуульд нийцсэн. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

8.2.Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад 3 иргэн оролцсоноос Л.У 92 оноо, Д.Б 72 оноо авсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн нэр дэвшүүлж санал болгох тухай 09 дүгээр тогтоолоор хамгийн өндөр оноо авсан Л.У-ыг Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосон нь хууль журамд нийцсэн.

9.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

9.1.Анхан болон давж заалдах шатны шүүх төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг үгүйсгэж, Төрийн албаны тухай хуулийн заалтыг зөрчсөн. Миний бие Оюуны өмчийн газрын бүтэц өөрчлөгдсөн хяналтын хэлтсийн даргын албан тушаал байхгүй болсон өөрөөс үл хамаарах үр дагаврыг дангаараа хүртэж, ажилгүй болсонд гомдолтой байна. Хяналт шалгалтын хэлтэс бол байгууллагын гол чиг үүргийг гүйцэтгэдэг, оюуны өмчөөр мэргэшсэн хүн ажиллах ёстой байхад оюуны өмчөөр мэргэшээгүй хүнийг сонгон шалгаруулалтад оруулсан.

9.2.Би Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн даргын, мөн Хяналт, шалгалтын газрын даргаар ажиллахдаа түр тушаал, гэрээгээр огт ажиллаагүй байхад шүүх “тухайн этгээд тодорхой албан тушаалын орон тоон дээр түр хугацаагаар ажиллаж байсан тохиолдолд ч хамаарах юм” гэж дүгнэсэн.

9.3.Давж заалдах шатны шүүхээс төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг үгүйсгэх шалтгаан үндэслэл юу болох, хэзээ ямар шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагч байхаа больсон талаар дүгнэлт огт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл  ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэх зарчим энэ маргаанд хэрэглэгдэх ёстой.

9.4.Миний бие Хяналт, шалгалтын газрын даргаар ажиллах боломжгүй бол албан тушаалаа тодорхой хэмжээнд бууруулж ажиллахыг зөвшөөрч байгаа бөгөөд сонсох ажиллагаа хийгээгүй, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй.

10.Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр гаргасан тайлбартаа “...анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

12.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Тухайн агентлагийн чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.5-д заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж тус тус заасанд агуулгын тайлбар хийхэд нэгдүгээрт, төрийн байгууллагын чиг үүрэг өөрчлөгдсөн байх, хоёрдугаарт, уг өөрчлөлтийг хуульд заасан тохиолдолд байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх үндэслэл болно.

13.Энэ тохиолдолд, байгууллагын бүтэц өөрчилсөн А/185 дугаар тушаалд Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “оюуны өмчийн байгууллага” гэх/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд орон нутагт хэлтэс, тасаг байгуулж, эсхүл оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулж болно” гэснийг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална” гэснийг тус тус үндэслэсэн байх боловч эдгээр хуулийн заалтаар байгууллагын чиг үүрэг өөрчлөгдсөн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, чиг үүрэг нэмэгдсэн, эсхүл чиг үүрэг хасагдсан өөрчлөлт ороогүй байна.

14.Төрийн албаны тухай 2019 оны хуулийн үзэл баримтлал, үндэслэл, шаардлага, Улсын Их Хурлын Байнгын хорооны болон Чуулганы хуралдааны тэмдэглэлээс[1] үзэхэд, хууль тогтоогчоос “төрийн албыг улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэх шаардлагатай, сонгуулийн үр дүнгээс хамаарч, төрийн албан хаагч нарыг чөлөөлдөг тогтолцоог өөрчилнө, одоо мөрдөж байгаа Төрийн албаны хуулиар ажлын байрны тодорхойлолтыг томилдог субъект гаргаж байгаа, энэ бол болохгүй байна, томилдог субъект зөвхөн хүнд зориулж ажлын байрны тодорхойлолт гаргаад байгаа юм, энэ нь төрийн албаны тогтворгүй байдалд нөлөөлж байгаа, албан тушаалд тавигдах шаардлагыг шинэ төслөөр хуульчилж байгаа, өмнө нь дүрэм журмаар явж байсан, дүрэм журмыг өөрчилдөг, хууль өөрчилнө гэдэг амаргүй учраас төрийн албыг тогтвортой байлгах гол зүйл юм, төрийн албыг шатлан дэвших тогтолцоогоор явуулах нь энэ хуулийн гол зүйл” гэх зэргээр хэлэлцэж байжээ.

15.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/86 дугаар тушаал, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/18 дугаар тушаал, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/185 дугаар тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/27 дугаар тушаалаар нийтдээ 4 удаа байгууллагын зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр, бүтцийг батлах үед ажиллаж байсан хяналтын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг[2] нь одоогийн шинээр байгуулсан Хяналт, шалгалтын газрын[3] чиг үүрэгтэй агуулга, хэлбэрийн хувьд адилхан, Хяналтын хэлтсийн дарга болон Хяналт, шалгалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг харьцуулахад, оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдсан, гол чиг үүргүүд өөрчлөгдөөгүй, гагцхүү албан тушаалд тавигдах тусгай шаардлагад “менежмент ба удирдахуй” гэсэн мэргэжилтэй байхыг нэмсэн өөрчлөлт оруулснаас үзэхэд, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналтын хэлтсийн чиг үүрэгт хууль тогтоомжийн дагуу өөрчлөлт ороогүй, түүнчлэн хариуцагч Оюуны өмчийн газраас маргаан бүхий Хяналтын хэлтсийн чиг үүрэгт ямар хуулиар, яаж өөрчлөлт орсон талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, 2018 онд хяналтын хэлтэс нь 5 орон тоотой байсан бол 2022 онд хяналт шалгалтын газар болохдоо орон тоог нэмж, 13 болгосон, энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн тухайд, ажлаас чөлөөлөгдөх биш, харин ажлын байр нь хэвээр хадгалагдах, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах үндэслэл болох юм.

16.Иймээс нэхэмжлэгчийг “газрын даргын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо аваагүй” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, тухайн газартаа улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллах эрхээр хангаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангах үндэслэлтэй.

17.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж заасныг хариуцагч энэ тохиолдолд зөрчсөн байна.

18.Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх зохицуулалтын дагуу, Хяналт, шалгалтын газрын даргын сул орон тоог нөхөхдөө эхний ээлжинд байгууллага дотроо ажиллаж байгаа иргэдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, дэвшин ажиллах боломж олгосны дараа тухайн шалгалтад хэн нь ч тэнцээгүй тохиолдолд нөөцөд байгаа иргэдээс сонгох зарчимтай.

19.Гэтэл энэ тохиолдолд “байгууллага дотроо ажиллаж байгаа” гэх ойлголтыг буруу хэрэгжүүлсэн буюу оюуны өмчийн байгууллагад 4 сар ажилласан гуравдагч этгээдийг оюуны өмчөөр мэргэшсэн гэж үзэхгүй, мэргэшин ажиллах шалгуурыг хангахгүй байхад удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оруулсан нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, шатлан дэвших, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хэрэгжүүлээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд нь оюуны өмчийн талаар туршлага байхгүй, хяналт шалгалтын хэлтэс бол байгууллагын гол чиг үүргийг гүйцэтгэдэг, оюуны өмчөөр мэргэшсэн хүн ажиллах ёстой байхад оюуны өмчөөр мэргэшээгүй, 4 сар ажилласан хүнийг 26 жил ажилласан хүнтэй адилтгаж, мэргэшсэн гэж үзсэн” гэх гомдол үндэслэлтэй.

20.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 2019 оны Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмын 2.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасахгүй” гэсэн тул “Хяналтын хэлтэс” нь “Хяналт, шалгалтын газар” болсон учраас “урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, хэлтсийн даргын орон тоо байхгүй, энэхүү шаардлагыг хариуцагч хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэж, нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд томилох бүрэн боломжтой, энэ талаар нэхэмжлэгч “хяналт шалгалтын газрын даргаар ажиллах боломжгүй бол албан тушаалаа тодорхой хэмжээнд бууруулж ажиллахыг зөвшөөрч байгаа” гэж тайлбарласан тул захиргааны байгууллага хуульд нийцүүлэн шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

21.Хариуцагч “сонсох ажиллагаа явуулахад Д.Б нь буурч, дэс түшмэл, ахлах түшмэл дээр ажиллах хүсэлт гаргаагүй” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, захиргааны байгууллага, албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчийг ажиллах нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй, албан тушаалын орон тоо цөөрөөгүй, нэмэгдсэн байхад нэхэмжлэгчийг заавал өөрөө эхэлж хүсэлт гаргах мэтээр тайлбарлаж байгаа нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй.

22.Нөгөө талаар нэхэмжлэгчийн “ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй тул шууд дэвшүүлэн томилох үндэслэлтэй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, Хяналтын шалгалтын газрын даргын албан тушаалын ангилал зэрэглэл нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалаас өөрчлөгдсөн, хариуцагч энэхүү чиг үүргээ зөв хэрэгжүүлж, шатлан дэвших зарчмыг хангаж, байгууллага дотроо ажиллаж байгаа төрийн албан хаагчид дэвшин ажиллах боломжийг олгож, сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, хэрэв тухайн шалгалтаар нэхэмжлэгч өндөр оноо аваагүй бол мэргэжил, мэргэшлийн дагуу улсын байцаагчаар томилох замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

23.Харин цалин хөлсний тухайд, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар гуравдагч этгээдийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Хяналт, шалгалтын газрын улсын байцаагчийн албан тушаалд томилсон, нэхэмжлэгч удирдах ажилтны сонгон шалгаруулалтад өндөр оноо аваагүй учраас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөхдөө улсын байцаагчаар (Л.У-ын оронд) томилох бүрэн боломжтой байсан тул энэ хугацаанаас эхлэн улсын байцаагчийн цалинг захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн хохиролд тооцон, улсын байцаагчаар томилох хүртэл хариуцагчаас гаргуулах байна.

24.Анхан болон давж заалдах шатны шүүхээс “тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан Л.У-ыг Хяналт, шалгалтын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь чадахуйн зарчмыг шалгуур болгож, хамгийн сайн хангасан хүнийг томилох зохицуулалтад нийцсэн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, чадахуйн зарчмыг хэрэгжүүлэхдээ гарааны адил нөхцөлтэй байх үндсэн шалгууртай, оюуны өмчөөр мэргэшээгүй, 4 сар ажилласан хүнийг удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оруулж, 26 жил ажилласан нэхэмжлэгчтэй адилтган үзсэн нь чадахуйн зарчимд нийцэхгүй, нөгөө талаар 26 ажилласан төрийн жинхэнэ албан хаагч орон тоо хасагдаагүй байхад ажилгүй болсон үр дагаврыг үнэлж дүгнээгүй нь буруу юм.

25.Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0795 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2024/0027 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын даргын сул орон тоонд төрийн албаны шалгалт зарласан шийдвэр, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 09 дүгээр тогтоол, Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хуульд нийцүүлэн, энэ тогтоолд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч Оюуны өмчийн газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Х.БАТСҮРЭН

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Д.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                                 М.БАТСУУРЬ

                                              Ц.ЦОГТ

                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

[1] 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, 24, 34, 50,

[2] 1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 74 дүгээр тал