МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2023 оны 07 сарын 05 өдөр
- Дугаар: 001/СХХТ2023/0005
- Улаанбаатар хот
Иргэний хэргийн анхан
шатны шүүхийн шүүгч Г.А-д
холбогдохсахилгын хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Золзаяа
Танхимын тэргүүн: Ч.Хосбаяр
Шүүгчид: Д.Батбаатар
Б.Цогт
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ХТ/2023/0008 дугаар хяналтын тогтоолтой,
.... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг, хэргийн оролцогч Г.А-г оролцуулан сахилгын хэргийн хяналтын тогтоолд холбогдох шүүгчээс гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн СХМ/2023/0049 дүгээр магадлалаар: Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.20, 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан .... анхан шатны шүүхийн шүүгч Г.А-д “нээлттэй сануулах”, “цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
2. Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ХТ/2023/0008 дугаар хяналтын тогтоолоор: .... анхан шатны шүүхийн шүүгч Г.А-гийн гомдлын зарим хэсгийг хангаж, Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн СХМ/2023/00449 дүгээр магадлалын 1 дэх заалтыг “Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 57 дугаар зүйлийн 57.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ... анхан шатны шүүхийн шүүгч Г.А-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай” гэж өөрчилжээ.
3. Сахилгын хэргийн оролцогч Г.А Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолдоо: Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус болох талаар:
3.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэснээс үзэхэд Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болохын хувьд “хууль ёсны байх” зарчимд бүхэлдээ нийцэх учиртай гэж миний хувьд үзэж байна.
3.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн “Шүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл” гэсэн нэртэй заалтад “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ, хязгаар”-ыг тогтоожээ.
3.3. Тодруулбал, аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь “ерөнхий нөхцөл” гэсэн хүрээ, хязгаарт багтаж, уг хэм хэмжээг давуулж гүйцэтгэх, дутуу гүйцэтгэх, хуульд тусгайлан зааснаас зөрүүтэйгээр гүйцэтгэхийн аль алийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил буюу “хууль ёсны байх” зарчмыг зөрчсөн зөрчил гэж үздэг.
3.4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд цаг хугацааны хувьд дараалсан 5 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрүүдийг авч үзсэн байна. Тодруулбал,
-өргөдөл, мэдээллийг хүлээн авах,
-сахилгын хэрэг үүсгэх, шалгах,
-Сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх,
-гомдол, эсэргүүцэл гаргах,
-гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх бусад ажиллагаанаас бүрдэнэ гэсэн байна.
3.5. Миний хувьд иргэнээс гомдол, мэдээлэл гаргасан, сахилгын хэрэг үүсгэсэн, шалгасан ажиллагааны талаар маргахгүй байна. Учир нь Сахилгын хорооны гишүүн нь сахилгын хэрэг үүсгэхдээ “захирамж” хэлбэртэй шийдвэр гаргасан, шалгах ажиллагааг хүнээс тайлбар авах, баримт, мэдээлэл цуглуулах зэргээр нотлох баримт бүрдүүлж, цуглуулан гүйцэтгэжээ. Харин “шалгах” гэсэн үгэнд шалгах ажиллагааны үр дүнд тулгуурлаж, шийдвэр гаргах ажиллагаа огт хамаарахгүй.
3.6. Гэтэл уг заалтад байхгүй “гишүүний дүгнэлт” гэсэн нэртэй, “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” гэсэн хэлбэртэй “шийдвэр”-ийг Сахилгын хорооны гишүүн гаргасан нь “хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг зөрчиж, Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 102.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй” зөрчилд хамаарна гэж үзэж байна. Тодруулбал:
3.7. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд шалгах ажиллагааг зохицуулсан атлаа, шалгах ажиллагааны үр дүнд ямар шийдвэр гаргахыг тусгайлан зохицуулаагүй байтал “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” гэсэн шийдвэр гаргаад, үүний дараа уг шийдвэрийг Сахилгын хороогоор хэлэлцүүлэх талаар гишүүн өөрөө “захирамж” гэсэн шийдвэрийг дахин гаргажээ.
3.8. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд “хэрэг үүсгэх, шалгах” гэсэн үгийн ард “Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэх” гэсэн хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчлан тогтоосон.
3.9. Уг хуулийн заалтаас үзэхэд шалгаснаас хойш, шууд сахилгын хорооны хуралдаан хийх ёстой.
3.10. “Хуралдаан” гэдэг нь хуралдаанд оролцогчид танхимд цугларч, хуралдааны нээхээс, хаах хүртэл ажиллагаа юм.
3.11. “Шалгах” гэсэн ажиллагаа, “Сахилгын хорооны хуралдаан” гэсэн 2 төрлийн ажиллагааны дунд “гишүүний шийдвэр”-ийн талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд огт зохицуулаагүй байхад:
-гишүүний дүгнэлт гэсэн шийдвэр гаргасан,
-гишүүн Сахилгын хорооны хуралдааны тов тогтоох шийдвэр гаргасан,
-уг шийдвэрийн талаар хэлэлцэх “Сахилгын хорооны хуралдаан” хийж байгаа нь хянан шийдвэрлэх ажиллагаа “хууль ёсны байх” зарчмыг зөрчсөн ноцтой зөрчил болно гэж үзэж байна.
4. Сахилгын хороо хуульд тусгайлан зохицуулаагүй хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаар:
4.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасан хэмжээ хязгаарын хүрээнд Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ явагдах учиртай.
4.2. Хуулийн энэ зүйлд дурдагдаагүй 103-112 дахь хэсгүүдэд заасан ажиллагааг Сахилгын хороо, хорооны гишүүн явуулах, шийдвэр гаргах нь хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.
4.4. “Шүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл” гэсэн хэсэгт “шалгах” ажиллагаа болон “Сахилгын хорооны хуралдаан” хийж, нотлох дүгнэлт хэлэлцүүлэх цаг хугацааны дарааллыг дурдахдаа “гишүүн нотлох дүгнэлт”, “сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах” гэсэн шийдвэрүүдийн талаар огт дурдаагүй байна.
4.5. Хууль тогтоогчоос “ерөнхий нөхцөл” гэсэн хэм, хэмжээ тогтоож өгсөн атлаа, “ерөнхий нөхцөл”-д дурдаагүй шийдвэр, ажиллагааны талаар хуульд тусгасан нь хуулийн зохицол, хийдлийн асуудал болох бөгөөд дутуу зохицуулсан асуудалд Сахилгын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах чиг үүрэгтэй байгууллага болохын хувьд хүний эрхийг зөрчилгүйгээр шийдвэр гаргах учиртай.
5. Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанд гаргах гомдлын хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
5.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасан “Шүүгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл”-ийг зөрчсөн шийдвэрийг Сахилгын хорооны гишүүн гаргасан, хууль зөрчиж гаргасан шийдвэрт тулгуурлаж “Сахилгын хорооны хуралдаан” явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “хууль ёсны байх” зарчмыг зөрчсөн.
5.2. Сахилгын хороо, гишүүний хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан гомдол гаргах эрхийг хязгаарлаж, сахилгын хэрэг үүсгэх, нотлох дүгнэлт гаргасан захирамжуудад гомдол гаргах эрхийг зохих ёсоор эдлүүлээгүй явдал гэж тус тус үзэж байна.
5.3. Миний бие дээр дурдсан 2 үндэслэлээр Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ХТ/2023/0008 дугаар Хяналтын тогтоол, Сахилгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр магадлалыг тус тус Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115.8, 115.8.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан хяналтын тогтоолыг хянаж, хүчингүй болгох үндэслэлийг заасан хүрээнд сахилгын хэргийг хянаж, Сахилгын хорооны тогтоолыг хэвээр үлдээж, шүүгч Г.А-гийн гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
7.1. ... анхан шатны шүүхийн шүүгч Г.А нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “О” ХХК, М.Н нарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
7.2. Сахилгын зөрчилд холбогдох шүүгч нь “... 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах нарын нээлттэй өрөөнд шүүгчийн туслахыг байлцуулан “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-тай харилцсан, тус үйл явдлын үеэр хэргийн нөгөө талын оролцогч гар утсаар зураг авсан” энэ талаар нотлох баримтууд сахилгын хэрэгт авагдсан байна.
Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
8. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар үе шатуудаас бүрдэх талаар ерөнхийд нь заасан бөгөөд харин тухайн үе шатуудад гаргах шийдвэр, ажиллагаануудын талаар уг хуулийн бусад заалтад нарийвчлан зохицуулсан байна.
9. Тухайлбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11-д “Сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж, тогтоол гаргаснаас хойш илтгэгч гишүүн 30 хоногийн дотор дараах дүгнэлт, саналын аль нэгийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана”, 105.11.1-д “сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”, 110 дугаар зүйлийн 110.1-д “Илтгэгч гишүүн нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 111.1-д заасан хуралдааныг товлон зарлаж, хуралдуулна” гэж заажээ.
10. Үүнээс үзвэл, илтгэгч гишүүн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт гаргаж, улмаар Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй. Уг ажиллагаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 110 дугаар зүйлд тусгайлан зохицуулсны дагуу явагдсан байна.
11. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.4-т заасан “Сахилгын хорооны гишүүний гаргасан захирамж, Сахилгын хорооны магадлалыг эс зөвшөөрвөл энэ хуульд заасны дагуу гомдол гаргах” эрхийг сахилгын хэргийн оролцогч сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэхээр байна.
12. Уг эрхийг эдлэхдээ сахилгын хорооны гишүүний гаргасан сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах, сахилгын хэрэг үүсгэх эсэх тухай, сахилгын хэрэг гаргасныг нотлох дүгнэлт болон сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжуудад гомдол гаргах эрхгүй, бусад асуудлаар гаргасан захирамжид гомдол гаргах эрхтэй талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.9-д заасан байх тул энэ тогтоолын тодорхойлох хэсгийн 3.6-д заасан гомдол үндэслэлгүй.
13. Дээрхээс үзвэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д “Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан хяналтын тогтоолыг зөвхөн дараах үндэслэлээр хүчингүй болгоно”, 115.1.2-т “энэ хуулийн 102.1-д заасан эрхийг эдлүүлээгүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон”, мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.4-т Сахилгын хорооны гишүүний гаргасан захирамж, Сахилгын хорооны магадлалыг эс зөвшөөрвөл энэ хуульд заасны дагуу гомдол гаргах” гэж заасан эрхийг сахилгын хэргийн оролцогчид эдлүүлээгүй, уг үндэслэлээр Сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэдэг нь тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
14. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан хяналтын тогтоолыг хүчингүй болох (хянах) үндэслэлийг тусгайлан заасан, шүүх уг хүрээнд хэргийг хянан үүрэгтэй тул зөрчилд тооцсон шийдвэрийн агуулга болон хариуцлагын талаар дүгнэх эрхгүй болохыг тэмдэглэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 115.8.1-д заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ХТ/2023/0008 дугаар хяналтын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Б.ЦОГТ
Ц.ЦОГТ