МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар: 001/ХТ2023/0039
Улаанбаатар хот

Э.Б-ын нэхэмжлэлтэй, Улсын

бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчид

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ

шүүгчид:                Г.Банзрагч

                               М.Батсуурь

                               Ц.Цогт

Илтгэгч шүүгч:       Д.Батбаатар

Шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 439 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2023/0110 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 160 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ө.Э, В.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох” хэсгийг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал:Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцуудаа өргөтгөж талбайн хэмжээг нэмэгдүүлэн өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргахдаа нэг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн хэлтэст буцаан өгч бүртгэлийг хүчингүй болгуулахгүйгээр өөрийн нэрээр хэвээр үлдээн бүртгэл давхардуулсан зөрчил гаргасан гэж үзэж, хариуцагч албан тушаалтан бүртгүүлсэн өргөтгөлийн талбайн хэсгийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан.

3.Нэхэмжлэгчээс “... өөрийн өмчлөлийн байрандаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор засвар хийж өргөтгөн, тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлүүдийг зохих газруудаас нь авсан ...байхад улсын бүртгэлийг хүчингүй болгож өмчлөх эрхэд халдсан” гэж, хариуцагчаас “... орон сууцуудаа өргөтгөлийн хэсэгтэйгээ нийлүүлэн нийт 239.1 м.кв талбайтайгаар бүртгүүлэхдээ 2 тоот орон сууцны 000094912 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн хэлтэст буцаан өгч бүртгэлийг хүчингүй болгуулахгүйгээр өөр дээрээ авч үлдэн бүртгэл давхардуулсан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул ... зөвхөн улсын бүртгэлийн хуулиуд, газрын тухай хууль, орон сууцны тухай хууль тогтоомж зөрчиж бүртгүүлсэн өргөтгөлийн талбайн хэсгийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан ... нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, 6.6, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “гуравдагч этгээд тухайн байрны жинхэнэ өмчлөгч гэж маргаагүй, нэхэмжлэгчийн өргөтгөлийн бүртгэлийг хийснээс хойш уг бүртгэлийг түдгэлзүүлэх хүсэлтээ гаргасан, мөн гуравдагч этгээдэд барилгажилтын төслийг боловсруулан хэрэгжүүлэх болон газар эзэмших эрхтэй болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, 20 дугаар зүйлийн 20.1.8, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан “эрх бүхий байгууллагууд маргаан бүхий байруудыг “ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй” гэж дүгнэсэн байхад улсын бүртгэлийн байгууллага нягтлан шалгалтгүй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон, өмнөх бүртгэл хүчинтэй хэвээр байтал бүртгэл хийсэн нь тус тус хууль бус“ гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгч Э.Б гомдолдоо:

6.1.Улсын бүртгэлийн байгууллага өмнө нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан шаардлага хангасан гэж үзэж улсын бүртгэлд бүртгэсэн атлаа огт шаардаж байгаагүй “газар эзэмших эрх олгогдсон эсэх талаар баримтгүй” гэх үндэслэлээр дүгнэлт гаргасан.

6.2.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр батлагдан гарсантай холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж нэмсэн зохицуулалт нь газар дээрх үл хөдлөх хөрөнгийг захиргааны албан тушаалтны хууль бус шийдвэр, хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болсон аж ахуйн нэгж хууль бусаар халдахаас хамгаалсан эрх зүйн зохицуулалт юм.

6.3.Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг практикт нэг мөр зөв хэрэглэх талаар энэ маргааны үйл баримтад дүгнэлт өгч, албан ёсны тайлбарыг хийж, иргэн миний эрхийг хамгаалан тогтоож өгнө үү.

6.4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх гомдлыг маань 2 удаа хэлэлцэн хуралдаж хийт 6 шүүгчийн бүрэлдэхүүн хоёр өөр шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна гэжээ.

7.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э гомдолдоо:

7.1.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсгийг анхан шатны шүүх “жинхэнэ эзэмшигч байх этгээд” өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж гаргасан гомдлоор улсын бүртгэлийн байгууллага хүчингүй болгох, харин давж заалдах шатны шүүх “жинхэнэ эзэмшигч байх”, “тус бүртгэлийн улмаас тухайн хөрөнгийг эзэмших /өмчлөх/ эрх” зөрчигдсөн эсэх нь хамааралгүй гэж зөрүүтэй байдлаар тайлбарласан.

7.2.Давж заалдах шатны шүүх “улсын бүртгэлийн байгууллага өөрийн үйл ажиллагааны улмаас зөрчил гарсан бол хяналт хэрэгжүүлэх бус харин бусдын эрхийг шууд зөрчөөгүй байсан ч хуулийн зөрчилтэй бүртгэлийг хүчингүй болгох эрхтэй” гэж дүгнэсэн атлаа гэрчилгээгээ хүчингүй болгуулах иргэн шүүхэд нэхэмжлэл гаргахад захиргааны шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой гэсэн шаардлага тавьсан нь нэг асуудалд 2 өөр байр суурьтай, өөртөө зөрчил бүхий шийдвэр гаргажээ.

7.3.Давж заалдах шатны шүүх эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын талаар дүгнээгүй, нотлох баримт үнэлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн.

7.4.Я.Г-г гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох бөгөөд Шүүхээс гарч буй тус шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд нэхэмжлэгчээс гадна Я.Г мөн өөрийн өмчлөлийн хөрөнгөө алдаж байна.

7.5.Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 160 дугаар тогтоолоор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлуудад холбогдуулж гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

9.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон.

9.2.Гуравдагч этгээд төрийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй бөгөөд захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

9.3.Нэхэмжлэгч хууль зөрчин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан нь тогтоогдсон, мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрээр орон сууцны ашиглалтыг хориглосон тул хариуцагчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй.

9.4.Иймд улсын байцаагч хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хууль бус бүртгэлийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгчээс “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “Эрхийн улсын бүртгэлийн Ү-220501... дугаарт бүртгэгдсэн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11-89... дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох” хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

12.Улсын бүртгэлийн байгууллага анх өмчлөгч Э.Б, Я.Г нарт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дүгээр байрны ... тоот, ... м.кв талбайтай, ... өрөө болон ... тоот, ... м.кв талбайтай, ... өрөө орон сууцуудын үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220501... , Ү-220501... дугаар гэрчилгээнүүдийг 2004 оны 02 дугаар сарын 19, 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус тус олгосон.

13.Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай” 01-01/05 дугаар шийдвэрээр “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбД 22.01.01*2006”-ын холбогдох заалтуудыг хангахгүй болсон, улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 150 байшингийн ашиглалтыг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглосон, улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/977 дугаар захирамжаар Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөхөөр шийдвэрлэж, тухайн орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр зогсоосны дотор нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц багтсан.

14.Эдгээр шийдвэрт Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно”, 151.6 “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно” гэх заалтуудыг үндэслэжээ.

15.Улсын бүртгэлийн байгууллага иргэн Э.Б-аас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан мэдүүлэг, хавсаргасан түүний хүсэлт, орон сууцны зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2004 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Зөвшөөрөл олгох тухай 59 дүгээр тушаал, ”Г” ХХК-ийн “Үйлчилгээний талбайн хэмжилтийн тайлан”, тухайн компанийн зураг төслийн ажил эрхлэх Тусгай зөвшөөрөл зэрэг баримтуудыг үндэслэн, улсын бүртгэгч улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байр, 1 тоот хаягт байршилтай үл эд хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг үйлчилгээний, талбайн хэмжээг ... м.кв хэмжээтэйгээр дахин бүртгэж, мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн 000433... дугаартай гэрчилгээг олгожээ.

16.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-д зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийг улсын ерөнхий болон ахлах байцаагч, байцаагч нар хэрэгжүүлж, хяналт шалгалтыг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10, 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтуудыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/341 дүгээр тушаалаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын дагуу хийж гүйцэтгэхээр байна.

17.Тухайн журмын 6.4, 8.1-д зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдол, эрх бүхий этгээдийн албан хүсэлт, даалгавар, улсын бүртгэлийн мэдээллийн сангийн лог /Log file/-ийн бүртгэл болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр түгээсэн мэдээ, мэдээлэл, улсын ерөнхий байцаагч, хяналт шалгалтын нэгжийн даргаас өгсөн чиглэлийн хүрээнд гүйцэтгэх боломжтой.

18.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр шалгарч, төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан “Т” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ... тоот болон ...-... тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль зөрчиж олгогдсоноос төсөл хэрэгжих боломжгүйд хүрч, олон оршин суугч, иргэд хохироод байгаа” талаар гомдол гаргаснаар улсын байцаагч хяналт шалгалт явуулсан нь тухайн заалтуудад нийцжээ.

19.Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд эрх шилжүүлж байгаа этгээд болон эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээдүүдийн хоорондын харилцааг зохицуулсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсгийн Иргэний хуулийн 183.2, 183.3-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс шаардсан, эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээдийн гаргасан өргөдлийн дагуу улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болох тухай заалт нь улсын байцаагчийн дээрх хууль тогтоомжоор олгогдсон улсын бүртгэлийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг хязгаарлах үндэслэл болохгүй.

20.Анхан шатны шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хуулийн эдгээр зүйл, заалтуудын утга, агуулгыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

21.Хариуцагчаас эрхийн улсын бүртгэлийн Ү-220501... дугаарт бүртгэгдсэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11-89... дугаартай мэдүүлэгт холбогдох улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулаад “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14.1-д заасныг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр холбогдох бүртгэлийг хүчингүй болгохоор 6167 дугаар дүгнэлтийг үйлдсэн.

22.Дүгнэлтийн үндэслэлээ “...үл хөдлөх эд хөрөнгийн талбайг давхардуулж, газрын гэрээ, гэрчилгээгүй байхад өргөтгөлийн хэсгийг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д “Улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасныг зөрчсөн” гэж тодорхойлсон байна.

23.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: ...20.1.8.улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”, Монгол Улсын Засгийн газраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.2, 4.5 дахь хэсгийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.1-д “Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг дор дурдсан дарааллын дагуу хөтөлнө: ...2.1.5.мэдүүлэг дэх эд хөрөнгийн байршлын хаяг, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн регистрийн дугаар, газрын нэгж талбарын дугаараар цахим мэдээллийн сангаас хайлт хийж, мэдүүлэгт дурдсан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах, ...2.1.7.газрын кадастрын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд нэвтэрч шалгах бөгөөд уг санд нэвтрэх боломжгүй тохиолдолд холбогдох баримт бичгийн хуулбарыг мэдүүлэг гаргагчаас авах”, 4.1-д “Улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг энэ журмын ...2.1.5...2.1.7...-д заасны дагуу нягтлан шалгахад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1-д заасан татгалзах үндэслэл байвал энэ тухай мэдүүлэг гаргагчид тайлбарлаж, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуг өгч, мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг буцаана” гэж тус тус заажээ.

24.Хууль болон журмын эдгээр заалтуудаас үзвэл хариуцагчийн маргаан бүхий дүгнэлтийн “...үл хөдлөх эд хөрөнгийн талбайг давхардуулж, газрын гэрээ, гэрчилгээгүй байхад өргөтгөлийн хэсгийг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсгийг зөрчсөн гэх хэсэг нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1./”Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: ...4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/, 18 дугаар зүйлийн 18.7.1 /“хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ... бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, ... хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах...”/-д заасантай тус тус нийцжээ.

25.Улсын бүртгэлийн байгууллагын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн бүртгэл дээрх байдлаар хууль тогтоомжид нийцээгүй нь тогтоогдсон тохиолдолд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс 2004 онд орон сууцны зориулалтыг өөрчилж, “цайны газар”-ын үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн,  орон сууцны өргөтгөлийн зураг, зураг төслийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий “Г” ХХК-ийн хэмжилтийн тайлан зэрэг баримтуудыг, түүнчлэн улсын байцаагчийн дүгнэлтэд Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг зөрчсөн талаар тусгасан зэргийг үндэслэн тухайн бүртгэлийг хууль ёсны гэж дүгнэх, улмаар маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй.  

26.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

27.Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд[1] хариуцагч улсын байцаагч маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Я.Г-д мэдэгдэж, оролцоог нь хангасан байх бөгөөд Я.Г-гийн зүгээс улсын байцаагчийн дүгнэлттэй холбогдуулж ямар нэг байдлаар маргаж, гомдол гаргаагүй тохиолдолд түүнийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэж шүүхийг буруутгах боломжгүй.

28.Үүнээс гадна “Т” ХХК нийслэлийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц хамаарч байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших нийтийн зориулалттай орон сууцны 11 дүгээр байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр шалгарч, төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн компанид төсөл хэрэгжүүлэхээр шилжүүлсэн газрын талаарх баримтыг тодруулаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй.

29.Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

30.Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл түүнийг арилгуулахаар хуульд заасан журмын дагуу шаардах эрх нэхэмжлэгчид нээлттэйг дурдах нь зүйтэй.

31.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй тул зохих өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2023/0110 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1” гэснийг хасаж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧИД                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                         М.БАТСУУРЬ

                                                                                         Ц.ЦОГТ

                                                                                         Д.БАТБААТАР



[1] Хэргийн 1 дэх хавтасны 195-196 дахь талууд.