МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2023 оны 05 сарын 17 өдөр
- Дугаар: 84
- Улаанбаатар хот
Э.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэдэндамба, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар магадлалтай, Э.Б-д холбогдох 2218004160499 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э.Б, 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй,
2.Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд **** аймгийн ***** дүгээр баг, **** гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 50 кг, 500 грамм ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэн, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр **** УБЛ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл дотор ачиж, **** аймгийн **** сумын **** дүгээр багийн нутаг дэвсгэрээс **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт байрлах **** хяналтын пост хүртэл тээвэрлэж байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Б-г зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Э.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтийг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Б-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10,800,000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 шуудай 4 тортой 5 дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 86 см урт лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
5. Прокурор Т.Дэлгэрсайхан хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд **** аймгийн **** дүгээр баг, **** гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 50 кг, 500 грамм ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэн, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр **** УБЛ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл дотор ачиж, **** аймгийн **** дүгээр багийн нутаг дэвсгэрээс **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт байрлах **** хяналтын пост хүртэл тээвэрлэж, байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан хохирлыг 5,701,450 төгрөгөөр тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлүүлэлгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилсан бөгөөд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг нөхөн төлүүлэх нь хуулийн шаардлагад нийцнэ. Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 166 дугаар тогтоолд “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ... гээд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ... нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх мөн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-д “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон ... байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” хамааруулахаар хуульчилсан, мөн тус хуулийн 1 дүгээр зүйл, 49 дүгээр зүйлийн 1, 2, 4-т заасан үндэслэл, журмаас үзэхэд байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд гэмт үйлдлийн төрөл, хэлбэрээс үл хамааран гагцхүү байгаль орчин, түүний баялгийн төрөл, хэлбэрийг харгалзан нийтлэг байдлаар хуульчлан тогтоосон, энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зорилгын бодит илэрхийлэл болж байгааг тодотгох нь зүйтэй...” гэж дурдсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг няцааж хууль зүйн дүгнэлт хийгээгүй, улсын яллагч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх үнийн дүнгийн талаар эсэргүүцэл бичсэн байхад улсын байцаагчийн актыг хэрхэн биелүүлэх талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй буюу шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж дүгнэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6. Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан баримтаас үзэхэд байгаль экологид учирсан хохирол буюу улсын байцаагчийн актаар тухайн экологийн хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т зааснаар 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл 28,507,250 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Байгалийн баялгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, олборлосон, байгаль орчны чадавхыг тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн олборлосон, байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулж байгаа аливаа үйлдэл, эс үйлдэхүйг байгаль орчинд хохирол учруулсанд тооцдог. Энэ утгаараа Байгаль хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-д хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч байхаар заасан. Үүний дагуу мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь байгаль экологид учруулсан хохирлоос чөлөөлөгдөх боломжгүй учраас Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б-аас Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т зааснаар нөхөн төлбөр тогтоосон 28,507,250 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэх нь зүйтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай дурдаагүй буюу 2 шатны шүүхийн шийдвэрт зөрүү үүсээгүй байх тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор яллах дүгнэлтээ үйлдэхдээ хохирлын хэмжээг 5,701,450 төгрөг гэж тогтоосон атлаа гэмт хэргийн хор уршигт тооцож 5 дахин нэмэгдүүлж хохирлын хэмжээг өсгөж байгаа нь “... шүүхэд шилжсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч” яллагдах зарчмыг ноцтой зөрчиж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Гэмт хэргийн шинж, хохирлыг тооцохдоо Эрүүгийн хуулиас өөр хуулийг огт хэрэглэх ёсгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхэд хамаарах тул прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй болжээ. Гэмт хэргийн шинж, учирсан хохирол, шүүгдэгчид оногдуулах ял зэрэгтэй холбоотой асуудал биш байна. Иймд дээрх 4 үндэслэлээр прокурорын эсэргүүцэл хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Харин хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх нэгэн алдаа гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэргийг бүхэлд нь хянах учраас залруулж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчээс тус гэмт хэргийг үйлдэхэд ашигласан гэж үзэж машины үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон юм. Учир нь шийтгэх тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдсан” атлаа хохирол нөхөн төлүүлэх, зардал гаргуулах зорилготой “хөрөнгө хураах” албадлагын арга хэмжээг хэрэглэсэн болно. Иймд машины үнийг гаргуулсан шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд прокурор Т.Дэлгэрсайханы бичсэн эсэргүүцлийгУлсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 337 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
9. Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд ***** аймгийн ****дүгээр баг, **** гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 50 кг, 500 грамм ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэн, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр **** УБЛ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл дотор ачиж, **** аймгийн ****дүгээр багийн нутаг дэвсгэрээс **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт байрлах **** хяналтын пост хүртэл тээвэрлэж байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
10. Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог учиртай.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхээс тухайн хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдол, хамааралтай байдлыг харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв, нотолгооны хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх хамаарна.
11. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаартай Дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаалаар Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүүг /Saposhnikovia divaricata (Turz.) Schischk./ устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хоригложээ.
Хэрэгт авагдсан шүүгдэгч болон нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтаас үзвэл шүүдэгч Э.Б нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд **** аймгийн **** сумын **** баг, **** гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 50 кг, 500 грамм ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэн, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ****** УБЛ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл дотор ачиж, ****** аймгийн **** сумын **** дүгээр багийн нутаг дэвсгэрээс **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт байрлах **** хяналтын пост хүртэл тээвэрлэж байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал зэргийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэний зэрэгцээ шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага, түүний гэм бурууд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.
12. Харин анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийсэн ч ургамлын экологид учруулсан шууд хохирлоос гадна хуульд тусгайлан заасан нөхөн төлбөрийг гаргуулах зохицуулалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ.
Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай дүгнэлтэд “...Дэрэвгэр жиргэрүү ургамлын 1 кг нойтон жин 112,900 төгрөг, 50 кг 500 гр, 5,701,450 төгрөг...” гэж ******гийн ургамлын экологид учруулсан хохирлыг тогтоосон нь Байгалийн ургамлын тухай хуулийн 21дүгээр зүйлийн 5-д “ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ гэж тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээг”, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалаар баталсан экологи-эдийн засгийн үнэлгээтэй тус тус нийцсэн гэж үзнэ.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10-04-039/46 дугаартай акт болон дээрх шинжээчийн дүгнэлтэд ургамлын экологид учирсан Байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 5,701,450 төгрөгийн хохирлыг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр тогтоох талаар тусгагдсан байна.
13. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлнө” гэж заасныг анхан шатны шүүх хэрэглэлгүй “...шүүгдэгч Э.Б нь байгаль экологид учирсан хохирол 5,701,450 төгрөгийг төлж барагдуулахаар завсарлага авч, төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн нөхөн төлбөрийн хэмжээг зөв тодорхойлохын оронд хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт хийж, алдааг залруулалгүй орхигдуулсан нь буруу болжээ.
Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-д “байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, 49 дүгээр зүйлийн 49.1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө” гэж тус тус хуульчилсан.
14. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлдэг болно.
Шүүгдэгч Э.Б-гийн ургамлын экологид учруулсан хохирол 5,701,450 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг тодорхойлж, шүүгдэгчээс хохиролд төлсөн 5,701,450 /28,507,250-5,701,450=22,805,800/ төгрөгийг хасаж ургамлын экологид учирсан нөхөн төлбөрт 22,805,800 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
15. Иймд хяналтын прокурор Т.Дэлгэрсайханы 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн эсэргүүцлээс энэ тогтоолын 12-14 дугаарт дурдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Б-гийн учруулсан хохирлыг ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх хэсгийг хангах нь шүүгдэгчийн хэргийн зүйлчлэл, хоёр шатны шүүхээс оногдуулсан ял хүндрэхгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 шуудай 4 тортой 5 дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 86 см урт лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай” гэж өөрчилж, “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-гаас 22,805,800 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР