МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар: 0003
Улаанбаатар хот

 

 

Шүүгч Ц.М-д холбогдох

сахилгын хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Д.Мөнхтуяа, шүүгч Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, сахилгын хэргийн оролцогч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Мөнхболд, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар

 

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлал, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар хяналтын тогтоолтой, ... шүүхийн шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ... шүүхийн шүүгч Ц.М-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар хяналтын тогтоолоор Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн” гэсний дараа “50 дугаар зүйлийн 50.1.33,” гэж, “57.1.2-т” гэсний дараа “тус тус” гэж нэмж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгч Ц.М-ын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

 

Сахилгын хэргийн оролцогч Ц.М Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гаргасан гомдол болон тус хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар сахилгын оролцогч буюу шүүгч нь сахилгын хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох, хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргах, сахилгын хорооны гишүүн, хуралдааны бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй.

Шүүгч миний бие Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд оролцсон боловч тус хуралдааны тэмдэглэлтэй танилцаагүй, хянан үзэх хуралдаанд оролцох бүрэлдэхүүнийг мэдээгүй, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаан товлогдсон 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр миний бие 3 шүүх хуралдаан даргалах хуваарьтай байгаагаа мэдэгдэж хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хянан үзэх хуралдааны бүрэлдэхүүн хүлээж авсан атлаа хуралдааныг 1 хоног /18 цаг/-оор хойшлуулсан, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүгч миний бие нь 2 газрын үзлэг, 1 шүүх хуралдаан, мөн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн товлогдсон болохыг мэдэгдэж, холбогдох баримтуудыг хүргүүлсэн байхад хуралдаанд биечлэн оролцох, амаар тайлбар гаргах эрхийг хангаагүй.

 

Гомдлын үндэслэл:

 

1.Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцахыг хориглох” гэж заасан зөрчлийн бүрэлдэхүүнийг хуульд зааснаас зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргах шийдвэрүүдийг, 22.5-д шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах шийдвэрүүдийг, 22.6-д хэргийг хэлэлцэж гаргах шийдвэрийг тус тус нэрлэн заасан ба эдгээр шийдвэрүүдийг гаргах процессын журмыг ... хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “... хэргийн шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ..., 22.6-д заасны дагуу шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана”, 105 дугаар зүйлийн 105.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж ялгаатай байхаар хуульчилсан, миний бие энэхүү процессын ялгаатай журмыг хэрэгжүүлсэн байхад зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй.

... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэлийг бүртгэн авч программаас шүүгчид хуваарилснаар эхэлж шүүгчээс ... хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх, хэрэв хэрэг үүсгэсэн бол хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хуульд заасан ажиллагааг явуулах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэх зэрэг олон үе шат бүхий ажиллагаанаас бүрддэг.

Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “...” ХХК-ийн ... д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 9538 дугаартай захирамжаар дээр дурдсан ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан журмын дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэр гэсэн ерөнхий нэр томьёонд хамаарах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой асуудлыг шийдвэрлэж гарснаас бус хэргийг хянан хэлэлцэж гарсан, тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6, ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан журмаар гарах шийдвэр биш тул “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцахыг хориглох” зөрчлийн шинжгүй юм.

Энэ нь2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд миний бие нь шүүх хуралдааныг нээж, хэргийн оролцогчдын төлөөлөх эрх биеийн байцаалтыг шалгаж, эрх үүргээс тайлбарлуулах шаардлагатай эсэх, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулсны дараа “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг асуусан, улмаар оролцогчдоос хүсэлт гаргаж, тайлбар хэлсний дараа ... хүсэлтийг шийдвэрлэхээр хуралдаан түр завсарлая” гэснээр,илтгэгч гишүүнээс шүүх хуралдааны аудио бичлэгт үзлэг хийж буулгасан тэмдэглэлд “...01:07:53 Шүүгч: Хүсэлт шийдвэрлэхээр хуралдаан завсарлана /Алх цохив. Бичлэг дуусав/ гэснээр тус тус тэмдэглэгдсэнээр нотлогддог.

Иймд шүүгч хүсэлт шийдвэрлэх явцдаа зөвлөлдөх тасалгаанд туслахаа оруулсан нь цаг хугацааны хувьд “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцдаа” гэсэн зөрчилд хамаарахааргүй байхад уг зөрчлийг үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн хариуцлага хүлээлгэх зөрчлийг эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон байх” зарчимд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

 

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т зааснаар Сахилгын хороо нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй атал сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шийдвэрүүд нь бүгд өөр өөр үндэслэлээр гарсан, энэ нь Сахилгын хорооны шийдвэрт ноцтойгоор нөлөөлж, улмаар шүүгч намайг сахилгын зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл болсон тухайд:

“...” ХХК-ийн өмгөөлөгчөөс шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэсэн агуулгаар гомдол гаргасан ба миний бие сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг гомдлыг үгүйсгэсэн тайлбар гаргасан.

Гэтэл илтгэгч гишүүнээс нотлох дүгнэлтдээ “... нотлох баримт цуглуулсан ажиллагаа нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа байна” гэж дүгнээд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Сахилгын хорооны хуралдаанд “шүүгч зөвлөлдөх тасалгаанд туслахаа оруулсан нь ... бусадтай харилцах зөрчилд хамаарна” гэсэн агуулгаар нотлох дүгнэлтийн хүрээгээ тодруулсан тул миний бие энэ агуулгаар буюу шүүгч болон шүүгчийн туслахын чиг үүргийг тайлбарыг хуралдааны явцад гаргаж мэтгэлцсэн байхад Сахилгын хорооны 188 дугаар магадлалд “... 128/2019/1004/3 индекстэй ... хэргээс нотлох баримтыг хуулбарлан авахуулж, уг баримтыг захирамжийн үндэслэл болгосон, ... шүүгч хэн нэгэнтэй харилцах, нотлох баримт цуглуулах ажиллагаа болохгүй” гэж зөрүүтэй дүгнэсэн.

Улмаар миний бие дээрх ойлголтын зөрүүг тайлбарлах зорилгоор илүү өргөн хүрээтэй гомдлыг гаргасан боловч хянан үзэх хуралдааны 12 дугаартай тогтоолд “... хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт гаргуулах, хэрэг нэгтгүүлэх хүсэлтүүдийг ... хэрхэн шийдвэрлэсэн талаарх захирамжийг гаргаж үндэслэл, шалтгааныг хуралдаанд оролцогчдод танилцуулаагүй, ... хүсэлтийг шийдвэрлэх гэж байснаасаа өөрөөр буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргасан нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон эрх зүйн үр дагаврыг бий болгожээ, ... туслахаар гаргуулж авсан баримт нь хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах хүсэлтэд дурдсан баримттай тохирохгүй байна, ... хэрэг нэгтгүүлэх хүсэлтийг шүүгч хэрхэн шийдвэрлэсэн захирамж хэрэгт авагдаагүй байна, ... баримтыг танилцуулаагүй байна, ... тухайн шүүгчийн туслахаас гадна өөр бусад этгээдтэй шууд бус байдлаар харилцсан гэж үзэх үндэслэл болно” зэргээр хэргийн нөхцөл байдалд тохирохгүй дүгнэлтийг хийсэн, үүний улмаас нотлох дүгнэлтэд тусгагдаагүй, сахилгын хорооны хуралдаанд ерөөсөө яригдаагүй, хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй үйлдлийн төлөө шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан.

Энэ нь миний бие 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тайлбартаа “нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбоотойгоор гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай хүсэлт гаргасан уг хүсэлтийг шийдвэрлэсэн болох”-ыг дурдсанаар, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нотлогддог.

Мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг нэгтгүүлэх хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй, эдгээр асуудлыг тусгайлан шийдвэрлэсэн захирамж гаргах нь логикийн хувьд алдаатай шийдвэр болох юм.

Түүнчлэн шүүгчээс захирамж гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож буй хэрэг биш бөгөөд нэхэмжлэгчээс ... хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах, эсхүл нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах хуулийн зохицуулалттай байна.

Миний бие хүсэлтийг шийдвэрлэх явцдаа өөр хэнтэй ч харилцаагүй байхад ямар баримтад үндэслэж “тухайн шүүгчийн туслахаас гадна өөр бусад этгээдтэй шууд бус байдлаар харилцсан” гэж дүгнэсэн нь тодорхойгүй.

Иймд Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн яг ямар үйлдлийг сахилгын зөрчил гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд 3 удаагийн шийдвэрээрээ өөр өөр дүгнэлт хийж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тул дээрх шийдвэрүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл журмаар сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасантай нийцээгүй хууль бус шийдвэр болсон.

 

3. Монгол Улсын Дээд шүүх, Ханс Зайделийн сангаас хамтран гаргасан “... хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар /2009 он/”-т “нотлох баримтыг үнэлэх явцад ... иргэний эрх зүйд нотлогдохгүй бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэсэн зарчим үйлчилдэг. Энэ зарчим нь ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил утгаар үйлчилнэ” гэж /130 дахь талд/ тайлбарласан байдаг.

Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “...” ХХК-ийн ... д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 9538 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгчийн туслахаар авчруулсан баримтуудыг огт үнэлээгүй байдаг.

Өөрөөр хэлбэл, тухайн баримтуудын агуулга нь нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж байгаа, эсхүл нотлохгүй байгаа талаар захирамжид ерөөс дурдаагүй, гагцхүү тухайн баримтуудын хэрэгт авагдсан огноо, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцсан хугацааг тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болохыг дүгнэсэн байхад сахилгын хороо нотлох баримтыг үнэлэх талаарх ойлголтыг аливаа процессын эрх зүйд тайлбарладаг тогтсон ойлголтоос өөрөөр тайлбарлаж хэрэглэх үндэслэлгүй юм.

Хянан үзэх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүйгээс миний бие 7 хоногийн өмнө товлогдсон газрын үзлэгүүдийг цуцлах, улмаар дахин сахилгын зөрчилд хүргэж болзошгүй байсан нөхцөл харгалзалгүй шүүгч миний хуралдаанд биечлэн оролцож тайлбар гаргах эрхийг зөрчсөн.

Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаярын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар дүгнэлтийг хэлэлцэж гарсан Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн 188 дугаартай магадлал, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай хяналтын тогтоолыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

 

Хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанд сахилгын хэргийн оролцогчийн өмгөөлөгч Б.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан Шүүхийн сахилгын хорооны магадлал болон тогтоолыг хүчингүй болгох 2 үндэслэл тогтоогдсон байна.

Миний бие 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргах хуульд заасан хугацаандаа Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Сахилгын хорооны ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг гэдэг хүн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3/613 дугаартай албан бичгээр буцаасан байдаг. Шүүхийн тухай хуульд зааснаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тухайн хурлыг даргалагч гишүүн хүлээн авч хүргүүлэх асуудлыг шийдвэрлэх зохицуулалттай. Гэтэл Шүүхийн сахилгын хороон ажлын албаны дарга хариу өгсөн нь миний болон үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн.

Мөн хэргийн оролцогч нь өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, шүүх хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох зэрэг хуульд тодорхойлон заасан эрхүүдийг хязгаарласан гэж үзэж байна.

Түүнчлэн шүүх хуралдааны товыг Шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.4-т заасан журмын дагуу мэдэгдээгүй. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааныг ажлын 3 цагийн хугацаагаар хойшлуулж дараагийн өдрийн 09 цагт товлосон. Миний бие хянах үзэх хуралдаанд “Хурал хойшлуулах тухай” хүсэлтийг танилцуулсан. Бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд “итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж оролцуулах боломжтой байсан” гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн. Гэтэл Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан зөвлөлдөх тасалгааны нууцын асуудал яригдаж буй учир итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох нь зохимжтой эсэх, хуралдаан хойшилсон 3 цагийн хугацаанд төлөөлөгч томилох боломжтой эсэхийг харгалзаж үзээгүй.

Мөн өмгөөлөгч намайг хэргийн оролцогч гэж үзээгүй учир зөвхөн хүсэлтийг танилцуулах боломж олгосон болохоос гомдлыг тайлбарлах, илтгэгчийн дүгнэлтэд тайлбар хийх боломжийг удаа дараа хязгаарлаж яриа тасалж суулгасан. Хурлын дараа хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан боловч хэргийн оролцогч биш гэдэг байдлаар хэргийн материалтай танилцуулаагүй. Илтгэгч гишүүний зүгээс туслахтайгаа харилцсан гэхээс илүү өөр хэргээс нотлох баримт гаргасан нь зөрчил гэсэн тайлбарыг удаа дараа хэлж байсан. Өөрөөр хэлбэл нотлох дүгнэлтийн үндэслэлд хамаарахгүй асуудлын хүрээнд сахилгын хорооны хурал болсон учир энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулах хүсэлтэй байсан.

Хянан үзэх хуралдааны тогтоолд “Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан үндэслэл байна, шүүгчийн туслахтай харилцсан гэхээс илүү нөгөө хэргийн шүүгчтэй дам байдлаар харилцсан” гэх үндэслэл маш тодорхой дурдагддаг. Гэвч “нөгөө хэргийн шүүгчтэй харилцсан” гэх асуудал нотлох дүгнэлтэд ч байхгүй, хуралдаанаар тухайн асуудал огт яригдаагүй. Зөвхөн хянан үзэх тогтоолд танилцуулагдсан. Дээрх үйл баримтад тайлбар гаргах, мэтгэлцэх боломж олгоогүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Мөн Сахилгын хорооны магадлал, тогтоолд заасан дүгнэлтийн үндэслэл нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан зөрчлөөс хальж, ... шүүхийн эрх хэмжээний асуудлаар дүгнэлт хийсэн.

Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим процесс ойлгомжгүй. Өмгөөлөгч хэргийн оролцогч мөн, эсвэл биш гэдгийг тодорхойлоход төвөгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хууль зүйн туслалцаа авах эрхийг хуульчлан тогтоосон. Тэгэхээр Сахилгын хорооны хуралд өмгөөлөгч оролцох боломжтой эсэх, тайлбар хэлэх, давж заалдах, хяналтын гомдол гаргах боломжтой эсэхийг өнөөдрийн хуралдаанаар дүгнэхийг хүсье. Зарим хурлын зарыг харахад өмгөөлөгчийн гомдлоор магадлал, тогтоолыг хянаж буй мэдээлэл орсон байдаг. Дээрх ойлгомжгүй байдлаас шалтгаалж хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн эрх зөрчигдөх явдал гарч буйд анхаарахыг хүсье” гэв.

Тус хуралдаанд Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11.1, 105.11.2-т зааснаар сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж, тогтоол гаргаснаас хойш илтгэгч гишүүн 30 хоногийн дотор сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналын аль нэгийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаснаар илтгэгч гишүүний шалгах ажиллагаа дуусгавар болдог. Гэхдээ нотлох дүгнэлт, эсхүл санал нь тухайн сахилгын хэргийн талаар гаргаж буй эцсийн шийдвэр биш юм. Үүнийг Шүүхийн сахилгын хорооны хурлаар гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээд шийдвэр гаргадаг. Тэгэхээр илтгэгч гишүүний дүгнэлтэд гомдол гаргах зохицуулалт хуульд байхгүй. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн магадлалд гомдол гаргасныг хянан үзэх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Тэгэхээр магадлалыг хүчингүй болгох үндэслэл зааж гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Сахилгын хэргийн оролцогч хянан үзэх хуралдааны шийдвэрт гомдол гаргах эрхтэй хэдий ч Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргаж болно” гэж заасан. Энэ агуулгын хүрээнд шүүгч Ц.М-ын гаргасан гомдол хэлэлцэгдэж байна.

Сахилгын хорооны тэмдэглэлтэй танилцаагүй, хянан үзэх хуралдааны бүрэлдэхүүнийг мэдээгүй, хуралдааныг 1 хоногоор хойшлуулсан гэх зүйлүүдийг ярьж байна. Хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй учир ирээд танилцах боломжтой. Харин танилцах гэхэд нь танилцуулаагүй бол өөр асуудал. Мөн бүрэлдэхүүнийг оролцогчдод мэдэгдэх зохицуулалт хуульд байхгүй. Сахилгын хорооны сайтад шүүх бүрэлдэхүүнийг мэдээлдэг байх үед сахилгын хэргийн оролцогчоос сахилгын хорооны гишүүнтэй холбогдсон тохиолдол цөөнгүй гарсан тул бүрэлдэхүүнийг зарлахаа больсон. Тэгэхээр бүрэлдэхүүнийг урьдчилан мэдэх нь ямар ач холбогдолтой байсан, мэдээгүй нь хэргийн оролцогчийн ямар эрхийг зөрчсөн талаар гомдолд бичээгүй байна.

Сахилгын хэргийн оролцогч нь Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.2-т зааснаар хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох, тайлбар гаргах, хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг нэг удаа бичгээр болон цахимаар гаргах эрхтэй. Хянан үзэх хуралдааныг ямар хугацаагаар хойшлуулах нь бүрэлдэхүүний бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна. Харин шүүгчийн ажил, ая тухыг харгалзаж хуралдааныг товыг зарлана гэж байхгүй байх. Хуралдаан хойшлогдож товлогдсон тохиолдолд шүүгч өөрийн ажлаа зохицуулаад ирэх ёстой гэж үзэж байна.

Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д “Сахилгын зөрчилд холбогдох шүүгч /цаашид “холбогдох шүүгч” гэх/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогч гэнэ” гэж заасан бөгөөд энд өмгөөлөгч гэх үг байхгүй. Сахилгын хэргийн оролцогч зарим шүүгч өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тохиолдолд Үндсэн хуульд заасан эрхийг хангах үүднээс өмгөөлөгч оролцуулж байгаа. Гэхдээ өмгөөлөгчийг хуульд заасан хэргийн оролцогчтой адилтган үзэх үндэслэлгүй.

Хянан үзэх хуралдааны явцад өмгөөлөгч Б.Мөнхболдыг үг хэлүүлэхгүй, яриаг тасалсан зэргийг санахгүй байна. Хэрэв тийм зүйл болсон бол тогтоолд гомдол гаргахдаа түүнийгээ нотолсон баримтыг заавал хавсаргахаар хуульд заасан байна. Хуульд сахилгын хэргийн оролцогчийг тодорхойлохдоо өмгөөлөгчийг дурдаагүй учир түүний гомдлыг хүлээж аваагүй нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Гомдол гаргагч болон өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт, магадлал, тогтоол нь өөр байдлаар гарсан гэх зүйлийг ярьж байна. Аль аль шатанд үндэслэлээ тодорхойлох нь бүрэлдэхүүний бүрэн эрх юм.

Иймд сахилгын хэргийн оролцогчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй” гэв.

ХЯНАВАЛ:

 

       Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар сахилгын хэргийн оролцогч Ц.М-ын гаргасан гомдлыг хянан хэлэлцээд, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар хяналтын тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Үйл баримтын тухайд:

 

... шүүхийн шүүгч Ц.М-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 9538 дугаар захирамжаар “...” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгслийг импорт/экспорт/-лох 003/19/1258, 003/19/3989, 003/19/6443 тоот лицензүүдийг “...” ХХК-д олгосон болохыг 2019 онд мэдсэн, 003/19/6443 тоот лицензийг авахдаа бүрдүүлсэн материалуудтай 2020 оны 02 дугаар сард, 003/19/1258, 003/19/3989 тоот лицензүүдийг олгох үндэслэл болсон баримтуудтай 2021 оны 1 дүгээр сард танилцсан, “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... улсын байцаагчид холбогдох хэргийн материалтай 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр танилцсан... Иймд 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр уг лицензүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна” гэж дүгнэн “...” ХХК-ийн ... д холбогдуулан гаргасан “... -с олгосон дээрх лицензүүд хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Харин ... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 822 дугаар тогтоолоор “... Шүүхээс маргаан бүхий лицензүүдийг нэхэмжлэгчид хэзээ, хэрхэн мэдэгдсэн талаарх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр 9538 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

           

 “...” ХХК-ийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд хандаж шүүгч Ц.М-ыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 9538 дугаар захирамж гаргахдаа сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр өргөдөл гаргасан байна.

 

   Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

 

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүгч Ц.М-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүгч Ц.М-д холбогдох өргөдлийг гардуулж тайлбар авсан, мөн ... шүүхээс шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шүүгчийн туслах У.П-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...-ын улсын байцаагчид холбогдох хэргээс нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл зэргийг гаргуулан авснаас гадна өргөдөл гаргагч Л.Бат-Эрдэнээс нэмэлт тайлбар, мөн шүүгчийн туслах У.П-аас гэрчийн мэдүүлэг тус тус авч, улмаар дээрх баримтат мэдээлэлд үндэслэн “шүүгч Ц.М нь шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан“шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах” хориглосон сахилгын зөрчил гаргасан нь нотлогдсон үндэслэлээр хэргийг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар нотлох дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүхийн сахилгын хороо шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийн хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хийхээр товлосон боловч шүүгч Ц.М өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг удаа хойшилсон байна.

 

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлалаар “шүүгч Ц.М шүүх хуралдаан завсарлаж буйгаа хэргийн оролцогчдод мэдэгдсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд тэрээр зөвлөлдөх тасалгаанд байхдаа шүүгчийн туслахаар дамжуулан өөр шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргээс нотлох баримт авхуулсан нь “... зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах”-ыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээс гадна уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна” гэж дүгнэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар шүүгч Ц.М-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.

 

Шүүхийн сахилгын хорооны 188 дугаар магадлалыг эс зөвшөөрч шүүгч Ц.М гомдол гаргасны дагуу Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийхээр товлосон боловч шүүгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Мөнхболд нарын шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр  гаргасан хүсэлтийн дагуу хянан үзэх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдааны товыг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 49 минутад оролцогч Ц.М-д, 15 цаг 52 минутад түүний өмгөөлөгч Б.Мөнхболдод тус тус утсаар /хх-156/ мэдэгджээ.

 

Харин шүүгч Ц.М-ын зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10.00 болон 11.00 цагт газрын үзлэг хийх ажиллагаа, 13 цаг 30 минутад шүүх хуралдаан, мөн 14 цаг 30 минутад Ерөнхий шүүгчийг сонгох асуудлаар шүүгчдийн зөвлөгөөн тус тус товлогдсон гэх үндэслэлээр сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 166 дугаар тогтоолоор /хх-164/ хангахгүй орхиж, тэдний оролцоогүйгээр хянан үзэх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байна.

 

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар хяналтын тогтоолоор “...Шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, хэргийн оролцогчид танилцуулаагүй баримтыг үнэлэн шүүгчийн захирамж гаргасан нь талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл юм. Тусдаа ... хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд, нэг хэрэгт танилцсан баримтыг нөгөө хэрэгт танилцсанд тооцох үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, шүүгч Ц.М хүсэлтийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд байхдаа шүүгчийн туслахаар дамжуулан өөр шүүгчийн хянан шийдвэрлэж буй хэргээс баримт авсан нь тухайн шүүгчийн туслахаас гадна, өөр бусад этгээдтэй шууд бус байдлаар зөвлөлдөх явцад харилцсан гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, өөрийн шийдвэрлэх гэж буй хэрэгт хамааралтай нотлох баримтыг бусдын хянан шийдвэрлэж байгаа хэргээс шүүгчийн туслахаар зөвлөлдөх тасалгаанд авчруулж, үнэлсэн үйл баримт нь түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болно ...” гэсэн дүгнэлт хийж,

 

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн” гэсний дараа "50 дугаар зүйлийн 50.1.33,” гэж, “57.1.2-т" гэсний дараа "тус тус” гэж нэмж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Хууль зүйн үндэслэлийн хувьд:

 

Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Энхтөр, Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 165 дугаар тогтоолоор хянан үзэх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагт 30 минут хүртэл хойшлуулсан нь Монгол Улсын шүүхийн тухайн хуулийн 110 дугаар зүйлийн 110.4 дэх хэсэгт “Сахилгын хэргийн оролцогчид Сахилгын хорооны хуралдаан болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө товыг мэдэгдэж, энэ тухай баримт үйлдэж, сахилгын хэрэгт хавсаргана.” гэж заасныг зөрчсөн гэж үзэв.

 

Түүнээс гадна шүүгч Ц.М-ын зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10.00 болон 11.00 цагт ... шүүхээс газрын үзлэг хийх ажиллагаа, 13 цаг 30 минутад шүүх хуралдаан, мөн 14 цаг 30 минутад Ерөнхий шүүгчийг сонгох асуудлаар шүүгчдийн зөвлөгөөн тус тус товлогдсон гэх үндэслэлээр Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 166 дугаар тогтоолоор /хх-164/ хангахгүй орхиж, сахилгын хэргийн оролцогч хянан үзэх хуралдаанд биечлэн оролцож тайлбар хийх, нотлох баримтыг шинжлэн судалж хэлэлцүүлэх, гэм буруугийн талаар мэтгэлцэх боломжийг үндэслэлгүйгээр хязгаарлажээ.

 

Энэ талаар сахилгын хэргийн оролцогч Ц.М-ын Улсын дээд шүүхэд гаргасан гомдлын агуулга нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан хяналтын тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах үндэслэлд хамаарч байна.

 

Шүүхийн сахилгын хороо сахилгын хэргийн хуралдааныг товлон зарлах, эсхүл хуралдааныг хойшлуулж дахин тов тогтоохдоо тухайн сахилгын хэргийн оролцогчийн саналыг харгалзан үзэх, хэрэв сахилгын хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийг харгалзан тухайн шүүгчийн оролцох бусад шүүх хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөнтэй давхцуулахгүйгээр, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3, 110.4 болон 110.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн хуралдааныг товлож, сахилгын хэргийн оролцогч сахилгын хэргийн хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах нь зүйтэй.

 

Сахилгын хэргийн оролцогчид харилцан зөвшөөрснөөс бусад тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.4 дэх хэсэгт заасан “Сахилгын хэргийн оролцогчид Сахилгын хорооны хуралдаан болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө товыг мэдэгдэх ...”, мөн зүйлийн 110.6 дахь хэсэгт заасан “Сахилгын хорооны хуралдаан болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө товыг өргөдөл гаргагч, мэдээлэл гаргагчид мэдэгдэх ...” шаардлагууд нь Сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг мэдэгдэх болон хянан үзэх хуралдааныг хойшлуулж, дахин хуралдааны тов тогтоох тохиолдлын аль алинд хамаарна.

 

Иймд Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан талаар сахилгын хэргийн оролцогч Ц.М-ын гаргасан гомдлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.2-т тус тус заасан үндэслэлээр хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар хяналтын тогтоолыг хүчингүй болгож, шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас дүгнэв.

 

Харин сахилгын хэргийн оролцогч Ц.М-ын гаргасан “... Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцахыг хориглох” гэж заасан зөрчлийн бүрэлдэхүүнийг хуульд зааснаас зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн,

мөн шүүгчийн яг ямар үйлдлийг сахилгын зөрчил гэж үзээд байгаа нь ойлгомжгүй буюу өөр өөр дүгнэлт хийгдсэн 3 удаагийн шийдвэрүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл журмаар сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасантай нийцээгүй хууль бус шийдвэр болсон,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “...” ХХК-ийн ... д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 9538 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгчийн туслахаар авчруулсан баримтуудыг огт үнэлээгүй, өөрөөр хэлбэл, тухайн баримтуудын агуулга нь нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж байгаа, эсхүл нотлохгүй байгаа талаар захирамжид ерөөс дурдаагүй, гагцхүү тухайн баримтуудын хэрэгт авагдсан огноо, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцсан хугацааг тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болохыг дүгнэсэн байхад сахилгын хороо нотлох баримтыг үнэлэх талаарх ойлголтыг аливаа процессын эрх зүйд тайлбарладаг тогтсон ойлголтоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн...” зэрэг үндэслэлээр “сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлын хэсэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан хяналтын шатны шүүхийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээнд хамаарахгүй тул хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар хэлэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, сахилгын хэргийг хянан хэлэлцэх хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд сахилгын хэргийн үйл баримтыг нотолж буй баримт, мэдээллийг шалгаж үнэлэх, нотлогдсон байдал, нотолгооны ач холбогдол, нотлох баримтын эх сурвалжийг тодорхойлж дүгнэх эрхийг Шүүхийн тухай хуулиар хязгаарласан тул сахилгын хэргийн оролцогч Ц.М-ын гаргасан “сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдолд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй юм.

         

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас ТОГТООХ нь:

 

       1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.1.2, 115.8.3-т заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай хяналтын тогтоолыг хүчингүй болгож, шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

                                                                                                    Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                           Б.ЦОГТ