МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2022 оны 11 сарын 11 өдөр
- Дугаар: 001/ХТ2022/01092
- Улаанбаатар хот
Г.Агийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/00461 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01034 дүгээр магадлалтай,
Г.Агийн нэхэмжлэлтэй
“Г Б” ХХК-д холбогдох
Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Одгарьд, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Г.А нь “Г Б” ХХК-д холбогдуулан 2017.03.10-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.6-д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь” гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу 559,000 төгрөг гаргуулах, 2017.03.10-ны өдрийн ЗГ................... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,665,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/00461 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Г Б” ХХК-д холбогдох 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.6-д Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь” гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу 559,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ................... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,665,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01034 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/00461 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 205 дугаар зүйлийн 205.2.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Г Б” ХХК-аас 559,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ................... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 10,665,213 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, “Г Б” ХХК-аас 17,420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 587,920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Г.А хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн авч танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд:Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хувьд маргааны агуулгыг ойлголгүй, буруу шийдвэр гаргасан байна. Учир нь зээлдэгчийг Капитрон банкинд 46.4 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйг Г Бны зүгээс мэдсэн болох нь зээлийн судалгаа, дүгнэлт, зээлийн хорооны шийдвэр, зээлийн хорооны хурлын тэмдэглэл зэрэг баримтаас харагддаг. Мөн зээлийн судалгаа, дүгнэлт гэх баримтыг ЗҮАЖ-ын дагуу харилцааны менежер боловсруулж, салбарын захирал хянадаг. Энэхүү баримтад хөрөнгө оруулалтын зориулалтаар олгох 55.9 сая төгрөгийн 46.4 сая төгрөгөөр Капитрон банкны зээл хаахаар судалж, энэ талаар маш тодорхой тусгасан. /хүснэгт/ Капитрон банкны барьцаанд байгаа 2 ш орон сууцыг Г Б барьцаалахаар танилцуулга судалгааг бэлтгэн холбогдох зээлийн хорооны хурлаар шийдвэрлэсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаас маш тодорхой харагддаг. Г Бнаас зээл авахын тулд барьцааг чөлөөлөх шаардлага үүссэн. Барьцаагүй нөхцөлд Г Б зээл олгохгүй байсан. Барьцааг чөлөөлөхийн тулд Капитрон банкны зээлийг хаах зайлшгүй шаардлага үүссэн. Ийм учир 55.9 сая төгрөгийн 46.4 сая нь Капитрон банкны зээл рүү орсон гэж агуулгын хувьд үзэх бүрэн үндэслэл бий. Учир нь зээлдэгчид мөнгө байхгүй учир харилцааны менежер Э.Наранзул: “зээл хаадаг хүмүүст ханд, тэгээд Капитроны зээлээ хаалгуулаад, барьцаа чөлөөлөөддараа нь манай зээл гармагц тэр зээл хаасан хүндээ буцаагаад өгчих” гэж хэлсний дагуу Э.Б гэх хүнээс 45.5 сая төгрөгийн зээл авч Капитроны зээлийг хааж, барьцаагаа чөлөөлөн Г Бны барьцаанд тавьж зээлээ аваад Э.Бд мөнгийг 300,000 төгрөгийн хүүгийн хамт нийт 45,8 сая төгрөгийг буцаан төлсөн. Энэ нь хэрэгт авагдсан дансны хуулгаас харагдаж байгаа. Э.Б нь 5030404252 тоот дансаар нэхэмжлэгчид 45.5 сая төгрөгийг шилжүүлсэн.Энэ нөхцөлд зээлдүүлэгч талд бодит байдал дээр 55.9 сая төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар бодитоор ашиглах боломжийг олгоогүй гэж үзэх үндэслэлтэй юм. 55.9 сая төгрөгийн 46.4 саяар өөр зээлийг хаахыг хариуцагч мэдэж байсан. Мэдсээр байж үүнийг хийсэн. Хөрөнгө оруулалтын зээлээр өөр зээлийг хааж болохгүй талаар харилцааны менежер Э.Наранзул гэрчээр мэдүүлсэн. 46.4 сая төгрөгөөр Капитрон банкны зээлийг хаах гэж судалснаа үгүйсгээгүй.55.9 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй, олгохгүй гэдгээ урьдчилж мэдэж байсан. Энэ нөхцөлд 55.9 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглах боломжийг хангасан мэтээр үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь буруу гэж маргасан. Энэ нь маргааны гол зүйл юм. Үүнийг хэргийг шийдсэн шүүгч анхаарч үзээгүй байна. Энэ тохиолдолд хүү тооцон авах эрхээ Иргэний хуулийн 223.2, 224.2.3-т зааснаар алдсан.Иймээс шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.Шийдвэр, магадлалаас 10,665,213 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт хяналтын журмаар гомдол гаргаж байх тул энэхүү зөвшөөрөөгүй хэсэгт Улсын тэмдэгтийн хураамж төлж баримтыг хавсаргав гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ хяналын гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн зүгээс тус магадлалын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Магадлалын үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан. Хэргийн 8-10 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгчид 2017.03.10-ны өдөр “55,900,000 төгрөгийг зээл олгов” гэж шилжүүлсэн, харин 2017.03.13-ны өдөр 559,000 төгрөгийг “зээлийн шимтгэл авав” гэж суутган авсан гэх тайлбар, гомдол үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн атлаа мөн хэсэгт “Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүрээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээл олгосон шимтгэл буюу зээлдүүлэгчийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банканд олгоогүй.Хариу төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус юм...” хэмээн агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт хийсэн. Харин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх энэ тухайд “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ”, 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч нь зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох ба зээлийн харилцаанд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа хийгддэгбайна. Өөрөөр хэлбэл, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.12.13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.8. 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтууд арилжааны банкуудад зээлийн шимтгэл авах эрх зүйн үндэслэл болсон гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6- д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлийг банкинд төлөхийг зээлдэгч зөвшөөрсөн тул уг шимтгэлийг нэг удаа авна” гэж талууд харилцан тохиролцсонбайна. Нөгөөтэйгүүр, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын зорилго нь арилжааны банкнуудын зээлийн үйл ажиллагаа, зээлийн хүү, шимтгэл, хураамж /авдаг бол түүнийг харилцагчид мэдээлэх/-ийн мэдээллийг нийтэд нээлттэй тодорхой, ойлгомжтой болгох, иргэдийн сонголт хийхэд шаардлагатай мэдээллээр хангахад чиглэсэн хэм хэмжээний акт болно.” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн зүгээс шимтгэл авахаар тогтоосон гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн үндэслэл нь “хариу төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж авах ёсгүй” буюу банкийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдэгчээс авах эрхийг хуулиар банканд олгоогүй гэж тайлбарласан. Гэвч тус шүүх зээлийн хүү болон шимтгэлийн зориулалт, ялгааг тодорхойлоогүй. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно.”, 10.3-т “Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.”, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Зээлийн ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно.” гэж тус тус заасан. Тодруулбал, хүү гэдэг нь зээл, хадгаламж, хөрөнгө оруулалтын үнэ бөгөөд хөрөнгө эзэмшигчийн хувьд орлого, ашиглагчийн хувьд зардал буюу тухайн мөнгөн хөрөнгийг ашигласны хариуд төлж байгаа төлбөр юм. Харин шимтгэл гэдэг нь санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, нийтэд мэдээллэн, харилцагчтай харилцан тохиролцсоны үндсэнд төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хүүг мөнгөн хөрөнгийг ашигласны хариуд төлдөг бол шимтгэлийг санхүүгийн үйлчилгээ авч байгаа тохиолдолд төлдөг байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт тайлбарласанчлан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 21.1, 21.2 дах хэсэгт тус тус заасны дагуу банк зээл олгох нөхцөл болзлыг тогтоосон ба Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “Монгол банкны Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 2-т “банкны үйл ажиллагааны зохистой харьцаа, хэм хэмжээ, шаардлагыг тусгасан бодлого, санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалт зэрэг асуудлаар дүрэм, журам, заавар, тушаал гаргах” гэж заасны дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.12.13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. Дээрх журмын хүрээнд банк зээлийн хүү, хугацаа, бусад нөхцөл болох шимтгэлийн хувь хэмжээ, эргэн төлөх нөхцөл зэргийг зээлдэгчид танилцуулж, зээлдэгч нь сайн дурын үндсэнд аливаа дарамт шахалтгүйгээр зээлийн шимтгэл төлсөн нь баримтаар тогтоогддог. Гэсэн хэдий ч Давж заалдах шатны шүүх “шимтгэлийг авсан нь үндэслэлтэй”, “хүү авсан тохиолдолд шимтгэл авах нь үндэслэлгүй” гэх агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн. Иймд магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гомдлыг болон хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг тус тус илэрхийлжээ.
7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.09.26-ны өдрийн 001/ШХТ2022/00885 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
8. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг агуулгаар нь хангаж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
9. Анхан шатны шүүх Г.Агийн хариуцагч “Г Б” ХХК-д холбогдох 2017.03.10-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.6-д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгана” гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу суутган авсан 559,000 төгрөгийг буцаан гаргуулах, 2017.03.10-ны өдрийн ЗГ................... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар 10,665,213 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний 2.1.6-д заасан зээлийн үнийн дүнгийн 1 хувийн шимтгэл суутгах нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагчаас 559,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн нэг шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул хуульд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч, уг алдааг залруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Нэхэмжлэгч нь “зээлийн шимтгэл төлөх гэрээний тохиролцоог хүчин төгөлдөр бус” гэж үзсэн үндэслэлээ тодорхойлохдоо “...зээлийн үнийн дүнгийн 1 хувиар шимтгэл авах эрхийг өөртөө олгосон нь зээлдэгчид илт хохиролтой, ...зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр зээлээс суутгаж, зээлийг дутуу олгосон, ...банк Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1 дэх хэсгийг зөрчсөн, ...бодит байдалд 1 хувийн зардал гараагүй, учир нь банкны зүгээс хяналт хийсэн, эрсдэлийн менежмент тооцсон ямар нэгэн ажиллагаа огт явуулаагүй, ийм зардал ч гараагүй...” гэж заасан байна.
Харин зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ “...хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээл олгохыг заасан боловч бодит байдалд Капитрон банкны өрийг дарах зорилгыг банк мэдэж байсан атлаа зээлийн гэрээ байгуулсан нь дүр үзүүлсэн хэлцэл, өөрөөр хэлбэл Капитрон банкны өрийг хаахаар урьдаас төлөвлөсөн нь зээлийн хорооны хурлын шийдвэрээр тогтоогдож байгаа, банк үйл ажиллагааныхаа журмыг зөрчсөн, бодит байдалд энэ зээлээс 9,5 сая төгрөгийг л ашигласан, иймд гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү төлөхгүй, ...хүлээн авсан 55,9 сая төгрөгийг буцаан төлнө...” гэсэн үндэслэлийг гаргажээ.
10. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Талууд аль аль нь хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээ байгуулсан,...нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулахаас өмнө Капитрон банкны зээлээ төлсөн байсан тул өөр банкны зээлийг төлөхийн тулд зээл олгох үндэслэлгүй, ...зээлийн шимтгэл нэг удаагийн шинжтэй, нийтэд урьдчилан мэдээлсэн, энэ нөхцөлийг харилцан тохиролцоод гэрээг байгуулсан, ...Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013.12.13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам”-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дах заалтуудад арилжааны банкуудад зээлийн шимтгэл авах эрх зүйн үндэслэлийг зохицуулсан, ...Банкны тухай хуулийн 10.1-д зааснаар банк өөрийн нөхцөл болзлын дагуу зээл олгож болохыг заасан...” гэсэн үндэслэл зааж, мэтгэлцсэн байна.
11. Шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж дүгнэлт өгч чадаагүй байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн үндэслэлээ тодорхойлохдоо “зээлийн шимтгэл” байж болно гэдгийг үгүйсгэж, маргаагүй, харин шимтгэлийн хэмжээг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, угаас ийм зардал гарахгүй, эдийн засгийн судалгаа, тооцоогүйгээр “1 хувь” гэж тогтоосон нь үндэслэлгүй болсон гэсэн байхад энэ талаар шүүх анхаараагүй нь маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй гэж үзнэ.
12. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “Г Б” ХХК болон Г.А нарын байгуулсан 2017.03.10-ны өдрийн ЗГ................... тоот зээлийн гэрээгээр 55,900,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй зээлдүүлэх, үүргээ зөрчсөн тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх талуудын тохиролцоог Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж үзэж, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчөөгүй байна. Уг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно. Талууд хүүтэй зээлийн гэрээ байгуулсан, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгч Г.Агийн дансанд шилжүүлж үүргээ биелүүлжээ. Нэхэмжлэгч нь өөр банкинд зээлтэй байсан боловч зээл авахаас өмнө төлбөрөө барагдуулсан, талууд зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч зээлээ авч захиран зарцуулсан байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, зөвхөн зээлээ буцааж төлнө гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
13. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс “зээлийн гэрээний 2.1.6-д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгана” гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу суутган авсан 559,000 төгрөгийг буцаан гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ..., тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа явуулах хүрээнд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс гэрээгээр тохиролцон авч болох хариу төлбөрийн талаар Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тусгайлан зохицуулсан..., Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан..., Өөрөөр хэлбэл, зээл олгосон шимтгэл буюу зээлдүүлэгчийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банкинд олгоогүй. Хариу төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус..., иймээс зээлийн гэрээний шимтгэл 559,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт нийцнэ...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.
14. Давж заалдах шатны шүүх “Зээлийн шимтгэлд зээлдүүлэгчийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хяналт, эрсдэлийн менежментийн төлбөр багтахаас гадна зээлийн шимтгэлийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банкинд олгоогүй” гэж дүгнэхдээ банкны үйл ажиллагааны журам, зээлийн хүү, зээлийн бодит өртөг, зээлийн бүтээгдэхүүний шимтгэл, хураамж зэрэг эрх зүйн асуудлыг анхаараагүйгээс гадна хуулиар тогтоосон Монголбанкны чиг үүрэг, Монголбанкнаас баталж гаргасан журмыг хэрэглээгүйгээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадсангүй. Тухайлбал:
14.1. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхтэй байна.
Монголбанкны Ерөнхийлөгч нь 2008.10.17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, 2013.12.13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам”, дээрх журамд 2015.05.12-ны өдрийн А-85 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан, үүний дараа 2018.07.23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам”-ыг тус тус шинэчлэн баталсан байх ба банкууд үйл ажиллагаандаа хуулиас гадна эдгээр журмыг дагаж мөрддөг байна.
14.2. “Зээлийн хүү” гэдэг нь зээл, хадгаламж, хөрөнгө оруулалтын үнэ бөгөөд хөрөнгө эзэмшигчийн хувьд орлого, ашиглагчийн хувьд зардал байдаг байна. Банк зээлийн бүтээгдэхүүний хувьд бодит өртгийг, харин хадгаламжийн бүтээгдэхүүний хувьд бодит үйлчилж буй хүүг тогтооно. “Зээлийн бодит өртөг” гэж зээлдэгчээр төлүүлж буй хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн хувиар илэрхийлснийг хэлдэг бөгөөд банк нь зээлийн бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга, зарласан хүү, зээлийн бодит өртөг, шимтгэл хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр үнэн зөв гарган, Монголбанкинд сар бүрийн 10-ны дотор ирүүлэх, Монголбанк мэдээллийг нэгтгэн харилцагчид харьцуулалт хийх боломжтойгоор өөрийн цахим хуудсанд байршуулах үйл ажиллагааг журамд заажээ. Энэ маргааны үед хүчин төгөлдөр, үйлчилж байсан 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ” гэж заасан, үүнээс “бусад нөхцөл”-ийн тухайд Монголбанк хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нөхөн зохицуулж журам гаргахдаа зээлийн шимтгэлийн талаар журамд зааснаас үзэхэд зээлийн хүүгээс гадна зээлийн шимтгэл байх эдийн засгийн үндэслэлийг тогтоож, банкууд үйл ажиллагаандаа шимтгэл тогтоож ирсэн нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, зээлийн хүү нь зээлийн үнэ буюу мөнгөн хөрөнгийг ашиглуулсны төлөө тогтоосон хариу төлбөр тул зээлийн хүүд зарим үйл ажиллагааны зардал болох шимтгэл, хураамж багтдаггүй, ийм ч учраас зээлийн бодит өртгийг тодорхойлоход зээлийн хүүгээс гадна шимтгэл, хураамж, бусад зардлыг тооцож, тогтоох үндэслэлийг дурдсан журамд ч заасан байна. Иймд шимтгэлийг хариу төлбөр буюу зээлийн хүүд тооцогдоно гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон.
14.3. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болдог. Банк, эрх бүхий этгээдээс зээл олгох процессын нэг хэсэгт үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн шимтгэл төлүүлэх ажиллагаа хамаарна.
Зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул хуульд заагаагүй ч эдийн засгийн утгаараа зээлийн гэрээний харилцаан дахь зардлын нэг хэсэг нь болно. Иймд зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй, ийнхүү хориглоогүй учраас зээлийн гэрээнд талууд шимтгэл тохирч байсан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй. Энэ үүднээс “зээлийн шимтгэлийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банкинд олгоогүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.
14.4. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008.10.17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан, тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д зээлийн шимтгэлд “зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн нийт 8 зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ. Энэ журмаар зээлийн шимтгэлийн харилцаа зохицуулагдаж, шимтгэлийн дээд хязгаарыг тогтоосон байжээ.
Улмаар 2021 онд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлд шимтгэл тооцох харилцааг хуульчилсан байна.
14.5. Дээрх үндэслэлээр зээлийн гэрээнд “зээлийн шимтгэл” төлөхийг тохирсон нь хуулийг зөрчөөгүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байгаагүй, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
14.6. Шимтгэл авах тухай гэрээний нөхцөл нь гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, байнга хэрэглэгдэх зорилгоор урьдчилан тогтоосон шинжтэй тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар гэрээний стандарт нөхцөл мөн.
Давж заалдах шатны шүүх зээлийн шимтгэл тохирсон гэрээний нөхцөлийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д “гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон” гэж зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн.
Гэвч хэрэгт байгаа баримтын хүрээнд зээлийн шимтгэлийн зохистой хэмжээ тогтоогдоогүй байхад зардлыг хэт өндөр эсхүл нэмэгдүүлэн тогтоосон гэж дүгнэх боломжгүй, давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлт үндэслэл муутай болсон байна.
14.7. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шимтгэлийг 1 хувиар тогтоосон нь үндэслэлгүй, ийм хэмжээний зардал гарахыг нотлох ёстой гэж тайлбар гаргасан, үүнд хариуцагч нь 2016.05.04-ний өдрийн 97 дугаар Г Бны захирлын тушаал, Хавсралт №1 /Бизнесийн зээлийн ерөнхий нөхцөл/, Хавсралт № 2 /Салбар, тооцооны төвүүдээр олгогдох шуурхай зээлийн бүтээгдэхүүний нөхцөл шаардлага/, Хавсрал №3 /Орон нутгийн салбар, тооцооны төвүүдэд олгогдох бичил зээлийн бүтээгдэхүүн нөхцөл, шаардлага/, зээлийн судалгаа, дүгнэлт, 50 саяас дээш дүнтэй ИБМУТ Тооцооны төв, Г Бны зээлийн гүйлгээ хийх шийдвэр Дугаар ЗГ................... зэрэг баримтуудыг гаргасан боловч энэ нь шимтгэлийн хэмжээ 1 хувь болохыг үндэслэлтэй тогтоогдсон гэдгийг нотлоогүй байна. /хх-80-98/
Шүүхийн практик, судалгаа, Монголбанкаас гаргасан “Зээл” гарын авлага, Монголын банкны холбооны Ерөнхийлөгчийн мэдээлэл зэрэг эх сурвалжаас үзвэл зээлийн шимтгэлийн хэмжээг 0,5-1 хувь, банкуудын хэрэглээний зээлийн дундаж шимтгэл 0,75 хувь, зарим банк бус санхүүгийн байгууллагаас 0.2 хувийн шимтгэл тогтоосон байх ба шүүхийн практикт “зээлийн шимтгэлд суутгасан 1 хувийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийг хангаж эсвэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж иржээ. Зээлийн шимтгэлийн хэмжээ нь гагцхүү бодит зардалд нийцсэн байх ёстой бөгөөд хэрэгт байгаа баримтаас үзэхэд хариуцагч энэ талаар нотлоогүй хэдий ч уг хэмжээг тогтоосон, тогтсон жишиг байхгүй тул шүүхийн зүгээс дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй, шимтгэл хэдэн хувь байх нь зохистойг дүгнэх боломжгүй байна.
14.8. Аливаа хэлцэл бүхэлдээ эсхүл хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус бол Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна. Улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шийдвэрлэгдэнэ.
Энэ маргааны хувьд талууд “шимтгэл тохирсон гэрээний нөхцөлийн хүчин төгөлдөр байдал”-ыг маргаагүй, харин шимтгэлийн хэмжээг үндэслэлгүй гэж маргаж, мэтгэлцсэн.
Зээлийн шимтгэл төлөх, уг үүргийг /хэмжээг/ нотлох, үүргийг биелүүлэхийг шаардах, эсхүл биелүүлэх ёсгүй болохыг тогтоолгох шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан нэхэмжлэл гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Хэрэгт байгаа баримтаар, талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул уг хугацааг өнгөрөөгүй гэж үзэв.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь шимтгэлийн хэмжээ үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй учраас буцаан гаргуулах гэсэн үндэслэл зааж байгаа нь гэрээний энэ үүргээсээ татгалзсан агуулгатай, иймд гэрээтэй холбоотой энэ үндэслэл ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т хамаарч байна.
14.9. Иймд зээлийн шимтгэлийг тогтооход зээлийн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос шалтгаалж тодорхой шалгуур үзүүлэлтийг баримталсан, бодит зардалд нийцсэн, Монголбанкнаас баталсан журмын дагуу энэ талаарх мэдээллийг хүргүүлсэн, холбогдох аргачлалыг нийтэд ил тодорхой байлгах мэдээлсэн зэрэг ач холбогдол бүхий баримтууд хэрэгт байхгүй, энэ талаар хариуцагч банк нотолж чадаагүй тул нэхэмжлэгч буюу зээлдэгчийг шимтгэл төлөх үүрэггүй гэж үзэж, хариуцагчаас 559,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон давж заалдах шатны шүүхийн шийдлийг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ. Анхан шатны шүүх энэ талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй байна.
15. Дээрх үндэслэлээр шимтгэл тохирсон гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрөөгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын энэ хэсгийг /энэ хэсгийн 14.2-14.7-д заасан үндэслэлээр/ хангаж, харин “шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01034 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/00461 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Г Б” ХХК-аас 559,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгон нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 205 дугаар зүйлийн 205.2.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ................... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 10,665,213 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...үлдээсүгэй... гэснийг “үлдээж, “Г Б” ХХК-аас 17,420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 186,000 төгрөг, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 17,420 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД