МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2014 оны 06 сарын 16 өдөр
- Дугаар: 131
- Улаанбаатар хот
“Хүчит шонхор” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ц.Сумъяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Болортуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонжаргал, өмгөөлөгч П.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 148 дугаар магадлалтай, “Хүчит шонхор” ХХК-ний нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Энхманлайд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Г.Энхманлай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Хүчит шонхор” ХХК-ний гүйцэтгэх захирал Т.Сайнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Шонхор" худалдааны төв 1992 онд байгуулагдаж 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж, 800 гаруй түрээслэгчидтэй ажиллаж байна.
ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Г.Энхманлай болон Улсын байцаагч Ж.Очирхуяг нараас 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 5/132 дугаар албан тоотоор мэдэгдэл ирүүлсэн, уг мэдэгдэлд “...тус захын түрээслэгчдээс ирүүлсэн "энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 250 мянган төгрөгөөс 330 мянган төгрөгийн хооронд байсан түрээсийн төлбөрийг 1 сая төгрөг болгон гэнэт нэмсэн" тухай өргөдөлийн дагуу шалгаж байгаа бөгөөд "Шонхор" худалдааны төвийн түрээсийн төлбөрийг нэмсэн эсэх талаар тайлбар, нэмсэн бол түрээсийн төлбөр нэмсэн тушаал, шийдвэрийн баталгаат хуулбар, түрээсийн төлбөр нэмсэнтэй холбогдуулан түрээслэгчидтэй байгуулсан гэрээний баталгаат хуулбар, түрээсийн төлбөр нэмэх болсон шалтгаан, үндэслэл, тооцоо, судалгааг 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн байна.
Үүний дагуу "Хүчит шонхор" ХХК-аас 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 79 тоотоор ШӨХТГ-т зохих судалгаа, үндэслэл бүхий хариу тайлбарыг албан ёсоор хүргүүлсэн.
ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Г.Энхманлай болон улсын байцаагч Ж.Очирхуяг нар 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Зөрчил арилгуулах тухай” 5/137 тоот албан шаардлагыг "Хүчит Шонхор" ХХК-д ирүүлж, уг шаардлагаар "ижил хэмжээ бүхий талбайтай объектод ялгавартай түрээсийн төлбөр тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3 -ийг зөрчиж байгаа тул ялгавартай түрээсийн төлбөр тогтоохгүй байхыг шаардаж байна" хэмээн мэдэгджээ.
... Анхнаасаа захын захиргааны зүгээс бүх лангуунд нэг ижил түрээсийн төлбөр санал болгоход түрээслэгч нар ажлын байрны байршил харилцан адилгүй байгааг илэрхийлж, лангууны түрээсийн төлбөрийг ялгаатай байх санал гаргасныг хүлээн авч харилцан тохиролцож түрээсийн төлбөрөө тогтоож гэрээгээ хийсэн байдаг.
... Түрээслэгч нарт ШӨХТГ-аас тавьж буй лангууны түрээсийн үнийг бүгдийг ижил болгох шаардлагыг танилцуулж гэрээнд өөрчлөлт оруулах болсныг мэдэгдсэн. Гэтэл түрээслэгчид гэрээнд өөрчлөлт оруулахыг үл зөвшөөрч эсэргүүцлээ бичгээр илэрхийлж гарын үсэг зурцгаасан байна.
...Түрээсийн гэрээ нь гэрээний талуудын харилцан тохиролцоо байдаг тул захын захиргаанаас бие даагаад шийдчих боломжгүй юм.
..."Хүчит шонхор" ХХК-иас 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 5/137 тоотоор Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-ийг зөрчөөгүй талаар 4 үндэслэл бүхий хариу тайлбарыг ШӨХТГ-т өгсөн. Гэтэл ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Г.Энхманлай болон улсын байцаагч Ж.Очирхуяг нараас 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 5/154 тоот албан шаардлагыг дахин давтаж ирүүлсэн учир "Хүчит шонхор" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Сайнхүү болон олон нийттэй харилцах албаны дарга Ш.Нямхүү нар 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр улсын ахлах байцаагч Г.Энхманлайгийн ажил дээр очиж биечлэн уулзаж, тайлбарыг бичгээр хүргэж өгсөн болно. Уулзалтын явцад өөрсдийн дотоод зохион байгуулалтад хийсэн өөрчлөлт, гарсан үр дүнгийн талаар улсын ахлах байцаагч Г.Энхманлайд сайтар тайлбарлаж танилцуулсан, нэгэнт түрээслэгчидтэй хийсэн гэрээнд дахин өөрчлөлт оруулахыг түрээслэгч нар зөвшөөрөөгүй учир захиргааны санаачилгаар дангаар түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах нь хууль зүйн хувьд боломжгүй юм гэдгийг тайлбарлахад улсын ахлах байцаагч Г.Энхманлай “...нөхцөл байдлыг маш сайн ойлголоо, торгууль шийтгэл тавих үндэслэлгүй юм байна, бид энэ асуудлыг үүгээр цэглэе” гэж хэлсэн.
Гэтэл ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дугаар шийтгэвэрээр "Хүчит шонхор" ХХК нь улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчил гаргасан тул ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн 27.2 дахь заалтаар 110 646 850 төгрөгөөр торгосон байна.
Энэхүү шийтгэвэрийг эс зөвшөөрч "Хүчит шонхор" ХХК-иас 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101 албан тоотоор ШӨХТГ-ын дарга О.Магнайд гомдол гаргасан бөгөөд уг гомдолд улсын ерөнхий байцаагч О.Магнай 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1/829 албан тоотоор гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй гэсэн хариу өгсөн байна.
Улсын ахлах байцаагч Г.Энхманлайгийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дугаар шийтгэврийг дараах үндэслэлээр хууль зөрчсөн хэмээн үзэж байна.
Нэг. Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. "Хүчит шонхор" ХХК нь худалдааны төв дээрээ 320 орчим ажлын байр /лангуу, павилон/ түрээслүүлж түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байна. Лангууны түрээсийн үнэ нь 188.000-800.000 төгрөгийн хооронд байхаар түрээслэгч нартай тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан байна. Лангууны түрээсийн үнэ дараах үндэслэлийн улмаас ялгаатай байна. Үүнд:
1. Түрээслэгч нар махны, хүнсний ногооны, гурил будааны, гэр ахуйн өргөн хэрэглээний барааны гэсэн төрлөөр худалдаа явуулдаг тул борлуулж буй барааны төрлөөс хамааран лангууны түрээсийн төлбөр өөр өөр байна.
2. Лангууг 3-5 түрээслэгч хамтран түрээсэлдэг бөгөөд мөн лангууг ажиллуулах цаг харилцан адилгүй.
3. Лангуунууд байршлын хувьд зарим нь дулаан байранд, зарим нь гадна талбайд, зарим нь худалдан авагч ихтэй зорчдог хэсэгт байхад, зарим нь худалдан авагч харъцангуй цөөн очдог хэсэгт байрладаг учир борлуулалтын байдлаас хамааран лангууны түрээс ялгаатай байна.
Тухайлбал гадна байрлах лангууг түрээслэгч нарын тавьсан хүсэлтийн дагуу байршлаар 3 хэсэгт хуваан түрээсийн төлбөрөө тогтоосон. а/ төв хаалганд ойрхон үйлчлүүлэгчийн орох, гарах зам дээр байрлалтай хэсэг, б/ хойд тал руу сунаж байрласан хэсэг, в/ үйлчлүүлэгчийн автомашины зогсоолын ар талд байрлалтай хэсэг гэх мэт.
Эдгээр үндэслэл бүхий шаардлагууд байгаа гэдгийг лангуу түрээслэгчдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаас тодорхой харж болно. Ер нь лангууны байршлаас хамааран түрээсийн үнэлгээ ялгаатай байх нь хэнд ч ойлгомжтой. Тэгээд ч "лангуу түрээслэх" нь "бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах"-аас утга агуулга болон гарах эрх зүйн үр дагаврын хувьд харилцан адилгүй ялгаатай ойлголт юм.
Мөн "Хүчит шонхор" ХХК нь түрээсийн үйл ажиллагаа эрхэлдгийн хувьд "давамгай байдалтай аж ахуй эрхлэгч" биш юм. Улаанбаатар хотод тус компаниас ихээр лангуу түрээслэдэг аж ахуй эрхлэгчид олон байгаа бөгөөд одоогоор манай компанийг "давамгай байдалтай аж ахуй эрхлэгч" гэж бүртгэсэн албан ёсны эрх зүйн акт байхгүй /бидэнд албан ёсоор мэдэгдээгүй/ байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл "Хүчит шонхор" ХХК-ний лангуугаа ялгаатай үнээр түрээсэлснийг Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-ыг зөрчсөн гэж үзээд бүх лангуугаа ижил үнээр түрээслэх шаардлага бүхий улсын ахлах байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дугаар шийтгэвэр нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-ыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Хоёр: Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-ыг хэрэглэх ёсгүй байсан. Хэрэв "Хүчит шонхор" ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-ыг зөрчсөн гэж үзвэл Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.2-ыг хэрэглэх ёстой. Гэтэл "өмнөх жилийн орлогыг тооцох боломжгүй" гэж үзээд Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-ыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь "Хүчит Шонхор" ХХК-ний орлого болон татвартай холбоотой албан ёсны мэдээллийг татварын байгууллагаас авах бүрэн боломжтой.
Гурав: Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.4 болон 13.2.5-ыг тус тус зөрчсөн байна. Өрсөлдөөний тухай хуулийн 14.1-д "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн" гэж заасан байдаг.
ШӨХТГ-аас лангууны түрээсийн үнийг бууруулж, ижил болгох шаардлага тавьсан нь, мөн "Хүчит Шонхор" ХХК-нийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэж зах зээлийг хууль бусаар хувиарлаж байгаа нь төрийн захиргааны байгууллагад хуулиар хориглосон үйлдэл юм. Иймд улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дугаар шийтгэвэр нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.4, 13.2.5-д заасныг тус тус зөрчсөн байна.
Дөрөв: Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хуулийн зөрчил гаргаагүй байхад торгож ЗХХШТХ 9.1.7-д заасан "'захиргааны акг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэсэн нөхцлийг хангасан, хуулиар хориглосон шийдвэр гаргаж Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.4, 13.2.5-ыг тус тус зөрчсөн. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-ийг хэрэглэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээр ЗХХШТХ 9.1.9-д заасан бусад холбогдох хууль зөрчсөн" гэсэн нөхцлийг хангасан. Иймд 0000109 дугаар шийтгэвэр болох захиргааны актыг ЗХХШТХ 9.1.7, ЗХХШТХ 9.1.9-д заасан захиргааны акт илт хууль бус байх нөхцлийг хангасныг тогтоож ЗХХШТХ 70.2.3-т заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү" гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Энхманлай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Хүчит шонхор" ХХК-иас гаргасан ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 тоот шийтгэвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
ШӨХТГ-ын дэд даргын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/37 тоот удирдамжийн дагуу "Хүчит Шонхор" ХХК-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг хийж, Шонхор худалдааны төвийн ижил хэмжээ бүхий талбайтай объектод ялгавартай түрээсийн төлбөр тогтоож түрээслэгч нараас хураан авч Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3-т заасныг зөрчсөн болохыг тогтоосон.
Улмаар зөрчлөө арилгахыг “Хүчит шонхор” ХХК-нд мэдэгдэж, албан шаардлага хүргүүлсэн боловч зөрчлөө арилгаагүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т дахь заалтыг зөрчсөн “Хүчит шонхор” ХХК-нд Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-т заасны дагуу 110,646,850 төгрөгийн торгуулийг ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дугаартай шийтгэвэрээр ногдуулсан.
1. ...Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд тухайн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглосон тохиолдлуудыг хуульчилсан байна. Гэтэл “Хүчит шонхор” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т заасныг зөрчин Шонхор худалдааны төвийн лангуу, павилон, чингэлэгийг түрээслүүлэхдээ тухайн объектийн эзлэхүүн, хэмжээнээс үл хамаарч ялгавартай байдлаар түрээсийн төлбөрийг тогтоож, түрээслэгч нараас авдаг байна.
Ийнхүү давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн зүгээс түрээслэгч аж ахуй эрхлэгчдийн дунд ялгавартай байдлыг бий болгож, өрсөлдөх нөхцлийг хязгаарласан үйлдлийг хуулиар хориглодог.
...Иймд "... борлуулж буй барааны төрлөөс хамааран лангууны түрээсийн төлбөр өөр өөр байна" гэсэн тайлбар үндэслэлгүй юм.
2. ...Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ...заасны дагуу Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалт нь түрээсийн үйлчилгээний зах зээлд нэгэн адил хамаарна.
Иймд “...лангуу түрээслэх нь бараа бүтээгдэхүүн борлуулахаас утга агуулга болон гарах эрх зүйн үр дагаварын хувьд харилцан адилгүй ялгаатай ойлголт” гэсэн нь үндэслэлгүй юм.
ШӨХТГ-ын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай ” тогтоолоор “Хүчит шонхор” ХХК-ийг Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй түрээсийн үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоон бүртгэсэн байдаг. Энэ тухай ШӨХТГ-ын 2012 оны 1/1248 дугаартай албан бичгээр “Хүчит шонхор” ХХК-нд мэдэгдсэн тул “...давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
3. ...Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-ийг хэрэглэх ёсгүй байсан гэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь хяналт шалгалтын явцад тус газраас "Хүчит шонхор" ХХК-ийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан балансыг гаргуулан авч судлан үзэхэд уг компанийн түрээсийн үйлчилгээний борлуулалтын орлого тогтоогдох боломжгүй байсан тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-т заасныг үндэслэн "Хүчит шонхор" ХХК-ийн 2012 оны 4-р улирлын санхүүгийн тайлангийн баланс хэсгийн 2.3.20-д тэмдэглэгдсэн Эзэмшигчийн өмчийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийг шийтгэвэрээр ногдуулсан.
4. ... "Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.4 болон 13.2.5-ыг тус тус зөрчсөн" гэх үндэслэлийн хувьд үндэслэлгүй болох нь дараах байдлаар нотлогдож байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь "Зөрчлийг арилгуулах тухай" 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 5/137 дугаартай, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5/154 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагаар ижил хэмжээ бүхий талбайтай объектод ялгавартай түрээсийн төлбөр тогтоохгүй байхыг, Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т заасныг зөрчихгүй байхыг "Хүчит шонхор" ХХК-иас тус тус шаардсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 20.2 дахь хэсэг, 20.3,1 дэх хэсэгт үндэслэсэн байдаг.
...Иймд "Хүчит шонхор" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 0000109 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дүгээр шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 148 дугаар магадлалаар: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Г.Энхманлай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:
Үндэслэл нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг /шийдвэрийн хуудас 10/-т ...Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.З. “... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах..." гэж зааснаар “Хүчит шонхор” ХХК-ийг ноёлох үйл ажиллагаа явуулах зорилгоор лангууны түрээсийн төлбөрийг ялгавартай тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан.
Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх үндэслэлийг дараах байдлаар хуульд нийцээгүй, Өрсөлдөөний тухай хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгч талыг илтэд хамгаалсан гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргасан.
ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар “Хүчит шонхор” ХХК-ийн зүгээс өөрийн “Шонхор” худалдааны төвд гадаа байрлалтай мах худалдаалдаг 20 тоннын багтаамжтай ижил зориулалт бүхий чингэлгүүдийн түрээсийн төлбөрийг 6 дугаар сар хүртэл хугацаанд 150.000-470.000 хүртэл төгрөгөөр, 6 дугаар сараас 350.000 – 900.000 хүртэл төгрөгөөр тогтоож хураан авсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.3. “... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах..." гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг.
Харин бусад төрлийн буюу хүнсний ногооны, гурил будааны, гэр ахуйн өргөн хэрэглээний барааны гэсэн төрлөөр худалдаа явуулдаг лангуунуудын түрээсийн төлбөрийг тогтоосон байдал нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээгүй юм.
Гэтэл шүүгч ШӨХТГ-аас “Шонхор” худалдааны төвийн бүх төрлийн худалдаа хийдэг лангууны түрээсийг ялгавартай тогтоосон гэх үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзсэн мэтээр тайлбарлаж, үүнийг үндэслэл болгон шийдвэрээ гаргасан нь нөхцөл байдал, хариуцагч талын тайлбар, нотлох баримтуудыг үнэн зөвөөр үнэлээгүй гэх үндэслэл болсон.
Үндэслэл хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалд "үүнээс үзвэл давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулахдаа бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг хаан боогдуулах зорилготой бол энэ нь хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаанд хамаарах бөгөөд харин өөрийн түрээсийн зүйл болох лангууны байршил, ажиллах цаг зэрэг ялгаатай нөхцөл байдалтай нь уялдуулан түрээсийн төлбөрийг ялгавартай тогтоосныг Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй бөгөөд дээр дурдсан зөрүүтэй нөхцөл байдлаас үүдэн ийнхүү ялгавартай төлбөр тогтоосон нь түрээслэгч буюу хэрэглэгчийн хүсэл зоригт нийцсэн үйл ажиллагаа байна." /магадлалын хуудас 8-ийн 2 дахь догол мөр/ гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэгч талд ашигтайгаар буруу тайлбарлан хэрэглэсэн, нөгөөтэйгүүр Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5, 4.1.7 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.1.1 дэх заалтыг тус тус буруу хэрэглэсэн гэх үндэслэл болсон.
Учир нь “Хүчит шонхор” ХХК-ийн зүгээс өөрийн “Шонхор” худалдааны төвд гадаа байрлалтай мах худалдаалдаг 20 тоннын багтаамжтай 50 ширхэг ижил зориулалт бүхий чингэлгүүдийн түрээсийн төлбөрийг ялгавартай тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг зөрчсөн байдаг.
Харин шүүхийн зүгээс дээрх 50 ширхэг ижил төрлийн лангууны зарим цөөн хэдэн түрээслэгчдийн гэрчийн мэдүүлэгт тулгуурлан нийт түрээслэгч нарын хүсэл зоригт нийцсэн үйл ажиллагаа болсон гэж дүгнэсэн нь буруу болсон. Мөн хэрэглэгчийн хүсэл зоригт нийцсэн үйл ажиллагаа болсон гэдэг нь ямар ч нотлох баримт болон гэрчийн мэдүүлэгт үндэслээгүй байгаа нь хэргийн байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоогоогүй гэх үндэслэл болж байна.
Нөгөөтэйгүүр түрээсийн зүйл болох лангууны байршил, ажиллах цаг зэрэг ялгаатай нөхцөл байдалтай нь уялдуулан түрээсийн төлбөрийг ялгавартай тогтоосныг Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь буруу болсон.
Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "бараа бүтээгдэхүүн" гэж зах зээлд худалдах, солилцох, эргэлтийн өөр нэг хэлбэрт оруулах зориулалттай бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, ажил, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг гэж тодорхойлсон бөгөөд “Хүчит шонхор” ХХК-ийн хувьд бараа бүтээгдэхүүн нь "түрээсийн үйлчилгээ" болж байна. Харин Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "бараа бүтээгдэхүүний хүрээ" гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг гэж тодорхойлсны дагуу “Хүчит шонхор” ХХК-ийн уг хэрэгт холбогдож буй түрээсийн үнийг нь ялгавартай тогтоосон бараа бүтээгдэхүүний хүрээ нь мах худалдаалах зориулалт бүхий 20 тоннын чингэлэг байна.
Учир нь мах худалдаалдаг нэг аж ахуй эрхлэгчийн хувьд бараагаа борлуулах үйл ажиллагааг “Шонхор” худалдааны төвд байрлалтай мах худалдаалах зориулалттай аль ч чингэлэгт явуулах боломжтой тул эдгээр чингэлгүүд нь харилцан орлох бараанууд болж байна. Уг лангууны ажиллах цагийн хувьд бүгд 50-лаа “Шонхор” худалдааны төв нээгдэх цагт онгойж, хаагдах цагт хаагдахаар ижил цагаар ажиллах боломжтой бөгөөд байршлын хувьд бүх лангуу “Шонхор” худалдааны төвийн хашаан дотор зэрэгцэн байрладаг.
Дээрх байдлаар анхан шатны шүүхийн зүгээс хэргийн байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтооход хангалттай нотлох баримтыг цуглуулалгүй, цөөн хэдэн гэрчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д "Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэсэн заалтыг зөрчсөн, харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.2-т "Захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байвал давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 88.1.1, 88.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх байсан боловч хуулийн энэхүү заалтыг хэрэглээгүй байгаа нь хууль бус болсон.
Үндэслэл гурав. Шүүхийн магадлалд "... Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д тодорхойлсон ноёлох үйл ажиллагаа гэдэгт түрээсийн үйлчилгээ үзүүлж буй давамгай байдалтай аж ахуйн нэгж болох "Хүчит шонхор" ХХК-иас ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг хаан боогдуулах, шахан гаргахад чиглэсэн үйл ажиллагааг ойлгохоос бус өөрийн үйлчилгээг авч буй аж ахуй эрхлэгч болох түрээслэгчид ялгавартай төлбөр тогтоосон тохиолдлыг хориглосон заалт гэж үзэхээргүй байна" /магадлалын 8-р хуудас, 4 дэх догол мөр/, "нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс ижил талбай бүхий объектуудыг ялгавартай үнээр түрээслүүлсэн зорилго нь ноёлох үйл ажиллагаа гэж үзэхээргүй ба түрээслэгчийн борлуулж буй бараа бүтээгдэхүүн болох лангуу нь талбай, зориулалтын хувьд ижил ч гэсэн байршил, ажиллах цаг, нөхцөл боломжийн хувьд ялгаатай байдгаас үзвэл эдгээр лангуунуудыг ижил төрлийн бараа гэж үзэхэд учир дутагдалтай байх тул "байршлаас хамаарч лангууны түрээсийн үнэлгээ ялгаатай байдаг, ... ноёлох үйл ажиллагаа явуулах зорилгоор лангууны түрээсийн төлбөрийг ялгаатай тогтоосон гэх үндэслэлгүй" гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна" /9-р хуудас, 3 дахь догол мөр/ гэсэн нь дараах үндэслэлүүдээр хууль тогтоомжид нийцэхгүй болох нь нотлогдохоор байна. Үүнд:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "ноёлох үйл ажиллагаа" гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг гэж тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалд хуулийн энэхүү заалтыг зөвхөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчдэд хамааруулж, бусад буюу “Хүчит шонхор” ХХК-ийн үйлчилгээг авч буй аж ахуй эрхлэгч болох түрээслэгчид хамааруулахгүйгээр тайлбарлан тэдэнд ялгавартай төлбөр тогтоосон тохиолдлыг хориглосон заалт гэж үзэхгүй гэсэн нь хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болсон байна.
Гэтэл хууль санаачлагчид, батлагчид /УИХ болон гишүүд/ Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан бусад аж ахуй эрхлэгч гэдэгт "тухайн аж ахуй эрхлэгчийн өрсөлдөгч, харилцагчид буюу бизнесийн түншүүд, тэдгээрээс бараа бүтээгдэхүүн худалдан авагчид"-ыг ойлгон хууль тогтоомжийг батлан гаргасан байдаг. Хуулийн энэхүү зохицуулалтыг бусад улс орны болон олон улсын өрсөлдөөний байгууллагууд мөн ийнхүү ойлгон хэрэгжүүлдэг.
Тухайлбал Европын холбооны гэрээнүүдийн нэгтгэлийн Лесабонийн хэлэлцээрээр баталсан хувилбарт Өрсөлдөөний зохицуулалтын хэсэг /102 цикк, хуучнаар Европын нэгдлийн 82 цикк/-т "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бусад худалдааны түншүүдтэйгээ ялгаатай нөхцөл хэрэглэж, үүний улмаас тэдэнд өрсөлдөх сул талыг бий болгох нь давамгай байдлаа хууль бусаар ашигласанд тооцогдоно" гэж заасан байдаг. Үүний дагуу Европын холбооны гишүүн орнууд энэхүү зохицуулалтад нийцүүлэн дотоодын хууль тогтоомжоо гаргасан байдаг. Ийм төрлийн зохицуулалт бүхий заалтууд бусад олон орны өрсөлдөөний хуулинд байдаг.
Тухайн хэрэгт холбогдох Өрсөлдөөний тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.3. ... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах..." гэж зааснаас үзэхэд давамгай байдалтай этгээд нь өөрөөс бусад этгээдэд өөрийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулж байгаа нь ноёлох үйл ажиллагаанд тооцогдохоор хуульчилсан байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: гэж заасны дагуу хуулийн 7.1.1-7.1.12 дахь заалт тус бүрт хориглосон үйлдэл нь ноёлох үйл ажиллагаа гэж ойлгохоор байх боловч шүүхийн зүгээс хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хуулийн заалтыг зөвхөн үгийнх нь шууд утгаар ойлгож, хэрэглэх зарчмыг алдагдуулж байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3 дахь заалттай ижил заалтыг олон улсад хэрэглэхдээ хэрвээ үнийн ялгаа нь нийлүүлэлтийн зардлын ялгаанаас болоогүй бол өрсөлдөөнийг хязгаарлаж, түүнд саад учруулах ноёлох үйл ажиллагаа явуулах зорилготой байх бөгөөд хууль зөрчсөн гэж үздэг.
2. Энэхүү гомдлын үндэслэл нэг хэсэгт дурдсанчлан Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "бараа бүтээгдэхүүний хүрээ" гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг" гэж тодорхойлсны дагуу мах худалдаалдаг нэг аж ахуй эрхлэгчийн хувьд бараагаа борлуулах үйл ажиллагааг Шонхор худалдааны төвд байрлалтай мах худалдаалах зориулалттай аль ч чингэлэгт явуулах боломжтой тул эдгээр чингэлгүүд нь харилцан орлох бараанууд буюу ижил төрлийн бараа болж байгаа юм. Хуулийн энэхүү заалтаас харахад барааны байршил, ажиллах цагаас шалтгаалж ялгавартай үнэ тогтоох үндэслэлгүй бөгөөд зөвхөн харилцан орлох байдлыг нь харгалзан үзэж ижил төрлийн бараа гэж үзэхээр байна.
Харин лангууны ажиллах цагийн хувьд бүгд 50-лаа “Шонхор” худалдааны төв нээгдэх цагт онгойж, хаагдах цагт хаагдахаар ижил цагийн хуваарийн дагуу ажиллах боломжтой бөгөөд байршлын хувьд бүх лангуу “Шонхор” худалдааны төвийн хашаан дотор зэрэгцэн байрладаг.
Гэтэл шүүхийн зүгээс ажиллах цагийн хувьд ялгаатай байдаг гэдгийг зөвхөн нэхэмжлэгч талын аман тайлбараар дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан нотлох баримтад тулгуурлаагүй буруу шийдвэр болсон.
Шүүхийн зүгээс уг хэргийн байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох үүргээ биелүүлэх зорилгоор, нотлох баримт цуглуулах үүргийнхээ дагуу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 заасанчлан “Шонхор” худалдааны төвд үзлэг хийж дээрх байдлыг бүрэн тогтоох боломжтой байсан. Гэвч шүүх уг үүргээ биелүүлэлгүй зөвхөн нэхэмжлэгч талын аман тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл болж байна.
Үндэслэл дөрөв. Анхан шатны шүүх "ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийтгэврээр ногдуулсан торгуулийн хэмжээг тогтооход “Хүчит шонхор” ХХК-ийн борлуулалтын орлогыг тодорхойлох боломжтой байхад орлого тооцох боломжгүй гэх үндэслэлээр 110.646.850 төгрөг төлүүлэхээр шийтгэвэр оногдуулсан нь үндэслэлгүй байна" /шүүхийн шийдвэрийн 11-р хуудас, 3 дах догол мөр/ гэсэн нь үндэслэлгүй болсон.
Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т "энэ хуулийн 6.2, 7.1-д заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрөв хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах" гэж заасны дагуу зөрчил гаргасан “Хүчит шонхор” ХХК-ийн тухайн зөрчилд холбогдох бараа бүтээгдэхүүнээс олсон орлогын хэмжээг албан ёсны үнэн зөв бодитой баримтаар нотлох боломжгүй бөгөөд аливаа аж ахуй эрхлэгчийн тухайн жилийн борлуулалтын орлогын хэмжээг албан ёсоор санхүүгийн тайлан, балансаар гаргадаг.
Гэвч энэхүү санхүүгийн тайлан, балансаас тухайн аж ахуй эрхлэгчийн борлуулж буй олон төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг бараа бүтээгдэхүүн тус бүрээр тодорхойлоогүй байдаг.
Иймээс улсын байцаагч нь “Хүчит шонхор” ХХК-ийн уг зөрчилд холбогдох бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг албан ёсны үнэн зөв, бодитой баримтаар тооцох боломжгүй гэж үзэн Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу “Хүчит шонхор” ХХК-ийн 2012 оны 4-р улирлын санхүүгийн тайлангийн Баланс хэсгийн 2.3.20-т тэмдэглэгдсэн Эзэмшигчийн өмчийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний /төгрөгийн/ торгуулийг шийтгэврээр ногдуулсан.
...Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (цаашид ШӨХТГ гэх)-ын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дугаар шийтгэвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
ШӨХТГ нь “Хүчит шонхор” ХХК-ийн захын түрээслэгчдээс ирсэн гэх “...түрээсийн төлбөрийг гэнэт нэмсэн” тухай өргөдлийг үндэслэн тус компанийн түрээсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, “...ижил хэмжээ бүхий талбайтай объектод ялгаатай төлбөр тогтоож, түрээслэгч нараас хураан авсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/137, 2013 оны 07 дугаар сарын 04-гий өдрийн 5/154 дүгээр “...ялгавартай түрээсийн төлбөр тогтоохгүй байхыг” шаардсан “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагуудыг “Хүчит шонхор” ХХК-нд тус тус хүргүүлсэн, “...улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй” гэх үндэслэлээр ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Г.Энхманлай 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дүгээр шийтгэвэрээр “Хүчит шонхор” ХХК-ийг 110,646.850 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч “...түрээсийн төлбөрийг ижил хэмжээтэй болгох талаар компанийн саналыг түрээслэгч нар зөвшөөрөөгүй”, “...түрээслэгч нарын тавьсан хүсэлтийн дагуу ажлын байрыг байршлаар нь 3 хэсэгт хуваан түрээсийн төлбөр тогтоосон” гэж, хариуцагч “...ижил төрлийн чингэлэгүүдийг ялгавартай үнээр түрээслэж байгаа ... нь бусад этгээдэд өөрийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулж байгаа ноёлох үйл ажиллагаанд тооцогдоно” гэж маргасан байна.
ШӨХТГ-ын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдааны төв, захуудын түрээсийн үйлчилгээний зах зээлд “Хүчит шонхор” ХХК-ийн “Хүчит шонхор” захыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон, нэхэмжлэгч “...манайх давамгай биш” гэж, хариуцагч “...давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тухай мэдэгдсэн” гэж маргах боловч нэхэмжлэгч уг тогтоолд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй.
1. “…өрсөлдөх нөхцлийг хязгаарласан” гэх талаар:
ШӨХТГ-аас тогтоосны дагуу “Хүчит шонхор” ХХК нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “худалдааны төв, захуудын түрээсийн үйлчилгээний зах зээл”-д давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “өрсөлдөгч гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг” ойлгохоор заасны дагуу “Хүчит шонхор” ХХК нь “...захын түрээсийн үйлчилгээний зах зээл”-д өрсөлдөгч байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “бараа бүтээгдэхүүн гэж зах зээлд худалдах, солилцох, эргэлтийн өөр нэг хэлбэрт оруулах зориулалттай бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, ажил, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг” ойлгохоор заасны дагуу “Хүчит шонхор” ХХК-ийн зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн нь “түрээсийн үйлчилгээ” бөгөөд тус компанийн “Шонхор” захад лангуу, чингэлэг түрээслэгч нар нь түрээсийн үйлчилгээний зах зээлд “Хүчит шонхор” ХХК-тай өрсөлдөгч биш, түрээсийн үйлчилгээ авагч буюу “хэрэглэгч” байна.
Хариуцагчаас “...“Хүчит шонхор” ХХК нь ... ижил хэмжээ бүхий талбайтай объектод ялгавартай төлбөр тогтоосон нь ... түрээслэгч аж ахуй эрхлэгчдийн дунд ялгавартай байдлыг бий болгож, өрсөлдөх нөхцлийг хязгаарласан” гэжээ.
“Хүчит шонхор” ХХК болон түрээслэгч нар нь зах зээлд өрсөлдөгч биш, өөр өөр зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байхад “/хэрэглэгчийн/ ...өрсөлдөх нөхцлийг хязгаарласан” гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүйн дээр Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.7-д зааснаар “бараа бүтээгдэхүүний хүрээ” нь “түрээсийн үйлчилгээ”-тэй харилцан орлож болох үйлчилгээний төрөл байхаар тодорхойлогдсон тул “/түрээсийн үйлчилгээ/-ний хүрээ нь ... мах худалдаалах зориулалт бүхий 20 тоннын чингэлэг байна” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд “...“Хүчит шонхор” ХХК-иас ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг хаан боогдуулах, шахан гаргахад чиглэсэн үйл ажиллагааг /явуулаагүй/, өөрийн үйлчилгээг авч буй аж ахуй эрхлэгч болох түрээслэгчид ялгавартай төлбөр тогтоосон...-ыг хуулиар хориглосон гэж үзэхээргүй байна” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна .
2. “…ижил хэмжээ бүхий чингэлэгт ялгаатай төлбөр тогтоосон” гэх талаар:
“Хүчит шонхор” ХХК нь “Шонхор” захын хашаан дотор 20 тоннын багтаамжтай чингэлэг (павилон)-үүдийг жижиг бараа, гурил, хүнсний ногооны, махны бөөний худалдааны зориулалтаар түрээслүүлдэг бөгөөд түрээсийн үнэ нь 2013 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө 150,000-470,000 төгрөг, үүнээс хойшхи хугацаанд чингэлэгийн түрээсийн үнийг жижиг бараанд 350,000, гурилд 800,000, хүнсний ногоонд 500,000, махны бөөний худалдаанд 500,000-900,000 төгрөг байхаар тус тус тогтоосон, ийнхүү тогтоохдоо түрээслэгч нарын саналыг авч, хурлаар хэлэлцүүлсэн, харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь хэргийн оролцогчдын тайлбар, хурлын үйл ажиллагааны бичлэг (CD), түрээслэгч нарын тайлбар, “Түрээсийн гэрээ” зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хариуцагч “...хүнсний ногооны, гурил будааны, гэр ахуйн өргөн хэрэглээний барааны гэсэн төрлөөр худалдаа явуулдаг чингэлэгийн түрээсийн төлбөрийг тогтоосон байдал нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээгүй ... зөвхөн мах худалдаалдаг чингэлэгүүдийн хувьд Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т ... заасныг зөрчсөн гэж үзсэн” гэж, нэхэмжлэгч “...мах худалдаалах зориулалттай чингэлэгүүдийг түрээслэгчдийн саналын дагуу байршлаар нь хашааны төв хаалганд ойрхон үйлчлүүлэгчийн орох, гарах зам дээр байрлалтай, хашааны хойд тал руу сунаж байрласан, үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолын ар талд байрлалтай гэж 3 хэсэгт хуваан, түрээсийн төлбөрөө ялгавартай тогтоосон, ... учир нь худалдан авагч ихтэй зорчдог, худалдан авагч харъцангуй цөөн очдог хэсэг зэрэг нь борлуулалтад нөлөөлдөг, ... өдөржин нар тусдаг, сүүдэрт байрладаг зэрэг хүчин зүйлээс шалтгаалж махны чингэлэгүүдийн эрэлт, түрээслэгчдийн тоо өөр өөр байдаг” гэжээ.
Худалдаа хийх зорилгоор лангуу, чингэлэг түрээслэж буй этгээдийн сонирхол нь ямар нэг лангуу, чингэлэгт бус түүний бараа борлуулах зорилгод нийцэхүйц “байршил” гэдэг нь илэрхий юм.
Өөрөөр хэлбэл, аж ахуй эрхлэгч нь “Хүчит шонхор” ХХК-аас чингэлэг түрээслэхдээ түүнийг авч явах, өөр газар тавьж ашиглахаар бус захын хашаанд буюу ашигтай байрлалд махны худалдаа эрхлэх зорилготой тул хууль зүйн агуулгаараа “Хүчит шонхор” ХХК-ийн түрээсийн үйлчилгээний гол зүйл нь “ашигтай байршил” бөгөөд “чингэлэг” нь түүний дагалдах зүйл буюу “гол эд юмсд үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий эд хөрөнгө” гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч “...чингэлэгүүд бүгд захын хашаан дотор байрладаг /тул/ ... ижил” гэх боловч Улаанбаатар хотын эдэлбэр газар, хилийн цэст багтаж байгаа бүх байршил үнэ цэнийн хувьд ижил гэх боломжгүйтэй адил захын хашаан доторх бүх байршил ижил ашигтай гэж үзэх боломжгүй юм.
Газар нь байршлаасаа хамаарч үнэлэгддэг бөгөөд байршлаас хамаарсан үнийн ялгааг “нийлүүлэлтийн зардлын ялгаа”-тай холбон үзэх үндэслэлгүй тул бараа борлуулах зориулалтаар худалдааны төв, захуудад түрээслүүлж буй лангуу, тавиур, чингэлэг, павилон нь байршлаасаа хамаарч үнэлэгдэх боломжийг Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон гэж үзэх, “/худалдааны төв, захад/...ижил хэмжээ бүхий талбайтай объектод ялгавартай төлбөр тогтоосон нь ... өрсөлдөөнийг хязгаарлаж, түүнд саад учруулах зорилготой байсан” гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байжээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 189.4-т “тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй” гэсний дагуу түрээслэгч, түрээслүүлэгчийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд гэрээгээр харилцан үүрэг хүлээсэн байхад төрийн захиргааны байгууллага болох ШӨХТГ-аас гэрээний нэг тал (“Хүчит шонхор” ХХК)-д гэрээний үнийг дангаараа өөрчлөхийг шаардсан нь хууль бус байна.
3. “…ноёлох үйл ажиллагаа явуулсан” гэх талаар:
Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ноёлох үйл ажиллагаа”-г тодорхойлсон, 7 дугаар зүйлийн 7.1-д “давамгай байдлаа хууль бусаар ашиглах” үйл ажиллагааны төрлүүдийг тоочжээ.
Хуулийн зохицуулалтын бүтэц, агуулгаас үзэхэд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь зах зээлд ноёлох (давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулах)-ын тулд уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглосон гэж үзэхээр байна.
“Хүчит шонхор” ХХК болон түрээслэгч нар нь харилцан тохиролцож, байршлын онцлог, нэг чингэлэгт олон тооны аж ахуй эрхлэгч ажиллаж болох нөхцлөөс хамааруулан чингэлэгийн түрээсийн төлбөрийг ялгавартай тогтоосон, “Түрээсийн гэрээ”-ний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсгэснийг “Хүчит шонхор” ХХК “...Чингэлтэй дүүрэгт “түрээсийн үйлчилгээний” зах зээлд ноёлох зорилгоор” чингэлэгийн үнийг ялгавартай тогтоосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн “...“Хүчит шонхор” ХХК-ийг ноёлох ... зорилгоор лангууны түрээсийн төлбөрийг ялгавартай тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт зөв, “...зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзахыг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид хориглосон байтал ..түрээсийн ялгавартай үнэ тогтоосон нь ... ноёлох үйл ажиллагаа мөн” гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолыг хүлээж авах боломжгүй байна.
4. “...шийтгэвэрийг хугацаанд нь биелүүлээгүй” гэх талаар:
ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Г.Энхманлай, улсын байцаагч Ж.Очирхуяг нар “...ялгавартай түрээсийн төлбөр тогтоохгүй байхыг” шаардсан албан шаардлагуудыг “Хүчит шонхор” ХХК-нд хүргүүлсэн, уг албан шаардлагыг 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор биелүүлэхийг шаардсан тул “...түрээсийн гэрээгээр тохиролцсон төлбөрийн хэмжээг компани дангаараа өөрчлөх боломжгүй” гэх тайлбар, уг албан шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар зөвлөгөө өгөхийг хүссэн албан бичгүүдийг “Хүчит шонхор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Сайнхүү, Олон нийттэй харилцах албаны дарга Ш.Нямхүү нараас 2013 оны 06 дугаар сарын 11 өдрийн 85, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 94, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 95, мөн өдрийн 96 дугаар албан бичгүүдээр ШӨХТГ-т ирүүлсэн байна.
“Түрээсийн гэрээ” хүчин төгөлдөр болсноор түрээсийн зүйлд бусдын эзэмшил үүссэн, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар түрээслэгч “Түрээсийн гэрээ”-ний дагуу үүссэн үүргийн гүйцэтгэлийг түрээслүүлэгчээс шаардах эрхтэй байх тул ШӨХТГ-ын ирүүлсэн “түрээсийн төлбөрийг /тэгшитгэж/ өөрчлөх” албан шаардлагыг “Хүчит шонхор” ХХК биелүүлэх боломжгүй байжээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “...аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах...” хуулийн зорилт, 4 дүгээр зүйлийн 4.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг ШӨХТГ-ын улсын байцаагч нар илтэд буруу ойлгон хэрэгжүүлж, бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчихөд хүргэх буюу биелэгдэх боломжгүй албан шаардлага тавьсан, “...улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй” гэх үндэслэлээр 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Хүчит шонхор” ХХК-ийг 110,646.850 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 0000109 дүгээр шийтгэвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн, хууль бус захиргааны акт байна.
Иймд ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Г.Энхманлайгийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дүгээр шийтгэвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү хэргийг шийдвэрлэх явцад Танхимын тэргүүн М.Батсуурь Өрсөлдөөний тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах асуудлаар тусгай санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 148 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА