МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2022 оны 10 сарын 05 өдөр
- Дугаар: 142
- Улаанбаатар хот
Ё.Б, Б.М, Ц.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгчдийн өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Дашцэрэн, Ж.Чимэддулам, Д.Долгорсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар магадлалтай, Ё.Б, Б.М, Ц.Ө нарт холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг шүүгдэгч Ё.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Дашцэрэн, Ж.Чимэддулам, Д.Долгорсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 0 дугаар баг, Гантын хөтөл ус, Хужиртын бууц гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б овогт Ё-ын Б
2.Монгол Улсын иргэн, 2000 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, аав, ээж, 4 дүүгийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар баг Гантын хөтөл ус Хужиртын бууц гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн М,
3.Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 0 дугаар баг Гантын хөтөл ус, Хужиртын бууц гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б овогт Ц-ны Ө.
Ё.Б нь төрсөн хүү Б.М-тай бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар баг “Ш” гэх газар хохирогч П.Н-ыг гараар болон төмрөөр цохиж олон тооны амь насанд аюултай гэмтлүүдийг үүсгэн гавал тархины ил гэмтэл учруулан түүнийг санаатай алсан, улмаар цогцсыг тус сум дахь “Цагаан овоо”-ны нүүрсний уурхай руу тээврийн хэрэгслээр зөөвөрлөн тогтоол усанд живүүлсэн,
мөн төрсөн хүү Б.М-тай бүлэглэн амь хохирогчийн унаж явсан улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг тус сум дахь “Цагаан овоо”-ны нүүрсний уурхайн тогтоол усанд хаяж гэмт хэргээ нуун далдлах зорилгоор бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.М нь төрсөн эцэг Ё.Б бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар баг “Ш” гэх газар хохирогч П.Н-ыг гараар болон төмрөөр цохиж олон тооны амь насанд аюултай гэмтлүүдийг үүсгэн гавал тархины ил гэмтэл учруулан түүнийг санаатай алсан, улмаар цогцсыг тус сум дахь “Ц”-ны нүүрсний уурхай руу тээврийн хэрэгслээр зөөвөрлөн тогтоол усанд живүүлсэн,
мөн төрсөн эцэг Ё.Б бүлэглэн амь хохирогчийн унаж явсан улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг тус сум дахь “Цагаан овоо”-ны нүүрсний уурхайн тогтоол усанд хаяж гэмт хэргээ нуун далдлах зорилгоор бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Ө нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар баг “Гантын хөтөл ус” гэх газар 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Талийгаач П.Н-тай 2021 оны 8 дугаар сарын сүүлээр байх манайд ирж байдас сурсан түүнээс хойш дахиж ирээгүй. Би П.Н-тай уулзаагүй” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Ё.Б, Б.М нарыг бүлэглэн хүнийг алах, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх,
Ц.Ө-ыг худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Ё.Б, Б.М нарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т зааснаар 14 жилийн хорих,
мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Ц.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ё.Б, Б.М нарт тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн Ё.Б, Б.М нарын биечлэн эдлэх ялыг тус бүр нь 14 жил, 3 сарын хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Ё.Б, Б.М нарт оногдуулсан 14 жил, 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.М, Ё.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, Т.Дашцэрэн, Л.Данзанноров, Д.Долгорсүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж 13 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “гэмт хэргээ нуун далдлах зорилгоор” гэснийг хасаж,
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар Ё.Бд 14 жил, Б.Мт 12 жилийн хугацаагаар хорих ял”,
3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар Ё.Б оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ял, Б.М оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн Ё.Б-ийн биечлэн эдлэх ялыг 14 жил, 3 сарын хугацаагаар хорих, Б.М биечлэн эдлэх ялыг 12 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож”,
4 дэх заалтыг “Ё.Б оногдуулсан 14 жил, 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Б.М оногдуулсан 12 жил, 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ё.Б гаргасан гомдолдоо: “Тухайн үед хэрэг бүрдүүлэгч хоёр байцаагч мэдүүлэг авахдаа хүүг маань Эрдэнэдалай сумын хуучин халуун усны газар ямар ч камергүй газар авч очиж айлган сүрдүүлж, хэлэх үгийг өөрсдөө зааж өгч дарамталж байгаад Эрдэнэдалай сумын Цагдаагийн хэсэг дээр авчирч мэдүүлэг авсныг хүү маань байцаагч Ц нь мэдүүлэг авахдаа ямар ч гэрч, өмгөөлөгчгүй элдвээр дарамталж, сэтгэл санааны хүнд дарамтад оруулж байгаад тэгж хэл, тийм гэж хэл гэх зэргээр хөтөлж тулган мэдүүлэг авсан гэдэг үгээ миний хүү анхан шатны шүүх хурал дээр удаа дараа хэлж байсан. Мөн мэдүүлгийг баримтжуулсан гэх видео бичлэгийг цаг нь 1 цаг 40 минут гэх хугацаатай гэж тэмдэглэлдээ тусгасан боловч тус бичлэгийг харахад эхний 20 минут төгсгөлийн 20 минутын бичлэг байдаг юм. Дунд үеийн 60 минутын бичлэг байхгүй байгаа юм. Энэ алга байгаа 60 минутын хугацаанд миний хүүгээс яаж мэдүүлэг авч байсныг төсөөлөхийн аргагүй байна. Хүүгийн маань хувьд намайг хохирогчтой ноцолдож байх үед ирж салгасан хохирогч бид хоёрыг салгачхаад буцаад яваад өгсөн. Хохирогч энэ үед мотоцикл руугаа явж байснаа бүгдийг чинь ална гээд гэр лүү орсон. Энэ үед нь би араас нь очиж гэрээс татаж гаргаад тавьсан чинь гэрээс зүүн урагш байсан төмөр трубаг аваад цааш хараад бие засаж байсан хүүг минь цохих гэж байна гэж сандрахдаа гэрийн хаяанд байсан төмрийг аваад хүүд маань хүрэхээс нь өмнө амжиж цохисон. Хохирогч газар унаад босож ирээгүй.Энэ хэрэгт миний хүүгийн оролцоо огт байхгүй энэ хэрэг гарах үед би архи уугаагүй эрүүл байснаараа бүх зүйлийг тодорхой санаж байгаа. Хэрэг болсны дараа хүүгээ би загнаж байгаад мотоцикл унуулж хүрэх газраа хүргүүлсэн. Миний ямар учир шалтгаантай яах гэж явааг хүү маань огт мэдээгүй юм. Мотоцикл, цогцос хоёрыг би ганцаараа ус руу хийсэн нь үнэн билээ. Харин би хүүдээ аавынхаа алдааг битгий давтаарай хүнтэй эвтэй, найртай яваарай. Аавынхаа хийсэн хэргийн талаар хүнд битгий хэлээрэй гэж хэлснийг минь давж заалдах шатны шүүхээс маш буруугаар дүгнэж хоёулаа үйлдсэн хэргээ аав нь даана гэж хэлсэн болгож дүгнэсэнд үнэхээр их гомдолтой байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн болно. Миний хийсэн хэрэгт хүү Б.М нь ямар ч холбогдолгүй болно. Иймд төрийн хуулийн энэрэнгүй зүйлчлэлийг харгалзан үзэж хүүгийн маань хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн үйлдсэн хэргийн зүйлчлэлийг маань хөнгөрүүлж надад оноосон шийтгэлийг харгалзан үзнэ үү.” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Данзанноров гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэл байна гэж үзэж, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан эрхийнхээ хүрээнд энэхүү гомдлыг гаргалаа.
Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.
Тухайн хэрэгт Ё.Бд холбогдуулан зүйлчилсэн, улмаар ял оногдуулсан зүйл хэсэг тохироогүй, Б.М, Ц.Ө нарт холбогдох хэрэг хүчин төгөлдөр нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдоогүй тул Ё.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөвтгөн зүйлчлэх, түүнд холбогдох 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, Б.М, Ц.Ө нарт холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болно.
Нэг. Б.М хүний алах гэмт хэрэгт бүлэглэн оролцоогүй, Ц.Ө зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт яллагдах үндэслэлгүй тухайд:
Б.М хүнийг алах гэмт хэрэгт хамтран оролцсон, мөн бусдын эд зүйл устгасан гэх хэргийг, мөн Ц.Ө зориуд худал мэдүүлсэн гэх хэргийг нотлох, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байхгүй. Тэдний өөрсдийнх нь өгсөн мэдүүлгийг шүүх яллах гол нотолгоо болгосон гэж тогтоолд дурджээ.
Давж заалдах шатны шүүх магадлалынхаа тодорхойлох хэсэгт “Сэжигтэн яллагдагч өөрийн эсрэг мэдүүлсэн тохиолдолд түүнийг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй...” гэж хуулийн дагуу үнэлэлт өгсөн мэт боловч бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон гэж буруу дүгнэсэн. Магадлалд дурдагдсан, үзлэгийн тэмдэглэл, шүүх эмнэлгийн шинжилгээний акт зэрэг нь хүнийг бүлэглэн амь насыг хөнөөснийг нотлох баримтууд огтоос биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх нийтлэг болон тусгайлсан зохицуулалт, хязгаарлалтыг мэдүүлэг авахдаа зөрчөөгүй, хуулиар тогтоосон хэлбэр, шаардлагыг хангасан нөхцөлд л уг мэдүүлэг албан ёсны нотлох баримт болох бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд уг мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Ё.Б нарт холбогдох ____ дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн дараах мэдүүлгэн нотлох баримтууд нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг бүдүүлгээр зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд харш, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж аваагүй, хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3-т заасан үндэслэлээр тухайн мэдүүлгүүдийг бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүй байх атал Үндсэн хуульд тусгагдсан хууль дээдлэх зарчим, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-д заасан хууль ёсны зарчмыг зөрчин, өөрийнх нь мэдүүлгээр ялласан. Тодруулбал;
1.1.Шүүгдэгч Б.М 2 дугаар хавтаст хэргийн 79-82 дахь талд сэжигтнээр 2021 оны 9 дүгээр сарын 26-нд байцаасан нь хууль ноцтой зөрчсөн тухайд: Энэ мэдүүлгийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "... хэргийн үйл баримтыг нотолсон гол нотлох баримтаар үнэлж...” гэж тухайлан заасан. Гэтэл Б.Маас эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Ц сэжигтнээр 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй, мөн сэжигтнийг баривчилсан шийдвэргүйгээр шууд байцааж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс алгассан зэрэг хэд хэдэн зөрчлийг гаргасан.
1.1.1.Хууль зүйн туслалцаа авах эрх бол Монгол улсын иргэн бүр Үндсэн хуулиар баталгаатай эдлэх үндсэн эрхүүдийн нэг гэтэл Б.Мыг уг хэрэгт сэжигтнээр байцаахдаа Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгч авах эрхийг эдлүүлэх, мөрдөгч хуульд заасан энэ эрхээр нь хангаж Б.М хууль зүйн мэргэжлийн туслалцаа авч, өмгөөлөгчөөр хангагдсаны дараа уг мэдүүлгийг авах байсан. Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар буюу бүлэглэж хүнийг алсан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт 12-20 жил хүртэл, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэгдэхээр заасан ялтай зүйл ангиар сэжиглэн шалгаж, улмаар яллагдагчаар татсан, шүүхээр шийтгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, 1.4-т “бүх насаар хорих ял оногдуулж болох” гэж тухайлан заасан болно. Эндээс үзэхэд Б.М, Ё.Б нарыг өмгөөлөгчгүйгээр байцаалт авах нь дээрх заалтыг шууд зөрчсөн атал өмгөөлөгч оролцуулахгүйгээр, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлэхгүй, мөн мөрдөгч өөрөө өмгөөлөгч томилж оролцуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр авсан мэдүүлэг нь нотолгооны ач холбогдолгүй.
Гэтэл анхан шатны шүүхээс энэ үндэслэлийн няцаалт болгон "... сэжигтнээс өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх үү гэж асуухад үгүй гэж хариулсан... ”, “... сэжигтнээс мэдүүлэг авах үед шүүгдэгч нарыг ... бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар ямар нэг шийдвэр гараагүй байсан” гэж дүгнэжээ. Энэ нь шинжлэх ухаанч бус, хүний эрхийн мэдрэмжгүй, хууль бус дүгнэлт Мөрдөгч Б.М “Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх үү?” гэж асуух, улмаар албадан мэдүүлэг авах эрхгүй, ёсгүй байсан бөгөөд харин прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2-т зааснаар томилогдсон өмгөөлөгч оролцуулах үүрэгтэй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж зааснаас үзэхэд хууль тогтоогч өмгөөлөгчийн оролцоог сэжигтнээр байцаах үед эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар байцаах үед гэж ялгаагүй, харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гэж маш тодорхой тусгасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36-д "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгохоор тайлбарласан бөгөөд Б.Мыг сэжигтнээр байцаах нь энэхүү тайлбар тодорхойлолтоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажиллагаа гэдэг нь хэн бүхэнд илэрхий байхад хуулийн дээрх заалт “сэжигтнээр байцаахад хамаарахгүй”, мөн “бүх насаар нь хорих ял шийтгэгдэх хэрэгт холбогдуулж байгаа талаар ямар нэг шийдвэр гараагүй байсан” гэсэн агуулгаар тайлбарлаж, уг хууль зөрчиж авсан мэдүүлгээр Б.Мыг гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т "... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох... ажиллагааг...” гэж зориуд заасан. Сэжигтэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байцаалт өгч байгаа нь оролцооны хамгийн тодорхой хэлбэр мөн. Өөрөөр хэлбэл 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг сэжигтний тухайд хаана, хэзээ, хэрхэн хэрэгжих вэ? Энд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт ноцтой зөрчигдсөн байхад давж заалдах шатны шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй, хэрхэн хуульд нийцэж байгаа талаар магадлалдаа заагаагүй, өмгөөлөгчдөөс гаргасан энэ үндэслэлийг няцаан үгүйсгээгүй.
Улсын дээд шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид заавал өмгөөлөгч оролцуулах заалтыг зөрчиж мэдүүлэг авсан бол энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцогдож, улмаар шүүхийн тогтоол магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно” гэж заасан.
1.1.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас харахад заавал баривчлах шийдвэр гаргаж байж сэжигтнээр байцаах зохицуулалттай байна. Мөн баривчлагдсан сэжигтнээр хэн нэгнийг байцаахад заавал өмгөөлөгч оролцуулах хатуу заалттай. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч баривчлагдсан сэжигтнээс мэдүүлэг авахын өмнө түүнд ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа талаар танилцуулж, дараах эрхийг тайлбарлана” 1.1.өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх; 1.2.өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч сонгон авах; 1.3.өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах, өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг өгөх; 1.6.мэдүүлэг өгөхөөс татгалзах; 1.7.мөрдөгч, прокуророос татгалзах; 1.8.энэ хуулийн долоодугаар бүлэгт заасан бусад эрхийг танилцуулсан байх ёстойг тусгасан ба энэ бүгд Б.М сэжигтнээр байцаахад зөрчигдсөн.
Энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Сэжигтний сонгон авсан өмгөөлөгч 2 цагийн дотор хүрэлцэн ирээгүй, эсхүл өмгөөлөгч авахаас татгалзсан бол энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч оролцуулна” гэж тусгаснаас харагдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт, дээрх заалтуудаар сэжигтнээр байцаахад заавал өмгөөлөгч оролцуулах ёстой нь тодорхой юм. Хуулийн дээрх заалтуудаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйл. “Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах”, мөн зүйлийн 1 дэх хэсэг “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. 2 дахь хэсэг “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэснээр Б.Мын эрх зүйн туслалцаа авах эрх улам баталгаажих юм. Уг эрхээр хангах үүрэг нь мөн л мөрдөгч прокурорт байгаа нь 7.6 дугаар зүйлийн 3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч ... өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн заалтаас харагдана.
1.1.3.Мөрдөгч Б.М байцаахдаа өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчөөд зогсохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-т заасан мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг хангалттай тайлбарлан өгөөгүй, тухайн мөчид хамгийн ач холбогдолтой байж болох, мөн зүйлийн 3 дахь хэсэгт тусгагдсан “яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэснийг танилцуулаагүй, мөн мөрдөгчөөс татгалзах хүртэл эрх байгаа гэдгийг танилцуулаагүй, эрх үүрэг танилцуулсан хэсэгт ч тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчил болно. Дээрх бүгдээс дүгнэхэд яллах дүгнэлтийн хавсралтад улсын яллагчийн судлахаар тусгасан 2 дугаар хавтаст хэргийн 80-82 дахь талд байгаа Б.М 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр байцаасан байцаалтын тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж аваагүй, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 6 дахь заалтуудыг зөрчиж байгаа тул 16.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар нотлох баримтаар тооцогдох ёсгүй атал яллах нотлох баримтаар шүүх үнэлж, ял оногдуулсан.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйл. Нотлох баримтаар тооцохгүй байх
1.Дараах тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ: 1.1.энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан; 1.2.энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн; 1.3.өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан тул уг заалтын дагуу тухайн мэдүүлэг нь бүхэлдээ хүчингүй, нотлох баримтын шинжгүй юм. Нотлох баримт хууль зөрчиж бэхжүүлэгдсэн бол шууд нотлох баримтаар үнэлэхгүйгээр шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс буруу дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчид шүүхэд хандан шийдвэрлүүлэх байсан мэтээр магадлалдаа тусгажээ. Таслан сэргийлэх арга хэмжээнээс бусад асуудлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхээр шийдвэрлүүлдэг, зөвшөөрүүлдэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоогоор манай улсад нэвтрээгүй, хэрэгжээгүй байгаа бөгөөд нотлох баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүхэд хандан шийдвэрлүүлсэн тохиолдол практикт байхгүй л болов уу.
1.1.4.Сэжигтэн гэх оролцогч болон мөрдөгч нь Б.М сэжигтнээр мэдүүлэг авах хууль зүйн эрх боломж үүсээгүй байхад мэдүүлэг авсан тухайд: Б.М сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах шийдвэр гараагүй байхад шууд мэдүүлэг авсан ба хүнийг гэмт хэрэгт сэрдэж эхэлсэн үеэс, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхийн өмнө сэжигтнийг баривчилснаас бусад тохиолдолд сэжигтнээр байцааж болохгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд баривчлах ажиллагаа хийгдэхээс өмнө мэдүүлэг авах зохицуулалт байхгүй ба баривчлах ажиллагаа явагдсаныг 31.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч сэжигтнийг баривчлахдаа тэмдэглэл үйлдэж бэхжүүлнэ” гэж заасан.
Сэжигтнийг эхлээд баривчлаад, дараа нь мэдүүлэг авах ажиллагаа явагдана гэдэг нь 31.6 дугаар зүйл “Баривчилсны дараа хийгдэх ажиллагаа”, 1 дэх хэсэг Мөрдөгч ... шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол баривчилсан даруй түүнд дараах зүйлийг танилцуулна: 1.1.ямар гэмт хэрэгт сэжиглэж байгаа; 1.2.хууль зүйн туслалцаа авах эрхтэй болох; мөн зүйлийн 4 дэх хэсэг “Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор түүний хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна” гэснээр баталгаажна. Баривчлагдаагүй тохиолдолд сэжигтэн нь 31.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолтой танилцахаар дуудагдсан л хүн юм. Түүнээс мэдүүлэг авах эрх энэ үед /баривчлагдаагүй тохиолдолд/ мөрдөгчид хуулиар үүсэхгүй.
Хэргийн тухайд Б.М-ыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах саналыг баталгаажуулсан шүүгчийн захирамж 2021 оны 9 дүгээр сарын 28-нд гарсан. Уг захирамжид тусгаснаар баривчлагдсан хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутаас эхлэн тооцсон. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоол ч, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.7 дугаар зүйлийн 1-д зааснаар үйлдэх, сэжигтнийг баривчлах ажиллагааны тэмдэглэл ч хэрэгт авагдаагүй.
Хамгийн гол нь Б.М-ыг баривчлах хугацааг тоолж эхлэхийн өмнөх өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 44 минутад сэжигтнээр байцаасан нь түүнийг баривчлах шийдвэр гараагүй байхад, сэжигтнээс мөрдөгч мэдүүлэг авах эрх үүсээгүй байхад хууль зөрчин мэдүүлэг авсан гэдгийг нотолж байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 16.11 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар уг сэжигтний мэдүүлэг нотлох баримтаар тооцогдохгүй.
1.1.5.Б.Маас мэдүүлгийг авахдаа өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь эсрэг мэдүүлэг гаргуулахаар шахалт дарамт үзүүлсэн, “ээжийнх нь мэдүүлсэнтэй таарахгүй байна” гэж дарамталж байцаасан, мөн “...шанаанд нь цохисон” гэж хариулсныг мөрдөгч “трубагаар тийм үү“ гэж хэлээгүй хариултыг өмнөөс нь хэлж, хөтлөх байдлаар байцаалт авсан, мөн түүний огт хараагүй зүйлийг Б.М мэдүүлсэн мэтээр тэмдэглэлд тусгасан байдал ч видео бичлэгээр нотлогдож байгаа болно. Хөтөлсөн асуулт гэдэг нь хариултыг нь хэлж өгсөн агуулгатайгаар асууж байгаа асуултыг хэлдэг ба мөрдөгчөөс Б.М асуулт тавихдаа “Трубагаар тийм үү” гэж байгаа нь хөтөлсөн асуултын тодорхой жишээ болно.
1.2.Ц.Ө-аас 1/105, 1/107-111-р талуудад авсан мэдүүлгүүд хууль ноцтой зөрчсөн тухайд:
Ц.Ө-ыг прокуророос өөрийн эсрэг, мөн гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгсөнгүй гэсэн агуулгаар худал мэдүүлэг өгөх гэх хэрэгт буруутган яллаж байгаа, мөн түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг нь өөрийнх нь гэр бүлийн гишүүдийнх нь эсрэг яллах нотлох баримт болгон ашиглаж байгаа нь иргэн бүрт олгогдсон Үндсэн хуулиар баталгаатай эдлэх эрх, мөн эрх зүйн зарчмын эсрэг үйлдэл болсон.
1.2.1.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно... гэж заасан, түүнчлэн НҮБ-аас 1966 онд батлан гаргаж, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “а” заалтад ... өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй байх эрхийг мөн баталгаажуулсан бөгөөд энэ нь Үндсэн хуульд зааснаар дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөгдөх учиртай. Шүүх Үндсэн хууль, хууль, Олон Улсын гэрээ, пактад заасан зарчмыг баримталж шийдвэрээ гаргадаг. Гэр бүлийнхээ гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах гэрчийн эрх нь гэр бүлийн холбоо, ухамсар, ёс суртахуунтай холбоотой, өөрийнх нь эсрэг мэдүүлэг шударгаар аваагүй бол хэнийг ч аюултай асуултад хариулахыг албадаж болохгүй гэсэн утгатай.
Иймд зөвхөн яллагдагчаар өгсөн өөрийнх нь мэдүүлгийг нь үндэслэн, нөхрийнхөө үйлдлийг илчилж мэдүүлээгүйнх нь төлөө Ц.Ө ял оногдуулсан нь хууль, зарчимд харш юм. Шүүх Ц.Ө-аас хууль зөрчин авсан мэдүүлгийг "... гэр бүлийнх нь гишүүдийн эсрэг яллах нотолгоо болгох асуулт тавьж, мэдүүлэг авсан ажиллагааг хийгээгүй” гэж дүгнэсэн нь илт хууль бус дүгнэлт. Тухайн мэдүүлгийг авахдаа агуулга ямар байхаас үл хамааран гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь эдлүүлэх, энэ эрхийг тайлбарлаж мэдүүлэг авах байсан ба П.Н /хохирогч/ тухайн үед тэднийхээр ирсэн эсэхэд бодитоор хариулах нь өөрийнх нь болон нөхрийнх нь эсрэг яллах хэрэг үүсгэх шууд үр дагаварт хүргэж болзошгүй байсан нь илэрхий. Гэтэл гэр бүлийнхнийх нь эсрэг утгатай асуулт асуугаагүй гэх төдийхнөөр Үндсэн хуулиар баталгаажсан, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг хязгаарлах, үүнийг хууль зөрчөөгүй мэтээр дүгнэх ёсгүй. Түүнчлэн түүнээс анх гэрчээр авсан мэдүүлэг нь хууль бус тул нотолгооны ач холбогдолгүй.
1.2.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно.”, 9.6 дугаар зүйлийн 8-д “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.”, 16.3 дугаар зүйлийн 4-т “Дараах хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй:” гээд 4.6-д “өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч.", 16.14 дүгээр зүйлийн 4-т “Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ ... мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.”, 25.1 дүгээр зүйлийн 6-д “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ...” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан хүний эрхийг баталгаажуулсан, нөгөө талаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн зүгээс хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн зохицуулалтууд юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, өөрийнх нь эсрэг яллах нотлох баримт болгон ашиглах явдал нь хуулийн үзэл баримтлалыг бүрэн гүйцэд ойлгоогүй, хэвшиж тогтсон ажлын арга барилаа өөрчилж чадахгүй байгаа, хайнга хариуцлагагүй үйл ажиллагаа болно.
1.2.3.Хэрэгт Ц.Ө буруутгаж байгаа гэрчийн мэдүүлгийн тухайд түүнд 25.1 дүгээр зүйлийн 6-д заасан “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ...” үүргээ хэрэгжүүлээгүйгээр авсан. Ингэснээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4-т “Дараах хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй:”, мөн зүйлийн 4.6-д “өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч” гэж заасныг шууд зөрчиж, уг мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, мөн 16.11 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нотлох баримтаар тооцогдохгүй. Тодруулбал:
Хавтаст хэргийн 1/105 дугаар талд мөрдөгч Б.Д-ийн 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрч Ц.Ө авсан мэдүүлгийн эхэнд “Та эрх, үүргээ ойлгосон уу, Асуух зүйл байна уу,” гэж асуухад гэрч Ц.Ө ойлгосон талаар ямар ч хариулт хэлээгүй, хариулт гэсэн хэсгийн тодорхойлох цэгийн ард ганц цэг ч хатгагдаагүй байгаа нь онцгой анхаарал татах нөхцөл байдал. Үндсэндээ эрх, үүрэг тайлбарлаагүй гэдгийг энэ байдал нотолно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6-д ... эрх үүргийг танилцуулах биш, тайлбарлах зохицуулалт байгаа болно.
1.2.4.Шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалд "... Ц.Ө гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгт хэн нэгнийг холбогдуулан асуугаагүй, хэн нэгний гэр бүл төрөл садангийн эсрэг мэдүүлэг авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Ц.Ө мэдүүлэг авахдаа тухайлан Ё.Б, Б.М нарыг гэмт хэрэгт холбогдолтой эсэх талаар тодруулсан зүйл байхгүй юм” гэсэн нь туйлын буруу дүгнэлт юм. Гэр бүлийн гишүүд, эцэг эх, төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хамгаалалт нь тухайн ойрын хамаарал бүхий хүмүүсийг гэмт хэрэгт буруутган асуухад л хэрэгжих явцуу эрх биш, харин хэн нэгний өгсөн мэдүүлгийн агуулга, өгсөн хариултын үр дагавар гэр бүлийн гишүүд, эцэг эхийнх нь эсрэг болж, үр дагавар үүсгэх, мөн ойрын хүмүүсээ гэмт хэрэгт буруутган аливаа сөрөг үр дагавар үүсгэхээр мэдүүлэх нь гэр бүлийн холбоо, ухамсар, ёс суртахуунд тохирохгүй гэдэг өргөн агуулгатай, дэлхийн эрх зүйт ёс төлөвшсөн бүхий л улсад нэг мөр хэрэгждэг түгээмэл эрх болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Б.М 2 дугаар хавтаст хэргийн 79-82 дахь талд сэжигтнээр 2021 оны 9 дүгээр сарын 26-нд өгсөн мэдүүлэг, Ц.Ө 1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь талд 2021 оны 9 дүгээр сарын 25, 107-111 дахь талуудад 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлгүүдийг авахдаа оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлээгүй тул нотлох баримтаар тооцохгүй.
1.2.5.Б.М талийгаачийг цохисон гэх талаарх зарим нөхцөл байдал дээрх хууль бус мэдүүлгэн нотлох баримтуудад л цухас, эргэлзээтэй, зөрүүтэй байдлаар тусгагдсан бөгөөд хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдоогүй. Дээрх тодорхой үндэслэлүүдээр Б.М хүнийг алах гэмт хэрэгт бүлэглэн оролцсон нь ч үгүйсгэгдэнэ, мөн Ц.Ө ч зориуд худал мэдүүлсэн гэх хэрэгт буруутгагдах хууль зүйн үндэслэлгүй.
Б.М вагончикноос бууж ирээд 2-3 удаа зүүн шанаа орчимд гараар цохисон гэх нөхцөл байдал Ц.Өын мэдүүлэгт дурдагддаг ч уг үйлдэл талийгаач Н-ын үхэлтэй шууд шалтгаант холбоогүй, шинжээч гараар цохиход уг гэмтэл үүсэхгүй гэж мэдүүлсэн. Учир нь Н гэрт орж дахин хэрүүл маргаан үүсгээд, буцаж гарч ирээд дээрхээс өөр цаг хугацаа, орон зайд Б.Мыг чиглээд ирж байхад нь Ё.Б араас нь толгойн баруун ард хэсэгт 3 удаа цохиж үхэлд хүргэсэн үйлдэлд Б.М оролцоогүй. Шинжээчийн дүгнэлтээр үхэлд хүргэсэн гэмтэл нь толгойн ард үүссэн гавал тархины гэмтэл болох нь хөдөлбөргүй тогтоогдсон. Ё.Б ч энэ үйлдэлдээ маргадаггүй. Гэр рүү дахин орж хэрүүл маргаан үүсгэхэд нь талийгаачийг Ё.Б л татаад гаргасан, Б.М оролцоогүй нь хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой болсон.Талийгаачийг гэрт ороод, буцаад гарч ирэхэд Б.М гэрээс зүүн урагш, зайтай шээж байсан. Үүнийг мэдүүлэг байцаалтууд нь тодорхой гэрчилж байгаагаас гадна бусад яллагдагч, гэрчүүдийн мэдүүлэг ч нотолж байна. Б.М талийгаачтай муудалцсан үйлдэл, Ё.Б талийгаачийг төмрөөр цохиж амь насыг хохироосон үйлдлүүд өөр цаг хугацаа, орон зайд тусдаа үйлдэгдсэн, амь насыг хохироох гэмтэл учруулах үйлдэлд Б.М оролцоогүй талаар өмгөөлөгчид тодорхой баримтууд дурдаж үндэслэл хэлсээр атал цагаатгах талын баримт үндэслэлүүдийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байна. Мөн шийтгэх тогтоолын 15-р талд “... мотоциклын хамт живүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл явдалд шүүгдэгч Б.М бусдын буюу аавынхаа шахалт дарамтаар оролцсон нь бусад баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгч нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ” гэжээ.
Хүний аминд хүрэх гэмтэл учруулах үйлдэл Ё.Б нэгэнт хийж амь нас хохироосны дараа цогцсыг нуун далдлахад аавынхаа шахалт, дарамтаар амь хохирогчийн мотоциклыг унаж явсан нь хүнийг бүлэглэн алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Хоёр.Ё.Б, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” зүйл ангиар яллаж байгаа нь үндэслэлгүй тухайд:
2.1.Тухайн мотоциклыг усанд нуух гэж байсан гэдгийн Б.М мэдэж байсан гэдгийг шалгаагүй, юугаар ч нотлоогүй:
Мотоциклыг усанд нуусан гэдгийг Б.М мэдээгүй. Мэдсэн эсэхийг шалгах, нотлох, ажиллагаа огт хийгдээгүй. Энэ зүйл хэсгээр яллагдагчаар татмагц Ё.Б, Б.М нараас тус бүр 1 мэдүүлэг авсан нь хоёул цагаатгах талын, М уг нөхцөл байдлыг огт мэдээгүй талаарх мэдүүлэг. Б.М мотоцикл усанд нуухыг мэдээгүйг няцаах үгүйсгэх баримт хэрэгт огт байхгүй атал мөн л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8-д заасан хэргийг бүлэглэн үйлдсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн хууль ёсны бус. Хавтаст хэргийн 2-93 дахь тал Ё.Б мэдүүлэхдээ “... Ганцаараа аваачиж усанд хийсэн. Хүү М явахгүй гээд байхаар нь загнаж байгаад мотоциклыг унуулж явсан. Би хүүтэйгээ хамт бүлэглэж үйлдээгүй. Ганцаараа усанд хаясан” гэж тодорхой мэдүүлжээ.
Харин хавтаст хэргийн 2-85 дахь талд Б.М мэдүүлэхдээ “тэр өдөр намайг мотоцикл унаад яв гэхээр нь би унахгүй, явахгүй гээд уйлсан чинь загнасаар байгаад намайг дуугүй дагаад яв гэсэн болохоор аавын машины араас дагаад явсан. Би хаашаа ч явж байгааг нь мэдээгүй. Тэгээд уурхайн нүхний аман дээр очсон. Цаашаагаа аав мотоциклыг аваад явсан, хаана аваачиж хаясныг мэдэхгүй. Би энэ мотоциклыг нуун дарагдуулж устгасан юм бол байхгүй” гэжээ. Эндээс М мотоциклыг усанд хийх үйлдэлд огт оролцоогүй болох нь тодорхой байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.
Яллах дүгнэлтээр тэднийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж буруутгасан. "Гэмт хэрэгт хамтран оролцох" гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар хамтарсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн субъект болох насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэнийг ойлгодог. Гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсэж байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагдаг. Гэтэл Б.М аавыгаа тухайн мотоциклыг усанд нуух гэж байгааг мэдээгүй, мэдсэн талаар баримтгүй, түүнтэй энэ талаар санаа зорилгоо нэгтгэсэн талаар баримтгүй. Мотоциклыг яах гэж авч явааг мэдэхгүй, хүч дарамтад автаж дагаж явсан. Ийм байхад энэ талаарх цагаатгах нотлох баримтууд, яллагдагч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгээгүй, энэ үндэслэлээ тогтоолд заалгүйгээр Б.Мыг тухайн гэмт хэргийг үйлдсэн, бүр хамтарч бүлэглэсэн гэж ял оногдуулсанд гомдолтой байна.
Дээрх бүгдээс дүгнэхэд П.Н-ын амь насыг хохироосон үйлдлийг Ё.Б ганцаараа үйлдсэн, түүний хүү Б.М бүлэглэн оролцоогүй, тэрээр талийгаач П.Нын унаж явсан мотоциклыг зориуд устгасан гэх үйлдэл нотлогдоогүй, Ё.Б-ийн эхнэр Ц.Ө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт хүчин төгөлдөр нотлох баримтуудаар тогтоогдоогүй юм.
Иймд дээрх нөхцөл байдлыг сайтар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Ё.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Б.М холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Ц.Ө холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ё.Б-ийн өмгөөлөгч Т.Дашцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Б.М эхэлж гэрийн зүүн урд байсан 50 орчим см гэрийн хаяа сөхөхөд тулаа хийдэг байсан төмөр трубаны өөдсийг аваад П.Н-ын зүүн шанаа, толгой хэсэг рүү цохисон, дараа нь Ё.Б Б.М-ын цохисон төмрийг аваад баруун гараараа толгойны ар хэсэг рүү нь цохисон үйл явдал болсон болох нь нотлогдож байна” гэж дүгнэдэг.
Гэтэл Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр шинжээчийн дүгнэлтээр “Амь хохирогч П.Н-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр дагз ясны баруун талын цөмөрсөн хугарал, уг хугарлаас урагш гавлын баруун орой, зулай, дух, баруун ухархайн дээд хана хүрсэн, арагш доош дагзны баруун хонхроор дагзны нүх хүрсэн шугаман хугарал, гавлын дагз, орой, дух, чамархайн хуйхны дотор гадаргуун цус хуралт, баруун чамархайн булчингийн цус хуралт, дух дагзны хуйханд шарх, баруун бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Энэхүү шинжээчийн дүгнэлтээр “зүүн шанаа, толгойн зүүн хэсэгт” ямар нэгэн шарх, гэмтэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэх дээрх гэмтлүүдтэй ямар байдлаар шалтгаант холбоотой эсэх нь нотлогдоогүй байхад анхан шатны шүүх цохисон болох нь нотлогдож байна гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх нь шийдвэрийн гол үндэслэл, нотлох баримтаар хавтаст хэргийн 79-82 дахь талд авагдсан Б.Мын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үнэлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан. Б.М-ын мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй сэжигтнийг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.Дээрх Б.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр авсан сэжигтнээр авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т заасан “бүх насаар нь хорих ял оногдуулж болох” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэх хуулийн заалтыг ноцтой зөрчиж, Б.М-аас өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан, 16.1 дүгээр зүйлийн 6-д "Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг ноцтой зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Энэхүү мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх, тооцох үндэслэлгүй юм.
Энэхүү хуулийн ноцтой зөрчлийг анхан шатны шүүх дүгнэхдээ "Б.М-ыг сэжигтнээр байцаасан бөгөөд энэ үед шүүгдэгч Ё.Б, Б.М нар нь хүн алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байсан байна” гэх дүгнэлтийг хийж бүлэглэж үйлдсэн гэж үзсэн. Гэтэл хэрэгт Б.М-аас сэжигтнээр мэдүүлэг авах үеийг баримтжуулсан видео бичлэг авагдсан байдаг, уг бичлэгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлахад мөрдөгчөөс “таныг амь хохирогч П.Н-ын амь хохирсонтой холбогдуулан сэжигтнээр байцаах гэж байна" гэж урьдчилан хэлж байцааж байгаагаас үзэхэд бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдуулан байцаалт авах гэж байна гэдэг ойлголтоор, шууд хүн амины хэрэгт сэжиглэж байгаагаа илэрхийлж байцаалт авсан нөхцөл байдал харагддаг. Мөн Б.М-аас сэжигтнээр мэдүүлэг авахад Ц.Ө-аас гэрчээр мэдүүлэг авсан байсан. Б.М-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж бүрдүүлсэн нотлох баримт бөгөөд энэхүү мэдүүлгийг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
2.Манай үйлчлүүлэгч Ё.Б-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Дээрх хэргийг Ё.Б нь ганцаараа үйлдсэн, хэрэгт Б.М нь оролцоогүй болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогддог.
Ё.Б-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн яллагдагчаар өгсөн... “Энэ дуу чимээнээс вагончикт байсан манай хүү М гарч ирээд юу болоод байгаа юм эмээг юу гэж доромжилсон юм бэ гээд дайраад байхаар нь хүү чи яах гээд байгаа юм бэ гээд хорьсон тэгтэл Н “та нарыг алаад өгнө гэдэс гүзээг чинь цувуулаад өгнө гээд гэр рүү орсон тэгээд би гэрээс очиж түлхэж байгаад гаргасан. Тэгсэн гэрийн зүүн урд талд газар байсан трубаг Н аваад хүүг цохих гэж байгаа юм шиг хүү рүү явахаар нь тэгээд би сандарсандаа гэрийн зүүн урд талд байсан трубаг аваад хүүг цохих нь гээд өрсөөд цохисон Тэгээд л очоод үзсэн чинь Н хөдлөхөө байчихсан байсан... Тэгээд цагаан өнгийн "Раш-3” маркийн 34-90 дугаартай машины ард талд хийгээд аваад явсан. Мотоциклыг нь цуг авч явах хэрэгтэй болчхоод хүүг мотоциклыг унаад яв гэсэн чинь “хүү та хүн алчихлаа унаж явахгүй гээд уйлаад байхаар нь загнаж байгаад мотоциклыг нь унуулаад дагуулаад явсан ... ”М цохиж байгааг хараагүй...” гэх мэдүүлэг,
яллагдагч Ё.Б 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дахин өгсөн “... 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэрээс гаргаж ирээд байж байхад труба бариад хүүгийн араас цохих гээд явахаар нь би хүүгээ хамгаалж урьдаж трубагаар талийгаачийн араас нь 2-3 удаа цохисон. ... хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Б.Мын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн яллагдагчаар өгсөн “ ... аав намайг цаашаа цаашаа чи битгий оролц гэхээр эргэж хараад зүүн урагшаа бие засаад эргэж харсан тэгсэн тэр нөхөр гартаа юм барьчихсан өөдөөс явж байгаа харагдсан. Аав ардаас нь гарч ирээд түчигнээд явчихсан. Аав намайг битгий оролц цаашаа гэсэн болохоор гэр рүү ороод хэсэг байж байгаад эргээд гарч ирэхэд аав вагончик дор байгаа цувыг аваад ир гэсэн тэгээд би түүнийг аваачиж өгөөд ааваас юу болсон талаар асуухад “мэдэхгүй. Хөдлөхгүй байна гэсэн "... гэх мэдүүлэг,
гэрч А.Э-ын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн “ ... Удаагүй нөгөө залуу гэрт орж ирсэн. Цаанаас нь нэг хүн татаад авсан хэн гэдгийг нь анзаараагүй... Миний мэдэхийн тэр залуутай М муудалцсан юм бол байхгүй ... “ гэх мэдүүлэг,
гэрч Ц.А-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “...Б хамт гарсан залуутайгаа муудалцаж байна гэж бодсон... Удаагүй тэр залуу гэрт орж ирсэн тэгэхэд нүүр нь ямар ч байсан цус болсон байсан хаанаас нь цус гарсныг мэдэхгүй /би бодохдоо хамраас нь цус гарсан гэж бодсон/ орж ирээд зогсонгуут цаанаас нь Б татаад аваад гарсан. Тэгж гараад эргэж орж ирээгүй...М тэр залуутай хэрэлдэж маргалдсан талаар надад мэдэх зүйл алга “ гэх мэдүүлэг.
2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтээр "Амь хохирогч П.Н нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт зэрэг баримтаар амь хохирогчийн биед үхэлд хүргэсэн гэмтэл нь Ё.Б-ийн үйлдлээс үүссэн болох нь нотлогдон, тогтоогддог.
Мөн хэрэгт авагдсан баримтуудаар Ё.Б, Б.М нар нь үйлдлээрээ болон сэтгэл зүйн хувьд нэгдэж, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл тэдний үйлдэл анхнаасаа хамтын хүч чармайлтаар үйлдсэн, үйл ажиллагаа нь нэгдсэн, гэмт үйлдлийг туйлд нь хүргэхийн тул санаатай нэгдэж, хамтарсан санаатай шинж байхгүй байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн үйлдсэн гэж үзэх боломжгүй.
Бүлэглэж гүйцэтгэх гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдсэн факт болон түүний үр дагавар оролцогч бүрийн хийсэн үйлдэлтэй шалтгаант холбоонд байхыг шаарддаг. Эдгээр шинжүүд бүгд байсан тохиолдолд нэг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болдог. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ё.Б, Б.М нар нь үйлдлээрээ болон сэтгэл зүйн хувьд нэгдээгүй, амь хохирогчийн биед үүссэн үхэлд хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Ё.Бгийн үйлдлээс үүссэн болох нь түүний өөрийн “...талийгаачийн араас трубагаар 2-3 удаа цохисон, тэгээд очоод үзсэн чинь Н хөдлөхөө байчихсан байсан“ гэх мэдүүлгээр болон дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээр талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нь дан ганц Ё.Б-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан гэмт хэргийн тухайд:
1.Манай үйлчлүүлэгч Ё.Б-д анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэргээ нуун далдлах зорилгоор бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлагдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг. Нөгөөтэйгөөр энэхүү гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн хууль бус үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байхыг шаарддаг.
2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Ё.Б нь хүний амь насыг хохироосон үйлдэл гаргасан байдаг бөгөөд тухайн өдрийн үйлдэл нь амь хохирогчийн унаж явсан улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг устгах, гэмтээхэд чиглээгүй, зөвхөн хэрэг үйлдэгдэж төгссөний дараа усанд хаясан байдаг. Өөрөөр хэлбэл Ё.Б нь бусдын эд хөрөнгийг устгахаар хүссэн, түүнийг устгахад чиглэсэн санаа зорилготойгоор үйлдээгүй. Иймээс Ё.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ё.Б оногдуулсан ялыг хэвээр үлдээж, Ё.Б, Б.М нарыг бүлэглэн үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
1.Магадлалд “амь хохирогч П.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны үед Ё.Б-ийн гэрт очсон үедээ Ё.Б, Б.М нартай маргалдсан үйлдлийн улмаас гавал тархиндаа амь насанд аюултай гэмтэл авч нас барсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон байна" гэж дүгнэсэн.
Хэрэгт авагдсан баримтуудаар уг өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр амь хохирогч П.Н нь Ё.Б-д ирсэн байдаг бөгөөд амь хохирогч нь гэрт байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл гаргасныг таслан зогсоох зорилгоор Ё.Б нь гэрээс авч гарсан. Гэрээс авч гарсны дараа Ё.Б нь амь хохирогчтой маргалдсан, улмаар хэн хэнийгээ цохиж авсан. Энэ үед Б.М нь гарч ирж салгах үйлдэл хийхэд нь эцэг Б нь хориглосон байдаг. Түүний дараа амь хохирогч нь гэрлүү орсон. Энэхүү нөхцөл байдал нь Ё.Б, Ц.Ө, А.Э, Ц.А нарын мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл гэрээс гараад Ё.Б-тай маргалдсан, цохилцсон, Б.М нь салгасан үйлдлүүдийн дараа амь хохирогч нь тархиндаа буюу үхэлд хүргэсэн гэмтлүүдийг аваагүй байснаас гадна амь хохирогч гэрт эргэж орон “гэрт байгаа хүмүүсийг заналхийлсэн үг хэллэгийг хэлэхэд нь Ё.Б нь татаж гарган, улмаар араас нь төмрөөр 2-3 удаа цохисон энэ үйлдлээс талийгаач нас барсан.
Б.М бол талийгаачтай маргалдаагүй болох нь хэрэгт авагдсан Ё.Б, Ц.Ө, А.Э нарын мэдүүлгээр нотлогддог. Гэрч Ц.А нь энэ байдлыг бүр тодорхой, хөдөлбөргүйгээр "Удаагүй тэр залуу гэрт орж ирсэн тэгэхэд нүүр нь ямар ч байсан цус болсон байсан хаанаас нь цус гарсныг мэдэхгүй /би бодохдоо хамраас нь цус гарсан гэж бодсон/ орж ирээд зогсонгуут цаанаас нь Б татаад аваад гарсан" гэж мэдүүлдэг.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй" гэж заасан. М “шүүгдэгч Б.М нь яллагдагчаар өгсөн мэдүүлгүүддээ хохирогч Н, Б, М нар хоорондоо маргалдан муудалцаж зодолдсоны улмаас амь насыг нь хохироосон талаар мэдүүлж байжээ... хохирогчтой маргалдан толгойн тус газар трубагаар цохисон хэмээн мэдүүлжээ" гэж дүгнэн, эдгээр мэдүүлгүүд бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл магадлалд дурдагдсан “хохирогчийн цогцсыг Цагаан-Овоо гэх газраас олж илрүүлэн үзлэг хийсэн, түүний амийг хохироосны дараа усанд хийж нуухад ашигласан ороож боосон цув, олс дээс зэрэгт үзлэг, цогцост хийсэн үзлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн шинжилгээний акт, мотоциклыг уснаас олж илрүүлсэн үзлэг, эд зүйлд хийсэн шинжилгээний мэдүүлгийн дагуу мотоциклын түлхүүрийг олж тогтоосон үзлэг, энэ талаарх тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтууд нь гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хийгдсэн ажиллагаа бөгөөд эргээр баримтууд нь Б.М-ыг хэрэгт хамтран оролцсон, хохирогчийн амь насыг хохироосон гэх нотлох баримт гэж үзэх нь үндэслэл бүхий биш байна.
З.Б.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т заасан “бүх насаар нь хорих ял оногдуулж болох” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэх хуулийн заалтыг ноцтой зөрчиж, Б.М-аас өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан, 16.1 дүгээр зүйлийн 6-д ” Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг ноцтой зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Энэхүү мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх, тооцох үндэслэлгүй гэх шүүгдэгч Б.М, өмгөөлөгч нарын гомдол, саналд давж заалдах шатны шүүхээс хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дүгээр зүйлийн 2.7-д заасантай нийцэхгүй байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, манай үйлчлүүлэгч Ё.Б холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.
Ё.Б холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухайд:
Хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шинж, хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт, тайлбаруудаар Ё.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан дараах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна.
Ё.Б-ийн үйлдлээс шалтгаалан П.Н-ын амь нас хохирсон үйлдэлд Ё.Б-ийн зүгээс маргах зүйл байхгүй, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрдөг хэдий ч амь хохирогч П.Н-ын зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 08-ны орой Ё.Б-ийнд ирсэн цагаасаа эхлэн зүй бус үйлдэл гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогддог.
Шүүгдэгч Ё.Б, Б.М нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Ц.Ө-ын 2 дахь удаагаа гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.А, А.Э, Г.Г нарын мэдүүлгээс “амь хохирогч Н нь Ё.Бгийнд ирсэн цагаасаа эхлэн үг сөрсөн, ах дүү, төрөл садангийн хүмүүсийг нь доромжлох, хадам ээж нь болох Цагаан гэх хүн рүү үг хэлээр дайрах, салаавч гаргах, бүгдийг чинь ална, хүүхдүүдтэй чинь ална, гэдэс, цувдайг чинь цувуулна. Хүүтэй чинь хамт ална” гэх үйлдэл гаргасан, амь хохирогчийг гэр рүү ороход нь Ё.Б татаж гэрээс гаргахад Б.М руу төмөр барьж дайрах үйлдлүүд нь Ё.Б-ийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсний улмаас сэтгэл цочирч эхэлсэн ба өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоох хоромхон зуурын үйлдэл гаргаж, амь хохирогчийн араас төмрөөр цохиж. амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогддогоос гадна хавтаст хэргийн 50-59 дэх талд авагдсан Ё.Б, Б.М нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээс үзэхэд амь хохирогч нь шүүгдэгч Ё.Б, түүний ойр дотнын хүн болох Б.М руу чиглэсэн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, цаашлаад амь насанд нь аюултай зүй бус үйлдэл гаргасан нь илэрхий харагддаг.
Эрдэмтэн, судлаачдын онолын тайлбарт: Ойр дотнын хүн гэж “тухайн хүний эхнэр, нөхөр, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, хамт амьдарч байгаа бусад төрөл садангийн хүнийг ойлгоно”, хүч хэрэглэсэн гэж “хохирогч гэмт этгээдийн бие махбодод халдсаныг ойлгоно, гэмт этгээдийн бие мах бодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, хоолойг нь зэрэг хэлбэртэй байж болно”, Хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж “хохирогч гэмт этгээд болон ойр дотнын хүнийг ална. Эрүүл мэндэд нь хохирол учруулна, эрх, эрх чөлөөг хязгаарлана гэх зэргээр айлган сүрдүүлж, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлснийг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. Хэдийгээр хавтаст хэрэгт санаа сэтгэл нь хүчтэй цочрон “давчидсан”, “давчдаагүй” хэмээх дүгнэлт хэрэгт гараагүй хэдий ч хэргийн “бодит” фактаас үзвэл шүүгдэгч Ё.Б нь гэнэтийн цочролд орсон нь хөдөлшгүй үнэн юм. Нөгөө талаар санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах гэдэг нь заавал шүүхийн сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог, клиник-эмнэлгийн ойлголт биш харин хууль зүйн ойлголт юм. Хэрэг гарах үед хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл нь Ё.Бгийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн үйл баримтаар илэрдэг ойлголт юм.
Амь хохирогч тухайн өдөр зүй бус үйлдэл гаргаж, Ё.Б болон ойр дотнынх нь хүмүүсийг нь заналхийлж, дарамтад оруулах, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүү Б.М руу дайрсан зэргээр сэтгэл зүйн хүч хэрэглэсэн үйл баримт хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогддог.
Нөгөөтэйгөөр санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж гэмт хэрэг үйлдэх нь аргагүй хамгаалалтын үед бусдын довтолгооны эсрэг үйлдэгдсэн гэмт хэргээс нэг зүйлээрээ ялгаатай. Юугаараа ялгаатай юм бэ? гэхээр аргагүй хамгаалалтын үед бусдын довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, өөрийн болон ойр дотнын хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг бол санаа, сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн хувьд бол заавал эсрэг чиглэсэн довтолгоон байх шаардлагагүй.
Мөн “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байх шинжийг агуулдаг. Гэтэл Ё.Б нь амь хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг анхнаасаа хийгээгүй бөгөөд өөрийн хүү Б.Мын эсрэг хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэлд санаа, сэтгэл нь цочирч, хоромхон зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогчийн аминд хүрсэн үйлдлээрээ “хүнийг санаатай алах” гэмт хэргээс ялгагдаж байна гэж үзэж байна.
Ё.Б нь амь хохирогчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан зүй бус, ёс суртахуунгүй нэг бус удаагийн үйлдлүүд болон өөрийн төрсөн хүү Б.М руу төмөр барьж дайрсан тэр үйлдлийн улмаас сэтгэхүйн хэвийн байдал алдагдах, биеэ барих, өөрийн үйлдлийг удирдан жолоодох ба өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдаг нь тухайн цаг үетэй, хэргийн нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоог үүсгэж “гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдал буюу эмоци”-аас шалтгаалан хүн алах идэвхтэй үйлдэл хийхэд хүргэсэн байна гэж үзэхээр байна.
Ё.Бгийн хувьд айл гэрийн эзэн хүн, ойр дотнын хүмүүсээ аливаа зүйлээс хамгаалах нь түүний үүрэг биш харин байгалиас өгөгдсөн ухагдахуун юм.
Иймээс Ё.Б-ийн үйлдэл нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр зүйлчилснийг мөн хуулийн 10.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, шийдвэрлэж өгнө үү гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ж.Чимэддулам гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Шийтгэх тогтоол, магадлалаар Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй, буруу хэрэглэж, яллагдагч Б.М-ыг гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг хэн учруулсан болоход бодит дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн.
Хэрэгт авагдсан яллагдагч Ё.Б-ийн мэдүүлэгт: ...амь хохирогч П.Н нь Ё.Б-ийн араас гэрээс гарснаас хойш Б.Б-тай маргалдсан, Бийн "гэрээс урагш явж байхад Н толгой руу цохисон тэгээд би урандаа нүүрэнд нь цохисон. Яг хаана цохисноо мэдэхгүй байна. Энэ дуу чимээнээр вагончикт байсан манай хүү М гарч ирээд хорьсон тэгтэл Н "та нарыг алаад өгнө гэдэс гүзээг чинь цувуулаад өгнө гээд гэр рүү орсон тэгээд би гэрээс очиж түлхэж байгаад гаргасан. Тэгсэн гэрийн зүүн урд талд газар байсан трубаг Н аваад хүүг цохих гэж байгаа юм шиг хүү рүү явахаар нь тэгээд л би сандарсандаа гэрийн зүүн урд талд байсан трубаг аваад хүүг цохих нь гээд өрсөөд талийгаачийн араас нь 2-3 удаа цохисон. Тэгээд л очоод үзсэн чинь Н хөдлөхөө байчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.А, А.Э, А.Г, Ц.Ө нарын “гэрийн үүднээс талийгаачийг Ё.Б бүсэн дээрээс нь татаад цааш аваад явсан. Б.М тэр үед харагдаагүй” гэх шүүгдэгч Б.М-ын болон Ё.Б-ийн өгсөн “талийгаач гэр рүү буцаад орсон тэр үед Б.М гэрийн зүүн урд шээж байсан" гэх мэдүүлгүүдээр Б.М-ын үйлдлээс хохирогчид гэмтэл учруулсан байх шалтгаант холбоо тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.М-ын ямар үйлдэл талийгаачийг үхэлд хүргэсэн эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.
Анхан шатны шүүх Б.М-ыг гэм буруутайд тооцсон гол үндэслэлээ “Б.М-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг” гэж хууль зүйн дүгнэлт хийсэн бол давж заалдах шатны шүүхээс “Сэжигтэн Б.М-ын мэдүүлгийн талаар өөрөө болон өмгөөлөгчид гомдол, тайлбар гаргаж, мэтгэлцэж байгаа болох нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад илэрхий байна. Сэжигтэн, яллагдагч өөрийн эсрэг мэдүүлсэн байгаа тохиолдолд түүнийг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хөндлөнгийн давхар нотлох баримт шаардлагатай гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заан тодорхойлсон. Энэ ч утгаараа бусдын амь насыг хохироосон онц ноцтой хэргийг өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдсон гэж үзэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж. Б.М-ыг гэм буруутай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Б.М-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж авсан нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй. Б.М нь талийгаачийн толгойн тус газар трубагаар цохисон талаар хэрэгт авагдсан ямар ч баримтаар нотлогдоогүй болно. Б.М нь талийгаачийг гэрийн гадаа зүүн шанаа хэсэгт гараар цохисны дараа талийгаач гэрт орж ирж /гэрийн үүд хэсэг/ гэрт байсан хүмүүс руу дайрч, элдэв үг хэллэг хэлж байхад Ё.Б дээлийнх нь бүснээс татаж авч гарсныг гэрт байсан гэрч Ц.Ө, Б.А, А.Э, Г.Г мэдүүлдэг бөгөөд мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлээр нотлогддог. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн шинжээч эмч Д.Д мэдүүлэхдээ “Нэг удаагийн үйлдлээр 3 шарх үүсэх боломжтой, нэг нь ташуу үүссэн болохоор доороос чиглэлтэй цохиход үүсэх боломжтой, ... Нэг хүчтэй цохилтоор цөмөрхий, цууралтууд үүсэх боломжтой, цөмөрсөн хугарал үүсэх явцад шугаман хугарал үүсдэг. Цөмөрсөн хугарал нь юмаар цохиход үүснэ ...” /шүүх хуралдааны тэмдэглэлийн 21 дэх талд/ гэж мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн толгойн ард талд юмаар буюу төмрөөр цохисноос үхэлд хүргэсэн нь нотлогдож байгаа. Талийгаачийн зүүн шанаанд Б.М-ын гараар цохисон үйлдэл талийгаачийн үхэлтэй холбоогүй гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлэлгүйгээр, хийсвэр дүгнэлт хийсэн.
Хоёр.Б.М-ыг гэм буруутайд тооцох гол үндэслэл болгосон “Б.М-ын хамгийн анх сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж бүрдүүлсэн нотлох баримт байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хууль зөрчсөн талаар: Анхан шатны шүүхээс "... шүүх шүүгдэгч Б.М-ын хамгийн анх сэжигтнээр өгсөн мэдүүлгийг хэргийн үйл баримтыг нотолсон гол баримтаар үнэлж, шүүгдэгч Б.М, Ё.Б нарыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байна гэж үзлээ" гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж авсан сэжигтнийг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн Б.М-ыг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж дээрх мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь Б.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр авсан мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 79-82 дахь тал) нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтыг ноцтой зөрчсөн. Үүнд:
1)Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр татаагүй байж, мэдүүлэг авсан.
2)Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Үндсэн хуульд заасан сэжигтний эдлэх эрхийг ойлгомжтой тайлбарлан өгч, эдлүүлээгүй бөгөөд үүрэгтэй л гэж тайлбарласан.
3)Б.М-аас сэжигтнээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх “Эрүү шүүлт, хүнлэг бус, харьцаанаас ангид байх", 5.3 дугаар зүйлийн 1.4, 25.1 дүгээр зүйлийн 13-т, “Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно",
16.1 дүгээр зүйлийн 6-т ”Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг ноцтой зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Сэжигтэн гэж хэнийг хэлэх вэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ” гэж хуульчилсан. Гэтэл 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 44 минутад Б.М-ыг сэжигтнээр баривчлаагүй, яллагдагчаар татах тогтоол танилцуулахаар дуудаагүй байж сэжигтнээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн Б.М-ыг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 06 дугаартай "Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай" тогтоол (2 дахь хавтаст хэргийн 30 дахь тал)-оор баривчилсан. Сэжигтнээр баривчлаагүй байж мэдүүлэг авч, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй.
1.2.Б.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авахдаа түүнд хуульд заасан эрхийг эдлүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т “бүх насаар нь хорих ял оногдуулж болох” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэх хуулийн заалтыг ноцтой зөрчиж, сэжигтэн Б.М-аас өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас Б.М-аас сэжигтнээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгдөг. Гэтэл анхан шатны шүүхээс "Н нь гадны нөлөөтэй нас барсан гэх гомдол мэдээллийг шалгах шатанд Б.М-ыг сэжигтнээр байцаасан бөгөөд энэ үед шүүгдэгч Ё.Б, Б.М нар нь хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байсан байна. Өөрөөр хэлбэл сэжигтнээс мэдүүлэг авах үед шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байсан байна” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, миний үйлчлүүлэгчийг ялласан нь туйлын харамсалтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэж хуульчилсан. Амь хохирогч Б.Н цогцос олдсонтой холбогдуулан Ё.Б, Б.М нарыг дуудан ирүүлж мэдүүлэг авсан байдаг.
Б.М-аас сэжигтнээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлалаа гэх боловч мэдүүлгийг явцыг баримтжуулсан видео бичлэгээс үзэхэд “үүрэгтэй” л гэж тайлбарладаг, энэ нь Б.М “ мэдүүлэг өгөх, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх үүрэгтэй" гэж ойлгосон байдаг. Хоёрдугаарт “сэжигтний хүлээх үүрэг” хуульд хуульчлагдаагүй байхад хуульд байхгүй үүрэг тайлбарлан танилцуулж мэдүүлэг авсан.
2 дугаар хавтаст хэргийн 80 дахь талд сэжигтэн Б.М Үндсэн хуулийн 16, 14 дүгээр зүйлийг тайлбарлалаа гэж мэдүүлэг авсан. Бусдаар гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаагүй. Түүнээс мэдүүлэг авах ажиллагааг баримтжуулсан видео бичлэгийг үзэхэд Үндсэн хуулийн 16.4 дүгээр зүйлийг санууллаа ойлгосон уу гэсэн байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасныг ойлгомжтой тайлбарлан өгөөгүй, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... зэрэг Үндсэн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн.
1.3 Б.М-аас сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл, мэдүүлэг авах үеийг баримтжуулсан видео бичлэг хоёр зөрүүтэй, 2-р хавтаст хэргийн 79-82 дахь талд авагдсан Б.М-ын мэдүүлгийн 80 дугаар хуудасны "хариулт хэсгийн дээрээсээ 8 дахь мөрний төгсгөл хүртэл бичигдээд "...Тэгээд би тухайн үед өөрийн эхнэр Гантогтохын хамтаар амрах гээд гэрийн зүүн хойно тавиатай вагончикт амрах гээд ороод ...” гэснээс хойш 80 дугаар хуудасны ар талын "... Тэгээд намайг цагдаа сэргийлэхийн хүмүүс ирвэл мэдэхгүй гэж хэлээрэй гэж хэлж байсан” гэх өгүүлбэр хүртэл огт бичигдээгүй. Өөрөөр хэлбэл мэдүүлгийг гол хэсэг мэдүүлэг авах үеийг баримтжуулсан видео бичлэгт огт бичигдээгүй. Яагаад энэ хэсэг огт бичигдэхгүй үлдэв, эсвэл бичигдсэн хэсгийг устгаж 2 ширхэг сиди бичлэгийг шүүхэд ирүүлэв үү, Энэ хэн нэгний санаатай үйлдэл үү, Шүүх үүнд огт дүгнэлт хийлгүйгээр харин шүүхээс “... уг бичлэг дундаа тасалдсан нөхцөл байдал илэрсэн бөгөөд камерын цэнэг дууссан, утсаар сольж бичлэг хийсэн талаар мөрдөгч тэмдэглэлдээ тусгасан ба Б.М энэ талаар маргахгүй байна” гэж дүгнэн нотлох баримтыг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т "Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад баримттай харьцуулах, ... нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана" гэсэн хуулийн заалтыг зөрчиж, хэт нэг талыг, яллах талыг баримталж нотлох баримтыг үнэлсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийг шатанд шүүгдэгч Б.М-аас "мэдүүлэг авч байхад камерын цэнэг дууссаныг мэдсэн, дуусангуут нь үргэлжлүүлээд гар утсаар бичсэн, миний мэдүүлгийг бүгдийг нь бичсэн" гэж мэдүүлдэг. Мөрдөгчөөс "мэдүүлэг авч байх явцад зургийн аппаратын цэнэг дууссан тул “Самсунг А30” маркийн гар утсаар бичлэг хийж бэхжүүлж авсан" гэж тэмдэглэгээ хийсэн бөгөөд цэнэг дууссаныг мэдээгүйгээс мэдүүлгийн зарим хэсэг бэхжүүлэгдээгүй талаар огт тэмдэглэлд тусгагдаагүй. Мөн нотлох баримт шинжлэн судалсны дараа улсын яллагчаас “энэ бичлэгийн зарим бичлэг нь ирээгүй юм шиг байна, мөрдөгчөөсөө асуумаар байна" гэсэн тайлбарыг ч хийж байсан. Энэ үед шүүгчээс шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ, таны энэ яриад байгааг нотлох баримт цуглуулах талаар гаргасан хүсэлт гэж ойлгох уу гэдэг талаар асууж байсан. Энэ нь Б.М-аас сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг бүрэн видео бичлэгээр баримтжуулсан болох нь тодорхой байгаа. Гэтэл мэдүүлгийн гол хэсэг бичигдсэн бичлэгийг хэн хэрхэн устгаж, шүүхэд 2 ширхэг сиди ирүүлсэн бэ? гэдэгт шүүх ямар ч дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна
Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Ц нь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.Маас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “ Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх”, 25.1 дүгээр зүйлийн 13-т “мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэх заалтыг ноцтой зөрчиж, эх Ц.Ө-аас 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 58 минутаас 13 цаг 50 минутын хооронд мэдүүлэг авч байхад сумын төвөөс зайдуу хуучин халуун усны дэргэд Б.Мыг аваачин “айлган сүрдүүлж, ээж чинь ингэсэн, тэгсэн, чи төмрөөр цохио биз дээ, тэгж мэдүүлэхгүй бол жирэмсэн эхнэртэй чинь хамт хорино” гэх зэргээр дарамталж дууссаныхаа дараа 13 цаг 44 минутаас эхлэн Б.М-аас мэдүүлэг авсан талаар шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг бөгөөд мэдүүлгийн явцыг баримтжуулсан видео бичлэгээс үзэхэд “тулгаж, хөтөлж, хэлээгүй зүйлийг хэлсэн болгож, байцаагч өөрийн асуусан асуултдаа өөрөө хариулт өгч” мэдүүлэг авсан. Энэ нь видео бичлэгээр нотлогдож байгаа. Гэтэл шүүхээс /шийтгэх тогтоолын 15-р талд/ “Б.М сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ би талийгаачийн баруун шанаанд нь цохисон гэхэд мөрдөгч “төмрөөр тийм үү” гэж тодруулж асуусан ба Б.М үүнийг үгүйсгээгүй “тийм” гэж хариулсан болох” нь тогтоогдож байна гэжээ. Энэ нь мөрдөгчөөс “тийм үү" гэж асуугаад “тийм“ гэдэг хариултыг авахын тулд хөтөлж. тулгаж асуугаад, байцаагч өөрөө хариулаад бичээд байна. Б.М бол "П.Н-ын би хажуу шанаанд нь нэг удаа цохисон" л гэж мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 7-т “...Ярьж дууссаны дараа ярьсан зүйлтэй нь холбогдуулан тодруулах асуулт тавьж болно” гэж заасан болохоос мөрдөгчийг өөрийн авахыг хүссэн хариултаа тулгаж асууж, тулгаж мэдүүлэг авахыг хуулиар зөвшөөрөөгүй. Б.М сэжигтнээр болон мөрдөн байцаалтын шат, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “би талийгаачийн зүүн шанаанд нь нэг удаа цохисон” л гэж тогтвортой мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь хэт яллах талыг баримталсан. Б.М зүүн шанаад нь гараараа цохисон болох нь өөрийнх нь болон гэрч Ц.Өын мэдүүлгээр тогтоогддог. Энэ нь талийгаачийн үхэлд шалтгаант холбоогүй юм.
Б.Мыг гэм буруутайд тооцсон болон шийтгэх тогтоолын гол үндэслэл болсон 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн "Сэжигтэн Б.М-аас мэдүүлэг авах’’ ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг хориглосон "эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх" тухай хэм хэмжээг зөрчсөн, бүх насаар нь хорих ял оногдуулж болох хэрэгт сэжигтнээр мэдүүлэг авахдаа заавал өмгөөлөгч оролцуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн, ямар нэгэн шийдвэргүйгээр, сэжигтнээр тооцолгүйгээр, баривчлалгүйгээр мэдүүлэг авсан, мэдүүлэг авахдаа Үндсэн хууль болон хуульд заасан эрхийг эдлүүлэлгүйгээр сэжигтнээр асууж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх, тооцох үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй" гэдгийг зөрчиж шүүх Б.М-ын бусад нотлох баримтаар нотлогдоогүй сэжигтний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчсөн.
Давж заалдах шатны шүүхэд гаргасан “Б.Маас сэжигтнээр авсан мэдүүлэг" нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг, 25.1 дүгээр зүйлийн 7, 13 дахь хэсгийг ноцтой зөрчсөн болох, Б.М-аас сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг баримтжуулсан видео бичлэг /мэдүүлгийг гол хэсэг бичигдсэн байх/-ийг хэн хэрхэн устгаж шүүхэд ирүүлээгүй талаарх” гомдолд шүүхээс ямар ч дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх өмгөөлөгч нарын гаргасан гомдолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг магадлалын үндэслэх хэсэгтээ дүгнэж ирүүлээгүй нь Б.Маас сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна.
Мөн давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгтээ “шүүгдэгч Б.М яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хохирогч П.Н, Ё.Б, Б.М нар хоорондоо маргалдаж муудалцаж зодолдсоны улмаас амь насыг нь хохироосон үйлдлийн талаар мэдүүлж байжээ” гэсэн дүгнэлт хийсэн нь тун харамсалтай. Учир нь Б.М нь талийгаачтай маргалдсан асуудал огт байдаггүй, мөн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ амь насыг нь хохироосон талаар огт мэдүүлээгүй байхад шүүх нотлох баримтыг буруугаар тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Гурав. Б.М нь гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдоогүй, Б.М яллах дүгнэлтэд дурдсан үйлдлийг хийгээгүй болох нь дараах нотлох баримтаар нотлогдож байгаа. Үүнд:
Б.Мын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, яллагдагч Ё.Б-ийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн “ ...Гэрээс гараад гэрээс урагш явж байхад Н толгой руу цохисон тэгээд би уурандаа нүүрэнд нь цохисон. Яг хаана цохисноо мэдэхгүй байна. Энэ дуу чимээнээр вагончикт байсан манай хүү М гарч ирээд юу болоод байгаа юм эмээг юу гэж доромжилсон юм бэ гээд дайраад байхаар нь хүү чи яах гээд байгаа юм бэ гээд хорьсон тэгтэл Н “та нарыг алаад өгнө гэдэс гүзээг чинь цувуулаад өгнө гээд гэр рүү орсон тэгээд би гэрээс очиж түлхэж байгаад гаргасан. Тэгсэн гэрийн зүүн урд талд газар байсан трубаг Н аваад хүүг цохих гэж байгаа юм шиг хүү рүү явахаар нь тэгээд би сандарсандаа гэрийн зүүн урд талд байсан трубаг аваад хүүг цохих нь гээд өрсөөд цохисон. Тэгээ л очоод үзсэн чинь Н хөдлөхөө байчихсан...” гэх мэдүүлэг,
Ё.Б-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн "... 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэрээс гаргаж ирээд байж байхад труба бариад хүүгийн араас цохих гээд явахаар нь би хүүгээ хамгаалж урьдаж трубагаар талийгаачийн араас нь 2-3 удаа цохисон хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Ө, гэрч Ц.А, А.Э, А.Г нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлүүд, Дундговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлт, шинжээч эмч Д.Дийн шүүх хуралдаанд өгсөн “Амь хохирогчийн дагзны баруун дээд хуйханд ... нийт 3 шарх үүссэн байсан. Цөмөрхий, цууралтууд нэг хүчтэй цохилтоор үүсэх боломжтой. Цөмөрхий, цууралтууд нь гараар нь цохиход үүсэх боломжгүй... Ташуу шарх нь амь хохирогчийг босоо байрлалтай байхад нь үүсэх боломжтой“ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар амь хохирогчийн биед үүссэн үхэлд хүргэсэн гэмтэл нь Ё.Бгийн үйлдлээс үүссэн болох нь нотлогдож байх бөгөөд Б.М-ын үйлдэл шалтгаант холбоогүй байна.
Дөрөв: Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.М нь төрсөн эцэг Ё.Б-тай бүлэглэн амь хохирогчийн унаж явсан улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг тус сум дахь “Цагаан овоо"-ны нүүрсний уурхайн тогтсон усанд гэмт хэргээ нуун далдлах зорилгоор бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь:
Бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийг үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдаагүй. Б.М-ын хувьд энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй. 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр талийгаачийн мотоциклыг Цагаан-Овооны нүүрсний уурхайн тогтсон усанд хаяж байгаа үйлдэл нь тэр эд хөрөнгөд чиглэгдээгүй. Ё.Б-ийн хувьд гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хийсэн үйлдэл байдаг. Яллагдагч нарын мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлээр шүүгдэгч Б.М нь аавыгаа загнасны дагуу талийгаачийн мотоциклыг унаад дагаад явсан, хаашаа явж байгаагаа мэдээгүй. Цагаан-Овооны нүүрсний уурхайн аман дээр Б.М үлдсэн, Ё.Б мотоциклыг уурхайн тогтсон ус руу хаясан, эсхүл нуусан эсэхийг мэдээгүй байдаг. Б.М-ын үйлдэлд бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх санаа, зорилго байгаагүй.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Б.М-ыг гэм буруутай гэж үзсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Б.М гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байхад анхан шатны шүүх дан ганц сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үнэлж, дүгнэлтэд ач холбогдол бүхий бусад мэдүүлгийг хэрхэн яаж үнэлсэн, үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гомдол, хэргийн бодит байдалд хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй.
Иймээс шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Б.М холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Долгорсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Дээрх хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлээр хэрэг, шийдвэрүүдийг хянуулж, хууль хэрэглээний талаар тайлбарлах замаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна. Өмгөөлөгчөөс Ё.Б холбогдох хэргийн зүйлчлэл тохирохгүй, Б.М гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож, тогтоогдохгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд мөрдөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлж, үндэслэж ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь мөн ноцтой зөрчил бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь оролцогчдын гаргасан гомдлыг хянаж хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчиж явуулсан ажиллагаанууд болон нотлох баримтууд, гомдлын үндэслэл, саналуудад ямар ч дүгнэлт хийгээгүй. 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р багийн нутаг Шар тойром хэмээх газар П.Н нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан ба уг гэмтлийг учруулж амь насыг хохироосон гэм буруугаа Ё.Б хүлээн зөвшөөрч мэдүүлсээр байхад, талийгаачийн амь насыг хохирооход Б.М оролцсон болох нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүх түүнийг хүү Б.Мтайгаа бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Ийнхүү дүгнэж үзэхдээ анхан шатны шүүх зөвхөн Б.Маас 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр авсан мэдүүлгийг үндэслэл болгосон. Гэвч Б.М ийнхүү сэжигтнээр байцаасан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн доорх заалтуудыг зөрчсөн. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ” гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл тухайн үед Б.М нь баривчлагдаагүй, яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээгүй байсан үе. Б.М шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах саналыг баталсан 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутаас эхлэн сэжигтнээр баривчлах талаар шүүгчийн захирамж 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гарсан. Мөн түүнд Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан иргэний болон сэжигтний эрхийг бүрэн гүйцэд тайлбарлаж өгөөгүй, өмгөөлөгч оролцуулалгүй байцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх “...Мөн Б.Н гадны нөлөөтэй нас барсан гэх гомдол мэдээллийг шалгах шатанд Б.М сэжигтнээр байцаасан бөгөөд энэ үед шүүгдэгч Ё.Б, Б.М нар нь хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байсан байна. Өөрөөр хэлбэл сэжигтнээс мэдүүлэг авах үед шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар ямар нэг шийдвэр гараагүй байсан байна." гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн ба харин давж заалдах шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.
Б.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр авсан мэдүүлгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан видео бичлэг хоёр нь хоорондоо зөрүүтэй, байцаалтын зарим хэсэг бичлэгт тусгагдаагүй, хэлээгүй зүйлийг нь хэлсэн мэтээр тэмдэглэлд тусгаж байгаа, хөтөлж тулгаж асууж байгаа (бичлэгээс тодорхой харагдана) зэрэг мөрдөгчийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13, 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж цуглуулсан нотлох баримт юм. Байцаалтын үед мөрдөгч камерын цэнэг дуусаж, гар утсаар шууд үргэлжлүүлэн бичлэг хийсэн талаар Б.М мэдүүлдэг ба харин бичлэгт байхгүй зүйлсийг тэмдэглэлд яагаад тусгасан, эсхүл бичлэгээс зарим хэсэг яагаад алга болов гэдгийг шүүх анхаарч үзээгүй, шүүгдэгч маргахгүй байна гэсэн дулимаг дүгнэлт хийсэн.
Мөн Б.Мын 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй атал, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлж, үйлчлүүлэгч Б.М-ыг яллаж, Ё.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэрүүд юм. Давж заалдах шатны шүүх нь магадлалын тодорхойлох хэсэгтээ “хохирогчийн цогцсыг Цагаан-Овоо гэх газраас олж илрүүлэн хийсэн үзлэг, түүний амийг хохироосны дараа усанд хийж нуухад ашигласан ороож боосон цув, олс зэрэгт хийсэн үзлэг, цогцост хийсэн үзлэг, энэ талаарх тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож хавтаст хэрэгт авагдсанаас гадна хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгаж явуулсан үйл ажиллагаа зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар давхар нотлогджээ” гэсэн нь үндэслэлгүй ба эдгээр нь Б.М талийгаачийн амь насыг хохирооход оролцсон гэдгийг нотолж буй баримт биш юм.
Амь хохирогчийн биед үүссэн шарх, гэмтлийг Ё.Б учруулсан гэдэг нь шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 44 тоот дүгнэлт болон шинжээч эмч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Ц.Ө, Ц.А, А.Э, А.Г нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Ё.Б, Б.М нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.
Ё.Б, Б.М нар нь бүлэглэн амь хохирогчийн унаж явсан “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг устгаж 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд Б.М гэмт хэргээ нуун далдлах гэсэн аав Ё.Б-ийн загнаснаар түүний шаардлага, дарамтын дор талийгаачийн мотоциклыг унаж дагаж явсан ба уурхайн аман дээр үлдэж, Ё.Б мотоциклыг цааш авч явсан тухай тэд тодорхой мэдүүлдэг. Тэдэнд бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх санаа зорилго огт байгаагүй ба харин Ё.Б-ийн гэмт хэргээ нуух далдлах зорилгоор хүүгээ загнан мотоцикл унуулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байхад анхан шатны шүүх “Шүүгдэгч Ё.Б, Б.М нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний унаж явсан мотоциклыг Цагаан овооны уурхайн нүхэнд тогтсон усанд живүүлсэн үйл явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна” хэмээн дүгнэлт хийн ял шийтгэсэн нь үндэслэлгүй юм.С.Б нь өөрийн гэм бурууг бүрэн ухамсарлаж, гэмшиж байгаа ба хохирогч талд нийт 31,260,000 төгрөг төлсөн. Мөн үнэ бүхий өөрийн хөрөнгөө хохирогчийн ар гэрт шилжүүлэн өгөх боломжтой талаараа илэрхийлсэн. Дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж явуулсан ажиллагаа нь үйлчлүүлэгч Б.М-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг ноцтой зөрчсөн ба үйлчлүүлэгч нарын эрх, эрх зүйн байдлыг дордуулж байна.
Иймд дээрх үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.М холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, Ё.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр магадлалыг гардан авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7-р зүйлийн 1, 1.1-д заасан ” ...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхэд хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1.Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Ё.Б.Б.М нар бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр амь хохирогч П.Н-тай маргалдсаны улмаас түүний биед труба төмрөөр цохиж олон тооны гэмтлүүдийг учруулсан бөгөөд гавал тархины хэсэгт амь насанд аюултай гэмтэл учруулан амь насыг нь хохироосон, мөн бүлэглэн хохирогчийн хөрөнгө болох 2,200,000 төгрөгийн үнэтэй мотоциклыг усанд хаяж устгасан зэрэг хэргийг, шүүгдэгч Ц.Ө нь Цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдэн хянагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж үзэх үндэслэл бүхий байна. Амь хохирогч П.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны үед Ё.Б-ийн гэрт очсон үедээ Ё.Б, Б.М нартай маргалдсан үйлдлийн улмаас гавал тархиндаа амь насанд аюултай гэмтэл авч нас барсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон байна.
Мөрдөгч болон прокурор нь яллагдагч Ё.Б, Б.М нар нь бүлэглэн амь хохирогч Н-ын биед гараар болон төмрөөр олон тооны гэмтэл учруулах үедээ амь насанд аюултай гэмтлүүдийг үүсгэн гавал тархины ил гэмтэл учруулан хүний амь насыг хохироосон, улмаар амь хохирогчийг тус суман дахь “Цагаан Овоогийн” нүүрсний уурхай руу тээврийн хэрэгслээр зөөвөрлөн тогтоол усанд живүүлж хаясан, мөн Ё.Б нь хүү Б.Мтай бүлэглэн амь хохирогчийн унаж явсан улсын дугааргүй, ”Даюун" маркийн мотоциклыг тус суман дахь “Цагаан Овоогийн” нүүрсний уурхайн тогтоол усанд хаяж, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1-р зүйлийн 2.11, 17.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.1 дугаар зүйлийн 2.1-д: “...онц харгис хэрцгийгээр” гэснийг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д: ”...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн зүйл заалтуудыг орхигдуулж ялын зүйл анги сонсгосон нь дээрх яллагдагч, нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан: ”...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулахад оршино” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна.
2.Шүүгдэгч Ё.Б, Б.М нарын үйлдэл нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, мөн гэмт этгээдүүд нь хохирогчийг өршөөлгүй, зэрлэг балмад, хүний үнэргүй зан гаргаж үйлдсэн хэргээ нуун далдлахын тулд цогцсыг брезент болон ОБ-цуваар ороож, гадуур нь ямааны олс дээсээр хүлж, тогтмол нуурын усанд хаяж байгаа үйлдэл нь онц харгис хэрцгий аргаар үйлдсэн болох нь нотлогдсоор байтал мөрдөгч, прокурор, шүүх эдгээр байдлыг харгалзан үзэлгүй тухайн зүйл ангийг орхигдуулж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
3.Мөн шүүгдэгч Ё.Б, Б.М нар нь хохирогч П.Н өөрийн биеэ хамгаалах, хянах чадваргүй, согтуурсан, өөрсдийнх нь эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдлыг далимдуулан зодож, төмрөөр цохиж олон тооны гэмтэл шарх, цаашлаад амь насанд нь аюултай гэмтэл учруулж амь насыг нь хохироосон байтал эдгээр нөхцөл байдлыг харгалзан гэмт этгээдүүдийн үйлдлийг зөв зүйлчилж ялласангүй гэж гомдоллож байна.
4.Шүүгдэгч Ц.Ө мөрдөгч, прокурор нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвхөн “мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн” гэж ялын зүйл анги сонсгон шүүх мөн энэ үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харвал Ц.Ө нь тухайн гэмт хэрэг гарах үед хажууд нь байж, нөхөр Ё.Б, хүү Б.М нарын үйлдлийг таслан зогсоох, цаашлаад Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлэхийн оронд харин ч үйлдлээрээ хүн алах гэмт хэрэгт хамтран оролцож, Ё.Бд амь хохирогч П.Н-ыг алахад нь туслалцаж, ямааны олс дээс, брезентийг авчирч хучуулж байгаа үйлдэлд мөрдөгч, прокурор, шүүх дүгнэлт хийлгүй түүнд ял завшуулж байгаад гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна гэв.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ё.Б нь өөрийн төрсөн хүү Б.М-тай бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч П.Н-ыг зодож амь насыг нь хохироосон, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, Ц.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед санаатай худал мэдүүлэг өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд авагдсан шүүгдэгч нар хэд хэдэн удаа сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Бүхэлд нь авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч нарын хэн аль нь хохирогчийн толгойн тус газарт төмрөөр цохисон, түүнчлэн хохирогч Б.Ныг нас барсны дараа гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хэрэг учрал болсон газраас 20 км газар Ё.Б өөрийн машинаар зөөвөрлөн, цогцсын толгой хэсгийг брезент болон ОБ цуваар боож, уяагаар хүлэн хүндрүүлэх зорилгоор дотор нь 11 ширхэг чулуу хийж, тогтсон усанд мотоциклийн хамт хаясан зэрэг үйл баримтуудаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэхээр байна. Хэдийгээр өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Б.М-ыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай оролцоогүй, аав Ё.Б-ийн дарамт шахалтаас болж оролцсон учраас түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гомдол гаргадаг боловч хэрэгт шүүгдэгч Б.М нь бусдын шахалт дарамтад орж, гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг болно.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй“ гэж тодорхой зааж, нотлох баримтаар тооцохгүй байх тохиолдлууд болон уг асуудлыг шийдвэрлэх журмыг мөн хуулийн 16.11, 16.12 дугаар зүйлүүдэд дэлгэрүүлэн зохицуулсан байна.
Тухайлбал, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан”, 1.2-т “Энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэж тус тус заасан бөгөөд эдгээр зохицуулалтаас үзэхэд Б.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авсан (хэргийн 2 дахь хавтас, 79-82 дахь тал) явдал нь хууль зөрчсөн байх тул энэ талаар гаргасан түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь дээрх хуулийн 31.2 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан эсхүл яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ” гэж заасан бөгөөд Б.М-ыг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсаныг (хэргийн 2 дахь хавтас, 30 дахь тал) анхан шатны шүүх 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хянан үзээд уг ажиллагааг үндэслэлтэй гэж дүгнэн 9 дүгээр сарын 27-ны өдөр баривчилсныг зөвшөөрч 30 дугаар захирамж гаргажээ. (хэргийн 2 дахь хавтас, 33-34 дэх тал)
Түүнчлэн прокурор 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн (хэргийн 1 дэх хавтас, 6-9 дэх тал) байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдлуудыг дээрх хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д хуульчилсан бөгөөд энэ хэсгийн 1.4-т зааснаар үүнд “бүх насаар хорих ял оногдуулж болох” хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж буй явдал хамаарна.
Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэл, журмын дагуу сэжигтнээр тооцогдоогүй Б.М-аас сэжигтнээр мэдүүлэг авснаас гадна мөн хуулийн 31.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “ямар гэмт хэрэгт сэжиглэж байгаа”, 1.3-т заасан “түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг өөрийнх нь эсрэг шүүхэд нотлох баримт болохыг анхааруулах” гэснийг тус тус танилцуулаагүй байх тул Б.М-ын хувьд энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох эрхээ эдлэх боломжгүй болсноос гадна мөрдөгч уг зүйл, хэсэгт заасан хоригийг зөрчсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан үндэслэлээр Б.М-ын 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлгийг бүхэлд нь нотлох баримтаас хасч тооцохоор шийдвэрлэв.
Уг мэдүүлгийг нотлох баримтаас хасч тооцох нь Б.М-ыг Ё.Б-тай бүлэглэн хүнийг санаатай алсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл (эс үйлдэхүй)-ийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд заасан байна.
Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал шаардлагатай билээ.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар багийн Цагаан-Овоо гэх газар байрлах нүүрсний уурхайн ухсан нүхэнд тогтсон уснаас 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүний цогцос олдсон явдалд холбогдуулан хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан бүх арга хэмжээг авч, зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэжээ.
Эдгээр ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь уснаас олдсон хүн гадны нөлөөгөөр нас барсан эсэх, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хэн үйлдсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нотолбол зохих байдлыг нотлоход хангалттай, хүрэлцэхүйц байхын гадна хохирогч П.Н 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэмт халдлагад өртөж амь нас нь хохирсон үйл явдалд хамааралтай, ач холбогдолтой байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл (эс үйлдэхүй)-г мөрдөн шалгах явцад цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан журмын дагуу хэргийн бодит байдлыг тогтоох нь мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтыг хангахад чиглэгдсэн гол ажиллагаа юм.
Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад харилцан бие биеэ үгүйсгэсэн эсхүл бататгасан, өөр өөр онцлог шинжтэй нотлох баримтууд цугларч бэхжүүлэгддэг тул эдгээрийн харилцан хамаарал болон шууд ба шууд бус холбоотой эсэхийг тогтоох нь хэргийг нотлох ажиллагааны үндэс билээ.
Учир нь хоорондоо харилцан хамааралтай, холбоотой нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааны суурь болох ба энэ нь тэдгээрийг цогц байдлаар шинжлэн судалж, бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлснээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.
Тиймээс нэг (хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт г.м) нотлох баримтанд бус хоорондын уялдаа, харилцан хамаарал, бие биентэйгээ хэрхэн нөхцөлдөж буй байдлаар нь хэд хэдэн нотлох баримтыг харьцуулан үнэлэх шаардлагатай ба ингэснээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох боломжтой юм.
Түүнчлэн тухайн нотлох баримт нь нотолгооны зүйлийн нэг хэсгийг бүхэлд нь, мөн дангаараа эсхүл бусад нотлох баримттай нийлсэн байдлаар яллах болон цагаатгах нотлох баримт болж буй эсэхийг нягтлан хянасны эцэст үнэлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой.
Иймд хэргийн талаар харилцан эсрэг эсхүл нэгдмэл сонирхолтой шүүгдэгчдийн хувьд тэдгээрт холбогдох хэргийн нотлох баримтын цогц байдал буюу хоорондын уялдаа, харилцан хамаарал, тухайн үйл явдлыг нотлох эсхүл үгүйсгэхэд гүйцэтгэж буй үүрэг, тэдгээрийн нийлбэр нь хэргийн үйл баримтын талаар нэгдсэн нэг дүгнэлт хийхэд хангалттай, хүрэлцэхүйц эсэхэд онцгой анхаарвал зохино.
Б.М-ын сэжигтнээр өгсөн мэдүүлгээс бусад нотлох баримтууд буюу хоёр шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрч, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь дээрх байдлаар буюу цогцоороо Ё.Б, Б.М нарын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаарбагийн “Шар тойром” гэх газарт байрлах гэрийнхээ гадна үйлдлээрээ нэгдэн хохирогч П.Н хүч хэрэглэн халдаж учруулсан гэмтэл түүнийг үхэлд хүргэсэн болон цогцсыг усанд живүүлж хаясан үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолж, тэдгээрийн үйлдэл, талийгаачийн үхэл шалтгаант холбоотойг тогтоосон байх бөгөөд хоёр шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.
Тиймээс өмгөөлөгчдийн хамтаар Б.М-ын яллагдагчаар өгсөн “Тэгээд би унаад босоход гарт таарсан трубаг бариад биеэ хамгаалаад цохих гэсэн чинь оноогүй” (хэргийн 2 дахь хавтас, 67 дахь тал), “Газраас труба төмөр аваад урдаас нь цохих гэсэн боловч оноогүй” (хэргийн 2 дахь хавтас, 70 дахь тал), анхан шатны шүүх хуралдаанд “Би төмрийн өөдөс бариад босож иртэл аав дундуур орж ирж салгасан” (хэргийн 3 дахь хавтас, 238 дахь тал), “Би трубанд хүрээгүй” (хэргийн 3 дахь хавтас, 243 дахь тал) гэсэн харилцан зөрүүтэй мэдүүлгүүд нь хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэн няцаах, гаргасан шийдлийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж хяналтын шатны шүүх үзэж, энэ талаар гаргасан түүний өмгөөлөгчид болон шүүгдэгч Ё.Б-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтоов.
Тухайн хэргийн хохирогчийн зүгээс өдөөн хатгасан болон ёс бус авирласантай холбоотойгоор хүний сэтгэцийн ердийн байдал алдагдан, ухамсарт үйл ажиллагаа саарч, өөрийгөө хянах болон үйлдлээ зөв үнэлэх нөхцөл байдал хязгаарлагдсан тохиолдлыг санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчдах гэж үздэг билээ.
Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчдах нь сэтгэцийн хүчтэй цочрол болон гэмт хэрэг үйлдэх санаа гэнэт үүссэн байх, энэ нь хохирогчид хүчээр (бие махбодын болон сэтгэл зүйн) дарлагдсан болон хүндээр доромжлогдсон, түүнчлэн түүний хууль бус бусад үйлдэлтэй шууд холбоотой байхыг шаарддаг бөгөөд энэ эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болно.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч П.Н нь согтуурхан Ё.Б, Ц.Ө нартай үг сөргөлдсөн тухай гэрч Б.А, А.Э, Ц.Ц нар мэдүүлсэн бөгөөд хохирогчийн бусдын нэр төр, алдар хүндийг ичгүүр, сонжуургүйгээр гутаан доромжилж, Ё.Б болон түүний ойр дотнын хүмүүсийг биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх байдлаар эрхшээл, дарамтанд оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэрээр шүүгдэгч нартай харилцан зодолдох явцад гэмтэж нас барсан үйл баримт тогтоогдсон тул Ё.Бгийн хувьд санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй хэмээн үзлээ.
Шүүгдэгч Ё.Б, Б.М нар нь хүнийг санаатай алсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн унаж явсан 2,200,000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” загварын мотоциклыг усанд живүүлж хаясан нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Учир нь энэ зүйл, хэсэгт заасан “устгах” гэдэгт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хөрөнгө биет байдлын хувьд бүрэн устгагдаж үгүй болсныг ойлгохоос гадна анхны шинж байдлаа бүрэн алдаж, дахин ашиглаж хэрэглэх ямар ч бололцоогүй болсныг хамааруулан үздэг болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М “Тус мотоцикл нь хүхэртэй усанд олон хоног болсон тул одоо ямар ч ашиглах боломжгүй болсон” гэсэн хүсэлт (хэргийн 3 дахь хавтас, 18 дахь тал) гаргаснаас үзэхэд усанд живүүлэн хаясан мотоциклыг дахин ашиглах боломжгүй болсон байх тул шүүгдэгч Ё.Б, Б.М нарыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Иймд Б.М холбогдох бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтоов.
Өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдээ хамгаалах, өмгөөлөх хүний байгалийн зөн совинг Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй гэж хуульчлан тунхагласан нь уг заалтад дурдсан хүмүүсийн хооронд дахь онцгой харилцааг хүлээн зөвшөөрч хүндэтгэсэн, хувийн халдашгүй байдлыг хамгаалах баталгаа юм.
Үндсэн хуулийн дээрх заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 3, 8.2 дугаар зүйлийн 1.14, 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдээр дэлгэрүүлэн зохицуулсан бөгөөд эдгээрт дурдсан эрхүүдийг Үндсэн хуулийн баталгаатай учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд элдэв болзол, нөхцөлгүйгээр эдлүүлэх шаардлагатай билээ.
Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд сахин мөрдөх ёстой ба энэ нь гэмт хэргийн хохирогч, гэрч болсон буюу бусад гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг, тэдгээрийг гэмт хэрэгт холбогдолтой болохыг нотлоход чиглэгдсэн мэдүүлэг өгч болзошгүй хүмүүст тэргүүн ээлжинд хамааралтай болно.
Тиймээс гэмт хэргийн үйл баримт болон үйлдсэн этгээд тодорхойгүй байгаа тохиолдолд тэдгээрийг тогтоох үүднээс мөрдөгч нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байж болзошгүй гэж үзсэн хүнээс мэдүүлэг авахдаа эрүүгийн ямар хэргийн учир байцаах гэж буйгаа тодруулан тайлбарлаж тухайн хүнийг Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон жам ёсны эрхээ эдлэх баталгаатай боломжоор хангавал зохино.
2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн гэрийн гадна нөхөр, төрсөн хүүгийнх нь оролцоотой болсон үйл явдлыг харсан, мэдсэн хүн болох Ц.Ө-ын тэдгээрийгээ хамгаалах үүднээс өгсөн хохирогч П.Н-ыг тухайн өдөр ирээгүй талаарх мэдүүлгийг (хэргийн 1 дэх хавтас, 108 дахь тал) худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутган, ял шийтгэсэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д тус тус заасан түүний эрхийг зөрчсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн өмгөөлөгч Л.Данзанноровын гомдлыг хангаж шийдвэрлэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хэргийн үйл баримт болон гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд, тэдгээрийн хамтран оролцсон байдлыг тогтоож, энэ талаар хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул Ц.Ө-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийн хамтран оролцогчоор татах, Ё.Б, Б.М нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхийг хүссэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.
Хоёр шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлсөн эдийн хохирлын хэр хэмжээний талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргаснаас гадна иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хэлэлцэхгүй орхисон нь хууль зөрчөөгүйн зэрэгцээ шүүгдэгч Ё.Б, Б.М нарт оногдуулсан ял нь тэдгээрийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан үндэслэлээр, мөн зүйлийн 2.2-т заасны дагуу Б.М-ын 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлгийг (хэргийн 2 дахь хавтас, 79-82 дахь тал) бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүй байхаар тогтоосугай.
2. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол,тус аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар магадлалын Ц овогтой Ө холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
3.Мөн шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн, Ж.Чимэддулам, Д.Долгорсүрэн нарын гомдлуудыг бүхэлд нь, Л.Данзанноровын гомдлын Ц.Ө холбогдох хэсгээс бусдыг нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН