МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар: 001/ХТ2022/0030
Улаанбаатар хот

 

“Н” ХХН-ийн нэхэмжлэлтэй,

Санхүүгийн зохицуулах хороонд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                  Д.Мөнхтуяа

Танхимын тэргүүн:                Ч.Тунгалаг

Шүүгчид:                                Х.Батсүрэн

                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                       М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:       Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1. 11.20, 11.21 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулах тухай”

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-О, Н.Э нар (онлайн)-ыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 33 дугаар зүйлийн 33.2, 33.2.1, Өрсөлдөөний тухай хуулийн 13.2, 13.2.3, 13.2.7-д заасныг тус тус баримтлан Өмгөөллийн “Н” ХХН-өөс Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1, 11.20, 11.21 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Давж заалдах журмаар гаргасан гомдол

 

2.  Нэхэмжлэгч “Н” ХХН-ийн төлөөлөгч Ч.Г гомдолдоо:“... Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн Хянавал хэсгийн 2.12, 2.13 дахь хэсгүүдэд “... маргаан бүхий журмын холбогдох заалтуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдсөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, “Н” ХХН нь зөвшөөрөл авахаар санхүүгийн зохицуулах хороонд хандаж байгаагүй ба маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий журмын 11.4.1, 11.20, 11.21 дэх заалтуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамраана:”, 52.5.5-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж тус тус заасан. Уг зохицуулалтаас үзвэл хэм хэмжээний актад холбогдуулан нэхэмжлэл гаргаж буй хүн, хуулийн этгээдийн хувьд маргаан бүхий хэм хэмжээний акт, түүний заалтын улмаас ямар эрх ашиг нь хэрхэн хөндөгдөж болзошгүй байгаа нөхцөл, ямар хуультай хэрхэн зөрчилдөж байгааг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхой тусгахаар заасан байна.

 

4.     Өмгөөллийн “Н” ХХН нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасны дагуу хууль зүйн мэргэжлийн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд болно. Цаашид холбогдох хууль тогтоомж болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15, 33 дугаар зүйлд заасны дагуу “үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө” үзүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд үүнийгээ нэхэмжлэлдээ тодорхой тусгасан. Гэтэл маргаан бүхий журмын 11.20-т зааснаар манай нөхөрлөлийн зүгээс нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэхийн тулд 1)“олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 2-оос доошгүй мэргэжилтэнтэй”, улмаар уг шаардлагыг хангасны дараа хороонд бүртгүүлэх бөгөөд 2)“бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан” тохиолдолд зөвшөөрөл олгохоор заасан байна. Гэвч “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалт” гэдэгт ямар сургалт хамаарах нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалт ...” гэдэгт гадаад улсын санхүүгийн зах зээлд үнэт цаас гаргагчаас нийтэд санал болгон үнэт цаас гаргах, тэдгээрийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахад хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, тухайн улсын үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр олон улсын сургалтын байгууллагаас зохион байгуулсан сургалт, семинарт хамрагдаж, холбогдох гэрчилгээг авсан байхыг хамруулан ойлгож байгаа болно” гэжээ.

 

5.  Журам баталсан хариуцагчийн шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараас үзвэл Жишээ нь: Монгол Улсад үнэт цаас гаргаж буюу хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө үзүүлэхийн тулд Канад улсын Торонтогийн хөрөнгийн бирж үнэт цаас гаргагчаас нийтэд санал болгон үнэт цаас гаргах, тэдгээрийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, тухайн улс буюу Канад улсын үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр олон улсын сургалтын байгууллага буюу гадаадад сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагыг тавьж байна.

 

6.  Дээрх журмаар Санхүүгийн зохицуулах хороо, Хуульчдын холбооны хамтран зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлд оролцогчид үзүүлэх хуульчдад эрх олгох сургалт”-д өөрийн нөхөрлөлийн хуульч, өмгөөлөгчдийн хамруулж, гэрчилгээ авсан ч маргаан бүхий 11.20-т заасан шаардлагыг хангаж чадахааргүй байна. Гэтэл маргаан бүхий журмаар тавьсан шаардлага, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас үзвэл өөрийн хуульч, өмгөөлөгчдийг гадаад улсын ямар, сургалтад, хэрхэн яаж хамруулах нь тодорхойгүй, биелүүлэх боломжгүй шаардлагыг хангаж байж Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх хүсэлт гаргахаар заасан журамд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ шүүхээс манай нөхөрлөлийг хариуцагч “Санхүүгийн зохицуулах хороонд хандаж байгаагүй”, “эрх ашиг нь хөндөгдөөгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.

 

7.  Мөн Г.Банзрагчийн “Захиргааны процессын эрх зүй” номын 117 дугаар талд “... нэхэмжлэгч хүн, хуулийн этгээдийн хувьд тухайн актын улмаас түүний ямар нийтийн эрх зүйн субьектив эрх нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэдгийг тодорхой заах ёстой. Зарчмын хувьд захиргааны хэм хэмжээний акт нь нэхэмжлэгчид дарамт учруулж байгаа нь (үүрэг хүлээлгэсэн, эрхийг нь хязгаарласан, эрх байдлыг дээрдүүлсэн г.мэт) илэрхий тохиолдолд “боломжит байдлын онол”-ын үүднээс шүүхээс нэхэмжлэгчийн “нэхэмжлэл гаргах эрх”-ийг тусгайлан шалгах шаардлагагүй” гэжээ. Дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасан нөхцөл маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын улмаас манай нөхөрлөлийн “ашиг зөрчигдөж болзошгүй” үндэслэл бодитой бөгөөд илэрхий тодорхой байгаа.

 

8.  Шүүхийн шийдвэрийн Хянавал хэсгийн 2.6-д “... Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 32.2.1 дэх заалтуудыг дурдаад Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй өмгөөллийн нөхөрлөл үнэт цаасны зах зээлд зохих үйлчилгээг үзүүлэх боломжтой байхаар хуульчилсан боловч маргаан бүхий “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аар илүү нарийвчлан зохицуулж, шаардлагатай тусгай шаардлагуудыг нэмж журамласан нь хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

 

9.  Үнэт цаасны тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Зохицуулалттай үйл ажиллагаа”-ны төрлийг нарийвчлан зааж, 24 дүгээр зүйлийн 24.1.15-т “үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зөвлөгөө үзүүлэх” үйлчилгээг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан шалгуурыг хангасан хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсний үндсэн дээр эрхэлж явуулахаар зааж, уг хуулийн этгээдээс гаргасан дүгнэлт нь үнэт цаасны танилцуулгын салшгүй хэсэг байхаар заасан.

 

10.  Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаартай тогтоолын хавсралтаар “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журмын 11 дүгээр зүйлд “Үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, бүртгэлээс хасах, тэдгээрийн үйл ажиллагаа”-г зохицуулсан байна. Тус журмын 11 дүгээр зүйлийн 11.4-т “Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэхийг хүссэн хуулийн байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна”, 11.4.1-д “хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос дээш жил эрхэлсэн байх”, 11.20-т “Хороонд бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 2-оос доошгүй мэргэжилтэнтэй, эсхүл Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлнэ”, 11.21-д “Хороонд бүртгүүлснээс хойш 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 1-ээс доошгүй мэргэжилтэнтэй, эсхүл Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээ үзүүлнэ” гэж тус тус заажээ.

 

11.  Үнэт цаасны бүртгэлийн журмын дээрх заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2-т заасан “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, 60.1.4-т заасан “шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх”, 60.1.6-д заасан “хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх”, мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Үнэт цаасны зах зээлд энэ хуулийн 24.1.15 - 24.1.17-д заасан холбогдох үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй хуулийн этгээд дор дурдсан шалгуурыг хангасан байна”, 33.2.1-д “хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг хуулийн этгээдийн тухайд гэрээний үндсэн дээр ажиллах, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай байх” гэж заасныг зөрчсөн байна.

 

12.  Учир нь, дээр дурдсанчлан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлд үнэт цаас гаргагчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдийн тавигдах шаардлагыг 1)“гэрээний үндсэн дээр ажиллах”, 2)“хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай байх” гэж тодорхой заасан байхад Хорооны шинэчлэн баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11.4.1-д “хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос доошгүй жил эрхэлсэн байх” гэж хугацааны хязгаарлалт бүхий зохицуулалт оруулсан нь дээрх хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй, хуулиар хориглоогүй асуудлаар хязгаарласан буюу хориглосон заалт оруулсан байна. Уг зохицуулалтын улмаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Компанийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж, шинээр үүсгэн байгуулагдсан хууль зүйн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд Үнэт цаасны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ч Хороонд бүртгүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрч байна.

 

13.  Түүнчлэн, хууль тогтоогчийн зүгээс Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасны дагуу үнэт цаасны зах зээлд оролцогчид дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон журам баталж мөрдүүлэх эрхийг олгосон боловч уг журам нь хуульд хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх, хуульд зааснаас өөрөөр шинээр эрх, үүрэг үүсгэсэн агуулгатай байх боломжгүй юм. Тухайлбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тогтоосон тооны хуульчтай байх” гэж зохицуулснаас үзвэл Санхүүгийн зохицуулах хороонд хуулийн шаардлагад нийцсэн хэчнээн хуульчтай байхыг журмаар нарийвчлан зохицуулах бүрэн эрхийг олгосон байна. Гэтэл шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, тусгайлан эрх олгосон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй маргаан бүхий журмыг “үнэт цаасны зах зээлд оролцогчийн эрх ашгийг хамгаалсан, олон улсын жишиг, стандартад нийцүүлэх өндөр ач холбогдолтой зохицуулалт” гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний илэрхий алдаатай, нэхэмжлэлийн маргаж буй үндэслэл, үйл баримтад хүлээн зөвшөөрөхүйц хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.

 

14.  Шүүхийн шийдвэрийн Хянавал хэсгийн 2.10-т “... “Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани” нь бусад хороонд бүртгүүлснээс хойш зохих жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдсан мэргэжилтэнтэй байх шаардлагыг шаардахгүй байхаар зохицуулсан нь үнэт цаас гаргагчид үзүүлэх үйлчилгээ болон үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдүүдийн дунд аливаа өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл байдал үүсгэхгүй гэж үзлээ” гэсэн нь илт үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн байна.

 

15.  Гэтэл журмын дээрх зохицуулалтуудаар олон улсын хуулийн компани Үнэт цаасны бүртгэлийн журмын маргаан бүхий заалтуудад зохицуулсан шаардлага тавигдахгүй, Монгол Улсын хуулийн болон аудитын байгууллагууд тусгай шаардлага хангаж байж ижил үйлчилгээ үзүүлэхээр журамласан шууд утгаараа гадаадын өмгөөллийн фирм, хуулийн этгээдүүдэд илэрхий давуу байдал олгож, дотоодын хуулийн этгээдүүдэд биелэгдэх боломжгүй шаардлага тавьсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцээгүй, ялгаварласан, илт хууль зөрчсөн зохицуулалт болсон байна.

 

16.  Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд “Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох бүртгэл явуулах, төлбөр хураамж авахыг хориглоно”, 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно:” гээд 13.2.3-т “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн”,  13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж тус тус заасан байна.

 

17.   Үнэт цаасны бүртгэлийн журмын дээрх маргаан бүхий зохицуулалтууд нь Захиргааны ерөнхий хууль төдийгүй Өрсөлдөөний тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд гадаад улсын бүртгэлтэй хуулийн фирмүүдийг тусгайлан дэмжсэн, Монгол Улсад бүртгэлтэй, цаашлаад шинээр үүсгэн байгуулагдсан эсхүл Санхүүгийн зохицуулах хороонд шинээр бүртгүүлсэн өмгөөллийн нөхөрлөлүүдийн хууль зүйн зөвлөгөө өгөх боломжийг буюу зах зээлд орох боломжийг хязгаарласан журам болсон гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхээс Санхүүгийн зохицуулах хороонд маргаан бүхий журмын 11.20-т заасан “... Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани” гэдэгт ямар байгууллагыг тодорхойлж байгаа талаарх лавлагаа, баримт ирүүлэхийг шаардсан бөгөөд хариуцагчийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дараах хуулийн болон аудитын компаниудын мэдээллийг ирүүлсэн.

 

18.  2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн “Андерсон энд Андерсон” ХХН; 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн “Лийманлоу Монгол” ХХН; 2012оны 08 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдсэн “Прайсуотерхаускуперс-Аудит” ХХК; 2013оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэгдсэн “Кэй Пи Эм Жи аудит” ХХК; 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн “Делиотт Онч Аудит” ХХК; 2013оны 05 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдсэн “Эрист энд Янг монголия аудит” ХХК.

 

19.  Дээр дурдсан өмгөөллийн нөхөрлөл болон аудитын компаниуд нь Монгол Улсад бүртгэлтэй Монголын Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй Монголын хуулийн этгээдүүд бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос тавьсан “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани” гэдэг ямар тусгай шалгуурыг хангасан гэж маргаан бүхий журмын заалт үйлчлэхгүй гэдэг нь ойлгомжгүй байна. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд тавьсан ижил шаардлагыг хангаж байгуулагдсан манай нөхөрлөл төдийгүй 500 гаруй хуулийн фирмүүдийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос биелүүлэх боломжгүй нэмэлт шаардлагуудыг тавьж байгаа нь илт өрсөлдөөнийг хязгаарласан илэрхий тодорхой байтал шүүхээс “... нэг талд давуу байдал үүсгэсэн үр дагаврыг олгохгүй бөгөөд тухайн шаардлагуудыг хангасан хэн ч үйл ажиллагаа явуулах эрхтэй байхад хясан боогдуулсан байх боломжгүй гэж дүгнэлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

20.  Дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, холбогдох хуулийн зохицуулалтыг илт буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

21.  Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

22.  Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох;” гэж тус тус зааснаар аливаа этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж буй тохиолдолд нэгдүгээрт, тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй байхын зэрэгцээ, хоёрдугаарт, тухайн маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй бол шүүх нэхэмжлэлийг хангах зохицуулалттай.

23.  Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын хувьд тодорхой этгээдэд хаяглагдаж шууд эрх зүйн үр дагавар үүсгэж байдаг бол мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт (үүний зэрэгцээ мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан төлөвлөлтийн адил) нь тодорхой этгээдэд шууд хаяглаж чиглэдэггүй, байнга давтагдах шинжээрээ эрх зүйн үр дагавар нь харилцаанд орсон тохиолдолд илэрдэг тул уг харилцаанд орж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн төдийгүй тухайн харилцаанд орж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд шүүхээс “урьдчилсан хамгаалалт (хяналт)” хийх зорилгоор нэхэмжлэл гаргах эрхийг хууль тогтоогч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмаар баталгаажуулжээ.

24.  “Н” ХХН-өөс нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагч, мөн үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авахаар хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд хандаж байгаагүй боловч захиргааны хэм хэмжээний акттай холбогдуулан “эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар “... нэхэмжлэгчээс маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1. 11.20, 11.21 дэх заалтуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүх “урьдчилсан хяналт”-ын хүрээнд захиргааны хэм хэмжээний актын “хууль ёсны”эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

25.  Хоёр. Нэхэмжлэгч “Н” ХХН-өөс “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв юм.

26.  Маргаан бүхий журмын 11 дүгээр зүйлийн 11.4-т “Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэхийг хүссэн хуулийн байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна” гээд 11.4.1-д “хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос дээш жил эрхэлсэн байх;”-аар журамлажээ.

27.  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “үнэт цаасны зах зээл гэж үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгүүлэх, гаргах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх, төлбөр, тооцоо гүйцэтгэх, хадгалах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зохицуулалттай зах зээлийн болон биржийн бус зах зээлийн харилцааг;”, 4.1.16-д “үнэт цаасны зах зээлд оролцогч” гэж үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон хөрөнгө оруулагчийг;” гэж тус тус зааснаар үнэт цаасны зах зээл нь үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгүүлэх, гаргах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх, төлбөр, тооцоо гүйцэтгэх, хадгалах цогц үйлчилгээ  байх бөгөөд энэхүү харилцаанд үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон хөрөнгө оруулагч гэсэн олон этгээд оролцдог учир эдгээр оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хянах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах нь тус хуулийн зорилт юм.

28.  Мөн, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Зохицуулалттай үйл ажиллагаанд дор дурдсан үйл ажиллагаа хамаарна:” гээд 24.1.15-д “үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх;” гэж, 24.3-т “Энэ хуулийн 24.1.15 - 24.1.17-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээд Хорооноос тогтоосон нөхцөл, шаардлагыг ханган, Хороонд бүртгүүлсний үндсэн дээр эрхэлнэ” гэж, 33 дугаар зүйлийн 33.2-т “Үнэт цаасны зах зээлд энэ хуулийн 24.1.15 - 24.1.17-д заасан холбогдох үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй хуулийн этгээд дор дурдсан шалгуурыг хангасан байна”, 33.2.1-д “хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг хуулийн этгээдийн тухайд гэрээний үндсэн дээр ажиллах, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай байх”, 33 дугаар зүйлийн 33.3-т “Энэ хуулийн 24.1.15-24.1.17-д заасан зохицуулалттай үйл ажиллагааны төрөл тус бүрд тавих нөхцөл, шаардлагыг энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Хуульчдын холбоо, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болон Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн саналыг харгалзан Хороо тогтооно”, 63 дугаар зүйлийн 63.1.2-т “үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор үнэт цаасны зах зээлд оролцогчийн дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон журам батлан мөрдүүлэх;” нь мөн Хорооны бүрэн эрх гэж тодорхойлжээ.

29.  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 6.1.2-т “бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох;” гэж тус тус зааснаас үзэхэд үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа нь тусгай зохицуулалттай, өөрөөр хэлбэл, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай этгээд Хороонд бүртгүүлсний үндсэн дээр дээрх үйл ажиллагааг эрхлэх бөгөөд Хороо нь өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд нэмж тодорхой шалгуур, нөхцөл, шаардлагыг тогтоох эрхтэй байна.

30.  Тодруулбал, өмнө дурдсанчлан үнэт цаасны зах зээл нь олон оролцогчтой өргөн хүрээнд хамаарах цогц харилцаа байх тул уг харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хянах, ялангуяа хөрөнгө оруулагчийн (дурын этгээд оролцох боломжтой учир нийтийн) эрх ашгийг хамгаалах үүднээс зохицуулалттай үйлчилгээ үзүүлдэг этгээдэд тусгайлсан мэргэжлийн ур чадвар, туршлага болон бусад нөхцөл, шаардлага тавих эрхийг хууль тогтоогч Хороонд тусгайлан шилжүүлжээ. 

31.  Иймд, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4-т “Үнэт

цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэхийг хүссэн хуулийн байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна” гээд 11.4.1-д “хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос дээш жил эрхэлсэн байх;”-аар заасан нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд нэмж тогтоосон нөхцөл, шаардлага гэж үзэх үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхийн “... энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулах нарийн мэргэжлийн чадвар, туршлагыг эзэмшсэн, ... байх шаардлагыг тусгайлан заасан нь хууль зөрчсөн аливаа шинжгүй ...” гэх дүгнэлт нь энэхүү заалтад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд зөв, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан “... хугацааны хязгаарлалт бүхий зохицуулалт оруулсан дээрх хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй, хуулиар хориглоогүй асуудлаар хязгаарласан буюу хориглосон заалт оруулсан ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

32.  Нөгөө талаас, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тус журмын 11.4 дэх заалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй (“Н” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлийн 6 дахь тал) талаар тайлбар гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

33.  Гурав. Нэхэмжлэгчээс “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.20, 11.21-д заасныг хүчингүй болгуулах” шаардлага гаргасныг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

34.  Маргаан бүхий журмын 11 дүгээр зүйлийн 11.20-т “Хороонд бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 2-оос доошгүй мэргэжилтэнтэй, эсхүл Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлнэ”, 11.21-д “Хороонд бүртгүүлснээс хойш 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 1-ээс доошгүй мэргэжилтэнтэй, эсхүл Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээ үзүүлнэ” гэж тус тус заажээ.

35.  Хороо нь өмнө тэмдэглэсэнчлэн өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд дүрэм, журам, заавар баталж, үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх этгээдэд нэмж тодорхой шалгуур, нөхцөл, шаардлагыг тогтоох эрхтэй боловч энэхүү бүрэн эрхийг хуульд нийцүүлж хэрэгжүүлнэ.

36.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж, 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна:” гээд 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх;”, 60.1.2.тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх; гэж тус тус зааснаар захиргааны байгууллагаас ялангуяа хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тухайлан эрх олгосон хуулийн зорилго, агуулга, хүрээнд нийцсэн, үндэслэл бүхий байхын зэрэгцээ хуульд тавигдах наад захын хэлбэрийн шаардлагыг хангах үүрэгтэй.

37.  Тодруулбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуулийн төслийн хэл зүй, найруулга дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:” гээд 30.1.2-т “нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх;”, “30.1.3-т “үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих” гэж заасан, хэдийгээр тус хууль нь захиргааны хэм хэмжээ актыг шууд зохицуулаагүй ч хуулиар хэм хэмжээ тогтоох эрх шилжүүлэн авсан этгээд нь хуулийн бичвэрт тавигдах хэлбэрийн шаардлагыг баримтлах учиртай.

38.  Хууль, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт нь аливаа этгээдэд тодорхой зан үйл хийхийг зөвшөөрөх, давуу байдал, эрх олгох, эсхүл зан үйл хийхийг болон хийхээс татгалзахыг үүрэг болгож, зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх зэрэг эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул тухайн хэм хэмжээгээр тодорхойлсон эрх зүйн харилцаанд оролцогч этгээд (дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн)-д “тодорхой”, “ойлгомжтой”, “хоёрдмол утгагүй” байх нь эрх зүйн наад захын хэлбэрийн буюу формал шаардлага юм.   

39.  Маргаан бүхий журмын заалтын “... хороонд бүртгүүлснээс хойш 1, ... 3-аас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, ...” гэх шаардлага нь дээр дурдсан хуулийн зорилго, агуулга, хүрээнд байх боловч “... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 1, ... 2-оос доошгүй мэргэжилтэнтэй ... эсхүл ... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани ...” нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид болон үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээ үзүүлэхээр заасныг хууль, эрх зүйн хэм хэмжээний актад тавигдах “тодорхой”, “ойлгомжтой”, “хоёрдмол утгагүй” гэх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна. 

40.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... үйлчилгээ үзүүлэгчийн ажлын туршлагатай байдлыг зайлшгүй тодорхойлсон олон улсын жишиг, стандартад нийцүүлэх шаардлагын хүрээнд дээрх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг боловсруулж баталсан ...” гэж тайлбарлаж байгаа чолон улсын хүлээн зөвшөөрөгдсөн сургалт”, “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани” гэдэгт юуг хамааруулах талаар журамд тодорхой тайлбар хийгээгүй, өөрөөр хэлбэл, салаа утга үүсгэж болох нэр томьёонд захиргааны хэм хэмжээний акт тогтоогчийн тайлбар байхгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... журмыг хэт нарийвчлан тогтоох тусам хүндрэлтэй байдал үүснэ гэдэг утгаар ерөнхий байдлаар оруулж ирсэн ... Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтооно (“Н” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлийн 8, 10 дахь тал) ...” гэж тайлбарласнаас үзэхэд эрх зүйн хэм хэмжээнд тавигдах дээрх формал шаардлагад нийцээгүй, захиргааны байгууллагаас тухайн нөхцөл, шалгуурыг өөрийн үзэмжээр буюу “субьектив” байдлаар тайлбарлан хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

41.  Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар “... гадаад, дотоодын зах зээл, хөрөнгө оруулагч нарт хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагыг тусгайлан заасан нь хууль зөрчсөн аливаа шинжгүй бөгөөд эсрэгээр үнэт цаасны зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, олон улсын жишиг, стандартад нийцүүлэх өндөр ач холбогдолтой зохицуулалт байна ...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... хуульд хэм хэмжээний акт нь тодорхой байх хуулийн шаардлага тавигдсан байхад хариуцагчаас гаргасан журамд оруулсан “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн” гэх агуулга нь тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг үүсгэж байна ...” гэх гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

42.  Үнэт цаасны зах зээлийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн дээр дурдсан холбогдох зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх этгээдэд нэмж нөхцөл, шаардлага тогтоох эрхтэй боловч ийнхүү “тодорхойгүй” байдлаар нөхцөл, шаардлагыг тодорхойлсон нь буруу, захиргааны байгууллагын хуулиар олгогдсон захиргааны хэм хэмжээ тогтоох бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх, захиргааны хэм хэмжээний актыг нөхөн тогтоох эрх шүүхэд байхгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.

43.  Нөгөө талаас, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Журамд тодорхойгүй байдлаар тусгагдсан байхыг үгүйсгэхгүй. Дээрх журмын заалттай холбогдуулан бусад хуулийн фирмүүдээс санал хүсэлт гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос ойрын хугацаанд бүртгэлийн журамд өөрчлөлт оруулахаар байгаа ... (“Н” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлийн 7 дахь тал)” гэж цаашид өөрчлөх шаардлага байгааг хүлээн зөвшөөрч байх тул журмын маргаан бүхий заалтыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

44.  Дөрөв. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “... шууд утгаараа гадаадын өмгөөллийн фирм, хуулийн этгээдүүдэд илэрхий давуу байдал олгож, дотоодын хуулийн этгээдүүдэд биелэгдэх боломжгүй шаардлага тавьсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцээгүй, ялгаварласан, илт хууль зөрчсөн зохицуулалт ...” гэж маргасныг буюу “өрсөлдөөнийг хязгаарласан” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

45.  Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох бүртгэл явуулах, төлбөр хураамж авахыг хориглоно.”, 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно:” гээд 13.2.3-т “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн”, 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж тус тус заажээ.

46.  Хуулийн энэхүү заалт нь төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ердийн нөхцөлд аль нэг этгээдэд илэрхий давуу байдал олгох, эсхүл давамгай байдалтай зах зээл үүсгэх, хадгалах зорилгоор бусад этгээдийг зах зээлээс шахах, гарч ирэхийг хориглох замаар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чөлөөт эргэлт буюу өрсөлдөөн бүхий зах зээлийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон бөгөөд энэ тохиолдолд тусгай зохицуулалттай үйл ажиллагааны хувьд Хорооноос хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд үйлчилгээ үзүүлэх этгээдэд мэргэшлийн ур чадвар, хүний нөөц, туршлагатай холбоотой нөхцөл, шалгуурыг нэмж тогтоосон нь “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” агуулгагүй, давж заалдах шатны шүүхийн “... захиргааны байгууллагаас мэргэжлийн туршлага, чадвар шаардах үйл ажиллагаанд зохих шаардлагыг тавьсан, тухайн шаардлагыг хангах этгээдүүдэд шууд үйл ажиллагаа явуулах эрхтэй байхаар заасан нь илт нэг талд давуу байдал үүсгэсэн үр дагаврыг олгохгүй бөгөөд тухайн шаардлагуудыг хангасан хэн ч үйл ажиллагаа явуулах эрхтэй байхад хясан боогдуулсан байх боломжгүй ...” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

47.  Иймд, дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий журмын 11 дүгээр зүйлийн 11.20, 11.21 дэх заалтыг захиргааны байгууллагаас алдаагаа залруулж, хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “33.2.1,” гэсний дараа “33.3, 63 дугаар зүйлийн 63.1.2” гэж нэмж, уг заалтаас “... 11.20, 11.21 ...” гэснийг хасаж, Тогтоох хэсэгт “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.20, 11.21 дэх заалтуудыг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.” гэж, “3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.20, 11.21 дэх заалтууд хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн агуулга бүхий заалт нэмж; “2” дугаарыг “4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н” ХХН-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                           Х.БАТСҮРЭН

                                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                       М.БАТСУУРЬ