МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2022 оны 01 сарын 17 өдөр
- Дугаар: 001/ХТ2022/0005
- Улаанбаатар хот
Р.Б-ын гомдолтой,
ШӨХТГ-ын улсын байцаагч нарт холбогдох
зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: Д.Мөнхтуяа
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 579дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 587 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага:ШӨХТГ-ын УБ нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005665 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах;
2.Хэргийн нөхцөл байдал: ШӨХТГ-ын УАБ-ийн шийтгэлийн хуудсаар “БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлдхүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэхдээ тээврийн үйлчилгээний хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн” гэх зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг үндэслэн, жолооч Р.Б-ыг 2,000,000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулсан байна.
3.Гомдол гаргагчаас “...хувь хүмүүс харилцан тохиролцож, хэлцлийн үндсэн дээр тээвэрлэлт хийсэн нь иргэд хоорондын харилцаа байхад зөрчлийн хэрэг үүсгэсэн, иргэнд хамааралгүй аж ахуй нэгжид хамаарах зохицуулалтаар хариуцлага хүлээлгэсэн, үнэ өссөн нь надаас шалтгаалаагүй, бүх мөнгийг хууль бусаар олсон орлого гэж хураасан” гэж, хариуцагчаас “...цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан үед тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн, ердийн үед 2,000,000 төгрөгийн тээврийн хөлсийг 26,000,000 төгрөг хүртэл өсгөх хэлцэлд оролцож, худалдааны хууль бус аргаар хэрэглэгчийг хохироосон” гэж маргажээ.
4.Анхан шатны шүүх: “...Р.Б-ыг холбогдогчоор тогтоогоогүй атлаа холбогдогчоор мэдүүлэг авч торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэсэн, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон атлаа шийтгэл оногдуулсан нь зөрчилтэй, 10,000,000 төгрөг хэний дансанд шилжсэн, иргэн Р.Б-тай ямар хамааралтай болохыг тогтоосон баримт байхгүй, 25,000,000 төгрөгийг бүхэлд нь хууль бус орлого гэж үзсэн, засварын зардал зэрэг нь тээврийн зардалд тооцогдох зэрэг нөхцөл байдал тодорхой бус, нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “Хүнсний ногоо, жимс жимсгэнийг 25,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн болох нь тогтоогдоогүй, тээвэрлүүлэгчийн өрсөлдөх чадваргүй үед тээврийн хөлсийг хэт өсгөн 15,000,000 төгрөгөөр тээвэр хийсэн болох нь тогтоогдсон, Р.Б-ыг холбогдогчоор тогтоож мэдүүлэг аван шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй, тээврийн хөлсийг үндэсгүйгээр нэмэгдүүлсэн, 25,000,000 төгрөгийг хураасан нь буруу, 15,000,000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005665 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 2,000,000 төгрөгийн шийтгэлийг хэвээр үлдээж, хууль бусаар олсон орлогод хураахаар шийдвэрлэсэн 25,000,000 төгрөгийг 15,000,000 төгрөг болгон багасгасан байна.
6.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Үүнд:
6.1.Улсын байцаагчаас 6665 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Г.Б, Р.Б нарт ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаа талаар хэлж тайлбарласан зүйл байхгүй, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаар л асуусан байдаг.
6.2.Зөрчлийн хэрэгт хохирогч тогтоодоогүй, худалдан авагч нар Р.Б-ы тээвэрлэсэн хүнсний нарийн ногоо өндөр үнэтэй байсан гэдэг талаар ямар ч гомдол гаргаагүй, мөн тээврийн хөлс төлсөн барааны эзэд ч тээврийн хөлс өндөр үнэтэй болсон талаар гомдол гаргаагүй байхад зөрчлийн хэрэг үүсгэсэн.
6.4.Үнийн өсөлтөөс нь хамаарч тээвэрлэлтийн үйлчилгээний зардлыг бүхэлд нь хууль бус орлого гэж үзсэнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
7.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
8.Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “...(аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн) хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх...(үйл ажиллагаа явуулахыг хориглох)”-оор,Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “...(аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн) хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор тус тус заажээ.
9.Тухайн тохиолдолд жолооч Р.Б- нь БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэхдээ тээврийн хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хэрэглэгчдийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх хуулийн үндэслэлд хамаарч байна.
10.Тодруулбал, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авто замын болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж, Замын-Үүд боомтоор 04 дүгээр сарын 07-ны өдрөөс өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өдөрт 50 тээврийн хэрэгсэл, 04 дүгээр сарын 15-ны өдрөөс өдөрт 100 тээврийн хэрэгсэл хилээр оруулж, хязгаарлалт тогтоосон үед Р.Б- нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхдээ ердийн үед 2 саяаас 2 сая 500 мянган төгрөгийн үнэтэй тээврийн хөлсийг 20 саяаас 25 сая төгрөг хүртэл өсгөх худалдааны үйл ажиллагаанд оролцож, 25 сая төгрөгөөр тээврийн үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил үйлдсэн байна.
11.Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “800-1000 машин улс хоорондын импортын барааны тээвэрлэлт хийж байхад цар тахлын хязгаарлалтын улмаас БНХАУ-ын талаас өдөрт хилээр нэвтрүүлэх ачааны тээврийн хэрэгслийн тоог хязгаарласан, энэ байдал нь жолооч нараас шалтгаалаагүй” гэж маргаж байгаа боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан нөхцөл байдал нь тээврийн үйлчилгээний үнэ өсөх шууд шалтгаан биш бөгөөд тээврийн үйлчилгээний үед гарах зардал өсөөгүй, тээврийн зам өөрчлөгдөөгүй зэргээр үнэ нэмэх бодит шалтгаан үүсээгүй байхад цар тахлын нөхцөл байдлыг ашиглан, тээврийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлсэн нь чөлөөт зах зээлийн хэвийн үйл ажиллагаанд харшлах, хэрэглэгчид хэт өндөр үнэ төлөх худалдааны хууль бус арга хэрэглэсэн гэж үзнэ.
12.Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа, ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг ойлгоно” гэж зааснаар хувь хүний зах зээлд явуулж байгаа аливаа үйл ажиллагаа нь өрсөлдөөний хууль тогтоомжоор зохицуулагдаж, хувь хүн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулан зах зээлд оролцож, үнийн хөөрөгдөл үүсгэсэн бол хариуцлага хүлээхээр зохицуулсан байх тул гомдол гаргагчийн “иргэд хоорондын харилцаа байсан, аж ахуй нэгжид хамаарах заалтаар хариуцлага хүлээлгэсэн” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.
13.Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн, хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гэж, тайлбар хэсэгт “зөрчил үйлдэж олсон орлого” гэж зөрчил үйлдэж олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно” гэж заасан байх тул үндэслэлгүйгээр үнэ нэмсэн тээврийн үйлчилгээнээс олсон орлогыг бүхэлд нь хурааж шийдвэрлэсэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудас дээрх хуульд нийцсэн, энэхүү орлогоос зардал хасах эрх зүйн үндэслэлгүй.
14.Түүнчлэн “үнэ өссөн нь нэхэмжлэгчид хамааралгүй, Хятад талын зуучлагч мөнгийг авсан, Монгол хүний дансаар авдаг” гэх тайлбар нь нэгэнт үйлдэгдсэн зөрчлийг үгүйсгэх үндэслэл биш, учир нь Р.Б 25 сая төгрөгөөр тээвэрлэлт хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар, гомдол гаргагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсон, нөгөө талаар “Хятад талын зуучлагч” гэж хэн болох, ямар эрх үүрэгтэйгээр энэхүү тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцсон талаар болон түүнд мөнгө шилжүүлсэн баримтыг өгөөгүй тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
15.Давж заалдах шатны шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан 25 сая төгрөгийн орлого хураах шийтгэлийн мөнгөн дүнг бууруулсан, хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй тул гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс энэ үндэслэлд дүгнэлт хийхгүй.
16.Анхан шатны шүүх “ямар үндэслэлээр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь тодорхойгүй, улсын байцаагч нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, нөхцөл байдал тодорхой бус” гэж дүгнэхдээ энэ байдал нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, зөрчлийг үгүйсгэх үр дагаврыг үүсгэж байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй, Р.Б-ыг холбогдогчоор тогтоосон байхад холбогдогчоор тогтоогоогүй гэж буруу дүгнэсэн, маргааны үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй буруутай байна.
17.Давж заалдах шатны шүүхээс “Р.Б-ы тээвэрлэсэн нарийн ногоо, жимс жимсгэнийг түүний тээвэрлэлтийн өртөг шингэсэн өндөр үнээр худалдан авч үйлчлүүлэхээр хандсан хувь хүн бүр хэрэглэгч гэж ойлгохоор байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах...-д оршино” гэж зааснаар хэрэглэгчийн сайн сайхан байдлыг хангах нь өрсөлдөөний хуулийн зорилго бөгөөд тээврийн үйлчилгээний хөлсийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нь хэрэглэгчийг хохироох тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “хохирогч байхгүй” тухай тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
18.Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 гэсэн ерөнхий зохицуулалт баримталсан байх тул нарийвчилсан хуулийг хэрэглэсэн өөрчлөлтийг магадлалд оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 587 дугаар магадлалын тогтоох хэсгийн “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4” гэснийг “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ