МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2016 оны 04 сарын 25 өдөр
Дугаар: 43
Улаанбаатар хот

“Батлан хамгаалахад туслах

нийгэмлэг” ТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашзэвэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолтой, “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” ТББ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Төрийн өмчийн хорооны эрх залгамжлагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаагийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг хянуулах тухай хүсэлтийг шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус нийгэмлэг нь 1929 онд анх байгуулагдаж, үүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн билээ. ...Төрийн өмчийн хороо болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын хамтарсан 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 337/187 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан Төрийн өмчийн хороо 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 323 дугаар тогтоол гаргаж, "1.278108744 төгрөгийн хөрөнгө болох Техник спортын төвийн хөрөнгийг Төрийн өмчид хүлээн авч бүртгэхийг тус хорооны Хяналт шалгалтын газрын дарга Сүхбаатарт даалгаж" шийдвэрлэжээ.

 

Энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, БХТН-ийн дүрэм зэрэг хууль, эрх зүйн хэд хэдэн актуудыг ноцтой зөрчиж гарсан шийдвэр болсон. Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсын Спорт техникийн нийгэмлэгийн Төв захиргаанаас манай БХТН-т 1980 онд 740 мянган маркийн өртөг бүхий буудлагын спортын сургалтын иж бүрэн байгууламжийг /үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг/ эв санаа, хамтын нөхөрлөлийн билэг тэмдэг болгож, үнэ төлбөргүй бэлгийн журмаар барьж хүлээлгэн өгсөн юм. Энэ төвийн барилга байгууламж нь Монголчууд бид өөрсдийн хөрөнгөөр болон Герман Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр барьж байгуулагдсан объект биш билээ.

 

Дээрх барилга байгууламж БХТН-ийн харьяанд, түүний дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, түүний өмчлөлийн эд хөрөнгө болно. Ийм ч учраас 1997 онд БХТН-ийн Төв зөвлөл Тэргүүлэгчдийнхээ хурлын шийдвэрээр өөрийн харьяа Авто мото, радио, нисэх, буудлага спортын төв клубүүдийг нэгтгэж, БХТН-ийн Техникийн спортын төв болгосон юм. Монгол улсад БХТН-ийг бие даалган, олон нийтийн байгууллагын статустай үйл ажиллагаа явуулж эхлэх үед үйлчилж байсан Иргэний хуульд /1963 оны/ олон нийтийн байгууллага нь өөрийн өмч хөрөнгөтэй байж болох тухай тусгай зохицуулалт тусгасан байна. Дээрхи зохицуулалтаас үзэхэд БХТН-ийг өөрийн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах эд хөрөнгөтэй, олон нийтийн байгууллага байсныг үүгээр нотолж байна.

 

Төрийн өмчийн хороо нь Төрийн бус байгууллагын өмчийг төрийн өмчид шилжүүлэх талаар шийдвэр гаргахдаа тухайн хөрөнгийн өмчлөгчийг буруу тогтоосон, хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлгүй буруу ташаа мэдээлэлд тулгуурлан тодорхойлсон, тухайн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт хангалтгүй тул төрийн өмчид авах нь зүйтэй гэсэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

 

Иймд Төрийн өмчийн хорооны 2012 оны 323 дугаар тогтоол нь илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн өмчийн хорооноос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Төв зөвлөлийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 337/187 тоот хамтарсан тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 201 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт ирүүлсэн 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1а\3532 тоот албан бичиг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн гарсан Төрийн өмчийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй бөгөөд төрийн бус байгууллагын хөрөнгийг хууль бусаар төрийн өмчид бүртгэж аваагүй болно.

 

Иймд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасныг удирдлага болгон 1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Батлан хамгаалахад туслах нийгэмлэг ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч,

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн өмчийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БХТН ТББ-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар магадлалаар: хариуцагч Төрийн өмчийн хорооноос гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж” шийдвэрлэжээ.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Төрийн өмчийн хорооны эрх залгамжлагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг хянуулах тухай хүсэлтдээ: Төрийн өмчийн хорооны 2012 оны 323 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 74 дүгээр шийдвэр, 136 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 110 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай.

 

Хүсэлтийн үндэслэл:

 

Төрийн өмчийн хорооны 323 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд “Техник спортын төвийн барилга, байгууламж нь анхнаасаа төрийн өмч байгаагүй байна, Төрийн өмчийн хороог төрийн өөрийн өмч биш БХТН-ийн Техник спортын төвийн хөрөнгийг төрийн өмчид бүртгэх, эзэмших ашиглах эрхийг бусдад шилжүүлэх талаар шийдвэр гаргах эрхгүй этгээд байна, БХТН нь “хөдөлмөрчдийн сайн дурын батлан хамгаалах олон нийтийн байгууллага” байсан ба Техник спортын төв нь анхнаасаа БХТН-ийн харьяа байгууллага байсан, БХТН нь 1993 оны 5-р хуралдаанаар, мөн 1997 оны ТББ-ын хуулийн дагуу 1997 онд тус тус дүрмээ шинэчлэн баталж, нийгэмд үйлчилдэг ТББ-аар бүртгүүлэн үйл ажиллагаа явуулсаар байсан, БНАГУ-аас анхнаасаа олон нийтийн байгууллагад зориулж бэлэглэсэн уг эд хөрөнгийг хуульд заагаагүй үндэслэлээр төрийн өмчид авч бүртгэх эрхзүйн үндэслэл байхгүй байна” гэсэн дүгнэлтүүдийг хийсэн бөгөөд дээрх дүгнэлтүүдийг гаргахдаа БНАГУ-ын ГСТ нийгэмлэгийн төв захиргаанаас БНМАУ-ын Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн хооронд хийгдсэн 1980 оны 10 сарын 25-ны өдрийн 7 дугаар протокол /эв санааны бэлэг болгон хүлээлгэж өгсөн тухай/, БХТН-ийн Төв зөвлөлийн даргын 1997 оны 12 сарын 03-ны өдрийн 47 дугаар Техник спортын төвийн орон тоо, цалингийн тухай тушаал, 2006 оны 07 сарын 08-ны өдрийн 15 дугаар БХТН-ийн Техник спортын төвийн дүрэм, бүтэц орон тоо батлах тухай тушаал, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга болон БХТН-ийн Техник спортын төвийн захирал, ерөнхий менежерийн хооронд байгуулсан үр дүнгийн гэрээнүүд, 1993 оны 5 дугаар хуралдаанаар баталж, 2 дугаар хуралдаанаар өөрчлөлт оруулсан дүрэм, 1997 оны 12 сарын 05-ны өдрийн ТББ-ийн гэрчилгээ, Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлсэн байдаг.

 

Харин дээрх нөхцөл байдлыг үгүйсгэх, шүүхээр үнэлүүлэх шаардлагатай, шинэ нотлох баримтуудыг өнөөдөр шүүхэд гаргаж өгч байгаа ба эдгээр баримтууд нь дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дахин хянах зайлшгүй шаардлагатай шинэ нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Учир нь БНАГУ-ын ГСТ нийгэмлэгийн Төв захиргаанаас БНМАУ-ын УБХТН-ийн Төв зөвлөлд Буудлага спортын иж бүрэн барилга байгууламжид зориулан зарим бараа материал нийлүүлсэн тэр цаг үед /1978-1980 онуудад/ УБХТН-ийн Төв зөвлөл нь БНМАУ-ын эрх бүхий байгууллуугуудаас удирдлага нь томилогддог, санхүүждэг, ажлын чиглэл өгдөг Төрийн байгууллага байсан байдаг.

 

БНАГУ-ын ГСТ нийгэмлэгийн төв захиргаанаас БНМАУ-ын Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн хооронд хийгдсэн 1980 оны 10 сарын 25-ны өдрийн 7 дугаар протоколоор “эв санааны бэлэг” болгон хүлээлгэж өгсөн зүйл нь буудлагын спортын барилга байгууламж биш болох нь тогтоогдох БНМАУ-ын төсвийн тодотголд оруулж, Монгол Улсын төсвөөс хөрөнгө гаргаж, Барилгын цэргийн анги барилга байгууламжийг барьж, ашиглалтанд өгснийг нотолсон баримтуудыг гаргаж байгаа ба Буудлага спортын иж бүрэн барилга байгууламжийн барилгыг Монгол тал дангаараа зураг хийлгэхээс авахуулаад барих, санхүүжүүлэх, гүйцэтгэсэн бүхий л ажиллагаа Монгол Улсын төсвөөр хийгдсэн болох нь тогтоогдоно.

 

Дээрх тогтоогдсон үйл баримт нь маргаан бүхий Буудлага спортын иж бүрэн барилга байгууламж /одоогийн "БХТН" ТББ-ийн эзэмшилд байгаа/ нь шүүхийн дүгнэсэн “анхнаасаа Төрийн өмч байгаагүй байна” гэсэн, дээрх хөрөнгүүдийг бэлэглэх үед БХТН нь “хөдөлмөрчдийн сайн дурын батлан хамгаалах олон нийтийн байгууллага” байсан дүгнэлтүүдийг няцаах боломжтой шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд Төрийн өмчийн хорооны 323 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд өөрчлөлт орох үндэслэл болно гэж үзэж байна.

 

Иймд шинээр илэрсэн баримтуудыг хүлээн авч, хэргийг дахин хянуулах хүсэлт гаргаж байгааг хүлээн авч, хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

“Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох, “... Техник спортын төвийн хөрөнгийг төрийн өмчид хүлээн авч бүртгэсэн Төрийн өмчийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 323 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн (хуучин нэрээр) шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 74 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “... уг барилгыг БНАГУ-аас ... 1980 онд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд бэлэглэсэн ... нь тогтоогдсон, ... уг барилга нь анхнаасаа төрийн өөрийн өмчид байгаагүй байна”, “... олон нийтийн байгууллагын эд хөрөнгийг ... төрийн өөрийн өмчид бүртгэх үндэслэлгүй” гэж дүгнэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд “үндэслэлтэй” гэж дүгнэсэн, уг захиргааны хэргийн хариуцагч Төрийн өмчийн хорооны эрх залгамжлагч Сангийн яамнаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтээ “... маргаан бүхий барилга нь ... төсвийн хөрөнгөөр баригдсан, ... барилгын цэргийн анги барьж, ашиглалтад оруулсан ...  баримтууд ... /архиваас олдсон/” гэж 140 хуудас материал нотлох баримтаар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл” хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болохоор, 180 дугаар зүйлийн 180.1-д “...тийнхүү хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор” хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргахаар тус тус заасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтууд нь дээрх хуулийн шаардлагуудыг хангахгүй байна.

Өөрөө хэлбэл, Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шинэ нотлох баримт” гэж шүүхэд ирүүлсэн баримтуудыг тухайн үед хариуцагч Төрийн өмчийн хороо шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан атал ийнхүү гаргаж өгөөгүй нь уг баримтууд шүүхийн шийдвэр гарах үед хариуцагчид “...мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан” гэж үзэх үндэслэлгүй,  түүнчлэн, 1977-1980 онуудад хамаарах 140 хуудас бүхий архивын баримтуудыг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтдээ хавсаргаж ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д заасан “...мэдсэнээс хойш 30 хоногийн дотор” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүний олонхи үзлээ. 

Хүсэлтийг хэлэлцэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 180 дугаар зүйлийн 180.1-д заасан зохицуулалтыг шүүхээс хэрэглэх талаар Шүүгч тусгай санал гаргасныг тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1, 181.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн (хуучин нэрээр) 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хариуцагч Төрийн өмчийн хорооны эрх залгамжлагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хүсэлтийг хангахаас татгалзсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                         М.БАТСУУРЬ

 

 ШҮҮГЧ                                                                                   Д.МӨНХТУЯА