МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2020 оны 06 сарын 17 өдөр
- Дугаар: 001/ХТ2020/0235
- Улаанбаатар хот
А.Э-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын
Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон
гүйцэтгэгчид холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг,
Шүүгчид: М.Батсуурь,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Их сургуулийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Тын 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн Монгол Улсын Их сургуулийн профессор, багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай А/350 тоот тушаалын Хавсралтын Хууль Зүйн Сургууль гэсний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан профессорын зэрэглэлийн албан тушаалд Монгол Улсын Их сургуулийн Профессор, багш ажиллуулах журмын 15.1, 15.3-т заасан 3 жилийн хугацаагаар эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгчийн профессорын зэрэглэлээс дэд профессорын зэрэглэлд буурч ажилласан цалингийн зөрүү 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 2018 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаагаар тооцон 1,604,480 (нэг сая зургаан зуун дөрвөн мянга дөрвөн зуун наян) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дахин бичилт хийхийг хариуцагчид даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0674 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0674 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1, 21.1.3, 21.2, 21.3, 24 дүгээр 24.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн МУИС-ийн профессор, багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай дугаар А/350 тоот тушаалын тавдугаар хавсралтын А.Э-д холбогдох хэсгийг, мөн Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн МУИС-ийн багш, ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай дугаар А/01 тоот тушаалын зургаадугаар хавсралтын А.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Эыг урьд эрхэлж байсан профессорын зэрэглэлийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчид профессорын зэрэглэлийн албан тушаалаас дэд профессорын зэрэглэлийн албан тушаал буурч ажилласан цалингийн зөрүүг 2018 оны 08 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийг дуусталх хугацаагаар тооцож 4,071,692 /дөрвөн сая далан нэгэн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг олгож, нэхэмжлэгчид 2019 оны профессорын зэрэглэлийн багшийн судалгааны суурь зардал 2,000.000 /хоёр сая/ төгрөгийг олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монгол Улсын Их Сургуулийн захиралд даалгаж шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “69 дүгээр зүйлийн 69.1” гэснийг хүчингүй болгож, “А.Эыг урьд эрхэлж байсан профессорын зэрэглэлийн албан тушаалд эгүүлэн тогтоож” гэснийг “А.Эыг урьд эрхэлж байсан профессорын зэрэглэлийн албан тушаалд журамд заасан хугацаагаар эгүүлэн тогтоож” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/674 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаартай магадлалыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Баталгаат шуудан”-аар ирүүлснийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар хууль ёсны дүгнэлт хийж чадаагүй гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтанд эрх зүйн зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Хэргийн баримтуудаар эрх ашиг сонирхол хөндөгдсөн нэхэмжлэгч гэх А.Э нь захиргааны хэргийн шүүхэд хандан “...МУИС-ийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Тын гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Монгол Их Сургуулийн профессор, багш ажилтан, ажилчдын орон тоо батлах тухай А/350 тоот тушаалын Хавсралтын Хууль зүйн сургууль гэсний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан профессорын зэрэглэлийн албан тушаалд Монгол улсын Их сургуулийн профессор, багш ажиллуулах журмын 15.1, 15.3-т заасан 3 жилийн хугацаагаар эгүүлэн тогтоолгох....”, “...нэхэмжлэгчийн профессорын зэрэглэлээс дэд профессорын зэрэглэлд буурч ажилласан цалингийн зөрүү 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 2018 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацаагаар тооцон 1.604.480 төгрөгийг гаргуулах...”, “...нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дахин бичилт хийхийг хариуцагчид даалгах...” гэсэн шаардлагуудыг тус тус гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байсан байх ба анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргажээ.
5. Хоёр шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаан нь иргэний эрх зүйн маргаан буюу хөдөлмөрийн мөн эсэх эсхүл захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх захиргааны маргаан буюу төрийн албаны маргаан мөн эсэхийг тогтоох замаар тухайн харилцааг төсөөтэй зохицуулсан хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэх, мөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй алдаа гаргасан байна. Учир нь нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2018 оны 4-6 сард Монгол улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль дээр явагдсан багшийн албан тушаалын зэрэглэлийн сонгон шалгаруулалт шударга бус явагдсан талаар болон энэхүү шударга бус сонгон шалгаруулалтын улмаас профессор миний хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдсөн гэж тайлбарласан тул маргааны төрлийг зөв тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.
6. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 9 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээний үндсэн дээр А.Э нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр захиргааны эрх зүйн танхимд профессорын албан тушаалд МУИС-ийн профессор багшийн албан тушаалын тухайн зэрэглэлд багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан болох нотлогддог бөгөөд энэ үйл баримтын талаар талууд ямар нэгэн маргаангүй болно.
7. Мөн хэрэгт Монгол Улсын Их сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/208 дугаартай тушаалаар МУИС-д профессор, багш ажиллуулах журмыг шинэчлэн баталсан /хуучин журмыг хүчингүй болгосон/ журам авагдсан бөгөөд уг журмын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар “...Бүрэлдэхүүн/салбар сургуулиуд сүүлийн 5 жилд профессор багшийн гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үзүүлэлтийг гол шалгуур болгон хичээлийн жилийн эцэст дараагийн 3 жилд ажиллах багш нарын албан тушаалын зэрэглэлийг тогтоохдоо үзүүлэлт бүрийг хэрхэн хангасан байдлыг холбогдох нотлох баримт, тайлбарын хамт бүрдүүлж, бүрэлдэхүүн/салбар сургуулийн захирлын тушаалаар томилогдсон, ашиг сонирхолын зөрчилгүй, тухайн нэгжид харъяалалгүй төлөөл бүхий үнэлгээний хороогоор үнэлүүлж, захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрээ МУИС-ийн үнэлгээний хороонд 06 сарын 01-ний дотор ирүүлнэ.... ”, мөн журмын 14.2 дэх хэсэгт: “...МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон үнэлгээний хороо 06 дугаар сарын 15-ны дотор МУИС-ийн захиргаанд ирүүлнэ. Багшийн ажиллах албан тушаалын зэрэглэлийг МИУС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна...” гэж тус тус заасан байна.
8. TOC \o "1-5" \h \z Энэ журамд заасан дээрх заалтын дагуу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/47 дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог байгуулсан байх бөгөөд үнэлгээний хороо 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан. Профессорын албан тушаалд өрсөлдөхөөр Б.А, Д.Б, Д.Б, Д.Г, С.Д, О.М, Х.С, П.О, Б.Т, А.Э нар материал ирүүлсэн. Хуралдаан дээр профессорын тусгай шалгуурын хүрээнд МУИС-д судалгааны хөрөнгө оруулалтыг мөнгөн болон материаллаг хэлбэрээр оруулсан байх гэх шалгуур байна. А.Э багшийн хувьд МУИС-ийг төлөөлж ШӨХТГ-ийн байцаагчийн акттай холбоотой маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд МУИС-д 375 сая төгрөгийн материаллаг хөрөнгө оруулсан гэсэн байсан тул энэ нь материаллаг хөрөнгө оруулалт мөн эсэх дээр санал хураахад гишүүд материаллаг хөрөнгө оруулалт биш гэж үзсэн байдаг.
9. Үнэлгээний хорооны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар материал ирүүлсэн багш тус бүрийн хувьд ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгааг үнэлэх хүрээнд дээрх шалгуурыг бүрэн хангасан багш нар дотор А.Э ороогүй бөгөөд 1 үзүүлэлтийг хангаагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг тооцох онооны шатлалын хувьд 990 оноо авсан, журамд заасны дагуу профессор, дэд профессорт тавигдах ерөнхий шаардлагыг хангасан боловч профессорт тавигдах тусгай шаардлага буюу “...МУИС-д судалгааны хөрөнгө оруулалтыг мөнгөн болон материаллаг хэлбэрээр оруулсан байх...” гэсэн үзүүлэлтийг хангаагүй учраас профессорын албан тушаалд тэнцээгүй болно.
10. Дээр дурьдсан үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл болон журамд заасан тусгай шаардлагыг хангаагүй болох нь хэргийн баримтаар нотлогддог бөгөөд нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар буюу тодорхой хэрэг маргаануудад төлөөлөн оролцож сургуульд ашигтай шийдвэр гаргасан нь мөнгөн болон материаллаг хөрөнгө оруулалт мөн гэж тайлбарласан зэргээс үзэхэд МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 7.7 дугаар зүйлийн 7.7.3-т заасан “...Эрдэм шинжилгээний төсөл удирдан гүйцэтгэдэг, эсвэл голлох судлаачаар оролцож МУИС-д мөнгөн болон материаллаг орлого оруулсан байх... ”, мөн журмын 7.7.11-т заасан “...МУИС-д судалгааны хөрөнгө оруулалтыг мөнгөн материаллаг хэлбэрээр оруулсан байх...” гэсэн профессорын зэрэглэлд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй болох нь баримтаар нотлогдож байхад хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтойд байна.
11. Хэрэгт авагдсан маргаан бүхий
А/350 тоот тушаалаар А.Эыг профессорын зэрэглэлээс бууруулан дэд профессорын
зэрэглэлд ажиллуулсан бөгөөд харин дээр дурьдсан үндэслэлээр түүнтэй байгуулсан
“Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах, дуусгавар болгосон, ажлаас халсан зэрэг байдал
байхгүй байхад анхан шатны шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох
заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн харилцааг
дуусгавар болгоогүй болох нь түүний гаргасан “...нэхэмжлэгчийн профессорын
зэрэглэлээс дэд профессорын зэрэглэлд буурч ажилласан цалингийн зөрүү 2018 оны
8 дугаар сарын 27-ноос 2018 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацаагаар тооцон
1.604.480 төгрөгийг гаргуулах...” гэсэн шаардлагаас дэд профессорын ажил
үүргийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэж байгаа зэрэг байдлаар нотлогдож байхаас
гадна Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахаас өмнө шүүхэд хандан маргаан
үүсгэсэн байсан тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй байсан юм.
12. Давж заалдах шатны шүүхийн
магадлалын хянавал хэсэгт: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны
шүүхийн 674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргасан бөгөөд энэ хүрээнд хэргийг
хянан үзэв...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болсон байх бөгөөд хуулиар
давж заалдах шатны шүүх гомдолд дурьдсан үндэслэлд хязгаарлагдахгүйгээр хэргийг
бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй боловч
давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүй
мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан байна. Мөн магадлалын хянавал хэсэгт:
“...иргэн А.Э болон Монгол улсын Их сургуулийн захиргаа хоёрын хооронд иргэний
эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэв...” гэж дүгнэсэн нь буруу болсон. Хэрэгт А.Э-ын
МУИС-тай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
авагдсан байхад иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж эргэлзээгүй дүгнэх
боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар
зүйлийн 82.1.2-т зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн
маргааны төрөлд “...Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан...”
хамаарахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн
харилцаанаас үүссэн шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрлүүдийг тусгайлан
зохицуулсан байх тул иргэний эрх зүйн харилцаа биш гэж дүгнэх нь учир
дутагдалтай болно.
13. Түүнчлэн магадлалын хянавал хэсэгт дүгнэсэн “...өөрөөр хэлбэл энэ маргааны тухайд хөдөлмөрийн гэрээний нөхцөл, заалтын талаар гаргасан маргаан гэж үзэхгүй... ”, “...мөн Монгол Улсын Их сургуулийн захирал нь Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг батлахгүй байх эрхгүй тийм эрх олгогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй...” гэх дүгнэлтүүд нь ойлгомжгүй, тодорхойгүй болжээ. Хэрэв хөдөлмөрийн маргаан биш бол өмнө эрхэлж байсан профессорын зэрэглэлд 3 жилийн хугацаагаар эгүүлэн тогтоолгох шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй, сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг баталснаас болж маргаан үүсгэсэн болохыг дурьдах нь зүйтэй юм. Иймд дээр дурьдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/674 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
14. Хяналтын шатны шүүхээс гомдлын хүрээнд хэргийг хянаж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
15. Нэхэмжлэгч А.Э Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/350 дугаар тушаалын Хавсралтын “Хууль Зүйн Сургууль” гэсний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан профессорын зэрэглэлийн албан тушаалд Монгол Улсын Их сургуульд Профессор, багш ажиллуулах журмын 15.1, 15.3-т заасан 3 жилийн хугацаагаар эгүүлэн тогтоолгох, профессорын зэрэглэлээс, дэд профессорын зэрэглэл буурч ажилласан цалингийн зөрүү 1,604,480 төгрөг /2018 оны 8 дугаар сарын 27-ноос 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны/-ийг тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, МУИС-ийн 2019 оны профессорын судалгааны суурь зардлыг олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, мөн Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалын Хавсралтын “Хууль Зүйн Сургууль” гэсний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...надад огт мэдэгдэлгүйгээр дээрх шийдвэрүүдийг гаргасан, эрхээ хамгаалах өчүүхэн ч боломж олгоогүйд гомдолтой. ...захиргаанд итгэх итгэлийг алдагдуулж, тэгш байдлын зарчмыг зөрчсөн...” гэж маргасан байна.
16. Маргаан бүхий Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/350 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.4, ...МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 8.1 дэх хэсэг, .../-ийг/ үндэслэн, 2018-2019 оны хичээлийн жилд ажиллах профессор, багшийн орон тоог хавсралтаар баталж, 5 дугаар хавсралтын “Хууль зүйн сургууль” гэсний 12-т А.Эыг дэд профессороор томилж /цалинг ТҮМБ-7-оор/ шийдвэрлэсэн. Мөн, Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар, 2019 онд ажиллах профессор, багшийн орон тоог хавсралтаар баталж, 6 дугаар хавсралтын “Хууль зүйн сургууль” гэсний 13-т А.Эыг дэд профессороор томилж, цалинг ТҮМБ-7-оор тогтоож тус тус шийдвэрлэжээ.
17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Хоёр шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаан нь иргэний эрх зүйн маргаан буюу хөдөлмөрийн мөн эсэх, эсхүл, ...төрийн албаны маргаан мөн эсэхийг тогтоох замаар тухайн харилцааг төсөөтэй зохицуулсан хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэх, ...маргааны төрлийг зөв тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой” гэх гомдлын тухайд:
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “захиргааны байгууллага” гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг ойлгохоор заасан бол, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: ...5.1.4.үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа” гэж зааснаар Монгол Улсын Их Сургуулийн захиргааг захиргааны байгууллага гэж үзнэ.
19. Мөн, МУИС-д профессорын зэрэглэлд ажиллах багшийг сонгон шалгаруулалтын журмаар тухайн зэрэглэлийн албан тушаалд томилж, чөлөөлдөг байх ба сонгон шалгаруулалтыг МУИС-ын захирлын тушаалаар томилогдсон Багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох Үнэлгээний хороо явуулж, “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 8.6, 8.7-д заасан профессорын зэрэглэлд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буйд үнэлгээ өгч шалгаруулан, гаргасан шийдвэрээ захиргаанд хүргүүлж шийдвэрлэхээр зохицуулжээ. Түүнчлэн МУИС-ийн захирлын 2018 оны А/439 дүгээр тушаалаар батлагдсан “МУИС-ын судалгааны ажлын санхүүжилтийн журам”-д тус сургуульд профессорын зэрэглэлд ажиллаж буй багшид судалгааны суурь зардалд 2 сая төгрөгийг олгохоор, профессор нь уг санхүүжилтийг судалгааны ажилд зарцуулж ажиллахаар журамлажээ. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч А.Э-ын, түүнийг профессорын албан тушаалаас үндэслэлгүйгээр бууруулсантай холбогдуулан гаргасан маргааныг захиргааны шүүх харьяалан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, уг маргааныг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хувийн эрх зүйн маргаан гэж үзэх үндэслэлгүй байна.
20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...А.Э-ын ...эрдэм шинжилгээний үйл ажиллагааг тооцох онооны шатлалын хувьд үнэлэхэд 990 оноо авсан, ...журамд заасны дагуу профессор, дэд профессорт тавигдах ерөнхий шаардлагыг хангасан боловч тусгай шаардлага буюу “...МУИС-д судалгааны хөрөнгө оруулалтыг мөнгөн болон материаллаг хэлбэрээр оруулсан байх...” гэсэн үзүүлэлтийг хангаагүй учраас профессорын албан тушаалд тэнцээгүй болно. ... профессорын зэрэглэлд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй болох нь баримтаар нотлогдож байхад хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэсэн гомдлын тухайд:
21. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.Э нь МУИС-ийг төлөөлөн захиргааны болон иргэний хэрэгт оролцож, тус сургуулийн эрх ашгийг хамгаалж ажилласан тул тус сургуулийн захиргаанаас, 2 хэргийн шийдэл нь эрдэм шинжилгээний ажлын үнэ цэнэтэй дүйцэхүйц гэж үзэн, тус бүрд 30 саяас дээш төгрөгийн төсөл гэж холбогдох оноог тооцохоор шийдвэрлэж, тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Р.Б нь нэхэмжлэгч А.Э-д “...1 дүгээрт 2015-2020 он хүртэлх хугацаанд эрдэм шинжилгээний оноо тооцъё, 2 дугаарт 2015-2020 онд МУИС-ийн профессорын зэрэглэл дээр үргэлжлүүлэн тогтвортой ажиллуулна” гэсэн амлалт өгсөн, А.Э 2013 оноос маргаан бүхий тушаал гаргах хүртэл тус сургуульд профессороор ажиллаж байсан зэрэг нь захирлаар ажиллаж байсан Р.Бийн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “МУИС-ийн профессор А.Э-ын профессорын зэрэглэл, цолны талаар нотолгоо гаргах нь” гэсэн баримт, гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогджээ.
22. Мөн МУИС-ийн Үнэлгээний хорооны 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн хуралдаанаар А.Эыг, журамд заасны дагуу профессор, дэд профессорт тавигдах ерөнхий шаардлагыг хангасан, харин журмын 7.7.3, 7.7.11-т заасан МУИС-д судалгааны хөрөнгө оруулалтыг мөнгөн болон материаллаг хэлбэрээр оруулсан байх тусгай шаардлагыг хангаагүй гэж нийт 990 оноогоор дүгнэсэн байх боловч нэхэмжлэгчээс МУИС-ийн Үнэлгээний хороонд гомдол гаргаснаар, тус үнэлгээний хорооноос “МУИС-д 347.0 сая төгрөгтэй дүйхүйц хөрөнгө оруулалт оруулсан” гэж дүгнэн, оноог 2120 болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Э нь профессорын зэрэглэлд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байтал хариуцагч сургуулийн захиргаа нь дээр дурдсан амлалтаа биелүүлээгүй, мөн хэргийг хянан шийдвэрлэх явцад Х.Сэлэнгэ профессор тэтгэвэртээ гарч сул орон тоо гарсан /3хх-ийн 44 тал/, уг орон тоонд нэхэмжлэгчийг томилох боломжтой байхад шийдвэрлээгүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
23. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуулиар давж заалдах шатны шүүх гомдолд дурьдсан үндэслэлд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй боловч ...энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүй мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан...” гэсэн гомдлын тухайд:
24. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...шүүх нэхэмжлэгч А.Э-ын гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байтал захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар Монгол Улсын Их Сургуулийн захиргаа нь захиргааны байгууллага, ...иргэн А.Э болон Монгол Улсын Их Сургуулийн захиргаа хоёрын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй” гэж дүгнэн, хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх ...давж заалдах гомдлын хүрээнд хянах”, 118.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
25. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус заасан, тодруулбал, бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг тодорхойлж, захиргааны актад тухайн актыг гаргах болсон шаардлага, бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заахаар зохицуулжээ. Гэтэл маргаан бүхий Монгол Улсын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны А/350 тоот тушаал, 2019 оны А/01 дүгээр тушаал болон түүний хавсралтад нэхэмжлэгч А.Э-ын профессорын зэрэглэлийг ямар үндэслэлээр бууруулж, дэд профессорын албан тушаалд томилсон, ямар шаардлага, үндэслэл бий болсон талаар ямарч үндэслэл заагаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулсан үндэслэл тодорхойгүйн зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд нийцээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
26. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхээс, маргаан бүхий шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдэл зөв бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, агуулгын өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байна. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХнь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА