МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар: 001/ХТ2019/0208
Улаанбаатар хот

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны

газрын Кадастрын хэлтэст холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь,   

            Шүүгчид:                          Б.Мөнхтуяа,

                                                     Д.Мөнхтуяа,

                                                     Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал,

       Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах,

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэр,

           Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0253 дугаар магадлалтай,

     Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч болон хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “М” ХХК-иас гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0253 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...“М” ХХК-ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.” гэснийг “...“М” ХХК-ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Х.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа "... хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өргөдлийг шийдвэрлэхийг даалгаж” шийдвэрлэсэн байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхийг бүрэн сэргээж чадахгүй нөхцөл бүрдэхээр байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, талуудын маргаагүй асуудлаар буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт болох өргөдлийн бүрдүүлбэр бүрэн хангагдсантай маргаагүй нөхцөл байдалд дүгнэлт хийсэн.

5. Иймд давж заалдах шатны магадлалын Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж “нэхэмжлэгчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан тул цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй байна.

7. Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтаар “цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”гэж тодорхой заасан байх тул Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлаж анхан шатны шүүх шийдвэр, давж заалдах шатны шүүх магадлал гаргасан нь үндэслэлгүй байна.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан ба "М" ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ цацраг идэвх ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах ёстой байсан байна.

9. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “ Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр тухайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

10.  Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

11.  Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

12.  Нэхэмжлэгч “М” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэл гаргажээ.

13.  Нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн газраас олгосон, гэвч нэхэмжлэгч компанийн хайгуулын үйл ажиллагааны явцад тухайн талбайд цацраг идэвхт ашигт малтмал илрээгүй, харин хүрэн нүүрс илэрсэн болох нь Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Н/58 дугаар тушаалаар тус тус тогтоогдсон байна.

14.  Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

15.  Нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх хуульд заасан эрхийн хүрээнд хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн боловч хариуцагчаас “цөмийн энергийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ердийн ашигт малтмал олборлох үндэслэлгүй” гэх үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

16.  Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн талбайд оршиж байгаа ашигт малтмалыг ашиглах эрх нь хайгуулын ажлын зардал гаргаж, тухайн нөөцийг илрүүлсэн нэхэмжлэгчийн онцгой эрх бөгөөд тухайн талбайгаас анх олгосон ашигт малтмал илрээгүй, өөр ашигт малтмал илэрсэн байдал нь нэхэмжлэгчийн онцгой эрхийг эдлүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл биш, хариуцагчийн “цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсч, өргөдөл гаргах ёстой байсан” гэх гомдол нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, нэгэнт илрээгүй ашигт малтмалыг ашиглах хүсэлт гаргахыг нэхэмжлэгчээс шаардах нь утга агуулгын зөрчилтэй юм.

17.  Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан, хариуцагчаас энэхүү зохицуулалтыг үндэслэл болгож, “цөмийн энергийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, Ашигт малтмалын хуульд нийцэхгүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хайгуулын талбайгаас цацраг идэвхт ашигт малтмал илрээгүй учраас Цөмийн энергийн тухай хуулийг маргааны үйл баримтад хэрэглэхгүй, ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл учраас Ашигт малтмалын хуулийг хэрэглэх байна.

18.  Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газар татан буулгаж хэрэгжүүлж байсан чиг үүргийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст шилжүүлсэн, Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 112.1.1 дэх хэсэгт зааснаар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхтэй,  хариуцагчаас тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн цацраг идэвхт ашигт малтмал хайх үйл ажиллагааг зогсоогоогүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлүүлж байсан атлаа нэхэмжлэгчийн онцгой эрхийг эдлүүлэхгүй маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

19.  Давж заалдах шүүхээс “өргөдөл, түүнд хавсаргасан холбогдох баримтыг эрх бүхий этгээдээс хүлээн авч, нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тодорхой хуульд заасан хугацаанд хянаж, шалгасны дараа тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхээр байх ба энэ эрх хэмжээ нь хариуцагчид олгогдсон тул анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл шууд олгохыг даалгаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын шийдвэрлэхийг даалгасугай” гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу байна.

20.  Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заажээ. Тухайн тохиолдолд хариуцагч зөвхөн хууль хэрэглээтэй холбогдуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, харин “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримтыг бүрдүүлээгүй, бүрдэл дутуу” гэж татгалзаагүй, энэ асуудлаар маргаагүй, нэхэмжлэгч нь хуульд заасан бусад шаардлагыг бүрэн хангасан байсан тул нэхэмжлэгчид ашиглалтын тусгай олгохыг даалгаж шийдвэрлэх боломжтой байжээ.

21.  Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримтыг нэрлэн заасан, нэхэмжлэгч эдгээр баримтыг бүрэн бүрдүүлсэн болох нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд бүрдүүлэх материал бүрэн байгаа” гэх тайлбараар  тус тус тогтоогдсон байна.

22.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан. Энэ хэргийн тухайд хариуцагч    Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь  нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ өөрт олгогдсон эрхээ буруу хэрэгжүүлсэн буюу хариуцагчаас өөр шалгаж тодруулах зүйл байхгүй, холбогдох баримт бүрэн байсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл бүрдээгүй тул хариуцагчийн сонгох эрх хязгаарлагдсан, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос өөр шийдэл гаргах сонголтгүй учраас анхан шатны шүүхийг захиргааны сонгох боломжид халдсан шийдвэр гаргасан гэж үзэхгүй.

23.  Иймээс магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0253 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ