Шүүгчийн нэр Д.Мөнхтуяа
Шийдвэрийн огноо 2015.09.28
Шийдвэрийн дугаар 210
Хэргийн индекс 121/2015/0008/З
Маргааны төрөл Бусад
Хуулийн зүйл, заалт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2
Шийдвэрлэсэн байдал

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2015.03.24, дугаар: 13
Анхан шатны шүүх Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2015.06.25, дугаар: 281
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2015 оны 09 сарын 28 өдөр
Дугаар: 210
Улаанбаатар хот


Ч.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ц.Сумъяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Ч.Цэрэндорж, хариуцагч Б.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр магадлалтай, Ч.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Хариуцагч Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг дарга Б.Батбаярынхяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ч.Цэрэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Төгрөг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.2, 23.10, 26.2-т тус тус заасны дагуу багийн Засаг даргад нэр дэвшиж иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчдийн 54.6 хувийн санал авсан.

 Сумын Засаг дарга Б.Батбаяр 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн а/79 захирамжийг гаргахдаа намайг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан. Татгалзсан үндэслэл нь багийн иргэдийн Нийтийн Хурал хууль зөрчин зохион байгуулагдсан гэж тайлбарласан.

Сумын багийн иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу явагдсан болохыг анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэсэн байхад хувийн үзэл бодлоор шийдвэрлэж, шүүхийг хүндэтгэхгүй байна гэж бодож байна.

Иймд Төгрөг сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн а/79 дүгээртэй захирамжийг хүчингүй болгож, Сайн Төгрөгийн 4 дүгээр багийн Засаг даргыг томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгаж, 2013 оны 04 дүгээр сараас 2015 оны 02 сар хүртэлх нийт 22 сарын хугацаанд авах ёстой байсан цалин 10531510 төгрөгийг Б.Батбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төгрөг сумын Засаг дарга Б.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Цэрэндорж өөрөө хууль бус хурал хийлгэсэн. 2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тов зарлаад 4 хоногийн дараа буюу 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулж багийн Засаг даргыг сонгох асуудал хэлэлцсэн нь иргэдэд хуулийн хугацаанд нэр дэвших боломж олгоогүй, бүх иргэдэд хуралдааны зар хүргээгүй.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хурлын дарга нь өөрөө гарын үсэг зураагүй, гарын үсэг нь зөрүүтэй хүчингүй тогтоол байсан. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй хурал болсон.

Энэ багийн Засаг даргыг томилуулах талаар хоёр шатны шүүхээр орж хэлэлцээд Засаг дарга надад хуулийн дагуу шийдвэр гаргахыг даалгасан.

Хурал нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийсэн байна гэж үзэж миний бие багийн хурлыг дахин хуралдуулж хариу ирүүлэхийг багийн иргэдийн Нийтийн Хурлаас хүссэн. Харин одоог хүртэл багийн иргэдийн Нийтийн Хурлаас албан ёсоор хариу ирүүлээгүй байна. Ч.Цэрэндоржийг багийн Засаг даргаар томилж цалингийн нь тогтоож өгсөн шийдвэр гаргаагүй байхад ямар захирамжийг үндэслэж цалин гаргуулах гэж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2-т зааснуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийг Төгрөг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Төгрөг сумын Засаг дарга Б.Батбаярт даалгаж,

2. Нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийн Төгрөг сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн а/79 дүгээртэй захирамжийг хүчингүй болгох, 2013 оны 04 дүгээр сараас 2015 оны 02 сар хүртэлх нийт 22 сарын хугацаанд авах ёстой байсан цалин 10531510 төгрөгийг Б.Батбаяраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр магадлалаар:  Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийг Төгрөг сумын 4-р багийн Засаг даргаар томилохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Төгрөг сумын Засаг даргад нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийг Төгрөг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг даалгасугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсгийг баримтлан “нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийн Төгрөг сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн а/79 дүгээр захирамжийг хүчингүй болгох, 2013 оны 04 дүгээр сараас 2015 оны 02 сар хүртэлх нийт 22 сарын хугацаанд авах ёстой байсан цалин 10531510 төгрөгийг Б.Батбаяраас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг дарга Б.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Уг магадлалын тогтоох хэсэгт: Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийг Төгрөг сумын 4-р багийн Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг даалгасугай гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4-р багийн ИНХ-ын хуралдаанаас өмнө тус багийн иргэдийн олонхийн саналыг авч нэр дэвшүүлсэн хүнийг "2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр С.Батбаатарыг тус багийн Засаг даргаар томилсон захирамж" гарсан байсан, мөн энэ захирамжийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэсэн Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэр болох 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр а/140 тоот захирамж гараагүй байхад Төгрөг сумын 4-р багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Тэргүүлэгчдийн даргын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, багийн ИНХ-ын №01 тоот тогтоол  ... нь:

А. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно", 26.3 дахь хэсэгт энэ хуулийн 26.2-т баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Тодруулбал, өмнө Төгрөг сумын 4-р багийн ИНХ-аас багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн шийдвэрийг үндэслэн Төгрөг сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа, уг захирамжийг хүчин төгөлдөр эсэх асуудлыг шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын захирамж 2013 оны 4 сарын 24-ний өдөр гарсан нь Төгрөг сумын 4-р багийн 2013 оны 04 сарын 11-ний өдрийн ИНХ-ыг хууль бус болохыг шууд нотолж байна.

2. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Төгрөг сумын 4-р багийн Засаг даргаар Ч.Цэрэндоржийг томилохыг Төгрөг сумын Засаг даргад даалгасан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь "нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд ноцтой халдаж, МУ-ын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг тус тус ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

МУ-ын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 59.2. “нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн”, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална”, 8.2 дахь хэсэгт “нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн”, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 26.4 дэх хэсэгт “энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

3. Хариуцагч нь Төгрөг сумын 4-р багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 4 сарын 07-ны өдрийн №01 тоот “Багийн иргэдийн Нийтийн Хурлын тов зарлах тухай” тогтоол дээрх ИНХ-ын дарга С.Алтанцэцэгийн гарын үсэг нь хуурамч болохыг удаа дараа, шат шатны шүүхэд мэдэгдсээр байтал энэ асуудлыг мэргэжлийн шинжилгээний байгууллагаар шинжлүүлж нотлох баримтыг шалгаагүйгээр барахгүй маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, ИХШХШТХ-ийн 47.1 (ИНХ-ын дарга С.Алтанцэцэгийн гарын үсгийг шинжлүүлэх) гэх мэт хуулийн олон заалтуудыг зөрчсөн байна.

Уг хуурамч гарын үсэг зурсан асуудлаар эрүүгийн журмаар өргөдөл гаргасны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 сарын 15-ны өдөр №40 тоот шинжээчийн дүгнэлт гарч “… “багийн иргэдийн Нийтийн Хурлын тов зарлах тухай" гэсний доод хэсэгт хар өнгийн будагч бодисоор “Дарга”, “С.Алтанцэцэг” гэж уншигдах бичиглэлүүдийн голд хар өнгийн будагч бодисоор бичигдсэн уншигдах бичиглэл нь С.Алтанцэцэгийн гарын үсэг биш байна...” гэж дүгнэсэн ба анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд энэ дүгнэлтийг гаргаж өгөх боломжгүй байсан юм. Энэ дүгнэлтийг давж заалдах, хяналтын шатны шүүхэд гаргаж өгч үнэлүүлэх боломжгүй байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 281 тоот магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

            Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, “зохион байгуулалтын асуудал” хэлэлцсэн, мөн өдрийн 02 дугаар тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшин, олонхийн санал авсан Ч.Цэрэндоржийг багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг Төгрөг сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн, хариуцагч Төгрөг сумын Засаг дарга 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар  Ч.Цэрэндоржийг багийн Засаг даргаар томилохоос татгалзаж, үндэслэлээ “... 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр болсон багийн иргэдийн Нийтийн Хурал нь ... хууль зөрчсөн...” гэжээ. 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2-т “нутгийн өөрөө удирдах байгууллага бол ... баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал /мөн/”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна”, 9.1.3-т “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлаар гаргасан тухайн Хурлын шийдвэрт Засаг дарга хориг тавих эрхгүй” гэж тус тус зааснаас үзвэл багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын “...Засаг дарга томилуулахаар санал уламжлах” талаар гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг сумын Засаг дарга хянах эрхгүй байна.

            Иймд “...хууль зөрчиж... багийн Засаг даргыг сонгох асуудал хэлэлцсэн, ...иргэдийн Нийтийн Хурал хууль зөрчин хуралдсан” гэх хариуцагчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй, нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийг Төгрөг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч Төгрөг сумын Засаг даргад даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж  шүүх бүрэлдэхүүний олонхи үзлээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Төгрөг сумын Засаг даргын уг маргаан бүхий 2014 оны А/79 дүгээр захирамжийг Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны а/379 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байх тул анхан шатны шүүх уг захирамжид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэх нөхцлийн үндсэн дээр хангагдахаар байх тул өмнө эрхэлж байгаагүй албан тушаалын цалинг гаргуулахаар “...ажилгүй байсан 22 сарын хугацаанд авах ёстой байсан цалин” нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг тоочин заасан, эдгээр үндэслэлд “...маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсон”, “цалин нэхэмжилсэн” гэх нөхцөл хамаарахгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, “...хохирол, хохирлын хэмжээний талаар маргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийн, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу болжээ.  

Харин анхан шатны шүүх “... Төгрөг сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/79 дугаартай захирамжийг хүчингүй болгох, ... нийт 22 сарын хугацаанд авах ёстой байсан цалин 10531510 төгрөгийг Б.Батбаяраас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байх тул шийдвэрийн энэ хэсэгт хууль хэрэглээний талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг шийдвэрлэх явцад “нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийг Төгрөг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч Төгрөг сумын Засаг даргад даалгах”-аар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэх талаар шүүгч Тусгай санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийн...” гэсний өмнө “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан” гэж нэмэн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                       М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                Д.МӨНХТУЯА