Шүүгчийн нэр | Д.Батбаатар |
Шийдвэрийн огноо | 2025.05.07 |
Шийдвэрийн дугаар | 2025/ХШТ/60 |
Хэргийн индекс | 106/2024/0905/Э |
Маргааны төрөл | Хулгайлах гэмт хэрэг |
Хуулийн зүйл, заалт | 17.1.1 |
Шийдвэрлэсэн байдал | Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.11.20, дугаар: 919 |
Анхан шатны шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2025.01.28, дугаар: 151 |
Давж заалдах шатны шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
Ж.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 919 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 151 дүгээр магадлалтай, Ж.Д-д холбогдох 2405000001339 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Батбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** оршин суух, Х овогт Ж-ы Д- (РД:***),
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675,000 төгрөгөөр торгох ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1591 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч Ж.Д- нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын орчимд иргэн Б.З-гийн халааснаас “Iphone 13 Pro Max” загварын гар утсыг нь хулгайлан авч, 2,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг 1 жилийн хугацаагаар “***-оос” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-аас 525,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.З-д олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Д-ыг гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Ж.Д- нь өөрийн үйлдсэн хэрэгт чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа ч гэрээс нь 1 жил гаргахгүй хязгаарлалт тогтоосонд гомдолтой байна. Учир нь Д-ын хувьд 4-14 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь 4 сартай жирэмсэн. Ж.Д- нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооллын хүнсний захад ногоо зардаг. 1 жилийн хугацаанд гэрээсээ гарч чадахгүй бол энэ хүний амьдрал маш хэцүү байдалд орно.
Зорчих эрх хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засарч, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх зорилгыг агуулж байгаа. Гэтэл миний үйлчлүүлэгчид ялыг хэт хумьж шийдвэрлэсэн нь тун хэцүү нөхцөл байдалд орж байна. Д- нь 2023.02.07-ны өдөр хүнд зодуулан хүнд гэмтэл авч нарийн гэдсээ тайруулсан. Одоогоор байнга эмчийн хяналтад байдаг. Хэрвээ гэрээс нь гаргахгүй болчихвол эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй, үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж чадахгүй, удахгүй төрөх эхнэрээ эмнэлэгт хүргэж, эргэж тойрч чадахгүй болно. Иймээс амьдралынх нь нөхцөл байдлыг харгалзан үзээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Прокурор Н.Гэрэлмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг үндэслэлтэй тогтоосон. Харин *** тоотоос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, учир дутагдалтай болжээ. Зорчих эрх хязгаарлах ял нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний чөлөөтэй зорчих эрхэд халдаж, зөвхөн эрх бүхий байгууллагын хяналт дор зөвшөөрөгдсөн чиглэл, хязгаарын дотор явах үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой. Дээрх ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тогтоосон зорилтод нийцүүлсэн байх учиртай. Шүүгдэгч Ж.Д-ын хувьд гомдолд дурдсан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Гэхдээ түүнийг 2023 онд хүнд гэмтэл авч байсан талаарх баримт тогтоогдсон. Ер нь бол 4 удаагийн ял шийтгэлтэй ба энэ гэмтлийг авснаас хойш 2 удаагийн гэмт хэргийг санаатай үйлдсэн. Түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон. Гэхдээ Ж.Д-д оногдуулсан оршин суух хаягаас гарахгүй байхыг хязгаарласан зорчих эрхийг хязгаарлах ял нь хэдийгээр түүнийг цээрлүүлж байгаа боловч хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхийн эсрэг байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хэмжээг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү. Нэг талаараа гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Шүүх шүүгдэгч Ж.Д-ын 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын орчимд иргэн Б.З-гийн халааснаас “Iphone 13 Pro Max” загварын гар утсыг нь хулгайлан авсан үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар үндэслэлтэй дүгнэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
4.Түүнчлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг буруутгах боломжгүй,
5.Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.[1]
6.Энэ агуулгаараа тухайн зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн хүнийг хорих ял шийтгүүлж нийгмээс бүрэн тусгаарлагдсантай адилтгах, мөн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох, хөдөлмөрлөхтэй холбоотой эрх нь бүрэн хязгаарлагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд зөвхөн чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдсан, тодорхой үүрэг хүлээсэн этгээд гэж үзэхээр байна.
7.Шүүхээс эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэдэг нь тухайн оршин суугаа газраас нь огт гаргахгүй буюу нийгмээс бүрэн тусгаарлах шинжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн ял эдлүүлэх нөхцөлийг тодорхой болгох боломжтой.
8.Шүүх тухайн ялыг оногдуулахдаа зорчих эрхийн хязгаарлалтын хүрээг гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг харгалзах, ялангуяа тухайн этгээдийн хувийн байдал, зан төлөв, өөрийнх нь болон хамт амьдардаг гэр бүлийн гишүүний хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг эсэх нөхцөл байдлуудыг буюу тухайн ялыг эдлэхдээ нийгэмших боломжтой эсэхийг зайлшгүй харгалзах ёстой. Эндээс уг ялын хязгаарлалтын хүрээг оршин суух газраас эхлэн Монгол Улсын засаг захиргааны нэг болон хэд хэдэн нэгжээр, эсхүл тухайн нэгж, нэгжүүдийн тодорхой хэсгээр тогтоох боломжтой байна.
9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн хүний шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ хорих ялтай адил түүнийг нийгмээс бүрэн тусгаарлалгүй, уг ялын зорилгод нийцүүлж эрх бүхий байгууллагын хяналтгүйгээр чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зэрэг эрх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргээ биелүүлэх бололцоог олгож, шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэлээр уг ялын дэглэм, журмыг өөрчлөх боломжтой тул зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын хүрээг шүүхээс “оршин суугаа хаягаасаа гарахгүй байх”-аар тогтоосныг буруутгах үндэслэлгүй.
10.Шүүгдэгч Ж.Д-ын тухайд түүний өмгөөлөгчөөс “бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн, оршин суугаа газраасаа өөр дүүрэгт хөдөлмөр эрхэлдэг, өөрөө өвчний улмаас эмчийн хяналтад байдаг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх буюу цэцэрлэг, сургуульд хүргэж чадахгүйд хүрэх тул ял эдлэх бүсчлэлийн хүрээг өргөжүүлэх” агуулгатай гомдол гаргасан боловч хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх үед түүний биеийн байцаалтад “эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг” гэж тусгаснаас өөрөөр түүний болон гэр бүлийн байдлын талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсантай холбоотой баримтууд хэлэлцэгдээгүй байна.
11.Харин хэрэгт авагдсан баримтуудаар Ж.Д- нь эрхэлсэн тогтвортой ажилгүй, урд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нь тогтоогдсон, шүүхээс түүнд тодорхой чиглэлээр зорчихыг даалгах зэргээр өөр үүрэг хүлээлгэх нөхцөл бодитой үүсээгүй байжээ.
12.Үүнээс гадна түүнд болон гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, ажил, хөдөлмөр эрхлэх, хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэх зэрэг шаардлага бий болсон тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйл, 154 дүгээр зүйлийн 154.1.9-д заасан журмын дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгээр хэрэгжүүлэх боломжтой учраас шүүхээс тухайн үед тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэг хуульд заасан нөхцөл байдлыг харгалзан түүнд нэг жилийн хугацаагаар “***-оос” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөн дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
13.Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан “...Ж.Д-ыг зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх эрх, үүргийг нь эдлүүлэх үүднээс зорчих эрх хязгаарлах ялын хүрээг тэлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 919 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 151 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Д-ын өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Д.БАТБААТАР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР
[1] Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 119 дүгээр тогтоол