Х.А-т холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр Б.Амарбаясгалан
Шийдвэрийн огноо 2025.03.26
Шийдвэрийн дугаар 2025/ХШТ/28
Хэргийн индекс None
Маргааны төрөл Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
Хуулийн зүйл, заалт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шийдвэрлэсэн байдал

Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.10.07, дугаар: 710
Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.12.24, дугаар: 08
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар: 2025/ХШТ/28
Улаанбаатар хот


Х.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа, хохирогч Л.Ц-ийн өмгөөлөгч Э.Туул, шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Г.Цолмон, Г.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 710 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар магадлалтай Х.А-т холбогдох 2403 00000 0220 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Ганбат, Г.Цолмон нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “З” ОНӨААТҮГ-т нийтийн тээврийн автобусны жолооч ажилтай, ам бүл ..., ...-ийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х-ийн А, (РД: ... ).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.А нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16:30 цагийн үед Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн автобусны эцсийн буудлын замд “Yutong” загварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчин огцом тоормослосны улмаас зорчигч Л.Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 710 дугаар шийтгэх тогтоолоор Б овогт Х-ийн А-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь хохирогчийн эмчилгээний зардалд 506.100 төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч “З” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас хохирогчийн эмчилгээний зардалд 529.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 11.880.000 төгрөг, нийт 12.409.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц-д олгож, хохирогч Л.Ц нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал болон ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч “З” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Х.А-ийн 555555 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат, Г.Мөнхзул нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний үйлчлүүлэгч Х.А-ийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16:30 цагийн үед Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Зайсангийн автобусны эцсийн буудлын ойролцоо “Yutongзагварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6 дахь заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Энэхүү заалтад “Жолооч гэнэтийн тоормослохыг хориглоно” гэж заасан байна. Гэтэл хэрэгт хавсарган авсан тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг харуулсан бичлэгээс үзэхэд гэнэтийн тоормослосон байдал харагдахгүй байдаг. Энэ талаар магадлуулахаар шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байдаг. Энэхүү дүгнэлтээр гэнэтийн тоормослосон эсэх нь батлагдаагүй, эргэлзээтэй дүгнэлт гарсан байдаг. Хэрэв эргэлзээ гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан байхад шүүх энэхүү заалтыг хэрэглэн шийдвэрлэлгүй яллаж шийдвэрлэсэн байдаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2 дахь заалтад “Чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчигч зориулалтын бариулаас барьж аюулгүй байдлыг хангаж үйлчлүүлнэ” гэсэн заалтыг хохирогч Л.Ц зөрчсөнөөс болж гэмтсэн гэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, Х.А-ийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэн энэхүү гомдлыг албан ёсоор гаргаж байна” гэжээ.

 

Шүүгдэгч Х.А хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа“... Би эхнэр, ерөнхий боловсролын сургуулийн 9-өөс 15 насны гурван хүүхэдтэй. Эхнэр одоогоор гэртээ, ажилгүй байгаа. Одоогийн байдлаар би ганцаараа ажил хийж, таван хүний хоол хүнс, хувцас, эм тариа, байрны мөнгө, байрны зээл болох 1.500.000 төгрөг, цахилгаан, сургуулийн татаас гэх мэт урсгал зардлыг сарын цалингаараа чадан ядан хүргэн амьдардаг. 2024 оны 03 дугаар сарын 27-нд цас их орж байсан. Зайсангийн эцсийн буудлаас зорчигчоо авах үед заал хоосон байх үед урд хаалгаар 4-5 хүн суусан. Заал хоосон, бариул чөлөөтэй байхад нэг эмэгтэй өөрийн аюулгүй байдлыг хангаж, бариулаас барилгүй хамгийн арын суудал руу явж, өгсөх гэж байгаад халтирч унаад, намайг огцом тоормос гишгэсэн гэж намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Тухайн үед автобусны км заалт “0” зогсолттой байсан. Автобусны камерын бичлэг ч байгаа. Иймд миний хэргийг сайтар нягтлан үзэж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” гэж хуульчилсан боловч уг магадлагаанд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн, эсхүл талууд хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тохиолдолд тусгай мэдлэг эзэмшсэн мэргэшсэн шинжээчээр шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой. Х.А-ийн хувьд мөрдөгчийн магадлагаатай танилцаад “Би огцом тоормос гишгээгүй” гэж маргасан байдаг.

Хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан мөрдөгч Ц.Батбаярын сургалтад хамрагдаж авсан сертификатаас харахад Ц.Батбаяр нь “Автомашины цахилгаан тоноглол, Замын хөдөлгөөний зохион байгуулалт, Автомашины шасси, Автомашины хөдөлгөөний онол, Автомашины хийцийн аюулгүй байдал, Дотоод шаталтын хөдөлгүүр” зэрэг 6 төрлийн хөтөлбөрт 60 цагийн хугацаанд хамрагдсан байх боловч уг хөтөлбөрт Замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой ганц ч хөтөлбөр байхгүй байна.

Автомашины бүрэн бүтэн байдалтай холбоотой дүгнэлтийг Автотээврийн үндэсний төв, эрүүл мэнд, амь настай холбоотой дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газар, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуудлыг ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “Тээврийн салбар”, “Цагаан Шонхорын жигүүр” гэх мэт тухайн салбартаа мэргэшсэн, тусгай мэдлэгтэй, дүгнэлт гаргах эрх бүхий газраар зохих дүгнэлтүүдийг гаргуулах ёстой. Гэтэл Х.А-ийн холбогдсон хэрэг нь жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаар асуудал хөндөгдөж байхад уг хэрэгт ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн "Тээврийн салбар” эсхүл “Цагаан Шонхорын жигүүр”-ийн ганц ч дүгнэлт байхгүй.

Анхан шатны шүүхээс зорчигч Л.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.2 дугаар зүйлд заасан “...Тээврийн хэрэгслээр зорчигчид дараах зүйлийг хориглоно. г/ Чиглэлийн тээврийн хэрэгсэл дотор зогсоогоор зорчихдоо зориулалтын бариулаас барихгүй явах” гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг магадлагаанд дүгнээгүй ба дээрх ажиллагааг нэг мөр болгосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар прокурорт даалгаж, шүүх хурлыг 60 хоногоор хойшлуулсан. Гэтэл прокурорын байгууллагаас Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж дүгнэлт гаргуулсан. Шүүх шинжилгээний ерөнхий газраас Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргадаггүй учраас “Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх асуултад эрх зүйн дээд боловсролгүй, авто инженер мэргэжилтэй шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй, асуулт тодорхойгүй, хариулах боломжгүй, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй” гэж дүгнээд “хариулах боломжгүй” гэх 2398 дугаартай дүгнэлтийг гаргасан.

Мэргэшсэн шинжээч буюу ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-аар дүгнэлт гаргуулаагүй, шүүгдэгчийн гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 710 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Л.Ц-ийн өмгөөлөгч Э.Туул хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Уг осол нь нийтийн тээврийн автобус дотор болсон. Хохирогч эцсийн буудал дээр автобусыг хоосон байх үед урд талын хаалгаар орж, буух хаалга буюу голын хаалганы хажуугийн сандал дээр суух явцад автобус үл ялиг хөдлөөд зогссон. Хохирогч автобусны гол хэсэг рүү явж байсан учраас тээврийн хэрэгслийг зогсох үед бөгсөөрөө унаж, улмаар түүний нурууны ясанд хүндэвтэр гэмтэл учирсан. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр уг осол болсон. Дээрх автобус нь хамгийн сүүлийн үеийн Yutong маркийн, гадна болон дотор талын нийт 6 камертай автобус байсан. Иймээс хэрэгт 6 камерын бичлэг авагдсан. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч 440 дугаартай магадлагаа гаргасан. Уг магадлагаанд “тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6.д-д “зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэж, мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг тус тус зөрчсөн” гэж тусгагдсан. Зам тээврийн осолд холбогдсон жолооч зохих үүргээ биелүүлэлгүйгээр хохирогчийг унасан үед автобусыг хөдөлгөж, түүнд ямар нэгэн тусламж үзүүлэлгүйгээр дараагийн автобусны буудал хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь осолд өртсөн хүнд тусламж үзүүлэлгүй ослын газарт хөдөлгөөн хийсэн. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байсан Л.Ц нь ямар нэгэн замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нар “автобус доторх бариулаас барьж явсангүй, урд суудал байхад заавал хойшоо явах шаардлагагүй байсан” гэх мэтээр хохирогчийг буруутгадаг боловч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2.г-д заасан зохицуулалт нь автобус дотор суух сандал байхгүй, зогсоогоороо зорчих тохиолдолд аюулгүй байдлаа хангахтай холбоотой зохицуулалт юм. Гэвч автобус нь эцсийн буудлаас хөдөлсөн тул суудал чөлөөтэй байсан. Хохирогч буух хаалга буюу автобусны голын хаалганы ойр явж байх үед автобус зогссон. Уг үйл явдал ердөө 20 орчим секундэд болсон. Уг нөхцөл байдал нь автобусны камерын бичлэгт тодорхой тусгагдсан. Мөрдөгч болон анхан шатны шүүхээс томилогдсон шинжээчдийн бүрэлдэхүүн “автобус хөдлөөд огцом тоормослосон нь хохирогч унах шалтгаан болсон” гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмон “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтоогоогүй. Учир нь, шинжээчид нь автын инженер мэргэжилтэй. Дүрэм зөрчсөн эсэх асуудлыг эрх зүйч мэргэжилтэй хүмүүс тогтоох учиртай” гэж тайлбарласан. Түүнчлэн тэрээр хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй” гэжээ. Гэвч мөрдөгч магадлагаандаа “хохирогч Л.Ц-ийг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй” гэж дүгнэснээс гадна тухайн мөрдөгч нь Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр сурч төгсөн, мэргэжлээрээ 15 жил ажилласан тухайгаа дурдаж, Механик инженерийн сургуулийн тээврийн сургууль төссөн тухай сертификатаа хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчид хэрэгт авагдсан бичлэгүүдийг нэг бүрчлэн үзсэн. Бичлэгт хохирогчийг суудалдаа сууж амжаагүй байхад автобус гэнэт урагшлаад тоормослосны улмаас зоригч бөгсөөрөө унасан болох нь хангалттай дүрслэгдсэн. Анхан шатны шүүх уг хоёр үйл явдлыг шалтгаант холбоотой гэж үзэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн хэлэлцэж хэргийг шийдвэрлэсэн тул хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгт нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг гаргаж өгсөн. Уг стандартад нийтийн тээврийн жолоочид зорчигчийг бүрэн бууж, суусны дараа хөдөлгөөнөө эхлүүлэх, огцом тоормослохгүй байх зэрэг үүрэг тусгагдсан. Шүүгдэгч нь дээрх стандартыг зөрчсөн нь мөрдөгчийн магадлагаа болон камерын бичлэгүүдтэй эргэлзээгүй нийцэж байна. Харин зорчигч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврээр үйлчлүүлэх стандартыг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй. Журмын дагуу таван төрлийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хүснэгтэд заасан нөхөн төлбөрийн хэмжээгээр олгоно гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь дээрх таван төрлийн гэмт хэрэгт хамаарна. Шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хүснэгтэд заасан зэрэглэлийн дунджаар тогтоож, шүүхэд гаргаж өгсөн баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар тооцож, бусад хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар дурдаж шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн гүйцэт шинжлэн судалсан гэж үзэж байх тул хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Н.Гэрэлмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хэргийн материалтай танилцаж хэрэгт авагдсан камерын бичлэгийг хэрэгт авагдсан мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд нотломжийн хувь өндөр, эргэлзээгүй гэж дүгнэсэн. Учир нь, камерын бичлэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнөө эхлэхэд тухайн автобусны зүүн талаас цагаан өнгийн тээврийн хэрэгсэл автобусны дунд хэсэгтэй дөхөж ирэхэд жолооч тоормослосон болох нь камерын бичлэгээс харагдаж байна. Түүнчлэн уг бичлэгт тусгагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг үзвэл огцом тоормослосон гэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, автобусны жолоочийг аюул, ослоос урьдчилан сэргийлж тоормослосон гэж үзэж байна. Уг нөхцөл байдал нь шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй нийцэж байна. Хохирогч Л.Ц нь автобус тоормослосны улмаас унаж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байсан Л.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тээврийн хэрэгсэлд зогсоогоор зорчихдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж бариулаас барьж явах үүргээ биелүүлэлгүй өөрийн үйлдэлд хайнга хандсаны улмаас унаж, эрүүл мэндэд нь хохирол учирсан. Иймээс анхан шатны шүүх хохирогчийн биед учирсан гэмтэл нь жолоочийн тоормослосонтой шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь, хохирогчийн буруутай үйл ажиллагааг харгалзалгүй дан ганц үр дагаварт тулгуурлаж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг боловч шүүгдэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчөөгүй, аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тоормослосон, тус үйлдлийн улмаас зорчигчийн биед гэмтэл учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Ганбат, Г.Цолмон нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Х.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, хяналтын шатны шүүхэд гаргасан оролцогчдын гомдлуудыг хэрэгсэхгүй болгохдоо дараах тайлбар, дүгнэлтийг өгч байна.

 

2.1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.А “... өгсөх гэж байгаад халтирч унаад, намайг огцом тоормос гишгэсэн гэж буруутгаж байгаад гомдолтой байна” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат “... гэнэт тоормослосон эсэх нь батлагдаагүй, эргэлзээтэй дүгнэлт гарсан байдаг. Хэрэв эргэлзээ гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан байхад шүүх энэхүү заалтыг хэрэглэн шийдвэрлэлгүй яллаж шийдвэрлэсэн” гэж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурджээ.

 

Тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох этгээд нь Замын хөдөлгөөний дүрэм, онолын мэдлэг эзэмших, жолоодлогын дадлага хийх сургалтад хамрагдсаны дараа жолооны эрх олгох шалгалтад оролцож, тэнцсэнээр жолоодох эрх олж авдаг.

 

Механикжсан тээврийн хэрэгслийн багтаамж буюу суудлын тоо, тээврийн хэрэгслийн болон чиргүүлийн жин, зориулалт зэргийг харгалзан ангилж, ангилал тус бүрийн тээврийн хэрэгслийн онцлогоос хамаарч жолоочид жолоодох эрх бүхий насанд хүрсэн байхаас гадна тусгай ур чадвар, мэдлэг эзэмшсэн, тодорхой хугацаанд жолоодлогын дадлага хийж байсан туршлагатай байх шаардлага тавигддаг байна.

 

Тухайлбал, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/171, А/496 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ын 2.3.2-т "С" ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах тохиолдолд "В" ангиллын тээврийн хэрэгслийг 3 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх”, 2.3.3-т “"D" ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах тохиолдолд "В" ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх” гэх зэргээр нэмэлт шаардлагыг тавихаар зохицуулсан байдаг.

 

Ийнхүү тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоход тусгай шаардлага тавихын шалтгаан, ач холбогдол нь тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд оролцсон, эхэлсэн цагаасаа эхлэн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аюултай хэрэгсэлд тооцох бөгөөд жолооч цаг ямагт сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэгт оршино.

 

Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх, нийтийн дэг журмыг бий болгох, замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтооход чиглэсэн “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрддөг бөгөөд энэхүү дүрмийг биелүүлэх нь замын хөдөлгөөнд оролцогч нэг бүрийн үүрэг юм.

 

Тус дүрмийн 1.3 дахь заалтад Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан бол 12.6.д-д зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослохыг жолоочид хориглосон хэм хэмжээг тогтоосон.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “З” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан Х.А нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Yutong” загварын 00-00 УУУ улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигч тээвэрлэн явахдаа Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн эцсийн автобусны буудлын орчимд Замын хөдөлгөөний дүрэмд заасан дээрх заалтуудыг зөрчсөн буюу мөрдөгчийн магадлагаанд дурдсанаар автобусыг огцом тоормослосны улмаас 16 цаг 22 минутын үед тус автобусанд үйлчлүүлэхээр суусан зорчигч Л.Ц унаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.

 

Тодруулбал, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №4326 дугаар дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дахь тал)-ээр дээрх ослын улмаас хохирогч Л.Ц-ийн биед бүсэлхийн  1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон байна.

 

Хэрэг гарсан өдөр цас орсноос шалтгаалан автобус дотор шавартай, халтиргаа гулгаатай байсан талаар шүүгдэгч Х.А мэдүүлсэн нь камерын бичлэгт илэрхий харагдаж байх ба уг бичлэгээс үзэхэд Х.А-ийн жолоодон явсан нийтийн тээврийн хэрэгслээс зогсоол дээр зорчигчид бууж, цөөн тооны зорчигч суусан тул жолооч хянах, зорчигчдод анхаарал хандуулж, аюулгүй байдлыг нь хангах бүрэн боломжтой байснаас гадна халтиргаатай байгаагаас шалтгаалан зорчигчид унаж бэртэх, эд хөрөнгө, эрүүл мэндэд нь хохирол, аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнийг болгоомжтой эхлүүлэх ёстой байжээ.

 

Гэтэл Х.А-ийн жолоодон явсан нийтийн тээврийн хэрэгсэлтэй цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ойртон ирж байгааг мэдсээр байж зорчигчдыг суудал эзлэх, зориулалтын бариулаас барих боломж олголгүйгээр хөдөлгөөнийг эхлүүлж, зорчигчдод унах, гэмтэх аюултай байдал бий болгосон тул “... тухайн автобусны зүүн талаас цагаан өнгийн тээврийн хэрэгсэл автобусны дунд хэсэгтэй дөхөж ирэхэд жолооч тоормослосон ...” гэсэн прокурорын хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй болно.

 

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин зорчигчийг суудал эзлээгүй, автобусны бариулыг барихаас өмнө хөдөлгөөнийг эхэлж, улмаар огцом тоормослосноор зорчигч Л.Ц арагш хөл алдан халтирч, унаж гэмтсэн, ийнхүү унасныг жолооч Х.А жолоодон явсан автобусныхаа толинд харсан буюу түүний эрүүл мэндэд хохирол учирсан, хохирол учирсан байж болзошгүйг мэдсэн атлаа үл тоон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлж, Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а, 3.5.г дэх заалтуудыг зөрчсөн байна.

 

Ийнхүү шүүгдэгч Х.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал)-аар тогтоосон нь хэрэгт авагдсан хохирогч Л.Ц-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал)-т дурдагдсан үйл явдал болон камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дэх тал)-д тусгагдсан нөхцөл байдалтай нийцэж байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.А нь тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм дэх хориглосон болон үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээнүүдийг зөрчсөн болгоомжгүй үйлдэл нь хохирогч Л.Ц-ийн арагш унасны улмаас учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

 

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2.2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмон мөрдөгчийн магадлагааг үндэслэл бүхий бус гэж үзэж, гомдолдоо “... Мэргэшсэн шинжээч буюу ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-аар дүгнэлт гаргуулаагүй, шүүгдэгчийн гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй ...” гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шинжилгээ хийлгэн тогтооход тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай боловч шинжээч томилохгүйгээр мөрдөгч өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжийг хуулиар олгосон бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд хуульчилсан ба мөрдөгч өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан магадлагааг шинжээчийн дүгнэлттэй адилтган үздэг.

 

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуульд “Замын хөдөлгөөний зохион байгуулалт”, “Автомашины хөдөлгөөний онол” зэрэг 6 төрлийн 60 цагийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн  51 дэх тал) авснаас гадна Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч ажилтай, тус албанд 8 жил, мөрдөгчөөр 3 жил ажиллаж байгаа Ц.Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад жолооч Х.А, зорчигч Л.Ц нар Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар магадлагаа гаргажээ.

 

Мөрдөгч энэхүү хэргийн хувьд хувийн сонирхолтой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөний зохих сургалтад хамрагдсанаас гадна түүний гаргасан магадлагаа нь хэргийн бусад баримттай харьцуулан үзэхэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал үүсгээгүй, хүлээн зөвшөөрөгдөхүйц гэж дүгнэлээ.

 

Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 440 дүгээр магадлагааг мөн сарын 05-ны өдөр шүүгдэгчид танилцуулахад тэрээр нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүйгээс гадна 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мөрдөгчийн “Та шинжээч нарын дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаатай танилцлаа. Санал хүсэлт байна уу” гэсэн асуултад “Шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаатай танилцсан. Асуух зүйл, санал хүсэлт байхгүй” гэж хариулснаас үзэхэд түүний гомдол, хүсэлт гаргах эрхийг хассан, хязгаарласан гэх зүйл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

2.3.Шүүгдэгч Х.А хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Заал хоосон, бариул чөлөөтэй байхад нэг эмэгтэй өөрийн аюулгүй байдлыг хангаж, бариулаас барилгүй хамгийн арын суудал руу явсан ...” гэжээ.

 

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нь хувийн хэрэгцээ, шаардлагаас гадна аюулгүй зорчих үүднээс нийтийн тээврийн хэрэгсэлд суухдаа аль ч суудлыг сонгон суух эрхтэй бөгөөд автобусны хойд хэсгийн суудалд суухаар явж байсан зорчигч Л.Ц нь автобус огцом тоормослосны улмаас суудалд сууж амжаагүй, бариулаас барьж амжилгүй унаж, эрүүл мэндэд нь хохирол учирсан явдалд хохирогчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх ба энэ талаар мөрдөгчийн магадлагаанд тодорхой дурджээ.

 

Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь хувийн тээврийн хэрэгсэл бус нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээвэрлэх, олон нийтэд үйлчилж буйн хувьд үйлчилгээний соёл, харилцаа, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах нь зүй ёсных бөгөөд зорчигчдод чин сэтгэлээсээ үйлчлэх, тэдний ашиг сонирхлыг хүндэтгэх, аюулгүй байдлыг хангах, осолд өртөх, гэмтэхээс урьдчилан сэргийлж, зорчигчдод анхаарал хандуулах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, зорчигчдыг ая тухтай зорчих боломжоор боломжит хэмжээнд хангаж ажиллах нь зохистой болно.

 

Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль бус, анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас осол гарсан” хэмээн тайлбарласан нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байна.

 

Хэрэгт авагдсан камерын бичлэгээс үзэхэд шүүгдэгч нь олон нийтийн газарт буюу нийтийн тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа тамхи татаж, тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй зорчигчдыг үл хүндэтгэсэн, зүй бус үйлдэл гаргасныг тэмдэглэв.

 

2.4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул хяналтын шатны шүүх хуралдаанд “... шүүгдэгчийн ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 1 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргасан бөгөөд энэхүү саналыг хүлээн авах хууль зүйн боломжгүй болно.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан байдаг.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ба энэ нь тухайн зүйл, хэсэгт заасан эрх хасах ялын хамгийн доод хэмжээ юм.

 

3.Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

4.Шүүгдэгч Х.А хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5.Мөн шүүх шүүгдэгч Х.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримталж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, тухайн өдрийн цаг агаарын нөхцөл байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

 

6.Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хэрэгт иргэний хариуцагчаар татагдан оролцсон “З” ОНӨААТҮГ-аас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

6.1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

 

6.2.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, 4.1.3 дахь заалтад “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ... сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг ойлгохоор хуульчилсан.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ ...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заасан нь гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг гагцхүү шинжилгээний байгууллага хийж, дүгнэлт гаргахаар зохицуулсан буюу мөрдөгч тогтоох эрхгүй гэсэн агуулгыг илэрхийлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн бол шинжээчийн эрхийг хэрэгжүүлэн магадлагаа гаргаж болохоор, 27.11 дүгээр зүйлд мөрдөгч магадлагаа гаргах үндэслэл, журмыг тодорхойлжээ.

 

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 2.1-д “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан  "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн (Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ”, 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан.

 

Эдгээр зохицуулалтуудыг нэгтгэн дүгнэвэл тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан байхад хохирогч Л.Ц-ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол аль зэрэглэлд хамаарах талаар шинжээч тогтоогоогүй, дүгнэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэж, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд хохирогч Л.Ц-ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол журамд зааснаар аль зэрэглэлд хамаарахыг тодорхойлох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст мөнгөн хэлбэрээр шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцэх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, хохирогч Л.Ц нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 710 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... иргэний хариуцагч “З” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас хохирогчийн эмчилгээний зардалд 529.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 11.880.000 төгрөг, нийт 12.409.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц-д олгосугай” гэснийг “... иргэний хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас хохирогчийн эмчилгээний зардалд 529.000 /таван зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Л.Ц-д олгосугай” гэж өөрчилж,

 

тогтоох хэсэгт “Хохирогч Л.Ц нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2.Шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч А.Ганбат, Г.Цолмон нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

 

  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

             Ч.ХОСБАЯР

 

    Б.ЦОГТ