Шүүгчийн нэр | М.Батсуурь |
Шийдвэрийн огноо | 2025.02.24 |
Шийдвэрийн дугаар | 001/ХТ2025/0022 |
Хэргийн индекс | 128/2023/1009/З |
Маргааны төрөл | газар |
Хуулийн зүйл, заалт | Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 |
Шийдвэрлэсэн байдал | Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.09.10, дугаар: 128/ШШ2024/0684 |
Анхан шатны шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2024.11.12, дугаар: 221/МА2024/0717 |
Давж заалдах шатны шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: Д.Батбаатар
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0684 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2024/0717 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2025/0064 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч М.Б, Д.О нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”
2.Хэргийн нөхцөл байдал: “Б” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-352 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ... бүсэд 9.1 га газрыг 5 жилийн хугацаагаар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар 2.0 га газрыг нэмж, нийт 11.1 га газрыг ашиглаж байсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар дээрх газрын ашиглах эрхийн хугацаа 5 жилийн хугацаагаар сунгагджээ. “Б” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2022/39 тоот тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах гэрээг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан боловч эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй байна.
2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тухайн цогцолборт газрын ... бүсэд “Б” ХХК-д ашиглуулахаар олгосон нийт 11.1 га газрын ашиглах эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.
2.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... манай компани газар ашиглах эрхийн хугацаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/11 дүгээр тушаалаар 5 жилийн хугацаагаар сунгуулсан, манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон сайдын тушаалыг бидэнд ирүүлээгүй атлаа 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгээр газар ашиглах эрх цуцалсныг бидэнд мэдэгдсэн, ... компанийн хувьд төслийн талбайд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, улмаар төслөө хэрэгжүүлэх дэд бүтэц бүрэн шийдэж, барилга байгууламжийг барьж хашаалан, үйл ажиллагаа явуулан, хэвийн үргэлжилж байхад зориулалтын дагуу газраа ашиглахгүй байна гэж үзэн манай компанийн үйл ажиллагааг зогсоож, газар ашиглах эрхийг цуцалж, хохироож байгаа нь хуульд үл нийцнэ, ... бид 2021 оныг дуустал төлбөрөө төлсөн, 2022 онд Ковид-19 цар тахлын үе эхэлсэн, манайхаас өмнө төлбөр төлөхдөө Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай харьцаад нэхэмжлэлээр төлдөг байсан. Сүүлд и-такс цахим системээр нэхэмжлэл үүсгэдэг болгосон бөгөөд төлбөрөө төлөх гэхээр баримт үүсэхгүй байна гээд төлбөрөө төлж чадахгүй байсан, ... хариуцагч сонсох ажиллагааг хэлбэрийн төдий хийсэн ...” гэж тодорхойлон маргасан.
2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын 2023 оны 443 дугаартай саналаар нотлогдож байна, ... тус компани нь холбогдох нотлох баримтыг яаманд ирүүлээгүй, ... бид Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийсэн, ... газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь шүүхийн үзлэг болон маргаан бүхий захиргааны актыг гаргах үеэр хийсэн газрын үзлэгээр тогтоогдсон, ... газар ашиглагч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд буюу улирал бүр хуваан төлөх ёстой, гэрээ байгуулаагүй учраас төлбөрөө төлөөгүй гэдэг боловч газар ашиглах гэрээ байгуулах үүрэгтэй субъект нь нэхэмжлэгч компани байна, ... хавтаст хэргийн сүүлийн хавтаст гуравласан гэрээ байгуулах маш олон хүсэлтүүд авагдсан нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотолгооны ач холбогдолгүй, ямар байгууллагууд руу явуулсан нь тодорхойгүй, нотариатаар гэрчлүүлсэн зүйл байхгүй, өмнөх шүүх хуралдааны үеэр байхгүй гэж тайлбарлаж байсан хэр нь сүүлд гаргаж өгсөн нь үндэслэл бүхий эргэлзээ үүсгэж байна ...” гэсэн тайлбарыг гаргасан байна.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч хуулийн этгээдээс тухайн газрыг ашиглахтай холбоотой дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хөрөнгө оруулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжихээр байна, ... “Б” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгасан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаал гарснаас хойших цаг хугацаанд цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож байсан цаг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх ба өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан хугацаанаас хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хуульд заасан 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байжээ, ... Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтын дагуу тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үүргийг төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, 2022/39 тоот гэрээнд “Б” ХХК-ийн захирал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байхад хариуцагч нь ... газар ашиглах 2015/618 тоот гэрчилгээний хавсралтад газар ашиглах эрхийн сунгалт хийгдсэн талаарх тэмдэглэгээг хийж гэрчилгээг нэхэмжлэгчид гардуулсан атлаа гэрээг баталгаажуулаагүй ... байх тул газрын төлбөр төлөгдөөгүйд нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгах боломжгүй ...” гэж дүгнэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т газар ашиглах гэрээнд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа”-г тусгахаар заасан нь уг гэрээг байгуулаагүй тохиолдолд газрын төлбөрийг төлөхгүй байх шалтгаан болохгүй. Өөрөөр хэлбэл төлбөр төлөх үүрэг, хэмжээ, хугацааг Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар тогтоодог, харин гэрээгээр харилцан тохиролцож тогтоодоггүй тул гэрээ байгуулаагүйгээс төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, үүргийн талаар мэдэх боломжгүй тул “төлбөрөө төлөөгүй” гэж үзэх боломжгүй юм, ... газар ашиглах эрхээ 2013 онд авахдаа “...” амралт, аялал жуулчлалын бааз байгуулах төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргаж авсан, улмаар 2018 онд холбогдох инженер геологийн судалгааны дүгнэлт, байгаль орчны үнэлгээний тайлан, мод тарих гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй, 2023 оны 06 дугаар сард мөн мод худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг зориулалтын дагуу газраа ашигласан гэж үзэхээргүй байна, ... Хариуцагч нь газар ашиглах 5 жилийн хугацаа дуусахад зориулалтын дагуу ашиглаагүй байсан ч эдгээр нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар /ковидын үед/ газар ашиглах эрхийг сунгаж боломж олгосон боловч маргаан бүхий акт 2023 оны 9 сард гаргах хүртэл мөн л бэлтгэл ажил буюу дэд бүтэц, мод тарих ажил хийж, газар ашиглах үндсэн зориулалт буюу аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлээгүй байх тул Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл үүссэн гэж үзэж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй, ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ээс “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
5.1.1.Бид 2013 оноос эхлэн ашиглаж буй газар дээрээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний ойлгож заншсанаар хэдэн гэр, байшин бариад амралт, аялал жуулчлалын газар болчихдог зүйл биш болоод байгаа юм. Бид Монголд ховорд тооцогдох аялал жуулчлалын цогцолбор зочид буудал, амралтын газар бий болгохоор урт хугацааны төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид дэд бүтэц, ногоон байгууламж, цахилгаан дамжуулах байгууламж төслийн тайлан, эскиз зургийг хийлгэн баталгаажуулсан. Мөн шүүхээс хийсэн газрын үзлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа, худаг, түүнийг хийлгэсэн гэрээ, төлбөр төлсөн талаарх баримт, мод тарьсан байдал, түүнийг тарихдаа газрыг шаталж хагалсан байдал, холбогдох гэрээ, төлбөр төлсөн байдал, барилгын ажлын зөвшөөрөл авахаар хандсан болон түүнийг шийдвэрлэх хугацаа болоогүй байгаа талаар өгсөн хариу, цахилгаан дамжуулах байгууламж баригдсан зэрэг үйл баримтыг давж заалдах шатны шүүх огт авч үзээгүйд гайхаж байна. Эдгээр нөхцөл байдлыг авч үзвэл Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл бий болгоогүй байдаг. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд анхнаасаа хариуцагч шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй нь харагддаг. Дээрх үйл баримтыг тогтоох нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т заасныг зөрчиж байна.
5.1.2.Бид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” 2022/39 тоот гэрээг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Гэрээ байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс үзвэл 2 жилийн хугацаа болоогүй байхад 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тушаал гаргаж, газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй. Яагаад гэхээр Монгол Улсын хамгийн орой шүүх хууль тайлбарлахдаа гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 жил ашиглаагүй бол гэж заасан. Гэтэл уг 2 жилийн хугацаанд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусах байтал дуусахаас 8 сарын өмнө газар ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгож буйг зөвтгөх ямар ч үндэслэлгүй. Бид газраа ашиглаад үйл ажиллагаа явуулж байгаа. Нүдэнд ил харагдах зүйлс бүтээн байгуулалт гэж хараад байгаа нь өөрөө өрөөсгөл юм. Бидний хувьд газар ашиглаж эхэлснээс хойш буюу 2013-2021 оны хооронд нэг ч удаа төлбөрийн хугацаа хоцроож байгаагүй бөгөөд энэ хугацаанд 105,087,844 төгрөгийг газрын төлбөрт төлсөн. Хамгийн сүүлд 2021 онд гэрээ дүгнэж, төлбөрийн үлдэгдэлгүй болох талаар талууд акт үйлдсэн. Энэ нь бид өөрөөс хамаарч байсан үед газрын төлбөрийг цаг тухайд нь төлж явсны нэг илрэл дээрх тоо бөгөөд Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт орж, хариуцагчаас хамаарч төлбөр төлдөг болсноос хойш ийм үйл явдал болсныг шүүх анхаарах учиртай. Бид хүсээд хүсээд, гүйгээд гүйгээд газрын төлбөр төлөх урьдчилсан нөхцөлийг хариуцагч байгууллагууд олгож өгөхгүй байхад яах юм бэ. Төлбөр төлөөгүй асуудал бид огт буруугүй. Төрийн хүнд сурталтай алхам тутамд нүүр тулж явдаг бидний хувьд өөрөөс хамаарах зүйл байвал тэр даруйд нь хийж, нээнтэгт орохгүй л явна ... Манай компани ашиглаж буй газартаа 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан.
5.1.3.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Сайдын тушаалын газрын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлийг зөвтгөж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт бид гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0420 дугаар магадлал гарсан. Уг магадлалын 10-т гэрээг газрын кадастрын цахим системд бүртгүүлээгүйн улмаас 2022 оны газрын төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй байгаа нь биднээс болоогүй гэдгийг тогтоож магадлал хүчинтэй болсон байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2024/0717 дугаар магадлал нь өмнөх магадлалаа үгүйсгэсэн шинжтэй гараад байна. Нэг маргаанд ингэж 2 өөр дүгнэлт хийгээд байгааг бид яаж ч бодоод ойлгохгүй байгаа. Шүүх ядаж өөрийн гэсэн нэг чиг шугамтай байхгүй бол ижил маргааныг ингэж янз бүрээр шийдээд байвал бид ойлгохгүй юм байна. Бид арга ядаад шүүх энэ төрлийн маргааныг яаж шийддэг юм гэж өөрийн хэмжээнд юм харж үзлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, мөн давж заалдах шатны шүүх дотроо ижил шаардлагатай, ижил агуулгатай, ижил төрлийн хэргийг зөрүүтэй байдлаар тайлбарлан өөр, өөрөөр шийдвэрлэж байгаа хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг Улсын дээд шүүхээс анхааралдаа авч, бидний цаашдын ажилд туслалцаа үзүүлэхийг хүсье ...” гэжээ.
5.2.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Б, Д.О нараас “... Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх дээрх хуулиудыг анхан шатны шүүхээс зөрүүтэй, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлд бүрэн хамаарч байх тул хянуулахаар дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтыг 2 шатны шүүх зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн тухайд:
5.2.1.Анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн “... тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үүргийг төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ..., нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэр гарсан бөгөөд газар ашиглагч гэрээнд гарын үсэг зурж хүргүүлсэн тохиолдолд хамгаалалтын захиргаа гэрээг байгуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тусгай хамгаалалтын бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлэхээр, ингэснээр яамны эрх бүхий албан тушаалтан гэрээг баталгаажуулж, гэрчилгээг олгох, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэх, ... үүний дараа газар ашиглагч нь газрын албанд гэрээг бүртгүүлэх, газрын албанаас төлбөрийн ногдуулалт үүсгэхээр байна ...” гэж хариуцагчийг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас газрын төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй, газрын төлбөр төлөөгүйд нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгах боломжгүй гэж, Газрын төлбөрийн тухай хуулийг хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан.
5.2.2.Харин давж заалдах шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-т заасныг тус тус тайлбарлан хэрэглэхдээ “... тусгай хамгаалалттай газар нутагт газар ашигласныхаа төлөө газрын төлбөрийг гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарч хууль заасан эрх бүхий этгээдийн тогтоосон хэмжээгээр дээрх хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна ... төлбөр төлөх үүрэг, хэмжээ, хугацааг Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар тогтоодог, харин гэрээгээр харилцан тохиролцож тогтоодоггүй тул гэрээ байгуулаагүйгээс төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, үүргийн талаар мэдэх боломжгүй тул төлбөрөө төлөөгүй гэж үзэх боломжгүй ... газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ...” гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй асуудалд захиргааны байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэл байсан эсэх, төлбөрийн нэхэмжлэхийг мэдээллийн системд оруулсан эсэх, газрын төлбөр төлөх хуульд заасан нөхцөл бүрдсэн эсэх үйл баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй, Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар нэгэнт төлбөр төлөх үүрэг үүссэн учир төлөх ёстой гэх явцуу дүгнэлт хийж, хуулийн урьдчилсан нөхцөл болон Газрын төлбөрийн тухай хуульд 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтийг анхааралгүй, хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн.
5.2.3.“Б” ХХК-ийн хувьд газар ашиглаж эхэлснээс хойш буюу 2013-2021 оны хооронд нэг ч удаа хугацаа хоцроолгүй 105,087,844 төгрөгийн газрын төлбөр төлж ирсэн ба хамгийн сүүлд 2021 онд гэрээ дүгнэж, төлбөрийн үлдэгдэлгүй болох талаар талууд акт үйлдсэн байдаг. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/39 тоот газар ашиглах гэрээнд “Б” ХХК-ийн захирал болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга гарын үсэг зурж баталгаажуулсан боловч захиргааны байгууллагууд гэрээг кадастрын цахим системд бүртгүүлэх, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас газрын төлбөрийн нэхэмжлэхийг мэдээллийн системд оруулаагүй, төлбөр төлөх нөхцөл боломжийг бүрдүүлээгүй бөгөөд 2022, 2023 оны газрын төлбөр төлөхөд үүссэн асуудал нь газар ашиглагч компаниас шалтгаалаагүй. Харин захиргааны байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэл шууд нөлөөлсөн болох нь 3 дугаар хавтаст хэргийн 150 дугаар талд авагдсан Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14/96 дугаар албан бичгээр “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас газар ашиглах гэрээг байгуулж, газрын кадастрын цахим системд бүртгээгүйн улмаас 2022 оны төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй” талаар хэрэгт авагдсан баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
5.2.4.Мөн Газрын төлбөрийн тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан. Хуулийн энэхүү зохицуулалтыг Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2024/0076 дугаар тогтоолоор “... төлбөр төлөх үүрэг хуулиар үүсэх хэдий ч холбогдох байгууллагуудаас төлбөрийн нэхэмжлэхийг мэдээллийн системд оруулсны дараа газрын төлбөр төлөх боломж газар эзэмшигч, ашиглагчид мэдэгдэнэ гэж үзэхээр байна ..., газрын төлбөр төлөгдөх ажиллагаа нь Газрын алба иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газрын төлбөрийг ногдуулж, тодорхой хугацаанд Татварын албанд хүргүүлж, тус албанаас газрын төлбөр ногдуулалтыг газар эзэмшигчид мэдэгдсэний дараа газар эзэмшигчийн хувьд тухайн төлбөрийг төлөх боломжтой болох бөгөөд үүний зэрэгцээ гэрээний талууд жил бүр гэрээний биелэлтээ дүгнэх ёстой ..., Газрын төлбөрийн тухай хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Газрын мэдээллийн нэгдсэн сан болон Татварын удирдлагын нэгдсэн системд 2019-2023 оныг хүртэл газрын төлбөрийн нэхэмжлэх үүсээгүйн улмаас нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөөгүй үйлдэлд захиргааны байгууллагын хоорондын уялдаагүй, буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх учир газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгах боломжгүй юм” хэмээн тайлбарлаж хэрэглэсэн байна.
5.2.5.Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх хуулийг энэхүү тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байх ба харин анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсантай ижил агуулгаар хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Хоёр. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг 2 шатны шүүх зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн тухайд:
5.2.6.Анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг тайлбарлан хэрэглэхдээ “... маргаан бүхий газар нь барилгажаагүй боловч аялал жуулчлалын цогцолборын гадна цахилгаан хангамжийн ажил хийгдсэн, ... цахилгаан дамжуулах байгууламж барьж ашиглалтад оруулсан, худаг гаргуулсан, мод бут тарьсан болох нь тогтоогдов, ... нэхэмжлэгч хуулийн этгээдэд тухайн газрыг ашиглахтай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хөрөнгө оруулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжихээр байна” гэж хуулийг зөв тайлбарлан, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
5.2.7.Харин давж заалдах шатны шүүх “Б” ХХК-ийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж дүгнэхдээ (1) 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгасан хэдий ч үйл ажиллагаагаа явуулаагүй байхад хариуцагч газар ашиглах эрхийг нь цуцалсан учир түүнийг буруутгах үндэслэлгүй, (2) бодитоор газар ашиглах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй, (3) цахилгаан дамжуулах байгууламж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ авахаас өмнө буюу 2010 онд баригдсан байсан, (4) газар ашиглах бэлтгэл ажлыг 10 жилийн хугацаанд хийснийг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэхгүй гэж дүгнэсэн.
5.2.8.Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж, дүгнэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, (1) “Б” ХХК-ийн хувьд анх 2013 онд маргаан бүхий газарт 9.1 га газар ашиглах эрх үүссэн бөгөөд үүнийг 2015 онд 2 га-гаар нэмэгдүүлж 11.1 га болгосон. Улмаар хамгаалалтын захиргаанаас хамаарч 2017 онд буюу 2 жилийн дараа “Газар ашиглах гэрээ” байгуулсан. Ингээд 2021 онд газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгуулж улмаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” 2022/39 тоот гэрээг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын газар ашиглах эрхийг цуцлах тухай тушаал 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гарсан ба “2021 онд газар ашиглах эрхийг сунгаснаас хойш 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргаж мэтгэлцсэн. Нэхэмжлэгч нь 2021 оноос хойш тухайн газар дээр мод тарьсан, хашаа барьсан үйл баримтыг тогтоох нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй, мөн цахилгаан дамжуулах байгууламжийг 2010 онд буюу нэхэмжлэгч газар ашиглах эрх авахаас өмнө байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу болсон.
5.2.9.Учир нь энэ үйл баримтыг талаар маргаангүй хэдий ч давж заалдах шатны шүүх газар ашиглах эрхийг цуцлахад тухайн үйл баримт ямар ач холбогдолтой талаар үндэслэлээ тайлбарлаагүй. Харин энэ талаар анхан шатны шүүх нэгэнт нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газар дээр баригдсан зүйлүүд хууль ёсны дагуу хийгдсэн учир хамгаалагдах ёстой талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
5.2.10.Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийн хугацааг тоолно гэж, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2022/0023 дугаар тогтоолд “... 21.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жилийн хугацаа”-г энэ тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/519 дүгээр тушаалаар “Н ш” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэрийг эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан шийдвэр гэж үзэж, уг хугацаанаас эхлэн тооцно ...” гэж тус тус тайлбарлажээ.
5.2.11.Тодруулбал нэхэмжлэгч нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа нарын хооронд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” 2022/39 тоот гэрээг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Гэрээ байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс үзвэл 2 жилийн хугацаа болоогүй байхад 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тушаал гаргаж, газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариулсан хариултаар 2021 онд газар ашиглах эрхийг сунгасан үйл явдлаас хойш 2 жил дараалан ашиглаагүй гэдэг. Тэгвэл 2021 онд газар ашиглах эрхийг сунгаж, 2022 онд гэрээ байгуулсан үйл баримтаас үзэхэд “2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн хугацааг тоолохоор тайлбарласан. Өөрөөр хэлбэл, 2022 онд газар ашиглах гэрээ байгуулагдсан үеэс хариуцагчийн тушаал гарсан 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаа нь 2 жил хүрэхгүй буюу болоогүй байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс 2 ашиглаагүй үйл баримтыг хэрхэн тодорхойлсон талаар тайлбарласан бөгөөд хуульд тодорхой заасан байтал давж заалдах шатны шүүх 2021 онд газар ашиглах эрхийг сунгасан үйл явдлаас хойш 2 жил ашигласан эсэхийг хяналгүй, эрх хэмжээгээ хэтрүүлж 2021 оноос өмнөх оныг тооцвол нийт 10 жил газраа ашиглаагүй байна гэх байдлаар бүх хугацааг хамруулж үзсэн нь үндэслэлгүй.
5.2.12.Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2021 онд сунгасан хугацаанаас хойш 2022 оны 02 сарыг хүртэл 1 жил гаруй хугацаанд дэлхий нийтээр Ковид-19 цар тахал тархсаны улмаас улс даяар тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байсан нийтэд илэрхий үйл баримтыг хариуцагч анхаараагүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй хууль бус тушаал гаргасан байх атал давж заалдах шатны шүүх хуулийг Монгол Улсын дээд шүүхийн дээрх тогтоол, албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу бөгөөд анхан шатны шүүх “... Ковид-19 цар тахал нь нэхэмжлэгчээс өөрөөс нь хамаарах шалтгаан биш учир “хүндэтгэн үзэх шалтгаан”-нд хамаарна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч М.Б, Д.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2024/0064 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
9.Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4-ийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус баримтлан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ... бүсэд “Б” ХХК-д ашиглуулахаар олгосон нийт 11.1 га газрын ашиглах эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
10.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-352 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ... бүсэд 9.1 га газрыг “Б” ХХК-д 5 жилийн хугацаатай ашиглуулах зөвшөөрөл олгож, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон; Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар 2.0 га газрыг 5 жилийн хугацаатай нэмж олгосон, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглах тухай гэрээ байгуулсан; Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар дээрх 11.1 га газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд уг шийдвэрийг үндэслэн өмнөх 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад газар ашиглах эрхийн хугацааг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан тэмдэглэгээг хийсэн; улмаар 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2022/39 тоот тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах гэрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал нар гарын үсэг зурсан, бусад эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй байна.
Нэг.Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тухайд:
11.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус газрын төлбөрийн талаар зохицуулжээ.
12.Түүнчлэн, Газрын төлбөрийн тухай хуулийн (өөрчлөн найруулсан) 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага (албан тушаалтан) энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэжээ.
13.Дээрх зохицуулалтын дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын ашиглалтын тухайн жилд ногдох газрын төлбөрийг ногдуулж, Татварын албанд хүргүүлэх бөгөөд Татварын албанаас тухайн ногдуулалтын талаарх мэдээллийг нэхэмжлэгчид цахимаар, эсхүл бусад арга хэрэгслээр мэдэгдэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл, төлбөр төлөх үүрэг хуулиар үүсэх хэдий ч холбогдох байгууллагуудаас төлбөрийн нэхэмжлэхийг мэдээллийн системд оруулсны дараа газрын төлбөр төлөх боломж газар эзэмшигч, ашиглагчид нээгдэнэ гэж үзэхээр байна[1].
14.Хэрэгт авагдсан, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14/55 дугаар албан бичгээр ирүүлсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, тус албаны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14/137 дугаар албан бичигт “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/11 дүгээр тушаалаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гэрчилгээг сунгасан байна. Тус сунгалтын хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь танай байгууллагатай газар ашиглах гэрээ байгуулаагүйн улмаас манай албаны зүгээс газрын төлбөрийн нэхэмжлэх, ногдуулалт үүсгээгүй байна” гэж; Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 363 дугаар албан бичигт “... Хамгаалалтын захиргаа “Б” ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2022/39 тоот “Тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах гэрээ” байгуулсан боловч гэрээгээ ирж аваагүй, /01113-22-00037-18/ өргөдлийн дугаартай /1260710039/ нэгж талбарын газрын кадастрын нэгдсэн системд бүртгэгдсэн ...” гэсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК нь 2020-2021 онд газрын төлбөрт нийт 22,625,844 төгрөг төлж, 2021 оны 12 дугаар 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан бол харин 2022, 2023 оны газрын төлбөр төлөөгүй, энэхүү асуудалд нэхэмжлэгчийн гэхээсээ захиргааны байгууллагын буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.
15.Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2022-2023 оныг хүртэл газрын төлбөрийн мэдээллийг Газрын мэдээллийн нэгдсэн сан болон Татварын удирдлагын нэгдсэн системд оруулаагүй, үүний улмаас нэхэмжлэх үүсгээгүй, гурван талт гэрээг байгуулан гэрээний талууд жил бүр гэрээний биелэлтээ дүгнэх ёстой боловч тухайн тохиолдолд ийм үйл ажиллагаа явагдаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна.
16.Иймээс анхан шатны шүүхийн “... газар ашиглагчаас газрын төлбөр төлөөгүй нь газар ашиглагчаас үл хамаарсан байх тул энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байжээ, ... Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтын дагуу тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үүргийг төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, 2022/39 тоот гэрээнд “Б” ХХК-ийн захирал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байхад хариуцагч нь ... газар ашиглах 2015/618 тоот гэрчилгээний хавсралтад газар ашиглах эрхийн сунгалт хийгдсэн талаарх тэмдэглэгээг хийж гэрчилгээг нэхэмжлэгчид гардуулсан атлаа гэрээг баталгаажуулаагүй (... яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга батлаагүй) байх тул газрын төлбөр төлөгдөөгүйд нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгах боломжгүй, ... Зүй нь газар ашиглах эрх олгосон шийдвэр гарсан бөгөөд газар ашиглагчаас гэрээнд гарын үсэг зурж хүргүүлсэн тохиолдолд хамгаалалтын захиргаа гэрээг байгуулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлэхээр, ингэснээр яамны эрх бүхий албан тушаалтан гэрээг баталгаажуулж гэрчилгээг олгох, улмаар улсын бүртгэлд бүртгэхээр хуульчилсан, үүний дараа газар ашиглагч нь газрын төлбөр төлөлтөд хяналт тавих үүрэг бүхий газрын албанд гэрээг бүртгүүлэх, газрын албанаас төлбөрийн ногдуулалт үүсгэхээр байх тул ...” гэсэн дүгнэлт зөв байна.
17.Харин давж заалдах шатны шүүх “... хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаснаар газар ашиглах эрхээ үргэлжлүүлэн эдлэх боломжтой болсон байна. Харин 2022 оны гэрээнд Налайх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, эрх бүхий этгээд баталгаажуулаагүй байх бөгөөд газрын төлбөр төлөхөд гэрээ байгуулагдаагүй асуудалд хэн буруутайг тогтоох нь төдийлөн ач холбогдолгүй байна, ... Өөрөөр хэлбэл төлбөр төлөх үүрэг, хэмжээ, хугацааг Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар тогтоодог, харин гэрээгээр харилцан тохиролцож тогтоодоггүй тул гэрээ байгуулаагүйгээс төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, үүргийн талаар мэдэх боломжгүй тул “төлбөрөө төлөөгүй” гэж үзэх боломжгүй юм, ... Иймд нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацааг сунгаж газар ашиглах эрхийг үргэлжлүүлэн эдэлсэн атлаа 2022, 2023 онд газрын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэж үзэж гаргасан маргаан бүхий актыг хууль зөрчсөн гэж үзэхгүй, ...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь дээрх өөрчлөн найруулсан хуулийн зохицуулалтад нийцээгүй.
18.Нэхэмжлэгч “Б” ХХК нь Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар 2022, 2023 оны газрын төлбөрийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Хоёр.Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
19.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан; мөн хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
20.Хуулийн дээрх зохицуулалт болон Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг “ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгоход ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй” ба “гэрээнд заасан зориулалтын дагуу дараалсан 2 жил” гэх хоёр нөхцөлийг зэрэг хангасан байхыг шаардах (нийлмэл гипотез) бөгөөд захиргаа шийдвэр гаргахын өмнө эдгээр нөхцөлийг бүрэн судалж тогтоох учиртай; нэхэмжлэгчийн хувьд энэхүү нөхцөлүүд хангагдаагүй учир зөрчил гаргасан гэж үзэхгүй.
21.Тодруулбал, нэгдүгээрт, өмнө дурдсанчлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар дээрх 11.1 га газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад газар ашиглах эрхийн хугацааг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан тэмдэглэгээг хийсэн боловч 2022/39 тоот тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах гэрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурснаар байгуулагдсан гэж үзэхээр байна. Тиймээс маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/524 дүгээр тушаал гарсан 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байжээ.
22.Хоёрдугаарт, нэхэмжлэгч “Б” ХХК нь төслийн хүрээнд 2023 онд “Э ц ” ХХК-тай мод худалдах, худалдан авах, зөвлөх үйлчилгээний гэрээг, “Т у х” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг, 2022 онд “Б т” ХХК-тай бараа нийлүүлэх гэрээг, “Х б э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, аялал жуулчлалын цогцолборын гадна цахилгаан хангамжийн ажил хийлгүүлж, КТПН 250кВА-ын цахилгаан дамжуулах байгууламж барьж ашиглалтад оруулсан, худаг гаргуулсан, мод бут тарьсан зэрэг тодорхой үйл ажиллагаа явуулж байснаас гадна “...” төслийн тайланг боловсруулсан, тус газартаа барилга барихаар гаргасан хүсэлтэд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 03/3594 дугаартай албан бичгээр “... Тэрэлж тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах шатанд байгаатай холбоотойгоор ... түр хугацаанд архитектур төлөвлөлтийн даалгавар олгох боломжгүй ...” гэж мэдэгдсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдээс тухайн газрыг ашиглахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
23.Мөн үүний зэрэгцээ “Б” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгасан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаал гарсан үе нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан үетэй давхацсан, энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна[2].
24.Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлаж, “... тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэхээр байхад хариуцагчаас маргаан бүхий А/524 дүгээр шийдвэрийг гаргасан нь уг акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр болжээ ...” гэж зөв дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх “... Хэдийгээр 2013 онд газар ашиглах эрх авснаас хойш Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ, Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Зөвлөх үйлчилгээний гэрээ, Мод худалдах, худалдан авах гэрээ, Мод тарих зүлэгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Бараа нийлүүлэх гэрээ, “...” зочид буудал амралтын цогцолборын эскиз зураг, “...” төслийн тайлан зэргийг хийсэн боловч бодитоор газар ашиглах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй байна. ... Хариуцагч нь газар ашиглах 5 жилийн хугацаа дуусахад зориулалтын дагуу ашиглаагүй байсан ч эдгээр нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар /ковидын үед/ газар ашиглах эрхийг сунгаж, боломж олгосон боловч маргаан бүхий акт 2023 оны 9 сард гаргах хүртэл мөн л бэлтгэл ажил буюу дэд бүтэц, мод тарих ажил хийж, газар ашиглах үндсэн зориулалт буюу аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлээгүй” байх тул Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл үүссэн гэж үзэж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй ...” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
25.Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... 2022 онд газар ашиглах гэрээ байгуулагдсан үеэс хариуцагчийн тушаал гарсан 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаа нь 2 жил хүрэхгүй буюу болоогүй байдаг, ... давж заалдах шатны шүүх 2021 онд газар ашиглах эрхийг сунгасан үйл явдлаас хойш 2 жил ашигласан эсэхийг хяналгүй, эрх хэмжээгээ хэтрүүлж 2021 оноос өмнөх оныг тооцвол нийт 10 жил газраа ашиглаагүй байна гэх байдлаар бүх хугацааг хамруулж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2021 онд сунгасан хугацаанаас хойш 2022 оны 02 сарыг хүртэл 1 жил гаруй хугацаанд дэлхий нийтээр Ковид-19 цар тахал тархсаны улмаас улс даяар тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байсан нийтэд илэрхий үйл баримтыг хариуцагч анхаараагүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй хууль бус тушаал гаргасан байх атал давж заалдах шатны шүүх хуулийг Монгол Улсын дээд шүүхийн дээрх тогтоол, албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу ...” гэсэн агуулга бүхий хяналтын гомдлыг хүлээн авах нь зүйтэй.
26.Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2024/0717 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч М.Б, Д.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ