Шүүгчийн нэр | Н.Батзориг |
Шийдвэрийн огноо | 2025.02.18 |
Шийдвэрийн дугаар | 001/ХТ2025/00039 |
Хэргийн индекс | 181/2023/02523/и |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах гэрээ |
Хуулийн зүйл, заалт | Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг |
Шийдвэрлэсэн байдал | Магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.09.25, дугаар: 181/ШШ2024/03531 |
Анхан шатны шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2024.12.11, дугаар: 204/МА2024/02145 |
Давж заалдах шатны шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
“МТС” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/03531 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204/МА2024/02145 дугаар магадлалтай,
“МТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй
С.З-д холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.З, түүний өмгөөлөгч Б.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Б, Н.Б, хариуцагч С.З, түүний өмгөөлөгч Б.Г, А.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “МТС” ХХК хариуцагч С.З-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, О зам, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 92.18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/03531 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.З-ийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, О зам, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 92.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг нэхэмжлэгч “МТС” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.З-ийг албадан гаргуулж, орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “МТС” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ “МТС”” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,735,244 төгрөг, хариуцагч С.З-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,805,444 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МТС” ХХК-аас 1,805,444 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.З-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2024/02145 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/03531 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, О зам, 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин байх, 92.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг С.З-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “МТС” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, О зам, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 92.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай С.З-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын “нэхэмжлэгч “МТС” ХХК-аас 1,805,444 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.З-д олгосугай.” гэснийг “С.З-гээс улсын тэмдэгтийн хураамжид 1,735,244 төгрөг гаргуулж “МТС” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “МТС” ХХК-аас төлсөн 1,805,444 төгрөгийг, гуравдагч этгээд М.О-гоос төлсөн 1,805,444 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч С.З болон түүний өмгөөлөгч Б.Г нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.11-ний өдрийн 210/МА2024/02145 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
4.1.С.З нь “МТС” ХХК-тай 2008.08.26-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээнд тус компанийн захирал Б.Б, борлуулалтын менежер Ц.О нар гарын үсэг зурсан. Мөн 2008.08.26-ны өдөр хийгдсэн Орон сууц захиалан бариулах гэрээнд захирал Б.Б, борлуулалтын менежер Ц.О тэмдэглэгдсэн байсан ба тус гэрээг С.З боловсруулаагүй. “МТС” ХХК боловсруулсан. С.З Б.Б-г тус компанийн захирал гэж ойлгосон. Улмаар С.З гэрээний үнийг “МТС” ХХК-ийн захирал Б.Б болон борлуулалтын менежер Ц.О нараар дамжуулан төлж дуусгасан.
Ц.О нь 2008.05.12-ны өдрөөс “МТС” ХХК-ийн захирлаар бүртгэгдсэн атлаа С.З-тэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд захирал Б.Б, борлуулалтын менежер Ц.О гэж бичигдсэнийг өөрөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл нь Б.Б тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэх ойлголтыг төрүүлсэн (үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн) болохыг нотолдог. Учир нь; “МТС” ХХК-ийн захирал Ц.О нь 2008.08.26-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг С.З-тэй байгуулсан, тус гэрээ хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийг анхан шатны шүүхээс зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Мөн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.7 дахь хэсэгт заасан агуулгын хүрээнд Ц.О нь гэрээ байгуулагдах үед “МТС” ХХК-ийн захирал болох тухай, эсхүл Б.Б нь тус компанийг төлөөлөх эрхгүй болохыг хожим мэдэгдэх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, “МТС” ХХК-ийн захирал Ц.О нь Б.Б-г тус компанийн захирал гэх нөхцөлийг бүрдүүлсэн байхад С.З Б.Б-г тус компанийн захирал биш болохыг мэдэх боломжгүй.
С.З Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 14252, О зам, 00 дугаар байрны 00 тоот орон сууцыг 2010.12.28-ны өдөр “МТС” ХХК-аас хүлээн авч өнөөдрийг хүртэл буюу 14 жил гаруйн хугацаанд тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж, амьдарч байна. Хэрэв С.З 2008.08.26-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээний үнийг төлөөгүй буюу “МТС” ХХК нь гэрээний үнийг хүлээн аваагүй байсан бол 13 жилийн хугацаанд орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахгүй байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээний үнийг шаардах боломжтой байсан.
Гэтэл “МТС” ХХК нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх дууссан буюу 13 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй ба ийнхүү 13 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь С.З гэрээний үнийг төлөх үүргээ биелүүлсэн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн үйл баримт юм.
Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхдээ “МТС” ХХК 2011.01.24-ний өдөр шаардах хуудас гэх баримтаар 70,258 ам.долларын үлдэгдэл төлөх хугацааг тогтоож, 2011.06.27-ны өдөр алданги тооцох мэдэгдлийг тус тус С.З-д хүргүүлсэн. 2011.07.24-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагч С.З-д хүргүүлэхэд мэдэгдэл хүлээн авсан этгээд С.З-тэй өөртэй нь харьцана уу гэсэн тэмдэглэлийг мэдэгдэл хийжээ. Иймд гэрээ цуцлах мэдэгдлийг С.З-д зохих ёсоор хүргүүлсэн гэж дүгнэхгүй гэжээ. Тэгвэл “МТС” ХХК нь өөрийн эрх ашиг сонирхол 2011.01.24-ний өдөр зөрчигдөж буйг мэдсэн гэх үйл баримт хөтөлбөргүй нотлох баримтаар тогтоогдох бөгөөд үүнээс хойш гэрээнээс татгалзах хүртэлх хугацаа буюу 2022.07.19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 жил өнгөрсөн буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтгүйгээр миний үйлчлүүлэгчийг олон жил гадаад улсад амьдарч байсан мэтээр тайлбарлаж, мөн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг баримтлалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад огт нийцэхгүй гэж үзэж байна.
Учир нь миний үйлчлүүлэгчийг гадаад улсад ажиллаж амьдарсан гэж үзэж байгаа бол хэзээнээс хэдний хугацаанд хаана ямар улсад ажиллаж, амьдарч байсан талаар нотлох баримт байхгүйгээр ийм дүгнэлт хийсэн нь хэргийг хэт нэг талыг барьж хянан шийдвэрлэсний илэрхийлэл болсон.
Ийнхүү давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй хийсвэр дүгнэлтийг хийсний улмаас Иргэний хуулийн 75.1, 75.2.1 дэх хэсгийг хэрэглэлгүй орхигдуулсан.
Давж заалдах шатны шүүх С.З-ийг 2008.08.26-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээний 4.1-д заасан “Голомт банк” ХК-ийн дансанд гэрээний үнийг шилжүүлээгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь; С.З гэрээний үнийг “МТС” ХХК-ийн захирал Б.Б, борлуулалтын менежер Ц.О нарын хэн алинд нь бэлнээр төлж байсан ба эдгээр этгээдүүд бэлнээр хүлээн авч байсан талаараа маргаагүй. Энэ тохиолдолд гэрээний үнийг “Голомт банк” ХК-ийн дансанд шилжүүлээгүй хэмээн хариуцагчийг буруутгасан нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байна. Гэвч “МТС” ХХК-ийн зөвшөөрч буй 21,000 ам.долларыг тухайн дансанд төлөөгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв мэтээр тайлбарлаж дүгнэлт хийсэн. 2008.08.26-ны өдөр байгуулагдсан Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ мөн. Харин гэрээний үүргээ төлөөлөх эрх бүхий этгээдийн өмнө шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байна. Энэ талаар гэрч Б.Б-гийн мэдүүлэг, түүнд төлбөр төлсөн баримтын дүнг харилцан тооцож, тогтоосон акт, “МТС” ХХК-ийн 21,000 ам.доллар хүлээн авсан талаарх мэдэгдэл, талууд уг гэрээг дүгнэж 2011.12.21-ний өдрийн орон сууц хүлээн авсан, захиалагчтай тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн баримтаар нотлогдсон.
“МТС” ХХК 2011.01.24-ний өдөр шаардах хуудас гэх баримтаар 70,258 ам.долларын үлдэгдэл төлөх хугацааг тогтоож байсан боловч 2011.12.21-ний өдөр талууд харилцан тооцоо нийлж 49/71/2011 дугаартай орон сууц хүлээн авсан, захиалагчтай тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Тухайн үед “МТС” ХХК нь төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг хүлээн зөвшөөрч, баримт үйлдсэнийг шүүх анхаараагүй. Энэ талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээний 7.2-т заасны дагуу гэрээ дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж ойлгоно.
4.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно.” гэж заасан ба гэрч Б.Б нь маргааны үйл баримтыг мэдэж буй этгээд юм. Тухайлбал, гэрч Б.Б нь “МТС” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, 2008.08.26-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнд Ц.О-гийн хүлээн зөвшөөрснөөр гүйцэтгэх захирлын хувиар гарын үсэг зурсан, С.З-ээс гэрээний үнийн зарим хэсгийг авсан бөгөөд орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн талаар мэдүүлсэн. Анхан шатны шүүх гэрч Б.Б-гийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлсэн нь мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт нийцсэн.
Гэтэл давж заалдах шатны шүүх гэрч Б.Б-гийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн өрөөсгөл дүгнэлт хийжээ. Тухайлбал, давж заалдах шатны шүүх гэрч Б.Б-г гэрээний үнийг хүлээн авах эрхгүй дүгнэсэн нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бус, харин гэрээний үнэ бүрэн төлөгдсөн эсэх, компанийг төлөөлөх эрхтэй гэх нөхцөлийг бүрдүүлсэн эсэх, гэрээний үнийг С.З-ээс хүлээн авсан эсэх нь маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн давж заалдах шатны шүүх гэрч Б.Б-гийн мэдүүлгийг “МТС” ХХК-д хамааралгүй (хувьцаагаа худалдсан) гэсэн нь үндэслэлгүй ба хувьцаагаа худалдсан үйл баримт нь гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл болохгүй.
Нөгөөтэйгүүр, С.З орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Гэвч маргаан бүхий орон сууц “МТС” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, улмаар гуравдагч этгээдэд барьцаалагдсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн юм. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх буюу чиглүүлэх үүрэгтэй байсан гэж үзэж байна.
Дээр дурдсанчлан, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу зөрүүтэй хэрэглэсний улмаас С.З орон сууцны үнийг төлж 15 жил амьдарч буй орон сууцаа чөлөөлөх, өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Мөн “МТС” ХХК буюу Ц.О нь Б.Б-г гүйцэтгэх захирал хэмээх ойлголтыг бүрдүүлж 73,594 ам.долларыг төлүүлсэн атлаа орон сууцыг буцаан шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.11-ний өдрийн 210/МА2024/02145 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.26-ны өдрийн 181/ШШ2024/03531 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү.
5.Хариуцагч С.З болон түүний өмгөөлөгч Б.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.02.06-ны өдрийн 001/ШХТ2025/00146 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагч С.З болон түүний өмгөөлөгч Б.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч “МТС” ХХК хариуцагч С.З-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, О зам, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 92.18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан, үндэслэлээ; “...талуудын хооронд 2008.08.26-ны өдрийн 18 дугаартай Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр 3 өрөө орон сууцыг 91,258 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон боловч 21,000 ам.долларыг төлж өнөөдрийг хүртэл үлдэх 70,258 ам.долларыг бүрэн төлөхгүй байх тул орон сууцыг чөлөөлөх ёстой...” гэсэн үндэслэл заасан;
Хариуцагч С.З нь тухайн орон сууцны төлбөр 73,594 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гээд уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ; маргаан бүхий орон сууцны үнийг тус компанийн захирал Б.Б-д 52,594 долларыг бэлнээр болон дансаар төлсөн, үлдэх 21,000 ам.долларыг Ц.О-д төлснөөр гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, 2010 оноос хойш одоог хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа, тогтмол зардлыг төлдөг тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарласан,
Нэхэмжлэгч “МТС” ХХК нь маргаан бүхий орон сууцны төлбөр дутуу, үлдэгдэл төлбөрийг хүлээн авсан Б.Б нь тус компанид хамааралгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.О нь Ц.О-той зээлийн гэрээ байгуулж, барьцаанд нь маргааны зүйл болох “МТС” ХХК-ийн орон сууцыг барьцаалсан, шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг хангахыг дэмжсэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргаж оролцсон.
8.Анхан шатны шүүх хариуцагч С.З-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “МТС” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...хариуцагч С.З маргаан бүхий орон сууцны үлдэгдэл 52,655 ам.долларыг “МТС” ХХК-ийн захирал Б.Б т төлсөн, 1 м.кв талбайн хэмжээг бууруулан тооцсон, тооцоо нийлж дууссан болох нь төлбөр хүлээн авсан баримт, 2021.12.21-ний өдрийн 49/71/2011 тоот Орон сууц хүлээн авсан, захиалагчтай тооцоо нийлсэн акт, гэрч Б.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар Ц.О нь гэрээ байгуулах үед “МТС” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан боловч Б.Б ийг гүйцэтгэх захирал, өөрийгөө борлуулалтын менежер гэж С.З-д ойлголт төрүүлсний улмаас С.З нь Б.Б, Ц.О нарт орон сууцны үнийг төлснийг буруутгахгүй, орон сууцны үнийг бүрэн төлөөгүй гэх нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй тул хариуцагч С.З-ийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх үүссэн, шаардах эрхтэй, хариуцагч нь гэрээний дагуу орон сууцны үнийг төлсөн, орон сууцыг эзэмшиж байгаа тул мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигч ...” гэж дүгнэсэн.
9.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж, 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ;
“...Ц.О-г компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2008.05.12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэснээс дүгнэвэл Б.Б, С.З-ээс төлсөн 52,594 ам.долларыг компанийн нэрийн өмнөөс хүлээн авах эрхгүй, гэрээнд компанийн Голомт банкин дахь дансанд төлөх үүрэгтэй гэж тохиролцсоны дагуу үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, “МТС” ХХК-аас 2022.07.19, 2022.11.14, 2023.07.05-ны өдрүүдэд тус тус хариуцагчид гэрээнээс татгалзсан тухай 3 удаа мэдэгдэл хүргүүлсэн, хариуцагч мэдэгдэлд заасан төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй тул “МТС” ХХК нь Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, энэ эрхээ зөв хэрэгжүүлжээ, худалдагч тал гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болсон учир маргаан бүхий орон сууцыг эзэмшиж буй С.З-ийн эзэмшил хууль бус, хариуцагч нь гадаадад удаан хугацаагаар оршин сууж байсан тул гэрээнээс татгалзах эрхээ түүнийг Монгол Улсад ирсэн хугацаанаас эхэлж хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй, өмчлөгч нь уг орон сууцыг С.З-ийн хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй...” гэсэн дүгнэлт хийсэн.
10.Дээрх байдлаар хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөрүүтэй дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар хариуцагч талын гаргасан гомдлын дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.
11.Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч “МТС” ХХК, хариуцагч С.З нарын хооронд 2008.08.26-ны өдөр 18 дугаартай Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “МТС” ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, О зам, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 92.18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалагч С.З-д хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнэ 91,258 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон, орон сууцыг 2010.12.28-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа, хариуцагч нь 21,000 ам.долларыг төлсөн үйл баримт тогтоогдсон.
Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээнд “МТС” ХХК-ийг төлөөлж борлуулалтын менежер гэж Ц.О гарын үсэг зурсан байх боловч Ц.О нь уг гэрээ байгуулах үед тус компанийн гүйцэтгэх захирал байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.
12.Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ “Орон сууцны байр захиалгаар бариулах” гэж нэрлэгдсэн боловч энэхүү гэрээгээр бий болох орон сууц нь бүтэц, давхрын байрлал, өрөөний тоо, талбайн хэмжээг тодорхойлсон, урьдчилан батлагдсан зураг төслийн дагуу баригдаж, нийтэд санал болгодог тул ажлын үр дүн нь төрлийн шинжээр тодорхойлогдож байгаа болохоор ердийн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтаар бус харин худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэдэг.
Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчлэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт зохицуулсан.
Иймд хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
13.Талууд дээрх байдлаар гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин орон сууцны үнийг хариуцагч бүрэн төлсөн эсэх, нэхэмжлэгч гэрээг цуцлах үндэслэл бий болсон эсэх талаар маргажээ.
14.Анхан шатны шүүх хариуцагч С.З “МТС” ХХК-ийн захирлаар өмнө нь 2008.05.12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан гэрч Б.Б-д 2009-2011 онд 52,594 ам.долларыг орон сууцны үнэд төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус нийцээгүй байхаас гадна нэхэмжлэгч гэрээг цуцлах мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль заасан журмын дагуу үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
15.Хариуцагч С.З нь “МТС” ХХК-ийн захирал Б.Б-д 52,594 ам.доллар хүлээлгэн өгсөн гэж, нотлох баримтаар 2023.06.23-ны өдөр С.З болон Б.Б нарын хооронд хийгдсэн Төлбөр хүлээн авсан баримтыг гаргаж өгч, гэрч Б.Б-гээс мэдүүлэг авахуулсан байх боловч эдгээр нотлох баримтаар орон сууцны үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
16.Гэрч Б.Б нь шүүх хуралдаанд “...С.З-ээс төлж байсан бүх мөнгө “МТС” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. ... байрны төлбөрийг бүрэн төлсөн би үүнийг батална...” гэж мэдүүлсэн байх боловч түүний мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхаас гадна Б.Б нь Ц.О-той 2008.05.12-ны өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Ц.О-г “МТС” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр мөн өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн байх тул тэрээр компанийг төлөөлж бусадтай гэрээ хэлцэл байгуулах, төлбөр хүлээн авах эрхгүй байна.
17.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдаатай дүгнэлтийг залруулсан, С.З нь гэрээнд заасны дагуу “МТС” ХХК-ийн Голомт банкин дахь 1601424450 дансанд төлөх үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд “....гэрээнд тус компанийн захирал Б.Б гарын үсэг зурсан, С.З гэрээний үнийг “МТС” ХХК-ийн захирал Б.Б болон борлуулалтын менежер Ц.О нараар дамжуулан төлж дуусгасан...” гэсэн хариуцагчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Б.Б нь гэрээнд гарын үсэг зураагүй тул т үүнийг “М” ХХК-ийн захирал гэж ойлгох үндэслэл хариуцагчид байсан гэж үзэх үндэслэлгүй болно.
18.Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр төлбөр төлөх хуваарийг 2008-2009 оны хооронд тохиролцсон нь урт хугацааны гэрээнд хамаарах тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамаарна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 221.5 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж, гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
19.Хэргийн баримтаас үзвэл, “МТС” ХХК 2011.01.24-ний өдөр “Шаардах хуудас” гэх баримтаар 70,258 ам.долларын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг тогтоосон, 2011.06.27-ны өдөр “Алданги тооцох” мэдэгдэл, 2011.07.24-ний өдөр “Гэрээ цуцлах” мэдэгдэл зэргийг тус тус маргаан бүхий орон сууцны хаягаар хариуцагч С.З-д хүргүүлснийг 49 тоотод оршин суугч хүлээн авч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байгаагаас үзэхэд хариуцагч С.З нь орон сууцны үнийн үлдэх төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч шаардсан хэдий ч үр дүн гараагүй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Мөн хариуцагч С.З нь гадаадад удаан хугацаагаар оршин сууж байсан талаар хэн аль нь тайлбар гаргасан тул гэрээнээс татгалзах эрхээ түүнийг Монгол Улсад ирсэн хугацаанаас эхэлж хэрэгжүүлсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
20.Нэхэмжлэгч “МТС” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга нь хариуцагч С.З-ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр бус харин мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах-худалдан авах гэрээг цуцалсны үр дагаварт 00 тоот орон сууцны эзэмшлийг буцаан шаардсан агуулгатай байх тул энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдлийг хэвээр үлдээв.
21.Хариуцагч С.З орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн магадлалын талаар энэ тогтоолын 14-т дүгнэсэн тул шаардах эрхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн дүгнэлт хийжээ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, хариуцагч С.З, түүний өмгөөлөгч Б.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204/МА2024/02145 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэснийг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч С.З, түүний өмгөөлөгч Б.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.З 1,805,444 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Х.ЭРДЭНЭСУВД
Д.ЦОЛМОН