Шүүгчийн нэр | Н.Батзориг |
Шийдвэрийн огноо | 2025.02.04 |
Шийдвэрийн дугаар | 001/ХТ2025/00028 |
Хэргийн индекс | 183/2020/04521и |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах гэрээ |
Хуулийн зүйл, заалт | Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт |
Шийдвэрлэсэн байдал | Магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.08.29, дугаар: 104/ШШ2024/00451 |
Анхан шатны шүүх | Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2024.11.11, дугаар: 210/МА2024/001977 |
Давж заалдах шатны шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
“АО ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 104/ШШ2024/00451 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2024/001977 дугаар магадлалтай,
“АО” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“БХ” ХХК, Б.М, Г.Э нарт холбогдох
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, А хотхон, 44б байрны 000, 001, 002, тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 33,676,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, А хотхон, 44б байрны 000, 001, 002, тоот орон сууцны өмчлөгчөөр Б.М, Г.Э нарыг тогтоолгох, “АО ” ХХК-аас 583,335,506 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “БХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Р.П-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, түүний өмгөөлөгч С.Б, хариуцагч “БХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
1.Нэхэмжлэгч “АО” ХХК нь хариуцагч “БХ” ХХК, Б.М, Г.Э нарт холбогдуулан маргаан бүхий 000, 001, 002 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 33,676,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан,
Хариуцагч нар дээрх шаардлагыг эс зөвшөөрч, эдгээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүрэгт ус дулааны төлбөр, ашиглалтын зардал, алданги нийт 583,335,506 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.
2.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 104/ШШ2024/00451 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, А хотхоны 44б байрны 000, 001, 002 тоот орон сууцуудыг хариуцагч Б.М, Г.Э, “БХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч “АО” ХХК-д олгож, хариуцагч нараас 33,676,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууцны үнэд төлсөн 129,580,879 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагч Б.М, Г.Э нарт олгож,
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М, Г.Э, “БХ” ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, А хотхоны 44б байрны 000, 001, 002 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч “АО” ХХК-аас ашиглалтын төлбөрийн үлдэгдэл төлбөрт 388,890,337 төгрөг, алданги 194,445,169 төгрөг, нийт 583,335,506 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,683 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,058,828 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 625,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2024/001977 дугаар магадлалаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.29-ний өдрийн 104/ШШ2024/00451 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М ын эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, А хотхоны 44б байрны 001 тоот хаяг оршин байх 3 өрөө орон сууцыг, хариуцагч Г.Э-гийн эзэмшлээс Ү-* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, А хотхоны 44б байрны 000 тоот хаягт оршин байх 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, А хотхоны 44б байрны 002 тоот хаяг байрлах 2 өрөө орон сууцыг тус тус гаргуулж нэхэмжлэгч “АО” ХХК-д олгож, хариуцагч “БХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс мөн хаягт оршин байрлах 000, 001, 002 тоот орон сууцыг чөлөөлж “АО” ХХК-аас 56,616,963 төгрөг гаргуулж Б.М-д, 72,696,916 төгрөгийг гаргуулж Г.Э-д тус тус олгож, нэхэмжлэлээс хариуцагч “БХ” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 33,676,500 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “АО” ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, А хотхоны 44б байрны 000, 001, 002 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Б.М , Г.Э нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж,
3 дахь заалтыг нэмж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “АО” ХХК-д холбогдох ашиглалтын зардал, алдангид 583,335,506 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “БХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж оруулж,
3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан өөрчилж, хариуцагч Б.М, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Р.П нар Нийслэлийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.11.11-ний өдрийн 210/МА2024/001977 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн төдийгүй давж заалдах шатны шүүх талууд тооцоо нийлсэн үед хэн алиндаа төлөх төлбөрийг харилцан тооцож байсан гэж дүгнэхээр боловч тэдний хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөх нөхцөлийг өөрчилсөн хэлцэл хийгдсэн гэж дүгнэхгүй юм. Учир нь: гэрээний төлбөр төлөх нөхцөлийг өөрчилж буй бол Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсон байх, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан байх учиртай хэмээн зохигчийн хооронд үүссэн эрх харилцааг зөв тодорхойлж, эрх зүйн ач холбогдолтой дүгнэлт хийж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан гомдол гаргах үндэслэл болсон.
“АО” ХХК нь “БХ” ХХК-тай 2017.03.24-ний өдөр “44 а,б,в байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх, шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах, шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ”-г байгуулсан.
Уг гэрээг үндэслэн “АО” ХХК нь А хотхоны 44а байранд үйлчилгээний зориулалттай 19,106 м.куб хэмжээтэй талбай, 14 давхар 5,213 м.кв орон сууцыг зочид буудлын зориулалтаар, 3,558 м.кв талбайтай дулаан зогсоолыг ашигладаг бөгөөд харин хариуцагч “БХ ”ХХК нь 44 а,б,в байрны ус дулаанаар бүрэн хангаж нэхэмжлэгч “АО” ХХК нь дээрх орон сууцыг ус дулаанаар хангасан болон мөн засвар үйлчилгээний зардлын төлбөрийг нь “БХ” ХХК-д төлөх үүрэгтэй байсан.
Иймд талууд харилцан тохиролцож “АО” ХХК-аас Б.М, Г.Э нарын зээлээр худалдан авсан орон сууцуудын сар бүрийн төлбөрийг “АО” ХХК-ийн сар бүрийн ашиглалтын зардалтай харилцан тооцож “АО” ХХК-ийн ашиглалтын нийт төлбөрийн үнийн дүнгээс хасаж үлдэх төлбөрийг “БХ” ХХК-д төлөхөөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэн баталгаажуулсан баримтууд хэрэгт авагдсан.
Өөрөөр хэлбэл, Б.М, Г.Э “АО” ХХК нар нь хоорондын зээлийн орон сууцны тооцоо төлбөрөө “АО” ХХК-ийн “БХ” ХХК-аас авч буй үйлчилгээний төлбөрөөс хасуулан тооцуулахаар тохиролцсон буюу харилцан үүргээ шилжүүлэх, шаардах эрхүүдийг шилжүүлэх тохиролцоонууд хийгдэж байсан болох нь “АО”ХХК болон “БХ” ХХК-ийн хооронд 2020.02.18-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа “АО” ХХК” гэсэн акт үйлдсэн. Энэ актаар “АО” ХХК 8,946,956.64 төгрөгийг “БХ” ХХК-д төлөх төлбөртэйг баталгаажуулсан. Мөн 2020.03.16-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа “АО” ХХК” гэсэн актаар 6,934,813.69 төгрөгийг “БХ” ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэлтэйг талууд баталгаажуулсан. 2020.01.21-ний өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа “АО” ХХК” гэсэн актаар 9,067,628.50 төгрөгийг “БХ” ХХК-д төлөх төлбөртэйг баталгаажуулсан.
Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн байдаг.
Худалдах-худалдан авах гэрээ, зээлээр худалдах-худалдан авах гэрээнд аль алинд нь Иргэний хуульд заасан анзыг тохирч болно. Мөн худалдах-худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн буюу төлөх хугацааг тохирч болно. Энэ нь үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг тохирсон агуулга бөгөөд ийнхүү үнийг хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байдгаараа зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай талаар шүүхүүд эрх зүйн дүгнэлт өгөөгүй, Тодруулбал, шүүхийн практикт худалдан авсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон бол зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх нь буруу юм. Худалдах-худалдан авах гэрээнд худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх журам, хугацааг талууд тохирч байгаа болохоос үүний төлөө хүү тооцож, үнэ нэмэгддэг зээлээр худалдах-худалдах авах гэрээний үндсэн шинж байхгүй юм.
Мөн давж заалдах шатны шүүх гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах маргааныг шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлээс гадна гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах процесс, хуулиар тогтоосон журмын талаарх зохицуулалтад зайлшгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу шүүхээс гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, харин гэрээг цуцлах журмын талаарх зохицуулалтыг хэрэглээгүйгээс эрх зүйн хувьд бүрэн дүгнэлт өгөөгүй алдаа гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд гэрээг цуцалсан гэж үзээд үр дагаврыг шаардаж байгаа, эсвэл гэрээг цуцлах, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх хоёр шаардлага гаргасан эсэх нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй. Түүнчлэн, гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад гэрээний үүрэг болох анз гаргуулсан зэрэг хууль хэрэглээний алдаа гаргажээ. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана.
Түүнчлэн; анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг гэрээ цуцлах мэдэгдлээ 2020.10.06-ны өдөр 243 дугаартай албан бичгээр, 2020.12.01-ний өдөр 273 дугаартай албан бичгээр Б.М-д хүргүүлсэн. Г.Э-д мөн өдрийн 244, 273 дугаар албан бичгээр хүргүүлж гэрээг цуцалсан гэж шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчээс. хариуцагч нарт мэдэгдэл болон гэрээ цуцлах мэдэгдлийг тус тус хүргүүлснийг нотолсон баримтгүй, мэдэгдэлд гэрээ цуцлах тухай албан бичиг хүлээн авагчийн нэрийн ард гарын үсэг зурсан баримтгүй байгааг шүүх анхаараагүй байтал хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй давж заалдах шатны шүүх илрүүлээгүй нь хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021.11.16-ны өдөр шүүх хуралдаан явуулж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт гаргуулахаар шүүх хурлыг хойшлуулсан. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023.08.07-ны өдрийн шүүх хуралдааныг мөн дээрх үндэслэлээр хойшлогдсон хоёр шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартай адилтган үзээгүйгээс хариуцагч тал мэтгэлцэх эрхээ бүрэн алдсан гэж үзэж болохоор байна.
4.2.Хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлан хариуцагч нарын төлөөлөгчдийг оролцуулалгүйгээр хэргийг хэлэлцсэн.
Анхан шатны шүүхийн 2024.08.29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.М, Г.Э нарын төлөөлөгч Р.П, хариуцагч “БХ” ХХК-ийн төлөөлөгч Б.Б нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байхад нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэлэлцсэн нь хууль бус гэж үзэж байгаа. Учир нь; Хариуцагч нарын төлөөлөгч Р.П нь анхан шатны шүүхийн 2024.08.22-ны өдрийн шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамж гарах үед өмнө нь буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024.08.19-ний өдрийн шүүх хуралдаанаар дараагийн шүүх хурлыг 2024.08.29-ний өдрийн 15:30 цагт хийхээр товлосон тул Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг баримтыг хамт хүргүүлсэн.
Мөн хариуцагч “БХ” ХХК-ийн төлөөлөгч Б.Б нь 2014.08.28-ны өдөр шүүхэд хүсэлт насанд хүрээгүй охин Б.Ц-ийг БНХАУ-д урилгаар суралцах сургуульд нь хүргэх шаардлагатай болсон учир хүсэлтэд холбогдох баримтууд болох 2024.08.27-ны өдөр авсан “Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчих галт тэрэгний тасалбар, “БНХАУ-ын Эрээн хотын Гуравдугаар дунд сургуульд сурах эрхийн бичиг”, визийн баримт, 2008.12.04-ний өдөр төрсөн охин Б.Ц-гийн төрсний гэрчилгээг шүүхэд хүргүүлснийг шүүх 2024.08.28-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Шүүх 2024.08.29-ний өдрийн 104/Ш32024|02392 дугаартай “Хүсэлт хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай” захирамжийг гаргасан нь илт үндэслэлгүй болно.
Учир нь; Шүүхийн ерөнхий Зөвлөлийн 2022.03.31-ний өдрийн 82 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Цахим оролцогчийн баталгааны 4-т “Шүүх хуралдаанд цахимаар оролцогч өөрөөс шалтгаалах техникийн нөхцөл бололцоог бүрэн хангаагүйгээс зайнаас буюу цахимаар явагдаж байгаа шүүх хуралдаанд саатал гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан.
Иймд өмгөөлөгч Р.П нь 2024.08.29-ний өдрийн 15 цагт хуралдахаар 2023.08.22-ны өдөр товлогдсон Налайх дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдаанд цахимаар оролцохын тулд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байхдаа тус шүүх хурлын танхимаас цахимаар оролцох боломжгүй байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П хоёр шүүх хуралдааны аль нэгэнд оролцох боломжтой байсан.
Хэрэв өмгөөлөгч Р.П миний бие 15 цагт Налайх дүүргийн шүүх хуралд цахимаар оролцож байгаад 15 цаг 30 минутад өөр шүүхэд биечлэн оролцсон тохиолдолд хоёр дүүргийн шүүхийн аль алийг нь үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан этгээд болох байсан.
Мөн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ мэт үл ойлголцлын байдлыг удаа дараа гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах нөхцөл байдлыг бий болгосон нь өмгөөлөгчийг ажил үүргийнхээ хувьд өөр дүүргийн шүүхэд хурал давхцаж товлогдсон байгаа эсэх талаар урьдчилан лавлаж шүүх хуралдаанаа товлодоггүйгээс шалтгаалдаг гэдгийг мөн онцлон дурдмаар байна. Энэ үйлдлийн улмаас нь хариуцагч байгууллагыг төлөөлөн шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүйд гомдолтой.
Мөн шүүгчийн захирамжид “Шүүх хуралдаан хойшилсон шалтгааныг судалсан судалгаа”-нд хариуцагчийн төлөөлөгч нарын эрүүл мэндийн шалтгаанаар 2021.12.25-ны өдрөөс 2024.03.20-ны өдрийг хүртэл 3 жил 6 сарын хугацаанд 8 удаа, нэхэмжлэгч талаас эрүүл мэндийн шалтгаанаар 3 удаа, шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас 1 удаа, цар тахлын улмаас 1 удаа, бусад нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор зохигчийн хэн алиных нь хүсэлтээр хойшлогдож байсан тухайг судалсан” гэх баримтыг бүрдүүлсэн боловч шүүх хуралдаан 32 удаа биш харин 29 удаа товлогдсон хуралдсан болохыг судалсан гэж хавсаргасан байхаас гадна нийтдээ 3 удаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдсан. Иймд магадлалд дурдсан “шүүх хуралдаан 32 удаа товлогдон хуралдаж үүнээс 25 удаа хариуцагч нарын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдож байсан гэж дүгнэсэн нь” үндэслэлгүй.
Хэргийг хүлээн авснаас хойш гаргасан шүүх хуралдааны тэмдэглэлд зохигчийн нэрийг хооронд нь сольж бичсэн, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хүргүүлсэн хэргийн шүүх хуралдааны товын талаар шүүгч Б.У нь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.У-аар илтэд хууль бус “Судалгаа” хийлгэн уг судалгаагаа хариуцагч нарын төлөөлөгчийн эсрэг ашиглан хэргийг хариуцагч нарын эзгүйд шийдвэрлэсэн нь дараагийн шатны шүүх буюу давж заалдах болон хяналтын шатны шүүхэд “хариуцагч нарын төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцлагагүй оролцдог” гэх ойлголтыг өгөх зорилго агуулсан, нэхэмжлэгч талын нөлөөнд автсан гэж үзэхээр байгааг анхаарч үзнэ үү.
Түүнчлэн; анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.05-ны өдрийн 104/Ш32024/000948 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамж, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.06-ны өдрийн 01/127 дугаартай албан тоотын дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.05.06-ны өдрийн 517 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан тоотыг талуудад танилцуулаагүй, мөн дээрх баримтуудын 10 хуудас нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарсан байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нь мөн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн болохыг нотолж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.11.11-ний өдрийн 210/МА2024/001977 дугаар магадлал, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.29-ний өдрийн 104/ШШ2024/00451 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч “БХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Р.П нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025.01.21-ний өдрийн 001/ШХТ2025/00055 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ
6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч “АО” ХХК нь хариуцагч “БХ” ХХК, Б.М, Г.Э нарт холбогдуулан маргаан бүхий 000, 001, 002 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 33,676,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, үндэслэлээ; “....хариуцагч Б.М, Г.Э нартай орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлагдсан, “АО” ХХК уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн. “БХ” ХХК-тай 2017 онд түрээсийн гэрээ байгуулж 001 тоот орон сууцыг сарын 1,120,500 төгрөгөөр түрээсэлж байсан тул дээрх 3 орон сууцны түрээсийн төлбөрийг уг үнээр тооцож 33,676,500 төгрөг гаргуулна.” гэж тайлбарласан бол;
Хариуцагч нар дээрх шаардлагыг эс зөвшөөрч, эдгээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүрэгт ус дулааны төлбөр, ашиглалтын зардал, алданги нийт 583,335,506 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ; “...талуудын хооронд 2017.03.24-ний өдөр байгуулагдсан А хотхоны 44 а,б,в байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх, шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах, шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлөх 593,017,987 төгрөгөөс зээлээр худалдан авсан 3 орон сууцны үнэд төлөх 186,742,597 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан, нэхэмжлэгч эс зөвшөөрч “... сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ба шаардлага, үндэслэл тодорхойгүй...” гэж маргасан.
8.Анхан шатны шүүх А хотхоны 44б байрны 000, 001, 002 тоот орон сууцуудыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгчид олгож, хариуцагч “БХ” ХХК-аас түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууцны үнэд төлсөн 129,580,879 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч нарт олгож, 000, 001, 002 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч “АО” ХХК-аас ус дулааны төлбөр, ашиглалтын зардал, алданги 583,335,506 төгрөг гаргуулах хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ;
“...Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу хариуцагч нар төлбөрийг хуваарийн дагуу 129,580,879 төгрөгийг төлсөн, төлбөр төлөх үүргээ 2020.05 дугаар сараас зөрчсөн, “АО” ХХК нь гэрээг цуцлах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцуудыг хариуцагч Б.М, Г.Э нараас Иргэний хуулийн 264 дугаар зүйлийн 264.1-д заасны дагуу, хариуцагч “БХ” ХХК-аас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй, нэхэмжлэгч талаас 129,580,879 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгоно ... гэрээнд “АО” ХХК-аас төлөх ашиглалтын төлбөрийг орон сууц зээлээр худалдан авах гэрээний төлбөрт харилцан тооцох талаар талууд тохиролцоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй, энэ гэрээ нь тусдаа харилцаа, үндсэн нэхэмжлэлд хамааралгүй, хариуцагч нар нь уг байрны төлбөрийг бүрэн төлж дуусаагүй байх тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэжээ.
9.Давж заалдах шатны шүүх орон сууцуудыг нэхэмжлэгчид олгож, хариуцагч “БХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс мөн хаягт оршин байрлах 000, 001, 002 тоот орон сууцыг чөлөөлж, хариуцагч тус бүрийн төлсөн төлбөрийг тус бүрд нь олгож, түрээсийн төлбөр гаргуулах тухай хэсгийг болон хариуцагч Б.М, Г.Э нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан, ашиглалтын зардал, алдангид 583,335,506 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Талууд 3 удаа Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх нэртэй баримт үйлдсэн, энэ нь талууд тооцоо нийлсэн үедээ хэн алиндаа төлөх төлбөрийг харилцан тооцож байсан гэж дүгнэхээр боловч тэдний хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөх нөхцөлийг өөрчилсөн хэлцэл хийгдээгүй..., ус, дулааны төлбөр болон үзүүлсэн үйлчилгээний төлөгдөөгүй хөлсний хэмжээгээр зээлээр худалдах-худалдан авах гэрээний үнэ төлөх үүрэг зохих ёсоор гүйцэтгэсэн, улмаар гэрээ дуусгавар болсон гэж дүгнэхгүй, анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг залруулна, ... анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хариуцагчид тухайн нэхэмжлэлийг тусдаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй үлдэнэ.” гэж үзжээ.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, тогтоосон боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх талаарх хариуцагч талын гаргасан гомдлын дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т тус тус заасан хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.
11.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсоныг 2 шатны шүүх дүгнэжээ. Үүнд;
11.1.“АО” ХХК нь Б.М-тэй 2019.03.25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, А хотхон, 44б байр, 001 тоот хаягт байрлах, 65.68м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 3,000,000 төгрөгөөр тооцож, нийт 197,040,000 төгрөгөөр худалдах, Б.М нь гэрээний үнийг 8 жилийн хугацаанд жилийн 8 хувийн хүүтэйгээр хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн, хариуцагч Б.М урьдчилгаанд 25,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сар хүртэл 31,616,962 төгрөг, нийт 56,616,963 төгрөг төлсөн;
11.2.“АО” ХХК нь Г.Э той 2019.03.25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, А хотхон, 44б байр, 000 тоот хаягт байрлах, 44,91 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, мөн байрны 002 тоот хаягт байрлах, 52,89 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 285,990,000 төгрөгөөр худалдах-худалдан авагч Г.Э нь гэрээний үнийг 8 жилийн хугацаанд жилийн хүү 8 хувийн хүүтэйгээр хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн, Г.Э гэрээний урьдчилгаанд 25,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сар хүртэл 47,963,916 төгрөг, нийт 72,696,916 төгрөгийг тус тус төлсөн;
11.3.“АО” ХХК, “БХ” ХХК-ийн хооронд 2017.03.24-ний өдөр А хотхоны 44А, 44Б, 44В байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ /цаашид “дулаан, ус дамжуулан түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ” гэх/ байгуулагдсан ба уг гэрээгээр “АО” ХХК нь орон сууцны барилга байгууламж, дулаан, ус дамжуулан түгээх шугам сүлжээ, түүний ашиглалт, засвар үйлчилгээг “БХ” ХХК-д шилжүүлэх, “БХ” ХХК нь орон сууцны барилга байгууламжийн инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцах, орон сууцны сар бүрийн төлбөрийг оршин суугчдаас хураан авах, холбогдох байгууллагатай гэрээ байгуулан төлбөр тооцоог шилжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэх үүргийг тус тус хүлээжээ.
12.Анхан болон давж заалдах шатны шүүх “АО” ХХК, Б.М болон Г.Э нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны үр дагаврыг мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.
Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг боловч үнэ хэсэгчлэн төлөх тохиролцоо энэхүү гэрээний гол шинжийг илэрхийлэхгүй юм.
Талууд төлбөрийн зохих хэсэгт хүү тооцсон нь энэ төрлийн гэрээний шаардлагыг бүрэн хангаагүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдан авагчид өмчлөх эрх хэзээ үүссэн гэж үзэх нөхцөл нь эдгээр гэрээний гол ялгаа болохоос гадна талууд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг харгалзан гэрээний нөхцөлөө тодорхойлдог. Үнийг хүүгийн хамт хэсэгчлэн төлөх тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн тохиролцсон үнэ нэмэгдэх тул энэ агуулгаар үл хөдлөх хөрөнгийн хувьд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байх боломжгүй.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний үнийг төлөх хэлбэрийг талууд гэрээндээ ялгамжтайгаар тогтоосон байх нь гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй юм.
13.Дээрх байдлаар талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээ хүчин төгөлдөр, харин өөр гэрээний үүргийг орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт тооцох эсэх, улмаар гэрээ цуцалсан нь үндэслэлтэй эсэх талаар маргажээ.
14.Хариуцагч Б.М, Г.Э нар тус бүр урьдчилгаа 25,000,000, төгрөг төлсөн ба дээрх Дулаан, ус дамжуулан түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний гэрээний дагуу “АО” ХХК болон “БХ” ХХК-ийн хоорондын 2020.01.21, 2020.02.18, 2020.03.16-ны өдрүүдийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-гаар “АО” ХХК-ийн төлөх ус, дулааны төлбөр, үйлчилгээний хөлсийг орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөр (31,616,962+47,963,916 төгрөг)-өөс хасаж, харилцан тооцож байсан нь тогтоогдож байна.
Гэвч орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийг дээрх гэрээний үүргээр харилцан тооцож байсан үйл баримт тогтоогдсон боловч ийнхүү орон сууцны үнэ төлөх нөхцөлийг гэрээнд тусгаагүй буюу гэрээнд энэ талаар өөрчлөлт оруулаагүй байна.
Хариуцагч “БХ” ХХК-ийн 2020.11.03-ны өдрийн 20/230 тоот албан бичигт “...орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөр тооцоог 2020.10.23-ны өдрийн мэдэгдлээр цаашид “АО” ХХК-д холбогдох төлбөр тооцоотой хамтатган тооцохгүй болохыг ойлгож хүлээн авч байна” гэснээс үзэхэд орон сууцны үнийг “АО” ХХК-ийн төлөх ус, дулааны төлбөр, үйлчилгээний хөлснөөс тооцохгүй болсныг, орон сууц худалдах-худалдан авах гэрээний үнийг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй болохыг хариуцагч нар нь 2020 оны 10 сараас хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
15.Орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч Г.Э, Б.М нар нь орон сууцны үнийг хуваарийн дагуу төлөх үүргээ 2020 оны 05 дугаар сараас хойш зөрчсөн тул нэхэмжлэгч “АО” ХХК нь гэрээг цуцлах мэдэгдлээ 2020.10.06-ны өдөр, 2020.12.01-ний өдөр тус тус хариуцагч Б.М, Г.Э нарт хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан.
Дээрх үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар “АО” ХХК нь зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах эрхээ зөв хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон тул хяналтын шатны шүүхээс дараах байдлаар залруулах нь зүйтэй.
15.1.Хариуцагч “БХ” ХХК-ийн 2021.01.04-ний өдрийн 21/03 тоот албан бичигт “... тооцоо нийлснээс хойш “АО” ХХК нь ашиглалтын зардлыг төлөхгүй байсаар 2020 оны 12 сарын байдлаар 64 сая төгрөгийн өр үүсгэж, талуудын тохиролцоог зөрчин орон сууц зээлээр худалдан авах гэрээг цуцлах үндэслэл бүрдүүлсэн ... гэрээг цуцалсан тохиолдолд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцаах үүрэгтэй тул орон сууцны үнэд төлсөн 129,580,878 төгрөгийг худалдан авагч талд буцаан төлсөн тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгөх болно...” гэж “АО” ХХК-д хариу хүргүүлсэн. (хх-ийн 61-62)
15.2.Мөн хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ “...2020.11.28-нд орон сууц чөлөөлөх мэдэгдэл ирүүлсэн...орон сууц зээлээр худалдан авах гэрээг цуцалж, байрны үнэд төлсөн 128 сая төгрөгийг буцаан төлсөн тохиолдолд орон сууцыг чөлөөлөхөө 2020.12.01-ны өдөр мэдэгдсэн... ийнхүү орон сууцны зээлийн гэрээг хоёр тал цуцалсан тул орон сууцны үнэд төлсөн төлбөрийг буцаан гаргуулна...” гэж тайлбарласан байна. (хх-ийн 38)
Дээрх байдлаас үзэхэд “АО” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээг цуцалсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
15.3.Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь урт хугацааны гэрээнд хамаарах тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамаарна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 221.5 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж, гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Б.М, Г.Э нар нь орон сууцны үнэ төлөх үүргээ 2020 оны 5 сараас биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэхийг нэхэмжлэгч 2020 оны 10 сард шаардсан хэдий ч үр дүн гараагүй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.
15.4.Хариуцагч Б.М, Г.Э нар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг биет байдлаар нь нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэйгээс гадна гэрээний үнэд төлсөн 129,580,878 төгрөгөө нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
16.Нэхэмжлэгч “АО” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга нь хариуцагч “БХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс дээр дурдсан 3 ширхэг орон сууцыг гаргуулахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр бус мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар орон сууц худалдах-худалдан авах гэрээг цуцалсны үр дагаварт 000, 001, 002 тоот орон сууцны эзэмшлийг буцаан шаардсан агуулгатай байх тул энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдлийг хэвээр үлдээв.
17.Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг хариуцагч “БХ” ХХК-аас шаардах эрхгүй талаар хоёр шатны шүүх адил дүгнэлт хийсэн ба анхан шатны шүүх түрээсийн төлбөр 33,676,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй байна.
18.Хариуцагч Б.М 000 тоот орон сууцны, Г.Э 001, 002 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч нар нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул орон сууц худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
19. Хариуцагч “БХ” ХХК нь энэ тогтоолын 11.3-т заасан “дулаан, ус дамжуулан түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ”-г үндэслэн "АО" ХХК-с төлөх ашиглалтын төлбөр 593,017,987 төгрөгөөс маргаан бүхий 3 орон сууцны үнэд 186,742,597 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөрт 388,890,337 төгрөг, алданги 194,445,169 төгрөг, нийт 583,335,506 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
19.1.Гэвч уг гэрээнд болон орон сууц худалдах-худалдан авах гэрээнд “АО” ХХК -аас төлөх ашиглалтын төлбөрийг орон сууцны төлбөрт харилцан тооцох талаар талууд тохиролцоогүй талаар энэ тогтоолын 14-т дүгнэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ашиглалтын гэрээтэй холбоотой асуудал нь тусдаа харилцаа гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т нийцжээ.
19.2.Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тогтоож, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийг “дулаан, ус дамжуулан түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ”-ний үүрэгт тооцох нөхцөл, журмыг тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй талаар 2 шатны шүүх адил дүгнэлт хийсэн ба сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг давж заалдах шатны шүүх залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
19.3.Хариуцагч “БХ” ХХК нь “АО” ХХК-д холбогдох “дулаан, ус дамжуулан түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ”-ний үүргийг тусдаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
20.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023.11.08-ны өдрийн 1928 дугаар магадлалаар “...анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П-ын эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж... шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан...” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
20.1.Анхан шатны шүүх хэргийг хүлээн авсан 2024.01.16-ны өдрөөс хойш 2024.03.12-ны өдрийн шүүх хуралдааныг зохигч талын хэн алины “шүүх хуралдаан давхацсан” хүсэлтээр, 2024.03.20-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П-ын “эрүүл мэндийн шалтгаантай” хүсэлтээр, 2024.04.05-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл нэмэгдүүлсэн, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан үндэслэлээр, 2024.05.29-ний шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О өвчний улмаас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П-ын шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр, 2024.06.18-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Р.П нарын “шүүх хуралдаан давхцсан” үндэслэлээр, 2024.07.01-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П-ын “шүүх хуралдаан давхцсан” үндэслэлээр 2024.07.19-ний шүүх хуралдааныг хариуцагч өмгөөлөгч Р.П-ын “шүүх хуралдаан давхцсан” үндэслэлээр, Б.Б “эрүүл мэндийн шалтгаантай”, өмгөөлөгч Р.П “ээлжийн амралттай” гэх үндэслэлээр тус тус удаа дараа шүүх хуралдаан хойшлогдсон байна.
20.2.Дээрх байдлаар шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан тул дахин шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахгүй орхиж 2024.08.29-ний өдөр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 100 дугаар зүйлийн 100.3-т тус тус заасныг зөрчөөгүй, шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох боломжийг олгож байсан гэж үзэх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
20.3.Хариуцагч “БХ” ХХК, Б.М, Г.Э нар ашиг сонирхлын зөрчилгүй, хамтран хариуцагч болохыг тогтоолын 11-д дүгнэсэн ба Р.П нь хариуцагч нарын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын гомдол гаргахад хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэж хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2024/001977 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1...” гэснийг “...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1...” гэж, “... Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 262 дугаар зүйлийн 262.1 ...” гэснийг “ ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1...” гэж тус тус өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “БХ” ХХК 1,918,000 төгрөг, хариуцагч Б.М 683,684, төгрөг, Г.Э 684,683 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН