“М” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр П.Соёл-Эрдэнэ
Шийдвэрийн огноо 2025.02.03
Шийдвэрийн дугаар 001/ХТ2025/0013
Хэргийн индекс 128/2023/0136/З
Маргааны төрөл бүртгэл
Хуулийн зүйл, заалт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001 он)-ийн 5 дугаар зүйлийн 5.3, Дээд боловсролын тухай хууль (2002 он)-ийн 6 дугаар зүйлийн 6.6-
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.07.04, дугаар: 128/ШШ2024/0564
Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.10.02, дугаар: 221/МА2024/0639
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар: 001/ХТ2025/0013
Улаанбаатар хот


 “МҮИС” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын

ахлах байцаагчид холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                Д.Батбаатар

Танхимын тэргүүн:              Д.Мөнхтуяа

Шүүгчид:                              М.Батсуурь

  Х.Батсүрэн                          

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:       Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0564 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0639 дүгээр магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч З.С нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 445 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах,

2.Хэргийн нөхцөл байдал: 1998 онд “ЧЭ” нэртэй үүсгэн байгуулагдсан коллеж нь 2002 онд “МҮК” нэртэй болсон, 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар тус коллеж нь “дээд сургууль”-ийн ангилалд орсон, улмаар “МҮДС” гэсэн нэрээр сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож байсан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар “МҮДС”-ийг “их сургуулийн ангилал”-д хамааруулахаар шийдвэрлэсэн, дараа нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “МҮИС” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинэ үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдээр бүртгэсэн байх бөгөөд хариуцагчаас уг бүртгэлийг “олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийн тусгай зөвшөөрлөөр бүртгэсэн, бүртгэх үндэслэл болсон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаал хүчингүй болсон” гэх агуулгаар илт хууль бус захиргааны актад тооцож, мөн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болж, өөрчлөгдсөн бүртгэлийг хүчингүй болгож, зөрчлөө арилгасны дараа улсын бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс: “... нэг үүсгэн байгуулагчтай нэг хуулийн этгээд байхад тусдаа компани мэтээр үндэслэлгүй шийдвэр гаргасан, холбогдох яамнаас авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд боловсролын үйл ажиллагаа явуулж байна. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг 5 жил өнгөрсөн байхад хүчингүй болгож, итгэл хамгаалах зарчим зөрчсөн, хуулийн этгээд нэрээ өөрчлөх, үйл ажиллагаа зохион байгуулалтаа өөрчлөх эрхтэй, манай сургуулийн ажилтан, багш, хэдэн мянган оюутан суралцагчийн эрх ашгийг зөрчиж байна” гэж,

4.Хариуцагчаас: “... МҮИС-д 3 регистрийн дугаар олгогдсон байна, 98*****, тэгээд 57**** гэсэн регистрийн дугаар, хамгийн анх ******* гээд ЧЭ коллеж гэсэн регистрийн дугаарыг авсан, бүртгэл үнэн зөв байх, нотлох баримтад үндэслэх зарчим алдагдсан. “МҮИС” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэхдээ олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийн тусгай зөвшөөрлөөр бүртгэсэн нь илэрхий алдаатай, бүрдүүлэх баримт бичигт өөр хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл байхад нэхэмжлэгчид хамааруулж бүртгэсэн нь буруу байсан, бүртгэх эрх зүйн үндэслэлгүй байсан тул алдаатай бүртгэлийг зассан” гэж,

5.Гуравдагч этгээд МУИС-иас “... МҮДС нь улсын бүртгэлийн бүртгэлд 98***** гэсэн регистрийн дугаартай бүртгэгдсэн бол “МҮИС” ХХК нь ******* гэсэн регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд 2 өөр бие даасан зорилго, үйл ажиллагаа бүхий хуулийн этгээд байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас “МҮИС” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэхдээ “МҮДС”-д олгогдсон 98***** регистрийн дугаартай сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг “МҮИС” ХХК-ийнх мэтээр алдаатай бүртгэсэн. 2013 оны 12 дугаар сарын 23-нд шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд 2012 оны тусгай зөвшөөрөл хамаагүй. Боловсрол сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл нь аливаа байдлаар шилжүүлж болдог тусгай зөвшөөрөл биш” гэж тус тус маргажээ.

6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.“МҮИС” ХХК нь МҮДС-д өмнө олгогдсон 98***** гэх дугаарыг өөрийн компанийн нэр дээр бүртгүүлсэн асуудал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан үндэслэлд хамаарахгүй, мөн Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан заалт нь боловсролын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн чиг үүргийг тодорхойлсон заалт байхад хуулийн эдгээр заалтыг зөрчсөн гэж дүгнэн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийн дагуу бүртгэгдэн улмаар уг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн бүртгэлийг 9 жилийн дараа илт хууль бусад тооцох эрх хариуцагч улсын байцаагчид олгогдоогүй.

6.2.Өөрөөр хэлбэл, дүгнэлтийн үндэслэл болгосон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан заалт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан бүртгэлийн тухай хууль тогтоомжид хамаарахгүй, энэ утгаараа тусгай зөвшөөрлийг бүртгэсэн үйл ажиллагааг илт хууль бус гэж үзэх, хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд нийцээгүй илт хууль бус захиргааны акт байна.

6.3.“МҮИС” ХХК-д сургалтын ажил эрхлэх 98***** дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх ба уг актыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ хариуцагч нь зөвхөн тусгай зөвшөөрлийг шилжүүлж болохгүй гэх хуулийн заалтаар тайлбарлаж буй нь учир дутагдалтай, энэ нь хуулийн 48.3-д заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн.

6.4.Аливаа хуулийн этгээд нь нэгдэх, нийлэх зэргээр өөрчлөн байгуулагдах, ашгийн төлөө хуулиар хориглоогүй аливаа үйл ажиллагааг эрхлэн явуулах бүрэн эрхтэй, уг эрхийнхээ хүрээнд өөрчлөн байгуулагдахаар улмаар зохих журмын дагуу өмнө нь эрх бүхий байгууллагаас нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж буй тохиолдолд бүртгэлийн байгууллага хуулийн 18.1-д зааснаас бусад тохиолдолд мэдүүлгийг хүлээн авах үүрэгтэй буюу бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгох эрх хариуцагчид олгогдоогүй гэж үзнэ.

7.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:

7.1.2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр МҮИС нэртэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ ...УБ-03 маягт, шийдвэр, хурлын тэмдэглэл, итгэмжлэл, нэрийн баталгаажуулалтын хуудас, санхүүгийн тайлан, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, БСШУЯ-ны олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг дээрх хуульд заасан улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн зохих журмын дагуу хандсан, өмнө нь эрх бүхий байгууллагаас нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж буй тохиолдолд бүртгэлийн байгууллага дээрх хуулийн 18.1-д зааснаас бусад тохиолдолд мэдүүлгийг хүлээн авах үүрэгтэй буюу бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй.

7.2.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлд ******* регистрийн дугаартай “МҮИС” НҮТББ-аар бүртгэсэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлтийг гаргахдаа ямар хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн болон уг бүртгэлийн улмаас хэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, захиргаа өмнө гаргасан ямар зөрчлийг хэрхэн засч буй талаараа маргаан бүхий актад тодорхой тусгаагүй нь захиргааны шийдвэр хуульд үндэслэх, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг хангасан гэж үзэхээргүй байна.

7.3.98***** дугаартай тусгай зөвшөөрлийг сунгах, шинэ мэргэжил (хөтөлбөр)-ээр сургалт эрхлэх зөвшөөрөл нэмж олгох зэргээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг сургалтын үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж, маргаангүй байсан учраас тус тусгай зөвшөөрлийг үндэслэн өнөөдрийг хүртэл сургалтын үйл ажиллагаа явуулж ирсэн өнгөрсөн болон өнөөдрийн бүхий л цаг хугацаанд тус сургуулийг төгссөн олон зуун төгсөгчид, одоогийн суралцаж буй суралцагчид болон тус сургуулийн нийт багш ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эрсдэл үүснэ.

8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

8.1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар МҮДС-ийг “их сургууль”-ийн ангилалд хамааруулснаас бус оноосон нэрийг нь огт өөрчлөөгүй бөгөөд ийнхүү өөрчлөх хууль зүйн үндэслэл байгаагүй. Нэхэмжлэгч нь угтаа сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч байгаагүй, харин бүртгэлийн байгууллагыг төөрөгдүүлж, алдаа гаргуулсны улмаас өөр хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн.

8.2.Хариуцагчийн шийдвэр буюу захиргааны акт өмнөх бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд хамаарах үндэслэлээр гарсан. Гэтэл шүүх хууль бус буюу хүчингүй болгох захиргааны актад хамаарах Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

8.3.Дээд боловсролын сургалтын байгууллагын захирал дээд боловсролын байгууллагын ангилал өөрчлөгдөхөд зохих нэр авч, тогтоосон хугацаанд бүртгэлд бүртгүүлэх сайдын тушаалыг биелүүлэхийн оронд нэг хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг өөр нэг хуулийн этгээддээ ашиглуулж, нийтийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулж ирсэн болохыг шүүхээр тогтоогдсон бөгөөд үүний гол шалтгаан нь улсын бүртгэгчийг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар МҮДС-ийн тусгай зөвшөөрлийг “МҮИС” ХХК-д шилжүүлэн бүртгүүлсэн үйл баримт болох нь тогтоогдсон.

9.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын ахлах байцаагч Ш.У шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлоосоо татгалзсан.

ХЯНАВАЛ:

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11.Нэхэмжлэгч “МҮИС” НҮТББ-аас хүчингүй болгуулахаар шаардаж буй маргаан бүхий акт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтээр “... “МҮИС” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэхдээ тухайн этгээдэд олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийн тусгай зөвшөөрлөөр бүртгэсэн нь Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7. 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус байна...” гээд: 

Нэгдүгээрт, хуулийн этгээдийн улсын бүртгэлд “МҮИС” ХХК-д сургалтын үйл ажиллагаа эрхлэх 98***** дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснийг илт хууль бус захиргааны актад тооцох,

Хоёрдугаарт, хуулийн этгээдийн улсын бүртгэлд ******* регистрийн дугаартай “МҮИС” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох,

Гуравдугаарт, хуулийн этгээдийн улсын бүртгэлд ******* регистрийн дугаартай “МҮИС” НҮТББ-аар бүртгэсэн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох,

Дөрөвдүгээрт, ... холбогдох тусгай зөвшөөрлийг авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх...” гэж шийдвэрлэжээ.

12.Энэхүү дүгнэлтийг дараах үндэслэлээр “хууль бус” гэж дүгнэх боломжгүй байна.   

13.Хариуцагч уг актыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шилжүүлсэн МУИС-ийн гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.7, 18.7.1, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих журмын 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн холбогдох бүртгэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан, хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянан шалгасны үндсэн дээр гаргасан нь түүний эрх хэмжээний хүрээнд байна.

14.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анх 1998 онд “ЧЭ” нэртэй үүсгэн байгуулагдсан коллеж нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тушаалаар “МҮК” нэртэй болсон, мөн сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар тус коллеж нь “дээд сургууль”-ийн ангилалд шилжиж “МҮДС” гэсэн нэртэйгээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан[1], улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар “МҮДС”-ийг “их сургуулийн ангилал”-д хамааруулахаар шийдвэрлэжээ.

15.Дээр дурдсан үйл баримтын дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Л.М “МҮИС” гэсэн оноосон нэртэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу “ХХК”-ийг нэг үүсгэн байгуулагчтайгаар байгуулах шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр[2] өргөдөл гаргасны дагуу улсын бүртгэлийн байгууллага 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “МҮИС” ХХК-ийг 57***** регистрийн дугаараар шинээр бүртгэсэн байна.

16.Улсын бүртгэлийн байгууллага ийнхүү “МҮИС” гэх хуулийн этгээд үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар 98***** дугаартай МҮДС-д олгогдсон тусгай зөвшөөрлийг шинээр үүсгэн байгуулагдсан уг хуулийн этгээдэд хамаатуулан, үйл ажиллагааны чиглэлийг нь “тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан боловсрол олгох үйл ажиллагаа” гэж тодорхойлжээ.

17.Өөрөөр хэлбэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар “их сургуулийн ангилал”-д хамаарсан “МҮДС” нь нэрээ өөрчлөөгүй, өөрчлөн байгуулагдах талаар аливаа хүсэлт гаргаагүй байхад “МҮДС”-д олгогдсон тусгай зөвшөөрлийг үндэслэж, “МҮИС” гэх хуулийн этгээдийг бүртгэсэн, энэ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Дээд боловсролын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудад нийцээгүй байна. 

            18.Тодруулбал, маргаан бүхий бүртгэл хийх үед үйлчилж байсан Дээд боловсролын тухай хууль (2002 он)-ийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, зөвшөөрөл аваагүй нөхцөлд оюутан элсүүлэх, сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж  зааснаас үзвэл дээд боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр хуульчилсан тул  тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдийг “боловсрол, сургалтын байгууллага”-аар бүртгэх хууль зүйн үндэслэлгүй байжээ.

19.Мөн тухайн үед үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001 он)-ийн 5 дугаар зүйлийн 5.3, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 19-т зааснаар тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж болохгүй буюу Боловсролын хууль тогтоомжоор аливаа сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байх тул нэхэмжлэгчийг МҮДС-д олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, эсхүл уг зөвшөөрлийг шилжүүлэн авсан гэж үзэх хууль зүйн боломжгүй.

20.Иймээс нэхэмжлэгчийн “анхны МҮК, МҮДС, МҮИС нэг үүсгэн байгуулагчтай, нэг байгууллага гэдэг нь хэнд ч шууд ойлгомжтой” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, нэг үүсгэн байгуулагчтай хэдэн ч хуулийн этгээд байж болох бөгөөд тэдгээрийг бүгдийг нь “нэг хуулийн этгээд” гэж үзэхгүй. Хэрэв бие даасан хуулийн этгээдийн статустайгаар үйл ажиллагаа явуулах бол хуульд заасан тусгай зөвшөөрлийг өөрийн нэрээр авах учиртай.  

21.Аливаа үйлдэл, үйл ажиллагааг хуулиар хориглосон байхад түүнийг захиргааны актаар шууд “зөвшөөрсөн”, эсхүл зөвшөөрсөн үр дагавар үүсгэсэн бол тухайн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзнэ, энэ агуулгаар  “дээд боловсролын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөлгүй, “их сургуулийн ангилал” аваагүй, шинээр үүсгэн байгуулагдаж буй “МҮИС” гэх хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэж, ингэхдээ өөр хуулийн этгээдэд олгогдсон тусгай зөвшөөрлийг үндэслэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, Захиргааны ерөнхий хууль (2015 он)-ийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцогдоно.

22.Иймд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “МҮИС” ХХК-д их сургуулийн ангиллаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх 98***** дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснийг илт хууль бус захиргааны актад тооцох” тухай маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтийн 1 дэх заалт хууль ёсны байх тул хүчингүй болгох үндэслэлгүй.

23.Гуравдагч этгээд МУИС-иас “уг хууль зөрчсөн илт хууль бус бүртгэлийн улмаас МҮИС (МҮИС) гэх хуулийн этгээд их сургуулийн статустай үйл ажиллагаа явуулах боломжтой болсон, үүний улмаас дотоод болон гадаад харилцаанд МУИС (МУИС)-тай нэр андуурагдаж манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх агуулгаар гомдол гаргасан, шүүхэд мөн энэ үндэслэлээр маргасан, энэ тохиолдолд “МҮДС”-д олгогдсон тусгай зөвшөөрлийг үндэслэж 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “МҮИС” гэх хуулийн этгээдийг их сургуулийн боловсролын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр бүртгэснээр гуравдагч этгээд МУИС-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй, хариуцагчаас уг гомдлын дагуу хяналт шалгалт явуулж, маргаан бүхий захиргааны акт гарах үед үйлчилж байсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гаргасныг буруутгахгүй.

24.Иймд, нэхэмжлэгчийн “гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, манай эрх ашиг хөндөгдөөгүй байхад уг хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

25.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан “хууль бус” захиргааны актыг хүчингүй болгож болох 5 жилийн хугацааны талаарх зохицуулалт нь “илт хууль бус акт”-ын хувьд хамаарахгүй. Учир нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй” байдаг тул эрх нь хөндөгдсөн этгээдийн зүгээс хэдийд ч гомдол, нэхэмжлэл гаргах боломжтой, түүний дагуу эрх бүхий захиргааны байгууллага, эсхүл шүүх илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох эрхтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

26.Маргаан бүхий актын 2 дахь заалтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд ******* регистрийн дугаартай “МҮИС” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, уг актын 1 болон 2 дахь заалт нь агуулга, эрх зүйн үр дагаврын хувьд харилцан уялдаатай байх бөгөөд нэгэнт дээр дурдсанаар их сургуулийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй компанийг “МҮИС” гэсэн нэршилтэйгээр, эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг “тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан боловсрол олгох сургалт эрхлэх” гэж бүртгэсэн нь илт хууль бус тул тухайн бүртгэлийг хүчингүй болгосныг хууль бус гэж үзэхгүй.

27.Маргаан бүхий актын 3 дахь заалтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлд ******* регистрийн дугаартай “МҮИС” НҮТББ-аар бүртгэсэн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ХХК-ийн хэлбэрээр их сургуулийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн хуулийн этгээдийн хэлбэрийг НҮТББ болгон өөрчилж, бүртгэсэн нь мөн дээр дурдсан үндэслэлээр хууль бус, нэгэнт сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилж, бүртгэсэн нь Улсын бүртгэлийн тухай хуульд заасан “бүртгэл үнэн зөв, бодитой байх” зарчимд нийцэхгүй, иймд уг бүртгэлийг хүчингүй болгосон нь хууль ёсны юм.

28.Актын 4 дэх заалтаар “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж шийдвэрлэжээ. Шүүхээс тухайн актад заасан сайдын тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, их сургуулийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аливаа этгээд хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр бүртгүүлэх боломжтой. Иймд актын уг заалтыг хууль бус гэж үзэхээргүй байна.

29.Нэгтгэн дүгнэвэл, улсын бүртгэлийн байгууллага нь нэхэмжлэгч “МҮИС” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн хүсэлтийг анх хүлээн авч шалгахдаа “их сургуулийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий захиргааны байгууллагаас аваагүй” гэсэн үндэслэлээр буюу “мэдүүлэгт хавсаргасан баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэн бүртгэхээс татгалзах байтал өөр хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг үндэслэн бүртгэсэн нь илт хууль бус байна. Иймд бүртгэл үнэн зөв, бодит байх зарчмыг хангах үүднээс тухайн хууль бус бүртгэлийг хүчингүй болгосон маргаан бүхий акт бүхэлдээ хууль ёсны байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

30.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөрүүтэй дүгнэж, хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

31.Тухайлбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс “... аливаа хуулийн этгээд нь нэгдэх, нийлэх зэргээр өөрчлөн байгуулагдах, ашгийн төлөө хуулиар хориглоогүй аливаа үйл ажиллагааг эрхлэн явуулах бүрэн эрхтэй...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй, тодруулбал “МҮИС” ХХК-ийг үүсгэн байгуулагчийн гаргасан шийдвэр, холбогдох мэдүүлгийг үндэслэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 19 дүгээр зүйлд зааснаар “өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн бүртгэл”-ээр бус, харин 13 дугаар зүйлд зааснаар “шинээр үүсгэн байгуулах хуулийн этгээд”-ээр бүртгэсэн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй,

32.Мөн “... “МҮИС” ХХК-д сургалтын ажил эрхлэх 98***** дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх ба уг актыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ хариуцагч нь зөвхөн тусгай зөвшөөрлийг шилжүүлж болохгүй гэх хуулийн заалтаар тайлбарлаж буй нь учир дутагдалтай, энэ нь хуулийн 48.3-д заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн...” гэж холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ талаар дээр дүгнэсэн,

33.“... маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болгосон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан заалт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан бүртгэлийн тухай хууль тогтоомжид хамаарахгүй, энэ утгаараа тусгай зөвшөөрлийг бүртгэсэн үйл ажиллагааг илт хууль бус гэж үзэх хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд нийцээгүй илт хууль бус захиргааны акт байна” гэх зэргээр буруу дүгнэжээ.

34.Аливаа боловсрол (сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын, мэргэжлийн, техникийн, дээд...) олгох сургалтын үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг бүртгэхэд тусгайлсан хуулиар тавигдах шаардлагыг хангасан эсэхийг хянах нь улсын бүртгэлийн байгууллагын (бүртгэгчийн) чиг үүрэг бөгөөд холбогдох хуулийн шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалзах, хууль зөрчсөн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж зааснаар хүчингүй болгох бүрэн эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн “... зөвшөөрөл олгохтой холбоотой асуудал нь улсын байцаагчийн хяналт шалгалтын хүрээнд хамаарахгүй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

35.Түүнчлэн, уг хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч “МҮИС” болон гуравдагч этгээд “МУИС”-ийн хооронд хэд хэдэн маргаан шүүхийн журмаар шийдвэрлэгдсэн байх ба энэхүү хэргийн тухайд ч мөн гуравдагч этгээдийн гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын үр дүнд маргаан бүхий акт гарсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэрийн асуудлаар “... МУИС-иас гаргасан нэрийн маргаан, төрийн нэр барьж, бусдын хууль ёсны оноосон нэрийг булаан авах гэсэн ...” гэж маргаж, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2727 дугаар шүүгчийн захирамжаар “МУИС-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан, анхан болон давж заалдах шатны шүүхээс холбогдох шийдвэрүүдийг (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 213 дугаар магадлал, 2022 оны 792 дугаар магадлал) үндэслэх болон хянавал хэсэгт дүгнэсэн байна.  

36.Иймээс талуудаас өөрсдийн шаардлага, тайлбарын үндэслэлээ нотлох зорилгоор гаргаж өгсөн шүүхийн шийдвэрүүдтэй холбоотой дүгнэлтийг өгөх нь зүйтэй байна. Үүнд:

37.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар магадлалаар, “МҮИС” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох “2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... “ЧЭ” коллежийн сургалтын байгууллагын ангиллыг МҮК, МҮДС, дараа нь Их сургууль болгож өөрчилсөн тохиолдол бүрд, зохих ангилалд нийцсэн нэр авч, тогтоосон хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэхийг дээд боловсролын сургалтын байгууллагын захиралд даалгасан сайдын тушаалыг биелүүлээгүйн улмаас энэ тохиолдолд 2004 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн Монголын үндэсний дээд сургууль, эсхүл Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалаар Их сургуулийн ангилалд шилжсэн “МҮДС”, эсхүл 2013 онд “хязгаарлагдмал хариуцлагатай компани” хэлбэрээр шинээр үүсгэн байгуулагдаж, 2015 онд “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” болж өөрчлөгдсөн “МҮИС” нэртэй хуулийн этгээдүүдийн аль нь 98***** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэгч болох нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос үзвэл нэхэмжлэгчийн “нэг л хуулийн этгээд зохих журмын дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа” гэх тайлбар няцаагдахын зэрэгцээ маргаан бүхий актын бодит үндэслэлийг үгүйсгээгүй байна.

38.Мөн “МҮИС” НҮТББ-аас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын МУИС-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын МУИС-д холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай MNU барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай Mongolian National University барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэл гаргасныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0614 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2022/0792 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

39.Энэхүү шийдвэрт “... МУИС нь анх 1942 онд үүсгэн байгуулагдаж, Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаалаар ҮИС статустай болж, 2006 онд хуулийн этгээдийн бүртгэлд МУИС нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Оюуны өмчийн газарт хандан MNU болон Mongolian National University гэсэн үгэн тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр 12278, 12279 дугаартай мэдүүлгийг ... хамгийн анх гаргасан байна, ...тус нэрийн англи хэлний орчуулга бүхий (Mongolian National University) болон (MNU) гурван үсгэн тэмдэгт нь 1942 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, нийтэд хүртээл болсон МУИС-ийн нэрийг илэрхийлэх агуулгатай байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

40.Иймд, 2013 оны “МҮИС” ХХК-ийг бүртгэсэн илт хууль бус бүртгэлийн улмаас гуравдагч этгээд “МУИС”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, тухайлбал хуулийн этгээдийн нэрийн хувьд бусдад төөрөгдөл үүсгэхээр ижил төсөөтэй байгаа нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэснийг зөрчсөн тухай гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй байна.

41.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1951 дүгээр шүүгчийн захирамжаар “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр МУИС-ийн нэхэмжлэлтэй, “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох, ҮИС гэсэн статус, түүнийг илэрхийлсэн нэрийг төрийн өмчийн бус этгээдэд хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж өгөхийг даалгах, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.

42.Дээрх шүүхийн шийдвэрээр МУИС болон МҮИС хоорондын нэрийн маргааныг, адил төстэй эсэх, бусдад төөрөгдөл үүсэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн “нэрийн маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, маргаан бүхий 2022 оны 6572 дугаар улсын байцаагчийн дүгнэлт нь нэрийн маргаантай холбоотойгоор, гуравдагч этгээд МУИС-ийн гомдлоор үүссэн тул энэхүү маргааны үйл баримтад хамааралтай байна.

43.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс “... уг бүртгэлийн улмаас хэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн тодорхойгүй” гэж дүгнэсэн нь буруу, 2013 оны бүртгэл нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд чиглэсэн, эерэг нөлөөтэй боловч гуравдагч этгээдийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий илт хууль бус захиргааны акт байгааг анхаараагүй нь шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх, хэргийн оролцогчийн шаардлагын үндэслэл, тайлбар бүрт дүгнэлт өгөх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

44.Мөн шүүхүүд “... 98***** дугаартай тусгай зөвшөөрлийг сунгах, шинэ мэргэжил (хөтөлбөр)-ээр сургалт эрхлэх зөвшөөрөл нэмж олгох зэргээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг сургалтын үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж, маргаангүй байсан учраас тус тусгай зөвшөөрлийг үндэслэн өнөөдрийг хүртэл сургалтын үйл ажиллагаа явуулж ирсэн өнгөрсөн болон өнөөдрийн бүхий л цаг хугацаанд тус сургуулийг төгссөн олон зуун төгсөгчид, одоогийн суралцаж буй суралцагчид болон тус сургуулийн нийт багш ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эрсдэл үүснэ” гэж дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ. Учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг “нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэл хууль бус болохыг мэдсээр байж тусгай зөвшөөрлийг нь сунгасан, өргөжүүлсэн” гэж үзэх боломжгүйн зэрэгцээ энэ нь улсын бүртгэлийн байгууллага өөрийн алдаатай шийдвэрээ засах бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

45.Хариуцагчаас нэхэмжлэгчийн сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй, харин “МҮИС” ХХК болон НҮТББ-ын бүртгэлийг хүчингүй болгосон, 98***** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “МҮДС” өнөөдрийг хүртэл татан буугдаагүй байна. Иймд нэхэмжлэгч холбогдох хуульд зааснаар дээд боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч шинээр бүртгүүлэх, эсхүл 98***** дугаартай тусгай зөвшөөрөлтэй “МҮДС”-ийн хэлбэрээ өөрчлөх, хуульд заасан шаардлагын дагуу нэрээ өөрчлөн бүртгүүлэх эрхтэй.  

46.Иймд энэ тохиолдолд “МҮИС” нэрээр суралцаж төгссөн төгсөгчдийн эрх ашиг хөндөгдөхгүй, одоо сурч байгаа оюутнуудын тухайд сургуулийн нэр өөрчлөгдөх нь тэдний сурч боловсрох эрхэд нөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн “... цахим үйлчилгээний нэгдсэн систем, бусад байгууллагатай харилцах боломжгүй болсон” гэх агуулгатай тайлбарын хувьд улсын бүртгэлийн зөрчлөө зассан тохиолдолд шийдэгдэх боломжтой байна.

47.Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн гомдлыг хангаж, хариуцагчийг хяналтын журмаар гаргасан гомдлоос татгалзсанд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0564 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0639 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001 он)-ийн 5 дугаар зүйлийн 5.3, Дээд боловсролын тухай хууль (2002 он)-ийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “МҮИС” НҮТББ-ын Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123 дугаар зүйлийн 123.5-д заасныг баримтлан хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уртнасанг хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                              М.БАТСУУРЬ

                                                                                                                          Х.БАТСҮРЭН

       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

[1] 3 дахь хавтаст хэргийн 22-47 дугаар талд

[2] 2 дахь хавтаст хэргийн 105, 106 дугаар талд, 107 дугаар талд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр, өргөдөл хүлээн авсан хуудас, 112, 113 хуудас үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл