Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хиймэл оюун ашиглан хураангуйлах
| Шүүгчийн нэр | Н.Баярмаа |
| Шийдвэрийн огноо | 2025.01.30 |
| Шийдвэрийн дугаар | 001/ХТ2025/00026 |
| Хэргийн индекс | 181/2023/02074/И |
| Маргааны төрөл | хөдөлмөрийн маргаан |
| Хуулийн зүйл, заалт | Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 |
| Шийдвэрлэсэн байдал | Шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан |
| Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.09.18, дугаар: 181/ШШ2024/03413 |
| Анхан шатны шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
| Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2024.11.27, дугаар: 210/МА2024/02059 |
| Давж заалдах шатны шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
Б.Огийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03413 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/02059 дүгээр магадлалтай,
Б.Огийн нэхэмжлэлтэй
“Э” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Огаас хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03413 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ог “Э” ХХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн системийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 61,170,472 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Огийн 2023.01.31-ний өдрөөс 2024.09.18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас 463,802 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/02059 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Э” ХХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн системийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож” гэснийг “Өгөгдлийн шинжээчийн ажил албан тушаалтай адил чанарын өөр ажлын байранд эгүүлэн авч ажиллуулахыг хариуцагч “Э” ХХК-д үүрэг болгож” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр Монгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2-т заасны дагуу гомдол гаргаж байна. Үүнд:
Давж заалдах шатны шүүх магадлалдаа “анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасан асуудлыг хэлэлцээгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцсэн байна.” гэж хуулийг буруу зөрүүтэй хэрэглэсэн байна. Тухайлбал, “Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасан асуудлыг хэлэлцээгүй” мэтээр давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т заасны дагуу ажил олгогчийн төлөөлөл ажилтнуудын төлөөлөлтэй 2023.01.19-ний өдөр болон 2023.01.20-ны өдрүүдэд бөөнөөр халах асуудлаар хэлэлцээ хийсэн. Уг хэлэлцээрийн хурлын тэмдэглэлийн “Хурлын агуулга” хэсэгт: "Энэ хэлэлцээрээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах, сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжинд авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлж өөр мэргэжлээр сургах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.” гэж хэлэлцэх асуудлаа тодорхойлж, тэдгээр асуудлуудаа хэлэлцсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “... энэ хуулийн 81.3-т заасан асуудлуудаар хэлэлцээ хийнэ”, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т "... зэрэг асуудлыг хэлэлцэнэ” гэж заасан бөгөөд талууд өөр өөрийн байр суурийг илэрхийлж 2 өдрийн турш хэлэлцээ хийсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн эдгээр заалтыг зөрүүтэй хэрэглэж хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т “... зэрэг асуудлыг хэлэлцэнэ” гэж заасан байхад эдгээр асуудлуудыг заавал шийдвэрлэх ёстой мэтээр хуулийг зөрүүтэй буруу хэрэглэж зөвхөн энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2022.11.30-ны өдрийн 426 дугаар тогтоол болон “Э” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолын дагуу гаргасан "Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.12.28 -ны өдрийн А/144 дугаар тушаалын дагуу хийгдсэн бүтцийн өөрчлөлтийг хүчингүй болгож байгаа нь учир дутагдалтай байна. Талууд 2 өдрийн турш хэлэлцээ хийхдээ хэлэлцсэн асуудлуудын зарим дээр нь тохиролцоонд хүрсэн. Тухайлбал хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх асуудал дээр талууд харилцан тохиролцоонд хүрсэн. /Б.Огийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн 3 сарын тэтгэмж авах хүсэлтээ гаргасны дагуу тухайн тэтгэмжийг олгосон./
Мөн магадлалд “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158-р зүйлийн 158.2.2-т нийцсэн байна.” гэж хуулийг зөрүүтэй буруу хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалт нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шууд шүүхэд хандах тухай зохицуулалт юм. Харин Б.Огийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд тус тус хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэсэн байхад шүүх хэргийг шийдвэрлэхэд огт хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээнд буруу жишиг тогтоож болзошгүй гэж үзэж байна.
Мөн хуулийн 81.5-д "... шинээр бий болсон ажлын байранд энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан хүн тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд түүний хүсэлтээр эхний ээлжинд авч ажиллуулна” гэж заасан байдаг ба нэхэмжлэгч Б.О нь ямар нэг албан тушаалд ажиллах талаар хүсэлт гаргаагүй, сонгон шалгаруулалтад ч оролцоогүй бөгөөд Системийн инженерийн ажлын байрны зорилго, чиг үүрэг нь түүний өмнө эрхэлж байсан Өгөгдлийн шинжээчийн ажлын байрны зорилго, чиг үүргээс ялгаатай, мөн тавигдах шаардлага нь өөр байгаа ба мэргэшлийн хувьд л гэхэд нарийн өндөр шаардлага тавигдсан зэргээс үзэхэд Б.Ог шинээр бий болсон ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж шинээр бий болсон ажлын байранд тэргүүн ээлжинд авч ажиллуулах боломжгүй юм.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Ог ”... Өгөгдлийн шинжээчийн ажил албан тушаалтай адил чанарын өөр ажлын байранд эгүүлэн авч ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгох”- оор шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Тус компанийн Гүйцэтгэх захирлын 2022.12.30-ны өдрийн 426 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтаар .нэхэмжлэгч Б.Огийн ажиллаж байсан “Мэдээлэл технологи олон нийттэй харилцах хэлтэс" өөрчлөгдөн зохион байгуулагдаж, улмаар Өгөгдлийн шинжээчийн ажлын байр компанийн бүтцэд байхгүй болж, хасагдсан. Тиймээс Гүйцэтгэх захирлын 2023.01.31-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар “Өгөгдлийн шинжээчийн ажлын байр хасагдсан” гэсэн үндэслэлээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу Б.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэл бүхий бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй болно. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Огийн ажиллаж байсан “Мэдээлэл технологи олон нийттэй харилцах хэлтэс” өөрчлөн зохион байгуулагдаж, улмаар Өгөгдлийн шинжээчийн ажлын байр хасагдсан, өөрөөр хэлбэл Өгөгдлийн шинжээчийн ажлын байрны зорилго, гүйцэтгэх чиг үүргийн хувьд Гүйцэтгэх захирлын 2022.12.30-ны өдрийн 426 дугаар тушаалаар баталсан системийн инженерийн ажлын байрны зорилго, чиг үүргээс ялгаатай тул “Өгөгдлийн шинжээчийн ажлын байр хасагдсан гэж үзнэ” гэж зөв дүгнэсэн.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох” гэсэн шаардлага хангагдах үндэслэлгүй ба урьд эрхэлж байсан өгөгдлийн шинжээчийн ажлын байр хасагдсан гэж зөв дүгнэсэн атлаа адил чанарын өөр ажлын байранд эгүүлэн авч ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгож байгаа нь бодит байдалд нийцэхгүй ямар хуулийн ямар заалтыг баримталсан нь тодорхойгүй бөгөөд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит компанийн хувьд “адил чанарын өөр ажлын байр” шинээр бий болгох боломжгүй юм.
Магадлалын “Үндэслэх нь” хэсгийн 5-д “ Харин “Э" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.28 -ны өдрийн А/144 дугаар тушаалаар Мэдээлэл технологийн хэлтсийг мэдээлэл технологийн хэлтсийн менежер-1, системийн инженер-1, техник хангамжийн инженер-1, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн-1 байхаар орон тоог өөрчлөн тогтоосноос үзэхэд нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Огийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ орон тоогоор хасагдсан системийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасанд нийцэхгүй байна.” гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар заана.” гэснийг зөрчсөн байна. Уг хэсэгт “... системийн инженер-1 байхаар баталсан” гэсэн атлаа “... орон тоогоор хасагдсан системийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэхгүй байна” гэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг илт гуйвуулан буруу худал дүгнэлт хийж улмаар түүнийгээ үндэслэж шүүхийн шийдвэрээ гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/02059 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2025/00054 дүгээр тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч Б.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч Б.О хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Компанийн бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбоотой өгөгдлийн шинжээч гэх ажлын байр хасагдсан тул миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл өгөгдлийн шинжээчийн ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, зөвхөн албан тушаалын нэршил өөрчлөгдсөн. ... Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдсан эсэх, эсхүл өөр ажлын байртай нэгтгэгдсэн эсэх талаарх үндэслэл бүхий тайлбар, тушаал шийдвэрийг танилцуулаагүй, бөөнөөр халах үеийн зохицуулалт явагдаж байгаа тохиолдолд ижил төстэй ажлын байрыг санал болгох чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсантай холбоотой өгөгдлийн шинжээч гэх ажлын байр хасагдсан. ... тийм чиг үүрэгтэй ажлын байр тус компанид одоо байхгүй. ... хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар 2022.12.30-ны өдөр буюу 30 хоногийн өмнө мэдэгдсэн. ... нийт 88 нээлттэй ажлын байр зарлагдсан ... ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан хэдий ч оролцоогүй. ... энэ талаар мэдэгдэлд тусгасан. ... Бөөнөөр халах явцад хэлэлцээрийг зохих журмын дагуу хийсэн. Хуульд заасан асуудлаар заавал хэлцэлд хүрсэн байх боломжгүй. Б.О нь тэтгэмжээ авахыг зөвшөөрсөн. ... шаардлага хангасан гэж үзэж байгаа ажлын байрандаа орж ажиллах хүсэлт гаргаагүй.” гэж маргасан.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах агуулга бүхий дүгнэлт хийжээ. Үүнд:
9.1. “...”Э” ХХК-ийн ... гүйцэтгэх захирлын 2023.01.31-ний өдрийн Б/06 тоот тушаалаар өгөгдлийн шинжээчийн ажлын байр хасагдаж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор ажилтантай харилцан тохиролцсон үндэслэлээр Б.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023.02.01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, 2023.04.28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцсэн.
9.2. ... “Э” ХХК нь Б.Отай 2023.01.20-ны өдөр хэлцэл хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан хөдөлмөр эрхлэлтийг цуцалсан тэтгэмжид 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохоор харилцан тохиролцсон байна. “Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс” нь “Мэдээлэл технологийн хэлтэс" болж өөрчлөгдсөн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан өгөгдлийн шинжээч гэх ажлын байр хасагдсан болох нь баримтаар тогтоогдсон. Б.Од 2022.12.30-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлээр “...Мэдээлэл, технологи олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн, өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгтээ хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох, хэрэв оролцоогүй, тэнцээгүй тохиолдолд түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах”-ыг мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасантай нийцээгүй буюу “ажлын байр” хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.
9.3. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасан хэлэлцээрээр шинээр бий болсон ажлын байрны шаардлагыг хангаж байгаа ажилтнуудад ажлын байр санал болгоогүй, нэмэгдсэн орон тоонд бөөнөөр халагдаж байгаа ажилтнуудаас эхний ээлжид авч ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нээлттэй зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох шаардлага тавьсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, 81.5-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийг Мэдээлэл технологийн хэлтсийн системийн инженерийн албан тушаалд тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох үндэслэлтэй. ...” гэж дүгнэжээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Э” ХХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн системийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож” гэснийг “Өгөгдлийн шинжээчийн ажил албан тушаалтай адил чанарын өөр ажлын байранд эгүүлэн авч ажиллуулахыг хариуцагч “Э” ХХК-д үүрэг болгож” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Магадлалд дараах үндэслэлийг нэмж тэмдэглэсэн байна. Үүнд:
10.1. “... Хурлын тэмдэглэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т зааснаар халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгууллага сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон зэрэг асуудлыг бүхэлд нь авч хэлэлцэж шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. Иймд анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан асуудлыг хэлэлцээгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцсэн.
10.2. Нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан байхад анхан шатны шүүхээс Б.Огийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ орон тоогоор хасагдсан системийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасанд нийцэхгүй. Иймд нэхэмжлэгчийг “Э” ХХК-ийн 2022.12.28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар баталсан ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, агуулгын хувьд өмнө ажиллаж байсан өгөгдлийн шинжээчийн ажил албан тушаалтай адил чанарын ажил, албан тушаалд Б.Ог эгүүлэн авч ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгосон өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.
11. Зохигчийн хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосон эсэх асуудлаар маргаан өрнөсөн байх ба анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг тогтоож, адил агуулга бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байх боловч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилохдоо түүний ажиллаж байсан ажлын байр үгүй болсонтой холбогдуулан зөрүүтэй шийдэл гаргажээ. Хууль хэрэглээний энэ зөрүүг арилгахын зэрэгцээ ажилтнуудыг бөөнөөр халах үйл явц Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу явагдсан эсэх асуудлаар хариуцагчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.
12. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Э” ХХК-ийн Мэдээлэл, технологи, олон нийттэй харилцах хэлтэст өгөгдлийн шинжээчээр ажиллаж байх явцад тус компанид бүтцийн өөрчлөлт хийгдэн түүний ажлын байр хасагдсан талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ холбогдох хэлтсийн орон тооны нэршил, ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Өгөгдлийн шинжээч”-ийн ажлын байр хасагдсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.
13. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үйл явцыг зохицуулсан хэм хэмжээг тайлбарлан хэрэглэсэн байх ба хөдөлмөрийн гэрээг бөөнөөр дуусгавар болгох явцад ажилтнуудын эрх ашиг ноцтой хөндөгдсөн нь ажилд эгүүлэн тогтоох үндэслэл мөн гэж үзсэнийг буруутгахгүй.
14. Зохигчийн хэн аль нь 2022 оны 12 дугаар сараас 02 дугаар сарын хооронд “Э” ХХК-д ажилтнуудыг бөөнөөр халах үйл явц өрнөсөн тухайд маргаагүй.
15. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д бөөнөөр халах ойлголтыг тодорхойлсон байх ба аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагаас хуульд заасан тодорхой хувь, хэмжээгээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд цуцалсныг ойлгохоор заажээ. Тус зүйлд бөөнөөр халах хэд хэдэн үндэслэлийг дурдсаны дотор орон тоо цөөрөх, ажлын байр хасагдах тохиолдлыг багтаасан байна.
16. Хуулийн дээрх заалтаас бөөнөөр халах үйл явц нь бүхэлдээ ажилтны тоог цөөрүүлэх үр дагаврыг бий болгосон байх ерөнхий ойлголт төрөхүйц байх хэдий ч маргаан бүхий энэ тохиолдолд 47 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэгэн зэрэг дуусгавар болгож 88 шинэ орон тоо зарлан, сонгон шалгаруулалт зохион байгуулж, 91 ажилтантай байхаар тооцон компанийн бүтцийг өмнөх байдлаас илүү өргөжүүлсэн байна. Гэвч энэ нь тус харилцааг бөөнөөр халах үйл явц биш гэж үзэх үндэслэл болохгүй. Бөөнөөр халах явцад байгууллагын нийт орон тоо буурсан байх явдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийг хэрэглэх урьдчилсан нөхцөл гэж үзэхгүй бөгөөд мөн зүйлд заасан тоон үзүүлэлтээр ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг нэгэн зэрэг олноор нь дуусгавар болгож байгаа бол бөөнөөр халах үйл явц гэж үзэх нь зүйтэй байна.
17. Түүнчлэн энэ үйл явцын дүнд нийтлэг байдлаар орон тоо цөөрөөгүй, компанийн ерөнхий бүтэц жижигрээгүй бол бөөнөөр халах үйл явцад ажилтны эрхийг хамгаалах чиглэлээр ажил олгогчид тавигдах шаардлага өндөрсөх нь зүй. Учир нь компани ерөнхий бүтцээ томруулж, өргөжүүлсэн нь тухайн компани эдийн засгийн хувьд ноцтой хүндрэлд ороогүйг илтгэх нэгэн хүчин зүйл мөн.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т бөөнөөр халах үйл явц өрнөхөд ажилтны төлөөлөлтэй ажил олгогчийн зайлшгүй хэлэлцэх асуудлыг тодорхойлсон байна. Хэрэгт ажилтнуудын төлөөлөлтэй 2022.01.19, 01.20-ны өдрүүдэд тус тус нэг удаа уулзсан уулзалтын тэмдэглэл авагджээ. Эдгээр уулзалтаар хэлэлцсэн асуудлыг тэмдэглэлийн удиртгалд ерөнхийлөн тусгахдаа хуульд заасан “... халагдах ажилтны тоог багасгах; тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх; ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах; ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ ...” зэргийг хэлэлцсэн гэх боловч тэмдэглэлийн агуулгаас үзвэл тэтгэмжээс бусад асуудлыг огт хэлэлцээгүй, “хэлэлцэхгүй” гэх байр суурьтай байгаагаа ажил олгогчийн төлөөлөгч хэд хэдэн удаа илэрхийлсэн нь уг тэмдэглэлд туссан байна.
Энэ тохиолдолд бөөнөөр халахдаа ажилтны эрхийг ажил олгогчтой тэнцвэржүүлэх зорилгоор хууль тогтоогчийн тусгасан процессын чухал үе шат хэрэгжээгүй гэж үзэх бөгөөд талуудын тэгш байдлын зарчим алдагдаж, ажилтны эрх ноцтой зөрчигджээ.
19. Зүй нь энэ хэлэлцээрийн явцад шинээр нэмэгдэж байгаа ажлын байр, түүний чиг үүргийг танилцуулж, халагдаж буй ажилтнуудаас уг ажлын байранд ажиллах хүсэл сонирхлоо илэрхийлэх, эсхүл мэргэжлээ дээшлүүлэх замаар тус ажлын байранд орж ажиллах эрхээ хэрэгжүүлэхэд ажилтанд шаардлагатай бүрэн дүүрэн мэдээллийг солилцсон байх учиртай. Гэвч хэрэгт авагдсан хэлэлцээрийн тэмдэглэлээс үзвэл ажил олгогч нь энэ тухай тодорхой мэдээллээр ажилтны төлөөллийг хангаагүйн улмаас хариу санал, хүсэлтээ тодорхой илэрхийлэх боломжгүй байжээ. “Хэлэлцээрийн явцад асуудал бүрийг ажилтны хүсэлтээр шийдвэрлэхийг хууль шаардаагүй, гагцхүү хэлэлцээр хийгдсэн байхыг л шаардана” гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, аливаа хэлэлцээрийн явцад аль нэг талын, эсхүл дундын санал эцсийн шийдэл болох ба энэ шийдлийг урьдчилан таамаглах боломжгүй. Гэвч энэ хэргийн тохиолдолд хэлэлцээр хэлбэрийн төдий хийгдсэн байх ба хуульд заасан асуудлууд огт хэлэлцэгдээгүй тул аль нэгний саналаар шийдэлд хүрэх ч боломжгүй байсан гэж дүгнэхээр байна.
20. Иймд, хэдийгээр өгөгдлийн шинжээчийн ажлын байр үгүй болж хасагдсан боловч түүний оронд мэргэжлийн шаардлага хангаж буй бусад ажлын байранд шууд, эсхүл сонгон шалгаруулалтаар, эсхүл мэргэжлээ дээшлүүлэх зарчмаар орж ажиллах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д заасан ажилтны эрх зөрчигдсөн гэж үзэхэд хүргэж байна.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв болсон.
21. Анхан болон давж заалдах шатны шүүх ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо ялгаатай шийдэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан өгөгдлийн шинжээчийн ажлын байр хасагдсан тул “Э” ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтсийн системийн инженер албан тушаалд эгүүлэн тогтоосон бол давж заалдах шатны шүүх ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, агуулгын хувьд өмнө нь ажиллаж байсан өгөгдлийн шинжээчийн ажил албан тушаалтай адил чанарын ажил, албан тушаалд Б.Ог эгүүлэн авч ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгосон өөрчлөлтийг оруулсан байна.
Хоёр шатны шүүхийн шийдлийг өөрчлөх үндэстэй. Учир нь, гагцхүү эзэмшсэн байх ёстой мэргэжлийн шаардлага хангасан гэх үндэслэлээр ажлын байрны чиг үүрэг, тодорхойлолт нь илэрхий өөр ажлын байранд ажил олгогчийн саналыг харгалзалгүй шүүхээс шууд томилж шийдвэрлэх нь ажил олгогчийн хөдөлмөрийн харилцаанд шийдвэр гаргах бие даасан байдал, ажилтан ба ажил олгогчийн тохиролцон шийдвэрлэх асуудалд хөндлөнгөөс оролцсон явдал болно.
Нөгөө талаас адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахыг ажил олгогчид даалгаж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заах нь талууд санал солилцож, хүсэл зоригоо харилцан илэрхийлж, сонгох, зөвшилцөх, буулт хийх зарчмаар уян хатан хэрэгжих арга хэрэгслийг “адил чанарын ажлын байр” гэх нэг шинж тэмдгээр хязгаарлаж, ажил олгогчид үүрэгжүүлснээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүргэх сөрөг талтай.
22. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2 дахь хэсгүүдээр тус тус зохицуулжээ. Тус зүйл, заалтад хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон бол өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх, талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болохоор зохицуулсан байна.
Иймд ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр хасагдсан гэх боловч зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх зорилгын хүрээнд уг албан тушаалд буцаан тогтоож шийдвэрийн тогтоох хэсгийг өөрчлөх, уг шийдвэрийг биелүүлэх явцад Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх арга хэрэгслийн тусламжтайгаар тэгш байдал, шударга ёсны зарчмын дагуу ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож, эрх зөрчигдөхөөс өмнөх байдалтай аль болох дүйцэх байдлаар ажилтны эрхийг сэргээж шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтойг тайлбарлах нь зүйтэй байна.
23.Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан ажилтанд олгох нь зүйтэй бөгөөд энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
24. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулан хариуцагчийн өмгөөлөгч Б.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/02059 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03413 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ог “Э” ХХК-ийн Өгөгдлийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 61,170,472 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Огийн 2023.01.31-ний өдрөөс 2024.09.18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “Э” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.07-ны өдөр 463,802 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
\
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА