Л.Х-ийн нэхэмжлэлтэй, Б.Э-д холбогдох

Шүүгчийн нэр Х.Эрдэнэсувд
Шийдвэрийн огноо 2024.11.12
Шийдвэрийн дугаар 001/ХТ2024/00256
Хэргийн индекс 181/2023/05785/И
Маргааны төрөл None
Хуулийн зүйл, заалт
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.05.30, дугаар: 181/ШШ2024/02215
Анхан шатны шүүх -
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.07.17, дугаар: 210/МА2024/01418
Давж заалдах шатны шүүх -

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар: 001/ХТ2024/00256
Улаанбаатар хот


Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн 181/ШШ2024/02215 дугаар шийдвэр,

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 17-ны  өдрийн 210/МА2024/01418 дугаар магадлалтай,

 

 Хын нэхэмжлэлтэй

Эт холбогдох

 

 Орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Хоос хариуцагч Эт холбогдуулан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

 2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн 181/ШШ2024/02215 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ... үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Эийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, уг орон сууцны өмчлөгч болох Ход олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 5761, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны  өдрийн 210/МА2024/01418 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн 181/ШШ2024/02215 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад “чөлөөлж, уг орон сууцны өмчлөгч болох нэхэмжлэгч Ход олгосугай.” гэснийг “чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 920,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож  шийдвэрлэжээ.

 

 4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Шүрэнцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд байгуулсан “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”, “Худалдах худалдан авах гэрээг” Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн алдаатай дүгнэснийг залруулж, Иргэний хуулийн 236-р зүйлийн 236.1.2-т заасан зохицуулалтад нийцсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан хуулийг буруу хэрэглэж тайлбарласан.

4.2. “Үүрэг дуусгавар болгох гэрээ”, “Худалдах, худалдан авах гэрээ”-г талууд анхнаасаа худалдах зорилгогүй, барьцаалах, үүргийг хурдан гүйцэтгүүлэх зорилгоор өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргээ биелүүлсний дараа буцаан шилжүүлэх зорилгоор дээрх гэрээг хийсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч талууд хүлээн зөвшөөрч, талуудын тайлбараар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.2-т зааснаар нотлогдоод байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Харин хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй гэж дүгнэж хуулийг буруу хэрэглэж тайлбарласан.

4.3. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 171-р зүйлийн 171.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-p зүйлийн 172.2.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.10.24-ний өдрийн 001/ШХТ2024/01173  дугаар тогтоолыг гаргажээ.

 

 ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгч Х хариуцагч Эт холбогдуулан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Эт 2022.03.01-ний өдөр зээлийн гэрээгээр 45,000,000 төгрөг өгсөн. Уг гэрээг 2022.03.01-ний өдрөөс 2023.03.01-ний өдөр буюу нэг жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй байгуулсан. Үүн дээр нэмж 15,000,000 төгрөг мөн зээлээр олгосон.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022.03.01-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, ... орон сууцыг барьцаалсан.

2023.05.25-ны өдөр үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 14,400,000 төгрөг, алданги 37,200,000 төгрөг, нийт 111,600,000 төгрөг болоход Э зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, байраа шилжүүлж өгнө гээд үүрэг дуусгавар болгох гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15-р байр 68 тоот хаягт байршилтай 40 м.кв гурван өрөө орон сууцыг надад шилжүүлэн өгсөн. Э нь өнөөдрийг хүртэл эцэг эхтэйгээ уг орон сууцад амьдарч байгаа ба удаа дараа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч чөлөөлж өгөхгүй өмчлөх эрхэд халдаж байна. Иймд орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан...”  гэж тайлбарласан,

Хариуцагч Э хариу тайлбартаа: “...Хоос авсан мөнгийг бизнестээ зарцуулж байсан боловч Ковид 19-ийн хөл хорио тавигдаж байсан учраас хийж байсан бизнест маань нэлээд хүндрэл гарч зээлээ төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Энэ үед Х надад барьцаанд тавьсан орон сууцаа миний нэр дээр түр шилжүүлж өг, дараа нь мөнгөтэй болохоороо үндсэн зээл болон хүү, алдангиа төлөөд буцаагаад шилжүүлээд аваарай гэж хэлсэн. Дараа нь орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба Х татвар бага төлөх зорилгоор орон сууцны үнэлгээг 90,000,000 төгрөг гэж бичсэн. Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, Х нь зээлээ хурдан төлүүлэхийн тулд тус гэрээг байгуулж байгаа гэж ойлгуулж, энэ гэрээг байгуулсан. Эт орон сууцаа худалдах хүсэл зориг байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

   7. Анхан шатны шүүх: “...Зохигчийн хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлийн хүү, хугацаа, алдангийг тохирсон тухай талууд маргадаггүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан нь нотлогдож байна.

Талууд зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих төлбөр 2023.05.25-ны өдрийн байдлаар нийт 104,850,000 төгрөг гэж харилцан тооцоо нийлж, уг үнийн дүнгээр барьцаа хөрөнгийг худалдахаар тохиролцож, 2023.05.30-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх ба татвар төлөх дүнг багасгах зорилгоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 90,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөрийг бүрэн төлж дууссан гэж гэрээнд тусгасан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдсон. Улмаар нэхэмжлэгч Х маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

...Талууд гэрээний гол нөхцөлийг өөрсдөө тогтоож, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг дүгнэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчид худалдах зорилгоор барьцааны эрхийг дуусгавар болгож, худалдах, худалдан авах гэрээний үнийг зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөрөөр тооцож, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон, энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 236.1.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно” гэж заасантай нийцсэн байна.

Иймд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгч Ход шилжиж, өмчлөх эрх үүссэн, өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг шаардах эрхтэй.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан ч нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүйгээс гадна эд хөрөнгө эзэмшиж буй байдлынхаа эрх зүйн үндэслэл, тухайн эзэмшил хууль ёсны болохыг нотлоогүй байна...” гэж дүгнэсэн бол,

 Давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ: “...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үүргийн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт өгөхдөө үүрэг дуусгавар болгосон гэрээг хүчин төгөлдөр бус гэж алдаатай дүгнэсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 60,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 104,850,000 төгрөг төлөх үүрэгтэй, энэхүү мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэгчийн хариуцагчаас худалдан авах гэж буй гурван өрөө орон сууцны төлбөрт шилжүүлэн тооцохоор талууд 2023.05.25-ны өдөр харилцан тохиролцсон. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэх зохицуулалтад нийцсэн тул зохигчийн байгуулсан үүрэг дуусгавар болгох гэрээ хүчин төгөлдөр байна.

Үүрэг дуусгавар болгох гэрээгээр зээлийн гэрээний үүргийг 2023.05.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцохоор нэгэнт харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлж барагдуулсан гэж үзнэ. Ийнхүү зээлийн гэрээний үүргээр худалдах, худалдан авах гэрээний үнийг харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч төлж барагдуулсан тул түүнийг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж тооцохгүй юм.

Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон, хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй болохоо буюу татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй тул анхан шатны шүүх ... үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Эийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн...” гэж дүгнэсэн.

8. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, адил шийдвэр гаргасан боловч шүүх хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

9. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Зохигч  2022.03.01-нд Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Э 45,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүү төлөх, үүргийг хугацаандаа биелүүлэхгүй бол алданги тооцохоор, зээлдүүлэгч Х зээлийн хөрөнгийг шилжүүлэх үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эийн өмчлөлийн ... орон сууцыг барьцаалж Барьцааны гэрээ байгуулжээ.

Гэрээний дагуу Х нь Эт зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, 2022.07.17-ны өдөр нэмж 15,000,000 төгрөгийн зээл олгосон, гэрээний хугацаанд зээлдэгч зээлийн төлбөрт 6,300,000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр хийгээгүй байна.

2023.05.25-ны өдөр талууд Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулж, гэрээнд өмнөх үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн үндэслэлээр үүргийг дуусгавар болгож, барьцааны хөрөнгийг үүргээс чөлөөлсөн тухай бичилт хийсэн, 2023.05.30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг 90,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон, төлбөрийг бүрэн төлж дуусгасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Хын өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг гэрчилгээ олгогдсон үйл баримт тогтоогджээ.

10. Дээрх гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ: “...зээлийн төлбөрийг төлөх хүртэлх хугацаанд барьцаалуулахаар орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болохоос түүнд худалдаагүй...” гэж тайлбарлажээ.

Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг анх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бөгөөд зээлийн төлбөр төлөгдөөгүй байхад хийгдсэн 2023.05.25-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ болон 2023.05.30-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлэн бодитоор хийгдээгүй талаар зохигч маргаагүй байна.

Харин зээлдэгч нь төлбөрөө төлсөн тохиолдолд орон сууцыг хариуцагчийн өмчлөлд буцааж шилжүүлэх боломжтой байсан боловч нэг жилийн хугацаа өнгөрөхөд зээлийн төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг зөв тогтоосон боловч маргааны үндэслэлийг зөв тодорхойлоогүй, улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

12. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...хариуцагч зээлийн төлбөрөө төлөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлсэн, ...жилийн хугацаа өнгөрөхөд төлбөр төлөгдөхгүй байгаа тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан...” гэсэн агуулгаар тайлбарласан, хариуцагч: “...нэхэмжлэгч нь төлбөрөө төлөхгүй зөндөө удлаа, тийм болохоор барьцаанд байгаа орон сууцаа миний нэр дээр шилжүүлж өг, ...дараа нь төлбөрөө төлөөд буцааж шилжүүлэх боломжтой гэсэн тул би байраа алдахгүйн тулд ...гэрээ байгуулсан...” гэжээ. 

Талуудын дээрх тайлбараас зохигчийн хооронд байгуулсан 2023.05.30-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг зээлийн төлбөр бүрэн төлөөгүй үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож хийсэн хэлцэл байна, иймд хуулийн дээрх зохицуулалтад зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, өөрөөр хэлбэл, хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгчийг маргаж буй орон сууцны өмчлөгч гэж үзэхгүй, тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардлага гаргах эрхгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

13. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул маргааны зүйл болсон ... орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Эийг бүртгэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

14. Дээр дурдсанчлан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүх бүрэлдэхүүн дүгнэв.           

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн 181/ШШ2024/02215 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны  өдрийн 210/МА2024/01418 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул ... орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар Э, Х нарын хооронд байгуулагдсан 2023.05.30-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Эийг бүртгэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш-ийн гомдлыг хангасугай.   

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эээс 2024.08.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

 

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                   Д.ЦОЛМОН

 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД