“Б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр П.Соёл-Эрдэнэ
Шийдвэрийн огноо 2024.10.25
Шийдвэрийн дугаар 001/ХТ2024/0094
Хэргийн индекс 221/2024/0009/З
Маргааны төрөл None
Хуулийн зүйл, заалт Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4, 62 дугаар зүйлийн 62.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.14
Шийдвэрлэсэн байдал

шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо , дугаар: None
Анхан шатны шүүх -
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.08.05, дугаар: 221/ШШ2024/0029
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар: 001/ХТ2024/0094
Улаанбаатар хот


“"БМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                           Х.Батсүрэн

            Танхимын тэргүүн:                         Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                         Г.Банзрагч

              Ц.Цогт                   

            Илтгэгч шүүгч:                                П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:                   У.Оюунзаяа

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 29 дүгээр шийдвэртэй хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, А.У нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/139 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

2.Хэргийн нөхцөл байдал: “БМ” ХХК нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас илгээсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээр гаргуулан авдаг байх бөгөөд 2023 оны 05 дугаар сард үзүүлсэн өвчтөний эмчилгээний төлбөрийн нэхэмжлэхийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авахаар 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20.20 минутад 570,193,750 төгрөгийн үнийн дүнгээр icvoice@emd.gov.mn цахим шууданд, 6 дугаар сарын 5-ны өдөр 23.58 минутад түүвэрлэгдсэн 47 өвчтөний өвчтөний түүхийг history@emd.gov.mn цахим хаягт тус тус илгээсэн боловч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас уг хүсэлтийг “... хугацаа хоцроон илгээсэн, ажлын 8 цагт багтаан  илгээх үүрэгтэй, мөн 6 дугаар сард 13 даатгуулагчийн мэдээллийг илгээгээгүй” тул амжилтгүй нэхэмжлэлд тооцож, төлбөрийг хийхгүй гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: “...Нэхэмжлэлийг хянах журам нь улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй тул хэм хэмжээний акт мөн, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул хэм хэмжээний акт бүхэлдээ хүчин төгөлдөр бус, журмын заалтыг урьдаас мэдэж, ямар үүрэгтэй талаар тодорхой мэдэж, дасан зохицож, өөрийн үйл ажиллагааг зохицуулах боломж олгоогүй, журам болон гэрээ 2 хугацааны хувьд зөрүүтэй, өөр өөр хугацаа зааснаас тодорхойгүй байдал үүссэн” гэж,

4.Хариуцагчаас: “... маргаж буй журмыг өөрийн чиг үүрэгт хамаарах чанар, төлбөрийн хяналтыг хэрэгжүүлж, арга хэмжээ авч ажиллах, мөн даатгуулагчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг хүлээн авах, хянах, төлбөр төлөх, тайлагнах, мэдээлэх, дүн шинжилгээ хийх, чанар сайжруулах арга хэмжээ авах, эргэх холбоо тогтоох зорилготой баталсан, дотооддоо чиглэсэн тул захиргааны хэм хэмжээний акт биш, бүртгүүлэх шаардлагагүй” гэж тус тус маргажээ.

5.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Захиргааны байгууллагаас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дүгээр тушаалын хавсралтаар баталсан маргаан бүхий “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг баталсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул тус журмыг хүчингүй болгох үндэслэлгүй.

5.2.Нэхэмжлэгч өөрөө тус журмыг хэрэгжүүлж ажиллаагүй, энэ шалтгаан нөхцөл нь журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэл болохгүй.

5.3.Харин хариуцагч захиргааны байгууллага нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон дээрх журмын заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай маргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй гэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

6.1.Нэхэмжлэлийг хянах журам нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тухайн актыг биелүүлээгүй гэж нэхэмжлэгч “БМ” ХХК-д үүрэг, хариуцлага хүлээлгэж байгаа үйлдэл нь хууль бус юм. Эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны хэм хэмжээний актыг биелүүлж ажиллаагүй хэмээн дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй дүгнэлт юм.

6.2.Хариуцагч тухайн маргаан бүхий нэхэмжлэлийг хянах журмыг захиргааны хэм хэмжээний акт биш харин дотогш чиглэсэн хэмээн маргаж буй бөгөөд энэ тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын шинжийг хангаж буй эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

6.3.Хууль ёсны итгэл хамгаалах зарчим нь Эдийн засгийн хүрээн дэх төрийн буюу захиргааны үйл ажиллагаа урьдчилан тооцоолох буюу урьдаас харах боломжтой байх юм. Үүний агуулга нь эдийн засгийн харилцааг зохицуулсан төрийн үйл ажиллагааны талаар, тухайлбал хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны актын талаар холбогдох этгээдүүд мэдсэн байх (хууль, хэм хэмжээний актыг албан ёсоор нийтэлсэн) бөгөөд тэдэнд тухайн шийдвэрт нийцүүлэн өөрсдийн үйл ажиллагаагаа зохицуулах, дасан зохицох боломжит хугацаа олгосон байхыг ойлгодог.

6.4.Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас илгээсэн нэхэмжлэлийнхээ үнийн дүнгээр гаргуулан авдаг билээ. Гэтэл хариуцагч нь хууль, гэрээ болон захиргааны хэм хэмжээний акт (Чанар, төлбөрийн хяналтын журам)-д заагаагүй үндэслэлээр төлбөрийг хасаж, олгохоос татгалзаж байна гэжээ.

7.Хариуцагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

9.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” , 16.1.14-т “даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг нэхэмжлэх, түүнийг хянах, төлбөр тооцоог гүйцэтгэх, маргааныг шийдвэрлэх журмыг батлах” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг баталсан байх бөгөөд хэргийн оролцогчид тухайн журмыг хариуцагч батлах эрхтэй эсэх талаар маргаагүй, харин тухайн журам нь хэм хэмжээний акт мөн эсэх, хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаж байна.

10.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж зааснаар “Нэхэмжлэлийг хянах журам” нь нийтэд чиглэсэн буюу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад чиглэсэн, байнга давтагдах шинжтэй, иргэдэд үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас авах харилцааг зохицуулсан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад төлбөр олгох, эсхүл олгохгүй байх эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжтэй байх тул захиргааны хэм хэмжээний актын шинжийг бүрэн агуулсан байна.

11.Иймд, хариуцагчийн “байгууллагын дотоод чиглэсэн харилцааг зохицуулсан” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, Нэхэмжлэлийг хянах журам нь зөвхөн тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй болох нь Нэхэмжлэлийг хянах журмын 1.2-т “Энэхүү журмын зорилго нь даатгуулагчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг хүлээн авах, хянах, төлбөр төлөх, тайлагнах, мэдээлэх, дүн шинжилгээ хийх, чанар сайжруулах арга хэмжээ авах, эргэх холбоо тогтооход оршино”, 7.9.4-т “Хэрэв нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтад хамрагдах түүвэрлэгдсэн тохиолдлын анхан шатны маягт болон нэхэмжлэлийн хяналтын маягтыг энэхүү журмын 7.9.1, 7.9.2-т заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд тухайн нэхэмжлэлийг “амжилтгүй нэхэмжлэл” гэж тооцон төлбөрийг хийхгүй ...” гэх зэрэг зохицуулалтаас үзвэл уг журам нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад чиглэсэн, тэднээс баримт бүрдүүлэхийг шаардсан, төлбөр авах шалгуур тогтоосон, хугацаа зааж, хугацаанд ирүүлээгүй бол төлбөр олгохгүй зэрэг эрх зүйн үр дагавар үүсгэжээ.

12.Иймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг зохих журмын дагуу баталж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.

13.Түүнчлэн, энэ тохиолдолд хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Нэхэмжлэлийг хянах журмыг батлан гаргахдаа хуулиар тогтоосон журам зөрчсөн, эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн саналыг сонсох, оролцоог хангах арга хэмжээ зохион байгуулаагүй, хугацааны хувьд өөр өөр хугацаа тогтоож, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн, хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хууль зүйн үндэслэлийг хянуулаагүй буруутай байна.

14.Гэтэл давж заалдах шатны шүүхээс “ … “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг баталсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул тус журмыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын агуулга, маргааны үйл баримтад нийцээгүй, хэргийн оролцогчид захиргааны хэм хэмжээний акт мөн эсэхэд маргасан байхад уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч тухайн маргаан бүхий нэхэмжлэлийг хянах журмыг захиргааны хэм хэмжээний акт биш харин дотогш чиглэсэн хэмээн маргаж буй бөгөөд энэ тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын шинжийг хангаж буй эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй” гэх гомдол үндэслэлтэй.

15.Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид маргаан бүхий журмыг хэм хэмжээний акт мөн эсэх, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй эсэх, эрх зүйн үйлчлэлтэй эсэхэд маргасан байхад давж заалдах шатны шүүхээс уг асуудалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа “... нэхэмжлэгч өөрөө тус журмыг хэрэгжүүлж ажиллаагүй, энэ шалтгаан нөхцөл нь журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэл болохгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

16.Зүй нь хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж зааснаар “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг батлан гаргахдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг оролцуулан, шаардлага хангасан нэхэмжлэх гэдэгт ямар шалгуур тогтоох, хэн нь хэд хоногийн дотор, ямар үүрэг хүлээх талаар хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай байсан, тухайлбал, журмын 7.9.3-т заасан “Хэрэв энэ журмын 7.9.1-д заасан нөхцөлд хамаарахгүй тохиолдолд түүврийн мэдээллийг ЭМБ-ын HICS нэвтрэх эрхээр илгээснээс хойш ажлын 8 цагт багтаан анхан шатны маягт, нэхэмжлэлийн хяналтын маягтыг нийслэлд нэхэмжлэл хариуцсан холбогдох нэгжийн мэргэжилтэнд хүлээлгэн өгнө” гэсэн зохицуулалтын хүрээнд “ажлын 8 цаг” гэсэн шалгуур тогтоох хэрэгцээ шаардлага, ач холбогдол, үр дагаврын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа журмыг батлах байжээ.

17.Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно …” гэж зааснаар захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгүүлж, хэвлэн нийтэлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд маргаан бүхий журмыг зохих журмын дагуу бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

18.Дээрх үндэслэлүүдээр, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4, 62 дугаар зүйлийн 62.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.14-т заасныг баримтлан “БМ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар батлагдсан “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                          Ц.ЦОГТ

    П.СОЁЛ-ЭРДЭНЭ