“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч, татварын улсын байцаагч, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр П.Соёл-Эрдэнэ
Шийдвэрийн огноо 2024.09.23
Шийдвэрийн дугаар 001/ХТ2024/0084
Хэргийн индекс 128/2018/0222/З
Маргааны төрөл татвар
Хуулийн зүйл, заалт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006)  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 13 дугаар зүйлийн 13.4, 21 дүгээр зүйлийн 21.5, Хувь хүний орлогын албан татварын тухай (2006) хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 28 дугаар зүйлийн 28.1, Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 1.4 дүгээр зүйлийн 6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2019) хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.9
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.01.03, дугаар: 128/ШШ2024/0021
Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.05.28, дугаар: 221/МА2024/0353
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар: 001/ХТ2024/0084
Улаанбаатар хот


“Х” ХХК-ийн гомдолтой,

Татварын ерөнхий газрын

улсын байцаагч нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                М.Батсуурь

Танхимын тэргүүн:              Д.Мөнхтуяа

Шүүгчид:                          Г.Банзрагч

  Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:       У.Оюунзаяа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0021 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2024/0353 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, О.Ц, Б.Б, өмгөөлөгч Г.Ж, Г.О, хариуцагч С.Э, А.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 250 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр, гомдол гаргагчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газар болон Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Нэг-ийн 6 дахь заалтаас бусад хэсгийг хүчингүй болгуулах, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах;

2.Хэргийн нөхцөл байдал: Татварын ерөнхий газраас “Х” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, 8,093,019,484 төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогчид тооцооллын маргаангүй, харин хууль хэрэглээний хувьд тогтоосон төлбөрийг төлөх эсэхэд маргасан байна.

3.Ногдол ашгийн татвар суутгах эсэх тухайд:

3.1.Хэргийн нөхцөл байдал: “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолоор нэгж энгийн хувьцааны үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгож өсгөхийг зөвшөөрсөн, ийнхүү нэрлэсэн хувьцааны үнийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор өөрийн хөрөнгийн нөөцийн сангаас 5 тэрбум, нэмж төлөгдсөн капитал данснаас 14 тэрбум, нийт 19 тэрбум төгрөгийг энгийн хувьцааны дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Тодруулбал, 2015 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгө 32,9 тэрбум, өмнөх үеийн хуримтлагдсан ашиг 404,8 тэрбум төгрөг байснаас өмнөх үеийн хуримтлагдсан ашиг данснаас “хувьцаанд хөрвөх эх үүсвэр” данс руу бичилт хийж, түүнээс хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх гүйлгээ хийж, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50,0 тэрбум төгрөг болсон байна.

3.2.Татварын улсын байцаагч нараас “Ногдол ашиг хувь нийлүүлэгч нарт олгохдоо суутгагчийн үүрэг биелүүлээгүй” гэж, 17,209,782,000 төгрөгийн зөрчилд, нөхөн төлбөр 2,753,565,300, торгууль 826,069,690, алданги 550,713,060 төгрөгийн төлбөр тогтоосон.  

3.3.“Х” ХХК-иас “... Банкны тусгайлсан зохицуулалтын хүрээнд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум болгож өсгөх үүрэг хүлээж, энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгон өсгөсөн. Энэ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн болохоос ногдол ашиг хуваарилаагүй, ногдол ашгийг хувьцаанд хөрвүүлнэ гэдэг нь тухайн хүнд тодорхой тооны хувьцаа нэмж хөрвүүлэх тухай ойлголт. Өөрөөр хэлбэл, хөрвүүлнэ гэдэг нь мөнгийг хувьцаа болгох гэсэн ойлголт. Гэтэл хувьцааны тоо ширхэг нэмэгдсэн зүйл байхгүй. Хувьцааны нэрлэсэн үнэ өслөө гээд илүү ногдол ашиг авахгүй. Нэмж төлөгдсөн капитал данс нь эздийн өмч гэдэг баланс дээр бүртгэлтэй байдаг” гэж,

3.4.Хариуцагч нараас “... 6 хувь нийлүүлэгчдийн хөрөнгө 32 тэрбум байснаас, 50 тэрбум болж, эцсийн дүндээ 17,2 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлэгчдийн хөрөнгө нэмэгдсэн, аль данснаас хэдэн төгрөг хуваарилсан нь ач холбогдолгүй. Бичилт хийсэн тул ногдол ашиг хуваарилсан гэж үзэж байгаа. Ногдол ашгийг заавал бэлнээр тараасан байхыг шаардахгүй. Ногдол ашиг хуваарилсан гэдэг нь хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, банкны зөвшөөрлийн журамд заасан баримтуудаар нотлогдож байгаа юм. Нэгж хувьцааныхаа үнийг нэмэх замаар 50 тэрбум болгоод 6 хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө нэмэгдсэн. Үүний дараа ногдол ашгийн данснаас хувьцаа эзэмшигчийн данс руу гүйлгээг бичилтээр хийсэн. Эцсийн дүндээ хувьцаанд ногдох үнэ өсчихсөн учраас нэгж хувьцааны үнийг нэмэгдүүлэх замаар ногдол ашиг хүртсэн тул татвар төлнө” гэж тус тус маргажээ.   

3.5.Анхан шатны шүүхээс дараах дүгнэлтээр, ногдол ашиг хуваарилсан гэж үзэж, нөхөн төлбөрийг хэвээр үлдээж, торгууль, алдангийг хасч шийдвэрлэсэн:

3.5.1.Компанийн хуримтлагдсан ашгаас байгуулсан нөөцийн сан данс, хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлөгдсөн дүнг бүртгэдэг, хувьцааны урамшууллыг илэрхийлсэн данс болох нэмж төлөгдсөн капитал данснаас гүйлгээ хийж, хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн нь компанийн өөрийн хөрөнгө уг мөнгөн дүнгээр буурч, харин хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгө уг мөнгөн дүнгээр өссөн байх тул “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь ногдол ашгийн орлого хүртсэн гэж үзэхээр байна.

3.5.2.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх замаар нэмэгдүүлсэн, үүнд талууд маргаагүй, гагцхүү компанийн хувьцааны нэрлэсэн үнэ 5000 төгрөгөөс 8000 төгрөг болж өссөн зөрүүгээр хувьцаа эзэмшигчид нь хөрөнгөө нэмж оруулахдаа компанийн (банкны) нөөцийн сан данс, нэмж төлөгдсөн капитал данс дахь мөнгөн хөрөнгөөс хувьцаа эзэмшигч нарт шилжүүлж хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн.

3.5.3.Хариуцагч нараас дээрх зөрчилд торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй. Энэ тохиолдолд “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь орлого олж буй татвар төлөгч, харин “Х” ХХК нь энэ харилцаанд суутгагчийн чиг үүрэгтэй оролцогч байх тул Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д зааснаар суутгагчаар зөвхөн төсөвт төлөөгүй татварыг нөхөн төлүүлэхээр байна гэжээ.

3.6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр нөхөн төлбөр, алдангийг хэвээр үлдээж, торгуулийг хассан өөрчлөлт оруулсан:

3.6.1.Хувьцааны урамшууллыг илэрхийлсэн данс болох нэмж төлөгдсөн капитал данснаас гүйлгээ хийж, хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн нь Х-ны хувьцаа эзэмшигчид ногдол ашгийн орлого хүртсэн гэж үзэхээр байна.

3.6.2.Суутган төлөгчийн үүргээ биелүүлээгүй этгээдэд торгуулийн хариуцлага ногдуулахгүй, харин шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, түүний хөрөнгөөс гаргуулахдаа алдангийн хамтаар төлүүлэх эрхтэй гэжээ.

3.7.Гомдол гаргагч “Х” ХХК-иас хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

3.7.1.Банкны үйл ажиллагаанаас олсон орлогоос бус хувьцаа эзэмшигчид өөрсдийн хөрөнгөөр бий болгосон банкинд байрших нэмж төлөгдсөн капитал дансанд байршуулсан 14 тэрбум төгрөгөөр компанийн дүрмийн санг нэмэгдүүлсэн үйлдлийг ногдол ашиг хуваарилсан гэж үзэх боломжгүй.

3.7.2.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг илэрхийлэх данс нь энгийн хувьцаа гэсэн нэршилтэй данс байдаг ба энгийн хувьцаа данс, нэмж төлөгдсөн капитал данс, хуримтлагдсан данс болон бусад нөөцийн данснууд нь компанийн өөрийн хөрөнгөд хамаарах данснууд байдаг. Эдгээр данс хоорондоо гүйлгээ хийгдэх нь компанийн өөрийн хөрөнгөөс хасагдах үр дүнд хүргэх ямар ч боломжгүй гэдэг нь илэрхий асуудал билээ. Банкны үйл ажиллагааны үр дүнд хуримтлагдсан ашгаас байгуулагдсан нөөцийн сан данснаас 5 тэрбум төгрөгөөр дүрмийн санг нэмэгдүүлсэн үйлдлийг ногдол ашгаас ашиг хуваарилсан гэж үзэхгүй, хувьцаа эзэмшигч нар аливаа хэлбэрээр авсан орлого байхгүй. Харин өөрсдийн авах ёстой ногдол ашгийг банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор банканд шилжүүлсэн. Өөрийн нэг данснаас нөгөө дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө татвар ногдох ёстой гэж шийдвэр гаргасантай ижил шийдвэр гаргасанд гомдолтой гэжээ.

4.Хасагдах зардлын тухайд,

4.1.Хэргийн нөхцөл байдал: “Х” ХХК нь дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын ажиллагаа, ажилчдын сургалтын зардалд 6,188,154,481 төгрөгийг татвар ногдох орлогоос хассан байна.

4.2.Татварын улсын байцаагч нараас “хасагдах зардал биш, татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэж, нөхөн төлбөр 1,547,038,620 төгрөгийн, торгууль 464,111,586 төгрөгийн, алданги 253,007,631 төгрөгийн төлбөр тогтоосон.

4.3.“Х” ХХК-иас “... сургалтын гэрээнүүд, банкны дотоод арга хэмжээний зардал нь хүний нөөцийг тогтвортой байлгахад зайлшгүй гардаг зардал учраас хасагдах ёстой, сургалтын зардал шилжүүлсэн санхүүгийн баримтууд, банкны дотоод арга хэмжээний зардлын баримтууд ажил хэргийн уулзалтын зардал, ажилтнуудын цайны газрын хоолны материалын зардал, ХААН-Үдэш арга хэмжээний зардал, бусдаар гүйцэтгүүлсэн бусад арга хэмжээний зардал зэрэг баримтуудыг үнэлээгүй. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын “нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх" гэж заасны дагуу Банкны дотоод (ХААН-Үдэш) арга хэмжээний зардал албан татвар ногдох орлогоос хасагдах учиртай гэж,

4.4.Хариуцагч нараас “... хуульд зааснаас бусад тохиолдолд хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй бөгөөд шийтгэлийн хуудсыг үйлдэх үед 5%-иас хэтрэхгүй байх хууль батлагдан гараагүй байсан. Сургалтууд нь банкны хувьд үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулах, ашиг олох, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд чиглээгүй, банкны программ хангамжийн сургах, мэргэшүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын гэх мэт ажилтныг хэсэг бүлгээр, бөөнөөр хамруулсан сургалтыг өөр бусад этгээдээр зохион байгуулуулж төлбөрийг төлснийг хасагдах зардлаар тооцсон болно. Хасагдах зардал нь албан татварыг орлогыг бууруулах үр дагавар үүсгэдэг учраас хууль тогтоомжоор тухайлан зохицуулдаг, дээр дурдаж буй зардлууд нь хасагдах зардалд тооцогдохоор хуульчлаагүй” гэж тус тус маргажээ.

4.5.Анхан шатны шүүхээс дараах үндэслэлээр сургалтын зардлын 768,635,585 төгрөгийн нөхөн татвар, 230,590,675 төгрөгийн торгууль, 125,865,259 төгрөгийн алданги, нийт 1,125,091,521 төгрөгийг хасч, ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг тогтоосон төлбөрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгасан.

4.5.1.Аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлоготой шууд хамааралтай үйл ажиллагаанаас гарсан материалын зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлстэй холбогдох зардлуудыг хасаж тооцохоор хуульчилсан бөгөөд гал тогооны хоол, өглөөний цай, ажил хэргийн уулзалт, тавгийн чихэр, цай кофены зардал, хандивын уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээнүүд, бэлэг, дурсгалын зардал зэрэг нь банкны орлого олох үндсэн үйл ажиллагаатай шууд хамааралгүй байх тул хасагдах зардалд тооцох үндэслэлгүй.

4.5.2.Банкны үйл ажиллагааг хэвийн явуулах, орлого олох үндсэн зорилгын хүрээнд ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг сайжруулахтай холбоотойгоор гарсан сургалтын зардал нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөнд хамаарах хасагдах зардалд тооцох үндэслэлтэй. Шийтгэл ногдуулахдаа хариуцагч зөрчилд хамаарах баримт материалыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй.

4.5.3.Шийтгэлийн хуудас биелэгдээгүй байгаа энэ нөхцөлд хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцнэ. Иймд гомдол гаргагчийн 2012-2016 онуудын ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг тогтоосон төлбөрөөс хасах үндэслэлтэй, харин шүүх уг зардлыг ялган тооцоолох боломжгүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2019 оны) 13 дугаар зүйлийн 13.2-т нийцүүлэн хасаж тооцсон өөрчлөлтийг шийтгэлийн хуудаст оруулахыг хариуцагч нарт даалгах нь зүйтэй байна гэжээ.

4.6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр хэвээр үлдээсэн:

4.6.1.Сургалтын зардал хасч тооцсон нь үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

4.6.2.Гал тогооны хоол, өглөөний цай, ажил хэргийн уулзалт, тавгийн чихэр, цай кофены зардал, хандивын уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ, бэлэг, дурсгалын зардал зэрэг нь банкны орлого олох үндсэн үйл ажиллагаатай шууд хамааралгүй зардал байх тул хасагдах зардалд тооцох үндэслэлгүй.

4.6.3.Татвар төлөх үүрэгтэй холбоотой учраас уг харилцааг тусгайлан зохицуулсан Татварын ерөнхий хуулийг хэрэглэх зарчим үйлчлэх тул гомдол гаргагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэх тайлбар үндэслэлгүй.

4.6.4.Тоо хэмжээ үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх гэж заасныг зөрчсөн гэж үзсэн татварын улсын байцаагч нарын шийдвэр хуульд нийцсэн байх тул гомдол гаргагчийн “2012-2016 онуудын ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг тогтоосон төлбөрөөс хасах үндэслэлтэй” гэх гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй гэжээ.

4.7.“Х” ХХК-иас гомдлын үндэслэлдээ:

4.7.1.Маргаан бүхий захиргааны акт хүчин төгөлдөр болоогүй байхад ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал 5%-иас хэтрэхгүй байх хууль гарсан учир 3 тэрбум төгрөгийн зардал хасах байсан.

4.7.2.Шүүхээс уг зардлыг ялган тооцоолох боломжгүй гэж, хоёр өөр дүгнэлт хийсэн гэжээ.

4.8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын үндэслэлдээ:

4.8.1.Бичгээр гаргасан магадлал нь шүүх хуралдаан дээр танилцуулснаас өөрөөр гарсан, нэг зөрчилд эрх зүйн дүгнэлт өгөөгүй.

4.8.2.Сургалтын төлбөртэй холбоотой хариуцагч гомдол гаргасан байхад гомдол гаргаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, ноцтой зөрчил гаргасан гэжээ.  

5.“Үндсэн үйл ажиллагаатай адилтгах орлого мөн” эсэх тухайд,

5.1.Хэргийн нөхцөл байдал: Х-ны зарим эрх бүхий албан тушаалтны амьдран суух орон сууцны ашиглалтын зардлыг Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу  банк төлдөг байна.

5.2.Татварын улсын байцаагч нараас “албан татвар ногдох орлого олохоор ашиглагдаагүй, гүйцэтгэх захирлын орон сууцанд элэгдэл тооцон, нийт 48,816,050 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэж, нөхөн төлбөр 12,204,012 төгрөг, торгууль 3,661,203 төгрөг, алданги 1,871,556 төгрөгийн төлбөр тогтоосон.

5.3.“Х” ХХК-иас “... банкны эрх бүхий албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ, Контрактын гэрээний үндсэн амьдран суух зориулалтаар ашиглагддаг тул татвар төлөхгүй, хуулийн хүчин төгөлдөр болсон дараах шүүхийн шийдвэрийг зөрчсөн, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 178 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 267 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дугаар тогтоол” гэж,

5.4.Татварын улсын байцаагч нараас “тухайн орон сууцыг албан татвар ногдох орлого олоход ашиглагдсан эсэхтэй хамааралтай. Гагцхүү тухайн хөрөнгийг албан татвар ногдох орлого олоход ашиглаагүй бол элэгдэл тооцохгүй байх харилцааг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.4 дэх хэсэгт нарийвчлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл татвар ногдох орлоготой уялдуулна” гэж тус тус маргажээ.

5.5.Анхан шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд:

5.5.1.Дээрх үл хөдлөх хөрөнгө нь “Х” ХХК-ийн хөрөнгө боловч банкны албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаанд ашиглагдаагүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлж, гадаадын зөвлөх ажилтныг амьдран суух зориулалтаар ашиглуулж байгаа тул уг орон сууцанд тооцсон элэгдэл, хорогдлын шимтгэлийг хасагдах зардал гэж үзэхгүй.

5.6.Давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн.

5.7.Гомдол гаргагч “Х” ХХК-иас хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлдээ: ... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс өөр шийдвэрлэсэн, контракт гэрээний дагуу өндөр ур чадвар бүхий захирлыг ажиллуулж байгаа учир амьдарч байгаа орон сууцыг орлого олоход ашигласан” гэжээ.

6.“Тайлан хугацаандаа гаргасан” эсэх тухайд,

6.1.Хэргийн нөхцөл байдал: “Х” ХХК нь хадгаламж эзэмшигч нарт олгосон хүүгээс татвар суутган авсан боловч холбогдох тайланг хугацаандаа гаргасан эсэхэд талууд маргасан, тайлагнавал зохих суутгасан татвар болон тайлагнасан татвар хоорондоо зөрсөн байна.

6.2.Татварын улсын байцаагч нараас “бусдад олгосон хүүгийн орлого 8,158,549,404 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй” гэж, нөхөн төлбөр 815,854,940 төгрөг, торгууль 244,756,482 төгрөг, алданги 62,804,055 төгрөгийн төлбөр тогтоосон байна.

6.3.Гомдол гаргагч хуулийн этгээдээс “... банкны зарим салбарын татвар ногдуулалт, төлөлтийн тайланд шалгалт хийлгүйгээр шийтгэвэр ногдуулсан, 13 салбар тооцооны төвийг огт шалгаагүй, тооцоололд ороогүй орхигдсон, Татварын ерөнхий газрын мэдээлэл технологийн төвийн баазын мэдээллээс авсан баримтад үндэслэн шалгалт хийх тохиолдолд татварын шалгалтын хариу үнэн зөв гаргахгүй гэдэг нь Татварын ерөнхий газрын албан бичгээр тогтоогдсон, татвар ногдох орлогыг суутган авч улсын төсөвт бүрэн төвлөрүүлсэн” гэж,

6.4.Хариуцагч нараас “... хадгаламж эзэмшигчдэд олгосон хүүгээс татвар суутган авсан боловч татварын албанд тайлагнаагүй зөрчил гаргасан, Гомдол гаргагчийн тайлбарт дурдаж буй 13 салбар тооцооны төвийг огт шалгаагүй, тооцоололд ороогүй орхигдсон гэх татварын тайлангууд нь системд тайлан огт өгөөгүй, "0" дүнтэй хадгалсан төлөвтэй тайланг системд шивээд орхисон, хадгалсан төлөвтэй, илгээгээгүй, мөн тайлагнавал зохих хуулийн хугацаанаас хойш 97-385 хоногийн дараа өгснөөр татварын хяналт шалгалтын тайлан, мэдээллийг хөрвүүлснээс хойш, хяналт шалгалт эхэлсэн хойно нөхөж өгсөн, эсвэл илгээсэн тайлан нь шалгуур хангаагүйн улмаас буцаагдсан төлөвтэй, буцаасан тайланг татвар төлөгч тайланг засварлаж ирүүлээгүй, татварын ногдол буюу татварын өрийг үүсгээгүй, зарим татварын тайланг тайлагнаагүй байсан” гэж тус тус маргажээ.

6.5.Анхан шатны шүүхээс дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг хэвээр үлдээж, торгууль алданги хасч шийдвэрлэсэн. Үүнд:

6.5.1.Хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр “Х” ХХК-ийн тооцооны салбар, нэгжүүд нь бусдад олгосон хүүгийн орлогоос суутгал хийсэн атлаа ногдох татварыг хугацаанд нь тодорхойлж, тайлагнаагүй болох нь нотлогдож байна.

6.5.2.Тус банк нь … хүүгийн орлогод 10 хувиар суутгал хийсэн байх бөгөөд … суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ний өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

6.5.3.Гомдол гаргагч нь суутгагчийн үүргээ биелүүлээгүй тул хуульд зааснаар нөхөн татварыг төлүүлэх нь зүйтэй, харин торгууль, алдангийг төлүүлэх үндэслэлгүй тул тогтоосон төлбөрөөс хасаж багасгах нь зүйтэй гэжээ.

6.6.Давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтээр өөрчлөлт оруулсан.

6.6.1.Маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

6.6.2.Харин Уг зөрчлийн хувьд Хянавал хэсгийн 3.6, 3.7 дахь хэсэгт дүгнэсэнчлэн гомдол гаргагч нь суутгагчийн үүргээ биелүүлээгүй тул хуульд зааснаар нөхөн татвар, алдангийг төлүүлэх нь зүйтэй, харин торгууль төлөх үндэслэлгүй тул тогтоосон төлбөрөөс 244,756,482 төгрөгийн торгуулийг хасах нь зүйтэй гэжээ.

6.7.Гомдол гаргагч “Х” ХХК-иас хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлдээ:

6.7.1.Татвар төлсөн нь хамаагүй, хугацаандаа тайлангаа илгээгүй бол татвар төлнө гэж шийдсэн нь нэг орлогод нэг удаа татвар ногдуулах хууль зөрчсөн.

6.7.2.Бүх салбарын тооцоог үзээгүй тул тооцоо үнэн зөв гарахгүй гэжээ.

7.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх эсэх тухайд,

7.1.Хэргийн нөхцөл байдал: “Х” ХХК нь банкны үндсэн үйл ажиллагаанаас гадна үл хөдлөх хөрөнгө борлуулж, түрээслүүлсэн байна.

7.2.Татварын улсын байцаагч нараас “үл хөдлөх хөрөнгө борлуулсан, түрээслүүлсний орлого”-д 2,861,000,227 төгрөгийн буюу нөхөн төлбөр 53,311,066 төгрөг, торгууль 15,993,319 төгрөг, алданги 1,746,310 төгрөгийн төлбөр тогтоосон.

7.3.“Х” ХХК-иас “... нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгоогүй байж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй гэх зөрчил гаргасан гэж үзэн шийтгэл ногдуулсан, төлбөр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон” гэж,

7.4.Хариуцагчаас “... өөрийн бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, борлуулах, түрээслүүлэх үйл ажиллагаа эрхэлж орлого олсон боловч уг орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй, гомдол гаргагчийн эрхэлж буй үндсэн үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйл ажиллагаа боловч үл хөдлөх эд хөрөнгө борлуулах, түрээслүүлэх үйл ажиллагаа нь чөлөөлөгдөх үйл ажиллагаанд хамаарахгүй учир энэхүү орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөх үүрэгтэй” гэж тус тус маргажээ.

7.5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

7.5.1.Үндсэн үйл ажиллагаанаас өөр хөрөнгө түрээсэлсэн, борлуулсны орлого нь … нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор ... Гомдол гаргагч банк нь 2007, 2008 онуудад өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг борлуулж орлого олсон нь нотлогдсон, уг үйл ажиллагаа нь санхүүгийн үйлчилгээ (мөнгөн хадгаламж, гадаад валют худалдах, худалдан авах, зээл, гадаад дотоод төлбөр тооцоо, үнэт зүйл хадгалах, санхүүгийн түрээс, үнэт цас гаргах, худалдах худалдан авах)-нд хамаарахгүй байх тул маргаан бүхий захиргааны актаар ХХК болохынх нь хувьд уг орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсныг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн.

7.5.2.Аж ахуйн нэгж нь хөрөнгө борлуулсан, түрээслүүлсэн орлогоо тайлагнаагүй буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаагүй байхад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дансанд төлсөн татварыг нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөнд тооцох боломжгүй.

7.5.3.Өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж заасан бөгөөд татварын улсын байцаагч нарын маргаан бүхий 367201802 дугаар шийтгэлийн хуудас нь цаг хугацааны хувьд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гарсан тул уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна гэжээ.

7.6.Давж заалдах шатны шүүхээс холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн.

7.7.Гомдол гаргагч “Х” ХХК-иас дараах үндэслэлээр гомдол гаргасан. Үүнд:

7.7.1.Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 2 тэрбум төгрөгийн илүү төлөлттэй байгаа, гүйлгээний утга нь “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв” гэсэн тул аж ахуй нэгжийн татварт тооцогдох боломжгүй.

7.7.2.Нэгэнт төлсөн татварыг дахин төлүүлэхээр шийдээд зогсохгүй торгууль, алданги нэмж тооцсон нь тухайн төрлийн татварыг нэг удаа ногдуулах зарчим зөрчсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9.“Ногдол ашиг хуваарилсан” гэж үзсэн тухайд:

10.“Х” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, тогтоосон Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газар болон Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудаст холбогдох маргаанд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль (2008), Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006), Хувь хүний орлогын албан татварын тухай (2006) хуулийн холбогдох заалтууд хэрэглэгдэх бөгөөд Татварын ерөнхий хууль (2008)-ийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Шууд татварыг хувь хүн, хуулийн этгээдийн орлого, ашгийн хэмжээ болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар тогтоох”-оор, 18 дугаар зүйлийн 18.1.6-д “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх”-өөр, Хувь хүний орлогын албан татварын тухай (2006) хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “... ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн хуулийн этгээдээс ашиг хуваах, хувь хүртээх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарах”-аар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг /ойлгох/”-оор; 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн ... 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч ... төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

11.“Х” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгө 32,9 тэрбум, өмнөх үеийн хуримтлагдсан ашиг 404,8 тэрбум төгрөг байсан, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолоор “ ... нэгж энгийн хувьцааны үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгож өсгөх”-өөр[1] шийдвэрлэж, энэ зорилгоор нөөцийн сангаас 5 тэрбум төгрөг, нэмж төлөгдсөн капитал данснаас 14 тэрбум, нийт 19 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч “СХ” ХХК-д 7,838,823,000 төгрөг, “ТБТ” ХХК-д 4,356,531,000 төгрөг, ОУСК-д 1,768,338,000 төгрөг, “ЭИ” ХХК-д 2,487,048,000 төгрөг, иргэн Д.Х-д 2,527,380,000 төгрөг, “Х” ХХК-д 818,898,000 төгрөг гэх байдлаар, эдгээр хувьцаа эзэмшигчдийн энгийн хувьцааны дансанд гүйлгээ хийж[2], “эздийн өмч хөрөнгө”-ийн хэмжээг нэмэгдүүлсэн нь өмчийн өөрчлөлтийн тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга[3] зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

12.Гомдол гаргагчаас “... Энэ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн болохоос ногдол ашиг хуваарилаагүй, ногдол ашгийг хувьцаанд хөрвүүлнэ гэдэг нь тухайн хүнд тодорхой тооны хувьцаа нэмж хөрвүүлэх тухай ойлголт юм. ... гэтэл хувьцааны тоо ширхэг нэмэгдсэн зүйл байхгүй. Хувьцааны нэрлэсэн үнэ өслөө гээд илүү ногдол ашиг авахгүй, ... нэмж төлөгдсөн капитал данс нь эздийн өмч гэдэг баланс дээр бүртгэлтэй байдаг” гэх зэргээр маргасан, шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулан Татварын ерөнхий хууль (2008)-ийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан “Шууд татварыг хувь хүн, хуулийн этгээдийн орлого, ашгийн хэмжээ болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар тогтоох”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Хувь хүний орлогын албан татварын тухай (2006) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т тус тус заасан “ногдол ашгийн орлого”,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Хувь хүний орлогын албан татварын тухай (2006) хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т тус тус заасан “хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжээс ашиг хуваах, хувь хүртэх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого” гэх зохицуулалтуудын агуулгуудыг тайлбарлан хэрэглэх шаардлага үүсэв.   

13.Энэ тохиолдолд, “Х” ХХК нь өөрийн хувьцаа эзэмшигч “СХ” ХХК, “ТБТ” ХХК, ОУСК, “ЭИ” ХХК, иргэн Д.Х, “Х” ХХК-нд тэдгээрийн нэг бүрийн нэр дээрх энгийн хувьцааны дансанд нийт 19 тэрбум төгрөгийг өөрийн нөөцийн сан, нэмж төлөгдсөн капитал данснаас гаргаж, эдгээр нэр бүхий хувьцаа эзэмшигчдэд хувааж шилжүүлсэн нь хувьцаа эзэмшигч нарт “мөнгөн бус хэлбэрээр ногдол ашиг хуваарилсан” агуулгатай гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзлээ.

14.Компанийн хуримтлагдсан ашгийн нөөцийн санд компанийн үйл ажиллагаанаас олсон ашгийг бүртгэдэг байх бөгөөд уг сангаас болон хувьцаа зарснаас олсон ашиг болон өөр бусад ашгийг бүртгэдэг “нэмж төлөгдсөн капитал” данснаас хөрөнгө гаргаж хувьцаа эзэмшигч нарын нэгж хувьцааны үнийг өсгөсөн, энэ нь тухайн хувьцаа эзэмшигчийн хувьд ногдол ашиг хүртсэнтэй ижил, эдийн засгийн үр ашиг олсон гэж үзэх үндэслэлтэй.

15.Тухайлбал, “Х” ХХК нь өөрийн хувьцаа эзэмшигч иргэн Д.Хулангийн эзэмшиж буй нэгж хувьцааны үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгож өсгөх шийдвэр гаргаж, түүний нэр дээрх энгийн хувьцааны дансанд 2,527,380,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, нягтлан бодох бүртгэлд “эздийн өмч” баланс дээр бүртгэгдсэн нь Хувь хүний орлогын албан татварын тухай (2006) хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан “... хувь нийлүүлсэн хуулийн этгээдээс ашиг хуваах, хувь хүртээх хэлбэрээр авсан мөнгөн бус орлого” гэж үзэх үндэслэлтэй, хувьцаа эзэмшигч хэдийгээр уг мөнгийг бодит байдалд өөртөө шууд аваагүй ч өмч хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн, энэ нь тухайн этгээдүүдийн хувьд “орлого бодитоор олсон” буюу татвар төлөх үндэслэл болно. Энэ тохиолдолд “Х” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу татвар суутган авч төсөвт төлөх үүрэгтэй байжээ.  

16.Түүнчлэн “Х” ХХК нь 2013 онд нэгж хувьцааны үнийг 2000-5000 төгрөг болгож өсгөхдөө хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн өсөлт 19,797,018,000 (32,995,030,000-13,198,012,000) төгрөгийг хуримтлагдсан ашгаас бүрдсэн өөрийн хөрөнгийн нөөц санд тайлагнаж, албан татвар ногдуулж, тайлагнасан, энэ нь 2015 оноос ямар ялгаатай, нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн, он тус бүрд ямар ялгаатай талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байгааг харгалзан үзэв.

17.Аж ахуй нэгж нь олсон ашгаа хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон хуваарилах үед аж ахуйн нэгж болон түүний хувьцаа эзэмшигч нь тус тусдаа бие даасан, нэг нэгнээсээ үл хамаарах татвар төлөгч болох[4] бөгөөд энэ тохиолдолд компани нь өөрийн үйл ажиллагаанаас олсон ашгийг хувьцаа эзэмшигч нарт мөнгөн бус хэлбэрээр, үнэт цаасны хэлбэрээр хуваарилсан, уг хуваарилагдсан 19 тэрбум төгрөгийг тухайн “компанийн өмч хөрөнгөөс гараагүй”, эсхүл “хувьцаа эзэмшигч орлого олоогүй” гэх үндэслэлгүй, компанийн үйл ажиллагааны ашгаас бий болсон хөрөнгөөс эздийн нэгж хувьцааны үнийг өсгөж, үнэт цаасны хэлбэрээр ногдол ашиг тараасан байна.

18.Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ” гэж заасан, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх тул хувьцаа эзэмшигч нарт нэрлэн заасан гүйлгээ хийснийг “компанийн нэг данснаас нөгөө дансанд шилжүүлсэн, өөрсдийн авах ёстой ногдол ашгийг банканд шилжүүлсэн” гэж үзэх боломжгүй.

19.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 137 дугаар тогтоолоор, “ФГ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, татварын улсын байцаагч нарт холбогдох маргааныг хянан хэлэлцэж, “... хуримтлагдсан ашгаар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээс өмнө уг мөнгөн хөрөнгө нь компанийн өөрийн хөрөнгөд хамаарч байсан бол дараа нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хамаарахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, компанийн хуримтлагдсан ашиг ... төгрөгөөр буурсан буюу өөрийн хөрөнгийн хэмжээ буурч, энэ хэмжээгээр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдсэнээр (нэмж гаргасан хувьцааны тоогоор) хувьцаа эзэмшигчийн хөрөнгө өсчээ” гэж дүгнэсэн бөгөөд тухайн хэргийн үйл баримт нь энэхүү маргааны үйл баримттай адил гэж үзэв.

20.Тодруулбал, “ФГ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт, хувьцааны тоо ширхгийг нэмэгдүүлсэн, энэхүү маргааны тухайд, хувьцааны тоо өөрчлөгдөөгүй байгаа боловч нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөсөн нь агуулгын хувьд адилхан буюу эцсийн дүндээ хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдсэн адил агуулгатай байна.

21.Банкны тухай хуулийн (2010) 16 дугаар зүйлийн 16.1.2-д “хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх” гэж заасан, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А-58 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50.0 тэрбум төгрөгөөр тогтоосон[5] нь банкны хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд татварын хуулиар хүлээсэн үүрэг тус тусдаа, Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.А-ын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-10/1004 дүгээр албан бичгээр[6] “...нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх нь ... ногдол ашиг хуваарилах үйл ажиллагаанд хамаарахгүй” гэсэн нь маргааны үйл баримтад хамааралгүй, нарийвчилсан хуулиар зохицуулах тул гомдол гаргагч хуулийн этгээдийг татвар суутган авах үүрэггүй гэж үзэхгүй.

22.Сургалтын зардлыг хасч, ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардалд холбогдох хариуцлагыг 5 хувиас хэтрүүлэхгүйгээр хасах тухайд,

23.Татварын улсын байцаагчаас “Х” ХХК-ийн санхүүгийн баримтыг хянан үзэхдээ[7], сургалтын цайны зардал, хүлээн авалт, ажилтнуудын сургалтын тэтгэлгийн төлбөр, гадаад улсад мэргэжлийн сургалтад хамрагдсан төлбөр, богино хугацааны гадаад зөвлөхийн цалин, томилолтын зардал, гадаад хэлний сургалтын төлбөр, ажил хэргийн уулзалт, ажилтнуудын цайны газрын хоолны материал, Х үдэш зардал 6,188,154,481 төгрөгийг “татвар ногдох орлогоос хасахгүй” гэжээ.

24.Хэргийн оролцогчид нь сургалтын зардал болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал гэж хоёр хэсэгт ангилан хуваан маргаж байгаа бөгөөд үүнээс анхан болон давж заалдах шатны шүүхээс сургалтын зардлын буюу 768,635,585 төгрөгийн нөхөн татвар, 230,590,675 төгрөгийн торгууль, 125,865,259 төгрөгийн алданги, нийт 1,125,091,521 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч, “хасагдах зардал мөн байна” гэж үзсэн.

25.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006) 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж, 12.1.9-д “бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс” гэж тус тус заасан, энэ тохиолдолд “Х” ХХК-ийн өөрийн ажилчдыг сургах, мэргэжил дээшлүүлэхэд гаргасан зардал нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс мөн байх тул сургалтын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэлтэй, энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “хүний нөөцийг тогтвортой байлгах, мэргэжлийг нь дээшлүүлэхэд зайлшгүй гардаг зардал” гэх тайлбар үндэслэлтэй байна.

26.Анхан болон давж заалдах шатны шүүхээс “...хариуцагч нар сургалтын гэрээнүүдээс ямар шалгуураар хасагдах зардалд тооцсонтой холбоотой тооцооллыг ирүүлээгүй, баримтаар нотлоогүй” гэж дүгнэж, сургалтын зардлыг хасч шийдсэн нь зөв болжээ.

27.Харин дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын ажиллагааны зардал 3,113,612,138 төгрөгийн зөрчилд 778,403,034 төгрөгийн нөхөн татвар, 233,520,910 төгрөгийн торгууль, 127,142,371 төгрөгийн алданги, нийт 1,139,066,316 төгрөгийн төлбөрийг анхан шатны шүүхээс “хасч тооцсон өөрчлөлтийг шийтгэлийн хуудаст оруулахыг хариуцагч нарт даалгаж” шийдвэрлэсэн болон давж заалдах шатны шүүхээс зөрчилтэй дүгнэлт хийсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

28.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2019) 13 дугаар зүйлийн 13.2.5-д “ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх” гэж заасан, уг хууль маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдэх үед батлагдан гараагүй байсан.

29.Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 1.4 дүгээр зүйлийн 6-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж зааснаар уг маргаан бүхий шийтгэлийн хуудас биелэгдээгүй байгаа тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй.

30.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл дахин шинэ акт гаргахыг даалгах зохицуулалттай, энэ тохиолдолд дотоод арга хэмжээний зардалд холбогдох хэсэгт торгууль, алдангийг тухайн жилийн цалингийн зардлын 5 хувиас хэтрүүлэхгүйгээр дахин тооцоолох шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, шинэ акт гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

31.Ийнхүү шинээр акт гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар зөвхөн шийтгэлийг буюу торгууль, алдангийг хөнгөлж тооцно, тодруулбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2019) 13 дугаар зүйлийн 13.2.5-д заасан 5 хувьд ногдох торгууль, алдангийг хөнгөлж тооцно, харин нөхөн татварын тухайд хуулиар хүлээсэн үүрэг буюу төлөх ёстой татвар тул хуулийн дээрх заалтад хамаарахгүй байна. Учир нь Зөрчлийн хуулиар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхдээ, зөвхөн хариуцлагад хамаарахаар, шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөлөхөөр зохицуулсан байна.

32.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бичгээр гаргасан магадлал нь шүүх хуралдаан дээр танилцуулснаас өөрөөр гарсан, сургалтын төлбөртэй холбоотой хариуцагч гомдол гаргасан байхад гомдол гаргаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, ноцтой зөрчил гаргасан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхээс сургалтын зардалтай холбогдох хэсэгт “давж заалдах гомдол гаргаагүй” гэж үндэслэх хэсэгт бичсэн нь буруу боловч сургалтын зардлын талаар эрх зүйн дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх ноцтой зөрчил биш байна.  

33.Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “...тоо хэмжээ үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх гэж заасныг зөрчсөн гэж үзсэн татварын улсын байцаагч нарын шийдвэр хуульд нийцсэн байх тул гомдол гаргагчийн “2012-2016 онуудын ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг тогтоосон төлбөрөөс хасах үндэслэлтэй” гэх гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж дүгнэсэн атлаа “тогтоох” хэсэгт уг хэсэгт холбогдох анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн нь агуулгын зөрчилтэй байх боловч энэ нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй.

34.Анхан шатны шүүхээс дотоод арга хэмжээний зардалд холбогдох хэсэгт “хасч тооцсон өөрчлөлтийг шийтгэлийн хуудаст оруулахыг хариуцагч нарт даалгаж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасанд нийцээгүй, шүүхийн шийдвэрийн аль төрөлд хамаарах нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байгаа нь буруу байна.

35.“Албан татвар ногдох орлого олоход ашиглаагүй” гэж үзсэн тухайд,

36.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006) 13 дугаар зүйлийн 13.4-т “Тухайн хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл, хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож, албан татвар ногдох орлогоос хасна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, гадаад улсын зөвлөхийн амьдран суух орон сууцны элэгдлийн зардлыг Х-ны үндсэн үйл ажиллагаатай холбох, орлого олоход ашиглаж байгаа хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

37.Учир нь Х нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлж, гадаадын зөвлөх ажилтныг амьдран суух зориулалтаар ашиглуулж байгаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаа болох банкны үйл ажиллагаатай шууд холбоогүй, өөрөөр хэлбэл орлого олоход шууд ашиглаж байгаа хөрөнгө биш буюу өндөр ур чадвар бүхий мэргэжилтний амьдран суух орон сууц шууд хамаарахгүй юм.

38.Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс өөр шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 178 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 267 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дугаар тогтоолоор Х-ны нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагч нарт холбогдох маргааныг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

39.Гэвч, уг маргааны үйл баримт өөр буюу шүүхээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006) 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хэрэглэж, “... татвар төлөгчийн өөрийн хөрөнгийг ашиглахтай холбогдсон зардал, уг эд хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг татвар ногдох орлогод тооцох боломжгүй, өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн баримтаар нотлогдсон зардалд орлогын албан татвар дахин төлүүлэхээр шийдсэн” гэж дүгнэсэн болохоос мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалтыг тайлбарлан хэрэглээгүй, орон сууцыг албан татвар ногдох орлого олоход ашиглаж байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэрүүд хоорондоо зөрсөн гэж үзэхгүй.

40.“Тайлан хугацаандаа гаргаагүй” гэж үзсэн тухайд,

41.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн (2006) 28 дугаар зүйлийн 28.1-д “Суутгагч нь энэ хуулийн … 13.1.2-13.1.4 … дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ” гэж заасан, энэ тохиолдолд “Х” ХХК нь хадгаламж эзэмшигч нарт олгосон хүүгээс татвар суутган авсан боловч холбогдох тайланг хуульд заасан хугацаанд гаргаагүй, банк суутган авсан татвар, татварт тайлагнасан татвар, тайлагнаж төлөөгүй татвар зөрсөн болох нь шинжээчийн дүгнэлт[8], татварын албаны нэгдсэн систем бүртгэлээр тогтоогджээ.

42.Татварын ерөнхий хуулийн (2008) 18 дугаар зүйлийн 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” гэж татвар төлөгчийн үүргийг заасан тул гомдол гаргагч хуулийн этгээд нь тайлангаа хугацаанд тушаасан талаарх баримтыг өөрөө бүрдүүлж, нотлох үүрэгтэй, энэ талаарх хариуцагчийн “хяналт шалгалтаас хойш нөхөн ирүүлсэн тайланг тооцоололд оруулах боломжгүй” гэх тайлбар, шинжээчийн “...ТТ-12 тайланд хүүгийн орлогод ногдуулах албан татвараас гадна өөр төрлийн суутган тооцсон татварууд тусгагддаг тул хүүгийн орлогын төлөлтийг тусгайлан харах боломжгүй” гэх дүгнэлт[9] үндэслэлтэй.

43.Анхан шатны шүүхээс энэ асуудлаар нэг бүрчлэн дүгнэсэн, тухайлбал, “...эдгээр салбар, тооцооны төвүүд нь хяналт шалгалтын тооцоололд орсон, Баянгол тооцооны төв 2015-2016 онд тайланг өгөөгүй, Баянхошуу тооцооны төв тайлагнавал зохих хугацаанаас хойш 378 хоногийн дараа өгсөн ...” гэх зэргээр дүгнэсэн, гомдол гаргагч хуулийн этгээдээс салбар тус бүрийн тайлан, хугацааны байдлын талаарх баримтыг хяналт шалгалтын явцад тодорхой гаргаагүй, тайлагнавал зохих суутгасан татварын дүн болон тайлагнасан татварын дүн зөрүүтэй байсан, түүнд холбогдох баримтыг гаргаагүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

44.Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “татвар ногдох орлогыг суутган авч, улсын төсөвт бүрэн төвлөрүүлсэн” гэх үндэслэлийн тухайд, шүүхээс “Х” ХХК-ийг суутгагчийн үүргээ биелүүлээгүй гэж буруутгаагүй, гагцхүү суутгасан татварыг тайланг хугацаандаа тайлагнаагүй, тайлагнавал зохих хугацаа хэтрүүлсэн гэж буруутгаж байгаа, анхан шатны шүүхээс “...тайлант хугацаанаас хойш иргэдийн хүүгийн орлогыг шилжүүлсэн нь дээрх байдлаар тогтоогдвол гомдол гаргагч нөхөн татвартай холбоотой асуудлаа татварын байгууллагатай тооцоо нийлэн шийдвэрлэхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй” гэж дүгнэсэн байх тул гомдлын “татвар төлсөн нь хамаагүй, хугацаандаа тайлангаа илгээгүй бол татвар төлнө гэж шийдсэн нь нэг орлогод нэг удаа татвар ногдуулах хууль зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, татварыг давхардуулахгүйгээр дахин тооцоолол хийх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх бүрэн боломжтой байна.

45.“Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх” тухайд,

46.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн (2015) 7 дугаар зүйлийн 7.2.9-д “үл хөдлөх, хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах” үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцохоор заасан, “Х” ХХК нь банкны үндсэн үйл ажиллагаанаас гадна үл хөдлөх хөрөнгө борлуулж, түрээсэлж, орлого олсон байна.

47.“Х” ХХК-иас “... аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь өөр өөр татварын төрөл бөгөөд нэг тайлангаар төлөгдөхгүй, татвар төлөх үндэслэл, татвар төлөгчөөр бүртгүүлэх зохицуулалт ялгаатай болно.

48.Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор 2010 оны 267 дугаар тогтоолоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэхдээ “Нэхэмжлэгч банк нь 2007, 2008 онуудад өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг борлуулж орлого олсон нь нотлогдсон, уг үйл ажиллагаа нь санхүүгийн үйлчилгээ-(мөнгөн хадгаламж, гадаад валют худалдах, худалдан авах, зээл, гадаад дотоод төлбөр тооцоо, үнэт зүйл хадгалах, санхүүгийн түрээс, үнэт цаас гаргах, худалдах худалдан авах)-нд хамаарахгүй байх тул маргаан бүхий захиргааны актаар “ХХК” болохынх нь хувьд уг орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсныг буруутгах боломжгүй юм” гэж дүгнэсэн, энэ дагуу гомдол гаргагч хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй болохоо мэдсэн атлаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, холбогдох татварыг зохих ёсоор төлөөгүй буруутай байна.

49.Иймээс гомдол гаргагчийн “нэгэнт төлсөн татварыг дахин төлүүлэхээр шийдээд зогсохгүй торгууль, алданги нэмж тооцсон нь тухайн төрлийн татварыг нэг удаа ногдуулах зарчим зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй, татварыг давхардуулаагүй, харин аж ахуй нэгжийн орлогын албан татварын илүү төлөлтийг тусдаа зохих журмын дагуу шийдвэрлэхэд энэхүү тогтоол саад болохгүй.

50.Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, гомдлын шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонхи үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006)  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 13 дугаар зүйлийн 13.4, 21 дүгээр зүйлийн 21.5, Хувь хүний орлогын албан татварын тухай (2006) хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 28 дугаар зүйлийн 28.1, Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 1.4 дүгээр зүйлийн 6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2019) хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.9-т заасныг баримтлан гомдол гаргагч “Х” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газар болон Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх” нь хэсгийн 1 дэх заалтаар тогтоосон төлбөрөөс 826,069,590 төгрөгийн торгуулийг хасч, 4 дэх заалтаар тогтоосон төлбөрөөс 244,756,482 төгрөгийн торгуулийг хасч, 2 дахь заалтаар тогтоосон төлбөрөөс сургалтын зардалд холбогдох 768,635,585 төгрөгийн нөхөн татвар, 230,590,675 төгрөгийн торгууль, 125,865,259 төгрөгийн алданги, нийт 1,125,091,521 төгрөгийг хасч, дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын ажиллагааны зардлын 233,520,910 төгрөгийн торгууль болон 127,142,371 төгрөгийн алдангид холбогдох хэсгийг түдгэлзүүлж, шинээр акт гаргахыг хариуцагчид даалгаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                               Г.БАНЗРАГЧ

       Х.БАТСҮРЭН

       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 


[1] 1 дэх хавтаст хэргийн 77 дугаар хуудас

[2] 4 дэх хавтаст хэргийн 158 дугаар хуудас

[3] 1 дэх хавтаст хэргийн 174, 175

[4] П.Одгэрэл, Татварын эрх зүй, 2021 он, 300, 303 дугаар талд

[5]  1 дэх хавтаст хэргийн 68 дугаар хуудас

[6] 11 хавтаст хэргийн 49 дүгээр хуудас

[7] 1 дэх хавтаст хэргийн 176 дугаар талд

[8] 7 дахь хавтаст хэргийн 6 дугаар талд

[9] 7 дахь хавтаст хэргийн 4 дүгээр талд,